Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Т.ГАЛДАН: МОНГОЛЫН СОНИН ХЭВЛЭЛИЙГ МОНГОЛ БИЧГЭЭР НИЙТЛЭХ ЗАРИМ АСУУДАЛ, ТУРШЛАГА, СУРГАМЖ


МОНЦАМЭ агентлагаас МСНЭ, МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, доктор профессор Т.Галдангийн тавьсан илтгэл

“Хүмүүн бичиг” сонинг үндэсний бичиг үсгээс нь салгаж ойлгож үл болмуй.  Учир юун хэмээвээс монгол бичгээр дагнан гардаг 7 хоног тутмын энэ сонин сэтгүүл зүйн талаасаа илүү үндэсний бичиг тал нь давамгайлах шинжтэй болох нь сүүлийн 10 гаруй жилийн ажиллагааны явцад ажиглагдлаа. Монгол бичгээр гардаг “Хүмүн бичиг” сонины гол үүрэг нь монгол бичгийн орчин бүрдүүлэхэд голлон чиглэж байгаа нь өөр бусад сонин хэвлэл монгол бичгээр гарахгүй байгаатай холбоотойг энд цохон тэмдэглэх нь зүйтэй юм. Монгол бичгээр сонин гаргах нийгэм, улс төр, соёлын ямар шаардлага байсан юм бэ гэсэн зүй ёсны асуулт гарч байна.
Монголчуудын мянгаад жил хэрэглэсэн, утга зохиолынхоо хэлэнд гойд зохицсон монгол бичгээ их эзэн хаан Чингис төрийн харилцаанд авч хэрэглэсний 805 жилийн ойг 2009 онд тэмдэглэсэн юм. Чухам тэр үе буюу Чингис хааны үеэс монгол бичгээр гадаад орны хаад ноёдод илгээсэн бичиг захидал өдгөө үед түүхийн баримт болон үлджээ. Монголчууд бид үндэсний бичиг соёлтой ард түмэн гэдгээрээ бахархах эрхтэй ард түмэн. Монголчууд бид бусдын газар нутгийг байлдан дагуулсан ч  эх нутгаа орхиж цагаачлан нүүж бусдын нутагт суусан ард түмэн биш ээ. Монголчууд бид өвөг дээдсээ онголсон ашдын заяаны нутагтай, баатарлаг өвөг дээдсийнхээ оюун ухааны сор дээжийг өнөө үе хүртэл өртөөлөн тээж ирсэн үндэсний бичиг үсэгтэй ард түмэн юм. Чухам энэхэн баримтыг дурдахад монгол улс хүн төрөлхтний өноо үед хэрэглэж буй зургаахан бичгийг нэгийг зохиосон ухаалаг , оюунтай өвөг дээдсээ бахархан хүндэтгэх зүй ёсны эрхтэй ард түмэн. Гуравхан сая хүрэхгүй хүн амтай монголчууд бид дэлхийд хамгийн боловсронгуй бичиг зохиосон ард түмэн гэдгээрээ бахархах зүй ёсны эрхтэй.
Энэ бүхнийг дурдахын учир гэвэл, монгол бичгээр сонин гаргах болсны учир шалтгаан тайлагдана. Мянга мянган жилийн түүхтэй монгол улс өөдөлж , уруудаж , бартаа нугачаа ихтэй замыг туулж байсан ч үндэсний бичиг үсгээ хаяагүй , хадгалан үлдэж чадсан нь монголчууд бичиг соёлоо дээдлэн сурч , хайрлан хамгаалж ирсний нэг тод жишээ юм.
Сэтгүүл зүйн анхны төрөл болох сонин хэвлэлийг үндэснийхээ бичгээр гаргах болсондоо бид баярлан бахархаж байдаг юм. Миний бие монгол бичгээр дагнан гардаг сонины тухай ярихаас өмнө бидний сонин гаргаад байгаа энэ үндэсний бичгийн талаар оршил болгон хэд хэдэн баримт хэлэх хүсэлтэй байна.
Эзэн богд Чингис хаан монгол бичгийг төрийн бичиг болгож, хожим хойч үеийнхэнд бичиг соёлын буянтай зам мөрийг үлдээсэн гавьяатай хүн юм. Хэдэн баримт сөхье.
1.”Юань улсын судар” хэмээх номын 124-р дэвтэрт Найманы Даян хааны тамга барьж байсан Тататунгаа хэмээх бичгийн түшмэлийг 1204 онд төрийн албанд томилж , монгол / уйгар/ бичиг  бүхий тамга хэрэглэдэг болсон тухай өгүүлжээ.
2.”Монголын нууц товчоо” -ны 203-р зүйлд “ … хөх бичгийг цагаан цаасанд дэвтэрлэснийг бүү егүүтгэтүгэй / өөрчилсүгэй/, егүүтгэхүүн / өөрчлөх/, аран / ард түмэн/, алдалтан / гэмтэн/ болтугай хэмээн зарлиг болов” гэж бичжээ.
Академич Ш.Нацагдорж “Чингис хааны цадиг” хэмээх бүтээлдээ … Чингисийн аугаа их гавьяа бол монгол үндэсний бичиг зохиох явдлыг санаачлан ард түмнээ бичиг үсэгтэй болгосон явдал юм. Уйгарууд түүхийн тавцангаас бууж, нөлөө нь буурч бүдгэрэхийн хэрээр бичиг үсэг нь үгүй болж мартагдахын даваан дээр монголчууд уламжлан авч улам боловсронгуй болгож, 16,17-р зууны үед сонгодог  монгол бичгийн хэл бий болжээ” хэмээн нэгэн судалгаанд бичсэн байхад нөгөө нэг судалгаанд нь монгол бичгийг уйгар, монгол хоёр үндэстэн Согдоос түүхийн ойролцоо нэгэн хугацаанд авсан гээд монгол бичгийг  уйгаржин бичиг гэж манай зарим хүн хэлээд байгаа нь том алдаа юм гэж бичжээ. Ер нь бид монголоороо овоглосон юм болгоноос татгалзаж харь гүрний хавсарга, нөмөр нөөлгөнд албаар аваачиж чихдэг зарим сэхээтнийг харахад өрөвдмөөр байдаг.
Академич Ч.Далай агсан “Тэмүүжин 1204 онд Найманы ханлигийг мөхөөж, Даян хааны бичгийн сайд эрдэмтэн Тататунгаг Хасар барьж  авах үед хүзүүндээ нэгэн алтан тамга бэхлэн зүүж, маш чандлан нууж зугатан байжээ. Тэмүүжин,Хасар хоёр Тататунгаагаас учрын асууж мэдэж авсан байдаг. Хасар  Тэмүүжин хоёр Тататунгатай хэлмэрч хэрэглэлгүй ярьж байсныг бодвол Тататунга монгол хэл сайн мэддэг байсан, эсвэл тэр монгол хүн байсан гэж түүхчид үзсээр байгаа юм. Тэгээд Чингис хаан Тататунгагаар улсын бичиг заалгаж, төрийн тамганы үг зохиолгожээ. Чингис хаан хүүхдүүддээ бичиг зааж сургахыг Тататунгад даалгасан баримт бий ажээ. Ингээд 1210 он гэхэд монголд монгол бичгийн сургууль хэд хэд ажиллаж багш нь Тататунга тэргүүтэй монгол бичиг мэддэг хүмүүс байсан гэж түүхэн сударт тэмдэглэн үлдээжээ. Тэр бүү хэл Чингис хаан 1222 онд Хятадын их номч эрдэмтэн багш Чан Чуньтай уулзсан ярианы тэмдэглэлийг монгол бичгээр бичсэнийг манайхан тэр бичгийн эхийг олж авах гэж оролдсоор байгаа билээ.
Монгол бичгийн талаархи түүхэн баримтыг оршил болгон тэмдэглэснээ үүгээр дуусгаж, монгол бичгээр сонин гарч байсан баримтаас өгүүлье.
Монгол улс Манжийн дарлалд байсан сүүлийн жилүүдэд “Харбины мэдээ” нэртэй сонин монгол бичгээр ганц хоёр дугаар гараад л хаагджээ. Энэ сонинг монгол бичиг мэддэг өвөр монгол, буриад монголын хэсэг гаргаж байсан тухай бүдэг баримт бий. Монгол улс манжийн дарлалаас ангижирч монгол түмний үндэсний ухамсар сэргэсэн үеэс монгол бичгээр сонин гарч байсан баримтыг маш тодорхой өгүүлсэн “Монголын чөлөөт хэвлэл үүсч хөгжсөн тухай “ эрдэмтэн Т.Баасансүрэнгийн бичсэн 5 боть ном уншигчдын гарт очоод төдий л удаагүй байгааг бид мэдэж байгаа.
Монгол улс туурга тусгаар болж, өөртөө засах эрхтэй болсон үеэс хойш буюу 1913 оны 3-р сарын 6-нд “Нийслэлийн сонин бичиг “ нэртэй сонин монгол бичгээр гарч байсныг дээр өгүүлсэн 5 боть номд маш тодорхой дурдсан тул тэр номыг хуулж ярихаа түр азная. Тэр үеийн монголын нийгмийн байгууллын онцлог, хүн амын бичиг үсэг мэддэг түвшин зэрэг нь тухайн үед сонин олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болж чадаж байж уу гэдэгт эргэлзээ төрдөг юм. Юутай ч гэсэн 1921 оны хувьсгалын өмнө Оросын эрдэмтэн Майскийн бичсэн нэгэн тэмдэглэлд монголын хүн амын 0,5 хувь нь бичиг мэддэг байсан гэсэн хувь хүний судалгааны мэдээ бий. Өөртөө засах эрхтэй болсон монгол улсад монгол бичгээр хэд хэдэн сонин гарч байсан ч нийтийн санаа бодлыг төлөвшүүлэх хэмжээнд хүрээгүй зөвхөн бичиг гадарладаг хүмүүсийн хэмжээнд ам дамжсан ярианы хэлбэрээр түгэн тархаж байжээ. Манжийн дарлалаас салсан ч манай хоёр хөрш хоёулаа монгол улс бол хятадын нөлөөний газар мөн хэмээн хүлээн зөвшөөрсөн үед монгол улс жинхэнэ утгаараа тусгаар тогтноогүй байх үед монголын үндэсний бичиг соёл харь гүрний бичиг соёлын дайралтад өртөхгүй гэсэн баталгаа үгүй байжээ.1917  онд Орос улсад ялсан Октябрийн социалист хувьсгалын нөлөөгөөр Монгол Улс хойт хөршийн өмгөөлөлд орсон нь нэг талаас хятадаас холдох сайн талтай байсан ч нөгөө талаас оросын тэврэлтэд 100 хувь орох замыг чөлөөтэй болгосон билээ.
Хойт гүрний тусламж нөлөөгөөр 1921 онд ялсан ардын хувьсгалын  өмнөхөн 1920-иод онд хилийн цаана Оросын хувьсгалчидтай хамтран “Уриа” ,”монголын үнэн”, “МОНТА” зэрэг шинэ монгол улсын хэвлэл-мэдээллийн хэрэгслийн анхны оч үсрэн түүдэг болох зам нээгдсэн ч аанай л нөгөө хүн амын бичиг үсэг мэдэх түвшин дэндүү доогуур байсан нь сониноор дамжин улсын хэрэгт оролцох нь аман ухуулга, уриа, өртөө улаагаар дамжсан дам ярианы хэмжээнээс нэг их цар хүрээтэй байж чадаагүй ажээ.
1921 онд  монголд ялсан ардын хувьсгал монголд сонин хэвлэл хөгжих үүд хаалгыг нээсэн ч тун удалгүй, сонин хэвлэл улс төрийн үзэл бодлыг сурталчилдаг чөлөөт биш байдалтай болсныг та бид мэдэж байгаа. 1940-өөд он хүртэл монгол бичгээр олон сонин гарч уншигчдын тоо нь олширсон. Тэр үед монголын хүн амын 30 орчим хувь нь бичиг үсэг мэддэг болжээ.
Гэтэл монгол улс өөр бусад аль ч оронтой бус дэлхийн цорын ганц оронтой бүх талын харилцаа тогтоосон нь тэр орныг дагахаас өөр түүхэн хувь заяа олдоогүй юм. Тухайн үеийн ЗХУ-тай тогтоосон харилцаа холбоог монголчууд дундад зууны үеийн тархай бутархай мал аж ахуй эрхлэхээс өөр эдийн засгийн ямар ч боломж байгаагүй байсныг тухайн үеийн нөхцөл байдалтай холбон авч үзэх нь зүйтэй. Зарим хүн энэхүү түүхэн нөхцөл байдлыг одоочлон тайлбарлаж , амьдралаас тасархай, санаан дүрийн нийгмийн тухай , бололцоогүй байсан ч боломжтой мэтээр тайлбарладаг сурах бичгээс давсан мэдлэггүй цөөн хүн туйлшран ярьж бичдгийг бид үзэхийн ихээр үзэж, сонсохын ихээр сонсч байна. Тухайн үед ЗХУ-аас тэвнэ, зүү, хадааснаас эхлээд трактор, комбайн, ачааны ба суудлын машин, бөс даавуу, эмч мэргэжилтнийг нь хүртэл авч байсан монголчууд бид ивээгч гүрний шахалт шаардлагаар мянган жил хэрэглэсэн , утга зохиолынхоо хэлэнд гойд зохьцсон үндэсний бичгээ арга буюу сольсон билээ. Түүхэн ээдрээтэй үед бидний сониноо гаргаж буй монгол бичиг маань алдууран одож, харийн бичгийг богтлон авахаас өөр аргагүй болсон билээ. Энэ талаар их эрдэмтэн Б.Ринчин тухайн үед ЗХУКН-ын ТХ-ны 1-р нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Н.С.Хрущевт бичсэн захидалдаа: “Дөчин хэдэн онд БНМАУ-д мянган жилийн уламжлалтай, мянган жил үйлчилсэн хэлэндээ сайтар зохьцон таарсан монгол бичгийг  орхиулж , орос үсгийг албан шахалтаар хэрэглүүлсэн билээ. Орос үсэг авахыг их Сталин сануулан дурдаж, сайшаан дэмжсэн гэж 20-р их хурлын өмнө манайд их ярьдаг байлаа. ..Орос үсэг нь өөрийн гэсэн бичиг үсэггүй ард түмний хувьд соёлын их ололт, сайхан амжилт мөн боловч хэлэндээ яв цав тохирсон бичигтэй, утга зохиолын арвин өвтэй монголчуудын хувьд утга зохиол, бичгийнхээ бүх үнэт зүйлээс ингэж холдоно гэдэг , соёлыг нь өсч өндөржихөд саадтай том эндэгдэл гэж би үзэж байна” хэмээн бичсэн байдаг.
Монгол бичгээр дагнан гарч байгаа 7 хоног тутмын сонин хэдийд яаж үүсгэж байгуулсныг ярихын тулд би түүнээс салбарласан олон хүчин зүйлийг хөндөн ярихаас өөр аргагүй байгаа юм.  Эс тэгвэл салаа мөчиргүй нүцгэн модыг тойрон эргэлдэх мэт дүр зураг харагдах тул нуршин ярьсныг минь тэвчин үзэхийг гуйж байна. Монгол бичгээр дагнан гардаг “Хүмүүн бичиг” сонин хоосон газраас урган гарч 5000 захилгатай сонин болсон гэвэл энэ бас үнэнд нийцэхгүй, учир шалтгааны онол сургаалыг зөрчсөн хэрэгт холбогдоно. Нөгөө бидний 70 жил нөхөрлөсөн ЗХУ-д өнгөрсөн зууны 90-ээд онд өөрчлөн байгуулалт, зөвлөлт төрийн бодлогын хэмжээнд дэвшиж эхлээд социализмыг либеральчлах байдлаар эхэлж яваандаа социалист замаа орхиж иргэний ардчилсан нийгэмд шилжих болсныг бид нүдээрээ харсан. Чухам энэ үед монгол оронд ардчилсан хөдөлгөөн өрнөж үндэсний, эх оронч  үзэл бадарч улмаар социализмыг халж иргэний ардчилсан нийгэмд шилжиж, шинэ ардчилсан үндсэн хуулиа баталсан билээ. Монгол орны ирээдүйн хөгжил, дэвшилд ирээдүйтэй эерэг нөлөө үзүүлсэн энэ үйл явдалд үндэсний ухамсар сэргэж түүх соёлоо, эзэн Чингис хаанаа түүхэн байр суурийг эзлүүлэх зэрэг олон шинэ зорилт дэвшүүлсний нэг нь үндэсний монгол бичгээ сэргээж хэрэглэх төрийн бодлоыг дэвшүүлсэн юм.
1991 оны 2-р сарын 6-нд Монгол улсын анхны парламент -УБХ-ын 36-р тогтоол гарч “Албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэл ажлыг хангах тухай” тогтоол гаргасан нь үндэсний бичгээсээ хагацсан, үндэсний бичгээр цангасан монгол түмний санаа сэтгэлийг сэргээж, хот хөдөөгүй монгол бичгийн дамжаа дугуйланг үй олноор нь байгуулж байлаа. Дэлгүүрийн лангуун дээр бор давснаас өөр хэрэглэх юмгүй байсан үеийг эх оронч, үндэсний ухамсрын эрчээр даван гарч байсныг одоо бид мартах ёсгүй. Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох гэж тухайн үед Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тэргүүн дэд захирал асан Галдан миний бие монгол бичгээр сонин гаргах анхны санаачлага гаргаж, тухайн үед МОНЦАМЭ-гийн захирал байсан Ч.Эрдэнэ  дэмжин тушаал гаргаж, сонины эрхлэгчээр Т.Галдан миний биеийг томилж, хавсран ажиллахыг даалгасан юм. Ингээд 1992 оны 5-р сарын 10-нд “Хүмүүн бичиг” сонины анхны дугаарыг миний бие удирдан гаргахад  өнөөгийн Гавьяат багш Ш.Чоймаа биечлэн оролцож алдаа мадгийг засч байсан билээ. “Хүмүүн бичиг” сонины анхны дугаарыг “Үнэн” сонины дэргэдэх “Уриа” компанийн компьютерт өрж МОНЦАМЭ-гийн хэвлэх үйлдвэрт хэвлэсэн юм. Тэр үед компьютерт суусан монгол бичгийн программ бараг байхгүй байхад “Уриа” компанийн компьютерт байсан монгол бичгийн программыг ашиглан Ц.Мишигдоржийн хүү Энхтулга шивсэн билээ. Компьютерт монгол бичгийн программ орсон эсэх тухай мэдээлэл муутай байсан бид Цэргийн хэвлэх үйлдвэрээс монгол бичгийн тугалган үсэг авах гэж асууж сураглаж байсан удаа бий.
Монгол бичгийн сонин гаргахыг санаачилсан Т.Галдан гэдэг энэ сэтгүүлч бол унаган монгол бичигтэн учраас сургуульд сурч байсан үеийн монгол бичгээр тэмдэглэсэн зузаан зузаан арваад дэвтэр дүүрэн лекцийн тэмдэглэлийг одоо хүртэл би хадгалж явдаг юм. Та яахлаараа эрдэм шинжилгээнйи хурал дээр хувийн чанартай юм яриад байгаа юм бэ гэж хэн нэгэн бодож болох юм. Гэтэл -энэ Галдан гуай чинь  монгол бичиг мэддэггүй хүн гэж олны дунд цуурч явдаг хүн бий гэж агентлагийн удирдлага надад анхааруулсан юм. За энэ мэт яриаг орхиж монгол бичгийн сониныг алдаа мадаггүй, сайн нийтлэлтэй сонин болгох гэж бид ажиллаж ирлээ. Сонины хоёрдахь дугаараас эхлээд Ч.Цэрэндорж хэмээх монгол бичгийн багш асан хүн сонинг алдаагүй гаргахад их үүрэг гүйцэтгэсэн төдийгүй сонины ажилтан нарт ч сайнаар нөлөөлсөн юм. “Хүмүүн бичиг” сонин эрдэмтэн яруу найрагч С.Дуламын “Хүмүүн бичиг” хэмээх шүлгийн нэрээр сониноо нэрлэсэн юм. Сонины 2 дахь дугаараас эхлээд ШУА-ийн информатикийн  төвийн инженер Нэргүй АНУ-д үйлдвэрлэсэн “Маконтош” компьютерт суулгасан монгол бичгийн программыг ашиглаж, МОНЦАМЭ-гийн  техникч Очир сонинг компьютерт хэдэн дугаар дараалан шивж, улмаар өөрийн төрсөн хүү Баттулгад заан сургаж тэрээр бараг 7-8 жилийн турш монгол бичгийн сонины эхийг бэлтгэж байсан юм. Монгол бичгээр гардаг “Хүмүүн бичиг” сонины нэг дугаарыг 3 төгрөгөөр борлуулж байсан юм. Монгол бичгийн талаарх төрийн бодлого тов тодорхой, албан хэргийг монгол бичгээр хөтлөх төрийн бодлого хүчинтэй хэвээр байсан 90-ээд оны дунд үеийг хүртэл сонины захилага жил ирэх тутам нэмэгдэж байсан юм. ЕБС-дад 1-р ангиас нь монгол бичиг зааж байх үед сурах бичиг бараг байхгүй шахам байж, цорын ганц орчин нь монгол бичгээр гардаг сонин байсан үед манай сонины захиалга улирал тутам өсч 1994 оны 1-р улиралд 17 мянга хүрч байлаа.
“Хүмүүн бичиг” сонин монгол бичиг эхлэн сурч байгаа хүмүүс сонины гадаад, дотоод мэдээ уншиж сургах зорилго тавьж , сонины 1-р нүүрт МОНЦАМЭ-гийн дотоод мэдээ 10-15, заримдаа багтаамжаасаа болж 8-10 мэдээ  тавьдаг удаа байв. Харин 2-р нүүрт  МОНЦАМЭ-гийн гадаад мэдээ , дуурайлган бичих булан тогтмол нийтэлдэг болсон. Гавьяат багш, Хөдөлмөрийн баатар Т.Дашцэдэн бараг 17 жил дараалан дуурайлган бичих буланг гар бичмэлээр гаргасаар ирсэн юм. Монголын үндэсний бичгээ нийт иргэд, түүний дотор өсвөр үедээ сургаж байгаа болохоор баатарлаг өвөг дээдсийн тухай материалыг зохион зурсан гар зургийн хамт тогтмол гаргахын дээр, монгол бичгийн цуврал хичээлийг эрдэмтэн Гантогтох, Ш.Чоймаа,Ү.Ариунболд, Г.Буянтогтох нар ээлжлэн заасаар ирсэн юм.
Бид монгол бичгийн сонин гаргаж уншигч олонд толилуулахын зэрэгцээ үндэсний бичгээ сэргээж хэрэглэх төрийн бодлогыг дэмжиж олон тооны үзэсгэлэн , уралдаан тэмцээн явуулж , монгол бичгийн багш сурган хүмүүжүүлэгчид , аймгийн Засаг дарга нарт өргөн айлтгах бичиг сэлт илгээж, монгол бичиг сурахыг нэг хором ч мартуулахгүй сануулж байх зорилго тавьж ирлээ. Энэ бол хэвлэл мэдээллийн зохион байгуулах үүргийг хэрэгжүүлж буй барин тавим баримт юм. Томоохон хэдэн баримтыг иш татан хэлбэл “ Монгол бичиг XX  зуун” үзэсгэлэнг мянга гаруй үзмэртэй дэлгэн үзүүлсний дотор монгол бичгээр хэвлэгдсэн математик, хими, физикийн номуудыг олонд сонирхуулсан билээ. Энэ нь монгол бичгээр байгалийн ухааны сурах бичиг хэвлэх боломжгүй гэж амандаа хөөс цахруулан ярьдаг туйлшрагчдад өгсөн нэг няцаалт болсон юм. Энэ нь монгол бичигтэйгээ,монгол бичгээр гардаг сонинтойгоо дэлхийн улс түмний соёлтой танилцах ойртон дөтөрхөх бодлогын үр дүн юм.
Аливаа сонин захиалгагүй буюу захиалга бага бол лаборторийн хүрээнд үлдэж, сэтгүүлчдийн хөлс хүч, оюун ухаанаа заран байж туурвисан материалыг хэн ч уншихгүй, мэдэхгүй үлдэнэ. Эхлээд бид TV-гийн хөтөлбөр тавьдаг байлаа. 7 хоног тутам гардаг сонин дараачийн 7 хоногийн TV -ийн хөтөлбөр нийтэлдэг ч  хөдөөгийн уншигчдад долоо хоног өнгөрсөн хойно хүрдэг байлаа. Дараа нь зурхай нийтэлдэг боллоо. Тэр бас л хоног нь өнгөрсөн хойно уншигчдадаа хүрдэг болов. Тэгээд аль алинаас нь татгалзаж уншигчдын захидал, монгол бичиг сурч буй буй анги хамт олны зураг, багш сургуулийн амьдрал ажил үйлсээс нийтэлдэг боллоо. Мөн тухайн жилийн томоохон үйл явдал,мэндэлсний ой нь болж байгаа нэрт зохиолчдын зохиол бүтээлийг жилийн турш нийтэллээ.
Одоо тус сонин А2 форматаар 4 нүүр,хоёр нүүр нь өнгөтөөр сайн чанарын цаасаар хэвлэж байна. Монгол бичгийн сонины захиалга, монгол бичгийн талаарх төрийн бодлого өгсөн дэвжих үед олширч, төрийн бодлого бичиг үсгээ хэлмэгдүүлэх  бодлого руу хазайх тусам багасдаг юм.
Бид иргэдээ, өсвөр үеэ монгол бичигт элэгтэй,хайртай, үнэн сэтгэлээсээ сурахыг зорьдог болгохын тулд урамшуулах ажил олныг зохиодог. Үүний нэг тод илэрхийлэл нь “Сайхан бичигтэн” шалгаруулах улсын уралдааныг 13 дахь жилдээ зохиож түүний 10 жилд нь Монгол Улсын Ерөнхийлөгч биечлэн ирж шагнал гардуулдаг уламжлал тогтлоо. 10 гаруй удаа зохион байгуулсан сайхан бичигтний улсын уралдааны шагналын санг ивээн тэтгэдэг эх оронч,бас улс үндэсний соёлыг хүндэлдэг гадаадын түнштэй боллоо. Монгол бичиг сайн зааж буй багш сурган хүмүүжүүлэгчдэд “Боловсролын тэргүүний ажилтан”, “Үндэсний бичиг соёлоо дэлгэрүүлэгч” цол тэмдгээр тогтмол шагнахад БСШУЯ гар татдаггүй боллоо. “Хүмүүн бичиг” сонинд Монгол бичгийн нийгэмлэгийн тэргүүн Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ч.Улаан, БСШУЯ, Улаанбаатар дахь Тайванийн консулын газар иж бүрэн компьютер үнэгүй өгч бидний ажлыг дэмжин тусалсаар ирсэн юм. Нэг үгээр хэлэхэд манай сонины бүх компьютерээс эхлээд техник хэрэгсэл дан ганц хандив, өглөгөөс бүрдэж байгаа юм.
“Хүмүүн бичиг” сонинг эрхлэн гаргаж байгаа миний бие сонины нийтлэлийн бодлогын зэрэгцээ монгол бичгийн талаарх төрийн бодлогыг дэмжин цаг наргүй тэмцэн ажиллах болсноо би өөрөө ч анзааралгүй явж иржээ.

“Монцамэ доот ээм ээн” сайтаас авлаа.

Single Post Navigation

Leave a comment