Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Эрдмийн гал шар уураг


ЭРДМИЙН ГАЛ ШАР УУРАГ

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн академич, Монгол Улсын гавьяат багш С.Мөөмөөтэй хийсэн ярилцлага

Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Монголын шинжлэх ухааны нэгдсэн академийн академич, Монгол Улсын гавьяат багш С.Мөөмөө бол МУИС-д нарт ертөнцөд олдохгүй нандин сайхан албыг 52 жил хашиж, олон түмэн шавь нараа эрдмийн гал шар уургаар амлуулан, угтаж тосон авдаг, үдэж амьдралын гүн лүү залдаг ачтан билээ.

Тэрбээр 1957 онд МУИС-ийг монгол хэл уран зохиолын багш, хэл шинжлэл судлаач мэргэжлээр улаан дипломтой төгсөж, их сургуульдаа багшлах болжээ. Багшлах, өсөхөөс сурсан төрөлх хэлээ судалж, шинжлэх нь түүний амьдралын утга учир байлаа. Тэрбээр 1962 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн толь”, 1978 онд “Орчин цагийн монгол хэлний авиа зүйн сурах бичиг”, 1997 онд “Ерөнхий хэл шинжлэл”, 1983 онд “Орчин үеийн монгол хэлний аялгуу”, /шавь Мөнх-Амгалантай хамтарч/, 1996 онд “Орчин цагийн Монгол хэл” гэдэг бүрэн хэмжээний том туурвил, /хамтын бүтээл/ зэрэг шинэ үеийн монгол хэлний шинжлэх ухаанд олон ланжгар бүтээлүүдээрээ жинтэй хувь нэмрээ оруулсан, академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан нарын дараа орох монгол хэлний том шинжээч билээ.

С.Мөөмөө багш 1970 онд “Орчин цагийн монгол хэлний авиа зүйн систем” нэг сэдэвт зохиол, бүтээлээр тэр үеийн Ленинград хотын их сургуульд дэд эрдэмтний зэргийг амжилттай хамгаалсан бол 1984 онд “Орчин цагийн монгол хэлний аялгын тогтолцоо” сэдвээр Герман Улсын Гумбольдтын их сургуульд шинжлэх ухааны докторын зэргийг илүү сайн үнэлэмжтэйгээр хамгаалсан билээ. Нэрт хэл шинжээч С.Мөөмөө багштай уулзаж ярилцсанаа эрхэм уншигч танааа өргөн толилуулж байна.

– Та МУИС-иас гадна гадаадын нэг биш их сургуульд урилгаар багшилж байсан байх аа?
– Тиймээ. Би эхлээд 1969-73 онд Польш Улсын Варшавын их сургуульд Монгол хэлний багшаар, 1978-1980 онд Япон Улсын Осакагийн их сургуульд монгол хэлний зочин профессор багшаар ажилласан. Гадаадын олон их, дээд сургуульд урилгаар богино хугацаагаар багшилж явсан.

– Миний санаж байгаагаар бол Та хэл шинжлэлийн мундаг эрдэмтэн төдийгүй толь бичгүүдийг ариутган шүүх эрдэм ухаанд гаршиж мэргэшсэн хүн бус уу?
– 1984 онд академич Ц.Дамдинсүрэн гуайн “Монгол хэлний үсгийн дүрмийн толь бичиг”-ийг Ц.Дамдинсүрэн гуай өөрөө намайг хянан тохиолдуулж, ариутган шүүж өгөөч гэж хүссэн юм. Тэгээд би редактор учраас толь бичиг зохиогчидтой хамтарч ажиллахаас өөр аргагүй болсон. Одоо манай сонин сэтгүүл, радио телевизүүд монгол хэл бичгийн дүрмийн алдаа, мадаг их гаргаж байна л даа. “Үнэн” сонинд нэг хүн “Сонирхолтой шинжилгээ” гэсэн өгүүлэл бичсэн байна лээ. Тэрбээр өөрийн өгүүлэлдээ: “Гараг гэдэг үг 1949 онд шинэ монгол бичиг үсэгтэй болсноос хойш гараг гэж бичдэг байсныг больж, гариг гэж бичдэг болсон юм гэж бичжээ. 1844-1849 онд Польшийн алдарт монголч эрдэмтэн Ковалевский “Монгол-Орос-Франц хэлний толь бичиг зохиосон. Тэр тольд Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан гуай бид гурав хамт байж байгаад тэр тольд гариг гэж байна уу гараг гэж байна уу гэдгийг шалгасан юм. Энэ толь бичигт гариг гэж бичсэн байсан. Ц.Дамдинсүрэн гуай хэд хэдэн өгүүлэл бичсэн Тэндээ паралич гэдэг өвчнийг гариг өвчин сүүдэр өвчин саа өвчин гэж тэмдэглэсэн нь бий. Тэгэхээр бид олон зуун жил гариг гэж бичээд сурчихсан, хүн бүр л долоон гариг гэж бичдэг хэлдэг ярьдаг болохоор гариг гэж бичих нь зүйтэй юм болов уу гэж би хувьдаа бодож явдаг хүн.

– Таны бодлоор бол өдгөөгийн сонин, сэтгүүл, радио, телевизийн сэтгүүлчдийн хамгийн их алддаг ямар үг хэллэг байна вэ?
– Зүг чигийг заах тийн ялгалын уруу үрүү гэдэг нөхцөлт дагавар үг байна. Монгол бичгийн үсгийн дүрмээр бол уруу, үрүү гэж бичих учиртай. Өдгөөгийнхөн болохоор урд талын у-г нь хасаад руу гэж бичиж байгаа нь харамсалтай. Ц.Дамдинсүрэн гуай бид хоёр зөвлөж яриад Монгол хэлэнд Р-ээр эхэлсэн үг байдаггүй. Рагчаа, Раднаа гэдэг хүний нэр бол түвд, санскрид хэлнээс гаралтай үг юм. Орчин цагийн монгол хэлний дүрэм ёсоор бол шавж гэж бичих учиртай. Гэтэл манай сэтгүүлчид шавьж гэж бичиж зуршиж байгаа нь халаглалтай байна. Үүнийг засах хэрэгтэй байхгүй юу? Бас эрвээхээ, дэгдээхээ гэж бичих дүрэмтэй байтал манай сэтгүүлчид эрвээхэй, дэгдээхэй гэж бичиж хэлж, ярьж сурчихсан байна.

– Таныг ховор ном судар их цуглуулдаг хорхойтой хүн гэж сонссон юм байна.
– Эрдэм ном хоёр ихэр, шадар болохоор хуучин шинэ эртний эдүүгээгийн ном, судар цуглуулах хорхойтой нь үнэн шүү. Надад 1914 онд академич Ринчен гуайн аав Ринчин Бямбаевын зохиосон “Орос, Монгол хэлний толь бичиг” хэмээх ном хадгалагдаж байдаг юм. Тэр толийн шарласан хуудас бүрийг эргүүлж суухад хуучны үгийг маш сайхан орчуулсан үгс их тааралдах юм л даа. Жишээлбэл: Англи, Оросоор анекдот гэдэг үгийг явган үг, шог үг, хошин үг, ёжлол үг гэж орчуулсан байна лээ. Гэтэл манай сэтгүүлчид онигоо гэж санаагаараа тааж хэлж ярьж бичиж хэвшүүлсээр л байх юм. Радио, телевизийн сэтгүүлчид нэвтрүүлгээ жаргааж байна гэж ярьж байх юм. Монголчууд нар жаргав, зул жаргав гэж ярьдаг болохоос биш нэвтүүлэг жаргалаа гэж хэзээч хэлж ярьж байсангүй. Академич Ц.Дамдинсүрэн гуай Монгол хэлний шинэ үсгийн дүрмийн толь бичгээ зохиохоос өмнө “За чи миний хэл шинжлэлийн зөвлөхөөр ажиллана шүү” гэж хэлж байсан. Энэ бол 1970 хэдэн оны л үйл явдал юм шүү.

– Шинэ бичиг үсгийн цагаан толгойн дүрмийн зохиож, батлах улсын комиссын даргаар Ю.Цэдэнбал дарга ажилласан гэл үү?
– Орос хэлний цагаан толгой дээр үндэслэсэн шинэ бичгийн цагаан толгойн үсгийн дүрмийг зохиож, батлах улсын комиссын даргаар Ю.Цэдэнбал дарга ажиллаж байсан. Орлогч даргаар нь Т.Машлай, гишүүдэд нь академич Ц.Дамдинсүрэн Ш.Лувсанвандан бид ажилласан шиг санагдана. 1941 оны 10 дугаар сарын 25-нд МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаар баталсан юм. Ямар ч хэл тодорхой тооны фонем дээр суурилж, үндэслэсэн байдаг. Фонем гэдэг бол авиалбар гэсэн үг. Би авиа зүй, авиалбараар 30 гаруй жил дагнан судалсан, ажилласан хүн л дээ. Авиа зүй, авиалбар гэдэг тун чиг онцлогтой. Зүгээр авиагаар хүмүүс хоорондоо харилцаж барахгүй, Авиагаар бол нохой хуцдаг, чоно ульдаг байхгүй юу? Жишээ нь хуучин үсгээр мори, хони гэж бичдэг Одоогийн орчин цагийн Монгол хэлээр бол морь, хонь болсон шүү дээ. Монгол хэлний авиалбар нь тагнайшсан авиалбар,тагнайшаагүй авиалбар гэдэг хоёр зүйлээс бүрдэж байна. Бас чанга, сул авиалбар гэж байдаг, Хамрын дор хагархай байна гэсэн юм шиг юм мэдэхгүй зоргоороо донгодож боломгүй л дээ. Өнөөдөр сонин, радио, телевизүүд нь шороон түмэн болоод сэтгүүлчдийн чанар чансаа маш муудсан байгаагийн харгай юм л даа.

– Монгол хэл судлалын нэрт эрдэмтдийг та нэрлэж тоочвол хамгийн түрүүнд хэн хэнийг хэлэх вэ?
– Академич Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Ш.Лувсанвандан гурав бол монгол хэлний алтан үеийн гурван сүмбэр оргил, гурван алтан од юм. Өнгөрсөн жил Ц.Дамдинсүрэн гуайн мэндэлсний 100 жилийн ойд зориулж би нэг өгүүлэл бичсэн юм. Энэ өгүүлэлдээ би: “Хорь дугаар зууны манлай уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт,анхны ардын уран зохиолч, билгийн чанад хязгаарт хүрсэн гарамгай эрдэмтэн, академич Цэндийн Дамдинсүрэн “ гэж тодорхойлсон юм. Ц.Дамдинсүрэн гуай бол оюун сэтгэлгээгээр төгс төгөлдөр боловсорсон гайхамшигт эрдэмтэн байсан юм. Би Ц.Дамдинсүрэн гуайтай их ойрхон нөхөрлөж байсан учраас сайн мэднэ. 1970 онд Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон шинэ үсгийн дүрмээр манай эх орны хүн ард цөмөөр Монгол хэл бичигтэн болсны, Монгол хэл бичигт тайлагдсаны учир ЮНЕСКОГ-ийн алтан медалиар Монгол Улсыг шагнасан шүү дээ. Ш.Гаадамба, С.Галсан, Л.Цэрэнсодном, Л.Болд, Д.Ёндон, Т.Пагва, Ц.Сүхбаатар, Г.Төмөртогоо. Г.Мөнх-Амгалан, С.Буянтогтох, Б.Пүрэв-Очир, Т.Баянсан. С.Маналжав, Ц.Өнөрбаян гээд олон сайхан эрдэмтэн байна.

– С.Мөөмөө багшаа. Хэл шинжлэлийн эрдэмтдийн дотор Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон орчин цагийн Монгол хэлний дүрмийг өөрчлөх, шинэчлэх санаа бодолтой хүмүүс нэлээд байдаг бололтой юмаа даа. Таны санаа бодлыг уншигчиддаа хүргэвэл дээргүй юу?
– Тийм бодол саналтай эрдэмтэд цөөнгүй байдаг нь мэдрэгдсээр байна. Бараг л боломжгүй зүйл дээ. Яагаад гэвэл үндэсни й хэл бичиг, соёлоороо дуртай цагтаа оролдвол сөнөж мөхөхийн л цондон болно. Жишээлбэл: Хуучин бичгээр “Агула” гэж бичээд уул гэж хэлнэ. “Шулама” гэж бичээд шулам гэж хэлдэг байхгүй юу? Ийм өөрчлөлт бараг 1000 гаруй байна. Шинэ үсгийн дүрмийг өөрчлөхийг дэмждэггүй эрдэмтний нэг нь би юм. Академич Ц.Дамдинсүрэн “Хуучин үсэг шинэ үсэг латин үсгийн аль алиныг нь орхиж болохгүй. Гурвуулангийг нь аваад улам хөгжүүлээд л явах хэрэгтэй шүү дээ. Хуучин бичиг үсэг дээр эртний Монголчуудын соёлын өв их эрдэнэ байгаа юм. Шинэ бичиг үсэг дээр Монгол Улсын сүүлийн 70 шахам жилийн түүх цадиг, өв соёл байна. Латин бичиг үсгийг басад үзэж болохгүй” гэж хэлсэн юм. Зарим Монгол хэлний эрдэмтэд гээгдэх эгшгийг гээхээ больё гэсэн санал гаргадаг. Жишээ нь “Уласа”, “Элэсэ” гэж бичдэг больё гэдэг. Хэл шинжлэлийн эдийн засаг гэж ухагдахуун байнаа даа. Ингэхэд хүрвэл одоогийн сонины нэг нүүрийг хоёр, түүнээс ч илүү хуудас, нүүрэнд багтаах аюул гарч ирж байгаа юм. Цаас хэмнэх аргагүй болно гэсэн үг. Бас бичих хэлэх, ярих хоёр зөрж эхэлнэ. Жишээ нь Одоо бид “хаврын” гэж бичээд мөн л тэгж дууддаг, Хуучин цагийн Монгол хэлээр бол “Хаварын” гэж бичээд “Хаврын” гэж дуудаж таарна шүү дээ. Одоогийн орчин цагийн Монгол хэлээрээ оролдоно гэвэл хэл, соёлын гүн эмгэнэлд автана гэж би үзэж байгаа юм. Орчин цагийн Монгол хэл бичгийг зохиохдоо Ц.Дамдинсүрэн гуай өгүүлбэр зүй, авиа зүй, түүхэн уламжлалын гурван зарчмыг баримталсан юм. Академич Ц.Дамдинсүрэн ланжгар эрдэмтэн, зохиолч төдийгүй, алдарт орчуулагч шүү. А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”, “Игорийн цэрэглэсэн тууж”, “ Олег цэцэн хатны тууж”-ийн хэн орчуулсан билээ. Академич Ц.Дамдинсүрэнгээс өөр хэн байх юм бэ?

– Монголын театр, соёл урлагийн алтан үе гэж бид ярих дуртай. Монгол хэл шинжлэлийн алтан үе гэвэл…?
– Ц.Дамдинсүрэн Б.Ринчен, Ш.Лувсанвандан нарын үе чинь алтан үе шүү дээ. Бидний үеийнхэн бол мөнгөн үед нь багтах байхдаа. Одоогийн хэл шинжлэлийн эрдэмтэд гуулин үе болох юмуу, яах юм, бүү мэд дээ. Би бол мөнгөн үед орох байх гэж горьдож яваа шүү, Зарим эрдэмтэд намайг хасаж, өөрсдийгөө багтаах байхаа. Дэлхий дахинд бол сэргэн мандалтын үе алтан байлаа. Монгол ардын зүйр цэцэн үгээр бол “Урд ургасан чихнээс хойно ургасан эвэр” гэдэг биз дээ. Гэтэл Монгол хэлний эрдэмтдийн гууль, зэсэн үедээ яс чанар улам л муудаад л байх шиг санагдах юм байна шүү дээ.

– Таны гарын шавь нар тоолохын аргагүй олон биз дээ?
– Үй олон түмэн шавь нараараа би бахархаж явдаг. Түрүүчийн нэр дурдсан олон эрдэмтэд чинь цөмөөрөө миний гарын шавь нар юм. Би чинь хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Л.Цогзолмаагийн ангийн багш шүү дээ.

– Таны гарын багш академич Ц.Дамдинсүрэн гуай хэдэн нас сүүдрийг зооглосон юм бэ?
– Багш минь 1908 онд Дорнод аймгийн Матад суманд төрж, 78 нас сүүдрийг зооглож, 1986 онд бурхан болсон доо, хөөрхий минь. 80 нас сүүдрийг би энүүхэнд наслана гэж өөрөө ярьдаг байлаа. Тэрбээр 78 насанд гуч дөчин том эрдэмтний хийж бүтээж барахгүй юмыг туурвиж, Монгол Улсынхаа хэл, соёл, уран зохиолд үлдээсэн юм. Даанч гурван удаа шарласан болохоор элэгний өвчнөөр бурхны оронд явчихсан билээ.

– Хэрэв таныг багшийнхаа мартагдашгүй, давтагдашгүй зан араншингаас хуучилна уу гэж асуух юм бол..?
– Ц.Дамдинсүрэн гуай шиг эрдэмлэг оюунлаг, ухаалаг, бүтээлч, энгүүн хүнийг би хэлж чадахгүй. Шударга зан чанар бол түүний билэг тэмдэг байлаа. Ц.Дамдинсүрэн гуай шиг хурц ширүүн хэн шүүмжилж байсан юм бэ? Эзэн Чингис хааны эерэг талыг Ц.Дамдинсүрэн гуай л анх нээсэн шүү дээ. Тэгээд л үндэсний үзэлтэн болж адлагдсан. Их хээ шаагүй, алиа хошин үгтэй хүнсэн.

… Эх хүн эрдэнийн цагаан сүүгээрээ алаг үрсээ амлуулан, шимүүлэн өсгөдөг шиг эрдэмтэн С.Мөөмөө мянга, мянган гарын шавь нараа эрдэм, соёлын, өсөхөөс сурсан үндэсний хэлний гал шар уургаар амлуулан, шимүүлэн эрийн цээнд хүргэдэг, эрдмийн сүмбэр ууланд араасаа хөтлөн дагуулдаг гавьяат ачтан, багш билээ. Түүний нас сүүдэр 80 шүргэсэн ч өөрийнх нь төрөлх эрдмийн цагаан өргөө, МУИС-даа 50 хувийн хөнгөлөлтэйгээр багшилсаар , ануухан 80 насанд дарлуулж дээрхлүүлэхгүйгээр ажиллаж явна.

МОНЦАМЭ

Single Post Navigation

Leave a comment