Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Г.Буянтогтох: “Монгол хэл соёлынхоо төлөө зүтгэе”


Монгол хэл, соёлынхоо төлөө дуугардаг хүн цөөрөөд байна. Билгүүн номч Бямбын Ринчин, билэгт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн, бишрэлт багш Чой Лувсанжав нарын дуу хоолой өнөөдөр үгүйлэгдэж байна. Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа бол яах аргагүй монгол хэл, соёл минь билээ. Монгол босоо бичгээ төрийн хэл болгох гэж  90 жилийн тэртээгээс Б.Ринчин абугай тэмцэж асан бол өнөөдрийг хүртэл “Хүмүн бичиг” сониныг гал таслахгүй авч явахад өөрийн нэр нөлөө,  мэдлэг чадвар, туршлагыг өвлүүлэн тэмцэж ирсэн хөдөлмөрийн баатар,  багш, доктор, профессор Т.Дашцэдэн,  СГЗ, сэтгүүлч Т.Галдан агсны гавьяаг Монгол Улсын ардын уран зохиолч,  СГЗ, яруу найрагч, зохиолч Тангадын Галсан “Хэзээ чиг босоогоороо байх монгол бичиг маань хэний ч өмнө бөхийхгүй. Бямбын Ринчин багш маань амьддаа “Монгол бичиг соёл маань байх ахуйд Монгол Улс мөхөн доройтохгүй” гэж хэлдэг байсан сан. Монгол Улсын 4 Ерөнхийлөгч Монгол бичгийг маань адласангүй ч, “авсалсан” ч үгүй. Харин Ц.Элбэгдорж бүх албан хэрэгт монгол  бичгийг англи хавсаргатай хэрэглэж байхыг зарлигдсан нь тун оновчтой, сайхан шийдвэр болсонд өвгөн би өөд болсон бүх багш нарынхаа өмнөөс баярлан гялайж байгааг юу гэхэв” хэмээж байлаа.  Эл санааг хаана, хаанаа дэмжин монголын бүх багш нар, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн ажилтан бид  үлгэрлэн ярьж, түмэн олноо  “Монгол хэл, соёлынхоо төлөө тэмцэхэд нэгдье” хэмээн уриалмаар байна.

МУИС-ийн багш, доктор, профессор Гүндүүгийн Буянтогтохтой энэ талаар хөөрөлдлөө.

Багш маань сургуульдаа тасралтгүй 30 гаруй жил багшилж байгаа төдийгүй хот хөдөөгийн монгол хэл уран зохиолын багш нарын гурван арваны төлөөлөл болсон шавьтай,  хэвлэл сонин, телевиз, радиогийн олон сэтгүүлч, редактор шавьтай, европ, азийн тэргүүлэх орон Герман, Франц, Англи, Орос болон Япон, Солонгос,Хятад орны монгол судлаач, орчуулагч шавьтай…гээд яривал чухам багшийн багш болсон хүн.  Тиймээс ч эрдэм судалгааны ажлынхаа хажуугаар монгол хэл, соёлынхоо төлөө байнга санаа зовж, сэтгүүлч шавь нартаа зөв хэлж ярих, сайхан найруулгаар бичиж туурвихыг зөвлөдөг.

Түүний цээжинд багтаж ядсан монгол омгорхол ч бий. Бас бялхаж ядсан эрдэм соёл ч бий. Энэ бүхнээс нь багахан хэсгийг ч болов хуваалцахыг хичээлээ.

– “С1” телевизийн “Миний монгол хэл” нэвтрүүлэгт та шүүмжлэгчээр оролцдог. Таны яриа үзэгч олны сонирхлыг татсан, цаг үеэ олсон сэдэв хөндсөн, өгөөжтэй яриа гэж боддог. Та энэ нэвтрүүлэгт оролцож байхдаа “Монгол түмний оршихуйн үндэс” гэж хэдэн зүйлийг дахин давтан нэрлэж байсан. Түүнийгээ тодруулж өгнө үү.


– Тийм ээ, энэ талаар, телевиз, радиогоор удаа дараа ярьж, сонин, сэтгүүлд ярилцлага, нийтлэл хэд хэдийг гаргасан. Ер нь, байнга ярьж, тааралдсан хүн бүрт ойлгуулахыг хичээж явдаг. Яагаад гэвэл, хүчтэй нь үлдэж, хүчгүй нь арилдаг хатуу жамтай энэ дэлхийн аливаа үндэстэн угсаатан, улс түмэн амьдралын төлөө хайр найргүй тэмцэж байна. Тэр тэмцэл дунд Монголын ард түмэн өөрийн оршихуйн үндсийг аминаасаа илүүтэйгээр эрхэмлэн дээдэлж явах ёстой. Оршихуйнхаа үндсийг авран хамгаалж, бататган бэхжүүлэхийн төлөө Монгол Улсын иргэн бүр амь хайргүй тэмцэхгүй л бол арчигдаад өнгөрч. мэдэх хэцүү цаг хэдийнээ тулгараад, хэтрэх тийшээ хандаж байна. Өөрөөс бусад улс үндэстнийг өөдөлж дээшлээсэй, мандан бадраасай гэсэн “эхийн сэтгэл” өвөрлөж явдаг улс гүрэн байдаг гэдэгт итгэхийн аргагүйг сүүлийн хориод жилд Монголын ард түмэн яс махаараа мэдэрсэн биш үү ?

Миний бодлоор, монгол түмний оршин  тогтнохуйн зургаан үндэс байдаг. Үүнд, амь бие амар тайван оршин тогтнохуйн үндэс – газар шороо, амин тэжээл элбэг арвин оршин тогтнохуйн үндэс – таван хушуу мал сүрэг, эрдэм ухаан тэгш дүүрэн оршин тогтнохуйн үндэс – үндэсний хэл, бичиг, санаа сэтгэл амгалан ариун оршин тогтнохуйн үндэс-Бүдда Бурханы шашин, хүч чадал оргилуун бадрангуй оршин тогтнохуйн үндэс – эв нэгдэл, улс орон ашид мөнх мандан бадрахуйн үндэс – төр засаг болж ирсэн түүхтэй.

– Эдгээрээс алийг нь нэн чухалд үзвэл зохилтой вэ ? Өнөөгийн байдлаар энэ бүх оршин тогтнохуйн үндэс ямар   хэмжээнд яваа, бид үндсээ хэр зэрэг эрхэмлэн дээдэлж, хайрлан хамгаалж  байгаа бол?


– Хүний биед чухал, чухал бус эрхтэн гэж байдаггүй, цөм нягт холбоотой байдаг шиг, улс үндэстний орших үндсийн дотор тэр нь энэ нь гэж ялгах боломж маш бага. Гэвч, хамгийн эмзэг хэсэг нь төр засаг – үндэсний хэл бичиг. Эднийг салгахын аргагүй. Үндэсний хэл, үндэсний бичиг, Төр гурав бол Монгол Улсын тархи, Засаг бол зүрх судас.Тийм учраас харийн түрэмгийлэгч нар эхлээд Төр, засгийг эзлэн сөнөөж,  үндэсний хэл, үндэсний бичиг рүү довтлон мөхөөдөг шүү дээ. Монгол түмний оршихуйн үндэс өнөөдөр ямар байгаа тухайд олныг нуршилтгүй. Их зохиолчийн алдарт зохиолд тулгуурлан илэрхийлбэл доорхи мэт байна.

Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Танаа

Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд шатав
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд шалдрав
Мэнэн Шарга Номины өргөн их говиуд хоосров
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд хойшоо түрэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хэрлэн Онон Туулын тунгалаг ариун мөрнүүд бохирлогдов
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд бузарлагдав
Хөвсгөл Увс Буйрын гүн цэнхэр нуурууд татрав
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд ширгэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Орхон Сэлэнгэ Хөхүйн онц сайхан голууд тасрав
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд талагдав
Хуучин хөшөө дурсгал хот балгадын сууринууд тоногдов
Хол газар одсон харгуй дардан замууд танагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд гундав
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд гутав
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд нурав
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд нурамтав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хангай говийн хооронд Халхын уудам нутаг энэлэв
Хар бага наснаас хөндлөн гулд давхисан газар эвдрэв
Гөрөөс араатан авласан урт урт шилүүд тасчигдав
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд талхлагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоо гандав
Саруул талд яралзсан сонин янзын зэргэлээ гансрав
Сайн эрс цугларсан байц бэрх газар нүцгэрэв
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоо новшинд дарагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээр халцрав
Нааш цааш сүлжих тэнэгэр сайхан нутаг хавчийв
Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутаг хумигдав
Таван зүйлийн тарианы хөрс шороот газар хуйхлагдав

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар баллагдав
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон бачлагдав
Таван хушуу мал тал дүүрэн бэлчсэн нутаг сийчигдэв
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон сэглэгдэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон бүрсийв
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувууд холоос ирж гангар гунгар донгодсон орон бүүдийв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Алтай Хянган хоёрын завсарт атар баялаг орон цөлмөгдөв
Аав ээжийн минь оршсон ашдын заяасан нутаг цөхрөв
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон түгшив
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар түйвэв

Та бидний төрсөн нутаг сүйдэв
Монголын сайхан орон сүйрэлд тулав

Хүннү Сүннүгийн үеэс хөгшид өвгөдийн минь нутаг доромжлогдов
Хөх Монголын цагт хүчирхэг боссон орон доройтов
Он онд идээшиж олон жилд дассан нутаг алдагдаж магадгүй нь ээ
Одоогийн шинэ Монголын туг бүрхсэн орон арчигдаж мэдэшгүй нь ээ

Энэ бол та бидний төрсөн нутаг
Монголын сайхан  /саарал/ орон !

– Энэ байдлаас гарахын тулд, таны бодлоор, яавал дээр вэ ?


– Юуны өмнө төр засгийн удирдагч нарын үндэсний ухамсар мэдрэмж, эх оронч сэтгэлийн эрдэм, голч шударга зан төлөвийн хүмүүжил, удирдахуйн ухаан, төр ёс, түүх соёлын мэдлэг чадварыг монгол ухаан, зан суртлын суурь дэвсвэр дээр дээд цэгт нь хүргэн боловсруулах шаардлагатай юм. Тэгээд тэд ард олноо жинхэнээр тэргүүлэн, улс орноо ёсоор нь удирдвал Монгол Улс мандан бадрахгүй, хөгжин цэцэглэхгүй байна гэж үгүй. Бас хүүхэд залуус, хойч үедээ иргэний боловсрол олгох нь чухал гэж бодож байна.

-Иргэний боловсрол гэдгийг тодруулбал ?


– Миний бодлоор, дэлхий дээр монгол хүн, Монголын иргэн гэж байхын зорилгыг гүнзгий ухамсарлаж, үе үеийн өвгөд дээдсийн  мэргэн ухааны хүчээр бүрэлдэн тогтсон монгол түмний оршин тогтнохуйн бүх үндсийг сайтар ойлгон мэдэрч, хамаг  хичээл сурлага, хэрэг үйл, явдал суудлаа түүнд тулгуурлан бүтээхийг иргэний боловсрол гэнэ.


– Хүн байхын, тэр тусмаа Монголын иргэн хүн байхын учир утга, ганц зорилгын тухайд та юу гэмээр байна ?

– Монгол Улсын иргэний боловсрол эзэмшиж, Монгол Улсын бүрэн эрхт иргэн болж, монгол өвгөд дээдсийн гал голомтыг залган бадрааж явахын тулд дурдсан оршин тогтнохуйн гүн ухаанд суралцаж, аж амьдрал, ажил үйлсээ түүний дагуу нэр төртэй авч явах нь иргэн бүрийн, хүүхэд залуусын эрхэм дээд зорилго, амьд явахын гол утга учир байх ёстой гэж бодож байна

– Сүүлийн үед манай Засагийн газараас” Европ стандартыг нутагшуулна”,”Дэлхийн жишигт хүрнэ”, “Дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай боловсролыг эх орондоо бий болгоно”, “ Кембрижийн стандартыг ерөнхий боловсролдоо баримжаа болгож авна” гэж ярьж, ярьснаа эн тэргүүнд боловсролын салбарт хэрэгжүүлээд эхэллээ. Энэ тухайд та ямар бодолтой байна ?


-Би их мунхаг хүн болоод ч тэр үү,  дэлхийн төвшинд өрсөлдөх чадвартай боловсрол, дэлхийн төвшин, дэлхийн жишиг энэ тэр гэж ярихад дургүй. Хэний юуг авчрах, хэний юуг дуурайхаа сайн судалж шинжлэх хэрэгтэй.

Эдийн засаг, үйлдвэр, хууль дүрэм баримтлах мөрдөх соёл хүмүүжил зэрэгт Европоос сурч болно. Гэхдээ, тэдний жишигт хүрэх биш, тэдний жишгээс, дэлхийн жишгээс давж гарахыг зорьж, гавшгайлан ажиллаж хөдөлмөрлөж тэмцэх ёстой.

Ямар ч гэсэн, харийн боловсролын тогтолцоо, тухайлбал, Кембрижийн стандартыг ерөнхий боловсролдоо баримжаа болгож авна гэдэг сэтгэлгээний гүн ухаан, тэр тусмаа оршихуйн талаас бол  олигтой юманд огт хүргэхгүй.

– Яагаад ?

– Гүн ухааны онол номлолд, материйн оршин байх арга, түүний нэн чухал онцолбор бол хөдөлгөөн, тэр тусмаа өөрийн хөдөлгөөн гэж сургадаг. Хөдөлгөөн, өөрийн хөдөлгөөн бол хөгжлийн үндэс учраас Монгол Улс хөгжихөд өөрийн хөдөлгөөн нэн чухал. Энэ хөдөлгөөн бусдыг хуулан дуурайх, бусдын бэлэн юмыг авч хэрэглэхтэй огт нийцдэггүй.  Бараа таваар, хоол хүнс, машин техник мэтийг гаднаас аваад ирж болно. Үйлдвэрлэх бүтээх аргыг нь хуулан дуурайж ч болно. Харин сургууль боловсролын тухайд бол ингэж огт болохгүй. Улс орноо хөгжүүлэх, тэр тусмаа боловсрол соёлоо хөгжүүлэхэд бусдыг хуулан дуурайх гэж оролдохын хэрэггүй. Өөрийн ухаан, өөрийн хэр хэмжээ, өөрийн хүчээр л хөгжих хэрэгтэй. Бурханыг бусдаас эрнэ гэдэг эндүүрлийн дээд. Түүнчлэн, хөгжил цэцэглэлийг хариас хайх бол мунхаглал. Өөрийн хүчин чармайлт, хөдөлмөр тэмцлээр л хөгжиж дэвжинэ үү гэхээс бус өрөөл бусдыг дуурайж хөгжинө гэж байхгүй. Ялангуяа боловсролын тухайд.

Тавын А ангид хэрэглэхэд сайхан таарч байсан сургалтын арга  Тавын Б ангид огт болж өгдөггүй гэх жишээтэй байдгийг багш болгон мэднэ дээ. Түүнчлэн, 70 жил Зөвлөлтийн, 20 жил Америкийн боловсролын тогтолцоо, сургалтын аргыг Монгол орны сургуульд хуулан хэрэглэх гэж мунгинасаар цаг, хүч, хөрөнгө мөнгө их сүйтгэлээ. Олигтой үр дүнд хүрсэнгүй. Монголын хүүхэд залуусын сэтгэлгээг үндсээр нь өөрчилж, Америкийнх шиг юм уу Английнх шиг болгосон цагт л энэ хэрэгжинэ. Ингэх нь монгол үндэстний оршихуйн эрх ашигт хэр нийцтэйг хэсэгхэн зуур цэгнээд үзэхэд эрхгүй нэг юм бодогдох буй заа. Хэдэн жилийн өмнө Зурагтынхан, гудамжаар яваа хүүхэд, залуусаас “Манай Улс Америкийн нэг муж улс болчихвол яасан юм бэ ?” гэж асууж байсан. Тэр асуултад хариулсан хүүхэд залуусын дийлэнх нь маш зүйтэй гэж байсан шүү.

Халуун амь бүлээн цусаа эх орондоо өргөж ирсэн өвгөд дээдсийн үр хойч, ач гуч нар ямар их доройтсоныг эндээс олж харахад түвэггүй байна биш үү.

Энэ бол төр засаг маань олон жилийн турш харийн төрийн бодлогыг хэрэгжүүлж, аав, ээж нэр сайтар эс судалсан байж, гадаад орон, харийн түмэн, бусдын хэл соёлыг мухар сохроор гайхамшгийн манлай, сайн сайханд хүрэх ганц зам мөр хэмээн шүтэж, хүүхэд багачуудаа санаатай, санамсаргүй алийг бүү мэд, хар нялхаас нь харьжуулах гэж цаг наргүй хичээн чармайж ирсний гай гамшиг, хор хөнөөл шүү дээ.
Монгол бичгийг улс орон даяар хэрэглэдэг болцгооё гэж ардчилал эхэлсэн цагаас ярьсаар байгаад 20 жил боллоо. Харин энэ жил шинэ төрсөн хүүхдийн гэрчилгээ, 16 нас хүрсэн иргэний үнэмлэх, гадаад улс оронд илгээх Төрийн албан бичиг зэрэг нэлээд зүйлийг монгол бичгээр хавсарган бичиж байх зарлигийг Ерөнхийлөгч гаргаж, Засагийн газарт хэрэгжүүлэхийг даалгасан байна. Энэ талаар таны бодол?


– Маш зүйтэй шийдвэр. Ерөнхийлөгч маань үндэсний хэл, үндэсний бичиг гэдэг тусгаар тогтнолын баталгаа, улс орон оршихуйн үндэс гэдгийг маш сайн мэддэг хүн шиг санагддаг. Ерөнхий сайд байхдаа, орон даяар монгол бичиг хэрэглэх тогтоол ч гаргаж байсан. Одоо улам шийдэмгий ажиллаж, түүхийн энэхэн чөлөөнд үндэсний бичгээ жинхэнэ ёсоор Төрийн бичиг болгох нь чухал.Тэгвэл ёстой Монголын түүхэнд мөнхийн гавьяа болно. Энэ Ерөнхийлөгчийг тийм гавьяа байгуулах хүн гэж бодож явдаг.

– Та Монгол Улсын гавьяат багш, нэрт манжич Шаарийбуу багшийн гарын шавь. Таны эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл ч манж хэлтэй холбоотой сэдэв байсан. Манж хэл монгол хэлэнд хэр зэрэг нөлөөлсөн бол ?


– Монгол Улсын түүх, монгол түмний оршихуйд нөхөж болшгүй гамшиг сүйрэл, хор хөнөөл учруулсан үндэстэн бол манж нар.Тэд манай ард түмнийг ар, өвөр монгол, халимаг, буриад, дээд монгол хэмээн бутран сарнихад хүргэсэн. Тэдний боолчлон дарлах бодлогын уршгаар монгол хэл, соёл туйлын их хохирсон. Харийн улс,гадаадын хүн, бусдын хэл соёлыг бишрэн дээдлэх мухар сүсгийн сэтгэлгээг тэд монгол хүнд албадан бий болгосон. Тэр нь хожим монгол хүнийг орос хэл, соёлын боол болгох, одоо бусад харь хэл, соёлын боод болох  шимт хөрс болж өгсөн.

– Манж хэлнээс гадна төвд хэл монгол хэлэнд их нөлөөлсөн гэж боддог. Өнөөдөр төвд хэл дээрх Бурханы шашны ном зохиолыг монголчлон унших тухай ч ярьж байна. Үүнийг та хэлшинжлэлч хүний хувьд юу гэж  бодож байна ?


– Бурхан зөвхөн төвд хэл л мэддэг, төвдөөр л дуугарвал ойлгодог гэж бодохгүй байгаа учраас Бурханы номыг монгол хэлээр орчуулан уншихыг туйлын зөв гэж бодож байна. Ер нь монгол түмэн Бурханы шашны далбаан доор төвд хэлэнд хэтэрхий боолчлогдсон гэж боддог. Адаглаад, долоо хоногийн долоон өдрийн нэр юу гэсэн үг болохыг ихэнх маань мэдэхгүй. Бас төвд нэртэй олон монгол хүн өөрийнхөө нэрийг монголоор мэдэхгүй гээд олон юм ярьж болно.

– Та одоо ямар чиглэл дээр судалгаагаа илүү төвлөрүүлж байна вэ?


– Сүүлийн гучин жилийг Боловсрол судлалд зориуллаа. Дэлхийн олон орны боловсролын тогтолцоог судаллаа. Их ч юм ойлгож мэдлээ. Гурван зуун далаад жилийн өмнө  үүссэн анги – сургуулийн
хэлбэр өнөөдөр тохирохгүй болсныг мэдэж,”Аугаа их сургахзүйн” оронд хэрэглэх “Өчүүхэн сургахзүйг” анхны байдлаар боловсруулсан.

– Таны боловсруулсан сургалтын шинэ арга байдаг гэсэн. Түүнийгээ тайлбарлаж өгнө үү.


– Дээр хэлсэн “Өчүүхэн сургахзүйн” нэг хэсэг л дээ. Бага сага хэрэглэж үзсэн. Гарын авлага сэлт боловсруулж хэрэглэсэн. Гэхдээ иж бүрнээр хэрэглэх боломж олдохгүй байна.

– Учрыг жаахан тодруулна уу.


– Нийгмийн нөхцөл бүрдээгүй байна гэх үү дээ. Миний бодлоор, дэлхий даяарт, сургууль, боловсролын тогтолцоонд эрс шинэчлэл хэрэгтэй байна. Өнөөгийн энэ дэлхий дээр боловсролынх нь тогтолцоо хямраагүй улс орон нэг ч байхгүй гэж баттай хэлж чадна. Бас, тэр хямралаас “Өчүүхэн сургахзүй” л гаргаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Монгол Улсын ирээдүй боловсрол дээр тогтох уу? Мөнгөн дээр тогтох уу?


– Аль аль нь чухал. Гэхдээ хамгийн гол нь Монголын иргэний боловсрол эзэмшсэн ухаалаг, өөрийн бодолтой, чадварлаг хойч үе дээр тогтоно.

-МУИС-д олон жил багшиллаа,та. Таны шавь нараас гавьяат багш, төрийн шагналт зохиолч, сэтгүүлч ч төрөн гарлаа. Ер нь таны шавь нар хаана, хаана юу хийж байна вэ?

– Дорноговийн Ч. Отгонбаяр багш, Токиогийн их сургуулийн багш Кимүра Аяако, Казахстаны Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн Базылханы Напил гээд гадаад дотоодод нэртэй төртэй яваа олон хүн бий. Гэхдээ тэдний сайн сайхан явахад би төдийлөн их тус болж чадаагүй гэж боддог. Тэд яг одоо, хэдэн жилийн өмнөх шигээ миний оюутан, сурагч байгаа бол овоо гайгүй юм хэлээд өгчихөж чадахаар санагдана.

– Шавийн эрдэм багшаас гэдэг. Таны багш нарыг сонирхвол бас их сонин байх?


– Тун аятайхан асуулт байна. Ерөөсөө  энэ хэдэн жил багш нэр зүүж яваа маань миний багш нарын надад хүртээсэн буян хишиг л дээ. Шашин талаас бол төвд номын үсэг анх заасан Архангай аймгийн Хашаат сумын (донжи ладү цаний моо дээ) Намсрай гавж. Тэгээд миний хоёр хувилгаан нагац ах гээд олон лам багш нар байна. Төр талаас бол анх А заасан Батмөнх багшаас эхлээд Ардын багш Д. Чойжалсүрэн, Гавьяат багш Я. Шаарийбуу, Х.Далхажав, Б. Бор, Чой. Лувсанжав, Ц. Сүхбаатар, Ш. Чоймаа, Ж. Баянсан, Соёлын гавьяат зүтгэлтэн С. Дулам, багш Л. Мишиг, Т. Арслан, Ц. Шархүү гээд дурдаад байвал олон багш бий.

– Таны төрсөн нутаг Архангай аймгийн Чулуут сум Шива ширээтийн шавийнхан гэдгээрээ их бахархдаг. Та энэ гэгээнтэн хувилгааны тухай, бас Архангайхан нийтийн шүтээн Зая гэгээнтний тухай өнөөдрийн залуус, шашин судлагч нар танилцуулж өгнө үү.


– Ийм аугаа  лам багш нарын авралыг энд товчхон дурдахас бус дэлгэрэнгүй өгүүлэх боломжгүй. Шива ширээт гэгээний нутагт төрж, Зая гэгээний хүрээн дээр өсч бойжиж, Богдын хүрээнд нас ихжээл болж яваагаа их хувь заяа гэж бодож баярлаж явна.Шива ширээт гэгээн манай нутгийнхны дээргүй аврал, язгуурын дээд лам. Монголд зургаан удаа тодорсон. Зургаа дахь дүр сая хоёр зууны зааг дээр жанч халсан. Шашин ном хаалттай байсан социализмын жилүүдэд Ширээт гэгээнийхээ сүүлийн дүрд бараалхаж, зарлигийг нь сонсож, адис хүртэж явснаа  үнэхээр эртний сайн ерөөлийн хүч гэж залбирч явдаг. Зая гэгээн бол нийт Архангай нутгийн зон олны дээдийн дээд аврал. Энэ хоёр болон нийт  монгол түмний ганц аврал Богд гэгээндээ зав л гарвал залбирч,  дуудлага, тарнийг нь уншиж урьж явдаг даа.

-Тантай МУИС-д нэг ангид сурч байсан оюутан нөхдөөс Ш.Ёолк СГЗ болсон.Бас А.Авирмэд гэж сайн сэтгүүлч байсан. Өөр ямар нөхдөө дурсвал сонин байх бол оо?


-Манай ангийнхан багшлах нь багшлаад, сэтгүүлч хийх нь хийгээд цөм нэртэй төртэй сайн яваа. Тэдний алийг гэх вэ. Харин сөнөөгч онгоцны тусгай ангид хамт алба хаасан цэрэг нөхөд, дарга нараа дурсан санахад залуу халуун нас эргээд ирэх шиг болдог. Дайчин нөхдөөсөө дурдахад, санаанд хурдан орж байгаагаас ХАА – н Гавьяат ажилтан Мардаан, Мэдэхгүй нар байна. Одоогийн жанжин штабын дарга генерал Бямбажав байна. Дарга нараас гэвэл, Гүррагчаа баатар, нисэхийн компанийн  Лхагваа хурандаа(миний мэдэх цол), миний хамгийн ойр шадар дарга штурман Ёндонжамц гээд олон хүн байна.

– Та ардчиллыг анхнаас нь дэмжигч. Өнөөдөр ардчилал урагшилсан уу, ухарсан уу?


– Ухарсан, урагшилсан  гэж ярих тохиромжтой бус. Ерөөсөө ардчилсан нийгэм рүү шинжлэх ухааны үндэстэй шилжиж чадсангүй. Манайхны гол алдаа бол нийгмийн хувьсгал буюу социализмаас капитализм руу шилжихийг хэтэрхий гэнэн хялбар төсөөлсөн явдал. Ердөө социализмын үед орос хэлээр тигр гэж дуудаж байсныг капитализмын үед англиар тайгр болгон дуудах шиг хялбарчлан санасан.

-Тодруулбал ?


– Өчигдрийн коммунист нам ардчилсан нийгэмд “Ардчилсан нам болчихлоо” гээд коммунист арга барилаараа ажиллаж эхэлсэн. Ард нийтээрээ шахам түүнд итгэсэн. Түүний балгийг өнөөдөр нийгмээрээ амсаж эдэлж сууна. Ер нь манай орон үлгэрт, “алтан цээжтэй, мөнгөн бөгстэй” гэж гардагчлан “ардчилал цээжтэй, социализм бөгстэй” нэгэн зүйл”хачин нийгэм” болчихсон гэж бодогддог.
Ж.Батсайхан

Үл төгсгөх ярианы өргөл үг.
Ийнхүү багшийн маань эмзэглэл багагүй аж. Ер нь багш хүн мөнхийн гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байдаг болохоор хэлж ярьж буй нь ч зөөлөн аядуу, энэрэнгүй байх нь нийтлэг. Өнөөдрийн хахир хатуу, хүйтэн цэвдэг нийгмийн нүдэнд үл үзэгдэх ханыг эрдэмтэн багш нарын минь сургамжит үгс байнга нэвтлэн гэрэлтэж,  харанхуй замыг гийгүүлэн зааж байдаг нь ч нууц бус. Басхүү тэмцлийн тугийг багш нар маань ном бүтээлээрээ орлуулан өргөж,  хүн байхын үлгэр манлайллыг хичээл, лекцээрээ цаг үргэлж харуулж байдаг.  1980-аад онд оюутны намрын ажил дээр ч,  хичээлийн танхим, номын сан, тэр ч бүү хэл хаа тааралдсан газраа  “Өөрчлөн байгуулалт”-ын салхины дэвэлзээг монголдоо нутагшуулахыг сэмхэн ярилцдаг, маргадаг МУИС-ын хэсэг оюутан , багш нар байдаг байлаа. Өдгөөгийн нийтлэлч Баабарын нийтлэлүүдээр гол маргаанаа өдүүлж, улмаар “Үнэн”, “Үг”, “Бодлын солбицол” сониуудад ярьснаа бичиж нийтлүүлэн сэтгэлгээний ардчилалд суралцдаг байв. Тэр үед Дэнжийн мянгад байрлах “Үнэн” сонины нэгэн жижигхэн байшинд Г.Буянтогтох багш, саяхан Төрийн шагнал хүртсэн сэтгүүлч, яруу найрагч Б.Цэнддоо, шог зохиолч, сэтгүүлч Б.Ерэнтэй /”Үндэсний шуудан” сонины Тамгын газрын дарга/  гурав нэг хэсэг хамт амьдарсан.  Тэгэхэд тэд ёстой л “Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч явсан”  үесэн.
Ид үеийнхээ зохиол бүтээлийг хамт байхдаа л бичиж туурвиж, ирмүүн омголон, эрч хүчтэй байж. Өнөөдрийн “Хэн бэ?” гэдгээ ч тэндээс л олж авсан гэж нөхөд минь хааяа дурсдагсан.

Чухам түүнээс хойш олон он, цаг улирсан ч оюунлаг нөхдийн уран бүтээлийн болон эрдмийн ажил улам оргилон буцалсаар байна. Г.Буянтогтох багшийн маань хийж бүтээх ,хэлэх сургахын бяр ч амтагдаж явна. Одоо тэрбээр докторынхоо ажлыг нэгэнт дуусгачихаад, боловсролын шинэ тогтолцооны судалгаагаа улам гүнгийрүүлэн, гагцхүү хэрэгжүүлэхэд бэлэн цагийг хүлээж сууна. Ирэх цаг эрхэм багшийн минь эхэлсэн ажил бүхнийг ивээлдээ авах болтугай.

Эх сурвалж: “Монцамэ”

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: