Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Пүрэвдорж: “Тулгын чулууг хөдөлгөж болохгүй”


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Дэндэвийн Пүрэвдорж гуай монгол үгийн урлагийн жинхэнэ мастер байсан бөгөөд монгол эх хэл, соёлынхоо төлөө байнга санаа зовж, хэл соёлын талаар үүний дотор монгол хэлний талаар хэд хэдэн үгүүлэл, нийтлэл бичсэнээс та бүхэнд цувралаар танилцуулж толилуулж байна.

Монголчууд үгийн эрдэнэс хэлхэж үлгэр туульсаа хуур цоортой шүлгэлэн хайлдаг цэцэн цэлмэг үндэстэн. Өтгөс буурлуудын яриаг сонсохуйд үгийн цэц онч, цэвэр тунгаамал сэтгэлд утга эгшгээр найрсуу нь гайхамшигтай. Нэгэн цагт Ринчен доктор гурваад сая үгийн сантай хэмээсэн хэлнээсээ өдгөө бид гурваад зууг номгочилон дагиж их сүргээ эмнэгшүүлэн, тэр бүү хэл,  хол ойроос уургын улаагаар хөл дүүжилж буурлын буяныг буртаглаж, буйд үрийн зулайтай, үндэсний цочоотой бүхэн халаглах болов.

Монгол хэл минь бидний хувьд амин хүйтэй тусгаар тогтнолын алтан гэрэгэ, хүн төрөлхтөний соёлыг чинээлсэн өв залгах өмч билээ. Эрт баларын үүх түүхээс эргэх цагийн соёл иргэншил, шинжлэхүй ухааны оньсыг тайлах, улс төрийн ончроог хариулах, алин дор боловч хэний ч өмнө гартаж үг бадарлахааргүй бэл бидэнд бий.

Хэлний бэхжил, хэврэгшил нь үндэстний оршихуй, огшихуйг илтгэх ахул, удам хэлээ огоорох нь уусах урвуулахын ёр авай. Үүнийг мөчиг ухааран бусдыг ойврон дагаж сэвсэр дэлсэх нь сэтгэлгээний явцуурал, боолын бохирол мөн. Үгүүлэгч бээр ярианы болон бичгийн хэлний ялгааг арилгах,  нийгмийн хувьсал дэвшилд хэлнийхээ хилийг хаах бодол өвөрлөсөн нь бус монгол хэлээ хамгаалан хөгжүүлэх тухайд тойнтрог чулуугаар товирыг доргиох горьд хөтлөгдөн өлгөн хэлэлцэхийн өөш төдийг өмөнтгөн өчсү.

Өнгөрсөн зууны оросжих дарвианд хэлний хээл хаясан жишээ олон. Хэн нэгэн дарга “зуд” гэдэг орос  үг толь бичгээс шүүрдэн гагцхүү “бескормица” буюу тэжэвээр малтай газар тэжээл дутах, манайхаар өл алдах гэх үгтэй халз тулгахдаа “зуд” гэдэг орос хэлэнд байхгүй тул ерөөс байдаггүйг нотлон “Байгаль цаг агаарын түр зуурын бэрхшээл” гэж гуравхан үсгээр бүтсэн үгийг гучин дөрөв болгон зудалсан билээ. Оросын “переменный” гэдгийг солигдмол, “покров, покрытие” гэдгийг бүрхүүл гэж оноосноос монгол орныг солигдмол үүлтэй, цасан бүрхүүлтэй болгов. Үүлийг нүүх, суух, борооны, цасны, аадрын, хурган, сэмжин гэх буюу цасыг битүү, тарлан, бод, богийн хар туурай, малын амны, шувууны мөр гэхчлэн ялгадаг малчид “манай нутаг солигдмол үүлтэй, цасан бүрхүүлтэй байна” гэж хэлэх гээд хэл нь эвлэсэнгүй. Гэвч гурилтай хоолоо лапшаадаж бараг дадаад цагаан идээгээ сүү, сүүн бүтээгдэхүүн болгох төсөл хэрэгжиж л байна.

Хүнд сурталтнууд бол хэлэнд өт цацдаг батгана мөн. Тэд дээдсийн ихэмсэлд сүүл сээрдэн, гаж үг, молхи орчуулгаар хэл новшилдог. Мойног даргын модон хэл гэсэн шалжаа үүнээс үүдэлтэй. Нэг үе “үзэж байна” гэсэн нь нам, тушаал хоёрын л лаахай байсан бол өдгөө “энэ утгаар нь ойлгож байна”гэх болов.  Энэ нь ацан шалаанаас зулрах бусгаа юу, илэрхийлж эс чадахын зовлон уу гэдгийг таахад бэрх. Тэгээд ч энэ утгын цаана тэр утга, нөгөө утга нуугдах нь барьц холбироотой, эргэж бухаад элс тэврүүлж мэдэх тул итгэхүйеэ бэрх. Дэл сул үг гол санааны тусгалыг хазайлган хүний сэтгэл ээдүүлдэгийн жишээ энэ.

Урдын “хэлний их өрийн” шавхруу асуудал, арга хэмжээ, гэдгийг өдгөө “хүрээлэх” болж. Асуудлыг хүрээлээд түүнийгээ олон өнцөгтөд хувааж аль өнцгөөс нь харахаа шагайж зүдэрсний эцэст хөндөж (шарх буглаа бололтой) түүнд тохирсон механизм  оньс хөдөлгүүр олж эцэст нь баталгаажуулдаг бололтой. Хуучны асуудлаас “үзэл суртал, гэр бүлийн талаар ялзрах асуудал” дуулдахаа больсон нь унтарсан буюу бүгд ялзарсан алин болохыг чөтгөр мэдэх биз. Асуудал нь зарчмын, зарчимгүй, ноцтой, бүрхэг, эмзэг, ээдрээтэй, заримдаа “проблем” болдог олон хувилбараар сөхөгдөж, сэдэгдэж, орхигдож, тулгамдаж, шаардагдаж, тавигдаж байдгийн дотроос энэ хэр жендерийн хүйсийн, нөхөн үржихүйн мэтийн хурц үе юм байх. Хүүхэн даргатай болох нь хэцүү гэхэд хүүхэд бүтээх зэрэгт гадаадын мэргэжилтэн урьж сургалт явуулалгүй хичээл заалгахгүй, өөрсдөө оролдвол дөнгөхгүй юм сан уу. Оросоор “мероприятия” гэдгийг арга хэмжээ хэмээн буулгаж ажил, ёслол, цээрлэлийг “бөөндсөн” хэвээр. Ой тэмдэглэх, хувийн зоосоор  татвар төлөх, түүгээр албаныхан найрлах цөм арга хэмжээ агаад бас “хүрээтэй”. үргэлжилнэ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: