Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Дэнис Синьор:…Ингэж би Кембриж, Индиана хоёрт Монгол судлалыг үүсгэсэн юм.


1916 онд Унгар улст төрсөн. Унгар, Швeйцарь, Франц улст боловсрол эзэмшсэн.

Дэлхийн 2-р дайнд Францыг чөлөөлөх дайнд оролцож 1945 оны 11 сард цэргээс халагдсан.

1948-1962 онд Кембрижийн Их Сургуулийн Дорно Дахины Судлалын Факультетэд ажиллаад 1962 оноос Индианагийн Их Сургуульд шилжсэн.

1963 оноос 1981 оныг хүртэл Индианагийн Их Сургуулийн Урал Алтай Судлалын Салбарын эрхлэгчээр ажилласан.

Индианагийн Их Сургууль дахь Урал Алтай Судлал болон Монгол судлалыг үндэслэгч. PIAC ( Permanent International Altaistic Conference) буюу Олон Улсын Алтай Судлалын Байнгын Хурлыг үндэслэгчдийн нэг, Eрөнхий Нарийн Бичгийн Дарга нь (1960 оноос тасралтгүй 44 жил). Францын Академийн Сурвалжлагч гишүүн, Унгарын Шинжлэх Ухааны Академийн хүндэт гишүүн, Еврoпын Академийн ( Academia Europaea) гадаад гишүүн.

Их Британийн Royal Asiatic Society түүний нэрээр “Ази судлалын Дэнис Синьорын медаль” бий болгосон. Єөрөө PIAC – ийн медалийг 2 удаа хүртсэн ганц судлаач.

Одоо хүртэл Индианагийн Их Сургууль болон PIAC – ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор байна. Блүүмингтон хот Алтай судлал болон Төв Eврази судлалаар дэлхийд нэртэй болсон нь түүний хөдөлмөртэй шууд холбогдоно.

Yнэнийг хэлэхэд Индианад ирэх хүртлээ Алтай судлалын аваргуудын нэг, түүх болсон энэ хүнийг эсэн мэнд, эрдмийн ажлаа хийсээр явна гэж мэдээ нь үгүй явсан билээ. Гэтэл энд ирээд барааг нь харах байтугай дотнын сайхан яриа өрнүүлэн суух ч завшаан тохиов.

Єдгөө нас сүүдэр 88 зооглож буй энэ буурал эрдэмтэн 2003 оны 10 сарын 21-нд Индианагийн Их Сургуулийн Төв Eврази Судлалын Салбарт түүхийн чиглэлийн тэтгэлэг үүсгэхээр бүх насныхаа эд хөрөнгө болох 2 байшинг, эдлэн газрынхаа хамт хандивлажээ.

Ярилцсан Мягмарын Саруул-Эрдэнэ

Хэзээ хэрхэн та анх Индианагийн Их Сургуультай холбогдож, ирсэн юм бэ?

1956 онд Коламбын Их Сургуульд ( Columbia University ) Урал – Алтай Судлалын Салбар байгуулагдсан юм. Эрхлэгч нь Жон Лотз. Тэр жил бараг зэрэг шахуу Индианагийн Их Сургуульд салбар доторх статустай Урал – Алтай Судлалын Хөтөлбөр байгуулагдаж. Хөтөлбөрийн удирдагч нь Лотзын дотнын анд Томас А.Себеoк байв. Энэ 2 судлаачийг Мажар гарлаас нь гадна Урал – Алтайн нэгдмэл хэл байсан гэж үздэг итгэл үнэмшил нь нэгтгэдэг байлаа. Гэхдээ үнэнийг хэлэхэд хэн нь ч Алтай судлалтай холбогдож байсангүй. Тиймээс тэд Алтай судлаач хайж байж. Лотз Коламбид Карл Менгесийг авчирсан бол Себеoк намайг Индианад аваачихыг чармайж байв. Тэр үед миний бие Парист олсон боловсролоороо Алтай судлалд боломжийн нэртэй болсон байлаа. 1948 оноос Кембрижэд хичээл зааж байсан юм. Дэлхийн шилдэг сургууль дахь ажлаа тухайн үед тийм ч алдаршаагүй сургуулиар солих хүсэл байсангүй. Гэвч 2 дахин илүү цалин олгох саналыг эсэргүүцээд ч байсангүй, ямар ч байсан 1 улирал зочин профeссoрooр ажиллахаар шийдсэн юм. 1961 оны 12 сард “Мавритания” хэмээх хуучин усан онгоцноос Нью Иoрк хотноо хөл тавив. Лотз намайг тосч аваад л удаан хугацааны гэрээ танилцуулав. Америкийн байгууллагуудад Урал Алтай Судлалыг дэмжих хөрөнгө ч их байгаа нь ойлгомжтой байлаа.

Тэгээд мөнөөх Урал Алтайн Хөтөлбөрийг хэрхэн бие даасан салбарын хэмжээнд хvргэв?

1962 оны намар би Кеймбрижээс гарсан. Себеoкийн сонирхол Семиoтикт шилжиж, 1963 онд Зэрэг цолын сургалтын ( Graduate School ) декан Аштон намайг хөтөлбөрийн удирдагч болохыг хүсэв. Тэгэхэд манай хөтөлбөр албан ёсоор Зэрэг цолын сургалтад хамаарагддаг байсан юм. Хөтөлбөрийг аваад би 2 чухал зүйл хийсэн гэж боддог. Юуны өмнө 1966 онд санагдана, хөтөлбөр Салбар болж, мастер, докторын зэрэг олгох эрхтэй болсон. 2-т гэвэл би үргэлж Урал Алтай судлалын цар хүрээг өргөсгөн нутаг орон судлалыг нэмэхийг боддог байлаа. Харин аль хавийн нутаг орныг хамаарах вэ гэдэг гол асуудал байв. Хэл шинжлэлийн хувьд Фин Түрэг 2-т холбоо байж болох ч соёл түүхээрээ энэ 2 хол. Yvний адил түрэг төвд 2 хэлний хувьд хавьтах ч үгүй. Иймээс хамгийн дээр нь энэ асуудлыг тоолгүйгээр судалгаагаа өргөжүүлэх явдал байсан юм. Төв Eврази манай салбарын судалгааны төв гэхдээ өөр улс, ялангуяа Унгарт анхаарлаа хандуулж байсан. Тиймээс ч 1979 онд Унгарын Шинжлэх Ухааны Академи коммунист улсын тэр бoлгон гаргаж чадахгүй шийдийг гарган манай сургуульд багшаа илгээж байхаар болсон юм.

Та бас Монгол судлалыг Индианад үндэслэсэн хүн. Энэ талаараа?

Индианад ирэхээсээ өмнө би Кембрижэд Сонгодог Монгол Бичгийн Хэл зааж байсан юм. Тийм болохоор Индианад Монгол судлалтай ямар нэг холбоотой гэж ойлгогдохоор ирсэн л дээ. Индианагийн Их Сургуулийн Монгол Судлалыг би Вашингтоны Их Сургуульд профессoр Поппетэй Сонгодог Монгол Бичгийн Хэл үзсэн Жон Крюгертэй эхэлсэн. Бид эхлээд Монгол бичгийн хэл л зааж байлаа. Дараа нь 1963 онд би Калифорнид Хангин Гомбожав гэж залуу байгаа тухай дуулж, ажилгүй байгааг нь мэдээд энд авчирч Ярианы Монгол хэл заалгаж эхэлсэн. Крюгер Сонгодог Монгол Бичиг, би өөрөө Монголын түүхийн хичээл зааж байлаа. Ингэж тэр үеийн нэрээр Урал Алтай Судлалын Салбарт Монгол Судлал бий болсноосоо хойш тасралтгүй үргэлжилсээр байна. Кара, Этвүд нар сүүлд ирсэн, одоо Монгол судлал Индианагийн Их Сургуулийн системд байраа бат олж авсаан.

Ингэхэд та өөрөө анх хэрхэн Монгол судлалтай холбогдсон юм бэ?

Мoнгoл Бичгийн Хэлийг би профессoр Лигетигээр Унгарт заалгасан юм. Миний мэргэжил биш байсан, одоо ч энэ миний мэргэжил биш. Би түүхч. (Синьор гуай түүхч боловч Алтай хэл шинжлэлээр хэд хэдэн чанартай өгүүлэл бичсэн. М.С.) Францад би Монгол зааж байгаагүй, харин ч сурсан. Одоо харин нэг сонин явдал ярьж өгье. Анх Кембрижэд томилогдоход тэд намайг авахаасаа өмнө бус, багшаа болгосныхоо дараа Монгол бичиг зааж чадах эсэхийг маань асууж байгаа юм даа. 1948 оны явдал.Тэгэхэд нь би “Ковалевскийн толь байвал чадна, үгүй бол зааж чадахгүй” гэж хариулсан юм. Бас л жинхэнэ Кембриж ёсоор тэнд надаас өмнө Монгол огт заагдаагүй байсан хирнээ аль 1848 онд Казаньд хэвлэгдсэн Ковалевскийн толь 2 ч байлаа. Ингэж би анх Индианагаас гадна бас Кембрижид Монголыг танилцуулсан хүн дээ.

PIAC бол Алтай судлалын хамгийн том хурал. Байгууллага ч гэсэн болно. Та бас PIAC –ийг үндэслэгчдийн нэг. Анх хэрхэн хуралдсан тухайгаа дурсахгүй юу?

PIAC –ийг санаачлагч нь нэрт Монголч Вальтер Хайссиг. Мюнхеньд хуралдсан Олон Улсын Дорно Дахины Судлалын ( International Congress of Orientalistics ) 24-р хурлын үеэр Алтай судлалынхан салангидаар ийм хурал хийж байвал зохистой болохыг анх тэр хэлсэн юм. Хайссигийн санааг хэлэлцэхээр бид цуглалаа. Одоо санахад надаас гадна лав Аннемарие фон Габайн, Омельян Прицак нар байсан юм даг. Хайссиг тэгээд анхны хуралдааныг өөрөө зохион байгуулж билээ. 1958 онд Германд болсон анхны хуралд яг 12 судлаач илтгэл тавьсан юм. Пенти Аалто, Чарльз Бауден, Герхард Дорфер, Вольфрам Эберхард, Карл Жан, Карл Менгес, Удо Пош, Омельян Прицак, Клаус Сагастер, Каарэ Томсен Хансен, Хайссиг өөрөө, тэгээд би. Хурал дээр PIAC нэрийг баталж, Хайссигийг Eрөнхий нарийн бичгийн даргаар сонгосон. 2 дахь хурал дээр эхний хуралд оролцогсдоос Эберхардаас бусад нь бүгд, дээр нь Турк эрдэмтэд, социалист улсаас анх удаа Польшийн Зайончковский ирсэн юм. 3 дахь хурал 1960 онд болж, ахмад эрдэмтэд Николас Поппе, Эрик Хайниш нарыг урьж оролцуулсан. Энэ хурал дээр Хайссиг чөлөөлөгдөх хүсэлтээ хэлж, дараагийн хурлыг Кембрижэд зохиох байгуулах байсан тул намайг Eрөнхий нарийн бичгийн даргаар сонгосон юм. Түүнээс хойш 1967, 1972, 1977, 1982, 1987, 1992, 1997 хамгийн сүүлд 2002 онд 5, 5 жилээр дахин сонгогдож ажиллалаа. Энэ бол сүүлчийн маань томилолт. Дараагийн сонгууль гэхэд 91 настай байна шүү дээ.

Хvйтэн дайны үед социалист улсаас эрдэмтдийг урьж оролцуулах хэцүү байсан биз?

Төмөр хөшигний цаанаас судлаачид ирэх амаргүй байлаа. Би бол өөрөө улс төртэй холбогддоггүй хүний хувьд PIAC – ыг хоёр хүчний гүүр болгохыг эрмэлздэг байлаа. Алтай судлалд Зөвлөлт, Унгар, Польш зэрэг социалист улсуудын эрдэмтдийн хувь нэмэр асар их. Тэгээд ч PIAC – ын медаль бий болоход эхний 6 шагналтны 3 нь социалист улсын эрдэмтэд байсан юм. 1 Монгол (Ринчен), 2 Унгар (Немет, Лигети). Зөвлөлт Холбоот Улсаас анх 10 дахь хуралд төлөөлөгч ирж байсан. 11 дэх удаагийн хуралд ЗХУ-аас В.И. Цинциус, Н.А.Баскаков нарын дээд зиндааны эрдэмтэд ирсэн нь хурлыг улам л чанаржуулж байв. Цинциус PIAC – ын медалиар 1971 онд, Баскаков 1980 онд шагнагдсан. Дани улст болсон тэр хурлын үеэр Финийн Рясянен, Польшийн Зайончковский, Оросын Баскаков нар 3-уулангийнх нь төрсөн газрын сүлд дуу болох Цагаан хаант Оросын төрийн дууллыг хоолой шахан, чангаар дуулан байсныг одоо ч мартдаггүй юм. Тэднийг сонсон, харж суухад надад PIAC – ийг авч яваадаа бахархах сэтгэгдэл төрж байлаа.

Сая ярьсан медалынхаа талаар танилцуулахгүй юу? Анхны шагналыг хэн хvртcэн бэ?

1962 онд би Индианагийн Их Сургуульд багш болоод PIAC – ын 5 дахь хурлыг Блоомингтонд зохиосон юм. Энэ хурлаас жил бүр PIAC – ийн хурлын үеэр Алтай судлалд гарамгай хувь нэмэр оруулсан нэгэн эрдэмтэнд Индианагийн Их Сургуулийн Алтай Судлалын Медаль олгож байхаар шийдсэн. Эхний 3 медаль хүрэл байсан бол үүнээс хойш бүгдийг алтаар хийсэн. Анхны шагналыг Бельгийн хар лам, тухайн үед тэтгэвэртээ гараад АНУ-д амьдарч байсан, нэрт Монголч Антойн Мостартад олгохоор болсон. 3 дахь шагналын эзэн нь Монголын Б.Ринчен.

Рамстедт, Поппе гэх мэт нэр бидний хувьд түүх шиг л сонстдог. Та гэтэл тэдэнтэй уулзаж, ярилцаж, нөхөрлөж явсан байдаг. Дурсамжаасаа хуваалцана уу?

Рамстедтэй би нэг л удаа уулзсан. Хелсинкид бид сайхан яриа өрнүүлж суусан. 50 –иад оны үе, тэр насан өндөр болсон байлаа. Поппетэй бол нэлээд хэд уулзалдсан, гэхдээ бид дотнын нөхөд байгаагүй. Yvнийг битгий буруу ойлгоорой, нөхөд биш байна аа гэдэг дайсан байна гэсэн үг бас биш шvv.

Тэгвэл Пэллиo?

Харин Пеллиoгийн хувьд ч ярих юм бий шүү. Түүнийг би сайн мэднэ. Yнэндээ Пеллиoтoй сайн танил эрдэмтдээс би л ганцаараа амьд байна. Пеллиoтoй би 1939 оноос 1945 оны 10 сарын 26 буюу насан эцэслэх хүртэл нь холбоотой байсан. Герман Францыг эзэлсэн, хэцүүхэн үе байлаа. Унгарын Боловсролын Яaмны багаахан тэтгэлгээр докторынхоо шалгалтад бэлдэх нэрээр, үнэндээ бол Пеллиoтoй ойртож, юм сурах үүднээс би Парист ирсэн юм. Унгар дахь 2 багшийн маань нэг Лигети өөрөө Пеллиoгийн шавь, Түрэгч багш Гюла Немет ч намайг “хязгааргүй мэдлэгтэй” тэр хүнээс суралцахыг зөвлөсөн юм. 23 настай залуу, Парист ирснийхээ дараахан Пеллиoгийнд очив. Yvдээ нээгээд оруулсан ч үгүй, 10 сард эхлэх хичээлдээ сууж болохыг хэлээд явуулж билээ. 37 онд Хайниш, 38 онд Отто Франкынд очсонтой харьцуулахад тийм ч дотно уулзалт болсонгүй. Цаг өнгөрөхөд анхны энэ сэтгэгдэл эрс өөрөөр эргэсэн юм. Анх уулзуут л дотносоод явах нь Пеллиoгийн зан биш ээ. Тэр том профессoр гэхэд туслах авдаггүй. Одоо бол багахаан коллежийн залуухан профессoрvvд л гэхэд туслахуудаараа ажлаа амжуулдаг болж дээ. Бүх ажлаа өөрөө, гараараа бичдэг, бичгийн машин ч бараг хэрэглэдэггүй. Би дараа нь албан ёсоор туслах нь болсон, гэхдээ надаар юугаа ч хийлгэдэггүй, харин ч надад тусалж Төв Евразийн судлалд анхаарлаа төвлөрүүлэхэд минь ихээхэн дэмжлэг болсон. Тамхийг угсруулан татна. Шавь цөөтэй, Лигети, Кливез, Луй Амбис, Ролф Штэйн, Луй Базен нарыг өөрөөсөө гадна нэрлэж чадна. Багш Францаар уран яруу, нэг ч сул үггүй ярьдаг тул оюутнуудаа бас хэлзүйн алдаа гаргахад маш дургүй байлаа. Шууд л эвгүйхэн хэлнэ. Азаар би Швэйцарын Франц хэлтэй сургуульд сурч байсан тул санаагаа зөв хэлж чаддаг байсан юм. Даруухан хүн байсан гэж хэлмээргүй, өөрийнхөө судалгааны хүрээнд хүн оруулах маш дургүй, дургүй хүнийхээ шавь нарт юм хэлж өгдөггүй. Соёлтой, сайхан эрийнх нь хувьд бүсгүйчүүд ихэд дурладаг, өөрөө ч бүсгүй хүний үзэсгэлэн гоог хүндэлдэг хүн байсан даа. Олон талын мэдлэгтэй, нөлөө бүхий тэр эрдэмтнийг үгээ хэлэхэд Францын Академи, улс төрийн ертөнц сонсдог байлаа.

Францыг чөлөөлөх дайнд оролцсон тань Пеллиoтoй холбоотой юу?

Тийм ээ. Тэрнээс өмнө болсон нэг явдлыг ярьж өгье. 1940 оны 6 сард Франц улс эзлэгдэхэд надад гуних, харамсах сэтгэгдэл нэг их төрөөгүй. Тэгэхэд, бас тэрний дараахан Парисын Унгар Судлалын Хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохдоо ч би Мажар сэтгэлтэй, Мажар хүн л байв. 1940 оны 8 сарын 30 ны өдөр Венийн 2-р Тунхаглалаар Румын, Унгараас 1920 онд авсан Трансилванийн нэг хэсгээ буцааж өгөхөөр болов. Энэ чухал үйл явдлыг манай хүрээлэнгээс тэмдэглэх хэрэгтэй боллоо. Хэцүү асуудал бол дээрх тунхаглал Германы хүчтэй нөлөөгөөр хийгдсэн тул германүүдыг уримаар байдаг, гэтэл Франц Германүүд нэг дор хэрхэн баярлацгаах билээ. Ингээд би нэг ч герман хүн уриагүй юм. 50, 60-аад хүн цугласны дотор миний франц багш Пол Демиевилль, Рэнэ Грoссэ, нэрт түрэгч Жеан Дени, мэдээж Пол Пеллиo нар байлаа. 24 хөн насандаа ийм том хүлээн авалт зохион байгуулсандаа ихэд баярлаж байв. Эхлээд Унгарын Ерөнхий Консул дараа нь би үг хэлээд, Унгарын сүлд дууг дуулсны эцэст алдарт Марселийг эгшиглүүлэв. Тэгэхэд Францын Германд эзлэгдсэн нутаг дэвсгэрт Марселийг дуулах хориотой байсан юм. Энэ дуу бүгдийн сэтгэлийг ихэд хөдөлгөж билээ. Грoссэ нүдэндээ нулимстай, сэтгэлийн хөдөлгөөн маш багатай Пеллиo багш хүртэл миний гарыг удаан атган зогссон сон. Бүх насаа эрдэм шинжилгээний үйл хэрэгт зориулсан хүн атлаа Франц улс гэдэг түүний хувьд үргэлж анхдагч эрхэм зүйл нь байжээ. Тэр орой би Рубиконоо гаталж, (Рубикон – Италийн хойд хэсэгт оршдог гол. Энэ голыг гаталснаар Юли Цэзарь аян дайнаа эхэлсэн гэдэг. Рубиконыг гатална гэдэг эргэж буцахын аргагүйтэйгээ эвлэрнэ гэсэн үг. M.C.) Францад орсон юм даа. 1942 оны 10 сард би эхнэрийнхээ хамтаар баривчлагдахаас зугтан Францын Германд эзлэгдээгүй хэсэг рүү гарахаар болж Унгарын ерөнхий консул, Пеллиo багш 2-той үдэлтийн зоог барив. Тэгээд Марсельд ирэхэд тэр хэсэг ч бас эзлэгдсэн тул тэнд байх ч хэрэггүй болж эргээд Парист 1943 оны дундуур ирсэн юм. Пеллиo багш намайг дотно хүлээн авав. Дайны явц нөгөө тал руугаа орчихсон үе. Багш нэг өдөр надаас дайн дуусахаар яaх гэж байгааг минь асуув. Yнэхээр төлөвлөсөн зүйл байсангүй. Би одоо ч тэр мөчийг мартдаггүй. Нүүрэндээ огт инээмсэглэлгүйгээр өмнө минь эгц зогсоод ” Vous devez rester en France. Je m’occuperai de vous” (Синор багшаар өөрөөр нь орчуулуулав: Чи Францад үлдэх ёстой. Би бүгдийг зохицуулна. М.С.) гэв. Энэ бол тушаал, амлалт байлаа. Хэдхэн секүндын дотор Пеллиo ийнхүү миний амьдралыг өөрчилсөн билээ. Ингээд би Францыг чөлөөлөх дайнд явсан юм. 1945 онд бид ялж, Германы нэгэн жижиг хотыг төвхнүүлж байхдаа багшид захиа бичин өөрийгөө цэргээс татаж авахыг хүссэн юм. Хүсэлтийг ёсоор болгож, нөлөө ихтэй багш маань зохицуулж, би цэргээс халагдав. Харамсалтай нь талархлаа өөрт нь хэлж чадсангүй. 1945 оны 10 сарын 31 – нд түүний шарилын дэргэд, цэргийнхээ дүрэмт хувцастай, нүдэндээ нулимстайгаар, чимээгүйхэн талархаж зогссон сон.

За одоо, өөр нэг зүйл асууя. Алтай судлаачийн хувьд та Алтай хэлний онолыг хэрхэн үздэг вэ?

Энэ талаарх миний үзэл цагийн явцад бага багаар өөрчлөгдөж ирсэн. Алтай хэл шинжлэлийн чиглэлээр би хэд хэдэн өгүүлэл хэвлүүлсэн. Түрэг, Монгол, Түнгүүс хэлнүүдйин хооронд үгийн сангийн талаар маш их ижил шинж бий нь маргаангүй. Гэхдээ яг нэг өвөг хэл байсан гэдэг асуудалд би улам л бага итгэдэг болсоор байна. Yгзvйн талаасаа бүтэцийн ялгаа их байдаг.

Та социализмын үед Монголд очиж байсан уу? Хэцүү байсан уу?

Анх 1970 онд Монголд очсоноосоо хойш хэд хэдэн удаа дахин очсон. Надад ямар ч хэцүү асуудал тулгарч байгаагүй. Монголчууд үргэлж надад сайнаар ханддаг байлаа. Цэдэнбалтай уулзах ч завшаан тохиож, бүр шөнө дүл хүртэл ярьж сууж билээ. Хангин Гомбожав манай орчуулагч байсан. Цэдэнбал АНУ-ын дотоод амьдралыг маш их сонирхож байсан, их сайхан яриа өрнөсөн. Хамгийн сүүлд би 1998 оны 9 сард UNESCO – ын зөвлөхийн хувьд Нүүдэлчдийн Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнг байгуулах ажлаар очсон юм байна.

Сонирхолтой сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.

Yгvй ээ, дурсамжийг маань сэргээн ярилцсан танд харин баярлалаа.

The source: Dayarmongol.com

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: