Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Пүрэвдорж: “Монгол хэл бол дээдсийн минь заяасан сэтгэл зориг, амь нас, аугаа хууль мөн.


Дэлхийд цор ганц эзэнтэй соёлын гайхамшигт өв худам монгол бичгийг булшилсан нь монголыг оросчлох холын бодолтой холбоотой гэж бодно. Энэ хэрэгт эцэг Чойбалсангаас илүү хүргэн Цэдэнбал хүзүүгээ холгоо бизээ. Тэрбээр орос хэлийг үндэсний бодлого болгож өтгөс балчирыг ч амар заяа эс үзүүлэн, төрийн хэргийг оросоор хөтлөх болсныг бид мэднэ. Орост дагаар орох өргөдөл бичсэн хүн ингэхээс ч өөр яах вэ. Энэ бүх бодлогын үр дүнд нь үндэсний бичгээ ад үзэх үзлийг суурилаж түүний эсрэг тэмцэгчдийн бүхэл бүтэн армийг бий болгосон юм.

Шинжлэх ухаан, техникийн нэр томьёог тэмдэглэж болохгүй, улсын хөгжилд саад болсон гэж тэд тайлбарлана. Тэгвэл ханз үсэг хэрэглэж буй Япон, Хятадаас бип түрүүлсэн гэж үү. Ёстой гайгүй хэвтэнэ дээ. Монгол хэлний үгийн сан огторгуйд түгсэн од лугаа адил. Гагцхүү түүнээс олж шүүрч, онож байруулах нь бичгийн мэргэдийн эрдэм. Энэ нь гагцхүү зохиолч, яруу найрагчдын төдийгүй, алба амины ажил залгуулж яваа хүн бүхэнд хамаарна. Эдүгээ цагт гэрийн эздээс төрийн түшмэл хүртэл одоо-гоор ээрсэн хэдэн үг хэлхэх болсон нь эх хэлний хөгжил баяжлыг ядуулж буйд би харуусдаг хүний нэгэн. Монгол хэлний хоёр их жанжин Дамдинсүрэн гуай, Ринчен гуай хоёр минь мөн их үгүйлэгдэж байна даа.

Хэл зөрчинө гэдэг тусгаар тогтнолд өнгөлзөж буй халдлага. Гэтэл өнөөгийн нийслэлийн хаягийг харахад өнгөрсөн зуунуудын шинэ колонийн тосгоныг санагдуулж буй нь гайхуулах юм биш. Америкт бол сайндаа адууны жүчээ мэт дээр ямар ч гоё үсгээр Restaurant, Hotel, Ltd  гэхчлэн эрээчээд тэд баярлаж ногоон мөнгө чулуудтал хол хэвтэнэ. Тэгээд ч хэний нутаг дээ хэнд зориулж хэнхдэг дэлдэж байгаагаа боддоггүй юм байх даа. Саяхан Оросыг хуулбарлаж байхдаа бид магазин, столовая гэж хаяглаж байгаагүй шүү дээ. Эхийн сүүтэй амласан эх хэлээ адлаж, харийн өвдгөнд харалган мөргөж байгаа талын сармагчингуудад Өэлүн эхийн удам Монгол эх хөхөө харуулж нэг хөхийг минь чи бардаггүй байсан шүү дээ гэж хангинах цаг болжээ.

Монгол Улсын нутагт хууль ёсны хэл, бичиг хэвээр бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын захирагч нар монширогсодын толгойд монгол эх оронч үзлийг зарлиг захирамжаар засаглан шахахад яадаг юм бэ? Хэрэв эзэн хаан сэрж заларваас ихэд хилэгнэн, “Хэлээ сүйтгэж буй нөхөрлөж болохгүй хүн байна, нүднээс далд болго” гэж зарлиг буулгах нь гарцаагүй.

Үндэсний аюулгүй байдал гэхлээр зөвхөн зэс, ноолуур, гурил гуравт холбогдох төдий бус монгол хүнйи амь нас, цус, бичиг, хэл, соёл цөм багтах учиртай. Хэрэв аль нэг дутвал тусгаар тогтнол тахир дутуу болно. Монгол хэлний талын бэлчээрийг үлийн зэвхий оготно идэж байна. Үндэсрхэх үзлийн хор цацахгүй бол тэд төрийн төмөр авдранд үүрлэж мэднэ. Оготны уршиг олондоо гэж монгол мэргэд дэмий үг алдсан юм бишээ. Монгол хэл бол дээдсийн минь заяасан сэтгэл зориг, амь нас, аугаа хууль мөн.  Үүнийг эс дагаваас “үхэх алах…”  хэмээсэн тэнгэрийн зарлигтай.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: