Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Пүрэв-Очир: “ПОСӨБ”-ийн таван доктор”


(МУБИС-ийн 60 жилийн ойд зориулав.)
Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

“ПОСӨБ” гэхлээр манай уншигчдын зарим нь гайхаад л эхэлж байгаа биз. –За бас л нэг эвсэл холбоо, нам мам, бүлэглэл, урсгал чиглэл гараад ирж дээ гэх маягтай юм бодож байж магадгүй. Бас зарим нэг нь: -Өө, энэ чинь гадаад үг бололтой. Эр, эм эгшиг-“о”, ”ө” хоёр нэг үгэнд холилдоод, П үсгээр эхлээд л, монгол үг биш бололтой гэх ухааны юм бодож сууж ч болох. Гэтэл энэ товчилсон үгийн учир арай тийм биш бөгөөд үүссэн үүх түүх нь 30 гаруй жилийн тэртээ юм. Өнөөдрийн явдал огт биш, утга учир, ул мөрийг нь нэхэн хөөвөл сонирхолтой, үргэлжлэлтэй явдлыг үгүүлнэ.

 “ПОСӨБ” бол эрдэм боловсролын замд бие сэтгэл шулуудан мэрийсэн, малчин гаралтай, жирийн таван багш-судлаачийн нэрийн эхний үсгийг товчлон үүсгэсэн зохиомол үг юм. “Зохиомол” гэж байгаа ч зохих утгатай, бас сонин бэлгэдэлтэй, амны үзүүрээр өнгөрөөгүй, ажил хэрэг, арга билиг болсон үг юм гэж хэлж болох талтай. Монгол улсын Ардын уранзохиолч Д.Пүрэвдорж агсны “Хар цас” найраглалд:
Гучуулаа бид гучин гэртэй,
Гучуулаа бид гучин нэртэй,
Гучуулаа бид гучин ээжтэй… гэдэг шиг тавуулаа бид малчин гаралтай, тавуулаа бид хөдөө сумынх, тавуулаа бид хөдөөгийн 10 жилийнх, тавуулаа бид дотуур байрных, тавуулаа бид дээд боловсрол олсон, тавуулаа бид монгол хэл-уран зохиолын багш, тавуулаа бид УБДС-ийн залуухан багш нар, тавуулаа бид тавьсан зорилготой. Ийм таван “нөхөр”-ийн нэрийн эхний үсгээр товчлон зохиож бүтсэнийг “ПОСӨБ” гэсэн юм. Тодруулбаас,

“П” үсэг бол Пүрэв-Очир миний нэрийн эхний үсэг. Кирилжин шинэ үсгийн цагаан толгойн үсгээр бол К, П, Ф, Щ хэмээх онцгой дөрвийн нэг. Өвөрмөц үсэг. Зарим хүн энэ үсгийг “цагаан толгой”-гоос хасна гэсэн нь ч бий. Погдгор, полдгор, пагдгар, пээдгэр, поодгор г.м. дүрслэх дууриах хэдхэн монгол үгэнд орно. Яагаад ч юм бэ, бүү мэд  “ПОСӨБ”-ийг Отгоо багш маань миний нэрийн үсгээр эхэлсэн юм даг.

“О” үсэг бол Отгонсүрэн багшийн маань нэрийн эхний үсэг. “ПОСӨБ”-ийн тэргүүн үеийг чимж амилуулсан “эр” эгшиг. Монгол үгийн эхэнд, дунд, адагт хаа сайгүй цохиж явдаг. Элдэвтэй, эрдэмтэй “О” үсэг. “Ом мани бадмэ хум”, “Ом сайн амгалан болтугай” гэдэг тарнийн, залбирлын үг ч “О”-гоор эгшиглэсэн байдаг билээ.

“С” үсэг бол Санжаа найзын маань эхний үсэг. “ПОСӨБ”-ийн таван үсгийн алтан дундажид нь заларч байдаг, гүдэсхэн мүдэсхэн, самбаатай сүүхээтэй, сахал, саж лам г.м. мянга мянган  үгэнд давтагддаг, хамждаг ч, шүргэдэг ч, исгэрдэг ч, шуугидаг ч гийгүүлэгч.

“Ө” үсэг бол Өнөрөө гавьяатын нэрийн тэргүүн үсэг болох нь тодорхой болж байна. “ПОСӨБ”-ийн 2-р үеийг баяжуулан чимсэн “эм” эгшиг. Баруун монголын баядын аман аялгуунд бол “ү”-гээр солигдоод, төвөг мүвэг учруулна. Өнөр, өтгөн, өглөгч, зөвлөгч… гээд л өдий төдий монгол үгэнд ордог, “о” эгшигтэй ч сэлгэж болдог овсгоотой эгшиг.

“Б” гийгүүлэгч бол Базаррагчаа докторын нэрийн тэргүүн үсэг. “ПОСӨБ”-ийг хааж, өндөрлөж өгсөн дуутайхан, шуутайхан, элдэвтэй гийгүүлэгч. Базгай, бузгай, баабар… г.м. сонин этгээд үг “б” авиагаар эхэлнэ. “Б” авиа ямар утгатайг Базгай багш л өөрөө хэлнэ. Бид барахгүй. Авианы утга, үе-утгалбарыг судалсан ¹1 эрдэмтэн бол манай Базаррагчаа. За ингээд үсгүүдийн тухай яриагаа зогсож, өгүүлэх минь:

1974 оны налгар сайхан намрын нэгэн өдөр юм даг. Санжаа багш, бид дөрвийгөө Чингэлтэйн гэртээ урьж байна аа. Архангайн Батцэнгэл, Хотонтын айраг, идээ шүүсээр дайлах гэнэ. Очлоо. Аав, ээж нь налайгаад л сууж байна. “-За, залуу багш нар айргийг ч ууж өгнө биз дээ. Хаанах хаанах нутаг усныхан билээ гэж байна. Нутаг усаа хэллээ. УБДС-д багш болсон тухайгаа жаахан ярилаа. Айргандаа халцгааж байх шиг. Отгоо багш онигоо, энэ тэр сонин хачинг их ярьж байна. Өнөрбаян, Санжаа бид гурав бол Отгонсүрэн багшаар “Найруулгазүй” заалгасан шавь нар нь, жаахан амаа татаж байхгүй бол горьгүй. Бас нэг сонин бол Өнөрбаян 1971 онд төгсөөд л УБДС-даа багшаар ажилласан. Санжаагийн ангийн багш. Санжаа гэж дөнгөж сая УБДС-ийг төгссөн туранхайвтар, монхор бор залуу. Айхгүй гэвч аягүй гэгчээр, “ангийн багш”-аасаа жаахан жихүүрхээд байх шиг. Тэгэж байтал Отгоо багш:
-Гадаалж салхинд сууцгаая. Муу багшийнх нь бодоод яваа нэг юм бий. Нөгөө Амгалангийн дугуйлан, Хүрээний бүлгэм гэдэг шиг “Нэг юм байгуулцгаана” гээд… том хүрэн богцоо ухаж үзэг, цаас гаргаж байна. Нэг юм зохиож бичиж байна.
-За, монгол хэлийг, эх хэл бичгээ судлах, заах ажлыг маш үр бүтээлтэй хоршиж хийнэ. Чиглэлтэй судална, түргэн өснө. Өөртөө итгэлтэй байцгаана. “Бүгд эрдмийн зэрэг хамгаална”, 10-20 жил дотор л дэд ба докторыг амжуулна.
-Авиазүйгээр Санжаа, Базараа хоёр Надмид багшаа, үгзүйгээр Өнөрөө мэргэшиж, Бямбасан багшаа дагана. Хэлшинжлэлээр Базгай Жанчивдорж багштай хамтарна. Өгүүлбэрзүйгээр ПО, Рагчаа багш, Дамдинжав багшаа дагана, би яахав, найруулгазүй, зохиол, орчуулга энэ тэр гээд явна. Богино хугацаанд “сэдэв” сонгоё! Баг болж хамтран, бие биеэ дэмжиж Багшийн дээдийн нэрийг гаргана. МУИС-ийнхантай уралдана. За, тэгээд бичгээр энд “гэрээ” хийлээ, баримтжуулна, гар хөлийнхөө үсгийг зурцгаа! Чингэлтэй хайрхан сонсож байгаа шүү! Оронтой, цагтай, эзэнтэй… Гэрээний эхийг би хадгална… гэж байна. “Мэргэшнэ, эрдэмтэн болно, доктор хамгаална ч…” гэх шиг. Жаахан айдас хүрч байна аа. Гарын үсгээ зурцгаалаа, бид тав.

Ингээд багтаа нэр өгөх боллоо. Янз янзын санаа гарч байсан шиг санагдана. Отгоо багшийн саналаар нэрсийнхээ эхний үсгээр товчилж, “ПОСӨБ” гэж нэрлээд, их л баяр хөөртэй болцгоов. Ингэж энэ нэр анх төрсөн юм. Одоо нэхэн санахад, Отгонсүрэн багшийн маань сэдсэн санаа, зохион байгуулсан арга их зөв зүйтэй юм байсан. “Чиглэл зорилготой явах”, “Хошуучлагчтай байх”, “Орон зай, цаг хугацааг тооцох”, “Төлөвлөх”, “Сургалт-судалгааг хослуулах”, “Хамтрах”, ”Багаар ажиллах”, “Бүтээл гаргах, үр дүнд хүрэх” гээд л… Өдгөө цагийн менежментийн санаа оноо ч хэрэгжиж явжээ гэж хэлж болмоор. Тэр цагаас хойш он цаг биднийг элдэн хөөсөөр, залуу багшаас эрдэмтэн, шинжлэх ухааны докторууд, хэл судлалын профессорууд болцгоож, “На багшийн хэдэн хүүхдүүд” гэж нэрлэгдэж явсан бид эх хэл, утга соёлынхоо төлөө 40 гаруй жил зүтгэж хөдөлмөрлөжээ. Үүнийг түр орхиж, одоо “ПОСӨБ”-ийн таван докторынхоо тухай тав гурван өгүүлбэрээр дэлгэрүүлэх учиртай болж байна.

1. П үсэг буюу ПО багшийн ажил амьдралын тойрог товч тодорхой, олон таван юмгүй. Нэг газраа тогтвортой. Аргамжааны номхон дойнон хээр морь шиг. Өглөө ажилдаа яаран яарсаар, “ALMA MATER”-Багшийн дээдийн ягаан байшиндаа эртлэн ирнэ, орой их л баяр хөөртэй гэрийн зүг шогшдог ийм л нэгэн. УБДС-ийн МХУЗФ-ийн “Сүхбаатарын нэрэмжит цалинт оюутан” (1968)-аас Монгол улсын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” (2008) болсон энэ 40 жилийн дотор л “өгүүлбэр судлал”-аас “эх судлал”-ыг хүртэл, “өгүүлбэрзүй заах”-аас “Монгол хэлний үг, өгүүлбэрийн амь амьдрал, эрчим долгион, үнэт зүйлс”-ийг хүртэл судлах шинжлэхийг оролдсон өчүүхэн чармайлт…, сайн муу, сайхан муухай, хэрэгтэй хэрэггүй хэдэн ном…, за, тэгээд хэдэн мянгаар тоологдох шавь нар…Өөрийгөө өргөж хэлэх өөр нэг их юмгүй шиг. 

2. О үсэг буюу Отгонсүрэн багшийн маань хийсэн бүтээсэн нь олон талтай, хийх хамаг ажлаа “яарч” хийчхээд, бидний хэдэн залуус дотроо “Хайрхан уулын бараа” байсан тэр эрдэмтэн “яваад өгсөн” юм.
Манай Отгонсүрэн багш бол “ПОСӨБ”-ийн түүчээ –хошуучлагч байлаа. Энэ хүн ганцаараа бидний дундаас зохиолч, судлаач, шүүмжлэгч, сэтгүүлч орчуулагч байсан. Бид тавын дундаас хамаг түрүүнд дэд эрдэмтний зэрэг (1977) хамгаалсан, хамаг түрүүнд хэлшинжлэлийн ухааны докторын зэргийг ОХУ-ын ШУА-ийн (1993) Сибирийн салбарт хамгаалсан, хамгийн түрүүнд доцент (1987), профессор (1997) цолыг хүртсэн юм. Эрдэмтэн-зохиолч Довчингийн Отгонсүрэн бол монгол хэлний хэлзүйн найруулгыг ултай сайн судалчхаад, үгсийн сангийн найруулгазүйг гүнзгийрүүлэн судалж эхэлсэн туршлагатай эрдэмтэн байв. Энд холбогдуулж, “Монгол хэлний найруулгазүй” (1975), “Орчин цагийн монгол хэлний хэв, байдлын дагаврын найруулгын үүрэг” (1982), “Д.Нацагдоржийн зохиолын хэл найруулга, урансайхны онцлог” (1984), “Монгол хэлний холбоос үгийн найруулгын үүрэг” (1978), “Ярианы найруулга, соёл” (1979), “Эх зохиох товч гарын авлага” (1995), “Монгол хэлний хэлзүйн найруулгын тухай өгүүллүүд” (1996), “Монгол хэлний үгийн сангийн найруулгазүй” (1998) г.з. хэдэн гол бүтээлийг дурдахад илүүдэхгүй бөгөөд энэ бүтээлүүд болон эрдэм шинжилгээ, шүүмж, сурталчилгааны олон арван өгүүлэл нь одоо юм бичдэг, найруулдаг хүмүүс, сэтгүүлчид, оюутан, магистрант, докторант, судлаачдын дунд эрээд олдохгүй ховор эрдэнэ болжээ. Отгоо багшийн бүтээлийн жагсаалтыг нягтлан үзэхэд ганц сэдэвт зохиол, сурах бичиг, товхимол, гарын авлага, эрдэм шинжилгээ, заах аргын өгүүллүүд, шинжлэх ухааны сурталчилгааны ном зохиолууд, уранзохиолын шүүмж судлал, нийгэм улс төрийн сурталчилгааны өгүүллүүд, уран зохиолын ном, орчуулгын бүтээлүүд, хянан тохиолдуулсан ном зохиолууд, дууны шүлгүүд… г.м. олон талтай харагдах бөгөөд нэгэн биед ахадмаар тэр олон ажлыг босон суун амжуулж явсан нь харагддаг. “Наян тохой Майдар”-тай найрагч багш, эрдэмт тэр хүн бурхны оронд заларсан ч, “ПОСӨБ”-ийн тэргүүн үеийн “О” эгшиг ямагт өргөлттэй сайхан дуудагдсаар, энэ нэрийг амилуулсаар явна.

3. “ПОСӨБ”-ийн тэхий дунд байрлаж, алив юманд алтан дундажийг олдог “төв үзэл”-т эрдэмтэн, цөлх эр бол С үсэг буюу профессор Ж.Санжаа юм. УБДС-д 30 гаруй жил Монгол хэлний тэнхимийн эрхлэгчээр ажилласан эрдэмт На багшийн гарын шавь. “На түшмэл”-д найдвартай тоогдсон цөөхөн хүний нэг. Багшийнхаа мэргэжлийг өвлөж, хамтарч илтгэж, хамтарч бичиж, хамтарч “Авиазүй” зохиолцсон эрдэмтэн. Архангайн Санжаа гэхээсээ илүү “Авиазүйн Санжаа”, “Галиг үсгийн мастер Санжаа” гэж шавь нар нь хүндэлнэ.
Санжаа доктор бол эгшиг ба гийгүүлэгч авианы адармаатай, хийсвэр, хачин сонин зүйлүүдийг, тухайлбал, авианы хамжих, шүргэх, тагнайших, эс тагнайших, тэсрэх, дэлбэрэх, хэлний хойгуур, дундуур, урдуур, дуутай, дуугүй, сул чанга, хамрын, хэлний, уруулын, сул, уужим, уйтан г.м. өвөрмөц ялгаа, хэлэгдэх, сонстох онцлогийг ямар ч “багаж, аппарат техник” хэрэглэхгүйгээр махан бодиороо ялгаад үзүүлээд, дүрслээд, шүлэглээд, нотлоод өгдөг шидтэн юм. Тиймээс ч “Монгол хэлний олон аялгууг монхор Санжаа л ялгаж чадна, аман аялгууны адармаатай эгшгийг аялгуулан дуудаж Санжаа л чадна…” гэсэн хэлц үг гарсан байдаг сан. Манай профессорын багийн гишүүн Санжаа: “Монгол хэлэн дэх гийгүүлэгч сэлгэх зүй тогтол” (1990) сэдвээр дэд эрдэмтний, “Монгол хэл аялгуун дахь авианы хувирлын зүй тогтол” (2000) сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг амжилттай хамгаалсан. Санжаагийн бичсэн ном зохиолыг ажиглахад, Өрнө, Дорныг хослуулдаг, Өвөр, Аргүй судалдаг, арга билгийг эрхэмлэдэг, нотолдог ч, баталдаг ч судлаач гэдэг нь харагддаг. Отгонсүрэн, Өнөрбаян, Санжаа, Базаррагчаа бид хэд араасаа олон эрдэмтнийг дагууллаа. Гарын сайн шавь нартай ч боллоо. “ПОСӨБ-5”, “Шадар-3”, “Багшийн Дээдийнхэн”, “Дүнзэнгийнхэн” г.м.-ээр нэрлэгддэг. Эх сайхан монгол хэл, утга соёл, үндэсний уламжлал, төрөлх сургууль маань л биднийг холбож, гэгээн үйлсийн төлөө эрдэм боловсролын алтан шар замд хөтөлснийг ойн жилд онцлоход таатай байна.

4. “ПОСӨБ”-ийнхний хамтарч хийж бүтээсэн зүйлийн багагүй хүнд ачааг үүрэлцсэн эрдэмтэн бол Өнөрбаян доктор юм. УБДС буюу одоогийн МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн захирал Ц.Өнөрбаянгийн ажлын өрөөний хаалган дээр: “Хэлшинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын гавьяат багш…” гэсэн тодотгол үг бичээстэй байдаг. Энэ дэлгэрэнгүй тодотгол тийм ч хялбар бүтээгүй бөгөөд хэн дуртай нь хаалган дээрээ бичдэг үгс биш юм. “ПОСӨБ”-ийн Ө бол сургуульдаа сэтгэлтэй, албан ажилдаа зүтгэлтэй, багшлах ажилд “ясны авьяастай” хүн. Ямар сайндаа Отгоо багш маань Өнөрөөг баруун монголын үгээр “эрэмсэгтэй нохаа” (сэргэлэн, овсгоотой гэсэн утгаар) гэж “өхөөрддөг” байж билээ. Доцент Ж.Надмид багш гавьяаныхаа амралтад суухдаа Монгол хэлний тэнхимийн тэр нэр хүндтэй жолоо цулбуурыг Өнөрбаянд атгуулж байж билээ. МУБИС-ийн түүхт 60 жилийн ойн босгон дээр харахад, мөн 60 жилийн түүхтэй МоСС сайн явна, Монголдоо ч, олон улсад ч Монгол улсынхаа нэрийг гаргаж явна. Энэ сургуулийг манай “ПОСӨБ”-ийнхон л ээлжлэн удирдаж ирсэн. Хамгийн олон жилийг нь Өнөрбаян захирал… Өнөрбаян бол Монголд Ж.Надмид, П.Бямбасан, Б.Бямбасүрэн, Д.Төмөртогоо зэрэг нэртэй эрдэмтэн-багш нарыг дагасан, Унгарт Хар Дорж зэрэг сайн эрдэмтний ойр дэргэд явсан, монгол хэлний бүтээвэрзүй, үгзүйг дагнан судалж, “Үгзүй”-н олон бүтээл туурвисан эрдэмтэн. Хамтарч ажиллаад, эрдэм шинжилгээний ажил хийж байхад шинэ санаа олохдоо Өнөрөө айхавтар, ОЦМХэлний үг бүтэх ёс, хэлзүйн үгээр дагнаж байснаа, юм үзэж, хашир суугаад ирэхлээрээ түүхэн бүтээвэрзүй, үгийн утгаруу үр дүнтэй орж байх шиг… Эрдэм номын авьяастай олон залуусыг дагуулж, удирдаж, эрдмийн зэрэг хамгаалуулснаараа Өнөрөө, бид бахархаж явдаг юм. Эрдмийн алтан аргамж үл тасрахын баталгаа юм даа. “ПОСӨБ”-өөс анх гавьяат багш 20 жилийн тэртээ 2000 онд төрсөн нь Өнөрбаян. “ПОСӨБ”-ийнхонд байдаг ийм тийм тэргүүн, зэрэг, цол цөм энэ хүнд бий. Харин “ПОСӨБ”-ийнхонд байхгүй Олон улсын нэгэн үнэлэмж энэ багшид бий. 2008 онд Английн Кэмбриж дэх Олон Улсын намтар судлалын төвөөс “Дэлхийн тэргүүн сурган хүмүүжүүлэгч” гэсэн өргөмжлөлийг “Монгол хэлний сургалт, судалгааны салбарт бодитой хувь нэмэр оруулж, оюуны хөрөнгө оруулалт хийсэн хүн тул…” хэмээн, Цэдэвийн Өнөрбаянд хүртээсэн юм. Доктор Ц.Өнөрбаян бол ер нь нэг л ясны багшийн хувь зохиолтой хүн дээ. Манай “ПОСӨБ”-оос МУ-ын “Ардын багш” цолтон нэгэн өдөр төрөхөд хэн ч гайхахгүй биз…

5. “ПОСӨБ”-ийн эцсийн “Б” бол тун явдалтай, адармаатай, олон үүрэгтэй үсэг. Эзэн нь өөрөө биеэр давжаа боловч бэлчир томтой нэгэн юм даа. Надмид багш, малчны гаралтай, нүүдэлчний удамтай хэдэн залуу багшийг бодож бодож, олон газраас түүж авсан байдаг. Архангайн Отгонсүрэн, Увсын Өнөрбаян, Баянхонгорын Пүрэв-Очир, Архангайн Санжаа, Хөвсгөлийн Базаррагчаа, Дорнодын Г.Гантогтох, Сүхбаатараас Ч.Доржчулуун… гээд л. Бидэн дотроо ном эрдэм сайтай нь үнэндээ доктор М.Базаррагчаа, яах аргагүй. Манай “ПОСӨБ”-ийг үүссэн цагаас нь өнөөдрийг хүртэл Базгай минь (Бид, Базаррагчааг Базгай, Бузгай гэдэг юм) хойноос нь түрж ч явна, урдаас нь чирж ч явна. Профессор, шинжлэх ухааны доктор М.Базаррагчаад “хамгийн…”-тай юм олон бий дээ. Бидэн дотроос хамгийн их уншсан нь. Ерөнхий хэлшинжлэл, хэлний онол, философи, танин мэдэхүйн боловсролоор Базгайг давж уншсан хэлшинжлэлтэн Монголд ховор доо, ховор. “ПОСӨБ”-ийнхний дундаас хамгийн  олон чиглэлээр судалгаа хийж, бичсэн нь доктор Базаррагчаа. Монгол хэлний ”зүй”-тэй, “судлал”-тай, шугаман, шугаман бус бүх салаа салбараар эрдэмтэн Базаррагчаа бичсэн юм. Тухайлбал, авиазүй, авиалбарзүй, зөв бичихзүй, зөв дуудахзүй, бүтээвэрзүй, үгзүй, хорших ёс, өгүүлбэрзүй, утга судлал, найруулгазүй, тайлалзүй, үе-утгалбар, үгийн сан, утга соёл, хэрэглээний болон танихуйн хэлшинжлэл, түүхэн хэлзүй, эх судлал, нэр судлал гээд л… чухам хорин хүний хийхийг нэгэн биеэр хийж, хоёр загалын туулахыг хоёр хөлөөрөө туулсан нь Бузгай анд маань билээ.

Базаррагчаа бас чамлахааргүй олон ном зохиол, сурах бичиг бичсэн нь. “Монгол хэлэн дэх авиа сэлгэх ёс”-ноос өгсүүлээд, “Монгол хэлний өгүүлбэр судлал” (2004), “Утгын чуулган” (2002) хүртэлх гадаад, дотоодод тоогдсон олон сайхан номтой эрдэмтэн. Янз бүрийн сургалт-семинарт болон телевизийн Боловсрол сувгаар багш, судлаач, эцэг эх, элсэгч, оюутан нарт хамгийн их ярьсан нь Базаррагчаа багш. Бидний дундаас доктор М.Базаррагчаа УБДС, МУИС гэсэн төрийн хоёр том их сургуульд нэгэн үзүүрт сэтгэлээр, ёстой л чөмгөө дундартал зүтгэж, хийж бүтээжээ. Монгол хэлшинжлэл, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, бүтээл, зүтгэл хоёр нь чамлагдахын аргагүй.

“ПОСӨБ”-ийн таван залуу багш, хүний дайтай явж, монгол судлалд бага боловч хувь нэмэр оруулсан нь эрдмийн удирдагч багш, зөвлөхүүдтэй нь холбоотой гэж хэлэх үндэстэй. Бид Монгол судлалын нэртэй эрдэмтдээр ажлаа удирдуулж, замаа засуулсан юм. Пүрэв-Очирын дэд эрдэмтний болон шинжлэх ухааны докторын удирдагч, зөвлөгч нь проф. С.Галсан, акад.Д.Төмөртогоо гээд л; Отгонсүрэнгийнх акад.Ш.Лувсанвандан, В.И.Рассадин, У.Ж.Ш.Дондуков гээд л; Санжаагийнх проф.С.Мөөмөө, В.И.Рассадин гээд л; Өнөрбаянгийнх проф.Кара Дьёрд, проф.Д.Отгонсүрэн гээд л; Базаррагчаагийнх проф. Б.Чулуундорж, акад.Д.Төмөртогоо гээд л туршлагатай эрдэмтэд, нэрд гарсан профессорууд байгааг онцлохгүй өнгөрч боломгүй. Энэ ташрамд, бидний багш нарын тухай болон бидний талаар халуун дулаан үгтэй, сонин өвөрмөц санаатай зүйлүүдийг сонин сэтгүүл, ном зохиолдоо бичиж байсан Д.Өлзийбаяр,Ц.Оюун, А.Пүрэвжанцан, З.Ганболд, Л.Мөнхтөр, Ц.Банзрагч, Ш.Одонтөр, М.Саруул-Эрдэнэ, До.Цэнджав, Ү.Хүрэлбаатар, Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, Г.Жамбалдорж зэрэг эрдэмтэн, зохиолч, багш нартаа талархлаа илэрхийлье.             

“ПОСӨБ”-ийн таван үсгийн тухайд хэлэх юмаа үүгээр товчлоод, нэгэн зүйлийг эргэцүүлэн бодлоо. Саяхан миний бие, англи хэлний багш, доктор, дэд профессор Б.Тунгалагийн хамт Шведийн Уппсала их сургууль, МУБИС-ийн хамтын ажиллагаа, солилцооны хөтөлбөрийн шугамаар ажлаар яваад ирлээ. Уппсала их сургууль болон түүний бүрэлдэхүүн “Celsiusskolan”, “Lundellska School”-д зочилж, хэдэн семинарт оролцон, “МУБИС-д хэрэгжиж буй тогтвортой хөгжлийн боловсрол төслийн үйл ажиллагаа, үр дүн”, “Монголчуудын утга соёлын үнэт зүйлс, уламжлал, хэл соёлын судалгаа”-ны талаар мэдээлэл хийсэн юм. Аль нэгэн их сургууль, тэр сургуулийн профессорууд “өөрийн гэсэн” онцлогтой, ялгарах содон юмтай, дэлхийд танигдсан, үнэлэгдсэн, ач холбогдлоо өгсөн бүтээл, үнэлэмжтэй байдаг нь харагдаж байна. Нэгэн сонин жишээ бол Шведийн Уппсала их сургуулийн профессор байсан, эрдэмтэн Андерс Цельс нэг л юмаараа дэлхийд алдаршиж, астрономич эрдэмтэн Цельсийн нэрийг сонсоогүй, мэдэхгүй хүн дэлхийн аль ч цэг дээр үгүй гэхэд болохгүй гэх газаргүй юм. Энэ хүн тэнгэр, газрыг холбосон нөгөө “Температур хэмжигч” гайхамшигт багажийг бүтээсэн. Тэгээд л Уппсала-гийн нэгэн сургуулийг “Celsiusskolan” гэж энэ хүний нэрээр нэрлэж, цээж баримал нь энэ сургуулийн эрдмийн хаалгыг нь чимж байдаг аж. Шерметевод онгоц газардахад ч, Арландо-д онгоц буухад ч, “Чингис хаан” олон улсын нисэх буудалд эх газартаа ирэхэд ч, нөгөө профессор Андерс Цельсийн нэр сонстож, одоо гадаа 0С-ийн (Цельсийн) төдөн градус байна гэж зарлаж байх нь нэгийг бодогдуулж, хоёрыг санагдуулсаар… Тэгээд ч ирээд, Монголд бодож олоод, Уппсала-д  бичиж эхэлсэн “ПОСӨБ-ийн таван доктор” хэмээх исээ-нийтлэлээ гүйцээн бичиж, өвлийн эхэн сарын шинийн нэгэнд өндөрлөж төгсгөв. Энэ сайхан өдөр Улаанбаатарт +50С  хэм байв аа. “ПОСӨБ”-ийн таван докторын тухай зүйлээ халуун дулаахан өдөр өндөрлөг гэж дээд хөх Тэнгэр ивээж, Цельсийн +5 хэм байсан юм болов уу! Юм болгон учиртай…

Зураг дээр: Энэхүү нийтлэлийг туурвигч, ПОСӨБ-ийн П үсэг, өгүүлбэрзүйч Б. Пүрэв-Очир

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: