Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

МОНГОЛ ХЭЛ ДҮРЭМГҮЙ МЭТ БОЛСОН НЬ ТӨР ЗАСАГ ХҮЧГҮЙ БАЙГААГИЙН ИЛРЭЛ


Oношлогоо гэдэг үгийг гудамжинд явж буй хүмүүсээр бичүүлж үзлээ. Тав, түүнээс ч олон янзаар бичиж байна. Өдөр бүр үзэг цаас нийлүүлдэг сэтгүүлчид ч зөв бичих дүрмийн олон асуудалтай тулгардаг. Тиймээс энэ асуудлаар МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Журын Баянсантай уулзаж ярилцлаа.

Хэний зохиосон зөв бичих дүрмийг өнөөдөр хэрэглэж байгаа юм бэ. Зохиогчийг нь мэдэж байгаа ч “Энэ үгийг ингэж бичдэг болсон” гэдэг тайлбарыг хүн бүхэн хэлж байгаа болохоор асууж байна?

-Бидний нэрлэж заншсанаар “Шинэ үсэг”-ийн дүрмийг Ц.Дамдин сүрэн гуай эрхлэн зохиож хэрэглэсэн нь 1940-өөд оноос эх тэй бөгөөд уг дүрмийг шинэчлэн боловсруулж 1983 онд дахин хэвлүүлснийг мөрдөх ёстой албан ёсны дүрэм гэж үзэх ёстой.

Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон энэ дүрэм гайхамшигтай сайн хийсэн ажил. Дал орчим жилийн өмнө зохиосон гэхэд одоо ч гологддоггүй. Сүүлийн үед “эрдэмтэй” хүн дэндүү олдчихоод санасан зоргоороо бичдэг болж. Мэдээж цаг хугацаа, хөгжлөө дагаад дүрмээ боловсронгуй болгон шинэчлэх хэрэгцээ шаардлага гарна аа. Энэ завсар шинэ үсгийн дүрмийг боловсронгуй болгох хэд хэдэн оролдлого хийж байсан боловч зохистой шийдэлд хүрч чадалгүй өдий хүрсэн. Манай улс монгол бичгээ орхиж, Оросын крилл үсгийг авсан.

Тухайн цаг үед бүх нийтийг бичиг үсэгтэй болгохын төлөө их зүйл хийж, үндэстнээрээ бичиг үсэгтэн болсон. Монголын энэ амжилтыг НҮБ-д төдийгүй дэлхийд өндөр үнэлдэг. Гэтэл өдгөө зөв бичих дүрмийн зарим асуудал эргэлзээтэй, тэр ч байтугай чухам ямар үсэг бичгийг албан ёсных болгон хэрэглэх вэ гэдэг асуудал хүртэл цухалзах болсон нь нууц биш.

-Шинэ үсгийн дүрмийг боловсронгуй болгох оролдлого хийж байсан тухай та ярилаа. Ямар оролдлого хийж, аль шатандаа хэрэгжихг үй замхарсан юм бэ?

-БСШУЯ-наас Монголд баримт лах хэлний бодлого болон шинэ үсгийн дүрмийг боловс ронгуй болгох чиглэлээр санаачлан эхлүүлсэн хоёр ч удаагийн ажилд миний бие мэргэжил нэгт нөхдийн хамт оролцож байлаа. Хэл шинжлэлийн асуудалд барьж буй төрийн бодлого тууштай биш байдаг. Албан газрын хаягийг ямар үсгээр бичвэл зохистой талаар мэргэжлийн хүмүүс ч, олон нийт ч зөв зүйтэй санал дэвшүүлж байдаг.

Тэр болгон хэрэгжихгүй байна шүү дээ. Энэ бол хэлний талаар баримтлах Монгол төрийн үзэл баримтлал хүчгүй байгаагийн илрэл. Үсэг бичиг, гадаад хэлний сургалт, эх хэлээрээ зөв сайхан найруулж бичих гэх мэтийн асуудал бол цаад ёзоороороо үндэсний аюулгүй байдлын нэг гол чиг хандлага болох учиртайг ойлгож ядах юмгүй. Засгийн даалгавраар эрдэмтдийн боловсруулж, өргөн барьсан ажил усанд хаясан чулуу мэт сураг алдраад байдаг нь юунд байна вэ? Ядаж бидний санал, боловсруулсан ажлын юу нь болохгүй, ямар алдаа байгаа талаар хариу мэдэгдэх ёстой шүү дээ.

-Баримталж байгаа дү- рэмд өөрчлөлт ороогүй байхад бараг үг бүхэн өөр өөр дүрэмтэй болж. Төрийн яам, тамгын газрын албан бичиг хүртэл алдаатай. Дунд сургууль төгсөж байгаа хүүхэд гээгдэх, гээгдэхгүй эгшгийн дүрмээ мэдэхгүй, эр эм үгээ ч ялгахгүй байх явдал энгийн үзэгдэл болох нь. Та бүхэн энэ асуудалд яагаад анхаарлаа хандуулахгүй байна вэ. Ичмээр бичиг баримт өдөр бүхэн л тааралдаж байна шүү дээ.

-Үнэхээр ичгэвтэр ч гэсэн ичээд л суугаад байж болохгүй л дээ. Монгол Улс том гүрэн. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд бидний өвөг дээдсийн үлдээсэн, одоо ч уламжлан цогцлоож буй эрдэм соёлын олон сайхан жишээ бий. Хөөрцөглөж сайрхахаа олж ядлаа гэхэд л социализм, комммунизмын үзэл суртлыг манайхан хамгийн сайн хэрэгжүүлж байсан орны тоонд багтдаг.

Ардчилал, зах зээлд богино хугацаанд шуурхай шилжиж байгаа гээд яривал ярих. “Ардчилсан төртэй болоод 20 жил болж байна”, “Чөлөөт, ардчилсан сонгууль явуулдаг боллоо” гэх үгийг хүмүүс хэлэх байх. Гэхдээ сонгуульд санал өгснөөр, замбараагүй олон байшинтай болсноор, эсвэл энд тэндхийн хуучирсан машины зах бий болгосноор, үгүй бол гоё ганган машин хөлөглөж, морь уралдуулж, бөх байлахад төрийн түшээдийн оролцож байгааг харгалзаж амьдралынхаа хэв маяг, жишгийг битүүхэн тодорхойлсхийж суудаг болсныг үзэл санааны хувьсгал боллоо гэж тунхаглах бодолтон гарахгүй гэж найдъя.

Аливаад хандах үнэлэмж маань бидний 100-гаад жил дагаж ирсэнтэй харьцуулбал бараг орвонгоороо эргэсэн нь олон юманд нөлөөлж байгааг бид ямагт бодолцож харгалзахаас өөр аргагүй. Гэвч сайн үр дүнд яаж хүрэх аргыг биш, харин үр дүнг нь хурдан эзэмдэж эдлэхийг хомхойрон сонирхох болсон нь бидний нийгмийн сэтгэлгээний нэг онцлог, нэгэн хачирхал болоод байна. Нөгөө нэгэн хачирхал нь нийгмийн үйл ажиллагааг бүх талаар төлөвшүүлэхэд чиглэсэн олон хууль дүрэм гардаг боловч түүнийг хэрэгжүүлж, ажил хэрэг болгосон зүйл тун хомс.

Үүнээс үүдээд “Хүн өөрийн дураараа л байвал болно. Бусад нь яах нь надад хамаагүй” гэх маягийн мэдрэмжээр аж төрөх аргаа олсон мэт маш аюултай орчин үүсээд байгаа нь Монголын засаг төр хүчгүй болсны шинж. Энэ байдал даамжирвал засаглалыг улам доройтуулах өвчин нүүрлэнэ гэдгийг бодолцох цаг ирээд байх шиг. Манайд хүний оюуны бүтээлийг үнэлдэг бодлого алдагдсантай ч энэ асуудал холбоотой. Та нар юу хийж байсан юм бэ гэж асуудаг юм. Бидний эх оронч санаачилга, сэтгэл зүтгэл дутсан байж болохыг хаацайлах гэж оролдох хэрэггүйг ойлгож байна. Гэхдээ хэр хэрэндээ хичээж, хийж л байгаа.

Төр засгийн дээд байгууллагын захирамж шийдвэрээр ажлын багт багталцаж, дүрэм боловсруу лахад гар бие оролцон, хэлний бодлогын асуудлаар олон ний тийн мэдээллийн хэрэгслээр санал бодлоо илэрхийлж байсан удаа олон. Харин санал дүгнэлт маань дээд шатны төрийн байгууллагад очоод таг чиг болчихдог юм. Алдагдсан бодлого, нийгэмд хор уршигтай асуудлын талаар хэн нэгэнд хэлээд хана мөргөдөг учир хүмүүс “Хэн ч тоохгүй зүйлд санаа сэтгэл, биеэ зориулж байхаар талхныхаа мөнгийг л олж байя” гэсэн бодолтой болчихож байх шиг. “Төр чиний хийсэн ажлыг үнэлэн шагнаж байхад юу яриад байгаа юм бэ” гэж хэлэх хүн гарах л байх.

Гэхдээ энэ асуудал зөвхөн авсан өгсөн, эсвэл авах өгөх шагнал урамшууллаар барь цаалах төдий зүйл биш гэдэг нь хэн хүнд эрхбиш ойлгомжтой байх аа. Дураараа байхыг л эрх чөлөө, шинэ иргэншил, шинээр сэтгэж амьдрахын хэв маяг гэж ойлгох болуузай гэж ахин дахин хэлмээр байдаг юм. Өнөөдөр хэн дуртай нь, хүссэн дүрмээрээ бичиж болж байгаа мэт боловч эцэстээ хүний оюуны итгэл үнэмшлийг үгүй хийж байгаагаараа хамгийн хор уршигтай. Өөрөө зөв бичдэг ч буруу зүйл харсаар өөртөө итгэлг үй болсон хүмүүс маш олон.

Социалист нийгмийн үед Сайд нарын зөвлөлийн дэргэд Нэр томъёоны улсын комисс гэж байсан. Шинэ нэр томъёо гарлаа гэхэд тэр комиссынхон хэлэлцээд шүүрдэс гэх үү, шүүдэс гэх үү, шүүрэл үү, шүүс үү гэх мэтээр хэлэлцээд, холбогдох толь бичиг шүүж, судалж нарийвчилсаар тохирох үг хэллэгийг оноодог журамтай байж. Сайд нарын зөвлөлтэй хамт энэ байгууллага мөн үгүй болсон нь харамсалтай.

-Даяаршил, зэх зээл, цахим техник хэрэгсэл гэх мэтийг дагаад маш олон гадаад үг монгол хэлэнд орж ирлээ. Нөгөөхөө монгол хэлэнд буулгахдаа латин, криллээр галиглаж, англи, монгол холиод бантагнуулж байх жишээтэй. Хогийн сав шиг болсон энэ асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлага байна. Таны бодлоор яах ёстой вэ?

-Цэгцлэхэд тийм ч хэцүү зүйл биш. Монгол хэл шинжлэлийн судалгаа, сургалтын чиглэлээр ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС голчлон ажиллаж байгаа. ШУА-ийн мэргэжилтэн, манай хоёр сургуулийн судлаач эрдэмтэн, монгол хэл зааж буй дунд сургуулийн багш нар болон сонины сэтгүүлчдийг оролцуулж баг болгоод ажиллуулах боломж бий. Мөн ард нийтээр хэлэлцүүлж, санал авах нь чухал.

Олон янзаар бичиж, ямар дүрэм баримтлахаа хүмүүс мэдэхгүй байгаа үг тийм ч олон биш. Зарим судлаачийн баримжаалснаар 600 гаруй үг хэллэг бий гэдэг юм. Гэхдээ дүрмийг шинэчлэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн асуудлыг нэг мөр шийдвэл энэ хэдэн зуун үг байтугай, хэдэн зуун мянган үгийн зөв бичих дүрэм нэгмөсөн шийдэгдэнэ шүү дээ. Дүрмээ боловсруулж, олон нийтийн саналыг авч баталчихаад, одоо үүнийг баримталж мөрд гэхэд хүссэн хүсээгүй бүгд л дагана шүү дээ. Төртэй улс, төрийн нэр хүнд, төрийн сүр хүч ийм мэтийн юманд хүрэлцэж байвал ард түмний эрхэмлэл хүндэтгэл, бахархал омогшлыг бадрааж садраах нэг сэжим болно биз дээ.

-Та хэл шинжлэлийн эрдэмтэн, профессор хүн. Манай улс нэг хэсэг монгол бичгийг төрийнх болгоно гэж баахан ажил болж, нэг хэсэг хүүхдүүд аль ч үгүй болсон нь одоо дүрмийн алдааг гааруулж байх шиг. Таны бодлоор ер нь ямар бичгийг хэрэглэх ёстой юм бол?

-Дэлхийд үсэг зохиож хэрэглэсэн улс орон цөөхөн. Манайх эрт дээр үеэс өөрийн гэсэн бичиг үсэгтэй, дүрэмтэй байсан. 1990-ээд оны үед монгол бичиг хэрэглэе гэж шийдсэнээ сайн хэрэгжүүлэх ёстой байсан юм. Монгол бичиг маш сайн дүрэмтэй, энэ дүрмээр бичээд сурчихвал буруу бичих хүн гарахгүй. Үгийн үндсийн хэл бэрийг л мадаггүй зөв тогтоогоод авчихвал түүнийг янз бүрээр хувилган бичих нь тийм ч хэцүү биш. Ер нь үгээ олон дахин хэрэглээд байхад хэн ч гэсэн цээжилчихдэг. Тухайн үед монгол бичгийг хэрэглэх бодлогыг хэрэгжүүлэх арга ажиллагааны үе шат, эд хөрөнгийн болон оньсон техникийн боломж, нөхцөлийг оновчтой тооцоолж эс амжсаны гэм гарсан гэж боддог.

Өнөөдөр заагаад л маргааш бүх бичиг хэрэг монгол бичгээр явчих юм шиг төсөөлснөөс болоод бэрхшээлдээ автсан сэтгэлгээний нэг баримт гэж хэлж болно. Хэрвээ зөв бодлогоор эхлүүлсэн бол 20 жил болоход өвөг дээдсээсээ өвлүүлж, хүн төрөлхтний соёл иргэншлийн санд бүтээн цогцлоож өгсөн нэгэн их гайхамшгаа хэрэглэж хэвшүүлчих боломж байсан.

Үүнээс дөлж хөндийрөх шалтаг шалтгаан ч байгаагүй юм. Латин галигаар бичье гэсэн саналтай хүн олон байдаг шиг байгаа юм. Латин үсгээр монгол үг бичье гэвэл нөгөө л дүрмээ хэрэглэхээс өөр аргагүй шүү дээ. Тэгэхээр монгол хэл яриаг тэмдэглэхэд ямар үсэг хэрэглэх вэ гэдэг нэг асуудал, хэрэглэж буй үсгээрээ боловсруулсан дүрмийнхээ дагуу зөв бичиж хэвших нь бас нэг өөр асуудал гэдгийг бид сайн ойлгох учиртай юм. Гэхдээ одоо хэрэглэж байгаа крилл буюу “шинэ үсгийн дүрэм”- ээрээ алдаа мадаггүй, зөв бичдэг болгох ажлыг эхлүүлэн гүйцээх цаг болсон.

-Одоо байгаа мэдлэгтэй чадалтай хүмүүсээ түшиглээд хийхгүй бол цаашдаа улам л хэцүүдэх байх. Энэ талаар санаачилга гаргаад Ерөнхийл өгчид хандвал яасан юм бэ?

-Баг бүрдүүлээд хий гэвэл хэлбичгийн багш хийж, амьдралаа цогцлоож байгаа мань мэтийн хэн ч бай “Эх орныхоо төлөө зүтгэе. Гүйцэтгэе” гэх нь мэдээж. Мөхөс миний бодлоор бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоолоор “Хэрэгтэй цагт нь хэргийг нь гаргах” хү- чин дээ уг ажлыг даалган гүйцэтг үүлэх цаг хугацаа, орон зай, учир тохиол бүрдсэн байна. Төр байгаа л юм бол олны тусын тулд зарим зүйлд “төмөр нүүртэй” байхыг нийт олонх тээршаадаг биш, харин ч таашаадаг сэтгэлтэйг бид мэдэрдэг шүү дээ. Монголчууд угаасаа их даруулгатай ард түмэн. Аливааг хийхдээ өөрийг нь ахалж захалж, удирдаж толгойлж байгаа хүнийхээ ам хэлийг харзнаж суудаг нь бас нэг зүйлийн монгол сэтгэлгээний онцлог гэж хэлж болно.

Тиймээс шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүсийг хүлээж байна, ард түмэн. Германчууд гэхэд л “Дүүден” хэмээх зөв бичих толийг гарын ном болгон хэрэглэдэг гэж тэнд ажиллаж байсан манай олон эрдэмтэн бахархан ярьдаг нь бас л бодолцох зүйл. Түүнийг бариад бичихэд ямар ч алдаа мадаггүй гэдэг юм. Төр маань нийгмийнхээ анхаарлыг юунд чиглүүлэхээ мэдрэхгүй байна гэвэл худал нэгээр нэмэгдэнэ.

Харин шууд уу, дам уу гэдэгт л хэргийн учир байж магадгүй. Улс, аймаг, сумын наадамд түрүүлсэн ч юм уу, улсын цол шинээр авсан бөхөд л гэхэд аймаг сумынхан нь байтугай, төрийн зарим түшээд хүртэл байдгаа барьж, сөгдөх нь холгүй байх юм. Орон сууц, үнэтэй машин тэрэг, олон азарга адуу, хэдэн зуун хонь мал, юу юу ч гэнэв дээ. Үүнийг наргиа болгож “Монголд оюунтан сэхээтэн болж төрснөөс бөх болж төрсөн нь дээр” гэсэн шог яриа гараад эхэлжээ. Эрийн гурван наадам монголчуудын баяр бахдал мөн л дөө.

Гэхдээ хэрээс хэтэрч байна. Төр барьж буй УИХ-ын гишүүдээс олон хүн “шүтэн бахархдаг” бөхтэй, хурдан удмын адуутай, түүнийхээ хүч шандсыг сорьж суудаг нь нууц биш. Ний нуугуй, шуудхан хэлбэл, адуу мал, амьтан хүний махан биеэр үйлдэж байгаа зүйлийг шохоорхох нэг нь шохоорхоно л биз, ядахдаа орчин үеийн цахим төхөөрөмжийн үр дүнг хүртэх хувьтай болсныгоо бахархах оюуны асуудалдаа түлхүү анхаараасай гэж хэлмээр үе байх юм. Гэтэл өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс хамгийн бага цалинтай, нийгмийн шоовдорлогдсон хэсэгт багтдаг.

-Таны компьютерийн гар нэг л өөр харагдаад байх юм. Латин үсгэн дээр крилл нь хамт байдаг юм уу?

-Тийм ээ. Манайхан Мон голд зориулж Германд хийлгэсэн ч юм уу, хийсэн ч юм уу, “Роботрон” гэдэг бичгийн машинтай байлаа шүү дээ. Түүний товчинд байрлуулсан монгол шинэ үсгийн эрэмбийг өнөөдөр компьютерт тэр чигээр нь хэрэглэж байна. Харин япон хүний крилл үсгийг компьютерт оруулсан нэг эрэмбэ байдаг юм. Тэр нь крилл үсэг, латин үсэг хоёр ихэнхдээ давхацдаг учраас надад л лав илүү тохиромжтой байдаг юм. Жишээ нь компьютерийн гарны “L” дээр дарахад крилл “Л” үсэг байх жишээтэй. Амар байгаа биз дээ.

Минийх бараг анхны хувилбар нь л даа. Дараа дараагийнх нь бүр хялбар, боловсронгуй болсон байна лээ. Японд сурч, ажилладаг хүүхдүүд маань л энэ эрэмбийг ашиглахад хялбар гэж байрлуулж өгсөн юм. Монгол шинэ үсгийн дүрмийг шинэчлэн боловсруулах гэдэг чинь үүнд хүртэл хамаатай болж ирнэ. Өөрөөр хэлбэл, монгол хүн, компьютерийн товч дээрх шинэ үсгийн байрлалын оновчтой эрэмбийг арайхан тогтоож амжаагүй л байх шиг байна.

-Манай 35 үсэг компьютерийн гарт багтдаггүй. Үсгийг цөөлөх санал бас байдаг. Энэ хэр оновчтой юм бол?

-Хасах хэрэгтэй тэмдэг буюу үсэг бий. Ы, Й, Ь, Ъ, Щ гэдэг үсгийг хэрэглэхгүй байж болно. Монгол шинэ үсгийн цагаан толгойд нэг л “И” үсэг байхад хангалттай. “Монголын” гэж бичихдээ “Монголиин” гээд бичнэ гэх зэргээр журамлаад бичиж болно шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

Х.Оюунсүрэн,

“Өнөөдөр” сонины 2010 оны 10 сарын 08 ны дугаараас авав


Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: