Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ерөнхийлөгчийн мэргэн зарлиг буулаa


Шинэ Ерөнхийлөгч маань эрхэмсэг сэнтийдээ морилж, тамгаа түшиж, анхны зарлигаа буулгасанаас хойшхи өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс орон, ард түмний амь амьдрал, хувь заяа, ахуй орчинтой холбоотой олон зөв сайхан шийдвэр гаргасаар байгаа. Ихэнхи нь ард нийтийн олонхийн сэтгэлд нийцсэн айлтгал шийдвэр байсан байх. Ингэх ч учиртай.

Харин уржигдар чихэнд чимэгтэй, мэргэжлийн бидэнд их л ойр монгол түмэнд хэрэгтэй нэг сайн мэдээ чих мялаалаа. Энэ юу байсан гэвэл 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Үндэсний монгол бичгээ дэмжсэн, монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг буулгажээ. Энэ бол монгол хэл, соёлоо гэдэг хүн бүхэнд үнэхээр сэтгэл сэргэж, урам ормоор сайхан мэдээ байлаа.  Яг үнэнээ хэлэхэд би ийм зарлиг буулгана үнэндээ бодож байсангүй. Учир нь манай төр засгийн удирдагч, дарга нар ихэнхи нь дэмждэггүй юм. Дэмжихгүй байгаагийн учир нь өөрсдөө мэддэггүйд л байдаг байх даа гэж боддог байлаа. Одоо хамгийн том шийдвэр гаргадаг улсын их хурал дотор гэхэд нэрээ бичиж чадахгүй нөхөд нэлээд бий дээ. Тэд хэзээ ч Монгол бичгийг төрийн бичиг болгохын төлөө гараа өргөхгүй нь лавтай. Үндэсний хэмжээний, дэлхийд гайхагдах соёлын нандин өвийг мэдэхгүйгээсээ ичиж дэмжихгүй байна гэдэг харамсалтай хэрэг билээ. Харин ч өмнөх ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай өөрөө соёлын хүн, нэлээд цагааширсан монгол бичигтэй болоод ч тэр үү гайгүй ч дэмжиж хэд хэдэн бодитой юм хийсэн гэхдээ л ийм олон нийтийг хамарсан мэргэн зарлиг гаргаж сэтгээгүй л санагдана. Мэдээж энэ зарлиг буулгахад мэргэжлийн байгууллага, төр, олон нийтийн хүсэл бодол, бодлого шаардлага олон зүйл байсан байх.

Энэ зарлиг ёсооор бол Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсын адилтгах төвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидлыг монгол бичгээр үйлдэж, орчуулгыг тухайн улсын эсвэл НҮБ-ын албан ёсны нэг хэлээр хавсарган илгээж байхаар тогтоожээ. Мөн иргэний төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын сургалтын байгууллагаас олгож байгаа үнэмлэх, диплом, гэрчилгээг крилл болон монгол бичгээр зэрэгцүүлсэн бичилт хийж байхаар зарлиг буулгажээ.

Маш том алхам, мэргэн ухаан. Монгол бичгийг сэргээх Үндэсний хөтөлбөр гээд эхэндээ овоо хэрэгжиж байсан ч сүүлдээ нэг хоосон тунхаг болчих гээд байсан зүйлийг сэргэх, амь орох маш том боломж олголоо. Ингэмээр дээ. Овоо шүү, Ерөнхийлөгч минь. Ашгүй тэр хөтөлбөрийг эргэж харж, салхи оруулж, хэрхэн хэрэгжиж байгааг үзэж дүгнэн, бүр эрчимжүүлж, хүч оруулахыг Засгийн газарт тухайлан Ерөнхий сайд С.Батболдод үүрэгдэж.

Харин яаруу хүний эцэх нь түргэн гэдэг ч хэрэгжүүлж эхлэх хугацаа нь 2011 оны 7 сарын 11 гэдэг жаахан хол юм уу даа гэж санагдлаа. Сүүлийн хорь шахам жил бид сайн ч муу ч хүүхэд залуучууддаа монгол бичгээ хэрээрээ л зааж сургаж байгаа. Одоо монгол бичгээ хараад яанаа би мэдэхгүй гэх хүний тоо залуучуудын дунд лав үгүй болсон байх. Манай 25 хүртэл насны залуучуудын бараг 80 хувь нь уншиж чадна, 60 хувь нь бичиж чадна гэсэн тооцоо байдаг юм билээ.

Дээрх зарлигийг санаанд хүртэл биелүүлэх, гардан хийх чадварлаг сайн боловсон хүчин, техник технологийн боломж  ч манай МУИС, УБИС болон бусад их дээд сургуулиудаар хангалттай бэлтгэгдсэн гэж үзэж болно. Тийм учраас таны гаргасан айлдвар зарлиг сааталгүй сайн гүйцэлдэх байх гэж найдаж байна. Иймэрхүү мэргэн ухаанаар монгол бичиг, соёлоо  улам сайн дэмжиж өгөөрэй Ерөнхийлөгч минь хэмээн хэлэх байна.

Д-р, проф. Жанцангийн Бат-Ирээдүй

Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбооны тэргүүн

Токио Гадаад Судлалын Их Сургууль, Япон

2010 оны 7 дугаар сарын 7

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: