Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монголд ажиллах гэж буй бол хэлний мэдлэг хэрэгтэй


Монгол хэл гээд нэг золбин “юм” байна. Хэлээ хазсан хэллэгүүд сэт­гүүлзүйд одоо жинхэнэ од болж байна. Шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтуудыг улам сайж­руулж ашигт үйл хийж чадахгүй мөртлөө ам­наас гарах авиан дээр ажиллахын сайныг яана. Гэрийн сүүдэр бараадан дэмбээддэг дэмий гонз­гой нар шиг хийх ажлаа олж ядсан юмнууд хэлээ­рээ л оролдож суух шив. Яриад л байна, яриад л байна. Яриа улам бол­хирон ба­лайрч, сонсо­хоос залхам, уншихаас төвөгшөөм, крантны ус гоожих мэт нэгэн хэмээр уйтгартай шоржигноно.
Энэ хэмээр урсаад байвал монгол хэлний насжилт нэг их удахгүй сөнөх талдаа оржээ. Хэл сөнөх бол байдаг л үзэг­дэл. Дэлхий дээр зөндөө олон хэл өдөр болгон л сөнөж мартагдаж байгаа. Энэ зургаан тэрбум мон­го­­лоор дутав л гэж. Ер нь ч тэгээд хойч үеийнхэн есөн шидийн хэл авиа­гаар яах юм. Тээр жил Түвдэд явж байхад нэгэн хэцүүдэлтэй асуудлыг ярьж байсан. Түвдүүд эхлээд өөрийнхөө хэлийг бас бичгийг эхлээд сур­чих­сан байдаг. Цаашид арай гайгүй ажил төрөл эрхлэхийн тулд хятад хэл, ханз үсэгтэй ноцол­доод хамаг цагаа барав. Бүр гайгүй явахын тулд англи, францаар ярьж бичих нь тодорхой. Тэ­гээд Монголд очиж сүмд лам болно гэвэл дахиад бас нэг хэл. Маанаг болт­лоо янзан бүрийн авиа цээжилсээр байгаад өөр шинжлэх ухаа­ныг огоо­рох зав зай гарсангүй. Эцсийн үр дүн гэвэл ёоз ёозоор чалчи­хаас өөр шидгүй нэгэн хоцорч гу­равдугаар зэ­рэглэлийн ажил хийж, дөрөвдүгээр зэрэглэлээр амьдарч хорвоог барах нь юутай хайран хөдөл­мөр.
Өнөөдөр хүн төрөлх­төн дундаа нэг хэлтэй болох гэж янз бүрээр оролдсон. Амжилтад хү­рээгүй байна. Эсперанто хэл гээчийг гаргаад ч бү­тээ­гүй. Хамгийн муу ху­вилбар ч гэлээ ардчи­л­лаас өөр сайныг олоо­гүй байна гэдэг шиг одоо­хондоо англи хэл олонхи. Гэхдээ энэ хэлээр “зээрд үрээ” гэж хэлэхийн тулд наян юм болдог оо доо. Дэлхий дээр бүх цэ­цэг улаан өнгөтэй байвал гоё ч юм уу уйтгартай ч юм уу бүү мэд. Хүмүүс бүгдээ­рээ зөвхөн анг­лиар эсвэл монголоор ярьдаг бол­чих­вол сайн муу тал ямар байхыг тааш­гүй. Орчлон­гийн жам ёс алаг эрээн бай­саар байсаар л ир­сэн.
Бүх шувуудыг хэрээ­ний буюу хөхөөний хэ­лээр нэгтгэх боломжгүй байгалийн хуулийн дагуу зарим нэг хүмүүс мон­голоор ярьж л байг л дээ. Угаасаа тэр монгол нь уусаад мөхөхийн цаг ир­вэл хэл байтугай юмнаа­саа хагацах нь тодорхой. Тэр цаг нэг их удахгүй. Яарлаа гэхэд аравхан мянган жилийн дотор ам­жих биз ээ. Яараагүй мань мэтэд бол энэ мон­гол хэл чинь өнөө­дөртөө “хуцаастай” хэсэг явна.
Манай хажууд байгаа бас арван мянган жи­лийн дараа мартагдах гуулинчууд (БНСУ) хар ажилчин авна гэсэн зар тавьжээ. Тэнд боол болж очиход дээд боловс­ро­лоос илүү хангүг хэлэн­дээ хэр юм бэ дээ гэх шалгуурыг тавьж байна. Хий гэснийг нь хийвэл барав юм биш үү. Ямар орчуулагчаар очих гэж байгаа биш. Өдөржин даавууны өөдөс хайч­лахад солонгосоор шүлэг уншихын хэрэг юу­сан. Солонгосын хойгт солонгосоор солон­гор­тол ярьдаг юм байгаа биз.
Өөр хэнд, хаана хэрэг­тэй хэл юм. Африкт хөлбөм­бөг үзэхэд англи биш бол казахаар ярих­тай ялгаа­гүй тэр хангуг.
Нэг иймэрхүү хэл ус­ны болзлыг  тусгаар гэж өөрсдийгөө хэлдэг орон болгон  бодлогоор тулгаж байгаа нь буруу биш гэж үзэж байна.
Одоо Монголд уул уур­хай, барилгын сал­барт гадаадын ажиллах хүчин ихээр авчирч бай­на. Гадаадын юу байхав. Хоёр хөршөөс голдуу ирдэг. Дарханы Хонгорт ирээд цианит натригаар алт угааж байгаа хята­дуудтай хэл нэвтрэхгүй манай хуулийнхан тэв­дэх юм. Гадаад хүнтэй гадаадаар нь ярьдаг бү­хэн пээдийж гайхуулах юм. Хэлтэй бол хөлтэй гээд онгирцгооно. Хэл бол эрдэм биш. Зүгээр л хэрэг­лээ. Хүн аминдаа тулбал хүнтэй байтугай нохой­той учраа ойлголцдог удаа ч бий.
Олон улсын жишгийн дагуу Монголд ирж хэдэн төгрөг олох гэж байгаа гадаадын цагаачдаас  мон­­гол хэлний анхан шат­ны мэдлэгийг манай­хан яагаад авахгүй бай­на. Хэрэв үнэн бол Мон­голд уул уурхайн асар их нөөц илэрч олз омог үнэр­тэж байна.
Тэнд ирэгсэд баяжи­хыг хүсэгчид. Зу­данд тус­лах гэж, өвчнийг анагаах гэж ирээгүй биш бол тэд­нээс монгол хэл­ний шал­галт авч болдог­гүй юм уу. Бид яачихсан хэл устай хүмүүс юм. Эр­гэн тойрон буриад, тува, уйгар, өвөр монгол, цаха­рууд байна. Тэд монго­лоор ярьж чаддаг. Тэд энд ирэг. Тэр байтугай бүр үлдэг. Үгүй ядаж үрээ үлдээг.
Төв Азийн энэ орчинд монголоор ярьсан нь арай ажил бүтэмжтэй.
Солонгосын жижиг дунд үйлдвэрт солонгос хэл хэрэг болдог, Мон­голын Оюу толгой гэх дэлхийн том үйлдвэрт монгол хэл хэрэггүй гэж хэн хэлсэн бэ? Давуу тал олдсон дээр нь  Монгол туургатнуудаа нааш та­тахын тул монгол хэлний шалгалт авах нэрийн дор энд тэнд яваа 16 сая монголчуудаа цуглуулах  “хар хайрцаг” байна уу?
Яадгийм. Олон улсын жишгийн дагуу солонгос, япончууд шиг хэлний шал­­галт аваа л биз. Яах­лаараа бид ийм шалгалт авахгүйгээр шороон тү­мэн хятад оруулж байх ёстой гэж. Аль ч оронд тавьдаг тийм шаард­ла­гын тухай энэ сэдвийг хөндөв. Эрх баригчид аль нэг орны хэл мэдэх ба тэр орны угшилтай байх нь хамаагүй. Усыг нь уух гэж байгаа бол ёсыг нь да­гахгүй байж болдоггүйг янз бүрээр нотлох баримт хангалттай.

www. Baabar.mn ees avlaa. 01.07.2010

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: