Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Пүрэв-Очир: Үйтэн хуар гэдэг чинь юу сан билээ?


“Үйтэн хуарын хээ” юү, аль эсвэл “мудан хуа”-гийн хээ юү?
“Сүнжидмаа” хэмээх монгол ардын дуунд:
…Үйтэн хуарын хээ нь ч элэгдэнэ дээ, Сүнжидмаа минь,
Үнэнч нөхөр чинь хэрэг болноо хө,
Үүдэн хоёр шүдийг чинь унаад ирэхийн цагт нь хө,
Үүд хаалгаа нээгээд өгсөн чиг
Үзэж харах хүнгүй болноо, ай хөөрхий Сүнжидмаа минь гэж дуулдаг сан. Энэ дууны шүлэг болон өөр хэдэн “Хүрээ дуу”-ны шүлэгт “Үйтэн хуа” буюу “Үйтэн хуар” гэсэн ярианы хэлээр монгол хэлэнд дамжин орж нутагшсан хятад гаралтай үг гардаг.

Олон нийтийн санаа бодлын салхины аясыг ажин үзвээс, зарим нь энэхүү “Үйтэн хуар” гэдгийг нэгэн зүйл зузаавтар, чанар сайн хятад торгоны нэр гэдгийг лавтайяа ойлгож, харин монгол хэлэнд хэзээ, хаанаас, хэнээр, юугаар, яаж дамжиж орсон, юуг нэрлэсэн, ямар утга учиртай үг болохыг ер бодознох сөгөө сөнхөөгүй болж, нөгөө “Үйтэн хуаран” дээлтэй л болбол болж явах шиг. Нөгөө зарим нь энэ үг лав нэгэн зүйл цэцгийн нэр байх. Ийм тийм “хуар” гэхлээр цэцэг юмуу, зураг байдаг гэж бодно. Бас бага сага бичиг үсгийн боловсролтой, эх хэл, элдэв сонин үг хэллэгийн талаар юм бодож явдаг арай хэрсүүхэн нэгэн нь ерөөсөө энэ “үйтэн хуар”-ын “үйтэн” гэдэг нь юу гэсэн утгатай, ямар гээч цэцэг ургамлын нэр, яасхийж явсаар монгол хэлний үгийн сангийн хүндтэй хаалгаар морилон орж ирээд, “Сүнжидмаа”-гийн шүлэгт баттайяа суугаад хэвшчихсэн юм бол гэж боддог байж магад!

Эрдэмтэн Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966), О.Сүхбаатарын “Монгол хэлний харь үгийн толь” (1999) зэргийг сөхөн үзвэл, “ү”-үсгийн бүлэгт “үйтэн” гэдэг нь байхгүй бөгөөд “Үйтэн хуар” гэдэг нийлмэл үгээр нь авч: “Цулгуй өнгөнд хээ товойлгож үйлдсэн нэгэн зүйл (зузаан) торго” (619 ба 221-р тал) гэж тайлбарлажээ. Тэгвэл “Шинэ монгол-хятад толь” (Бээжин, 1999, 660-р тал)-д “Мудан хуа”-г “мандарваа цэцэг” гэж тэмдэглээд, ханзыг нь “mu-dan hua” гэж галигласан бол, Шанхайн гадаад хэлний их сургуулиас 1992 онд хэвлүүлсэн “Китайско-русский словарь”-т (1089-р тал) ханзыг нь “mu”-(самец), “mudan”-(пион древовидный) буюу “модлог хэлбэрт мандарваа” гэж тайлбарласан байх юм.

Толь бичгүүдийн тайлбар сэлтээс үзэхэд, “үйтэн хуа” бол нэгэн зүйл алдартай, гоё сайхан цэцэг буюу “мандарваа цэцэг”-ийн хятад нэр болох нь тодорхой болоод байна. Ерөөс “мудан хуа” буюу “мандарваа” цэцгийг БНХАУ-д “улсын цэцэг” гэж нэрлэн, Хятадын зарим муж, хотуудад, хавартаа “Мандарваагийн баяр”-ыг хийдэг ёс байдаг аж. Бас Солонгост, “The national flag of Korea: Taegeukgi”, “The national flower of Korea: Mugungwha” гэж тэмдэглэсэн байдаг бөгөөд “мудан хуа”-г “улсын цэцэг” болгосон байдаг нь сонин юм. Тэгэхлээр, тэрхүү хятад торгоны нэр нь монгол хэлэнд “mudanhua” буюу “мудан хуа”-гаар нэрлэгдсэн нь сонин байна.

Энэхүү алдарт торго нь худалдаа наймааны ажлаар хятад оронд явдаг байсан монгол жинчдийн авчирдаг чамин барааны нэг байгаа биз. Бас Да Хүрээ, Амгаланбаатар хотноо ажиллаж, амьдарч байсан хятадын пүүсүүдэд энэ торго элбэг барааны нэг байгаа биз. Торгоны өнгө хийц нь тэр цагийн хүмүүсийн нүдийг гялбуулж, авгай хүүхнүүдийн сэтгэлийг гижигдэж, зарим нэгийнх нь шуналыг оргилуулж байгаа л биз. Харин торгоны нэр нь монгол хүний хэлийг ээдрүүлж, ханзны бичлэгийг нь өдий болтол хэн ч анзаарч үзээгүй, төдий л сонирхсонгүй явсаар ирсэн бололтой юм.

Тэгээд л “mudanhua” хэмээх мөнгөн аягын чинээ том, алдарт, гоё цэцгийн нэрийнх нь дуудлага монгол хэлний авианы хууль, хөг аялгад зохицон, өөрчлөгдөн сунжирч, авианы бүрхүүл нь хувиран хувирсаар, ярианы хэлний орчинд “mu-dan” нь “u-dan” болж, улмаар “u-dan” нь орчин цагийн монгол хэлний авианы дуудлагад зохицон, “үйтэн” болж сунжирч хэлэгдсээр “үйтэн хуар” буюу мандарваа цэцгийн нэрт торгоны нэр үүссэн байж магадгүй гэсэн нэгэн таамаг төдий тайлбарыг хийж болох мэт санагдав.

Жич, “үйтэн хуа” буюу “mudanhua” нь анх “мандарваа” цэцгийн нэрээр нэрлэгдэж, торгоны нэр болж, цаашдаа “мандарваа”-гаас өөр бусад олон цэцэг, хээ хуарыг ч энэ торгон дээр урлаж бүтээсээр ирж. Гэхдээ л ямар ч хээ хуартай байсан монголчууд энэ торгыг “үйтэн хуар” буюу “мудан хуа”-гэсээр буй нь бас сонин.

Ер, монгол хэлэнд харь үг нэвтрэн ирэхдээ амаар, бичгээр гэсэн хоёр хэлбэрээр орж ирсэн байдаг. Аман яриагаар дамжин орж, нутагшсан үгс нь авианы бүрхүүл, дуудлага, бүтэц, бичлэгийн хувьд үлэмж өөрчлөлт үзсэн байдгийн нэгэн жишээ нь энэ “мудан хуа” байж болох юм. Энэ бол нэг талын таамаг тайлбар болно. Бас “Үйтэн хуар”-ын талаар өөр нэг тайлбар гаргаж болох тал байна.2008 онд Өвөрмонголын их сургуульд урилгаар очиж, лекц унших завшаан олдож, тэр үеэр Өвөрмонголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн профессор, доктор Бүрэнбат гуайгаас “Үйтэн хуар” гэдэг торгоны нэрийн талаар лавлан ярилцахад, миний дээрх санаа тайлбарыг их сонин юм гэх сацуу бас манай Баарин аман аялгуунд “Үйтэн мод” гэж байдаг. Бас “Үйтэн модны хээ хуар” гэсэн үг байдаг. Энэ бол маш гоё чамин цэцгэн хээтэй мод. Домогт өгүүлэхдээ “Үйтэн модон дээр гагц хангарьд шувуу л суудаг…” гэж гардаг. Иймд монголчууд тэр сайн чанарлаг торгыг тэрхүү домогт “Үйтэн модны хээ хуар”-ын нэрээр нэрлэсэн байж магад! гэж нэг их сонин хувилбар санааг хэлж, тайлбарлаж өгч билээ. Тэгэхлээр бас “Үйтэн мод”-ны тэр өвөрмөц хээ хуарын нэрээс ч утга шилжин, “үйтэн хуар” торгоны нэр үүссэн байхыг үгүйсгэх арга алга!

4. “Яндашгүй” бол хэмжээ заасан утгат үг

Манай монголчуудын нийтийн нэгэн магтуунд:
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвчин ой минь ангаар бүрэн
Хөрсөн дороо эрдэнээр баян
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ?
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн болж төрөө вэ? гэж дуулдаг. Монголчууд бид энэхүү магтаал дууг нийтээрээ сайн дуулдаг байлаа. Харин энэ дууны найрагт байдаг “яндаж…” гэдэг үгийн уг гарвал, утга санаа, язгуур, дагаврыг нь нийтээрээ хэр зэрэг сайн ойлгож, бодож ухаарч ирсэн бол? Ямартай ч атугай эрдэмтэн Я.Цэвэл гуай “Монгол хэлний товч тайлбар толь”-доо: Яндаа: Шингэн ба үйрмэг юмыг хэмжих сав, их бага адилгүй, айргийн яндаа, тарианы яндаа (907-р тал) гэсэн тайлбарыг үлдээжээ. Бас, доктор Б.Амаржаргал нарын “Сувд эрих нэрт ховор хуучин үгийн толь” (1992)-д ч дээрхтэй мөн адилавтар тайлбарыг хийжээ.

Ер, урансайхны эх дээр ажиглалт хийж байхад “яндашгүй” гэдэг үгийг оновчтой зөв сайхан хэрэглэсэн жишээ-баримт захаас аван үзэгдэнэ. Нэг жишээ татаж харъя. Үүнд: “Бударын чулууг түшээд босоогоороо нөгчсөн хүлэг бол мөнхүү талын таван уулын хөндийд эхээс босоо буугаад, хожим нь Торой бандийн омог төгөлдөр зүрх, дээр нь цохилж, бас Инжээноровын яндашгүй сод хоолой, дээр нь цангинаж байсан Жаахан шарга хэмээх, газарт туурайтай, тэнгэрт дуудлагатай тэр ажнай мөн болой…” (Г.Мэнд-Ооёо) г.м.

Бид хэдэн жилийн өмнө “Монголчуудын уламжлалт тоозүй, хэмжилзүйн нэрээс үүдэж хийсэн зарим ажиглалт” (1999) судалгааны өгүүллийг Солонгосын Монгол судлалын холбооны “MONGOLIAN STUDIES” цувралын 8 дугаарт хэвлүүлж, түүнд “Монгол хэлний яндашгүй” гэдэг үгийн талаар нэгэн өвөрмөц тайлбар хийсэн юм. Бидний судалгааны гол санаа нь:

Монгол хэлний тоозүй, хэмжилзүйн нэр, түүний утга ба хэлбэрийн тал, ерөнхий зүй тогтол, утгын орон зэргийг судлахад анхаармаар өөр нэг сонин зүйл бол баримжаалах ба тоймлох утгат тоо хэмжээний үгийн “хязгааргүйн тухайт үг” буюу “төгсгөлгүйн тухайт үг”-ийг судлан тогтоох явдал юм.

Монголчууд, амьдрал ахуйн аливаа зүйлийг тоолох, хэмжих өөрийн гэсэн уламжлалт арга ухаантай, жиших зүйрлэх ёс горимтой, хэмжүүрийн тодорхой нэгжүүдтэй, тоймлох, баримжаалах тооны арвин баялаг үг, нэртомьёотой, дан тооноос аваад, их тоо буюу олон оронт тоо хүртэлх нарийн ойлголт, тогтолцоотой байсан төдийгүй, бас монгол ардын уламжлалт ёс заншилд “Тоонд мухаргүй” гэсэн нэгэн ёсыг баримталсаар иржээ. Энэ нь монгол үндэстний зан заншил, сэтгэлгээний онцлог, мэргэн ардын ухаан, угсаатны зүй, цээрлэх, эерүүлэх, тойруулах ёстой нягт холбоотой байжээ.

“Лу.Алтан товч”-ийн Гоо сэцэн Мухулайн үгэнд:
Дээлийн сайн нь хуяг бөгөөтөл
Хуриманд эс өмсөнө
Үгийн сайн, тоо бөгөөтөл
Дуустал үл тоолно. (122-р тал) гэж байдаг.

Бас монгол хэлэнд “Эрийг бүү бас, далайг бүү янд” гэсэн сургаал үг ч бий. Энэ мэтээс эргэцүүлэн бодвоос, монгол хүн, аливаа тоо хэмжээг адаг эцэст нь тултал, дээд хязгаарыг нь шавхан тоолж хэмждэггүй, цээрлэдэг “тоо, хэмжээний хүндэтгэлийн үг”, “хязгааргүйн тухайт эерүү үг”-ийг хэрэглэдэг байжээ гэж үзэж болно. Энэ шинж, манай монголчуудын тоозүй, “их тоо”-ны ухаанд ч тусгалаа олсон байдаг нь ажиглагдаж байна. Нэрт эрдэмтэн А.Ролбидорж: (А.Дамдинсүрэн: Их эрдэмтэн Мянгат. Уб., 1978 номоос)


10-ын 57 зэрэгтийг “тоолшгүй”
10-ын 58 зэрэгтийг “хэмжээлшгүй”
10-ын 59 зэрэгтийг “цаглашгүй”
10-ын 60 зэрэгтийг “өгүүлшгүй”
10-ын 61 зэрэгтийг “хэрэглэшгүй”
10-ын 62 зэрэгтийг “үйлдэж дуусашгүй”
10-ын 63 зэрэгтийг “үлэшгүй” (35-р тал) г.м-ээр ерөнхий баримжаа тооны нэрээр нэрлэсэн байхад, их эрдэмтэн Д.Ишбалжир:
10-ын 57 зэрэгтийг “ус”
10-ын 58 зэрэгтийг “маш тоогүй”
10-ын 59 зэрэгтийг “урвах аравт” (36-р тал) гэж мөн л “хязгааргүйн тухайт үг”-ээр нэрлэсэн байгаа нь сонин юм.

Тэгэхлээр, монголчуудын тоозүй, хэмжилзүйд, тухайлбал, урт ба өргөний (талбайн) хэмжүүрт, гүний хэмжүүрт, бүр тэрчлэн хүндийн хэмжүүрт ямар ямар “төгсгөлгүйн тухайт үг”, “хязгааргүйн тухайт эерүү үг” (хүндэтгэлийн үг ч гэж болмоор Б.П.)-ийг хэрэглэсээр ирсэн бэ? гэсэн асуудал гарч байна.

Бидний ажигласнаар, монголчуудын талбайн буюу урт, өргөний хэмжилзүйн тоймлох ба баримжаалах хэмжээний “хязгааргүйн тухайт үг” нь энгүй, эгнэшгүй, захгүй, хязгааргүй г.м. ойролцоо утгат үгс болно. Тиймээс ч энгүй өргөн тал, эгнэшгүй их говь, хязгааргүй уудам хөндий, захгүй урт зам… г.м-ээр бичгийн ба ярианы хэлэнд хэрэглэдэг. Тэгвэл гүний хэмжээний “хязгааргүйн тухайт”, “төгсгөлгүйн тухайт үг” нь “яндашгүй” гэдэг үг болно гэж үзмээр байна. Энэ үгийн утга үүссэн, улмаар утга нь өргөжсөн байдал нь сонин юм.

Монгол хэлний “яндашгүй” гэдэг үг нь бодит утгатай юм, үзэгдлийн тоо зэргийн харьцаа, шинж тэмдгийг илэрхийлэх талаасаа их ус, их гол мөрөн, их нуур далай зэргийн гүний хэмжээг баримжаалан, тоймлон хэлдэг “хязгааргүйн утгат үг” болохын зэрэгцээ хийсвэрлэх түвшинд алив их юмны гүн, их баялаг, их хайр сэтгэл тэргүүтний тоо, зэргийн харьцааг бас заах болж, энэ үгийн утга өргөжсөн байна. Иймээс бид, яндашгүй баян…, яндаж болдоггүй далай шиг яасан баян нутаг вэ?…, эрийг бүү бас, далайг бүү янд…, яндашгүй их гадаад далайн усыг… г.м-ээр ярьж, бичдэг.

Энэхүү “яндашгүй” гэдэг үгийн тухайд бяцхан тодруулга хийхэд “яндаа” нь хятад хэлнээс монгол хэлэнд нэн эрт орж хэвшсэн үг бололтой. Нөгөө -шгүй нь монгол хэлний нийлмэл бүтэцтэй нэгэн дагавар болно. “Яндаа” гэдгийг хятад хэлний толь бичигт тайлбарлахдаа: “шингэн зүйлийг хэмжих нэгэн зүйл сав, багаж” (Шинэ монгол-хятад толь, Бээжин., 1999, 1753-р тал) гэж тодорхойлжээ.

Тэгэхлээр, монгол хэлний “яндашгүй” гэдгийг, бидний дээр дурдсан нөгөө “яндаа”-гаар буюу хэмжүүрт саваар хэмжээд хэмжээд, шавхаад шавхаад барагдашгүй, дуусашгүй, тоолж тоймлож болшгүй гэсэн утгатай, гүний хэмжээ, тоо зэргийн утгыг заадаг “хязгааргүйн тухайт үг” гэж үзэх үндэстэй мэт санагдана.

Энэ мэт хэд гурван үг хэллэгийн талаар товч зүйлийг өгүүлэх ялдамд, бүх нийтийн эх хэлний боловсролыг дээшлүүлэх, хэл ярианы соёлыг хөгжүүлэх, даяаршлын эринд эх хэлнийхээ дархлааг сайжруулахад монгол хүн бүрийн хүчин зүтгэл чухал болсныг хэлэх гэсэн билээ.

Single Post Navigation

One thought on “Б.Пүрэв-Очир: Үйтэн хуар гэдэг чинь юу сан билээ?

  1. энэ мэдээллүүд ном болж гарсан уу

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: