Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ю.Мөнх-Амгалан: “Монгол хүн голдуу өөр дээрээ туршилт хийдэг.”


Индианагийн Их Сургуульд Монгол хэл зааж буй, МУИС-ийн багш Ю.Мөнх-Амгалантай ярилцлага хийлээ. Бид Монголд жирийн ажил хэргийн холбоотой байсан бол энд ирсээр эх нутгаасаа холд мэргэжил нэгт улсын хувьд илүүтэй дотносон нөхөрлөсөн юм.

Индианагийн Их Сургуулийн талаар уншигчдад маань товч мэдээлбэл…?

Индианагийн Их Сургууль 1820 онд байгуулагдсан, одоо 8 хотхонтой (campus). Эдгээр нь муж улсынхаа өөр өөр хотод байдаг. Нийтдээ 100-аад мянган оюутантай. Хамгийн том хотхон нь Блvvмингтoн, 40-өөд мянган оюутантай. Энд Монгол Нийгэмлэг болон Монгол Судлалын төв, Монгол хэлний сургалт төвлөрч байна. Энэ сургуульд дэлхийн бүх тивийн 50 гаруй хэлийг албан ёсоор заадаг.

Та энд Монгол хэл зааж байгаа хэд дэх багш билээ?

Индианад анх Хангины Гомбожав гуай 1967 оноос эхлэн өнөөгийн Монгол хэлний сургалт нээж наян хэдэн оны сүүл хүртэл өөрөө зааж байж. Харин албан ёсоор уригдаж ирсэн манай багш нарын тухайд гэвэл, түүхч, доктор Ц.Ишдoрж, 1989-1992, доктор Б.Хүрэлбат 1997, доктор Д.Цэрэнпил 1998-2001, миний бие 2001 оноос тус тус Монгол хэлний хичээл заасан. Энэ завсар тус сургуулийн Монгол судлалын багш, профессөр К.Этвүд, түүхч эрдэмтэн Ц.Баатар зэрэг хүмүүс янз бүрийн хугацаагаар бас Монгол хэл зааж байжээ. Энд нэг зүйлийг сонирхуулахад, 1997 оны 4 сард Индианагийн Их Сургууль Монгол хэлний мэргэжлийн багш урьж ажиллуулахаар албан зар тараасны дагуу олон багш баримт сэлтээ бүрдүүлж явуулснаас бидний 5 багшийг сүүлийн шатанд шалгаруулан улмаар энэ сургуулиас тусгай томилогдсон багш ирж бидэнтэй тус тусад нь уулзан ярилцлага хийж, хичээл заалган, гадаад хэлний бэлтгэл болон заах аргазүйн ур чадварыг маань шалгаж байсан билээ. Энэ л шалгаруулалтын үндсэн дээр би хожим уригдсан юм.

Монгол хэл сурч буй оюутнуудаа танилцуулахгүй юу?

Энэ удаад Монгол хэлний бүх оюутнаа биш, харин Монгол судлалын чиглэлээр тодорхой юм хийж байгаа зарим оюутнаа танилцуулъя. Тристра ( Tristra Newyear) одоо 4 дэх жилдээ Монгол хэл үзэж байна. Судалгааны ажлаар Монгол болон Буриадад түр хугацаагаар хэд хэд очсон. Монголын театрын түүх, эртний ба орчин үеийн уран зохиолын зарим асуудал сонирхдог. Энэ чиглэлээрээ ирэх жилээс докторантурт элсэх гэж байгаа. Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийг саяхан англиар орчууллаа. Одоо надтай хамт Равжаагийн “Саран хөхөөний тууж” болон жүжгийн эхийг Монгол бичгээр уншиж байна. Эндрю ( Andrew Shimunek) одоо Этвүд багшийн заадаг Монгол хэлний 3-р ангид суудаг. Монгол хэлшинжлэлээр мэpгэжиж байгаа. Манж, буриад, халимаг хэлний харьцуулсан судалгаа болон монголчуудын бичиг үсгийн түүхийг сонирхон үзэж байгаа. Саяхан манай нэрт манжич, миний багш Я. Шаарийбуу профессoрын “Манжийн утга зохиолын дээж бичиг” зохиолд шүүмж бичсэнээ МУИС-ийн “Эрдэм шинжилгээний бичиг”-т хэвлүүллээ. Єнгөрсөн жил манж судлалын холбогдолтой, Ноон мөрөн ба Айгуун тосгоны манж салбар аман аялгууны тухай нэг өгүүлэл бичиж, Америкт хэвлэгддэг манж судлалын “Saksaha” (Шаазгай) хэмээх сэтгүүлд нийтлүүлсэн. Одоо энэ өгүүллээ өөрөө монголоор орчуулан монголд хэвлүүлэх гэж байна. Монгол Нийгэмлэгин “Mongol Survey” сэтгүүлйин редактoрooр давхар ажилладаг. Ирэх хичээлийн жилээс магистрантурт элсэнэ. Дараа нь Монголд очиж судлагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Сара ( Sara Combellick-Bidney) одоо Монгол хэлний 2-р ангид сурч байна. Энэ зун докторын өмнөх судалгааныхаа ажлаар Монголд, манай сургyульд түр очно. Монголын эмэгтэйчүүдйин нийгмийн асуудлыг сонирхдог. Єнгөрсөн зун Аляскад амарч байхдаа тэндхийн уугуул иргэд ба монголжуу болон Монгол хүмүүсийн соёлын холбогдолтой зарим зүйлийг харьцуулан нэг жижиг өгүүлэл бичсэнээ “Mongol Survey” сэтгүүлд хэвлүүлэх гэж байна. Түүнээс гадна оюутан Карол ( Carol Stock) Монголын хөдөөгийн нийгмийн асуудал, Майкл ( Michael Thompson) Монгол хэлэнд орсон орос үгийн тогтворгүй Н-ийн тухай сэдвээр тус тус өгүүлэл бичин энд болон Монголд хэвлүүллээ. Бас Картэр ( Carter Cheney) 1990-өөд оноос хойших Монголын түүхийн талаар гарсан нэг номын тухай шүүмж, Ванс ( Vance Schaefer) Монгол, Япон хэлний зэрэгцсэн тодотголын тухай өгүүлэл бичиж хэвлүүлэхээр зэхэж байна. Оюутнууд маань ихэнхдээ манай их сургуульд очиж судлагааны ажлаа гүнзгийрүүлэн үрглжлүүлэх юм. Энд нэг зүйлийг онцлон дурдахад, МУИС-ийн захирал, проф. Ц.Ганцог өнгөрсөн оны 11 сард Индианагийн Их Сургуульд албан ёсоор айлчлан 2 сургуулийн хооронд сургалт, эрдэм шинжилгээний талаар ойрын үед хэрэгжүүлэх ерөнхий ажлын гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь залуу судлаач, оюутан нарын урам зоригийг сэргээсэн сайхан үйл явдал болсон билээ.

Энд Монгол хэл сурч буй оюутнуудыг Монгол дахь гадаад оюутнуудтай харьцуулбал?

Энэ талаар олон зүйл хэлж болох байх л даа. Зүгээр ганцхан жишээ хэлэхэд л сурч байгаа орчин нөхцөл нь эрс өөр байна. Монголд сурч байгаа гадаадын оюутнууд бол ангиасаа гараад л хонгилд Монгол оюутнуудтай, сургуулиасаа гараад л гудамжинд Монгол хүмүстэй тааралдан алхам тутамдаа Монгол үг сонсож, монголоор ярих хэрэгцээ нь шууд бий болдог шүү дээ. Тэгвэл энд Монгол хэл сурч буй оюутнуудын хувьд байдал их өөр юм аа. Тийм болохоор Монгол ярианы цаг, Монгол судлалын албан цаг, Монгол цайны цаг… гэх мэт үндэсэн хичээлээс гадуурх янз бүрийн чөлөөт арга хэмжээг зохион байгуулж, монголоор ярих орчин нөхцөл, цаг боломжийг нь бүрдүүлэх хэрэгтэй болдог. Блvvмингтoнд ажиллаж, сурч амьдардаг хүмүүсээс зарим нь хааяа ирж үүнд оролцдог. Мөн ойрхны хотуудаас Монгол хэлээр ярьдаг зарим америк хүн зорин ирж, Монгол хэлээ сэргээн ярьж хөөрөлддөг юм. Ийм хүмүүс өмнө нь янз бүрийн албан ажлаар Монголд очиж, Монгол ярианы хэл голдуу сурсан байдаг.

Индианад ирэхэд оюутны амьдрал, сургалтын систем зэргээс юу нь танд өвөмөц санагдсан бэ? Монголд хэрэгжүүлж болох сайн талууд юу байна вэ?

Би яг 10 жилийн өмнө сургуулийнхаа эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Албаны шугамаар Америкт ирж, 5 муж улсын 10 гаруй их сургуулиар opж танилцаж байсан болохоор энэ талаар жаахан төсөөлөлтэй ирсэн. Нэг энгийн жишээ гэхэд л америкийн оюутнууд хэтэрхий чөлөөтэй юм шиг мөртлөө тун журамтай юм байна шүү. Нөгөө талаар, эдний оюутнуудад сурах бололцоо нь бүрэн хангагдсан байдаг. Номын сан нь л гэхэд 24 цагаар ажилладаг шүү дээ. Эргэцүүлж бодох, санаа авах зүйл байлгүй яах вэ. Гэхдээ манай орон АНУ, Герман зэрэг боловсролын талаар дэлхийд тэргүүлэх зэргийн өндөр хөгжилтэй улсуудын дээд боловсролын тогтолцоог аль хэдийн судлан, өөрийн орны өвөрмөц байдалд бүтээлчээр зохицуулан хэрэгжүүлж байгаа болохоор яг одоо ингэх тэгэх ёстой гэж хэлэх юм юу байх вэ.

Манай оюутнууд Америкт их ирэх болжээ. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

АНУ-ын янз бүрийн шатны сургуульд ирж байгаа манай оюутан сурагчид ерөнхий мэдлэг, онолын суурь, оюуны бэлтгэлийн хувьд хангалттай түвшинд байдаг юм билээ. Харин эхний үед гадаад хэлний бэлтгэл, нэн ялангуяа биеэ даан ганцаарчлан сурах, хөдөлмөрлөх тал дээр тулгамддаг болов уу? “Монгол хүн голдуу өөр дээрээ туршилт хийж явдаг” гэсэн нэг хошин үг байдаг даа. Тэгж хэлүүлэхгүй л байхыг хичээх хэрэгтэй. Одоо интернет гэдэг мэдээллийн өргөн сайхан боломж нээлттэй болсон болохоор бүх зүйлийг урьдчилан үзэж, мэдэж болж байгаа шүү дээ.

Oйрд хийсэн бүтээсэн судалгааныхаа ажлаас танилцуулна уу?

Хичээл заахын зэрэгцээ сонирхдог судалгааныхаа ажлыг зав зайндаа үргэлжлүүлж л байна. Товчхон хэлбэл арваад өгүүлэл бичиж Монголдоо болон Америк, Солонгос, Энэтхэг улст хэвлүүллээ. Мөн хэд хэдэн номын ноорог гарган эх бэлтгэж авлаа. МУИС-ийнхаа 60 жилийн ойд зориулан нэг ном бэлтгэн Монголдоо хэвлүүлж тэр ойг энэ газар “өөртөө тэмдэглэн” өнгөрүүлэв. Нэгэнт энэ оронд ажилаж байгаагийнх гэсэндээ Монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэн америкийн уран зохиолын асуудлыг нэлээн сонирхож үзлээ. Энэ талаарх зүйлээ жаахан дэлгэрэнгүй танилцуулъя. Монгол хэлээр хэвлэгдсэн Америкийн уран зохиолын товч тойм, Америкийн уран зохиол Монголын бүх шатны сургуулийн сурах бичигт хэрхэн тусгагдсан хийгээд Монголын уран зохиолд нөлөөлсөн байж болох талаар 3 цуврал өгүүлэл бэлтгэснээс Монгол нийгэмлэгээс эрхлэн гаргадаг “Mongolian Studies” сэтгүүлд эхнийх нь гарсан, удаах нь хэвлэгдэж байна, сүүлчийнх нь ирэх онд гарна. Энэ сэдвээрээ Вашингтон хотод болсон Монгол нийгэмлэгийн хурал, Индианагийн Их Сургуульд болсон Төв Евразийн Судлалын хуралд 2 илтгэл хэлэлцүүлж, Эдгар По, Жек Лондон, Жеимс Куперийн Монголд орчуулагдсан зохиолынх нь тухай өгүүлэл бичиж хэвлүүллээ. Эдгээр бүтээлээр минь дамжуулан франц, английн зарим судлаач надтай судалгааны ажлын холбоо тогтоосон. Одоо Марк Твен, Теoдoр Драйзер, Уолт Уйтмен, Эрнест Хемингyэй, Роберт Фрост нарын зохиолын Монгол орчуулгын талаар өгүүлэл бэлдэж байгаа. Энэ ташрамд сонирхуулахад, манай дуун хөрвүүлэгч нар орос, англи, герман, румын хэлнээс АНУ-ын 100-аад зохиолчийн 10 гаруй төрөл зүйлийн 400 илүү зохиолыг эх хэлнээ орчуулан хэвлүүлсэн байх юм аа. Нэрт эрдэмтэн, гүүш Б.Ринчен гуай 1929 оноос Жек Лондоны өгүүллэгүүдйиг анх орчуулан хэвлэд өгсөн боловч цаг үеийн ороо бусгаа явдлаас болж хэвлэгдсэнгүйгээр барахгүй, бүр үрэгджээ. Дараа нь Д.Нацагдорж Эдгар Аллан Погийн “Алтан цох”-ыг гермэн хэлнээс орчуулан 1935 онд хэвлүүлсэн байна. Мөн Уэлл Жеимсийн “Yvлэн бор” роман 1938 онд гарчээ. Бас нэг сонин зүйл бол нэг тодорхой зохиолыг хэд хэдэн хүн өөр өөр хэлнээс орчуулсан байх юм. Жишээлбэл, Жек Лондоны ” The Law of Life” өгүүллэгийг “Орчлонгийн ёс”, “Орчлонгийн жам”, “Амьдралын жам” гэсэн нэрээр 4 хүн орос хэлнээс орчуулжээ. Ойрын ирээдүйд энэ бүх ажиглалт, судалгааны зүйлээ нэгтгэн дүгнэж, нэг жижигхэн ном хэвлүүлэх санаатай байна.

За, таны эрдмийн ажилд өндөр амжилт хүсье.

Ярилцсан М.Саруул-Эрдэнэ

Эхийг зохиогчийн зөвшөөрлөөр

“цахим өртөө доот эм эн” сайтаас авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: