Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

СОЁЛЫН МЯНГАН СҮЛЖЭЭ-ЭВИЙН ӨЛЗИЙ УТАС


Та бүхний гэгээн мэлмийд БНСУ-ын Дангүгийн их сургуулийн зочин профессо, МУИС-ийн багш, доктор Д.Заяабаатарын нийтлэлийг толилуулж байна. Үндэснийхээ өв их соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нийтлэлээ хүргэсэн Заяабаатар доктортоо талархал илэрхийлье.

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл мину зээ. Ч.Лодойравсал

Аливаа туурга тусгаар улс гүрэн бүрд үндэсний бахархал гэж байдаг. Тэгвэл, эрт үеэс эдүгээг хүртэл нүүдлийн соёл иргэншлээр замнаж, хүн төрөлхтөний түүхэнд шинэ содон хуудсыг нээн хөтлүүлсэн монгол угсаатны хувьд тэр бахархал нь юу билээ?

Улиран одох түүхийн ээдрээт тавцанд, “Монгол улс” мандан бадрах, бууран доройтохын жам хуулийг даган, адармаа бартаатай зам харгуйг туулж явсаар XXI зуунтай золгох урт хугацааны туршид “монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах” сүр сүлд, бэлгэ тэмдэг нь эзэн богд Чингис хааны суу алдар байлаа. Үүний дээр баттайяа нэмж, “Монгол-Чингис” хэмээх нэрийн хуудастай эгнэгт хамсуулан дурдвал зохих зүйл нь монгол үндэстний маань бичиг соёлын нэгэн оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв-монгол бичиг юм.

Монгол бичиг-мянган жилийн түүхтэй оюуны түлхүүр мөн.

Монгол бичгийн эх үүдлийн талаар олон орны эрдэмтэд янз бүрийн үзэл санал дэвшүүлсээр ирсэн боловч нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй байна. Өрнөдийн монгол судлаачдын дунд “Юань улсын судар”, “Мэргэн гэгээний Алтан товч” дахь “Тататунга”-гийн домгоор эш үндэс хийж, 13-р зуунд Уйгураас монгол бичгийг зээлдэн авсан хэмээн тайлбарлах чиг хандлага нэгэн үе зонхилж байв. Уг мэдээг монгол бичгийн гарал ирэлтэй холбон тайлбарлах бус Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон түүхэн үйл явдлын гэрч баримт гэж үзэх нь үнэнд илүү дөхнө. Тийм ч учраас, 2004 онд “Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдэглэх тухай” Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ.

Бас нэгэн зүйл, Саж бандид Гунгаажалцан (1182-1251) монгол бичгийг “хэдэргэ”-ний дүрсээр бэлгэдэн зохиосон гэх зээлдмэл домгоос улбаатай мэдээг уламжлалт хэлшинжлэлийн сурвалжуудад олонтаа дурдсан байдаг. XVIII зууны үед амьдарч асан Алшаагийн равжамба Данзандагвын зохиосон “Зүрхний толтын тайлбар үсгийн эндүүрлийн харанхуйг арилгагч огторгуйн маани”-д тус домгийг өгүүлсэн буй. Хожим уг хэлзүйн бичгийг тулгуур үндэс болгон бичсэн Агваандандарын “Хэлний чимэг”-т “Ер монгол үсгийг хэн хүн ямар газар аль цагт зохиосон хэмээвээс, Өөлдийн (Монголын Д.З) хан Годаны (Өгөдэй хааны гутгаар хүү Д.З) үед Сажа бандид Гунгаажалцантан Лянь-Жоу хотод дөрөвдүгээр равжунгийн (жарны Д.З) харагчин туулай жил зохиосон буй”, занги Лхамсүрэнгийн “Алтан толь”-д “Анх монгол үсгийг баруун газрын их бандид лам Гунгаажалцаны гэгээнтэн тогтоон зохиосон Зүрхний толт хэмээх судраас эхэлж, үүсгэн журамласан ба хойно мөн газрын монлам ламын (Данзандагва-ыг хэлж буй. Д.З) зохиосон Зүрхний толтын тайлбар огторгуйн маани хэмээх судрыг гол болгож хэрэглэсээр…” гэх зэргээр тэмдэглэжээ.
Энэхүү домгийг монгол бичгийн гаралтай холбон тайлбарлах нь үнэнээс хэт холдсон таамаг дүгнэлт болох бөгөөд харин академич Ш.Лувсанвандан, эрдэмтэн Т.Пагва нарын тэмдэглэсэнчлэн одоогоор бидэнд мэдэгдэж буй хамгийн эртний журамласан хэлзүйн бичиг буюу “Зүрхний толт”-ын зохиогдсон цаг үе, зохиогчийг тодлох баримт юм. Ер нь уламжлалт хэлзүйн бичигт, аливаа үсэг бичгийн эх үүдлийг дурдан өгүүлэхдээ ямар нэгэн домгийг эш үндэс болгодог байжээ. Тонмисамбода багш төвд үсгийг зохиосон ба өмнө өгүүлсэн Саж бандид Гунгаажалцаны монгол үсгийг зохиосон гэх домог хоёр хөл нэгтэй байх боломжийг нягтлан шинжилсэн судлаачийн дүгнэлт уг домгийн учрыг ухахад тус дөхөм болж байна.
Төвд, монгол түүхийн сурвалжуудад буй мэдээ зангийг үндэс болговол, Саж бандид бээр Годан хааны заллагыг хүлээн аваад, 1244 онд бараа бологсдынхоо хамт Төвдийн өндөрлөгийг даван хөдөлж, Хөхнуурын Лянь-Жоу газраа 1247 онд морилон ирсэн ажээ. Тэгэхээр цаг хугацааны хувьд, Гунгаажалцан Монголд залрахаасаа (1243 он Д.З) өмнө монгол үсэг шинээр зохиосон гэх мэдээ занги нь хожмын домог хууч буюу нэмэн найруулсан зүйлээс эх үүдэлтэй үзэл дүгнэлт болно.

Ямар ч болов, XIII зууны эхэн хагас гэхэд монгол бичиг өөрийн өнгө төрхөө нэгэнт олж, хэвшин тогтсон хэлзүйн онцлог шинжтэй болсон нь 1204 буюу 1243 оноос уг үсгийн тогтолцоог боловсруулан хэрэглэсэн гэх түүхэн өөр үйл явдал, домог хуучаас улбаатай баримт мөчид ойлголтыг няцаахын зэрэгцээ түүний үүсэл гарлын цаг хугацааг дурдан буй үеэс урагш улируулан шинжлэх бодтой үндэслэл болж байгаа нь эргэлзээгүй билээ. Нөгөө талаар, түүний гол нуталгаа нь монгол бичгээр уламжлан ирсэн эртний дурсгалын хэлний онцлог болно.

Аливаа соёлт угсаатан үсэг бичгийн шинэ тугтам тогтолцоог боловсруулан буй болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм. Гэтэл, XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дөрвөлжин үсэг болон хятад, араб перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэж байна. Хэлний хувьсал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл болохыг хэлшинжлэлтэн нар нэгэнтээ тодорхойлжээ.

Энэ бүгдийг харгалзан үзсэний үндсэн дээр монгол бичгийн эх үүдэл нь даруй 1000 жилээс наашгүй хугацааны явдал гэх баримжаа гаргалгааг хийж буй бөгөөд академич Б.Ринчен абугайн онож тэмдэглэснээр “…уйгур улсын соёл, төр мандах цагийн явдал болохоос бус, уйгурын төр мөхөж, соёл бууран хөсөрдөхийн үед мөхсөн улсын сөнөсөн соёл, гээгдсэн үсгийг монголчууд авч хэрэглэх ёсгүй” юм.

Зохиогчийн зөвшөөрснөөр банжиг нетээс аваал.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: