Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Төмөртогоо: Монгол судлалын бүтээлийг бүрэн үнэлж чадахгүй байна


ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, МУИС-ийн Монгол судлалын төвийн захирал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, академич Д.Төмөртогоотой Монгол судлалын өнөөгийн байдал, хэл шинжлэлийн зарим зүйлийн талаар ярилцлаа.

– Та монгол хэл шинжлэлийн ямар салбарыг хэзээнээс судалж эхэлсэн бэ?

-1962 онд МУИС-ийг төгсөхдөө Лу багшийнхаа удирдлага дор «Бодизарьяа аватарын тайлбар» сэдвээр дипломын ажил бичиж хамгаалснаас хойш өнөөдрийг хүртэл 40 гаруй жил монгол хэл шинжлэлийн судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
Монгол хэлний түүхэн хэлзүй судлал бол миний судалгааны ажлын гол цөм . Үүнд монгол хэлний эртний бичгийн дурсгал, монгол хэлний хувьсч, хөгжиж ирсэн түүх зэргийг хамруулан авч үзэх юм. Тухайлбал, Монгол хэлний эртний дурсгал нь уйгаржин, дөрвөлжин, араб, хятад үсгээр тэмдэглэсэн байдаг. Тэдгээр нь хэдийгээр үсэг бичиг нь өөр боловч монгол хэлний үгийг тэмдэглэсэн дурсгалууд юм. Түүнийг бүтээсэн цаг үе нь 13-16 дугаар зууны үед хамаарна. Тусч байгаа хэлний онцлог нь найм, есдүгээр зууны үеэс эхлэн 14, 15 дугаар зууны хүртэлх хугацааг хамарсан байдаг. Одоогоос 1000 шахам жилийн өмнө монголчууд өөрийнхөө хэлний бүхий л бүтэц тогтолцоонд тохирсон бичиг үсгийг боловсруулсан байдаг.

-Монгол хэл шинжлэлийн уламжлал шинэчлэлийн асуудал, өнөөгийн байдлыг та юу гэж дүгнэх вэ?

– Монгол хэл шинжлэл нь дорно дахин, түүний дотор Энэтхэг, Төвдийн хэл шинжлэлийн уламжлал, аргазүйг хэрэглэн судалж ирсэн. 19 дүгээр зууны үеэс Орос, Европын зарим орны эрдэмтэд монгол хэлийг судалж, монгол хэлний зүйг зохиож эхэлсэн байдаг. Монгол эрдэмтэд 1930-аад оны сүүлчээс монгол хэлний хэлзүйг зохиохдоо Европын хэл шинжлэлийн аргыг хэрэглэсэн байдаг юм. Тэр үетэй харьцуулбал өнөөдөр монгол хэл шинжлэл нь маш өндөр түвшинд хүрсэн байна. Авиазүй, үгийн бүтэц хэлбэр, хэлзүйн байгуулал зэрэг олон талыг хамарсан судалгаанаас гадна монгол хэл аялгууны судалгаа зэргээр маш нарийсан судлагдаж байна.

-Монголч эрдэмтдийн анхдугаар их хурлын 50 жилийн ойн эрдэм шинжилгээ хурал өнгөрсөн есдүгээр сард болж өнгөрлөө. Тус хурлаар хэлэлцсэн асуудал юу байв? Хурлын ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

– Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал 1959 онд болсон. Түүний дараа жилээс тус хурал нь олон улсын монголч эрдэмтдийн хурал болж өргөжсөн юм. Есдүгээр сарын 22-нд болсон 50 жилийн ойн хурал нь Монголын түүхийн сурвалж судлал, Үндэсний монгол судлалын төлөв байдал гэсэн хоёр үндсэн салбар хуралдааны хүрээнд болж өнгөрлөө.

– Монголд монгол судлалын хэчнээн төв байгаа вэ? Монгол судлал нь Монголд болон дэлхийд ямар хэмжээнд хөгжиж байна гэж үзэж байна вэ?

– Монгол судлалын төв нь сургалт, судалгааны гэсэн хоёр чиглэлтэй. Сургалтын чиглэлд МУИС, МУБИС, Улаанбаатар их сургууль нь Монгол судлалын төв болж байна. Мөн монгол хэлшинжлэлийн хувийн сургуулиуд ч үүнд багтах юм. Тэдгээрт сургалт, судалгааны ажлыг хослуулж үйл ажиллагаагаа явуулж байна. ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн нь Монгол судлалын судалгааны төв юм. 1970-аад оны үед монголч эрдэмтэд Олон улсын Монгол судлалын төвийг Монгол Улс боллоо хэмээн дүгнэсэн байдаг. Өнөөдөр Монголд болон дэлхийн улс орнуудад монгол судлал ихээхэн хөгжиж байна. Тухайлбал, Өвөр- монгол, Бээжингийн их сургууль зэрэгт Монгол судлалын төвүүд байгаа.

– Монгол судлалыг Монголд хөгжүүлэхэд цаашдын баримтлах чиг хандлага юу байх бол?

– Юуны түрүүнд, монгол хэл бичиг, түүх соёлыг судлах судлаачдыг дэмжих асуудлыг төр, засгаас анхаарах хэрэгтэй. Үнэнийг хэлэхэд, манай улсад монгол судлалын бүтээлийг бүрэн утгаар нь үнэлж чадахгүй байна. Бараг сайн дурын ажил гээд хэлчихвэл бодит байдлаас нэг их хэтийдсэн болохгүй. Эрдэмтэн судлаачид ч өөрийн хийж бүтээсэн зүйлийнхээ үнэ цэнийг таниулах, нөгөө талаас холбогдох газрууд түүнийг нь үнэлж чаддаг байх тогтолцоо шаардагдаж байгаа юм.
Ерөнхийдөө монгол судлалыг хөгжүүлэхэд холбогдох салбар бүрийн оролцоо маш чухал үүрэгтэй юм. Нэгдүгээрт, Манай судлаачид орчин үеийн судалгааны арга барилыг маш сайн эзэмших, хоёрдугаарт, Сургалтын байгууллагууд боловсон хүчнээ улам чанаржуулан бэлтгэх нь чухал. Гуравдугаарт, Эрдэм шинжилгээний байгууллагууд монгол судлалын тулгамдсан асуудлуудыг нэн түрүүнд судлах, дөрөвдүгээрт, Төр, засгаас монгол судлалын судалгааны чиглэлийг бүх талаар дэмжих хэрэгтэй байна.

– Монгол Улс бичиг соёлын эртний түүхтэй. Төрийн хэл, төрийн албан ёсны бичгийн талаар таны бодол? Түүнтэй холбогдох төрийн бодлогыг хэр оновчтой гэж үздэг вэ?

-Дэлхийн олон орон эх хэлээ хайрлан хамгаалах, хөгжүүлэх, цэвэр ариун байлгах чиглэлийг төрийн бодлогодоо тусгасан байдаг. Мөн хэлний хууль гэж бий. Манай орон хэдэн жилийн өмнө төрийн хэлний тухай хууль баталсан. Аливаа улс орон эх хэлээрээ төрийн бүхий л албан хэргээ явуулдаг. Төрийн албаны хэл цэгцтэй, ойлгомжтой байх ёстой бөгөөд түүнийг зохицуулах зорилгоор хэлний хууль байдаг юм. Гэтэл манай оронд хэлний хэм хэмжээг зөрчих явдал ихээхэн гарч байна. Хамгийн наад захын жишээ нь албан газар, хувийн хэвшлүүдийн хаягийг хар даа. Тэдгээр нь стандартын бус, харь хэлээр бичсэн зэрэг зөрчилтэй байгаа юм. Хууль гараад багагүй хугацаа өнгөрсөн хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Тиймээс өнгөрсөн долоо хоногт НИТХ, Улаанбаатар хотын ЗДТГ, ШУА хамтран «Нийслэлийн хөгжил-Шинжлэх ухаан, технолноги» сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд эрдэмтэд санал бодлоо хэлж, түүнийг нь төр, засгийн байгууллагууд хэлэлцэж, хэрэгжүүлэх талаар маш олон зүйл ярьж байгаа. Түүний нэг нь Улаанбаатар хотын албан газруудын хаягийг боловсронгуй болгох, тогтсон журамд тохируулах тухай асуудал юм. Аливаа хаяг нь төрийн байгууллага, түүнээс доод шатны байгууллага зэрэг зохих ёсны эрэмбээрээ хэмжээ зааг, стандарт нь өөр байх ёстой. Улаанбаатар хотын захиргаа, Улсын Стандарт хэмжилзүйн газар, ШУА хамтарч хаягийг төрийн хэлний хуульд тохируулах ажлыг гүйцэтгэхээр ярилцаж байгаа.

– Бичгийн олон эрдэмтэн монгол бичиг нь төрийн бичиг байх ёстой гэх зүйлийг ярьдаг. Энэ талаар таны бодол?

– Миний хувьд хамгийн түрүүнд монгол хүн бүр монгол бичгээр уншиж чаддаг болох ёстой гэж үздэг. Энэ нь ямар ажил алба хашдаг, ямар ч мэргэжлийн хүн байсан хамаатай юм. Харин шаардлагатай бол монгол бичгээр бичиж сурах хэрэгтэй. Бүх хүнд монгол бичгээр бичиж сурах шаардлага тавина гэдэг бол бэрхшээлтэй зүйл. Монгол бичгийн дүрэм бол нэлээд нарийн, ярианы хэлнээсээ зөрүүтэй. Монгол бичгийн хэл одоогоос 1000 гаруй жилийн өмнөх монгол хэл юм. Монгол хэлээр «уул» гэдэг үгийг «агула» гэж бичдэг нь эртний монгол хэлний хэллэг. Энэ нь найм, есдүгээр зууны үед монгол хүн уулыг агула гэж хэлдэг байсантай холбоотой. Гэхдээ энэ нь монгол бичгийн хэл хоцрогдсон гэсэн үг биш, хамгийн гол нь бид ярианы хэлтэйгээ ойрхон бичиг сурсан болохоор түүнд дасахад бэрхшээл байгаа байх. Ер нь бичгийн хэл гэдэг бол эртний түүхтэй, эртний хэлнийхээ онцлогийг тусгасан байх тусмаа үнэ цэнтэй байдаг. Монгол бичгийг төрийн бичиг болгоё гэх талаар буурь суурьтай хандах хэрэгтэй. Бүх хүн нь бичдэггүй төрийн бичиг гэж байхгүй. Тиймээс ард нийтээрээ үндэсний бичиг үсгээ сурчихсан тохиолдолд монгол бичгийг төрийн бичиг болгож болно.

«Хэлний засаглал мөхөж байна, харь хэлний түрэмгийлэл газар авч байна» гэх яриа олны дунд байдаг. Энэ талаар…?

– Дэлхий дээр олон жижиг хэл мөхөж байна. Сүүлийн 50 жилийн дотор 3000 гаруй жижиг хэл мөхсөн гэх тооцоо бий. Монгол хэлний тухайд Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн хэл бохир, муу байна, ярианы хэлний хэм хэмжээнд бичиж байна, харь үгийн «довтолгоо»-нд их өртөж байна гэсэн яриа байдаг нь нэгэнт үнэн зүйл. Үүнээс үүдэлтэй олон сөрөг үр дагаварууд ч гарч байгаа. Бичгийн, ярианы хэл нь тус тусдаа хэм хэмжээтэй. Гэтэл өнөөдөр энэ ялгаа зааг бүдгэрч байгаа нь харамсалтай. Үүнд санаа зовниж, хэл соёлоо цэвэр ариунаар нь хадгалж үлдэх гэсэн сэтгэлээр хандаж байгаа нь сайшаалтай хэрэг. Нөгөө талаас нь авч үзвэл монгол хэл мөхлийн ирмэгт тулж очсон уу гэвэл тийм биш. ЮНЕСКО-гоос бие даасан хэлний шалгуур шинжүүдийг гаргасан байдаг. Тэр шалгуураар монгол хэлийг авч үзвэл монгол хэл мөхөх аюулд тулж очоогүй. Тухайлбал, монголчууд гэр орон, ажил төрөлдөө монгол хэлээр ярьдаг, төрийн албан бичиг, бүх шатны сургалт, соёл урлаг, эрдэм шинжилгээний бүтээл зэрэг нийгмийн бүх салбарт монгол хэл үйлчилж байна. Энэ бүхнээс харахад монгол хэл нь одоогоор бие даасан хэлнийхээ шинжийг хадгалж чадаж байгаа юм.

Б.Мөнхзул

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: