Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Заяабаатар: Хэлний эвдрэл сэтгэлгээний эвдрэл рүү хөтөлж байна


“Чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл минү
Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүрт яруу баялгийг тань гайхан баясаж
Сод их билэгт түмэн юүгээ бишрэн магтму би!”…

НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг олон улсын эх хэлний өдөр болгон зарласан. Эл өдрийг тохиолдуулан МАХН-аас монгол хэлний тусгаар байдлыг хангах, хөгжүүлэх санаачлага гаргаж хэл бичгийн эрдэмтэдтэй хамтран ажиллахаар болсон юм. Энэ талаар МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн захирал, доктор Д.Заяабаатартай ярилцлаа.

-Эх хэлний өдрийн хүрээнд ямар ажил хийсэн бэ?

-Монгол хэл, соёлын өмнө тулгамдсан асуудал, гарах арга зам, цаашид авах арга хэмжээний талаар олон нийтэд зөв мэдээлэл өгөхөд анхаарч байна. МҮОНРТ-ээр орон даяар шууд нэвтрүүлэг хийнэ. Хэл, соёлын чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг байгууллагын эрдэмтэн судлаачдаас гадна Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, Соёл, урлагийн хороо зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцон санал бодлоо солилцох юм. Сүүлийн үөд зөв ярьж, зөв бичдэг хүнгүй боллоо гэлцэж буй. Монгол хэлний үгийн санд гадаад үг, хэллэг ихээр орж ирэх болсон нь хэлний тусгаар байдалд заналхийлж байна.

Зөвхөн эрдэмтэн бус жирийн иргэд ч үүнд санаа зовж байгаа нь энэхүү гажуудал газар авч, аюулын харанга дэлдэж буйн ” дохио. Хэл, соёл гэдэг нь үндэстний оршин тогтнох дотоод хүчин зүйл. Хэл, соёлынхоо дархлааг хадгалснаар тухайн үндэстэн оршин тогтнох дотоод хүчин зүйл бат байна гэдгийг дэлхийн аль ч улс үндэстэн хүлээн зөвшөөрдөг. Манай улсын хувьд бодитоор хийсэн зүйл одоогоор алга. Цаашид эрдэмтэн судлаачид хүчээ нэгтгэн шинэ тутам гарч ирж байгаа гажуудлыг арилгахад анхаарах учиртай.

-Таныхаар хэлний гажуудал хэрхэн нүүрлэж байгаа вэ?

-Аливаа соёлт улс үндэстэнд бичгийн болон ярианы хэл гэж бий. Ярианы хэлнээс бичгийн хэл буюу утга зохиолын хэл нь зөв бичих, зөв найруулах, зөв дуудах зүйн талаар тогтсон хэм хэмжээтэй. Эл хэм хэмжээг барьж, зөв бичиж, ярих учиртай. Сүүлийн үед энэ хэмжүүр алдагдаж байгааг хүн болгон ярьж буй. Хэлний гажиг тогтож байгаагийн цаад учрыг эхлээд тодорхойлсноор тэмцэж чадна. Магадгүй ЕБС-ийн сургалтын агуулга, стандарт, багшид эсвэл БСШУЯ-ны бодлого барьдаг албан тушаалтанд алдаа байгааг үгүйсгэхгүй. Төрийн бодлогоор эх хэлний зүй тогтол олон талаар зөрчигдөж байгаагийн цаад учир юу болохыг илрүүлэх учиртай. Энэ асуудал жил бүрийн эх хэлний өдрөөр яригдаад өнгөрөх зүйл биш.

-Ярианы хэлэнд гадаад үг, хэллэг нэвтрэх нь зарим талаар хөгжил болж чадах уу?

-Үгийн сан баяжих хэд хэдэн арга бий. Хамгийн энгийн нь тухайн хэлний дархлаанд эерэг байдлаар буюу өөрийн хэлний үндсэн хэрэглэгдэхүүнд тулгуурлан шинэ үг бүтээх явдал. Монгол хэлний язгуур дээр монгол хэлний дагавар залгаж шинэ үг бүтээх нь үгийн сан зөв хөгжих зүй тогтолтой арга. Мөн хуучирсан бичгийн хэлний үг хэллэгийг сэргээн хэрэглэх орно. Мэдээж харь хэлнээс үг зээлдэх арга байна. Харь хэлнээс шинэ үг орж ирэх үзэгдэл аль ч хэлэнд тохионо. Гэхдээ тухайн хэлэнд орлуулах үг байсаар атал эх хэлнийхээ үгийг хэрэглээнээс шахаж байгаа нь хэлний дархлаанд аюултай. Үүнийг зайлшгүй анхаарч аль болох эх хэлнийхээ үгийг хэрэглэж занших нь чухал.

-Манай ард түмэн хоолойн чимгийг 10 гаруй янзаар хэлдэг байсан гэдэг. Тэгэхээр эх хэлнийхээ дархлааг хамгаална гээд хуучирсан бүх үгийг ашиглах боломж хэр байдаг юм бол?

-Хэл бол нийгмийн тусгал. Нийгмийнхээ хөгжлийг дагаад шинэ үг орж ирж байхад зарим үг нь хуучирч байдаг. Гэхдээ эх хэлнийхээ баялаг үгийн санд байгаа хэрэглэгдэхүүн нь байсаар атал харь хэлний үг хэллэг ашиглахыг цээрлэх ёстой. Үүнд хэл шинжлэлийн ойлголтоор С системийн үг буюу орчуулах боломжгүй гэгддэг үгс хамаарахгүй. Үг болгоныг орчуулах нь хэцүү. Харин одоогийн монгол хэлний тогтолцоо шиг харь хэлний мөндөрт цохиулаад байвал хэлний дархлаанд аюул учирна.

-Нийтлэг хэрэглэгддэг харь хэлний үгсийг орчуулах нь зөв үү?

-Орчуулах оролдлого байх ёстой ч гол нь зөв оноох хэрэгтэй. Орчуулахын тулд оносон үгийг сонгож, нийтийн хэрэглээнд яв цав нийцэх байдлыг анхаардаг.

-Машин гэдэг үгийг яаж орчуулбал дзэр вэ?

-Машин гэдэг бол С системд багтах буюу орчуулах боломжгүй үг. Орос, англи гээд ямар ч хэлэнд машинаараа л байдаг.

-МАХН-аас эх хэлний өдрийг тохиолдуулан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, эрдэмтдийг дэмжиж ажиллахаар болсон. Танай сургууль ямар хэлбэрээр хамтран ажиллах вэ?

-Хэл соёлын дархлааг бэхжүүлэх үүднээс МАХН, Монгол хэл соёлын сургууль хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. МАХН хэл шинжлэлийн эрдэмтдийн судалгааны бүтээлийг дэмжин олон нийтийн хүртээл болгох, тэдний үзэл бодлыг төрийн бодлогод тусгах үүрэг хүлээсэн. Харин манай сургууль МАХН-аас барьж байгаа хэл соёлын дархлааг бэхжүүлэх бодлогын хүрээнд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр харилцан хамтарч ажиллана. Энэ хамтын ажиллагаа нь улстөрийн үйл хэрэг биш. Монголчуудын улстөржихгүй байх зүйл бол хэл, соёл. Ямар ч нам хэл, соёлын дархлааг бэхжүүлэхийн төлөө анхааоах ёстой. Монголын улстөрийн ууган хүчин МАХН-аас эх хэлээ аврах санаачлага эхлүүлж байгаад эх хэлнийхээ төлөө сэтгэл зовниж явдаг хүн бүхэн баяртай байгаа. Дараа дараагийн улстөрийн хүчнүүд МАХН-аас үлгэр авах байх. Энэ бол улс орноо зөв хөгжлийн голдиролд оруулах гэж зүтгэж байгаа улстөрийн эрүүл хүчний зайлшгүй хийх ёстой үүрэг.

-Эх хэл гажуудсанаар үндэстний сэтгэлгээнд нөлөөлдөг гэдэг?

-Хэлний гажуудлын хамгийн эхний учир шалтгаан нь хариуцлагагүйгээс болж байна. Хүн бичиж, ярьж байгаа зүйлээ хянахаа больсон. Ерөнхий гол гажуудал нь харь хэлний нөлөө газар авсантай ч холбоотой. “Аж төрөхийн дархлаа болсон англи хэлэнд хэт хошуураад оршихуйн дархлаа болсон эх хэл”-ээ хойш хаях нь эрүүл ухаантай хүний сонгох зам, шийдэх зүйл биш. Эхлээд оршсон цагт амьдралын талаар бодох учиртай. Үүнээс үүдээд гадаад хэлнии нөлөөгөөр уугуул хэлний онцлог гажуудах замаар үндэстний сэтгэлгээний гажуудал гараад байгаа юм. Олон жишээ татаж болно л доо. “Загалмайлсан эцэг, “хэрүүлийн алим”, “анхны алтан хараацай” гэдэг хэлцүүдийг бид сонсоод дадчихсан.

“Загалмайлсан эцэг” гэдэг нь загалмайтны шашинтай орнууд шинэ төрсөн хүүхдээ шашинд оруулж, загалмайлсан ламыг загалмайлсан эцэг гэнэ. Монголчууд хэзээ ч хараацайг анхдагчийн бэлгэдэл болгож ярьдаггүй. “Хэрүүлийн алим” гэдгийг монгол ахуйгаараа яваа хөдөөний малчин сайн ойлгохгүй шүү. Домог ёсоор Грекийн нэгэн тэнгэр шившлэгтэй алим хүмүүсийн дунд хаясан нь бөөн хэрүүл шуугиан тарьснаас “хэрүүлийн алим” гэдэг хэлц үүссэн. Бидний ахуй амьдралаас хол гэж болох эдгээр хэлцүүдийг бид ойлгоод байна гэдэг нь хэлний эвдрэл сэтгэлгээний эвдрэл рүү хөтлөөд байна гэсэн үг.

-Монгол хэлэнд эдгээрийг орлуулах сайхан үгс олон байгаа шүү дээ?

-Монгол ахуйд байдаг энгийн үгсээр ч хэлж болно. Чухал зүйлийг булаалдаж байгаа утга бүхий “хэрүүлийн алим”-ыг “яс булаалдах” гээд хэлчихэд л таарна. Яс булаалдсан ноход шиг байгаа биз. Монголын орчин цагийн утга зохиолын загалмайлсан эцэг Д.Нацагдорж гэхийн оронд орчин цагийн утга зохиолыг үндэслэгч гэх нь харин ч монгол ахуйд нийцтэй. Ийм жижиг зүйл ч үндэстний тусгаар байдалд нөлөөлдөг.

-Хэлний мөхөл гэдэг ойлголт монгол хэлэнд хамаарахгүй биз дээ?

-Өнөөдөртөө нүүрлэчихээгүй зүйл л дээ. Аливаа өвчнийг бага дээр нь дарахгүй бол амь насанд аюултай болтлоо хүндэрдэг байх аа. Тэгэхээр одоо гарч байгаа гажуудлаа бага дээр нь зассан нь дээр. Чингиз Айтматов “Үндэстнийг устгая гэвэл хэлийг нь устга. Үндэстнийг өөр юу ч устгаж чадахгүй” гэсэн байдаг. Үнэхээр ч байлдан дагуулагчд хамгийн түрүүнд дайсныхаа хэл болон соөлын өв рүү довтолдог шүү дээ.

-”Гд” нөхцөлийн талаар шүүмжлэлтэй ханддаг?

-Монгол хэл харьцангуй идэвхтэй хэвтэй хэл. Монгол хэлэнд “Би ном уншлаа” гэдэг бол англи хэлний идэвхгүй хэвд “Ном надаар уншигдлаа” гэдэг. Сүүлийн үед манай боловсролтой сэхээтэн гэгдэх залуус ингэж ярих нь холгүй болж. “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой” гэж зөндөө бичлээ. Монгол сэтгэлгээгээр бол Чингис хаан байгуулсан учраас “Их Монгол Улсыг байгуулсны 800 жилийн ой” гэвэл жинхэнэ монгол найруулгад нийцнэ. Бид л хэвшчихсэн болохоос биш үнэхээр буруу бичлэг юм шүү.

Их Монгол Улсын байлдан дагууллын үед бусад орны хэл, соёлд халдаж байсан тохиолдол бий юу?

-Чингис хаан болон түүний залгамжлагчид эзлэгдсэн улс үндэстний хэл, соёлд хүндэтгэлтэй ханддаг байсан. Зарим эх сурвалжид бусдын соёлыг сүйтгэсэн ч гэдэг. Соёл иргэншил хүчтэй бий болсон үед иргэншил хоорондын гол золиос нь соёлын дурсгал болдог. Шашин хоорондын мөргөлдөөний цаана соёл байгаа. Хятадууд хөөмий, монгол дээлийг сонирхоод байгаагийн цаана их учир бий. Бидний эрх ашиг хөндөгдөж байна. Монгол дээлээ өмсөх зөвшөөрлийг өөр газраас авах цаг ирвэл юу болох билээ.

-Монгол хэл олон мянган жилийн түүхтэйн хэрээр дархлаа нь төдийчинээ сайн гэж итгэж байна?

-Хотын боловсролтой хүмүүсийн дэргэд хөдөөний боловсролгүй гэгдэх малчдад монгол хэлний гол дархлаа оршиж байгаа. Тэнд л монгол хэл ямар нэгэн хольц оролгүй нутгийн аялгаараа баяжиж байдаг. Хөдөөний малчин өвгөнтэй ярихад ээрч муурах, сул үг хэрэглэх байдал гардаггүй. Цөөн хүн ярьж байгаа маань ч нөлөөлнө. Монгол хэлээр ярьж байгаа хоёр сая гаруйхан хүний монгол хэл эвдрээд эхэлбэл юу болох билээ. Өгүүлбэрийн бүтэц зохион байгуулалт гээд олон зүйл шалтгаална. Дахин хэлэхэд, гадаад хэлийг сурч болно. Харин эх хэл бидний оршихуйн дархлаа гэдгийг мартаж болохгүй. Оршихуйн дархлаагаа дээдэлж байж бид сайхан амьдарна.

М.Хангал

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: