Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Б.Пүрэв-Очир: “Хулхи хийгээд хулихдах”


Монгол улс дахь сонгуулийн хийрхэл ид дундаа явж байна. Улаанбаатар хот, улаан эрээн самбар, туг далбаа, хөрөгний хот болов. Төвийн зарим сонин хэвлэл дээр “Сонгуулийн сурталчилгаа ёстой л нэг улангасч, нэг нь нөгөөгөө гүтгэх, дайрах, гутаан доромжлох, магтах, матах, хулхидах, бас тэгээд “би”-члэх явдал цадигаа алдаж байна” гэж бичсээр байна. Монголд юм болгон цухалдах температуртаа орчихов уу?! гэлтэй болж ирэв. Монгол улсын анхны ардын уран зохиолч, академич Ц.Дамдинсүрэнгийн зохиол бүтээлийн онцлогийг судалж, туурвин бичих арга, үгээр урлах эрдэмд нь хийж буй эх хэл, утга соёлын судалбаруудаа түр хойш тавьж, огт өөр нэг сэдвээр бяцхан таталбар, исээ маягийн юм бичиж үзмээр санагдав. Хэвшсэн нэг ажлыг нөгөөгөөр сольж хийх, дагнан нухаж оролдсоор байгаа нэг сэдэл сэдвийг нөгөө өөр өнцгөөс нь харж, бичиж, ярих нь оюун тархийг сайхан амсхийлгэдэг гэхээсээ илүү сэтгэлгээний нэг загвараас зайлан зугадах сайн арга ч байж болох. Гэхдээ л Ц.Дамдинсүрэнтэний бичиж айлдсанаар”Модчин хүнийг төмөрчин болгох” гэдэ,гтийм санаан зоргын ажил биш гэдгийг умартаж боломгүй. Сонгуульд нэр дэвшигчид тэр үгийг боддог болов уу, үгүй болов уу?! Монгол хэлний сонго, сонголт, сонгууль, сонгох, сонирхол, сонирхох, сонор, сонс, сонж, сонжоо, шинжээ, сонсгол, сонсгох, сортойх, сэртийх г.м. үгс нь ойролцоо утгат язгууртай бөгөөд утгын нэг оронд хамаардаг гэж үзэж болно. Эдгээр бүл үгсийн язгуурын гол утга нь ямар нэг мэдлэг мэдээллийг хэн нэгний чихээр оруулж, сонор сонсголд нь хүргэх, нүдэнд нь өртүүлж, дохиог бий болгох, оюун сэтгэлд нь хөлхүүлж санаа саналыг төрүүлсээр ямар нэг сонголтод хүргэхэд оршин байх шиг. Ингээд бодохлоор “сонор” гэдэг нэр үг, “сонорд” гэдэг үйл үг, “сонголт” гэдэг нэр үг, “сонгох” гэдэг үйл үг, “чих” гэдэг нэр үг, “чихэд” гэдэг үйл үг, “хулхи” гэдэг нэр үг, “хулхид” гэдэг үйл ,үг, “хөлх” гэдэг нэр үг, “хөлхөх” гэдэг үйл үгс арга, билэг болж, утгын нэг орны дотор багцлагдаж, нэр ба үйлээрээ эсрэгцэж, зогсонги, хөдлөнгө хоёр шинжийн дохио болж байна. Эндээс монгол хэлний “хулхи” хийгээд “хулхидах”-ыг нь сонгон авч, хэрэглээний утга, найруулгын өнгө аяс, олон нийтийн хэрэглэж байгаа өнөөгийн үнэлэмжий нь сонирхон тандмаар санагдав. “Хулхи” бол нэр үг, харин “хулхидах” бол “-д” гэдэг үйл үг бүтээх өвөрмөц нэгэн дагаврын хүчээр “хулхи”-ийг эрхшээлдээ оруулж гурвын харилцан хамаарал, шүтэн барилдахуй, найруулгын өнгө аяс, хэрэглээний утгыг тандаж үзвэл, монгол хүний сэтгэлгээ, эх хэл, соёл, угсаа- хэлшинжлэл, сэтгэц-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийн учир холбогдолтой сонин зүйл ажиглагдав. Монгол хүн, “хорвоотой танилцах”-даа “хулхи” ба “хулхидах”-тай хэрхэн танилцсан билээ? гэж бас эргэцүүлж болох. Хүн ба амьтанд хуйх, хулхи, нальх (налих), бүлх, хөлх, өөх, хөх, сэвх, зовхи г.м. нэгэн зүйл сонин эд эрхтний зүйл байдаг бөгөөд эдгээрийн аль аль нь уян хатан, хөвсгөр зөөлөвтөр төлөв байдалтай, хөлхөж хөдөлж байдаг, цайвар өвөрмөц өнгөтэй, нэг юмыг нөгөө эд зүйлтэй нь холбосон эсвэл хучсан эмзэг сонин эд эрхтний зүйл болно. Эрдэмтэн Я.Цэвэл гуайн “Монгол хэлний товч тайлбар толь”-д. “нальх”-ыг “Хүн, амьтны нүдний доод булангийн хөлх…” гэж, “хулхи”-ийг “Чихний дотоодод хуралдсан хаг мэт зүйл. Хуурай хулхи, нойтон хулхи…, хэлц: хулхи нь буух, хулхидаж, хулхий нь буулгаж номхруулан авах…” (728-р тал) гэж тайлбарласан байна. Монгол хэлний толь бичгүүдэд “хулхи”-ийн шилжсэн утгууд, ойролцоо утгууд, хэрэглээний олон хувилбаруудыг төдий л тайлбарлаагүй байдаг ч, “хулхи” хийгээд “хулхидах”-ын утгуудын хувьслыг танин мэдсэний үндсэн дээр ярианы хэлний болон бичгийн хэлний хэрэглээнд орон зай, цаг хугацаа, тоо чанар, өнгө зүс, хэлбэр дүрс, учир шалтгаантай нөхцөлдүүлэн олон янзаар ойлгож, хэрэглэж ирснийг өнөөгийн утгазохиолын яриа, бичгийн баримт харуулсаар байдаг. Нүүдлийн соёл иргэншилт монголчууд, хүн ба амьтны чихний уг мухар хийгээд чихний хөндийд байрлах “хулхи”-аас үгийн утга шилжүүлэн, монгол хүний хийсвэрлэх ухаан, эдийн ба оюуны соёл, уран сайхны зүйрлэл буюу метафорын тусламжтайгаар хэд хэдэн өөр “хулхи”-ын хувилбар үг хэллэг үүсэж, хэрэглээ давтамж нь өссөөр өнөөдөр “хулхидах”-ыг хүртэл хөгжүүлсэн байгаа нь сонин байна.
I. “Хулхи шар” (бурхи): нас гүйцсэн, бараг л муухан эр хүнээс ч хашир догь болчихсон, дошноосоо төдий л холдож идшилдэггүй, өглөө, өдөр, оройн гараагаа зөрүүлж гардаг, нүхнийхээ мухарт шигдэж, эсвэл нүхэндээ хөлхөж, “нэгийг бодож, хоёрыг мэргэлэн” нэгэн насыг авдаг хөгшин, шар тарвага. Ийм хамшир хулхи шар бурхины хэвэл, чихний тус газар, шанаа, хэнхдэг, цавь тэргүүтэн нь шарангуйлж, махир хоёр соёо шүд нь элэгдэн тэгжийж, хөгц идсэн мэт шар болсон байдаг. Манай Монголчууд хашир догь хүнийг “долоо буудуулсан чоно шиг”, “хөгшин хулхи шар бурхи шиг…” гэж зүйрлэн хэлэлцэнэ. Манай Заг-Байдрагийн Хүрэн бэлчир бол тарваганы орон байлаа. Манай суманд “Хашир Дорж” гэж нэг сүрхий малчин хүн байсан. Зарим хүн Дорж гуайг “Хашир шар бурхи шиг” хүн гэлцэхийг сонсоод, Дорж гуайг харахлаар нээрээ л “хашир шар тарвага” шиг санагдаж, инээд хүрдэг байж билээ. Нөгөө талаар бодоход бид “хулхи”-тай анх ингэж л танилцаж байж дээ.
II.”Хулхи шар” (тааран шуудай буюу тампуу): Ноос ноолуур чихэж хийдэг, чанар сайнгүй, улхайж хулхайж сунадаг таар буюу даавуугаар хийсэн шуудай савыг хэлнэ. Намайг дунд сургуулийн сурагч байх үед Говь-Алтай, Завханы мал тууварчид манай Заг-Байдрагийн Хүрэн бэлчирийг дайран явна. Тууварчдын түрүүч ирэх нь их сонин. Алтайн тууврын хонь ямааг хяргадаг, үс ноосыг нь авч улсад тушаадаг хэд хэдэн “хяргах бааз” байгуулдаг байж билээ. Бидний хэдэн хүүхэд ааваа дагаж, нэг бүл болж, Алтайн тууврын хонь хяргана. Хяргасан ноосоо шуудайлах, чихэх гэж нэг хүүхдэд ахадсан яггүй ажил байдаг. Хүүхэд ахуй цагт олон л шуудай ноос хяргаж, их мөнгө олбол бас их баярлана. Бусадтай өрсөлдөнө, уралдана, зарим өдөр гараа цэврүүттэл хонь, ямаа хяргадаг байсан сан. Ноосоо чихдэг тааран тампуу шуудайг “годон цагаан”, “гоолиг бор”, “хулхи шар” г.м.-ээр нэрлэж, “өхөөрдөнө”. “Хулхи шар” (тампуу) бол хулхайж халхайсан явдалтай эд. “Хулхи шар”-д тун их ноос орно. Юм хийгээд хийгээд хийсний шинжгүй, чихээд чихээд чихүүлсний шинжгүй хулхайгаад л, гөлийгөөд л байна. Хэдүүл хамжиж байж, оройхон шиг ганц хоёр “хулхи шар”-ыг номхруулж (дүүргэж) авна даа, хөөрхий. “Хулхи шар” бол мөнгө… Нэг хоёр “хулхи шар”-ыг дүүргээд жинлүүр дээр тавьчихвал их л маадгар байдаг байж билээ. Хонь мал тааруухан хяргадаг залуус нөгөө “хулхи шар”-аа дүүргэж бүр барахгүй болохлоороо ноосон дотроо чулуу, шээг, хонхорцогтой ноос, хонь ямааны баас, хог car сэлтийг боож хийж хиллүүлж, пүүлэгчийг “хулхидах” гэж оролдож байгаад баригдан, хөгөө дэлгэдэг байж билээ… Дээд сургуулийн оюутан болсон цаг. Батсүмбэр, Жаргалант гээд сангийн аж ахуйд намар төмс, хүнсний ногоо хураахаар анги курсээрээ явна. Энд нөгөө “хулхи шар”-тайгаа дахин учрах нь тэр. Ногооны талбайд эсвэл зоорины гадаа нөгөө хуучин танил “хулхи шарууд”-ыг төмсөөр дүүргэнэ гэдэг бэрх ажил. Нэг дүүргээд авсан ч өргөх үүрэх, зөөх тээх гэдэг нь бэрхийн бэрх. Муусайн “хулхи шарууд”-ыг төмсөөр л дүүргэхээс өөр замгүй, чулуу мулуу хольж “хулхидах” арга чарга байхгүй. Төмсний талбайд чулуу олдохгүй, чулуу олж хийгээд “хулхидлаа” гэж бодоход, түүнийгээ дааж, үүрч дүүрнэ гэдэг нь санахын гарз. Ингэж оюутан байхдаа “хулхи” хийгээд “хулхидах”-тай улам лавшруулан танилцаж явжээ. Бидний эх сайхан монгол хэл маань “хулхи” гэдэг нэр үг, “хулхидах” гэдэг үйл үгийн үүрэг, хэрэглээг тээж, улмаар тэлж, хэрэглээний өнгө үнэлэмжийг нь хувиргаж, “хулгар шар бурхи”-наас “хулхи шар тампуу”-руу улмаар “хулхи шар эр”-ийг хүртэл нэрлэдэг үг хэллэг болгон хөгжүүлж, хүлээн авсан байгаа нь хэл-соёл, танин мэдэхүй, хэлний хэрэглээнд үгийн утга, эрчмийн нэвчих үзэгдлийн сонин жишээ болно.
III.”Хулхи эр”: Ам, ажил зөрүүтэй, нааш цааш холхио явдалтай, хөлхөө үгтэй хүн. Ардын ярианы хэлэнд “Тэдний тэр гэж нэг хулхи шар юм”, “Түүний нөхөр гэж нэг хулхи хар юм”, “Манай дар”га гэж нэг хулхи хөх юм” гэж ярилцах нь захаас аван сонстоно. Эндээс харахад “хулхи эр” заавал “шар” байх албагүй нь харагдаж байна. Уран сайхны зохиолд “хоч нэр” болгон хэрэглэж, хүний нэрийг чимж ийн сайхан жишээ, өвөрмөц нэгэн хэв шинжит дүр бол төрийн шагналт зохиолч С.Эрдэнийн “Малын хөлийн тоос”, “Хулан, Цамба хоёр”, “Хулан бид хоёр”, “Гучин жилийн дараа…” өгүүллэгийн “Шар Цамба” гээд л ойлгочихож болмоор санагдана.
IY.”Хулхи бараа” (шарласан бараа): Монгол хэлний “хулхи” гэдэг үгийн үнэлэмж, хэрэглээний утга нь алгуур аажим өөрчлөгдсөөр 80-90-ээд оны зааг үеэс хар захын шарласан бараа таваарыг нэрлэдэг “хулхи бараа” гэдэг хэллэг үүсэж, маш их давтамжтай хэрэглэгдэх болов. 90-ээд оны зааг үеэс монголчууд зах зээлд шилжин элдэв гадаад орны агуулахын мухарт он удаан жил хэвтэж дарагшсан, хугацаа, баталгаа нь өнгөрчихсөн, шарлаж өгөршсөн, хүн тоож, нохой шиншлэхээ бараг больсон, чанар муутай хуурамч “шарласан бараа” (Yellow goods)-r эхлээд нэг хэсэг нь “үүргэвч”-ээр, нөгөө хэсэг нь тааран “торой”, “гахай”-гаар дараагийн бэл бэнчинтэй хэсэг нь “машин”-аар, бүр тэгээд “галт тэрэг”-ээр зөөж авчраад, “хар захууд”-аар дүүргээд хаячихжээ. “Хулхи бараа”-тай цуг “хулхичид”-ын бүлэглэлүүд үүсэж, “хулхидах” гэдэг үйл үгийн утга, үнэлэмж маш түргэн өргөжин тэлж, “хулхидах”, “хулхидуулах”-тай холбоотой үгс монгол хэлний үгийн сангийн үүд хаалгаар холхих болсон бөгөөд боловсрол, хүмүүжилгүй залуусын аман үзүүрийн уншлага үг болж хувирав. Ингээд бодохлоор монгол хэлний “хулхи” хийгээд “хулхидах”-ын утга, хэрэглээ нь нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн-хэлшинжлэл, тархац-хэл шинжлэлийн учир холбогдолтойгоор тэлэн тэлсээр хүний чихэнд хөлхөгч “хулхи”-наас, газрын нүхэнд холхигч “хашир шар бурхинд”, улмаар ноос ноолуураар дүүргэж, гадагш дотогш гулсагч “таар шуудай саванд” шилжин, улам цаашилсаар зах зээлийн хаялга давалгаанд лангуунаас лангуунд мөлхөгч, агуулахаас агуулахад дамжин хэвтэгч “шарласан барааны” нэр болж, бүр тэгээд наймаачин панзчин хүнд хамаатай үг хэллэг болон хувирсан ба бүр эцэстээ улс төрийнхний хүрээ рүү орж, хий амлагчид, хууран мэхлэгчид, молиго үмхүүлэгчид, танхайрагчдыг нэрлэдэг үг хэллэг болон утга, үүрэг хэрэглээний өнгө аяс нь өөрчлөгдсөөр, сөрөгутга, үнэлэмжийн тал руугаа давамгайлах болжээ гэж үзэх үндэстэй байна. Ингэхдээ “хулхи”-ийн утга, үүрэг, хэрэглээ нь уг чанартаа нүүдэлчдийн сэтгэлгээ, хэл – соёлын хүрээн дэх танин мэдэх, мэдсэнээ мэдээлэх арга, “метафор”-ын учир холбогдолтойгоор л ийнхүү эерэг, сөрөг үнэлэмжтэйгээр өргөжин тэлжээ. Харин “хулхидах” хэмээх үйл үгийн утга нь юуны хүчээр өргөжин тэлэв ээ?! Энэ бас л нарийн учиртай. Энд “хулхи” гэдэг нэр үгийг “хулхидах” гэдэг үйл үг болгож, маш өвөрмөц захирах холбоонд оруулан, сөрөн үйлдэгч -хэрэглэн үйлдэгч – өртөн үйлдэгч гэсэн гурван үйлдэгчийн харьцааг үүсгэн, гол төлөв өгүүлэгчийн сөрөг үнэлэмжийг илэрхийлдэг, ямар нэг юмыг нөгөөгийн эрхшээлд оруулах, сөргүүлэх, хүчирхийлэхутгыгтээгч бүтээвэр-үйл үг бүтээх “-д, -т” дагаварт хамаг учир нь байдаг гэж үзэж болно. Тухайлбал, монгол хэлний энэхүү “-д, -т” дагаврын тусламжтайгаар: …алгадах, авилгадах, бярдах, галдах, торлогдох, хавсайдах, шаахайдах, шанаадах, баавардах, заамдах, бороохойдох, бүлгэмдэх, дүрэмдэх, дугуйландах, билүүдэх, чулуудах, сэрээдэх, халбагадах, хүрздэх, молигодох, хулхидах, гүжирдэх, гөрдөх, шордох, гүрэмдэх, дүрэмдэх, донгодох, зусардах, зулгуйдах, шоотогдох, шомбодох, хүчиндэх, бангадах, төмсөгдөх, дэлдэх, сүүлдэх, чомбодох, гэсгүйдэх, ухнадах, салтайдах, түймэрдэх, эрүүдэх… г.м. нэг бүл тусах үйл үг үүсдэг жамтай байна. Энд үйлдэгч ба үйлдүүлэгч, үйл хоорондын харьцаа, өгүүлбэрийн бүтэц- найруулгын загвар нь:
…Дорж, хүнийг гараар хулхидна…
…Дорж, тарвагыг сумаар хулхидна…
…Дорж, сонгогчийг үгээр (алт мөнгөөр) хулхидна гэсэн байдалтай болно.
Монгол хэлний нэрээс үйл үг бүтээх дагавруудын дотроос тусах ба эс тусах үйл үг үүсгэх чадамжаараа, эрхшээн сөргүүлэх, хүчирхийлэх нэгэн өвөрмөц хэрэглээний утгатай үгс үүсгэдгээрээ “-д, -т” дагавар тун онцлог, өвөрмөц шинжтэй нь өмнөх баримтаас харагдаж байна. Гэтэл энэ чадамж, хэрэглээ, найруулгын давтамж нь монгол хэлний “-д, -т” дагавар янз бүрийн хэлнээс монгол хэлэнд орсон бараг бүх гадаад үгэнд “залгагддаг”, “наалддаг” онцгой шинжтэй болох нь дахин илэрч байдаг юм. Тухайлбал араб, перс хэлнээс зээлдэгдэн орсон үгсээс аваад, манж, төвд, хятад, санскрит, бүр тэрчлэн грек, латин, англи, орос зэрэг өрнө дахины үгстэй “-д” дагавар сайхан “нөхөрлөнө”, огт дайсагналцдаггүй онцлогтойг нь олон жишээгээр баталж болно. Үүнд: архи+д+х, банздах, банзалдах, бооцоодох, бэрээдэх, ганжиндах, ганзайдах, гоймондох, шанздах, гуанздах, гуалиндах, гүрэмдэх, гэсгүйдэх, даалуудах, даржиндах, догжирдох, доромдох, дэнчиндэх, ёоздох, ёотуудах, жавтийдах, жонхуудах, заазуурдах, зарлигдах, индүүдэх, инчдэх, кинодох, канондах, компанидах, лангуудах, ломбодох, луйвардах, муутуудах, онигоодох, машиндах, пянздах, пааландах, сампиндах, скочдох, сийлүүдэх, сойздох, тарнидах, үүлүүдэх, халтуурдах, хуушуурдах, чийчаандах, шанздах, шоудах, эрзээндэх, юүлүүрдэх, янхандах, ярлыкдах… г.м. А-Я толгойт үгэнд шууд залгагдаж чаддагийг тоочин хэлж болох. Ерөөсөө монгол хэлний “хулхидах”-ын “-д” дагавар үгийн сангийн үүд хаалгаар харь хэлний үг орж ирж, хэрэглээнд орохыг “андахгүй”, түүнтэй “нөгцөх” нь ч тун амархан. Тухайлбал, харьцангуй сүүлийн үед орж ирсэн, хэрэглээ нь идэвхжиж байгаа ресторан, баар, спонсор, гааз, реклам, лак, шоу, эмульс, пилта, вакцин, лобби, хобби, факс, секс, бизнес, мессеж, э-мэйл г.м. үгийг ресторандах, баардах, спонсордох, гааздах, рекламдах, лакдах, эмульсдэх, пилтадах, вакциндах, лоббидох, хоббидох, факсдах, шоудах, сексдэх, бизнесдэх, мессеждэх, э-мэйлдэх г.м.-ээр удаж төдөлгүй л “үйл үг” болгочихно. Ингээд бодохлоор “хулхи”-ийг “хулхидах” болгодог, “баар”-ыг “баардах” болгодог “-д” дагаварт нэг тусгай шинж байна аа даа. Харь хэлний үг, жаахан “базаахгүй” утгатай үгстэй “ойртож, хавьтаж, залгагдаж чаддаггүй” бусад дагаврууд нь энэ муу “-д” дагаварт жаахан атаархаж, яаж нэг “хулхидах вэ!” гэж “бодож явдаг” байж ч магадгүй юм шүү! Ер, тэгээд харь хэлний үгсийг “хоббидох” дуртай “-д” дагаврыг дэндүү их “лоббидож” болохгүйг зөв найруулга, зөв хэрэглээ, эх хэлний соёлыг эрхэмлэгч хэн бүхэн мэдэж авахад илүүдэхгүй билээ. Өдгөө цагийн өнгө аяс, хүн-нийгмийн хандлага, зан үйлийн өөрчлөлт, хэл-соёлын орон зай, цаг хугацааны орчлыг ажваас, хүнийг хулхидахад нударга хэрэглэдэг, талын шар бурхийг хулхидахад сум хэрэглэдэг, сонгогчдыг хулхидахад үг, өгүүлбэр, мөнгө зоос хэрэглэдэг гэж хэлэх үндэстэй болов. Монголчууд бид, нэг мэдэхнээ, хулхидаад байх хулгар шаргүй болчихов. Иймээс бие биеэ нударгалж хулхидах, эс бөгөөс бие биеэ үгээр хулхидахад хамаг ухаан, хамаг боловсрол, хам цаг зав, хамаг өмч хөрөнгө, хамаг арга мэхээ хэрэглэдэг болсоор сонгуулиас сонгуультай золгодог адгийн муухай зуршил дуршилтай болж байна. Эрдэнэт хүнийг угээр хулхидахын гол хэрэглүүр, гол зэвсэг нь үгэн сум юм. Үгэн сум бол тархийг угааж, зүрхийг онохдоо гаатай мэргэн гэж нэгэн яруу найрагч бичсэн нь бий. Монгол хэлний “хулхидах”, “хулхцдуулах” гэдэг үйл үгийн утгын орчил, “үгээр хулхидах”-ын наад захын тодорхой жишээг 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн афоризм, “уриа үгс”-ээс хэдхэнийг цуглуулаад ажиглалт хийхэд л тодорхой харагдахаар байгаа юм. Тийм хийсвэр, “хулхи өгүүлбэрүүд”-ийн үндсэн хувилбар нь “Би + … төлөө +… -я, -е, -ё!” гэсэн загвартай юм. Их хурлын сонгуульд нэр дэвшигчдийн зарим “уриа үгс”-ээс хэдийг цуглуулж, нэгэн бичил эх бичвэр бүтээж үзвэл сонин мэдээлэл бий болно. […] Цаг ирлээ. Шинэ цаг ирлээ. Би ирлээ. Эх орон минь – миний шүтээн. Эх орон дуудаж байна! (Жич, зөвхөн нэгэн нэр дэвшигчийн энэ тунхаг, уриа дуудлага маягтай үг нь Оросуудын, эх орны дайны үед хэлж бичиж, энд тэндгүй нааж, суртал ухуулгад ашиглаж байсан: Военная присяга:, Военный призыв: “Мать — Родина зовет!”-ийг санагдуулам болсон нь сонин хуулбар гэмээр…) Их үйлсийг энгийнээс эхэлье. Монгол орноо аваръя. Эх орноо цэвэрлэе. Монгол хүнээ дээдэлье. Монгол оюунаа дэлгэрүүлье. Монгол улсаа хөгжүүлье. Ард түмний хөрөнгийг хэмнэе. Таны мөнгийг хэмнэе. Иргэддээ эрдэнийн хувь хүртээе. Эвтэй дөрвийг сонгож, эрдэнийн хувь хүртээе. Цэх төрийг байгуулъя. Цэлмэг хотыг сүндэрлүүлье. Би, урвдын адил зүтгэе. Эх орон, эгэл түмний төлөө зүтгэе. Таны л асуудлыг шийдье. Тунгалаг төр, чинээлэг иргэний нийгмийг байгуулъя. Биеэ чагная. Төрийн анхаа
рлыг хөдөө рүү чиглүүлье. Зогсонги үйлдвэрлэлийг хөгжүүлье. Иргэн, зочин хоёрыг байр байранд нь тавья. Утаагүй Улаанбаатарын төлөө! Метро манай унаа болох цаг ирлээ. Одоо сонго, одоо л зүтгэе. Зөв сонголт хийе! Ёс зүйтэй гэмээр удирдагчийг сонгоё! Нэг, хоёрын, гурав аа, хамтдаа зүтгэе!, Ардчиллын “дөрвөн бэрх”-ийг сонгоё, Монгол төрийн шигшээ багийг бүрдүүлж, дэлхийд өрсөлдье!, Ардчилалын 3-ыг бөөндөе. Шударга улс төрч сайдаа сонгоцгооё!… г.м. өгүүлбэрүүд нь өгүүлэгч буюу нэр дэвшигчдийн дотоод, гадаад ярианы талаасаа, нийгэм ба хувь хүний сэтгэлзүй, мэргэжил боловсрол, мэдлэг туршлага, зорилго, зорилтын талаасаа янз бүр контексттэй үүссэн боловч тухайн өгүүлбэрийн санааны бүтэц, үнэнд харьцах харьцааг нь хэмждэг “Хэн, хэзээ, хаана, юуны төлөө, юуг, яаж, яав?” гэсэн асуултаар түншиж үзвэл ихэвчлэн нэгдүгээр биеэс “би”-члэн хэлсэн үйлдэгч эзэнтэй, ирээгүй цагийн явдлыг “шийдэн хүссэн” баймж утгатай, үнэний харьцааны гол зүйлс болох орон, цаг нь тодорхойгүй, хийсвэр, хүсэл зорилгын шинжтэй өгүүлбэрүүд болох нь харагдаж байна. Иймд манай мэргэн ардууд, хал үзэж, хашир суусан сонгогчид “Энэ мэт уриа үг, өгүүлбэрүүд нь улстөрчдийн “хуурамбаа” буюу эрчим энерги муухантай, хулхи өгүүлбэрүүд байх бий вий!” гэж сэжиглэсээр байгааг цаг үе хэлж, олон нийт сануулжбайна. Монгол хэлний “хулхидах” гэдэг үйл үг нь дандаа сөрөг утга, үнэлэмжтэй биш юм. Энэ үг нь уг байгза яг зөв оновоос, тухайлбал, муу хүний гэм зэмийг, муу улс төрчийн бульхайтай явдлыг, муу засаглалын хор уршгийг, муу нэр дэвшигчийн хуурамбаа үгийг “яг сайхан хулхиар нь оновол” эерэг үнэлэмж, утгатай болох жишээтэй юм л даа. Эцэст тэмдэглэхэд, их бичгийн хүн нэрт яруу найрагч, дуун ухаантан, ноён хутагт Данзан Равжаагийн хэлсэнчлэн, сонгуульд нэр дэвшигчдийн үг, өгүүлбэрүүдийн “Үг утга хоёр нь дохио санал хоёр” болж эс чадан, ам, ажил хоёр нь зөрвөөс монгол хэлний “хулхи” хийгээд “хулхидах”, “хулхидуулах” зэрэг үгийн сөрөг үнэлэмж улам ихсэхийн зэрэгцээ хэлийг хэрэглэгчийн эх хэл, соёл, ёсзүйн боловсролд муугаар нөлөөлөх талтай байж болохыг энэ өчүүхэн зүйлсийг холбон найруулах дашрамд тэмдэглэе.

Хэлшинжлэлийн ухааны доктор Б.Пүрэв-Очир

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: