Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Бүтээвэр, бүтээвэр, бүтээвэр …


Б.Пүрэв-Очир (МУБИС-ийн эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор, хэлшинжлэлийн шинжлэх ухааны доктор, профессор)

Ц.Дамдинсүрэн гуай 1950 онд “Гэсэрийн туужийн түүхт үндэс” гэсэн сэдвээр хэлбичгийн ухааны дэд эрдэмтний зэргийг Москвад хамгаалжээ. Эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Эрдмийн цол зэрэг олгох дээд комиссоос 1972 онд  хэлбичгийн ухааны докторын зэрэг олгожээ. Тэрээр 1957 онд профессор цол хүртэж, 1961 онд БНМАУ-ын ШУА-ын жинхэнэ гишүүн буюу академичаар сонгогджээ.
Зэрэг дэвий нь харсан ч, хийж бүтээсний нь бодсон ч Цэндийн Дамдинсүрэн бол манай улсын хэлбичгийн нэртэй том эрдэмтэн судлаач байсан бөгөөд “Хичээл билгээ гаргаж, хэлбичгээ хөгжүүлэх” үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн, үлдээсэн их өвтэй, үнэт сайхан зүйлтэй өвгөн профессор байжээ. Тэрээр “Өөрийн намтар”- таа: “1950 оны 8-р сарын 22-нд Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргаар томилогдов. Энэ ажлыг 3 жил хийв … Надад хамгийн аюултай нь эрдэм шинжилгээний ажил хийх бололцоог алдав. Өдөр бүр 8 цаг захиргааны ажлыг хийгээд, үдэш элдэв хуралд хуралдаад, эрдэм шинжилгээний ажил хийх зав огт үгүй болов. Ийм учраас би Шинжлэх ухааны хүрээлэнгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг байн байн гуйдаг байлаа. Чөлөө гуйж байгаа зорилго маань бол эрдэм шинжилгээний ажлыг хийх бололцоог олж авах явдал болно. Эх орондоо би энэ ажил дээр л үр бүтээлийг гаргаж чадмаар байлаа. Ийм ч бэлтгэлийг Зөвлөлтийн эрдэмтдийг дагаж суралцан, олж авсан байлаа. Монголын өв соёлыг судлах хүн тун чухал бөгөөд тун ховор байлаа …” гэж бичсэн байдаг.
Монголчуудын хэл, соёл, түүхийн өв ч арвин их юм. Ц. Дамдинсүрэнгийн оруулсан хувь нэмэр, бүтээж үлдээсэн өв, үнэт зүйл ч чамлалтгүй юм. Ингээд бодохлоор тэр их эрдэмтний хэл бичиг, соёлын судлал, найруулах эрдмийн их туршлага, өв уламжлал, үнэт зүйлсээс нь өнөө үеийнхэн өвлөн суралцууштайяа.
Ц. Дамдинсүрэнгийн “Өчүүхэн дөрвөн үлгэр”(1927)- ээс хожмоо бичсэн “Хожуул” шүлэг(1973); “Гологдсон хүүхэн”(1929) тууж, түүнээс бүр хожим хэвлэгдсэн “Сайхан хүүхэн”(1982) баримтат өгүүллэгийг нь хүртэлх тэр олон зохиол бүтээлийг нь үгийн сан, үг-өгүүлбэрийн бүтэц, байгууламж, хэл найруулга, уран дүрслэлийнх нь талаас тусгайлан судалж, задлан шинжилж, бүтээлийнх нь онцлог, бусдаас ялгарах өвөрмөц туршлагыг нь тодруулах цаг нэгэнт болсон мэт санагдана.

“Ихийг хийх багаас эхэлдэг, хол явах ойроос эхэлдэг” жамтайн учир “Дамдинсүрэн судлал” – ыг ч бага зүйлээс, ардын уран зохиолчийн туурвилзүй,  зохиол бүтээлийнх нь хэл найруулгын онцлогийг задлан үзэх ажлаас эхлэн, нэг чиглэл болгон хийж болох мэт бодогдоно. Ардын уранзохиолч Ц.Дамдинсүрэнтэний мэндэлсний 100 жилийн ойд зориулан гаргаж буй цуврал судалбарынхаа энэ удаагийнхыг буюу 8 дугаарыг бид “Бүтээвэр, бүтээвэр, бүтээвэр …” гэсэн өчүүхэн жижиг сэдвээр холбон найруулж байна. Ингэхдээ эрдэмтэн – зохиолч Ц. Дамдинсүрэнгийн зохиол бүтээлдээ хэрэглэсэн зарим сонирхолтой бүтээвэр (дагавар, нөхцөл г.м) – ийн найруулгын онцлог, утга, өнгө аяс, хэрэглээний онцлогийг нийтийн хэлний боловсрол, бичих найруулах чадварт хамаарах талаас нь сонирхож, хоёр нэг санаа тайлбар хийхдээ  4 зүйл үг, бүтээврийг сонгож, хэдэн санаа тайлбарт  анхаарлаа хандуулахыг зорив.

Ер, “бүтээвэр” (утгат хэсэг ч гээд хялбаршуулан ойлгочихож болох), “бүтээврийн утга, найруулга” гэдэг зүйл бол үг ба нөхцөлийг хослуулан, тодорхой харьцаа, дэс дараалалд шүтүүлэн холбон холбосоор “эх” (текст) – ийг сүлжилдүүлэн бүтээдэг үндсэн мах бод – бага нэгж юм. Ц. Дамдинсүрэнгийн зохиол бүтээлүүдийн хэл найруулга, уран дүрслэлийг ажиглаад байхад, бүтээвэр, үг, өгүүлбэрийг онож сонгох, зөв байрлуулах, зөв холбон нөхцөлдүүлж хэрэглэх, зөв бичих, зөв хэвшүүлэх, зөв хувилбараар солих, улмаар эхийг зөв бүтээх, хэлбэршүүлэх, эхийн олон янз санааг зөв авцалдуулан цогцлоох талаар тун анхааралтай ханддаг, туурвин бичих ухааны үлэмж их мэдлэг чадвартай, тийм сайн “утгач”, “найруулгач” байсан нь харагддаг. Энэ бол нэг талаас, тэр хүний эх хэлний болон гадаад хэлний бичиг үсгийн боловсрол тун өндрийнх, нөгөө талаас, үлэмж билиг авьяастайнх юм. Эрдэмтэн – зохиолчийн баримтат, үргэлжилсэн үгийн, яруу найргийн, эрдэм судлалын г.м. тэр олон арван зохиол бүтээл дэх “бүтээвэр” буюу “утгат хэсэг”-ийг цахим хэлшинжлэлийн аргаар бүтэц, давтамж, утга, үүрэг, хэрэглээ, найруулгын өнгө аясы нь судалбал их сонин ажил болох учиртай юм. Энэ ажил эхлээ ч үгүй л байх шиг. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ХИС-ийн хэлний сектор, мэргэжлийн тэнхим, лабораториуд үүнийг хийж эхэлмээр санагдана. Манай монголын хэдэн сайн зохиолчийн бүтээлүүд дэх “бүтээврийн сан” – г компьютер – хэлшинжлэлийн аргаар тусгайлан судалчихвал монгол хэлний язгуур, дагавар, нөхцөл бүтээврүүдийн хувилбар, давтамж, хэрэглээ, идэвхтэй, идэвхгүйг гаргасан “мэдээллийн сан” – тай болчих нэг ач холбогдолтой зүйл байгааг энэ ташрамд дурдъя.

Зохиолч Ц. Дамдинсүрэн, зохиолуудынхаа хэл найруулгад түүхэн ба орчин цагийн сонин сонин бүтээврийн  бүтэц, утга, үүрэг, хэрэглээний ялгамж, хувилбарыг нь нарийн бодож, хэлшинжээчийн билгийн нүдээр харж, хэрэглэсэн байдгаараа бусад зохиолчоос онцлог байна.

1.    “Хүний оронцог” –ийн -нцог, “Гаднаа гяланцаг” –ийн -нцаг …
“Чемодантай юм” (1965) өгүүллэгээс нь баримт татаж харъя:
– Бүсгүй минь! Сэтгэл чинь жаахан зовж байгаа юм шиг байна. Чиний сэтгэлийн зовлон, сайн нөхөртэйгөө уулзахлаар дороо арилчихна. Харин миний сэтгэлийн зовлон бол үхтэл арилахгүй. Би Улаанбаатарт хөлөө эмчлүүлэх санаатай явж байгаа хүн. Хүн ч гэж дээ, харла, хүний оронцог!  Залуудаа би бөх ухаантай юм явлаа. Харийн хошууны сайн бөхчүүдийн тойгийг мулталж, хөлгүй болгосон …

Өгүүллэгт дүрслэгдэж буй бөх – өвгөний сэтгэлийн эмзэглэл, дотоод зөрчлийг, тэрчлэн хүний орон тоо бөглөгч гаднаа гяланцаг, дотроо паланцаг – Цээмаагийн дүрийг илэрхийлэхэд зохиогчийн сонгож хэрэглэсэн “хүний оронцог” гэдэг хэллэг, “ –нцог,  -нцаг …” хэмээх бүтээврийн утга, хэрэглээний өнгө аяс, үнэлэмж нь найруулагадаа гойд аятайхан тохирч, чухал үүрэг гүйцэтгэжээ. Нүүдлийн соёл иргэншилт монголчуудад “хүнд оронцог, малд ортоом байдаг” –ийг ялган нэрлэдэг үг хэллэг ба бүтээвэр үүссэн байдаг нь тун сонин зүйл юм.

Монгол хэлэнд -нцар, -нцор, -нцэр, -нцөр (Жишээ нь: хуванцар, уутанцар, савханцар, тэргэнцэр, аманцар, дарганцар, мөөгөнцөр г.м); -нцаг, -нцог, -нцөг, -нцэг (Жишээ нь: оронцог, элэнцэг, гяланцаг, паланцаг г.м); -мцаг, -мцэг, -мцог, -мцөг (Жишээ нь: хярамцаг  мах, тарамцаг боржин чулуу г.м.) гэх зэрэг нийлмэл бүтэцтэй, гол нь авиалбар сэлгэлтээс үүссэн хэдэн өөр хувилбартай бүтээвэр байдаг. Эдгээр бүтээвэрт бүтцийн болон хэрэглээний утга, үүргийн ялгамжаа гарч, үг хэллэгийн утга салаалахад нөлөөлсөн байдаг. Бас хүн ба хүн бус, амьтай ба амьгүйгээр ялгамжаатай хэрэглэдэг зүй тогтолтой юм. Эрдэмтэн – зохиолч Ц. Дамдинсүрэн “Чемодантай юм” –даа: нэг талаас, Зааны ясан савх шиг цагаан хуруутай гараараа нуурын ус шиг долгиотсон хар гэзгээ илээд, эрвээхийн далавч шиг эрээн мяндсан алчуураараа янзаган нарийхан хүзүүгээ ороогоод, салхинд ганхсан хонгор зул шиг гунхалзан сууж байгаа (Хээрийн бор галуу шиг Бумаагийн дэргэд …) гаднаа гяланцаг, дотроо паланцаг Цээмааг, нөгөө талаас, атгаг санаа, жалга довны хуучинсаг сэтгэлгээний харгайгаар харийн хошууны сайн бөхчүүдийн тойгийг мулталж, хөлгүй болгоод, хожмоо гэм зэм нь өөр дээр нь буусан бөх өвгөн буюу хүний оронцогийг дүрслэхэд “ -нцаг, -нцог” –тай үгийн найруулгын үүргийг айхавтар нарийн ажиглаж хэрэглэсэн туршлага нь сонин байна.

2.    “Байз” –ын “ -з” бүтээврээс түр үйлдэхийн утгыг хайвал …
Ц. Дамдинсүрэнгийн болон бусад зохиолчид, сэтгүүлчдийн ном зохиолыг
үзжээ байхад “байз” гэдэг сонин үг олонтаа тохиолдоно. Энэ бол “бай + з” гэсэн үг, нөхцөлийн хослолтой, хэрэглээ, давтамж ихтэй сонин үг юм. Жишээ нь:
… Гэтэл нэг хөгшин хашир чоно:
–    Байз! гэж түүнийг зогсоогоод … (Ц. Д., “Хэнз хурга” өгүүллэг),
–    Тэр цагаан юм юу юм бэ? Өвгөн гуай, хэлж өгөөч гэж гуйсанд, өвгөн нүүрээ үрчийлгэн, нам дуугаар:
–    Байз, байз! Хүү минь, тэр тухай энд ярьж болохгүй. Түүнээс далд орж байгаад хэлж өгье гэв. (Ц. Д., “Хоёр цагаан юм” өгүүллэг),
–    За, явах уу даа гэсэнд Дормэд,
–    За, байз даа, цаг эрт байна. Миний мотоцикл хэд ухасхийгээд л Улиастай хүрчихнэ. Нартай байхад бид очоод, юу хийхэв? Чөтгөр шөнө л явна гээд, мэргэн үг хэлсэндээ бахадсан мэт инээв. (Ц. Д., “Чөтгөр” өгүүллэг)
–    Чи байз! Миний үгийг сонс! гэв. (Ц. Д., “Шөнийн ан” өгүүллэг)
–    Нарны гэрэлд байзнахыг наадах нөхөр чинь хүсэж байна … (Ц. Д., “Нааланхай хоёр нүд чинь” шүлэг)
гэх мэтээр Ц. Дамдинсүрэн, “байз”, “байзнах” гэсэн үйл үгийг бичгийн хэлний найруулгад цөөнгүй хэрэглэжээ. “Бай + з”, “бай + з + на”  гэсэн үг, нөхцөлийн хослолууд, түүний утгыг нь харахлаар тухайн үйлийн тэрхүү орон, цагийн дотор түр буюу хоромхон зуур болох байдал болцыг л заагаад байгаа нь хэлийг хэрэглэгч – уншигч нарт ч, хэлийг шинжээч нарт ч тодорхой мэдрэгдэнэ.

Монгол хэлний шинжлэлд үйл үгийн байдлыг олон ангилж, түр үйлдэх байдлыг –зна, -знэ, -зно, -знө нөхцөлтэй, нийлэг аргаар илрүүлнэ гэсэн байдаг боловч тэрхүү “ –зна …” гэдэг нийлмэл бүтэцтэй бүтээврийн “ -з” нь юуны, ямар утгатай, “ -на” нь юуны “ -на” гэдгийг гарал төрлийн талаас нь тодорхой хэлээгүй, бүрхэгдүү байдаг. Тэгэхлээр, Ц. Дамдинсүрэнгийн зохиолууд дахь “бүтээвэр”, “бүтээврийн найруулгын үүрэг” –ийг сонирхож байх ташрамд, хэлний баримтаас ажиглавал “байз” гэдгийн “-з” бүтээвэрт тэрхүү түр үйлдэх байдлын утга байгааг, “ -на” –д нь одоо цагийн төдий (момент речи) утга байгааг анзаарч, нөгөө түр үйлдэх болц байдлын “ –зна …”– бүтээврийн бүтэц нь “бай + з + на” бөгөөд түр үйлдэх байдлыг заах “ -з” дээр, үйл үгийн одоо цагийн “ -на” нөхцөл – бүтээвэр наалдаж үүсчээ гэсэн нэгэн сэжүүр – таамнал гаргаж болмоор санагдав. Эрдэмтэн Дамдинсүрэн, үүнийг сүрхий зөв ажиглаж, “Байз!” “Байз!” “Байз!”, “Байзнаарай!” гэж олон дахин түр, түр анзааруулан хэрэглэснээр нэг сонин баймжит санааг хэлж орхисон мэт бодогдов оо. Хэлшинжээч нар аа, монгол хэлний “байз” –ын “-з” бүтээврээс түр үйлдэхийн утгыг хайвал ямар бол?…

3.    “ –хлаар …” бүтээврийг зөв хэрэглэхийн учир …
Монгол хэлэнд “ –х + аар …”, “ –хлаар …” (qu + luga + bar) гэсэн бүтэц, үүсэл гарвал, утга, үүргээрээ ялгаатай хоёр өөр холбох нөхцөл – бүтээвэр байдаг. Бичгийн ба ярианы хэлэнд энэ хоёр бүтээврийн утга, үүргийг сайн ойлгоогүйгээс болж, буруу хэрэглэх, будлих мунгинах тохиолдол зөндөө гардаг, эх бичвэрт нь найруулгын алдаа гарах явдал захаас аван үзэгддэг. Гол онцлог  нь “ –хаар …” нь ирээдүй цагт үйлээр нөхцөлдүүлэн холбодог  бол “ –хлаар, -хлоор, -хлээр, -хлөөр” нь болж өнгөрсөн хоёр үйлийг нөхцөлдүүлэн холбож, шалтгаан – үр дагаварт харьцаан дахь дагалдах утгыг нь заадаг. Иймээс “-хлаар …” –ыг “дагалдах нөхцөл үйл” гэдэг нь сүрхий оносон нэртомъёо ч юм шиг санагддаг.

Монгол хэлний “ –хаар …”, “ –хлаар …” нөхцөл – бүтээврийг хэрхэн зөв хэрэглэснийг тус бүр нэг хоёр жишээ – өгүүлбэрээс харьцуулан харъя л даа. Өөр нуршуу тайлбараар яах вэ?, учир нь хэлийг хэрэглэгч нар баримтаас суралцдаг сайхан аргаас сурууштайяа гэдгийг хэлэх гэсэн билээ.
Хүн өөрийгөө хамгаалахаар бодож олсон аргын эртний хэлбэр нь дом юм. ( Л. Түдэв ), “Зугаацахаар мордсон нь” (Ц. Дамдинсүрэн),

Элсэн говь нутагт
Эрдэмтэн шүлэгч байсан гэнэ.
Эгшигт сайхан шүлгий нь нь.
Эрж олохоор мордлоо. (Ц. Дамдинсүрэн),
Чамайг даараад байна аа гэхлээр
Шаргачин зээрийнхээ арьсаар хучлаа.
Чамайг эндээс явна аа гэхлээр
Шаргал талынхаа өвсөөр чөдөр зангидлаа. (Д. Нямсүрэн),
Дэргэд чинь зөндөөн байлаа
Дээл минь жиндээд хүйтэн байх юм.
Хаа хамаагүй түүний хажууд болохлоор
Ханцуйд нь ч гэсэн хоргодмоор байх юм. (До. Цэнджав),

Ар Сэмбэрүү нутаг нь
Арз хорзоор элбэг ээ.
Аршаалдаг шүлэгч нь эзгүй болохлоор
Амсаад ч би яах вэ дээ … (Г. Мэнд-Ооёо) г.м.

Ардын уранзохиолч Ц. Дамдинсүрэнгийн 3 боть зохиол дахь “ -хлаар” –тай жишээ, түүнийг нөгөө “ -хаар” –тай жишээтэй нь харьцуулан, найруулгад зөв, буруу хэрэглэснийг нь тооцоолж, сонирхож үзвэл, “ –хлаар …” –ыг 30-аад тохиолдолд, “-хаар”–аас ялгаж, ямагт зөв хэрэглэсэн сайхан туршлага бэлхнээ үлджээ. Энэ нь нэгд, монгол хэлний “ -хаар”, “-хлаар” гэсэн хоёр өөр бүтээврийн уг гарвал, бүтэц, ялгааг сайн мэддэг, хоёрт, олон дахин давтан хэрэглэж, найруулгынх нь утга, өнгө аясыг ялган салгаж ухаарсан, гуравт, энэ хоёр нөхцөлтэй үгийг монгол бичгээр хэрхэн яаж зөв бичдэгийг зохиолч андахгүй сайхан мэдэж, бичиж найруулдаг байсанд оршиж байх шиг санагдав. Үүнд:

Алтан нарыг шингэхлээр
Алд дэлэм хожуул
Амраг хүүхний дүрстэй … ,
Өвгөн багш өглөө босоод
Өлзийт наранг мандан гарахлаар
Өндөр ууланд зугаалахаар явав. ,

Үдийн нар шиг хонгор минь
Үзэгдэж гийгүүлээд ирэвч
Үйлтэй төрсөн би чинь
Үүлний сүүдэрт үлдэж байна.
Хар тунгалаг нүд нь
Хажууд ойрхон тормолзовч
Халдаад тэвэрьеэ гэхлээр
Хаана байгаа нь мэдэгдэхгүй. (Ц. Дамдинсүрэн),

– Бүсгүй минь! Сэтгэл чинь жаахан зовж байгаа юм шиг байна. Чиний сэтгэлийн зовлон сайн нөхөртэйгөө уулзахлаар дороо арилчихна (Ц.Д). г.м.

Ер, Ц. Дамдинсүрэн гуай бичгийн найруулгад үг ба бүтээврийг сонгох, солин найруулдаг боломжит хувилбарыг нь олж хэрэглэх талаар гайхамшигтай их туршлага хуримтлуулсан нэгэн байж. Тиймээс ч “Хичээл билгээ гаргаж, хэл бичгээ хөгжүүлье” гэдэг өгүүлэлдээ: “Олон түмний мэддэг үгс нь далай мэт өргөн байтал нэгэнт бичиж дадсан гэдэг хэдхэн улигт үгээр хамаг утга бүхнийг багтаан бичихийг оролдох муу заншлын үлгэр нь зуун адуутай хүн, нэг хоёр номхон морио үргэлж унаж, бусдыг ямагт салхи эдлүүлэн зэрлэг явуулах мэт буюу. Иймийн тул бичиг зохиолд аль болохоор  элбэг баян үгийг хэрэглэж оновчтой мэргэнээр найруулж, уншихад урамтай, ухахад мэдрэмжтэй болгохыг хичээвэл зохино.” гэж одоо ч хэрэгтэй тустай үгийг бүр 1933 онд сануулсан байдаг юм.

4.    “Тантайчсан хийгээд мантайчсан” –ы “ -ч” бүтээвэр …
Монгол хэл бол авиа дууриах болон гадаад дүр байдал дүрслэх үгсээр нэн баян. Дүрслэх ба дууриах үгсийн бие даасан аймаг бий. Дүрслэх ба дууриах үгс нь урансайхны найруулгад дүр дүрслэлийг уран тод, яруу сайхнаар илэрхийлэхэд маш өвөрмөц үүрэгтэй хэрэглэгддэг. Ялангуяа, үг давтах, хорших, найруулга тэгшитгэх, найруулгын авианы хэрэглүүрийг тохируулан зохицуулах үүргээр хэрэглэгдэх нь бүр ч сонин. Ц. Дамдинсүрэнгийн яруу найргийн болон үргэлжилсэн үгийн зохиолуудыг ажиглахад сонин сонин авиа дууриах, гадаад дүр байдал дүрслэх үгс болон аялга үг – өгүүлбэрийг хэрэглэсэн байна. Жишээ нь: “Пионерын лагерь” (1932) гэдэг шүлэгтээ:

Болжмор шувуу гангар гунгар жиргээд,
Бутын ногоо арзайн барзайн ургаад,
Хуур хөгжим хангир жингэр сонсдоод
Хушийн мөчир нэлбэс дэлбэс ганхаад
Хүсэл зориг давшин дэвшин оргилоод
Хүүхэд багачууд инээдэс наадас бололцоод … гэж дүрслэх үгсээр найруулга тэгшитгэн, байдал илэрхийлж дүрсэлсэн бөгөөд “нэлбэс дэлбэс” гэдэг дүрслэх үг, “инээдэс наадас” гэдэг нэр үгэнд их л сонин “с” бүтээврийг давтан хэрэглэж, сонин содон үнэлэмж илэрхийлэн найруулжээ. Ц.Дамдинсүрэн гуай “Буурал ижий” (1934) шүлэгтээ:

Хөөрхий зайлуул ижий минь
Хөөршөөж намайг харахлаар
Муу бүгдийг сайн болгож,
Муухай бүгдийг сайхан болгож,
Тагжгар туранхай биеийг минь
Тантайчсан тарган гэх юм.
Дахлай хөх нүүрийг минь

Мантайчсан цагаан гэх юм. гэж эхийн сайхан сэтгэлийг дүрслэхдээ “тантайчсан”, “мантайчсан” гэдэг хоёр сонин дүрслэх үг хэрэглэсэн бий.
“Тантай -”, “Мантай-” гэдэг сонин дүрслэх үгэн дээр “-ч”  гэдэг сонин бүтээвэр залган, улмаар, “-сан” –г залгасан нь тун учиртай юм. Энд буй “-ч” ямар учиртай, юуны “-ч” вэ?! Монгол хэлний “тантайчсан”, “мантайчсан” хэмээх хоёр үйл үгийг бүтээврээр нь задалбал: “тант + ай + ч(чих) + сан”; “мант + ай + ч(чих) + сан” гэж задарна. Тэгэхлээр, Ц. Дамдинсүрэнгийн “тантайчсан” хийгээд “мантайчсан” –ны “-ч” бүтээвэр бол үйл үгийн бүрмөсөн үйлдэх байдлыг заадаг “ -чих” бүтээврийн огтлогдсон хэлбэр буюу байдлын утга, үнэлэмжийг заадаг гол бүтээвэр нь илэрчээ гэж үзэх үндэс байна. Үүнийг “бүтээврийн найруулга” ба өгүүлэгчийн сэтгэлийн хөдөлгөөн, үнэлэмжийг заах талаас нь зохиогч их гярхай ажиглаж, зөв ухаарч, бас монгол бичгээр бичдэг уламжлалт хэлбэрийг нь нарийн бодолцож бичсэн бололтой. Түүгээрээ бусдаас ялгарч байна. Бүтээвэр гэдэг зүйл жижигдэхгүй, их учир начиртай байдгийн нэгэн баримт энэ болой.

5.    “Дандаа” бол сонирхууштай л үг шиг …
Ц. Дамдинсүрэн, 1946 онд “Эх орон минь мандтугай!” гэдэг шүлэг бичжээ. Энэ шүлэгт:

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгүй
Дандаа энхжин, үүрд мөнхжинө.
Сүүдэр харанхуйг гийгүүлж мандсан
Сүрлэг гэрэлтэй нар, сарыг магтана … гэх мэтээр бичсэн бий. Энэ шүлгийн гол санаа, хэллэг нь 1950 онд зохиогдсон “БНМАУ-ын, улсын сүлд дуулал” –ын суурь санаа, эх шүлэг болсон түүхтэй ажээ. Энд сонирхол татах нэгэн зүйл бол “Эх орон минь мандтугай! ” –д: “дандаа” гэдэг үг гарна, бас “Улсын сүлд дуулал” –ын үгэнд “дандаа” гэдэг үг байгаа. Энэ үг нь ямар язгуур, дагавар, нөхцөлтэй, ямар уг гарвалтай үг юм бол, хуучин монгол бичгээр яаж бичдэг вэ, уугуул монгол үг үү?, аль эсвэл … г. м –ийг сонирхмоор санагдав. Хуучин монгол бичгээр Я. Цэвэл гуай “dangdagan” гэж, профессор Ц.Норжин ”dangda” гэж бичсэн байна. Ярианы хэлэнд давтамж ихтэй үг.

Монгол хэлэнд тийм “дан” язгууртай олон үг бий. Тухайлбал, “Нэг дан тариа будаа”-ны “дан“, Дангийн даавуу майхан” –ы “дан”, “Дан жаа, давхар жаа” –гийн “дан”, “Да буюу дан ялангуяа” –гийн “дан”, “даяарших, дангаарших” –ын “дан”, “дандаа энхжин, үүрд мөнхжих” –ийн “дан” “Дангаар, гагцаар” –ын “дан”, “Дандай хийх” буюу шатар тоглоход ноёныг цөхрөлтгүй, дагнан шалж, нүцгэрүүлэх” –ийн “дан” г.м. “дан”  язгуурууд, түүнээс уг гарвалтай, олон янз утганцарууд байдаг.

Гэтэл бас хятад хэлэнд “дандуу” (dandu) гэсэн үг байдаг аж. Энэхүү үг “ганцаар”, “дангаар”, “тусгаар”, “тусгай”, “салангид” гэсэн утгыг заадаг, тийм утгаар орчуулагддаг байна. Тэгээд бодоод үзэхлээр, монгол хэлний “дандаа”, хятад хэлний “дандуу” хоёрт үгийн гарал төрлийн холбоо байна уу үгүй юу гэдгийг хэлшинжлэлийн талаас нь сонирхож үзмээр юм шиг. Өөрөөр хэлбэл, хятад хэлний “дандуу” гэдэг үг, монгол хэлэнд аман яриагаар дамжин орж ирээд, “dandu”-гийн авианы бүрхүүл нь ярианы хэлэнд бага зэрэг өөрчлөгдөж, “дандаа” болж, монгол хэлний хуульзүйд зохицон нутагшсан байж магадгүй байна. Эсвэл монгол хэлний “дандаа” гэдэг үг ч хятад хэлэнд орсон байж болох. Бас ийм үзэгдэл, тийм жишээний нэг бол доктор Г. Цогзолмаа (МУБИС-ийн Дорно дахины хэл, зохиолын тэнхимийн эрхлэгч, хятад хэлний багш, судлаач) бидний хамтран магадалснаар, монголчуудын шатар тоглоход хэлж хэрэглэдэг, нөгөө “дандай”, “дандай хийх”, “дандайлах” гэдэг үг хэллэг байна.

Энэ үг  мөн л “danda” –гаас авианы хувьслаар “дандаа”, улмаар “дандай” болж өөрчлөгдөж иржээ. Энэ үг нь тоглоомд хэрэглэдэг гол утгаараа “дангаар тоглох”, “дангаар цохих”, “дангаар оролдох” гэсэн утгатай ба бидний өмнө сонирхсон “Төрийн сүлд дуулал” –д байдаг нөгөө “дандаа” гэдэг үгийн хэлбэр ба утгатай холбоо сүлбээтэй болж байна. Тэгэхлээр одоогийн бидний хэрэглэдэг “дандаа”, “дандай” хоёрт утгын ба хэлбэрийн холбоо байна.

Эцэст тэмдэглэхэд, Монгол улсын анхны ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн 1950 онд зохиосон “Монгол улсын, улсын сүлд дуулал” –ын үг буюу шүлгийг хожим нь 2-3 удаа засаж, утга санаа, агуулгы нь орон зай, цаг хугацааны орчил, улс эх орны хөгжил дэвшил, өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйн хандлага шаардлагад нийцүүлэн сайжруулах зорилгоор “гар хүрчээ”. Энэ шинэчилсэн үгийн сайн болоод саар талыг маниас өмнө Минжаахайн Гүрсэд (Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч) гуай “Гурав шархадсан төрийн дуулал минь” гэдэг өлгөц – өгүүлэлдээ хэлчихсэн билээ. Харин бидний ажиглалт, судалгаанаасаа үүдэж хэлэх гээд байгаа нэг санаа төдий зүйл бол Дамдинсүрэн гуайн шүлэг дэх “дандаа” гэдэг үгийг гарал төрөл ба үгийн бүтэц, бүтээвэр талаас нь нягталж үзүүштэй байсан байж болох. “Төрийн дуулал” –ын үг, шүлэгт “гар хүрсэн” хүмүүс, ярианы хэлэнд давтамж ихтэй хэрэглэгддэг энэхүү “дандаа” –г нэг их анзаарч, дээд найруулгын, бичгийн хэлний үгээр солин найруулах боломжийг хайгаагүй байна. Шүлгийн холбоц, дүрслэл, утга санааны талаас нь харахын зэрэгцээ тухайн эх бичвэрийн үг, бүтээвэр нэг бүрийг гарал төрөл, найруулгын үүрэг, үнэлэмж, өнгө аясынх нь талаас харсан сан бол сонин байсан болов уу? гэж бодогдов.

Ц. Дамдинсүрэн гэдэг хүн бурхан байгаагүй, жирийн эрдэмтэн – зохиолч байсан. Ер, амьдрал, бүтээл туурвилдаа ганц нэг зүйлийг ч андуу эндүү бодсон санасан, шийдсэн байж болох. Үүрд зогсонги юм, мөнхөд үнэн юм, дандаа зөв зүйтэй юм, эгнэгт сайн сайхан юм, ашид нөхөр болох юм гэж үгүй билээ. Монгол хэлний “дандаа” гэдэг үгийг хэлний эрдэмтэн нар жаахан “дандайлаад”, холхио нүүдэл хийж, уугуул монгол үг үү, эсвэл монгол хэлнээс өөр хэлэнд орсон үг үү, аль эсвэл өөр хэлнээс монгол хэлэнд орж, хэвшсэн үү? гэдгийг нягтлаад үзвэл сонин содон юм ажиглагдаж болох юм.

Хэлний хэрэглээний талбар дахь үг хэллэг, бүтээврийн амьдрал араншин гэдэг бол яг л шатрын хөлөг дээрх нүүдэл суудал лугаа адил зүйл болой. Үг, өгүүлбэрийн харьцаанд ороогүй, зөв зохистой байраа эзлээгүй бүтээврүүд бол “түүхий хүү” л гэсэн үг. Үгэнд зөв байрласан, бусад үгстэй зөв, тодорхой харьцаа холбоонд орсон, утга, өнгө, үнэлэмж нь таарч тохирсон, харилцахуй хэлэлцэхүйн түвшинд өгүүлэгчээс жаахан онцолж тодруулсан бүтээвэр буюу “түүхий хүү” –г бэрс болгож болдог жамтай. Ер нь, шатрын хөлөг дээр бүтээвэр, үг, өгүүлбэр, эхийг найруулах, хэрэглэх янз бүрийн арга ухаан, гараа зөрөө, хувилбар, байрлал, нүүдэл, суудал, шийдэл төгсгөл байдаг. Түүний олон сайхан хувилбарыг эрдэмтэн – зохиолч Ц. Дамдинсүрэнгээс суралцаж болох юм. Шатарцахад хоёр хүн тоглож, хорин хүн харж оролцдог ёс ч бас бий билээ.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: