Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Шагдарсүрэн: “Нэг хэлний ороо морийг нөгөө хэлний хулжин мориор барина”


АНУ -ын ШУА-ийн гишүүн, академич, док­тор, профессор, элэгний “Шагдарсүрэн” эмнэлгийн ерөн­хий захирал, мэс засалч эмч М.Шагдарсүрэн нь Монголын Орчуулагчдын Эвлэлийн “Дуун хөрвүүлэгч” цолтой. Орос, англи, япон, хятад, төвд, латин хэлнээс орчуулга хийдэг монголын шилдэг орчуулагчдын нэг билээ. Түүний өрөөнд гадаадын олон хэлний 4000 гаруй ном тэв­хий­тэл өрөөстэй хараг­дах нь үнэхээр билгүүн номч болохыг гэрчилнэ. М.Шагдарсүрэн 2006 онд “Ялдамхан дүр чинь ямархан үзэсгэлэнтэй”, ”Мэлмий нээхүй мянган бадаг” орчуулгын номоороо БСШУЯ-ны “Шилдэг ном” шагнал, 2007 онд академич Б.Цэрэндаш нарын хамт “Элэгний хэсэгчилсэн бүтэц зүй” номоороо Монгол улсын шинэ бүтээлийн патент авчээ.

Та их олон гадаад хэл мэддэг юм байна? Хэдийдээ яаж сурчихав аа?
– Би зургаан наснаасаа нутгийнхаа гавж лам, эрдэмтэн Умбаа гуайд шавь орж, монгол бичиг, төвд ном заалгасан. Тэгээд “Нэрийн даяг” толь бичиг үзсэн. Хожим төвд хэлнээс “Бурхан багшийн сургаал”, “Дармапада”, “Бурхан багшийн амьдрал Шагжамуни бурханы хөрөг оршвой”, “Махабхарата” зэрэг номыг орчуулсан даа.
Хэд хэдэн хэл сурсан хүнд хавсайдаж орчуулах арга байдаг. Үүнийг “нэг хэлний ороо морийг нөгөө хэлний хулжин мориор барина” гэж ярьдаг л даа. Одоо би VI-р Далай лам Цаянжамцын “Чихний чимэг хайрын дуун” номыг орчуулж байгаа. Хоёулаа хэдэн бадаг уншиж үзье.
“…Бургас болжморт дурлав
Болжмор бургасанд эрхэлнэ
Хайрлаж бие биенээ энхрийлбэл
Харцаганд юунд баригдах билээ.
…Арслан барс мэт зэрлэг нохдыг
Амтат хоолоор нь номхруулж болдог
Авгай хэмээх эмэгчин арсланг хайрлах тусам
Авир нь догшин хорлон болдог” хэмээн авгай нартаа эзлэгдсэн эрчүүл нүднийх нь харцаар бөмбөрч, айж чичирч байдаг дүр төрхийг урнаар илэрхийлсэн байна.
“…Хонгор охины хүслийн дагуу явбаас
Хувраг номын ажлаа цалгардуулна
Харин уул хадаар даяанчлан бэдэрвээс
Хөөрхий охиныхоо хүслийг унтраана даа” гэж хөрвүүлээд, төвд эх, англи, хятад орчуулгыг зурагтай нь харьцуулан хэвлэлд бэлдсэн нь гадаад хэл сурч байгаа хүмүүс болоод орчуулагчдад чухал гарын авлага, хэрэглэгдэхүүн болно.
“Өнөөдөр” сонинд Ли Байн “Намуун шөнийн бодол” шүлгийн Ч.Чимид, М.Шагдарсүрэн нарын орчуулгыг харьцуулан тавьсан байдаг. Уг орчуулгыг ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуай үзээд, “Шагдарсүрэнгийн орчуулга илүү болжээ” хэмээн магтаж байсан юм.
Тэр бадаг шүлэг нь
“Дэрний дээр туссан сарны туяаг үзээд
Дээд тэнгэрээс унасан хяруу хэмээн андуурав
Тэнгэр өөд өлийн, намуун шөнийн одыг ширтлээ
Тэргүүнээ гудайтал, төрсөн нутгаа саналаа” гэсэн орчуулга билээ.
Мөн тэрбээр “Дармапада” номыг төвд хэлнээс хөрвүүлсэн. Энэ нь “бурхан хүний төрөлтэй байхдаа айлдсан сургаалууд” гэсэн утгатай. Бас “Номын бадаг” гэж орчуулж болно.
Түүнээс сонирхуулбал, “Чой нам ид жи ран шин дэ-Номууд сэтгэлийн чанартай бөлгөө” Эндээс “сэтгэлийн чанар” нь “араншин” гэдэг төвд үгээс гаралтай болохыг мэдэж болно. Шагдарсүрэн япон хэлнээс Кодакава Харукигийн “Япон хайку”/2007/ номыг орчуулсан билээ. “Гэн ба ку но хи но ао зо ра ни ки зю мо на ши” орчуулбал
“Бөмбөг дэлбэрсэн тэр өдөр
Бөртийх ч үүлгүй байсан
Цэлмэг хөх тэнгэр…” Энэ номыг нэрт дипломатч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Хүрэлбаатар эрхшээн соёрхжээ.
– Та англи хэлнээс олон ном орчуулсан. Энэ их зүйлийг яаж амжуулдаг вэ?
– Би англи хэл сураад, гуч гаруй жил болж байна. Англи хэлэнд чамбай нэвтэрсэн мэр­гэдээр ном заалгаснаас гадна Америк газар одож, бас тэр “америк англи хэл” гэгчийг нь америк багш нараар заалгаж, курс дамжаанд суралцан, овоо дүнтэй дүүргэж явлаа. Бас хорь гаруй ном англи хэлнээс монгол хэл рүүгээ орчуулж хэвлүүлжээ. Үүнд зарим нь сургаал номлол, үлгэр домог, намтар цадиг, шүлэг яруу найраг, мэргэ, зөн билиг, анагаах ухаан, тэжээх ухааны ном зонхилох хувийг эзэлж байна. Ер нь дэлхийн шинжлэх ухаан, тэр дундаа анагаах ухааныг англи хэлээр сайн үзэхгүй бол хол явахгүй нь тодорхой боллоо. Англи хэлээр чөлөөтэй уншдаг, ойлгодог болчихвол, ямар ч мэдээлэл, ном судрыг гэртээ сууж байгаад, төвөггүй мэдээд авах боломжтой цаг иржээ. Анагаах ухааны дүрсийн оношлогооны эрдэм шинжилгээний их хурал англи хэлээр явагдах нь олонтаа. Манай залуу эмч нар англи хэлийг сайтар сураад авбал, дэлхийн аль ч улсын эрдэмтэн мэргэдээс суралцах, их дээд сургуулиудад суралцах, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөнд оролцоход төвөггүй болно. Япон улсын алдартай том эрдмийн газар Цүкүбагийн их сургуульд суралцаж байх үеэс манай ангид байсан Саудын Арабын нэг найз минь /Англи улсад АУИС төгссөн/ “Танай оронд анагаах ухааныг англи хэлээр заадаг уу?” гэж асуухад, би “Үгүй, бид орос хэлээр үзсэн “ гэвэл их л гайхаж, “Орчин үеийн анагаах ухааныг англи хэлээр үзэхгүй, эмч эрдэмтэн болох хэцүү байх аа” гэж билээ. Би “Анагаах ухааны англи-монгол толь”, ”Анагаах ухааны монгол англи толь” /50000 үгтэй/ 2008 онд хэвлүүлсэн.   Би өглөө таван цагаас өмнө босдог, шөнө арван хоёр цагаас хойш унтдаг. “Барс цагт босохгүй бол өдрийн ажил алдагдана. Багадаа эрдэм сурахгүй бол насны явдал алдагдана” гэж өвөг дээдсийн маань мэргэн үг байдаг.Ингэж л цаг хугацааг үр дүнтэй ашиглаж, эмчийнхээ ажлын хажуу­гаар орчуулгын ажлаа амжуулж байна. Би залуудаа эр зоригийн спортоор хичээллэж байсан боксын “Спортын мастер” цолтой шүү дээ.
Бас “Хятадын сонгомол яруу найраг, хятадын мэргэн ухааны 100 сувд, эртний хятадын хошин шог” /2007/ номыг орчуулж хэвлүүлсэн. Гурван номыг нэг боть болгосон юм.
Күнзийн сургаалд
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газар
Хүний хүү нэр алдрын төлөө эрсдмүй” гэж байдаг. Зохиолч Д.Нацагдоржийн шүлгийн мөрүүд­тэй төстэй байгаа биз дээ.
– Та дэлхийн олон хэлний баялаг номын сантай юм байна. Энэ 4000-аад номыг олон жил цуглуулсан уу? Хамгийн үнэтэй номуудаа сонирхуулна уу?
– Америк, Европын олон орноос, ОХУ, Хятад, Япон, Энэтхэг, Малайз, Сингапураас цуглуулсан. Зөвхөн энэ “Britannica” мянгаад хуудастай 32 боть ном 2 сая гурван зуун мянган төгрөгийн үнэтэй. Ертөнцийн мэдлэгийн тухай шинжлэх ухааны сор болсон эрдэмтдийн бүтээсэн нэвтэрхий толь шүү дээ. 100-аад жилийн өмнө Японд хэвлэсэн “Монгол-орос-япон толь” энэ байна. Монгол бичгийг эхэнд нь бичсэн байгаа биз дээ. Гурван зуун мянгаар авсан юм.
Би нэг удаа Сочид очлоо. Номын дэлгүүрээс нь ховор ном авахаар сонгоод, тооцоог нь бодтол, 10000 рубль болсон. Тэгэхэд оросуудын дундаж цалин 3000 рубль байсан л даа. Худалдагч авгай их гайхсан янзтай “Та андуураагүй биз дээ. Дахиад сайн бод” гэлээ. Тэгээд “Андуураагүй ээ. Энэ номуудыг авна” гэхэд биширсэн байдалтай, агуулах руугаа гүйгээд, тэдгээр номыг авчирч өгч билээ. Петр Кузьмич Козловын “Научное наследство” /Дневники монголо-тибетской экспедиций 1923-1926/, Николай Рерихын “Держава света” /2003/ зэрэг номууд байсан юм.
– Ховор номноосоо нэрлэнэ үү?

– В.И.Далийн “Толковый словарь живого великорусского языка” /Москва,2004/ дөрвөн боть номыг 6000 рублиэр авч бай­лаа. Дэлхийн сонгодог ном зохиол, мэргэжлийн бүтээлүүд их цуглуулсан. 1155 хуудастай “INTERVEN­TIONAL RADIOLOGY”/ “Дүрсийн оношлогоо” /500000₮/, 1200 хуудастай SCHIFF’S “DISEASES of the LIBER” /”Элэгний өвчин судлал” Нью-Йорк 1998/ номыг үзвэл их юм мэдэж авна. “Судсан зураглалын атлас” гэдэг ном японоос орчуулж хэвлүүлсэн. Би улсдаа хөдөлмөрөө үнэлүүлээгүй хүн. Ямар ч шагнал аваагүй. Хүний оюун ухаан, эрдмийг үнэлэхгүй байгаа учраас энэ нийгэм хөгжихгүй байна. Орчуулгын 30 боть ном, өөрийн 10 боть ном хэвлүүлсэн. Надад атаархдаг хүмүүс байдаг ч, би хоногт 4-5 цаг унтаад, ажлаа хийгээд явж л байна. Номын буян их юм билээ.

Ярилцсан Ш.Билигсайхан,

“Цаг төр хүмүүс” сэтгүүлээс авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: