Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

С.Дулам: “Залуусын сэтгэлд “хэт цахих” хэрэгтэй


МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн Утга зохиолын тэнхмийн эрхлэгч, тэргүүлэх профессор, хэл бичгийн ухааны доктор С.Дуламыг зочиноороо урилаа.

Аяны дөрөө мултлаад удаагүй байгаа юм байна. Явсан газрын тань сониноос яриагаа эхлэх үү?

– БНСУ-д болсон “Зүүн хойд азийн түүх, соёлын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шин­жилгээний хуралд оролцоод ирлээ. Энд 23 орны 600 гаруй эрдэмтэн, судлаач цугларч олон сэдвээр ярилцлаа. Үүнийг Зүүн хойд азийн нэгэн ТББ-аас зохион байгуулсан юм. Би түүх соёлын салбар хуралдаанд оролцож илтгэл тавьсан. Хуралд оролцогсод дэл­хий дахинд явагдаж байгаа даяарших үйл явц, түүнд Зүүн хойд азийнхан хэрхэн оролцох талаар нэлээд ярилцлаа. Дэлхий дахинаа өөр хоорондоо хэлхээ холбоо тогтоож нэгдэх процесс хүчтэй явагдаж байна. Лалын ертөнцийнхөн нэгдэж байгаа бол, европчууд нэгдэж нэгдсэн холбоогоо байгуулсан. Харин Ази яах ёстой юм бэ гэдэг дээр азийнхан газар сайгүй бодолхийлж, ямар хэлбэрээр үйл ажиллагаагаа хамтруулах вэ гэж ярьж хөөрч байна. Зүүн хойд ази орчин цагийн дэлхийн зах зээлийн хамгийн хөгжингүй нэг том бүс болжээ. Энд дэлхийн хамгийн хүчирхэг хөгжилтэй орнууд, мөн хөгжиж буй орнууд зэрэгцэн оршиж байна. Тэдгээрээс Хятад, Солонгос, Япон, Монгол дөрвөн орон том байр суурь эзлэх ёстой гэсэн үзэл бодол энэ нутгийнханд байна. Үүнд иргэний байгууллага,ТББ-уудын санаачлага их үүрэгтэй гэж үзэж байна. Төрийн оролцоо тодорхой хэмжээгээр байх боловч өсөөд ирэхээрээ улс төржих, хүмүүс хоорондоо үл ойлголцох тал гардаг. Тийм учраас ТББ-ууд, иргэний нийгмийн байгууллагууд хүмүүсийг илүү ойлголцуулна гэсэн чигтэй байна. Хуралд оролцогсдод өмнөд, хойд Солонгосын хилийн зааг дээр байгуулсан ажиглалтын өндөрлөг дээрээс Хойд Солонгосын ард түмний амьдралын нэгээхэн хэсгийг харуулсан. Энд том, татдаг дуран байрлуулаад Хан мөрнийн нөгөө эрэгт амьдарч байгаа тариачдын амьдралын харуулж байна.

Ингэж харуулах нь эрээ цээргүй мэт санагдсангүй юу?

– Нэгэн бодлын сонирхолтой ч нөгөө бодлын ядарсан ах дүүгээрээ бизнес хийж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Гэхдээ Хойд Солонгос олон улсын тавцанд хаалттай байгаа учраас сонирхсон хүмүүс олон байдаг бололтой. Ялангуяа өрнөдийнхөн их ирдэг гэсэн. Түүнийг нь ашиглаад жуулч­ны газар байгуулжээ. Хойд Солонгосын тухай том музей, бүх төрлийн үйлчилгээ энд ажиллаж байна. Дурангаар харахад манай 1960-1970 оных шиг хэдэн байшин, зармыг нь ойрд засварлаагүй бололтой нэлээд муудсан харагдсан. Тэгээд газар тариалангаа эрхэлж байгаа тариа­чид харагдаж байна лээ. Энд хоёр Солонгосыг холбон том “Найрамдлын гүүр” барьжээ. Гэвч түүнийг ашигладаггүй юм байна, Гүүрний Өмнөд Солонгосын хэсэгт очиход гэр бүл хагацсан, салсан зэрэг янз бүрийн зовлон бичсэн баахан бичиг өлгөсөн байх юм. Түүнийг хүмүүс их үздэг юм байна. Хоёр Солонгосын нэгдэх эсэхээс Зүүн азийн ирээдүйн хамтын ажиллагаа их хамаарна гэсэн утгаар бидэнд энэ бүхнийг үзүүлсэн байх.

Чуулган дээр Азийн янз бүрийн улсууд өөр өөрийн соёл, хувцас, дуу бүжгээ сонирхуулж байлаа. Попуачууд гэж дээр үеийнхээ амьдралаар амьдардаг болтой улсууд индианых шиг солонгорсон өд үсэндээ хадаад тэр халуунд үстэй малгай тас бүчлээд явж байх юм. Халуун газрын улсууд болоод халууцахыг тоодоггүй бололтой.

Та ямар сэдвээр илтгэл тавив.

– Зүүн хойд азийн эртний домог зүйн тухай илтгэл тавьсан. Эрт дээр цагт Зүүн хойд Ази, одоогийн Америкийн инданчуудыг оруулаад умардын угсаатнууд гэгдэн, нэг домог, нэг соёлтой байсан нь олон зүйлээр батлагддаг. Ялангуяа домог зүйн өгүүлэмж, зарим соёлт баатарын өгүүлэмжүүд умард америкийн индианчууд болон зүүн хойд азийнхан бүгд нэг гарвалтай гэдгийг харуулдаг. Тэр нь орчин цагийн ДНК-ийн шинжилгээгээр ч батлагддаг. Одоогоос 14 мянган жилийн өмнө анхны 70 хүн Берингийн хоолойгоор гаталж явсныг судлаачид хэлж байгаа юм. Энэ нэгдмэл соёл манай домог зүй, Солонгос, Хятад, Япон, Инданчуудын соёлд бүгдэд нь хамаатай юм байна. Эртний соёлын үе шатыг судлахад архео­логичид идэвхтэй ажиллаж байгаа юм байна. Тэд газрын зураг гаргаж хаана ямар соёл байсан тухай тодруулаад, манай зүүн монголын нутаг Дорнод аймгийн орчим нь эртний төв ази, алс дорнодын соёлын нэгэн салбар бүс байсан бололтой гэдэг дүгнэлт, таамаглалыг хийсэн байна. Эдийн соёлыг нь археологичид судалж байна. Эртний тэр үе ямар домогтой, ямар гээч баатруудтай, тэд нь ертөнцийн тухай ямар үзэл бодолтой хүмүүс байсан тухай судлах үүрэг бидэнд ногдож байна гэж ойлголоо.

– Одоо та эрдэм судалгааны ятар ажил хийж байна?

– “Монгол соёлын чуулган” нэртэй цуврал гаргах санаатай ажиллаж байгаа. Эхний зургаан ботийг хэвлүүлсэн. Энэ ажил маань бүгд нийлээд 10 гаруй боть болох юм. Хэд хэдэн боть бэлэн болсон боловч санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй сууж байна. Энэ том цуврал маань эртний домог зүйгээс эхэлж байгаа юм. Зөвхөн домог зүй нь гэхэд гурван боть болсон.

Монгол домог зүй гэж гэж үзэгдэл байсан уу, байгаагүй юу гэсэн маргаан олон жил үргэлжилсэн. Байгаагүй гэж 1960 –аад оны үед ярьж байсан ч 1970-аад онд мажарын эрдэмтэд монгол домог зүй гэж байгаа. Гэхдээ зөвхөн зарим монгол угсаатанд байдаг гэж үзэж байсан түүхтэй. Бид үүнийг судлаад Монгол домог зүй, эртний соёл байсан гэдгийг баталж эрдмийн ажил хийсэн юм. Үүний эхний томоохон боть нь “Монгол домог зүй” гэсэн нэртэй хэвлэгдээд байгаа. Дараагийн ботиуд нь хэвдэгдэхэд бэлэн болсон. Залгуулаад монголын эртний уран зохиол, утга зохиол, соёл, бөө мөргөлийн соёл, тайлга тахилгын соёл гээд бүтээлүүд гарна. Зарим нь алга болсон, зарим нь ул мөр төдий үлдсэн эртний соёлыг судалж, бусад соёлтой харьцуулах ажил хийж байна. Энэ бол нэг үгээр оюун санааны археологи л доо. Археологичид археологийн дурсгалыг газрын хөрснөөс малтдаг бол бид хүний уураг тархи, ой дурсамж болоод , монголын эртний утга зохиолын өв уламжлалаас эдгээрийг судалж “малтаж” байгаа юм. Манайд бидний түүх соёлыг харуулах байгалийн бүхэл бүтэн галерей байна. Тэдгээрээс зөвхөн Баян-Өлгий аймгийн Багаөвөр, Цагаан салаагийн хадны сүг зургийг нэрлэж болох юм. Үүн дээр мал аж ахуй хэрхэн хөгжсөн, түүн дотроо үхрийг анх хэрхэн эдэлсэн гэдгийг хадан дээр яруу сайхан дүрсэлж үлдээсэн байдаг. Энэчлэн бид түүх, өв соёлын асар их баялагтай ард түмэн шүү.

Манай залуучууд түүх соёлыг хэр сонирхож байна. Гадаад хэл, компьютер, техник гээд тэдэнд сатаарах зүйл маш олон байна шүү дээ

– Энэ тухай хичээл заагаад эхлэхээр ойлгодог, маш их сонирхдог. Сонирхоод зах зухаас нь мэдээд эхлэхээрээ “амтанд” шунан нь ордог. Саяхан над дээр нэг залуу ирсэн. Ирэх жил Техникийн их сургууль төгсөх гэж байгаа юм байна. Зориуд дашням, балжинням давхацсан өдрийг сонгож ирээд багш шавь болъё, номын авшиг авъя гэсэн. Техникийн ухаанаар болов­сорч байгаа тэр хүнд хаанаас гэнэтхэн тийм ухаан орсон юм мэдэхгүй. Би Монголынхоо түүх, соёлыг мэдэхгүй байна, мэдэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Монголынхоо түүх, өв, соёлын гол учрыг нь залуустаа хэлж өгөхгүй, энэ тухай мэдлэг маань системгүй, ойлгомжгүй, хэсэг бусаг юм шиг байдаг болохоор тэд сонирхдоггүй. Системийг нь сайхан хэлээд, ийм бүхэл бүтэн соёл, ёс суртахуун, ийм иргэншил байгаа. Манайд байсан гэхээр их сонирхдог. Өмнө нь оросын соёл, суртахуун үйлчилж байлаа. Өнөөдөр америк, европын соёл суртахууныг дээдлэх санаа манайд явж байна шүү дээ. Хүмүүс тухайн үеийн соёл суртахуунд ааглуулсан байдаг учраас өөрийн соёлын талаар мэддэггүй. Мэдэхгүй учраас түүнийг сонирхдоггүй, зах зухаас нь мэдээд ирэхээрээ их сонирхдог. Уг нь энэ чинь бидний яриад байдаг ”Монгол төрийн хар хайрцагны бодлого” гэгч нь юм шүү дээ. Манай улс залуучуудынхаа оюуныг ийм юманд сэрээхгүй унтуулах маягаар явж ирсэн одоо ч энэ нь үргэлжилж байна.

– Одоо нэлээд нь сэрж, сэрэх гэж байна. Монголоо гэсэн, эх орноо хөгжүүлэх юмсан гэсэн залуус олон болжээ.

– Өмнө нь оросын юм сайхан, монголын юм муухай гэдэг утгаар явж байсан шүү дээ. Одоо бол АНУ –гийнх сайхан үлдсэн нь муухай гэх ойлголт манай хүмүүсийн дунд байна. Миний бодлоор америкийн иргэн­шил хамгийн зөв гарц яавч биш, Одоо тэнд ямар хямрал явж байгааг хардаа. Тэд мухардалд орсон байна. Аливаа соёл суртахуунд дэлхийн мэргэдийн хэлж байгаагаар дээр, доор гэж байдаггүй. Бүх соёл үнэ цэнэтэй. Монголын соёл ч үнэтэй Оросынх ч үнэтэй. Уул номоороо бол хүн анх бүтээсэн өөрийн соёлоо дээдэлж, хэрэглэж явах ёстой. Хэрэглэхгүй юм бол яах гэж бүтээсэн юм гэсэн асуудал тулгардаг. Орших, эс орших гэдэг шиг л асуудал.

– Танай сургууль зэрэг хэлний сургуульд монгол хэл, соёлоо дээдлэх, судлах талаар зааж байна. Бусад нь энэ талаар нэг их зүйл залууст хэлж өгдөггүй байх?

– Хэдийгээр өнөөдөр залуус компьютер, гадаад хэл, орчин үеийн урлаг гэх зэрэг зүйл рүү хошуурч байгаа ч уураг тархиа ухаад хаячихдаггүй юм бол соёлынх нь уг үлгэр хадгалагдаж, үйлчилсээр л байгаа. Өөрөө л ухамсарладаггүй л болохоос. Ухамсарлах бололцоо ч алга, цаг хугацаа ч алга. Гэхдээ судлахаараа шал өөр болдог. Тархины гүнд байгаа тэр уг үлгэрийг сэргээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл “Хэт цахих” хэрэгтэй байна. Хэт цахих юм бол гал гарна, дөл болно, түүнээс цааш түймэр болж болно. Зөв эхлэлүүд байна Янз бүрийн давхаргын хүмүүст лекц уншиж, уулзалт ярилцлага хийгээд явж байхад орчин цагийн сайн боловс­ролтой ч, өөрийнхөө үндэсний юмыг сонирхдог “зөв ширхэгтэй” залуус олон тааралддаг. Тэднийг л ирээдүйн Монголыг авч явах хүн мөн гэж хардаг шүү. Гэхдээ зарим нь монголоо сайн сулдаагүй, дээр нь улс төийн үл бүтэх юм нэмэгдээд буруу тийшээ хазайгаад явчих нь байна. Олон янзын урсгал байна л даа.

– Ер нь энэ талаар сэрэх, гэнэт ухаарах явдалд юу нөлөөлж байх шиг санагддаг вэ?

– Зөн мэдрэхгүйгээрээ юм уу, ямар нэг шалтгаанаар сэрээд мэдрээд энэ тухай бодол ухааралтай болдог хүмүүс байна. Олонх нь гадаад оронд суугаад зовж, зүдрээд ирэхээрээ өөрийгөө эргэж хараад, өөрийнхөө уг гарвал, соёлоо, үүсэл түүхээ эргэцүүлээд эхэлсэн байдаг. Гадаадад байгаа монголчуудын дунд ийм хүн олон байна. Хүн гадагшаа гараад явахаараа их мэдэрдэг гэх үү дээ. Дотроо бужигнаад, тоос шороондоо холилдоод яваад байвал юу ч харахаа болиод, цөмөөрөө адилхан саарал юмнууд бол­дог шиг байгаа юм.

АНУ-д амьдардаг, өөрийн хувийн үйлдвэртэй нэг хүн бий. Тэр хүн Чингис хааны тайлга тахилга гэж ямар юм байдаг. Яг ёсоор нь хэрхэн хийх вэ гээд ном, зохиол цуглуулаад, заавар зөвлөгөө аваад явсан. Тэгээд тэндээ монголчуудаа цуглуулаад Чингис хааны тахилгыг хуучин уламжлал, ном ёсоор нь хийсэн байна лээ. Зарим хүн тэгж айхавтар гэнэт сэрдэг байхгүй юу. Харьд очоод хүнд доромжлуулаад, ад үзэгдээд ирэхээрээ аазгай нь хөдлөөд “би хэн юм”, “чи хэн юм” гээд эхэлдэг. Эрэгцүүлээд ирдэг байна. Тэгээд ирэхээр тархинд нь үеэс үед дамжаад ирсэн уг үлгэр нь улам хүчтэй үйлчилдэг юм шиг байгаа юм.

Ярилцсан Ж.Сэлэнгэ

“Цаг төр хүмүүс” сэтгүүлийн сайтаас авлаа

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: