Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Д.Батбаяр: “Бийрээр бичих нь оюун санааны бясалгал”


Япон, Солонгосын кинонд өвгөчүүл нь бийрээр таталган бичиж түүндээ хамаг цаг заваа зориулж хүндэтгэн залж байгаа нь харагддаг. Бийрэн бичлэг нь тухайн улсын үндэсний соёл, өвөрмөц онцлогыг агуулсан нарийн учиртай. Монголд ч мөн ялгаагүй эрт үеэс уламжлагдан ирсэн уйгаржин босоо бичгийг уран хэв маягаар бичсээр иржээ. Тэр ч бүү хэл уран бичлэгийн анхны дурсгал болох 1224 онд олдсон Чингис хааны тамга бий. Ер нь ямар ч уран бичлэг тамгагүй байна гэж байдаггүй. Тамга ч мөн бие даасан сэтгэлгээний нэг төрөл. Харин хувь хүний тамга нь гарын үсэг юм. Гарын үсгээ хэрхэн зурахаас тухайн хүний соёл эхэлдэг гэнэ. Энэ талаар уран бичээч, судлаач, багш Жалайр Довдонгийн Батбаяртай ярилцлаа.

– Монгол уран бичлэгийн тухай ярьж өгөхгүй юу?

– Төв Азийн нүүдэлчин монголчууд бичиг ном бүтээхдээ чулуун дээр сийлж байсан бөгөөд үнсэн самбар, бийр, янтай, бэх, цаас, үзгийг өөрсдөө хийсээр ирсэн байдаг. Эрт дээр үеэсээ монголчууд хоорондоо газрын зураг, захидлаар харилцаж ирсэн нь бийрээр бичих, хулсан үзгээр бичих үндэс болж байсан. Уран бичлэгийн 20-иод төрөл бий. Дэлхийн улс үндэстэн бүр уран бичлэгтэй. Энэ нь тухайн үндэстэний соёл иргэншил, ёс заншлийг харуулсан байдаг. Ер нь уран бичлэгээс асар их нарийн нандин зүйлийг харах боломжтой. Тухайн улсын төдийгүй хувь хүний дотоод сэтгэл илэрдэг.

– Уран бичлэг бийрэн бич­лэгээс үүсэлтэй байх нээ?

– Ер нь уран бичлэг бийрийн эрдэмд суралцахаас эхэлнэ. Оюуны тэсвэр хатуужил олгох хамгийн чухал зүйл бол бийр. Бийрээр бичихэд тухайн хүнээс тэсвэр тэвчээр, анхаарал, нямбай байдал шаарддаг. Бийрийг яаж барьж бичих арга барил хүртэл бий. Үзүүр хэсгээс нь барих, дундаас нь барих, хойноос нь барих гээд. Үүний дараа оюун санаа зүрх сэтгэл нь бэлтгэгдсэн байх ёстой. Өөр зүйл бодож, харж бичнэ гэж хэзээ ч байхгүй. Олигтой бүтээл ч төрөхгүй. Нэг ёсондоо түүх уламжлал, шүлэг, гүн ухааныг таньж мэдээд дотоод сэтгэлээрээ илэрхийлж байна гэсэн үг. Дорно дахинд тэвчээр, анхаарал муутай хүнийг бийрээр долоон хуудас юм бичүүлж тэсвэр суулгах дасгал хийлгэдэг байжээ. Мөн бийрээр нэг үсгийг 10 мянга дахин бичвэл тухайн бичиг хоногшиж сая л сурцтай болдог байж. Нэг гартаа 4-5 бийр бариад таталган бичдэг хүн байдаг. Хэрэв бийрээ буруу сонговол санаанд хүрэх бүтээл төрөх юу л бол. Гагцхүү сайн бийрээр л сайн бүтээл төрнө. Усанд дүрэхээр үзүүр нь шөвгөр болдог, бэхээ удаан хадгалдаг сайн бийр ч бий. Би өөрийнхөө бийрийг алдартай уран бичээч Харата Компогийн ордон­гоос авсан. Миний үнэнч анддаа. Бийрээр бичих нь орчин үед оюун санааны бясалгал болно. Уншигч та ч гэсэн өөрийн тухтай орчноо бүрдүүлээд бийрээр хэсэгхэн хугацаанд зурвал ойр зуурынхаа стрессээс сална гэж хэлмээр байна.

– Дэлхийн бусад орнууд ч бас түүх соёлоо хадгалсан уран бичлэгтэй гэж та хэлсэн?

– Америкийн уран бичлэг үндсэн бичгийнхээ дүрмээс бага зэрэг өөр. Харин японых ерөнхийдөө аялгуу, бүтэц ч монгол­той төстөй. Гэхдээ монголын босоо бичлэг дэлхийд хамгийн онцгойд тооцогддог.

Хүүхэд залуус дэлхийн янз бүрийн хэлийг багаасаа судлах болсноор монгол бичиг бараг мэдэхээ байсан. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

– Би бүхий л сэтгэл зүрхээ, оюун санаагаа үүнд л зориулдаг. Үүнийгээ ч гадаадын олон оронд танин мэдүүлж сурталчлах үйл ажиллагаа явуулж байна.

– Та уран бичлэг сонирхогчдод зориулан “Монгол уран бичлэг”- ийн түүхийн ном хэвлүүлсэн байхаа. Энэ тухайгаа ярихгүй юу?

– Тиймээ. “Монгол уран бичлэгийн түүх” номонд бийр яаж хийх, бэхээ яаж өөрсдөө найруулан хийх тухай олон зүйлс өгүүлсэн. Бидний өвөг дээдэс мууддаггүй, гашилдаггүй, цавуулаг гээд олон сайн чанар агуулсан бэх хийдэг байсан юм шүү дээ. Тийм бэхээр халцарсан үсийг ч ургуулах шидтэй.

– Та бүтээлээ үнэлж худалддаг уу?

– Бараа бүтээгдэхүүн шиг нарийн үнэлсэнгүй. Ямартаа ч дэлхийн томоохон хотуудаас урилга ирж байна. Хамгийн сүүлд франц, герман, англи хэл дээр ном гаргасан. Францын тал 100 хувь хөрөнгө оруулалтыг нь хийлээ. Тэдэнд уран бичлэг таалагджээ. Монголын босоо бичиг дэлхийд өндрөөр үнэлэгдэж байна. Энэ нь ч дэлхийд эх орноо сурталчилж байгаа нэг явдал.

– Ямар үед бүтээл төрдөг вэ?

– Сайхан зүйл бодож байж л сайн бүтээл төрнө гэж би ойлгодог. Хэдий чинээ уншиж мэднэ төдий чинээ сайн сайхан зүйлийг олж харан бүтээлдээ тусгадаг. Нийгмийн хөгжлийн хурд дунд хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Энэ их хурд дунд өөрийгөө танихаа больдог. Тиймээс үүнийг хязгаарлаж, тогтоож, төвлөрүүлж байдаг ганц зүйл хүний сэтгэл. Өөртөө хяналт сайн тавьж, таниж мэдэх юм бол өөрийнхөө мөн чанарыг нээн хардаг. Энэ үед аз жаргал, сайн сайхан дэргэд ирнэ.

– Таны бүтээлүүд содон дүр төрхтөй юм. Та онцгой сэтгэмжтэй хүн үү?

– Би 20-иод жил хүүхдүүдийн дунд ажилласан хүн л д ээ. Тэд маань гадаад дотоодын олон сайхан хотуудад ажиллаж байна. Уран бүтээлийн олз омог дүүрэн байдагт нь баярлаж суудаг. Мөн урлагийн мөн чанар гээч зүйлийг алдартай хүмүүсээс байнга сурч байдаг. Энэ бүхэн л намайг хөглөж уран бүтээлийн онгод өгдөг. Би эх орныхоо ном судар, бичиг үсгийг судлаагүй байсан бол өөрийгөө ч таниагүй төөрч явах байсан. Одоо би өөрийгөө танин мэдсэн учир онгироод байх зүйлгүй сурсан мэдсэн зүйлээ бусдад мэдрүүлэх гэж явна. Ямар ч хүний хувийн соёл гарын үсэгнээс нь эхэлдэг. Гарын үсгээ яаж зурвал аятайхан харагдах вэ, яавал бусдаас ялгарч харагдах бол гээд олон дахин зурж дасгал хийх хэрэгтэй. Энэ нь соёлтой хүний имиж болдог гэдгийг санаж яваарай!

Ярилцсан Өлзийсайхан,

“Цаг төр хүмүүс” сэтгүүлийн сайтаас авлаа.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: