Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Би сүүгээр ч бичсэн. Үүнийг натур каллиграф гээд байгаа юм


Энгийн амьдрал, энгийн өдөр, энгийн араншин, энгийн байдал. Энэ мэт олон энгийн зүйлийн талаар зорьж очсон зураачтайгаа ярилаа. Харин түүний бүтээлээс би энгийн зүйлийг олж хараагүй. Бүтээл бүхэн нь их урлагийн үнэ цэнийг мэдрүүлж, бүтээлийнхээ тухай ярих тусмаа их урлагийн сайхныг биширч бахархаж, өөрөө ч бас үргэлж бүтээж туурвиж яваагаа ярьсан юм.

Бидэнд дуу хураагуур огт байгаагүй. Ханаар нь дүүрэн уран бичлэгээр бичсэн бүтээлүүд, энд дүүрэн ном, тэнд олон төрлийн бийр будаг, уран баримал хөшөөний эх загвар, уран судалбарууд гээд тоочоод байвал содон сонирхолтой зүйлүүд харагдана. Урлангаар нь уран бүтээлчид нь орж гарч, утас нь дуугарах тоолонд тийм зураг зуруулья, ийм шүлэг найргийг бичүүлье гэх нь олон. “Чи асуултаа асууж л бай, ах нь энэ юмаа хийж л байя. Бас тун яаралтай, хариуцлагатай юм хийж байна. Хариуцлагагүй бүтээл гэж ер нь үгүй. Чамд жишээ нь хариуцлагагүй ярилцлага байж болохгүй биз дээ” гээд завгүй ажлынхаа хажуугаар төвөгшөөлгүй урлагийн тухай яриа өрнүүлснээ уншигч та бүхэндээ хүргэж байна.

– Каллиграф гэдэг ер нь юу гэсэн үг вэ?

– Эртний Грекийн уран гоё сайхан бичих гэсэн утгатай үг. Грек, Латин үүсэлтэй үгнүүд ер нь орчуулагддаггүй. Манай нэг томоохон монгол судлалын эрдэмтэн намайг энэ үгээ заавал орчуул гээд. Би их гайхсан. Дэлхийн ямар ч улс оронд энэ үгийг орчуулдаггүй. Яг хэвээр нь хэрэглэдэг. Одоо каллиграф гэхээр хүүхэд багачуудаас эхлээд хөдөөний малчин хүн ч бийрийн уран бичлэг гэж мэддэг болж.

– Дотроо олон төрөл байдаг уу?

– Бийрийн бичлэг нь Азид дэлгэрсэн, төмөр үзэгийнх нь Европод ихэд дэлгэрсэн. Тэр дундаа Араб үсэг бол хамгийн их алдартай. Арабын орнууд болон Азийн улсууд тэр чигээрээ каллиграфаараа гоёдог. Энэ нь өөрсдийн бичиг соёлоороо бахархаж, үр хойчдоо өвлүүлж чадаж байгаа сайхан хэрэг. Каллиграфийг жинхэнэ урлагийн бүтээл болгож чадсан үнэхээр гайхалтай ард түмнүүд. Хот суурин даяараа хотын үзэмж, хаяг нэрээ бүгдийг нь каллиграфаараа бичдэг. Сүмүүд нь хүртэл бурханы сургаалаа уран бичлэгээрээ бичсэн нь гайхамшигтай харагддаг юм билээ.

– Азийн орнуудад энэ урлаг их хөгжсөн үү?

– Хүмүүс ханз үсэгтэй ард түмний л урлаг гэж ташаа ойл­годог. Энэ бол каллиграфийн талаар анхны ойлголтгүй хүний л бодол. Дэлхий дээрх бичиг үсэгтэй бүхий л улс орнуудын урлаг юм. Их урлаг. Герман, Итали, Франц, Англи, гээд бүх л орнуудад очиход хамгийн түрүүнд каллиграф нь нүдэнд тусдаг. Яагаад гэвэл тухайн орны бичиг, соёл, эх хэл гэдэг юу юунаас чухал. Бичиг үсэгтэй бүхий л улс орон өөрийн гэсэн каллиграфтай байдаг.

– Манай улсад ямар хэмжээнд хөгжсөн гэж та боддог вэ?

– 1990-ээд оноос монгол бичгээ суръя, бичье, төрийн бичиг болгоё гээд эхэлсэн. Зааж сургах, түгээн дэлгэрүүлэх ажил хийгдэж байгаа ч учир дутагдалтай л байна. Боловсролын хуульд өөрч­лөлт оруулвал зүйтэй гэж боддог. Багш бэлтгэх сургуулийн оюутнуудад зааж, 3,4,5-р ангид зургийн хичээл дээр калли­графийн урлагийн сайхныг багаасаа мэдэрдэг байх бодлого боловсруулан багш нарыг бэлтгэх, давтан сурах, үзүүлэнгүүд хийх гэх мэт олон манай монголын орчин үеийн каллиграфчдийн холбоо төр засагтай олон талаар хамтран ажиллах бодолтой байгаа. Мэргэж­лийн Дүрслэх урлагийн сургуулиудад каллиграфийн анги байхгүй гээд бодоход харамсмаар. Би нэг хэсэг Дүрслэх Урлагийн дээд сургуульд каллиграф заасан ч удалгүй болиулчихсан. Дэлхийн жишгээр монгол бичгээ урлаг талаас нь илүү мэдрүүлвэл улам хөгжинө, сурна гэж боддог.

– Каллиграфаар авьяастай хүн л бичих үү?

– Мэргэжлийн зураач хүн хийвэл илүү сайн. Гэхдээ зураач биш, сонирхолтой, авьяаслаг, сэтгэл­тэй залуус бас их бичиж байна. Мэргэжлийн уран бүтээл­чийн төвшинд хүрч байна. Мэргэжил, гарын ур, дээр нь авьяас чадвар гээд олон зүйл нөлөөлнө. Онцлог нь баллуурдаад юмуу, дээр нь засаж болдоггүй учраас их мэдрэмж шаардана. Тэгээд хамгийн гол нь зохиомж. Зохиомжгүй зүйл бол урлаг биш. Урлагийн хэмжээнд бичиж бүтээх нь хамгийн чухал шүү дээ. Каллиграф тухайн үеийн мэдрэмжээр нэг л удаа татдаг давтагдашгүй урлаг. Жишээ нь: Уул гэдэг үгийг мянган удаа бичихэд мянган өөр болдог. Зурах бол өөр л дөө.Техник их сайн байх ёстой.

– Орон орны каллиграф хоорондоо адил төстэй зүйл олон байдаг уу?

– Дэлхийн бүх түүх соёл, ёс заншил хоорондоо холбоотой. Заавал бие биенээсээ нэг юмыг нь авсан байдаг. Энэ нь уран бүтээлч хүний нүдээр харахад урлагийн бүтээлээр илүү илэрч гарч ирээд байгаа нь мэдрэгддэг. Жишээ нь: Дээр үеийн модон барын номнуудад эртний европ үсгийн элементүүд ихээхэн орсон байдаг. Томоохон ном судруудад ч их байдаг. Энэ мэт олон жишээг дурьдаж болно.

– Шүлэг яруу найраг, бурханы сургаал, мэргэдийн үгийг калли­графаар бичих нь илүү байдаг уу?

– Яруу найраг, уран зураг хоёр бол нэг юмны хоёр тал. “Уран зураг бол харах яруу найраг, яруу найраг бол сонсох уран зураг” гэж Леонарда Да Винчи хэлсэн байдаг. Каллиграфаар үлэмж их гоо сайхныг илэрхийлэхэд хараад л хүнд гоо сайхны таашаал төрүүлдэг. Цэцэг гэдэг үг нь хүртэл цэцэг шиг харагддаг. Огт тайлбарлах хэрэггүй. Урлагийн мөн чанар нь ерөөсөө л энэ. “Цэцэг хэрвээ дуун гарваас илүү үйл болоод, Чулуу үл өгүүлэхийн тулд хүмүүнээ тааламжтай” гэж В.Инжинашийн үг байдаг. Сайхан байгалийн зургийг бид эхлээд ямар сайхан байгаль вэ гэж харж, мэдэрч дараа нь харин аль нутгийн уул ус болох талаар сонирхдог. Ардын зураач О.Цэвэгжав гуайн гуайн “Азарганы ноцолдоон” гэдэг зургийг хаанахын хэний азрага вэ гэж тэнэг л хүн асуух байх. Тэр зургийн сайхныг, хүнд өгч байгаа эрч хүч мэдрэмжийг л эрхэмлэдэг юм. Түүнтэй адил гоё сайхан бичсэн каллиграфыг хүн урлаг талаас нь эхэлж хараад дараа нь яг юу гэсэн үг болох тухай нь сонирхдог. Иймээс уран зураг гэдэг маргахын аргагүй гайхамшигтай харах урлаг.

2006 онд манай улсад болсон Дэлхийн яруу найрагч­дын их хурлын үеэр гаргасан таны үзэсгэлэн олны анхаарлыг их татаж байсан даа?

– Би өөрөө каллиграфаар шүлэг бичихийг илүүд үздэг. Ноён хутагт Данзанравжаа, В.Инжинаш, Дорнын их яруу найрагч Б.Явуу­хулан, нэрт дуун хөрвүүлэгч М.Шагдарсүрэн гуайн орчуулгаар Омар Хайямын шүлгүүд, Г.Мэнд-ооёо гуай, Д.Нямсүрэн гээд яруу найрагчдын бүтээлийг их бичсэн. Тэр үеэр гарсан бүтээлүүд бүгд л зарагдсан. Энэтхэг, Тайван, Японы яруу найрагчид ч худалдаж авсан. Мөн албан байгууллагууд ч их авсан нь нэг талаас монголчууд өөрсдийн бичиг соёлоо дээдлэх, хүндэтгэхэд сурал­цаж байгаа том соёл, нөгөө талаас уран бүтээлч бидний эх бичгээ түгээн дэлгэрүүлэх зорилго бага болов ч биелэж байна гэж боддог. Сонирхуулахад, Японд каллиграфаар бичиж байж л шүлгээ бусдад хүргэдэг хүмүүс их бий. Үүнийг хүмүүс ихэд тааламжтай хүлээж авдаг юм билээ.

– Таны бүтээлүүдээс дэл­хийн олон оронд байдаг уу?

– Миний зурсан уран зураг, монгол зураг, график болон каллиграфийн бүтээлүүд дэлхийн 80 гаруй оронд бий.Үүнээс Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, бусад орны төрийн тэр­гүүнүүд, алдартангуудад бэлэг­лэсэн төрийн хэмжээний бэлгийн бүтээлүүд нэлээд байгаа. Жишээ нь: АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш, Английн хатан хаан Елизабета, Японы эзэн хаан Акихито, угсаа залгамжлах хан хүү Нарухито, Солонгос улсын Ерөнхийлөгч И.Мён.Бак, Ватиканы хамба Иоан Павел, Австри улсын канцлер Альфред Гузенбауэр, БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Ир, НҮБ-ын бясалгалын төвийн захирал гэгээнтэн агсан Шри Чинмой, БНКазахстан улсын ерөнхийлөгч Н.А.Назарбаев, Дани Улсын угсаа залгамжлах хан хүү Фредерик, Монакогийн хан 2-р Альберт гэх мэт олондоо олон.

– Ромын Ватиканы ордонд “Мянган морины зураг” гэдэг бүтээлээ өгсөн. Энэ бүтээлээ мянган морины тамгаар хийсэн. Миний бүтээл шүү гэхээсээ илүү Монгол бичиг соёлыг тэр хүмүүст хүргэснээрээ сайхан санагддаг. Өөрийн улсын каллиграфыг бус­дад сурталчлах нь бусад орнуудын хувьд ихээхэн эртний явдал.

Хүмүүс биен дээрээ каллиграфаар бичүүлэх нь бас их олон болж?

– Тийм тийм. Хүмүүс калли­графаар шивээс хийлгэх гээд эх загвар хийгээд өгөөч гэдэг л юм. Өөрсдийн дуртай үг, орд гээд янз бүрийн зүйл бичүүлдэг. Хувь хүний хобби л доо. Урлаг талаас нь сайхан бичиж өгөхийг л боддог. Ер нь мод, чулуу, торго, арьс гээд бүх л юман дээр бичиж болно. Манайд каллиграфаар бичиж байгаа сайхан залуучууд бас байна.

Каллиграфаар бичнэ гэдэг бас түүхийн мэдлэг, судалгаа чухал байдаг болов уу?

– Түүхэн зохиол, түүхэн зураг гээд ер нь түүхийн мэдлэг бол ямар ч ажил мэргэжилд чухал байдаг. Японы нэг сэтгүүлч монгол каллиграф манайхаас ямар ялгаа­тай вэ гэхэд: – Та нар бол суурин амьдралтай хүмүүс. Нэг тийшээ очих бол тэр гудамжны зүүн тийшээ эргээд, дээшээ өгсөөд, баруун тийшээ яваад гээд л нэг хэсэг ийш тийш эргэнэ. Бид бол нүүдэлчин ард түмэн. Мориндоо мордоод тэгш сайхан уудам тал нутгаараа саадгүй давхина. Ийм учраас бичиг үсэг маань салхи мэт чөлөөтэй байдгаараа бахархдаг гэж хэлэхэд тэд нэгэн зэрэг алга ташсан шүү. /инээв/

Монгол бичгийн онцлогийг тодруулах юм бол?

– Монгол бичгийн олон дүрс нь их түүхэн ач холбогдолтой. Монголчууд орон орныг эзэлж байсан нь монгол дармал үсэгт тэр орны бичиг үсгийн элементүүд их ороход нөлөөлсөн. Ханзаар жишээлээд авахад зурлагыг нь чөлөөтэй өөрчлөх боломжгүй. Монголоор улаан наран гэж сайхан бичээд нарыг нь нэг цэг тавьчихвал сайхан бүтээл болох жишээтэй. Харин ханзаар бол нэг цэг нэмчих юм бол өөр утга санааг илэрхийлэх болдог учраас маш хязгаарлагдмал. Иймээс манай монгол бичиг бол үнэхээрийн гайхалтай, уран тансаг. Талын морьтон нүүдэлчид өөрсдийнхөө сэтгэлгээ шиг тийм агуу бичгийг зохиосон. Доошоо бол хүн маш хурдан бичдэг. Харин хажуу тийшээ бол арай удаан. Энэ нь газрын татах хүчтэй ихээхэн холбоотой .

– Яг одоо таны хийж байгаа бүтээл?

– Манай нэг найз дүүгийнхээ хуриманд бэлэглэх юм. Энэ шрифт нь бол арай өөр. Сүхбаатар аймгийн Алтан-овоон дээр гараад “Дуулалт үсэг”-ийг зохиосон юм. Би өөрөө энэ шрифтээрээ бичих дуртай. Жишээ нь: сайн ажиглавал “дор” гэдэг үгийг долоон янзаар бичсэн байгаа. Ингэж нэг бүтээлд нэг үсгийг олон хэлбэрээр зохиомжилж бичвэл улам сонирхолтой болдог юм. Байгаль дээр нь каллиграфаар бичих их сайхан. Францын зураач Ален Хийморийн овоон дээр цасан дээр каллиграфаар бичсэн. Бас нутгийнх нь усаар бичвэл илүү амьд ер бусын энергитэй болдог. Данзанравжаагийн “Үлэмжийн чанар”-ийг Хамарын хийдийн Шамбалын элсэнд рашаанаар бичиж бүтээл хийсэн. Одоо Хас банкны захирал Ганхуягт хадгалагдаж байгаа. Үүгээр нь бичсэнд энерги нь их өөр байдаг юм билээ. Дарьгангын Ганга нуурын усаар бичсэн. Би сүүгээр ч бичсэн. Энэ нь бичиж байгаа болон бичүүлсэн хүндээ илүү амьд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Харин үүнийг натур каллиграф гэж нэрлээд байгаа юм. Энэ мэт дурьдаад байвал олон доо.

Бичсэн Б.Төгсжаргал

“Цаг төр хүмүүс” сэтгүүлээс авлаа.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: