Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

ПРОФЕССОР ХЭНРИ ШВАРЦ: “НЭРТ МОНГОЛЧ ПОППЕГ НАЙЗАА ГЭЖ ХЭЛЭХДЭЭ МАШ ИХ БАХАРХДАГ”


Түүхэн дэх хамгийн агуу монголч эрдэмтдийн нэг Николас Поппе-гийн “Дуртгал”-ыг “Нэпко” компаниас эрхлэн монгол хэлээр гаргалаа. Энэхүү сонирхолтой намтар зохиолыг англи хэлнээс орчуулсан доктор М. Саруул-Эрдэнэ монгол хэлээр хэвлүүлэх эрхийг нь авахаар Бэллинхам хот дахь Вестэрн Вашингтоны Их Сургуульд очоод байхдаа тус номын редактор, нэрт монголч эрдэмтэн Хэнри Шварцтай уулзан ярилцжээ.
Бэллинхэм хот, АНУ.
Ярилцсан др. Мягмарын Саруул-Эрдэнэ (АНУ дахь Монгол Соёлын Төв)

Та анх хэрхэн Монгол судлалыг сонирхох болсон юм бэ?

Яг шууд Монголыг сонирхон судалж эхлээгүй юм аа. Дөчөөд оны сүүл, тавиад оны эхээр би Висконсины Их Сургуульд Нийгмийн Сэтгэлзүйгээр сурч байлаа. Сурч байхдаа Орчин Цагийн Хятад Хэлний хичээл авдаг байв. Дараа нь цэрэгт татагдаад тавиад оны сүүлээр эргэж Мадисонд ирснээсээ хойш Хятадын түүх, улс төрийн хичээлүүдийг ихэд сонирхох болсон юм. Ингэж байхдаа Хятадаас илүү цөөнх үндэстнийг нь, ялангуяа Уйгур, Монгол үндэстнийг гүнзгий сонирхож эхэлсэн дээ. Докторын зэрэг хамгаалснаасаа хойш энэ хоёр үндэстний аль алинаар нь бичиж, туурвиж эхэлсэн боловч Монгол тал нь арай давамгай юм.

Вестэрн Вашингтоны Их Сургуульд зааж буй Монгол Судлалын гол гол хичээлүүд юу вэ?

Гол хичээлүүд гэвэл Түүх, Угсаатны зүйг нэрлэх байна. Би гурван хичээл зааж байлаа. Хоёр нь Монголын Эзэнт гүрний үе болон түүнээс хойших үеийн түүх. Нөгөө нь Монгол нийгэм, соёлын тухай хичээл. Наяад оны дундуур Линда Кимбалл ирж, Төв Азийн угсаатны зүй зааж эхэлсэн бол бусад багш нар хожим Монгол улс болж төлөвшсөн Монголоос өмнөх овог, аймгуудын талаар заадаг байлаа. 1993 оны хамгийн сүүлчийн өдөр миний бие тэтгэвэрт гарч, харин Сибирийн хэлнүүдийн нэрт судлаач Эдди Ваяда Монголын Хөтөлбөрт маань хамрагдсанаар надаас хойш оюутнуудын их сонирхдог, Монголтой холбоотой ерөнхий хичээлүүдийг зааж байна.

Вестэрн Вашингтоны Их Сургууль дахь Монголын Хөтөлбөрийг үндэслэгчийн хувьд хөтөлбөрөө хэрхэн эхэлсэн тухай ярьж өгөхгүй юу?

Монголын хөтөлбөр нь албан ёсоор 1975 онд, манай сургуулийн Зүүн Ази Судлалын Төвийн дөрөв дэх үндсэн чиглэл болон нэмэгдсэн юм. Өмнө нь Хятад, Солонгос, Японы хөтөлбөр хэрэгжиж эхлээд байлаа. Өмнө нь манай багш нар, би өөрөө ч Монголтой холбоотой түүх, соёлын хичээл зааж байсан л даа.
Яг миний өөрийн гүйцэтгэсэн үүрэг хэмээн яривал, би бүр 1969 онд Вестэрн Вашингтоны Их Сургуульд анх ирснээсээ хойш л энэ талаар хөөцөлдөж эхэлсэн хүн. Миний гол зорилго бол зөвхөн Хятад, Япон төдийгүй Солонгос, Монгол судлалыг багтаасан Зүүн Ази Судлалын Төв байгуулах явдал байлаа. Өмнө нь миний хэдэн жил хичээл зааж байсан Сиэттл хот дахь Вашингтоны Их Сургуульд болсон явдлаас шалтгаалан Зүүн Ази Судлалын Төвд Монгол судлалыг хамруулан нээх нь миний хувьд нэн чухал асуудал болоод байв. Юу болсон хэмээвээс, миний хамгийн дотнын найз, мэргэжил нэгт нөхөр Николас Поппе 1951 онд тэр сургуульд ирээд маш чанартай Монгол Судлалын хөтөлбөр нээн ажиллуулсан боловч түүнийг тэтгэвэрт гарахад би болон бусдууд маань бүгд зэрэг Сиэттлийг орхин, Поппегийн үйл хэрэг төгсгөл болсон юм. Поппегийн хувьд энэ нь тун хүнд туссан тул миний бие харин яг тэр орчимд, Сиэттлээс холгүй Монгол судлалыг дахин сэргээсэн билээ.
Монгол судлал дахь оролцоо, сонирхлыг маань тэтгэн дэмжсэн бас нэгэн явдал 1973 онд болсон нь энэ жил анх удаа би Бээжин дэх Үндэстний Төв Хүрээлэнд (Жонянг минзу шүеюан) нэгэн зуныг өнгөрөөв. Үүнээс хойш олон зун энд ажилласан билээ. Тэнд байх хугацаандаа би Өвөр Монгол болон Хятадын бусад Монголчууд бүхий газруудаар аялж, ном цуглуулан Вестэрн Вашингтоны Их Сургуулийн номын санд хандивлаж эхлэв. Тэр эхний жил буюу 1973 онд анх би 93 боть ном хандивлаж байсан бол үүнээс хойш 14 мянга гаруй ном номын сандаа өргөсөн билээ.
Дараагийн томоохон алхам 1978 бил үү, 79 онд тохиосон юм. Өвөр Монгол руу нэг удаа аялж явахдаа би Чингэлтэй багштай уулзаж, Америк оюутнуудыг тэднийд сургах боломжийн талаар санал солилцов. Өвөр Монголын Их Сургууль бол олон нэртэй Монгол судлаач бэлтгэсэн газар билээ. Уг нь би тиймэрхүү хөтөлбөрийг Улаанбаатарт бас зохион байгуулъя хэмээн санал гаргаж байсан боловч тухайн үеийн улс төрийн байдлаас болж бүтээгүй. Бээжин харин албан ёсоор энэ саналыг 1981 онд баталснаас хойш би 10 жилийн турш Өвөр Монголд Монгол хэлний анхан болон дунд шатны сургалт зохион байгуулсан билээ. АНУ-ын олон их сургуулийн оюутан, судлаачид энэ сургалтад хамрагдсан.

Таны зохион байгуулж байсан Монгол Хэлний Зуны Сургалтаас олон сайн Монголч төрөн гарсан. Тэдний зарим нь, тухайлбал Уэйн Рихтэр, Кристофер Этвүд Монголоор сайн ярьдаг. Ер нь Өвөр Монголд ярианы Монгол хэл сурах хэцүү байсан уу?

Олон арван жилийн туршид Хөххот хятаджиж, нийтийн тээвэр, дэлгүүр хоршоонд оюутнууд маань ойр зуурын хятад хэл хэрэглэхээс аргагүй болдог байсан нь үнэн. Гэвч Монгол хэл сурах маш их боломж байсан. Юуны өмнө багш нар Даваагаас Баасан хүртэл, өдөр бүр, бүтэн долоон долоо хоног эрчимтэй ажиллаж, ихийг заадаг байлаа. Дээр нь Өвөр Монголын Их Сургуульд Чингэлтэй, Чойжинжав зэрэг гарамгай Монгол судлаачид ажилладаг, Гэрэлтү зэрэг алдарт найрагчид оюутнуудтай маань ярилцах цаг зав байнга гаргадаг байв. Их сургуулиас гараад ч тэр, нэг их хол явалгүй, номын дэлгүүр зэргээр ороход Монгол хэлээрээ дадлага хийчих газар олддог байлаа.

Яриагаа Вестэрн Вашингтоны Их Сургуулиас тэлж, АНУ-ын Монгол судлалд хандуулъя. Хамгийн ахмад Монгол эрдэмтдийн нэгийн хувьд та энэ улс дахь Монгол судлалын үүсэл, цар хүрээг базан өгүүлбэл?

Энэ асуултад би цаг хугацаа болон орон зай гэсэн хоёр чиглэлээр хариулт өгье. Цаг хугацааны үүднээс авч үзвэл АНУ-д үнэн хэрэгтээ Дэлхийн 2-р дайнаас хойш л Монгол судлал жинхэнэ утгаараа эхэлсэн гэж хэлж болно. Мэдээж хэрэг, Монголыг хичээлийнхээ хөтөлбөрт тусгасан багш нар өмнө байсан боловч чухам 50-иад оны үеэс л хожмоо Монгол Судлалын Хөтөлбөр хэмээн нэрлэгдэж чадахуйц болсон сургалтууд зарим нэг их сургууль дээр эхэлсэн юм. Хамгийн анхны хийгээд зарим талаар бас хамгийн амжилттай хэрэгжсэн гэж болох хөтөлбөрүүдийн нэг нь Вашингтоны Их Сургууль дээр буй болсныг чухамдаа ганц хүний мэдлэг, хөдөлмөрийн үр дүн хэмээн хэлж болно. Энэ хүн бол агуу Монголч Николас Поппе. Тэрбээр олон гарамгай Монголч эрдэмтдийг бэлтгэсний дотор Жон Крюгер буй. Гэвч миний өмнө өгүүлсэнчлэн Поппегийн үүтгэсэн тэр сайхан хөтөлбөр өөрийг нь тэтгэвэрт гарахтай зэрэг унтарсан юм. Харамсалтай нь АНУ-ын эрдмийн байгууллагуудад жижиг хөтөлбөр хөрөнгө мөнгөнөөс болж мөхөх нь тийм ч ховор үзэгдэл биш ээ. Үүнээс ургуулан бодоход би бол тун азтай хүн. Намайг тэтгэвэрт гарснаас хойш манай Монгол хөтөлбөр зогсох нь байтугай урагшлан хөгжиж байна.
Энэ дээрх ажиглалтаасаа үүдэн Америкийн Монголч эрдэмтэд бидний ажиллаж буй орон зай, газарзүйн онцлогийн талаар хэдэн үг хэлье. Олон нийтийн дундах Монголчуудын талаарх мэдлэг өсч байгаа өнөө үед Монгол улс болон Монголчуудын талаарх судалгаа цар хүрээний хувьд тэлж байгаад бид их баяртай байгаа. Гэвч бид хэт үнэмшилгүй итгэл найдвараас сэргийлэх хэрэгтэй. Хойд Америк дахь Монгол судлал бол түүхэн болон газарзүйн аль ч үүднээсээ энэ бүсийн эрдмийн ертөнцөд захын судлагдахуун байсаар байх болно. Зүүн Азийн улсууд, Энэдхэг, Орос болон Европын олон улстай харьцуулахад АНУ нь орон зайн хувьд Монголоос асар хол. Үүнээс болж дээр дурдсан бусад улсын Монголтой харьцаж байсан шиг нэн эртний түүхэн холбоо манай хоёр улсын хооронд тогтож байсангүй. Энэ баримтаас Америкийн Монголч эрдэмтэд сургамж аван, бие тоон тайвшрах бус харин ч хувиараа болон хамтаараа чармайн ажиллаж, дурдсан бэрхшээлийг даван туулж, Монгол судлалыг Америкийн их сургуулиудад хүлээн зөвшөөрөгдсөн, тогтвортой судлагдахуун болгох шаардлагатай юм.

Поппегийн тухай ярьж эхэлснийх, түүний алдарт “Дуртгал” удахгүй Монгол уншигчдад хүрэх гэж байна. Энэ номын редакторын хувьд та хэдэн үг хэлэхгүй юу?

Сиэттлд, Вашингтоны Их Сургуульд хамт байхдаа бид хоёул түүнийг намтраа бичих нь зөв юм хэмээн ярьдаг байсан боловч энэ яриа хэдэн жилийн дараа л жинхэнэ бодит хэрэг болох боломж бүрдсэн юм. Далаад оны эхээс наяад оны сүүл хүртэл бараг хориод жил би эхнэртэйгээ Поппегийн Сиэттл дэх гэрт нь байнга зочилдог, хожим эхнэр Эдит нь өнгөрч, байшингаа зарснаасаа хойш Поппе ч манай Бэллинхам дахь гэрт үргэлж айлчилдаг байв. Манайхаар зочлонгоо тэрбээр Баруун Вашингтоны Их Сургуулийн Зүүн Ази Судлалын Төвд хамт ажилладаг нөхөдтэй минь байнга уулзаж, манай сургуулийн Зүүн Ази Судлалын хуралд яриа лекц хийдэг байлаа. Нэг нэгнийдээ айлчилдаг асан тэр өдрүүдээс л би Поппед намтраа бичих нь хэчнээн чухал болохыг ятгаж эхэлсэн, гэвч түүнийг зөвшөөрүүлэхийн тулд маш их чармайлт гаргасан даа.

Поппе гуай намтраа 1981 оныг хүртэл өгүүлжээ. Түүнээс хойш амьдралд нь ямар нэг чухал явдал тохиосон уу?

Нэг их том үйл явдал болоогүй. Мань хүн энд, Бэллинхамд ирсэн хэвээрээ л байсан, хүмүүст яриа хийж, надтай ч бас буу халдаг хэвээрээ л байлаа. Идэвхтэй хэвээр, юм бичсээр л байсан. Англи дахь нэг хэвлэлийн газар өгүүллүүдийнх нь түүврийг хэвлүүлсэн. Гэхдээ амьдралынхаа яг эцсийн хоёр жилд бараг ажиллаж чадаагүй дээ. Насан эцэс хүртлээ сэргэлэн, хөхиүн байсан шүү. Нас барахад нь Ванкүверээс хүү нь ирж хамт байсан юм.

Тэгээд үзэхээр Поппе хориод наснаасаа нас барахаа хүртэл бараг 70 гаруй жил эрдэм судалгааны талбарт нэн идэвхтэй, үр бүтээлтэй ажиллажээ. Поппе тийм их хүчтэй, чийрэг хүн байв уу?

Гол нь зохион байгуулалт их сайтай хүн байсан юм. Нэг явдлыг би санаж байна. Поппе манайд ирэхээрээ дээд давхарт хонодог юм л даа. Тэгсэн нэг өдөр мань хүний байсан дээд давхраас чанга чимээ сонстдог юм байна. Эхнэр бид хоёр очоод хартал Поппе дасгал хийж байсан. Сүүлд мэдэх нь ээ, Поппе өглөө бүр яг тэр цагт тэгж дасгал үйлддэг заншилтай юм санж. Хожим бүр 80 гарсан хойноо ч дасгалаа бидний хэнтэй ч харьцуулшгүй хавьгүй идэвхтэй хийсээр л байв. Бие сайтай байсан нь үүнтэй холбоотой байх. Түүнээс гадна Поппе маш олон шог явдал, яриа мэддэг, хөгжилтэй хүн байлаа. Тиймэрхүү сонин түүх, элдэв явдлыг дэлхийн маш олон өөр хэлээр мэднэ. Хүмүүс “Поппе багш аа, та хэдэн хэл мэддэг юм бэ?” хэмээн байнга асууна. Мань хүн хариулахдаа “Бараг мэдэхгүй дээ. Одоо ч бүр хөгширч. Долоо найман хэл юм бол уу? Мэдээж би энэ дотор герман, франц гэх мэт хэлийг тооцохгүй шүү дээ. За яахав тоолоод үзье: чуваш, удмурт …” гээд л явж өгнө. Сонсч байгаа улсын ихэнх нь тийм хэлнүүд ерөөс дэлхийд байдаг ч гэж мэдэхгүй.

“Дуртгал”-ыг бичиж дуусгахад маш их цаг хугацаа зарцуулсан гэдэг байх аа?

Тийм ээ, яриаг нь хурааж авах, буулган бичихэд маш их цаг зарсан. Нас өндөр болсон байсан тул Поппе их зүйлийг мартсан байсан юм. Тиймээс урсан өнгөрсөн тэр өдрүүдэд ой санааг нь эргүүлэн авчрахын тулд бүр ч их цаг зарцуулж байв. Энэ бол маш нарийн үйл ажиллагаа байлаа. Учир нь алгуурлах дэмий, зарим зүйл зээр заавал тодруулга хэрэгтэй, эргэн санах шаардлагатай, гэвч хэтэрхий хүчлэх нь бас аюултай. Хэдий тийм их хугацаа шаардсан ч хэвлэх үедээ бол бид хоёул сэтгэл хангалуун байсан. Уйгар-Англи толио хийхэд 10 гаруй жил зарцуулснаа эс тооцвол миний хамгийн олон жил ажилласан ном бол энэ “Дуртгал” мөн.

Оросын эрдэмтэн Алпатов энэхүү номыг орчуулж гаргаагүй боловч ихэнх материалыг нь хэрэглэн өөрөө ном хийсэн байдаг. Гэхдээ Поппег аль болох хар бараан талаас нь харуулах гэж хичээсэн мэт?

Алпатов бол дараачийн үеийн хүн шүү дээ. Гучаад оны үеийн амьдралын талаар тэр юу мэдэх сэн билээ? Коммунизм задран унасны дараа Оросоос Баруун руу янз бүрийн зорилготой хүмүүс ирж байсны хамгийн анхны нэг нь Алпатов юм. Алпатов ерөөд оны эхээр энэ улст хоёр үндсэн зорилготой ирсэн хүн. Эхнийх нь Мичиганд хуралд оролцох, хоёр дахь нь Бэллинхамд ирж, Поппегийн “бөгсийг ухах”. Би ч урьдчилсан мэдээлэлтэй байсан, тэр надаас юу ч сонсож чадаагүй. Ер нь бол тэр монгол судлаач биш япон судлаач хүн шүү дээ.

Таны зөвлөсний дагуу “Дуртгал”-ыг Монголд хэвлэх эрхийг Баруун Вашингтоны Их Сургуулийн Зүүн Ази Судлалын Төвөөс албан ёсоор авлаа. Баярлалаа. Эцэст нь “Монгол Нийгэмлэг” (Mongolia Society) -ийн Удирдах зөвлөлийн гишүүний хувьд нийт гишүүдийнхээ өмнөөс танд манай нийгэмлэгийн Ерөнхийлөгчөөр олон жил ажиллаж, мэдлэг оюун, хүч хөдөлмөрөө зарсанд тань  баярлалаа хэмээн хэлье.

“Монгол Нийгэмлэг”-ийн Ерөнхийлөгчөөр есөн жил ажилласан маань миний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Өнгөрсөн дөчин таван жилийн туршид эрдмийн энэ байгууллага Монголтой холбоотой бүгдийг эрдэмтэн судлаачид болон жирийн иргэдэд түгээн хүргэж ирлээ. Энэ сарын сүүлээр намайг албаа өгснөөс хойш ч “Монгол Нийгэмлэг”-ийн ажил мандан байдарсаар байх болно хэмээн итгэнэ.

Даяар монгол дот ком сайтаас авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: