Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: Би Н.Поппегийн саналыг дэмждэг, өөрөөр хэлбэл судалгаа үзлийг нь шүтэн биширдэг


Монгол судлалын агуу эрдэмтэн Н.Поппе туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан “Дуртгал” номоо 1980-аад оны үед англи хэлээр хэвлүүлсэн билээ. ХХ зууны хүнд хэцүү бүхнийг нүдээр үзэж туулсан,түүнийг  зууны үйл явдлын гэрч гэж хэлж болно.Тэрээр Монголыг шимтэн судалсан, Монголд хайртай нэгэн. Монголчуудад төдийгүй дэлхийд онц сонирхолтой Н.Поппегийн энэхүү “Дуртгал”  номыг  Америк дахь Монголын соёлын төвийн тэргүүн, эрдэмтэн М.Саруул-Эрдэнэ орчуулжээ. Өнөөдөр түүний ном хэвлэгдэн уншигчдадаа хүрч байна. Түүнтэй уулзаж номын талаар хөөрөлдөв.

-Та Н.Поппегийн”Дуртгал”номыг зүгээр нэг шүүрч орчуулаагүй болов уу?

– Би энэ номыг орчуулах юмсан гэж олон жил бодож явсан. Н.Поппе бол Монгол хэл шинжлэл, монгол судлалыг шинэ түвшинд гаргасан хүн. Харьцуулсан алтай хэл судлалын онолыг үндэслэсэн гэж хэлж болно. Нас сүүдэр 80 гараад байгаа, өдгөө Америкийн Индианад буй Крюгер эрдэмтэн Н. Поппег шавиа байсан гэж бахархан ярих дуртай.Тэрээр Н. Поппегийн зиндаанд хүрж очих  Монгол судлаач гэвэл  Кливезээс өөр  нэг ч хүн байхгүй ярьдаг юм. Кливез бол Харвaрдын их сургуульд багшилж байсан мундаг монголч эрдэмтэн. Мөн Н.Поппегийн найз энэ номыг редакторласан Х.Шварц түүнийг  хамгийн агуу эрдэмтдийн нэг, түүнтэй найз байсандаа баярлаж явдаг гэж хэлдэг. Энэ нь зөвхөн монгол судлалд, төдийгүй Америкийн  шинжлэх ухааны хүрээнд ярьж байгаа юм. Ингэхээр энэ хүн   ямар хүн байсан  бэ? гэдэг нь харагдаж байгаа биз дээ.
Олон мундаг монголч эрдэмтэд байна л даа. Гэхдээ тэдний  дуртгал ном тэр бүр байхгүй. Тэгээд ч Н.Поппегийн туулсан амьдрал их сонин. Нэг хүний амьдралд дэндүү ахадсан хүнд амьдралыг туулсан гэж өөрөө хэлсэн байдаг. Бага байхад нь   Боксерын бослого гарсан. Дараа нь Орос, Японы дайн, дэлхийн I дайн, Иргэний дайн, Сталиний их хэлмэгдүүлэлт, дэлхийн II дайн энэ бүхнийг нүдээр үзэж туулсан хүн. Дэлхийн II дайны үед Орост ч, Германд ч бас байсан.Тэгээд  Америкт гарч амьдарсан билээ. ХХ зуунд дэлхий дээр болсон том том үйл явдлыг үзэж туулсан, хохирогч нь болж байсан. Өөрөөр хэлбэл нэгэн зууны гэрч гэж хэлж болно. Иймээс энэ хүний намтар Монголд төдийгүй олон оронд сонирхолтой юм. Мөн алтай хэл шинжлэлд олон маргаантай зүйлүүд байдаг. Алтай язгуурын түрэг, монгол, манж хэлүүдийг нэг хэлнээс салбарласан уу, бие биедээ нөлөөлсөн, салангид хэлүүд үү гэсэн гол маргаан байдаг юм. Н.Поппе  бол Алтай хэлийг нэг хэлнээс салбарласан гэж үздэг. Би энэ тал дээр Н.Поппегийн саналыг дэмждэг, өөрөөр хэлбэл судалгаа үзлийг нь шүтэн биширдэг гэж хэлж болно.Тиймээс түүний номыг орчуулахад их таатай байсан.

– Энэ номонд Монгол, монголчуудын тухай урд өмнө бичигдэж хэвлэгдээгүй, сонсож дуулаагуй сонин содон зүйл бий юу?

-Н. Поппе Монголд их хайртай байсан. Багадаа Хятадад амьдарч байхдаа жин тээж яваа аянчдыг хараад, энэ хүмүүс хаана хэрхэн амьдардаг бол гэж их боддог байсан гэдэг. Хүүхэд насны энэ сониуч зан  нь түүнийг хожим монгол судлалд татсан  гэдэг. Түүний энэ номонд өнгөрсөн зууны 20,30-аад оны үед монголд аялаж, ажилласан тухай  дэлгэрэнгүй бичсэн. Мөн монгол судлалын хамгийн том эрдэмтэд болох Н.Поппегийн багш нар, Руднев, Котвич, Владимирцов гээд олон эрдэмтний хувийн амьдрал, хэлмэгдүүлэлтийн тухай бичсэн нь монголчуудад сонирхолтой болов уу.

-Монголд Америкийн хамгийн сайн номууд орчуулагдаагүй байгаа. Хүч үзэн орчуулья гэсэн ном бий юу?

-Тиймээ тэр үнэн л дээ.Том хэмжээний үргэлжилсэн үгийн зохиол  орчуулахгүй байх. Харин шүлэг яруу найраг орчуулах дуртай болоод байгаа. Монголтой холбоотой хүмүүсийн дурсамж тэмдэглэлүүд   орчуулах болов уу. Нэг польш хүний тэмдэглэл бий. Дэлхийн II дайны үед Сибирьт шоронд хоригдсон нэг польш эр  америк, латви зэрэг 10 гаруй хүний хамт оргож, Монголоор дайрч Энэтхэг хүртэл явган явсан юм.Энэ сонирхолтой тэмдэглэлийн хоёр бүлэгт Монголын тухай бичсэн байдаг. Энэ тэмдэглэлийг орчуулах санаа байна. Саяхан бид багаар хамтран  Ажаа Ринбүүчигийн намтар “Цагийн бэлэгдэгч  наран чөлөө” номыг орчуулан гаргасан.

– Америк дахь “Монголын соёлын төв” соёлын үрийг хэр тарьж байна даа?  Америкт монгол судлал, Монголыг сонирхох сонирхол буурсан гэж ярих юм?

– Америкт Монгол судлалыг Н.Поппе, Кливезийн ид үеийнх шиг сайн гэж хэлэхгүй. Ганцхан Индианагийн их сургуульд л Монгол судлалаар эрдмийн зэрэг хамгаалж байна. Америкт үнэндээ монгол судлалыг хэдэн монголч эрдэмтэд  хувь хүмүүс л авч явж байна даа. Энд тэнд болох эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэд хувиараа очиж оролцдог. Америк дэлхийг бараг өөрсдөөсөө илүү шахуу сонирхдог улс. Дайснуудаа их судалж үзэхээс, найз улсаа нэг их судлаад байдаггүй. Тийм ч учраас Монголыг сонирхох хандлага буураад байгаа. Ийм үед манай төв монгол судлал, монгол хэл соёлд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна даа. “Монголын соёлын төв” жил бүр монгол хэлээр монгол судлалын бага хурал зохион байгуулж байна.  Энэ хуралд манай эрдэмтэд, монгол хэлтэй америк эрдэмтэд оролцож илтгэлээ тавьдаг. Мөн монгол судлалын цуврал лекц явуулдаг. Энд лекцэд Америкийн төрийн болон эрдэм шинжилгээний хүрээний олон хүмүүс ирж лекц уншдаг, сонсдог  тул тун сонирхолтой болдог. Мөн хүүхдийн зуслан байгуулсан..Жил бүр монгол судлалын хурлын үеэр концерт зохион байгуулах гээд л  юм хийж байгаа.

-Цаашдаа үйл ажиллагаагаа яаж өргөжүүлэх бодолтой байна вэ?

– Санаа байна. Хөрөнгө мөнгө л хэрэгтэй болох байх. Одоогоор удирдах зөвлөлийн хэдэн залуу л өөрсдийн чадлаар хамтран ажиллаж байна. Өргөн хүрээтэй болгоход мэдээж төсөв хөрөнгө хэрэгтэй. Америк дахь Монголын элчин сайдын яам бидэнд их тусладаг. Хурал зохион байгуулахад  хамтарч, байр үнэгүй гаргаж өгдөг. Манай хоёр  байгууллага хамтраад овоо юм хийгээд байгаа. Ер нь манай төвийнхөн хүн хараас  мөнгө төгрөг гуйгаад яваагүй. Өөрсдөө сайн дураараа юм хийнэ гэж байгуулчхаад, бусдаас мөнгө гуйгаад явж байх нь хаашаа ч юм. Бидний үйл ажиллагаанд жилдээ 5000-7000$ байхад л болох юм. Энэ хэмжээний хөрөнгөтэй бол бид хийж байгаагаа өргөжүүлээд, өөр олон зүйлийг хийж болох юм.

-Төрөөс энэ талаар анхаарч туслaдаг уу? Бусад улс орны жишиг ямар байдаг вэ?

-Тэнд Америкийн “Монгол Судлалын Төв”, “Монгол нийгэмлэг” хоёр л монгол судлалыг авч явж байна. Жилдээ ганц удаа болдог олон улсын ази судлалын хуралд оролцдог.Тэд хурлыг нь зохион байгуулж, манай төв хүлээн авалт, урлагийн тоглолтыг зохион байгуулдаг юм. Монгол судлалыг сонирхолтой хэвээр байлгах гэж хэрэндээ л оролдож байна. Дуучид хөөмийчид  хөгжимчдөө гуйгаад л үнэгүй тоглуулдаг. Бусад орны дэргэд бол инээдтэй л дээ. Баян орнууд огт өөр.Тухайн улсаас нь маш олон эрдэмтэн ирж оролцоно.Том зочид буудалд нүсэр юм хийдэг. Манайх  дэргэд нь даржин байдаг.

– Америкт Монголыг хэр мэддэг вэ?

–  Америкчууд ер нь Монголын тухай байтугай дэлхий нийтийн талаарх мэдлэг тааруу. Эрхбиш Чингис хааныг мэддэг. Одооноос харин гайгүй болж байна. Жак Вэдэрфордын ном, Бодровын кино хоёр сайн нөлөөлсөн. Мөн монголчууд олноор суурьшсан хотуудад  холбоод нь наадам хийж, урлагийн тоглолт зохиох болсон. Энэ бүхэн жирийн америкчууд Монголыг мэдэхэд багагүй нэмэр болж байна. Юм хийвэл ч багадахгүй л дээ. Арлингтон хотод яруу найргийн нэг баар байдаг юм.Тэнд ням гараг бүр яруу найрагчид ирж шүлгээ уншдаг. Тэнд  би монгол шүлгээс орчуулан англиар хэлдэг. Ирсэн америкууд манай яруу найргийг сонсоод их л сонирхож байдаг юм. Цаашдаа Монголын тухай кино, баримтат кино, урлагийн тоглолт зэрэг олныг хамарсан олон арга хэмжээ байнга зохиож байвал Америкийн олон түмэн бидний тухай илүү ихийг мэдэх болно.

– Манайхан хэр нэр нүүртэй явна даа?
– АНУ-д байгаа монголчууд бүгд сайн яваа гэж хэлэхгүй л д ээ. Хэн яаж явна түүгээр нь үнэлж ярьдаг. Нэг хотод монголчууд сайн ажиллаад, сайхан байвал тэр  тосгоныхон тэр аяараа л монгол хүн сайн гэж ярина. Харин тааруухан байвал монгол хүмүүс муу гэж ярьдаг. Бид харьд явахдаа өөрийнхөө нэрийг авч явахын сацуу эх орны минь  нэр сүр хамт яваа гэдгийг санаж явах хэрэгтэй гэж боддог.  Нэг үеэ бодвол Америкт байгаа монголчууд арай өөр болж байна. Хамтын зохион байгуулалттай болж, хамтарч ажиллан, монголоо сурталчлах, энэ тэрд санаа тавьж оролцох болсон. Тэнд бизнес эрхэлдэг монголчууд танхимаа байгуулсан, бүх төрлийн спорт сонирхогчдын клуб, Монгол сургууль,ТВ байгуулагдан ажиллаж байна. Мөн юм бичдэг  залуучууд нэгдээд веб гаргадаг.

-Танай төв бусад улс оронд байгаа монголчуудтайгаа хэр холбоотой байдаг вэ?

-Англи дахь монголчуудын холбоотой хамтран ажиллаж байгаа. Мөн Монгол дахь Цахим өртөө ТББ-тай хамтран ажилладаг.   Гэхдээ яг одоохондоо бүх тив дэлхийгээр нэг байгаа монголчуудтай харьцаж ажиллахаас, илүү одоо хийж байгаа үйл ажиллагаагаа илүү сайн хийхийг зорьж байна. Америкт монголоо сурталчлах, тэнд байгаа монголчууддаа хэл соёлоо хадгалан өвлүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна.
-Таны соён гэгээрүүлэх их үйлст амжилт хүсье!


Д.Саранчимэг

Single Post Navigation

One thought on “М.Саруул-Эрдэнэ: Би Н.Поппегийн саналыг дэмждэг, өөрөөр хэлбэл судалгаа үзлийг нь шүтэн биширдэг

  1. САЙН МЭСП

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: