Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: “Говиос төрсөн гоолиг академич”


Хайрлаж явдаг сайхан багш нар минь – Гурав
(Багш нарын баярт зориулсан цуврал)

1993 оны 9 сарын 1. УБИС-ийн Монгол хэл Уран зохиолын төгсөх ангид дэвшсэн бид сүүлчийн хичээлийн жилийнхээ эхний хичээлд орлоо. Тэгтэл деканы нарийн бичгийн дарга Баасансүрэн эгч орж ирснээ, учиргүй самбар ширээ арчаад л, цэвэрхэн ангийг дахин янзлаад унадаг юм байна. “Яав, юу болов?” гэсэн Герман улсын Боннын Их Сургуулиас Төмөртогоо багш хүрэлцэн ирсэн, манай ангид “Түүхэн хэлзүй” орох юм гэнэ. Ийнхүү тэр чухал хичээлийг чухам эзнээр нь заалгах аз манай ангийнханд тохиодог юм байжээ. Удалгүй хаалгаар нээрээ л самбар ширээгээ сайхан цэвэрлэхгүй бол хиртчихмээр цэвэрхэн хүн орж ирсэн нь 4 жил сургийг нь л дуулсан, өгүүллийг нь уншиж, товчилсон Д. Төмөртогоо хэмээх багш “амьдаараа” байж билээ.

Академич Д. Төмөртогоогийн эрдэм бүтээлийн талаар энд өгүүлэх илүүц биз, амьдрал намтрынх нь талаар ч “Өгсүүр замын дуун” гээд бүтэн ном гарсан байгаа, харин эрдмээс нь өвлөсөн шавийн хувьд багш нарын баярыг угтуулаад өөрийнхөө л харсан тэр өнцгөөс та бүхэндээ хуучилъя.

Гадаадын олон улсын томоохон их сургуулиудаар бүр социализмын үеэс л явж хичээл заасан хүний хувьд Төмөртогоо багш “юм үзэж нүд тайлсан”, ерөнхий мэдлэг сайтай багш билээ. Хичээл дээрээ биднийг байнга шалгачихна. Зөвхөн мэдлэг шалгаад зогсохгүй, хэлний элдэв асуудлын учрыг өөрсдөөр маань сэтгүүлэн хэлүүлэх гэж оролдоно. Өөрөөр хэлбэл эрдмийг зүгээр нэг хоол аятай бэлэн тавиад өгчихгүй, бас чиг зовоож байж багш оюутан хамтран гаргаж ирнэ гэсэн үг. Ихэнх асуултад нь миний бие сүрхий хариулаад байхаар “Саруул одоо чимээгүй байж байгаарай, бусад нь хариул” гэдэг байсныг одоо дурсахуй, онгирсон л болох байх даа, уучлаарай.

Тэр жил (1993 он), 11 сарын 23-ны шөнө гэргий мэндэлж, хүүтэй боллоо. Үүрээр улаан галзуу амьтан давхиад ирсэн, эхний цаг “Түүхэн хэлзүй” байна аа. Төмөртогоо багш “Би чамаас хоёр л зүйл асууя, хариулж чадвал эхнэр хүүхдэдээ оч” гэсэн, хоёуланг нь зөв хэлээд эргээд гүйж байж билээ. Сонин асуулт байсан болохоор би одоо хүртэл оюутнуудаасаа асуудаг юм. Эхний асуулт нь “Хязгаар, язгуур гэх мэт үгэн дэх Г гийгүүлэгч бүр Нууц Товчооны үед гээгдээд “хужаур” болсон байсан, одоо яагаад буцаад гараад ирсэн хэрэг вэ?”, удаах асуулт нь “Би – Ба, Ти – Та, И – А гэсэн 1, 2, 3-р биеийн ганц олны эсрэгцэл яагаад үгүй болсон, яагаад олныг илэрхийлэх Бида, Та нар гэх мэт өөр өөр хэлбэрүүд гарч ирсэн бэ?” Юу гэж хариулснаа тайлбарлаад бичвэл дуртгал өгүүлэл биш хэл шинжлэлийн илтгэл болчих байх, орхиё доо. (“Сонирхолтой хэл шинжлэл” номыг маань үзээрэй)

Багш гэхээр заавал загнаж зандарч, уурлаж хашгирч ойлгуулдаг биш, оюутан залуустай ойр дотно байж бас сургаж болдгийг Төмөртогоо багш гайхалтай үзүүлнэ. Бид ямар тэнэг улс биш, тэр том эрдэмтэн тэгж харьцаж байгааг нь далимдуулаад даврахгүйгээ мэднэ, харин ч зөөлөн байх тусам нь илүү хүндэлнэ. Багш харьцангуй хожим эрдмийн зэрэг хамгаалсан юм (Үйл нь ирсэн хүн үсгийн дүрмээр оролдоно гэдгээс болсон хэрэг). 1994 оны хавар хуучин нэрээр бол дэд эрдэмтний зэргээ хамгаалахад нь эрдмийн дуу сонсохоор бидний цөөхөн оюутан номын мэтгэлцээнд нь суусан, тэгтэл бид хэдийг цайллагандаа оруулж билээ. Төгсөө ч үгүй оюутан байж, баахан эрдэмтэдтэй номын хуримын ширээнд хамт суух нь тун хүндэтгэлтэй санагдаж байсан сан. Хүүхдийг хүртэл тэгж сайхан хүндэлдэг багш.

Өөрөө би дараа нь багш болсон хойноо ч Тө багшаас сурсаар л байлаа. Түүхэн хэлзүйн хичээлийг нь ч нэлээд хэдэн жил заав. Компьютер гээч юм анх дэлгэрч, тэнхим болгонд тавьсан, бид хэд ердөө хөзөр тоглохоос өөрөөр хэрэглэж мэддэггүй байлаа. Тэнхимийн залуу багш нар нэгнийгээ тоглож байхад нөгөө нь хараад суучихсан, “Хөөе чи наад хар ноён дээрээ улаан хатнаа тавиач” гээд сууж байдаг сан. Тэгтэл Төмөртогоо багш орж ирээд толгойгоо сэгсрэн, “Компьютерийг ингэж ч ашигладаггүй л юм даа” хэмээн шогширч байсан сан. Боннын Их Сургуульд зааж байгаад ирсэн түүнд бидний тэнхимдээ хөзөр тоглох ямар гэнэн харагдаж байсан бол доо?

Багшийн өрөөнд нэг удаа сууж байсан, нутагтаа, Өмнөговь аймгийн Ханбогд суманд очоод авхуулсан зурагнууд нь байна аа. Нэг зураг дээр багш баахан өвгөн эмгэнтэй зогссон байх юм. “Багш аа, энэ юун эмгэчүүл вэ?” гэсэн, “Юун эмгэчүүл гэж, манай ангийн охид байхгүй юу?” гэж бөөн инээдэм болж билээ. Арван тав зургаан жилийн өмнө гэж бодохоор багш жар дөхөж явсан юм уу даа, нэг талаас багш биеэ маш сайхан авч явсан, овор багатай хүн, нөгөө талаас төдий насны малчдын байдал, хөдөөний амьдрал ахуй, нар салхи хүний нүүр царай, үрчлээ зэрэгт хэрхэн нөлөөлдгийг сайтар харьцуулан бодвол баахан эмгэн, өвгөн дотор ганц жентльмэн залуу зогсоо тэр зургийн учир тайлагдана. “Наадаж явсан ангийн нөхөд минь, насаараа нэгэндээ ангийн хүүхэд ээ” гэж.

Судалгааны ном өгүүлэл нь маш товч тодорхой, илүү үг үгүй, эрдэм шинжилгээний найруулга гэж ямар байх ёстойг тод үзүүлнэ. Илтгэн ярих нь бас тийм. Олон Улсын Монголч Эрдэмтдийн хамгийн том хурал дээр нэг удаа илтгэл тавьсан, бүх илтгэгч хугацаагаа хэтрүүлэн ярьж, санаагаа тайлбарлах гэж нуршсаар байж цаг их авсан, Төмөртогоо багшийн ээлж болоход, “Миний илтгэл энэхүү хурлын товхимолд хэвлэгдсэн байгаа. Тэддүгээр хуудаснаас нь уншаад асууж ярилцах зүйл байвал уулзаарай” гээд суучхаж билээ. 15 секунд.

Өнгөрсөн улиралд сургуульдаа очиж хичээл заалаа. АНУ-д байхдаа нэрт монголч эрдэмтэн Николас Поппегийн “Дуртгал”-ыг чадан ядан орчуулсныг маань “Непко” компани хэвлэж, “Цахим өртөө” нээлтийг нь хийв. Поппегийн тэрхүү “Дуртгал” номыг хамгийн анх бидэнд ярьж өгсөн хүн бол Төмөртогоо багш юм шүү дээ. Тийм ч учраас Төмөртогоо багш, Өнөрөө багш хоёр маань намайг дэмжин, номын нээлт дээр маш сайхан үг хэлж, дотнын анд хийлч Дээгий маань сонгодог хөгжмөөр зочдын сонорыг мялаан, үнэхээр өгөөжтэй үйл ажиллагаа болсонд одоо ч та бүхэндээ талархсаар явна. Төмөртогоо багшийн “Түүхэн хэлзүй” номын талаар Хар Дорж багш Индианагийн Их Сургуульд бас задлан ярихдаа “Төмөртогоо Поппегийн үзэл баримтлалыг маш сайн өөриймсүүлэн эзэмшээд зогсоогүй, цааш нь хөгжүүлсэн байна” хэмээн үнэлж байж билээ. Ер нь бол гадаадад манайхнаас хамгийн их ишлэгдсэн судлаачдын нэг бол Төмөртогоо багш яах аргагүй мөн.

Өнгөрсөн 2009 оны 10 сард Төмөртогоо багш Япон улсад монгол хэлээ заахаар явлаа. Мордохынхоо урд өдөр багш ТИС-ийн түүхийн багш Ю.Болдбаатар гэж андын маань илтгэл дээр орж ирүүтээ нээж үг хэлчхээд гарсан билээ. Тээр арын суудлаас “Багш аа сайн яваарай” гээд л өндөлзөөд байсан, та сонсолгүй гараад явчихсан шүү. Өдгөө харин энэхүү бичлэгийг маань уншиж байгаа бол танд интэрнэтийн зай, сонины хуудсаар дамжуулан Багш нарын баярын мэнд хүргэе. Наран улс чийглэг шүү, биеэ бодоорой.

М. Саруул-Эрдэнэ
saruulerdene@yahoo.com

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: