Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

ЧОЙ.ЛУВСАНЖАВ: “БУЯНЫ НЬ ТОС УХААНЫХ НЬ СҮВИЙГ БӨГЛӨХ”


Э

нэ “Арго багш” гэдэг хүн “би Ринчен багшийн шавь, Лу багшийн шавь” гээд ичих ч үгүй туугаад байх юм. Би бол их сургуулийн монгол хэл, уран зохиолын анги төгссөн ч үнэндээ Ринчен гуайн барааг ч хараагүй. Харин Лувсанжав багшийн шавь байсан гэж хэлэх бүрэн эрхтэй хүн. Би Лу багштай Арго нэртэй шавь уулзаж байхыг амьдралдаа хараагүй. Лу багш бидэнд Монгол хэлний үгийн сангийн хичээл заадаг байлаа. Багш маань хичээлээс голдуу хожигдож орж ирэх. Орж ирсэн хойноо хичээлээ маш өвөрмөц заана. Тэрбээр ямар нэгэн ном, дэвтэр харахгүй. Ерөнхий нэг сэдвийн хүрээнд багтааж тал тал руу нь дэлгэрүүлэн ярьдаг байсан юм. Манай ангийхан бүртгэж мүртгэж зовоохгүй ч хичээлд нь идэвхитэй оролцож суух дуртай байсан.  Багшид маань хүнийг татах сайхан арга олон байсан. Үүний хамгийн гол зүйл нь амьдралтай юм ярьдаг байсанд оршино. Тэгээд намайг МУИС төгссөн жил  гадаад хэлний тэнхимд туслах ажилтнаар ажиллахыг хүсч би гэдэг хүн МУИС-ийн хүн болсон түүхтэй. Харин би хөдөөний паспорттай, бас хөдөө явах томилолттой байлаа. Тэр үед төгсөгчдийг заавал хөдөө явуулдаг байсан болохоор хөдөөний томилолттой би МУИС-д үлдэх гэж багшийгаа их зовоосон юм. Нэг өдөр багш минь МУИС-ийн боловсон хүчин асан Мөнхөө гэдэг хүнтэй миний нүдэн дээр намайг өмөөрөн хэрэлдэж арай л барилцаж авалгүй, бөөн юм болж хотын захиргаанаас хотын харьяат гэсэн тэмдэг даруулахаар болж билээ. Багш маань номын хүн болохоор захиргааны ажлын хүнд суртал, тэр хүний яагаад саад хийгээд байсны учрыг сайн мэдэхгүй, ойлгохгүйн дээр номын ажилд нь саад тээр болсонд хүнд тэгэж уурласан хэрэг. Тэгээд багш бид хоёр 1989 онд одоо миний ажиллаж байгаа Японы Токиогийн гадаад судлалын их сургуульд зочин профессороор явтал нь өдөр шөнөгүй хамт ажиллаж байлаа. Залуу ч байж, эрч хүчтэй ч байж, ядрахыг мэдэхгүй суудаг сан. Ямар сайндаа манай авгай киноны билет аваад ирэхэд нь бид хоёр ажилтай байнаа, цаанаасаа нэг хүн олоод явж гэж хэлж насны гомдол болж байх билээ дээ. Бид хоёрын гол ажилладаг салбар бол толь бичиг байсан. Тэгээд ч би толь бичиг хийх дуртай болсон байж магад. Уг нь толь бичиг хийнэ гэдэг дэндүү хар ажилтай тамын эд л дээ. Бид Манж-Монгол, Орос-Монгол, Монгол-Орос, Монгол-Франц, Монгол бичгийн хадмал толь гээд төрөл бүрийн толь бичиг, сурах бичиг, ярианы дэвтэр дээр ажилласан.  Тэр үед одоогийнх шиг компьютер энэ тэр гэж байх биш тэнхимд байсан монгол кирил, латин, монгол бичиг, манж бичгийн гээд бүх төрлийн бичгийн машин дээр ажиллаж сурч билээ. Тэндээс надад асар их мэдлэг, дадлага, туршлага, сургамж, хийж бүтээхийн урам зориг ирсэн. Багшийнхаа долоон буудалд байх номын гэрт очиж мөн их суудаг байлаа. Багш маань үнэхээрийн их ажилсаг хөдөлмөрч хүн байсан юм. Гэртээ номоо хийж сууж байгаад л гэнэт босож яндангаа сугалж аваад чулуу хийж хөөлдөгсөн. Номын хүн их удаан суух муу, босож хөдлөж байх хэрэгтэй гэж их ярина.  Хааяа багшийг гадаад дотоодод явах зуур орлож хичээлийг нь заана. Багшийгаа дагаж тэр үеийн албан байгууллагуудад унших сонин уншлага гээчид их явна. Заавал намайг хамт дагуулж явдагсан. Сонин уншлага бүхэн сонин сайхан болох. Миний харснаар хүмүүс ёстой гэгээрээд гардаг байсан юм. Нэг удаагийн уншлага дээр боломжтой айлын эрдэм ном сурдаггүй тэнэг хүүхдүүдийг “Буяных нь тос ухааных нь сүвийг бөглөсөн нь тэр” гэж ёстой сайхан онож хэлж билээ. Нээрээ л одоо ч гэсэн мөнгөтэй, юмтай айлын ухаан муутай, тэнэг бацаануудыг харахаар багшийн маань хэлсэн үгээр “ буяных нь тос ухааны нь сүвийг бөглөж” дээ л гэж бодогддог юм. Одоо ингээд харж байхад манай шинэ баячууд сүүлийн арваас хорин жил нүдэндээ мөнгө, гоё машин, олон өрөө байшин, том газар хараад давхиад байсан, давхиад байсан нэг харсан чинь хүү, охин нь 20 нас хүрчихсэн тэнэг амьтан болчихсон байхыг анзаараагүй юм шиг байгаа юм. Ийм хүн Монголд олон байна. Маш харамсалтай. Өөрөөсөө тасарсан үрээ хүмүүжүүлж боловсруулж чадаагүй бол өчнөөн  мөнгө хураагаад яах ч юм билээ. Үйлээ эдлээд үхэхийн цагт мөнгөө дэврээд үхэх биш дээ, хайр чинь дэндүү их тосоор бялхвал үрийн чинь ухааныг харанхуй болгоно шүү гэж олон эцэг эхэд хэлмээр санагддагаа багшийнхаа энэ үгээр дамжуулан хүргэе. Монгол эрдэмтэн сайхан хэлсэн байгаа биз.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: