Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Г.Батзаяа: “Эх хэлнийхээ эс ширхэг бүрийг хайрлан хамгаалья”


“Хэл ам нь үл ойлгогдох хэсэг бүлэг хүмүүсийг баруун аймгийнхан гэнэ” гэсэн явган шог эх хэлнийхээ учир холбогдлыг тааруухан мэдэх хүмүүсийн дунд байдаг. Чихнээ чимэг болсон аялгуу сайхан монгол хэл маань солонгын олон өнгө гэрэл мэт нутаг нутгийн аялгуунуудаас бүрддэг билээ.

“Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” сэдвээр хэл шинжлэлийн ухааны доктор /Ph.D/- ын зэрэг хамгаалсан МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн Монгол хэл шинжлэлийн тэнхмийн Монгол хэлний авиазүй, нутгийн аялгуу судлалын багш Гэрэлт-Одын Батзаяатай уулзаж ярилцсан юм.

Тэрээр 1997 онд УБДС-ийг моигол хэл уран зохиолын багшийн мэргэжлээр төгсөөд, Эрдэнэт хотын нэгдүгээр 10 жилийн сургуульд 4 жил багшилж, 2001 оноос одоо хүртэл МУБИС-д ажиллаж байна.
Г.Батзаяа мадаггүй зөв бичих, бодол санаагаа яруу сайхан найруулж, сурахад шүүдрийн дусал мэт тус, дэм, хувь нэмэр оруулах үүднээс эрхэм уншигч танаа энэ шинэ булангаа бэлтгэж байгаа юм.

-Та монгол хэл бичгийн дүрэм, авиазүй, нутгийн аялгуу судлалаар дагнан мэргэшиж яваа багш хүн. Заадаг хичээлийнхээ онцлогоос яриагаа эхэлбэл яасан юм бэ?

-Эх хэлээрээ яруу тунгалаг найруулгатай, төгөлдөр эгшиглэнт аялгуутай зөв ярьж, алдаагүй сайхан бичиж сурах нь та бидний соёлын түвшний нэгээхэн чухал хэмжүүр, шалгуур юм. Багш бэлтгэдэг их сургуульд ажилладгийнхаа хувьд би монгол хэл бичгийн дүрмээ аль ч хэлний зөв бичих дүрэм зохиодог ерөнхий зарчим болоод авиазүйн шинжлэх ухааны үндэстэй нягт холбон зааж сургахыг эрхэмлэдэг.
Монгол хэлний хичээл заана гэдэг бол эх хэлнийхээ бүтэц тогтолцооны талаар онолын мэдлэг олгож, түүнийгээ зөв зүйтэй хэрэглэх дадал чадвар төлөвшүүлнэ гэсэн үг шүү дээ. Зөв бичих дүрмийг яагаад зохиодог юм бэ?, яаж бүх нийтээр сурч мэдэх вэ? Яагаад монгол хэл уран зохиолын багш нар эх хэл бичгийнхээ алтан хилийг загас мэт нүд цавчилгүй харж хамгаалдаг “онц хилчин” байх ёстой вэ? гээд олон асуудал, тэдгээрийн агуулга, ач холбогдлыг нь оюутны тархи, зүрх, сэтгэлд хадааж, шингээж өгөхийг бид бүгдээрээ хичээж ажилладаг юм. Энэ ч үүднээс би “Монцамэ мэдээ” сонинд зөв бичих дүрмийн цуврал бэсрэг хичээл зааж эхлэх гэж байна.

-Та багшийн мэргэжлийг хэрхэн сонгосон бэ? Тэр дундаа монгол хэл уран зохиолын…

-Мэргэжлээ сонгосон тэр үе нь хүн бүхэнд л сонин түүх дурсамж болон үлддэг биз ээ. Нийслэлийн 10 жилийн 1-р-дунд сургуулийн 3-р ангид сурч байсан хүүхэд ахуй насны минь дурсамж. Манай ангийн багш Эихтуяа гэдэг нэгэн сайхан эмэгтэй байх. Хичээлийн дараа зориуд үлдэж багшийгаа бэлтгэл ангид хичээл зааж байгааг нь шимтэн харсаар “Би ийм л багш болох сон” гэж мөрөөддөг болж билээ. Цэвэрхэн цагаан цаас шиг ариун уураг тархинд эрдэм оюуны үр соёолуулж, үргэлж сурагч, оюутнууд шигээ залуу сэтгэлгээ, эрч хүчээр дүүрэн байна гэдэг багш хүний аз жаргал мөн. Тэр дундаа Билгүүн номч Бямбын Ринчений хэлснээр “Хөндий цээжинд орогч бүхнийг нэвтрүүлэх чадалтай, хөгжим мэт яруу баясгалант Монгол хэл”-ээрээ эрдэм соёлыг түгээж яваа энэ мэргэжлээрээ би насан турш бахархана.

-Та нутгийн аялгуу, авиазүйн судлалаар эрдэмтэн болжээ. Харьцангуй залуу насандаа эрдмийн бартаат замаар өгсөх хэцүү байсан уу? Ямар нутаг усны ард түмний авиазүй, нутгийн аялгууг судалсан бэ?

-Шинжлэх ухаан хэмээх ноён сарьдгийн бартаат оргил өөд мацахад тэвчээр, хүч шаардалгүй яах вэ. Гэхдээ сонгосон мэргэжлийнхээ хэцүү, хүндийг гайхаад байвал хэн ч амжилт гаргахгүй шүү дээ. Би оюутан байхаасаа л “Ашабагад буриад нутгийн аялгууны онцлог” сэдвээр бакалаврын дипломын ажил бичиж, дараа нь 2002 онд боловсролын магистрын зэрэг, 2007 онд “Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал” сэдвээр хэл шинжлэлийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
Монгол улсын нэлээд хэдэн аймаг, сумд, мөн Буриад улсын Улаан-Үд, Өвөрмонголын Хөх хотоор явж, сонирхон судалсан. Харин нэг сэдэвт зохиолоо бол монгол утга зохиолын хэлний суурь халх аялгуу, ойрдоос хамгийн том нь болох дөрвөд, арай өвөрмөц сонин шинж бүхий захчин аялгуу, буриадаас мөн томоохон нь болох хорь, ага аялгуу, өвөрмонголоос баримжаа болох цахар аялгууны материал дээр бичсэн.

-Ашабагад буриад гэж ямар буриад вэ?

-Оросын Чита мужийн нутаг дэвсгэрээр зонхилон аж төрдөг, овог удмынхаа нэрийг “ач, авга нар” хэмээн тайлбарладаг ийм овгийн буриадууд тэр жил манай улсын Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт бэлчээр түрээслэн ажиллаж байхтай нь таарч, сонирхон судалсан юм.

-Монгол улсын хилийн доторх болон Оросын нутаг дэвсгэрт аж төрж буй Буриад, Хөх хотод болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд суугаа өвөрлөгч хүн ардын хэл ярианд хол зөрүү ялгаа байх юм уу?

-Нэг л монгол хэлний аялгуунууд болохынхоо хувьд ерөнхий шинжээрээ нийтлэг л дээ. Гэвч нутгийн аялгуу болгон дотроо аман аялгуу, амаы аялгуу нь салбар аман аялгуунуудтай. Тэр бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц ялгаатай, хүн ард нь ч гэсэн өвөрмөц сонин зан заншилтай. Монгол хэл маань үндсэндээ халх, ойрд, дөрвөд, өвөрлөгч дөрвөн том нутгийн аялгуутай, тэдгээр аялгуутан ард түмний түүхэн замнал нь ихээхэн сонирхолтой. Ер нь овог, удам гэдэг маш нарийн зүйл. Монгол улс дахь буриад, Оросын нутагт аж төрж буй буриад, Өвөрмонголын барга буриадууд, мөн Монгол дахь ойрдууд, Халимаг улсын ойрд, Өвөрмонголын Хөхнуурын ойрдууд, бас Монголын үзэмчингүүд, Өвөрмонголчууд гэхэд л хил хязгаараар хэдий хол зааглагдсан ч хэл аялгууны ерөнхий онцлогоо адилхан авч үлдсэнийг судлахад гайхалтай, бас бахархалтай байсан шүү.

-Би үзэмчин ардын дуу, үзэмчин аялгуу гэж сонсож явсан юм. Үзэмчин гэдэг чинь Өвөрмонголчууд гэсэн үг үү?

-Тэгэлгүй яах вэ, хилийн наана, цаана л болохоос яг л нэг иутаг. Эх нутагтаа үлдсэн өвөрмонголчууд шүү дээ.

-Таны хувьд ойрын болон алсын эрхэм зорилго юу сан бол?

-Багш хүний хос жигүүр бол эрдэм мэдлэг, заах аргазүй хоёр. Иймд заах аргаа шинэчлэх, шинэ үр шимээ өгөхөд хичээнгүйлэн зүтгэх болно. Монгол хэлнийхээ зөв бичих дүрмийн тогтолцоог нарийн судалж, заах аргазүйн ач холбогдолтой багш, оюутны гарын авлага, товхимол бичиж хэвлүүлэх санаа байна.
Монгол хэлний нутгийн яалгууны судалгаагаа улам гүнзгийрүүлэн судалж, шинжлэх ухааны докторын зэрэг горилох бүтээлээ туурвих нь миний алс хэтийн эрхэм зорилго.
Гэхдээ эрдэм шинжилгээний ажил олон талтай, нөр хөдөлмөр зүтгэл шаарддаг, ялангуяа миний сонгосон салбар сууж биш явж харьцуулсан, амьдрал практикт хийсэн туршилт судалгаа нэхдэг болохоор энэ талаар чадах чинээгээрээ л хүчээ сорино доо. Яг одоо бол Ч.Дангаасүрэн гэдэг магистртай хамтраад “Захчины салбар аман аялгууны бэсрэг толь” бичиж байна.

-Эрдэм судлалын зам өөд таныг анх хөтөлж жолоодсон хүн хэн бэ? Эрдмийн гал шар уургаа амлуулсан ачит багш нараа та хэрхэн дурсдаг вэ?

-Оюутан байхаасаа л Санжаа багш, Чүлтэмсүрэн багш, Баттөгс багш нараа дагаж, монгол хэлний нутгийн аялгуунуудын авиазүй, үгийн сан, аман зохиол тэргүүтнийг судлах аргад суралцах гэж мэрийж явсан. Хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Жамсранжавын Санжаа багш бол миний дипломын болон дэд докторын ажлыг удирдсан хадаг барьсан багш минь юм.
Мөн манай сургуулийн захирал, Монгол улсын гавьяат багш доктор, профессор Ц.Өнөрбаян, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Б.Пүрэв-Очир гээд олон сайхан хүмүүсийн эрдмийн шимийг нь хүртэж өдий хүрсэндээ баярлаад баршгүй. Одоо ч доктор, профессор А.Цог-Очир эрхлэгчтэй Монгол хэлшинжлэлийн тэнхмийнхээ багш нарын эрдэм мэдлэгээс суралцсаар явна даа.

– “…Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж их яруу найрагч Д.Нацагдорж онож хэлсэн. Манай чихэнд чимэгтэй аялгуу сайхан монгол хэл минь хэтэрхий бохиртож, булингартаж байгаа юм биш үү?

-Тийм ээ дэндүү байна. Мэргэжлийн хүмүүс бид сэтгэл эмзэглэхгүй байхын аргагүй. Манай телевизүүдийн зар сурталчилгаа, урсгал мэдээ, зарим сонинуудын ярилцлага, сурвалжлага, телевиз, радиогийн хөтлөгчдийн ярьж тайлбарлаж байгаа нь зөв бичих, дуудах дүрэм, найруулга зүйн бүдүүлэг алдаагаар дүүрсэн байгаа нь харамсаад баршгүй.

-Батзаяа багш аа, Манай хүүхдүүд ном уншихаа больсон байна шүү дээ. “Уншихаа боливол сэтгэхээ болино” гэж нэгэн мэргэн хүн айлдсан байдаг. Манай хүүхэд, залуус уншихаа больж, үзэхээ эрхэмлэх болжээ. Энэ зөв үү? буруу юу?

-Тийм шүү. Хүүүхэд, залуус маань телевиз, интернет, цахим тооцоолуур шагайдаг боллоо. Буруутгах арга байхгүй ч бодох зүйл их байна. Өчигдөрхөн нэг кино үзлээ. Барууны орноос орчуулсан кино байна.Үг, өгүүлбэр бүхэнд ичиж зовмоор этгээд, бүдүүлэг үг, яриа, гудамжны хар хэллэгүүд дэндүү. Бүр цагаа хараад арван минут сонсоход этгээд бүдүүлэг үг хэллэггүй нэг өгүүлбэр ч байсангүй, үнэхээр нүүр халуу дүүгэж, уур цухал хүрмээр юм. Гэтэл үүнийг чинь ихэвчлэн хэн үзэж байгаа вэ? Өсвөр насны хүүхдүүд л шүү дээ. Хүүхэд, залуусын сонирхдог хип хон дууны үг, хоорондоо бичилцдэг мессежний хэллэг, уншдагзар мэдээ, хардаг зар сурталчилгаа бүхэн нь ийм байхад ямар хүүхэд сайхай ярьж, бичиж сурах вэ дээ? Ядаж алаан хядаан, аймшигт хараалын үг, бүдүүлэг хэрүүлээр дүүрсэн кинонуудаа багасгаж болдоггүй юм болов уу? гэж л бодох юм даа.

-Одоо тэгээд яах вэ? Эх хэл маань эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болж гүйцлээ. Эрх биш аялгуу сайхан монгол хэлийг маань хилчид шиг хамгаалж байгаа та нар минь юу бодож, санаж явна вэ?

-Манай телевиз, радио, сонин хэвлэлүүд энэ талаар дорвитой дуугармаар байна. Эрдэмтэн мэргэд, монгол хэлний багш нарын хүрээнд, хуран цуглаан дээрх ярианаас хальж, жинхэнэ хүүхэд залуусын үздэг, хардаг, сонирхдог сувгаар нь хэлэх, ойлгуулах явдал дутаад байх шиг. Аль ч улсын тусгаар тогтнолын нэгэн баталгаа нь эх хэл нь шүү дээ.
Жишээ нь “Даваа гарагт Давкатай хамт” нэвтрүүлгээр хүүхэд залуучуудын яриа, хип хоп дууны үгээс жишээ аваад энэ талаар нэлээд зөв зүйтэй зүйл ярьж байна лээ. Би үнэхээр тэр залууг танихгүй мөртлөө маш их баярласан шүү. Ингэж л зөв сувгаар нь ярих хэрэгтэй гэж бодож байна. Эцэст хэлэхэд, яг энэ зорилгоор л олон уншигчтай танай сониноор дамжуулж, зөв бичих дүрмийн хичээлээ гаргах гээд байгаа юм шүү дээ.

Ч.Содномдорж

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: