Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Хөх Түрэгийн үеийн бичиг үсгийн дурсгалт олдвор тоногдож байжээ


“Монголын нууц товчоо” хөлгөн сударт Чингэс хаан Тататунга хэмээх түшмэлтэй зөвлөж Уйгар бичгийг өөриймшүүлэн Монгол төрийн бичиг болгосон тухай өгүүлдэг. Үүнээс улбаалан гадаадын эрдэмтэд монголчуудыг XIII зуунд бичиг үсгийн соёлгүй байсан атлаа яаж тийм гүрнийг цогцлоосон юм бол гэж гайхацгаадаг байна. Тэгвэл, Монгол нутаг дээр оршин тогтнож байсан эртний нүүдэлчин улс гүрнүүд бичиг үсгийн өндөр соёлтой байсны ул мөр олон баримтаар батлагддаг.

Оюуны ийм баялаг өв өнөөдөр ч Монгол орны өнцөг булан бүрээс олдсоор байгаа агаад эл соёлын нөлөө монголчуудыг дэлхийн талыг эзэгнэсэн хүчирхэг гүрэн болоход дэм үзүүлсэн гэх хандлага сүүлийн үед дэлхийн монголч эрдэмтдийн анхаарлын төвд байгаа юм. Үүнийг батлах нэгэн олдворыг эрдэмтэн судлаачид илрүүлжээ. Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байдаг эртний нэгэн дурсгалыг олз ашиг хайгчид тонон сүйтгэж буй тухай мэдээлэл 2005 оны есдүгээр сард судлаачдад иржээ. Харамсалтай нь, мөнгө хөрөнгийн бэрхшээлээс болж хугацаа алдсаар энэ оны зургадугаар сарын 11-18-ны өдрүүдэд уг дурсгалын төрөл зүйлийг тодорхойлох анхны судалгааг хийсэн байна.

Энэ хайгуулын ангид ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс томилогдсон доктор Д.Баяр, эрдэм шинжилгээний ажилтан Р.Мөнхтулга, С.Хүрэлсүх, Баянхонгор аймгийн орон нутгийг судлах музейн ажилтан Т.Мөнх-Эрдэнэ нарын судлаачдаас бүрдсэн шинжилгээний анги ажиллаад иржээ. Судалгааны хээрийн ангид О.Бум-Ялагч захиралтай “Explore Mongolia” компани хөрөнгө санхүүгийн тусламж үзүүлсэн нь сайшаалтай.

Тонуулж ухуулсан эл дурсгал нь VII-VIII зууны үед Монгол нутагт төрт улсаа цогцлоон байгуулсан Хөх Түрэгийн хаант улсын үед холбогдох язгууртны тахилын онгон байжээ. Монгол нутагт 1889 онд анх археологийн судалгаа хийгдэж эхэлснээс хойш 50 гаруй ховор олдвор олдоод байгаагаас энэ нь Билгэ хаан, мэргэн Тоньюкук, Культегиний гэрэлт хөшөөний удаад орох ховор олдвор гэж судлаачид өгүүлж байсан. Олон нуурын хөндийд орших тахилын онгоныг тоногчид голоос нь ухаж, хавтан чулуудыг эмх замбараагүй тараан хаясан байжээ.

Энэ нь дөрвөн хавтан чулуугаар хашлага хийж дээрээс нь голдоо нүхтэй чулуугаар тагласан онгон болох нь тодорсон бөгөөд хавтангийн гурав нь сийлмэл хээтэй, нэг хавтан дээр эртний Түрэгийн гурван мөр руни бичээс сийлээстэй гэнэ. Онгоны бүрэлдэхүүнд гурван хүн чулуу байсны хоёр нь аймгийн төвийн музейд байгаа юм байх. Онгоны зүүн талд наран мандах чиглэлд суулгасан зэл чулуу 800 гаруй метр үргэлжилж байгаа нь яах аргагүй томоохон язгууртны тахил гэдгийг баталж байгаа юм байна. Ийнхүү бичиг үсгийн дурсгал бүхий язгууртны онгон шинээр илэрсэн нь Монгол нутагт эртнээс нааш хаяа залган оршсон, угсаа гарал нэгт монгол, түрэг угсааны овог аймгуудын түүх соёл, харилцаа холбоо, хожмын монгол угсаатан бүрэлдэхэд оруулсан хувь нэмрийг тодруулан судлахад чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд сэтгэл хангалуун байгаа юм. Энэ утгаараа Монголын түүхийг баяжуулж, дэлхийн түрэг судлалд үнэтэй хувь нэмэр оруулах түүхэн шинэ сурвалж нээгдэж байна гэж тэд өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Л.Батцэнгэл,

“Өдрийн сонин”-оос авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: