Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Даяаршлын эриний Монгол хэлбичиг


Б.Магсаржав Хэлбичгийн ухааны доктор /Ph/
Д.Моондой Цахим технологийн инженер

Засгийн газар маань мэдээллийн технологийн шинэ ололтыг монголчуудын амьдралд нэвтрүүлэх хувьсгалыг эхэлчихлээ. Цаг үеэ мэдэрч, дэлхийн хөгжлийн хурдад улс орноо мөр зэрэгцүүлэх гэсэн залуучуудын маань эрчим, тэмүүлэл энэхүү эн эхтэй нүсэр ажлаас мэдрэгдэж байна. Энэ үйлс эрин цагийн захиалга юм гэж тодруулан хэлэх хэрэгтэй.

XXI зуунд улс үндэстнүүд бие бие рүүгээ тэмүүлж байна. Хүмүүсийн хоорондын холбоо хэлхээ улам ихээр нягтарч байна. Үүний гол шалтгаан эдийн засгийн хөгжил, эрдэм ухааны гүнзгийрэл юм. Хөгжлийн аргамаг хүлэг нь мэдээлэл боллоо. Мэдээлэл авснаар хувь хүн, нийгмийн бүлэг, улс үндэстэн өөрийгөө хөгжүүлж, мэдээлэл түгээснээр бие хүний бүтээсэн мэдлэг, улс үндэстний дэвшилтэт соёл хүн төрөлхтнийг баяжуулан хөгжүүлнэ гэдгийг дэлхий даяараа ойлгожээ.

Мэдээлэл хэмээгч энэхүү аугаа хүч хүн төрөлхтөн даяаршиж байгаагийн үр дагавар төдийгүй нэг шалтгаан нь юм. Мэдээллийн нэгдмэл орон зай хүн төрөлхтнийг бие бие рүүгээ өөрийн эрхгүй тэмүүлж, гар гараасаа барилцаж, өөрт хэрэгтэйг бусдаас хурдан түргэн авахад тусалж байна. Мэдээлэл гэхлээр түүнийг дамжуулах дохио тэмдгийн асуудал шууд гарч ирнэ. Дохио тэмдгийн тогтолцоогүйгээр мэдээлэл авах, дамжуулах, солилцох боломж байхгүй. Эндээс аль нэг хэлний тухай, үндэстний, эсвэл зохиомол хэлний тухай ярихад хүрнэ. Бүх хэл авиа, дүрс, дохио тэмдгээр биежинэ. Ингээд авианы хэл ба түүнийг илэрхийлэгч бичиг үсгийн тухай яриа руу орж байгаа юм.

Монголчууд дэлхийн даяаршилд нэгдэх нь бидний эрх ашгийн хэрэг боллоо гэдгийг олон хүн ойлгож байна. Тэгэхдээ даяаршлын далайд орон зайгаа хадгалах нь тэрхүү үндэстнийг бусдад уусан алга болохоос аврах нөхцөл юм. Үндэстэн оршихуйн, түүний дотор монгол үндэстэн оршихуйн нэг шалтгаан болсон үндэсний хэлний оршихуйн шалтгаан юу вэ? Хэрэглээ. Энэ ганц үг олон утгыг цацруулна. Хэрэглэгч нь хэдий чинээ олон байх тусам хэрэглээ нь төдий чинээ их, олон янз, тэр хэл баян хүчирхэг болно. Монгол хэлний аман болон бичгийн хэрэглээний олон хэлбэр дотроос бид нэгэн шинэхэн хэрэглээний тухай ярих зайлшгүй шаардлага бий боллоо. Энэ бол мэдээллийн шинэ технологийн орчинд монгол хэлийг хэрэглэх асуудал юм.

Өнөөдөр мэдээллийн орчин үеийн технологийг дотоодод хэрэглэх далайц маш бага байна. Үүний шалтгааныг мэдээллийн технологийн мэргэжилтнүүд дүгнэхдээ нэгд, иргэд маань интернетийн онлайн сүлжээг ашиглахыг чармайхгүй байгаа, хоёрт, онлайн сүлжээг хэрэглэе гэвч бидний хэрэглэж байгаа кирил үсэг үүнд тохирохгүй байгаа явдал гэж үзэж байна. Иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээ, татварын харилцаа, банк санхүүгийн гүйлгээг хүссэн газраасаа хийх боломж байхгүй байгаа нь бас үүнтэй холбоотой аж.

Кирил үсэг энэхүү хэрэглээнд орж чадахгүй байгаа шалтгаан бол тохирсон стандарт байдаггүй гэнэ. Латин бичигтнүүд олон улсын бичиг үсгийн ASCII (American standard Code for Information Interchange (a computer code representing letters, members and symbols)) кодын стандартыг мэдээллийн технологийн шинэ орчинд ашигладаг байна. Угаасаа компьютерийг зохион бүтээхдээ ASCII кодыг ашиглажээ. Гэтэл кирил үсгийн ASCII код гэж байдаггүй. Үүний дээр монгол кирил бичигт ө, ү, я-гийн төрлийн үсгүүд байгаа нь байдлыг улам бэрхшээлтэй болгожээ.

Иймийн учир 2003 онд Монгол Улсын Их Хурал “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэх ажлыг эхлүүлжээ. Гэвч Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажил маш алгуур явж байна. Улсын Их Хурал “Латин үсгийн хөтөлбөрийн зорилго нь мэдээллийн технологийн эрин үед дэлхий нийтээрээ хэрэглэх болсон латин үсгээр монгол үгийг тэмдэглэх боломж бүрдүүлж орчин үеийн мэдээлэл, харилцааны технологийн ололтыг ашиглан монгол кирил үсгийг латин үсэгтэй хослуулан хэрэглэх, хооронд нь хөрвүүлэх орчин нөхцөлийг хангахад оршино” гэж тогтоожээ. Гэвч энэхүү зорилтыг мэдээлэл бэлтгэх, солилцох үйл явц асар их далаицтай болсон өнөө үед явцуугаар ойлгож, дөнгөж гар утаснаас илгээлт, цахим шуудангаар захидал бичих төдийхнөөр ойлгодог эрдэмтэд ч байна. Латин үсгийн хэрэгцээ иймхэн зүйлээр хязгаарлагддаг үе нэгэнт өнгөрчээ.

Мэдээллийн технологийн шинэхэн ололтыг бүх нийтээрээ хэрэглэдэг болсон улс орнуудад цахим бичүүр, гар утасны товчлуурыг тогшиж суухаа больсон байна. Үүний учир бол нэгд товчлуур тог шиж суулгуи цахим захидлын хавтсаа нээчихээд зохих хаяг руу хандаж ярьсан үгийг цахим бичүүр нь Марковын загварыг ашиглан шууд биччихдэг (recognition) болсон аж. Хоёрт, тэрхүү бичсэн яриаг хүлээн авагч хүн унших гэж дэлгэц шагайж суух ч хэрэггүй болж. Гуравт, сонсголгүй хүн рүү ярьсан үг дэлгэц дээр гарч (text to speech) хараагүй хүн рүү бичсэн захидлыг мөн л уншаад өгчихдөг болжээ.
Бичиг номыг зохиох хөдөлмөрийн гуравны хоёр нь уг бүтээлийг цааснаа буулгахад зарцуулагддаг гэсэн хуучин тооцоо бий. Тиим болохоор хүний хэл яриаг шууд бичиг болгох талаар дэлхийн олон орны хэрэглээний математикийн хүрээлэнгүүд ажиллаж байна. Зөвхөн Японд л гэхэд 24 хүрээлэн энэ зорилгоор ажилладаг тухай интернетийн сайтад бичжээ. Энэ асуудпын шийдэл нь XXI зууны техникийн хамгийн том ололтын нэгд зүй ёсоор орж байгаа бөгөөд хүн төрөлхтний бичиг цаасны асар их ажлыг хөнгөвчлөх юм.

Кирил үсгийн ASCII маягийн үндэсний код бүтээхийн тулд программын нүсэр их ажил хийх хэрэгтэй. Манай мэдээллийн технологийн АЗИАТЕЛ компани Словак улсын ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй сүүлийн таван жил хамтран ажиллаж монгол бичгийг яриа, яриаг бичиг болгон хөрвүүлэх судалгаа, туршилт явуулсан нь тодорхой үр дүнд хүрч байна. Иймд ШУА-ийн Математик, Информатикийн хүрээлэнгүүд Марковын загварыг ашиглан энэ чиглэлийн ажил хийгээсэй.

1970-аад оны үед хуучин Зөвлөлтийн нэрт зохиолч Константин Симоновын олон зохиол бичсэн тухай ярилцахдаа “яаж амжуулдаг байна аа” гэж гайхацгаадагсан. Гэтэл К.Симонов зохиолуудынхаа олон хэсгийг бичгийн ширээний ард үзэг цаас нийлүүлэн байж зохиодоггүй, хээр хөдөө, аян замд явахдаа ч диктофон хэмээгч жижиг соронзон бичүүрт хэлээд өгчихдөг, гэртээ ирмэгц хуурцгийг нь нарийн бичгийн даргадаа өгч цаасанд буулгуулдаг байсан гэлцдэг. Нарийн бичгийн даргынхаа бичсэнийг манайхны ярьдгаар редакторлахад л зохиол гараас гарна. Өнөө цагт К.Симонов гуай зохиолоо бичиж байгаа бол түүнд нарийн бичгийн дарга ч хэрэггүй болжээ. Нэг сайн цахим бичүүр, хэвлэгч хоёр л хэрэгтэй.

1991 оны эцэс 1992 оны эхээр монголчууд нийгмийн шинэ тогтолцоонд улс орноо удирдах Үндсэн Хуулиа батлах гэж 400 гаруй хүн далан хэдэн хоног хуралдсаныг манайхан санаж байгаа. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэрхүү чуулганы хуралдаануудад үг, санал хэлсэн хүмүүсийн үгийг микрофон хэмээх дуу бичүүрээр соронзон хальсанд хадгалсныг цааснаа буулгах гэж бичээч нар өдөр шөнөгүй ажилласан гэдэг. Тэрхүү чуулганы зөвхөн тэмдэглэл нь 11169 хуудас, 63 боть болжээ. Бас 1990-1992 онд ажилласан Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл 224 боть, 33107 хуудас, 1992-1996 оны Улсын Их Хурлынх 495 боть, 86554 хуудас болсон бөгөөд тэдгээрийг цааснаа буулгах гэж өчнөөн бичиг хэргийн ажилтан орон тоогоор цалин, цавтай ажиллаж байжээ. Ингээд бодохлоор төр засаг, байгууллагуудын бичиг хэргийн зардалд өнгөрсөн он жилүүдэд ямар их хөрөнгө, хүний хөдөлмөр, цаг зарсан бол оо! Тэр л чигээрээ яваад байвал ахиад хэдийг зарах бол оо!? Хэрэв бид латин үсгийг төрийн бичигтээ авч хэрэглээд, ASCII стандартад нэгдчихвэл их л хэрэгтэйсэн.

Ирээдүйн тухай төсөөлье. Ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Нью-Йоркоос “Өдрийн сонин”-ы сурвалжлагч маш шуурхай мэдээ дамжуулах боллоо гэж бодъё. Цахим бичүүрээ асаагаад сониныхоо хаягийг олмогц мэдээгээ ярьж гарна, Сонины газрын шуурхай мэдээний цахим бичүүр мэдээг шууд бичвэр (текст) болгон аваад дугаар эрхлэгчид дамжуулна. Дугаар эрхлэгч хянаад эх бэлтгэгчид шилжүүлэхэд тэрбээр сонины аль нэг нүүрэнд байрлуулна. Бичээчийн шат дамжлагагүйгээр мэдээ уншигчид хүрнэ. Эдгээрээс үүдэн бодоход монголчууд бид бичиг үсгээ эрин цагийн хэрэгцээнд нийцүүлэн боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ байна аа.

Даяаршлын эринд үндэстний орон зайгаа авч үлдэхийн тулд бид монгол хэлээ зөвхөн кирил бичгээр илэрхийлж байх шаардлага байна уу? Монголчууд эрин эринд олон бичиг үсэг зохиож, хэрэглэж ирсэн түүхтэй. Гэхдээ тэдгээр үсэг бичгээр монгол хэлнийхээ авиаг, үгийг л тэмдэглэдэг байсан. Цаасан дээр, модон дээр, чулуун дээр утгыг илэрхийлсэн хэлбэр нь өөр өөр боловч уг агуулга нь ганц байсан. Тэр нь монгол хэл.

Үсэг бичгээ солих нь нэг талаар зохистой хэлбэрийн эрэл байсны зэрэгцээ цаг цагийн өнгөнд таацуулсан үзэл суртлын эрхшээл ч байсан бизээ. Үүний тод илрэл нь кирилл үсгийг авч хэрэглэсэн явдал юм. Өнгөрсөн зууны 20-30-аад онд кирил үсгээр дэлхийн соёлын дээд ололт зохиогдож, нийтлэгдэж байна хэмээн итгэхээс өөр зам байгаагүй ч байж болох. Өрнийн соёлд нэвтрэх гэж латин үсэг авч хэрэглэхээр хэд хэдэн удаа оролдож латин үсгийн цагаан толгой төдийгүй “Улаан толгой” хүртэл зохиож үзэж байжээ. 40-өөд онд зохиож, нэвтрүүлсэн кирил үсэг бичгийн догол дутуу нь цагийн эрхээр тодорч байна. Гол учир нь кирил бичгийн зөв бичих дүрэм хэтэрхий олон, зөв бичиж сурахын тулд олон сар жилийг үрдэгт байна. Бас цээж бичгийн шалгалтад зөв бичих дүрмийн хөнгөхөн алдаа, нэг л жишээ авахад, гээгдэх дүрэмтэй богино эгшгийг гээлгүй, үгийн үндсийг эвдэлгүй бичсэнийхээ төлөө сурлагын дүнгээ хасуулж урвайсан олон хөөрхөн хүүхэд ёс суртахууны хохирол амсаж, улмаар зарим нь хүмүүжлийн гажуудалд орох явдал ч байсан, байсаар ч байгааг бид мартаж болохгүй. Энэ дүрмийг унжруу сунжруу хугацаагаар заах хооронд хөрөнгө мөнгө ч их үрэгдсэн дээ. Өөр олон төрлийн эрдэм номыг зааж эзэмшүүлэх цаг хугацааг ч зөндөө алдсан.

50-иад жилийн өмнөөс манай хэлбичгийн нэрт эрдэмтэд кирил бичгийн зөв бичих дүрмийн олон дутагдлыг засахаар чармайж ирсэн.

Үүнийг илтгэх хэдэн жишээ авбал:

Б.Ринчен “Хуучин дүрмийнхээ нэр томъёо төдийхнийг бага сагахан өөрчлөөд орхивол их л дутагдалтай болно. Хэлэндээ тохирсон сайн дүрэмтэй болох нь чухал.

Я.Цэвэл – Орос цагаан толгойн бүх үсгийг авах гэж хэрэгцээгүй олон үсэг авахад хүрсэн. Хэрэгцээгүй олон үсэг авснаар хэрэгцээгүй олон дүрэм гарахад хүрсэн.

Э.Вандуй – Эгшигт 7 гэдэг нь зохиомол дүрэм юм.

Ш.Лувсанвандан – Заримдаг есийн дүрмийг хэрэглэхээ больё. Монгол хэлэнд нэг үенд хоёр гийгүүлэгч дараалан ордоггүй.

А.Лувсандэндэв – Үгийн үндэс дагаврыг тогтвортой болгоё.

Ж.Надмид – Гээгдэх эгшгийг гээхгүй болгоё гэх мэт маш олон санал гарч байсны дотор гадаадын монголч эрдэмтэд ч саналаа хэлж байжээ. Үүнд:

Г.Санжеев (ОХУ) – Үсгийн дүрмийг боловсруулахдаа шинжлэх ухааны үндсэн дээр тулгуурласан нарийн судалгаа баримттай хийх хэрэгтэй.

П.Аалто (Финланд) – Зөв бичих дүрмийг засварлахдаа жинхэнэ шаардлага хангах хүртэл засаж сайжруулах нь чухал. Цагаан толгойн бүрэлдэхүүнд зохих өөрчлөлт оруулахгүйгээр зөв бичих дүрмийг боловсронгуй болгох зорилтыг хангаж чадахгүй.

Эрдэнэтогтох (ӨМӨЗО) – 16-хан үсгийг зөв бичихийн тулд 134 дүрэм цээжлэх хэрэгтэй болох.

Чингэлтэй (ӨМӨЗО) – Балархай эгшгийн дүрмийг засаж сайжруулахдаа монгол хэлний үе бүтэх ёсыг шинжлэн үзэх нь чухал. Гээгдэх эгшгийн дүрмийг хүчингүй болгоё гэжээ. Түүнээс ч болсон уу, кирил үсгийн дүрмийг үүсгэн зохиогч нь “Бид нэгмөсөн сайн боловсруулсан дүрмийг зохиож чадаагүй тул алхам алхмаар шат ахиулсаар хожим бүр сайн дүрэмтэй болж чадна гэж найдаж байна” гэж уг дүрмийн дутагдлыг хүлээсэн байдаг.

Кирил үсгийн зөв бичих дүрмийн талаарх маргаан өнөөдөр ч үргэлжилсээр байна. ШУА-ийн гишүүн, академич Д.Төмөртогоо тэргүүтэй эрдэмтэд 2002 онд Монгол Улсын Ерөнхий сайдад явуулсан захидалдаа “Даяаршлын эриний их урсгалд дэлхийн олон үндэстэн эрчимтэй хамрагдах болсон энэ үед аливаа мэдээллийг латин үсгээр дамжуулах, гадаад хэл болон шинжлэх ухаан, технологийн аливаа салбарын сургалтад латин үсэг хэрэглэх нь нэгэнт бодит зүйл болжээ. Энэ бүхнийг үндэс болган монгол хэлнийхээ үг, авиаг латин үсгээр нарийн зөв тэмдэглэх арга зарчмыг боловсруулж, улмаар түүнийг зөв хэрэглэх нь мэдээллийн эрин үетэй алхаагаа нийлүүлэн дэлхийн тэргүүний соёл, шинжлэх ухаанаас суралцах төдийгүй үндэснийхээ түүх соёлыг дэлхий дахинд танилцуулахад ч нэн дөхөмтэй болохсон билээ” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 оны тавдугаар сарын 20-нд нийт ард түмэндээ хандаж гаргасан уриалгадаа “Монгол хэлбичиг сурах, сургах хялбар дөт арга замыг боловсруулж, сурах бичиг, гарын авлагыг олшруулах, тэрчлэн шинэ бичгийнхээ дүрмийг улам боловсронгуй болгохыг” уриалсан байна. Цаг үеийн шаардлага, эрдэмтдийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурал 2003 онд “Латин үсгийн үндэсний хөтөлбөр”-ийг баталсныг дээр хэлсэн. Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу БСШУ-ы сайдын тушаалаар “Орчин цагийн монгол хэлний зөв бичих дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсэг”-ийг байгуулан ажиллуулжээ. Ажлын хэсэг кирил бичгийн зөв бичих дүрмийг шинэчлэх төслийг хийгээд 2004 оны сүүлчээр Төрийн хэлний зөвлөлиин хуралдаанд оруулан хэлэлцүүлсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, академич Д.Төмөртогоо хуралдаанд тавьсан илтгэлдээ “Юуны өмнө кирил бичгийн зөв бичих дүрэмд эх хэлнийхээ бүтэц, тогтолцоог илүү нарийн тусгах, тэгснээрээ уламжлалт монгол бичиг болон өнөөгийн бидний өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтэрч байгаа латин үсгийн аль алинтай нь харилцан хөрвөх чадвар бүхий нийтлэг дүрэмтэй болох нь нэн чухал болж байна” гэсэн юм. Тэгээд зөв бичих дүрмийн шинэчилсэн хувилбарын давуу талын тухай хэлэхдээ “Монгол үг тэм-дэглэх латин үсэгтэй хөрвөх бүрэн боломжтой (Монгол хэлний үг тэмдэглэх латин үсгийн бүрэлдэхүүнийг 2003 оны арванхоёрдугаар сард улсын стандарт болган баталсан билээ)” гэж тэмдэглэв.

Хуралдаанд оролцогчдын хэлсэн саналын заримыг дурдвал:

Н.Баянсан (МУИС-ийн багш) – Кирил үсгийг цаашид хэрэглэсээр байх уу гэдгийг нэгдүгээрт шийдмээр байна. Хэрэглэх бол дүрмийг өөрчлөх шаардлагатай. Кирилийн та лаар Засгийн Газарт асуудал тавих хэрэгтэй гэж бодож байна.
Ц.Цолмон (ХЗДХЯ-ны газ-рын дарга) -Латин үсэгт шилжих үү, яах вэ гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй юм.
Ш.Бат-Эрдэнэ (Засгийн Газрын референт) -Компьютерийн шаардлагад тохируулж болно. Дүрмээ бүр өөрчлөх юм бол латин үсэгт шилжсэн нь дээр гэжээ.

Төрийн хэлний зөвлөлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан хуралдааныг хааж хэлсэн үгэндээ:
– Ер нь латин үсэгт шилжвэл яасан юм бэ, Манайхан нэг ажил эхлээд л орхичихдог. Монгол бичгээ сургаж эхлээд явж байснаа зогссон. Уг нь хүүхэд амархан сурч байсан. Латин үсэгт шилжихгүй бол зөв бичих дүрмийг одоогийнхоор нь байлгах нь зүйтэй гэсэн билээ.

Кирилээр бичсэн монгол үгийг цахим бичүүрт латин үсэгт хөрвүүлэхээр манай зарим мэргэжилтэн ажиллаж байна. Гэтэл үүнд одоогийн зөв бичих дүрэм ихээхэн саад болдог юм. Тухайлбал, богино эгшигтэй үеэр төгссөн үгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар, нөхцөл залгахад үгийн үндэс танигдахгүй болтлоо өөрчлөгддөг нь бусад хэлний бичигт байдаггүй шахам үзэгдэл юм. Тэгтлээ хувирсан үгсийн утгыг таних гэж монгол хэл сурч байгаа гадаадынхан их будилдаг гэнэ билээ. Нийлмэл авиаг тэмдэглэсэн я-гийн төрлийн үсгүүд латин цагаан толгойд байхгүй юм.

Манайд латин үсэгт шилжих суурь байна уу? Байна. Нялх балчир хүүхдээс эхлээд настан буурлууд хүртэл англи хэл судалж байна. Гар утас хэмээх хэрэгсэл латин үсэг сурахыг шаардаж, сургаж байна. Монголчууд мянган хүнд ноогдох гар утасныхаа тоогоор удахгүй дэлхийд тэргүүлж ч магадгүй. Хүн ам цөөн болохоор тэр. Одоо хэрэглэж байгаа кирил үсгийн нэлээд нь латинтай ижил. Гадаад харилцаа өргөжиж олон зуу, мянган хүн гадаадад сурч, ажиллаж байна. Тэдний эцэг эх, ах дүү, амраг садан, найз нөхөд нь цахим шуудан авч, өгч байна. Хууль зөрчин байж телевизийн нэвтрүүлэг, сонины нийтлэлийн гарчиг, байгууллагын хаягийг латин үсгээр зөв буруу бичиж байна. Эдгээр нь урсгалаар хийгдэж байгаа ажил. Хэн ч хэнийг ч ингэж тэгэж бич гэж албадаагүй. Харин ч төр засгийн хууль тогтоомжид кирил үсгээр бичихийг шаардсаар байгаа билээ. Нийгмийн сэтгэлзүй латин үсэгт чиглэжээ.

Нийгмийн сэтгэлзүйн хүчит урсгалыг боож хаах уу, эсвэл түүний хүчээр усан цахилгаан үүсгүүр шиг эрчим хүч гаргаж авах уу? Нөгөө талаар бид зөв бичих дүрмээ шинэчлээд, латин үсэг авч хэрэглэвэл монгол хэлбичиг сурах сонирхолтой гадаадынханд их дөхөмтэй болохсон. Гадаадынхан сурахаас төвөгшөөхгүй, сураад авбал манай соёлыг дэлхийд түгээхэд их тус болно. Хэл, соёлыг маань таньж мэдеэн хүмүүс бидний найз нөхөд болно. Найз нөхөд хаа ч явсан бие биедээ тусалдаг даа.

Өнөө үед манай зарим эрдэмтэд ярихдаа “Дэлхий даяаршиж байна. Идэх хоол, өмсөх хувцаснаас эхлээд эдийн засаг, үзэл суртал, техник технологи, мэдлэг оюун, аж төрөх ёс хүртэл. Дэлхий нэг хэлтэй болно. Тэр нь англи хэл. Тэгэхээр бидэнд монгол хэл, монгол бичгийг хамгаалж хөгжүүлэх хэрэг байна уу?” хэмээнэ. Тэр хүмүүсээс “Хүн төрөлхтний соёлыг нэг л үндэстэн бий болгосон билүү?” гэж асуумаар. “Хүн төрөлхтний соёл цаашид ч нэг л газраас ундарсаар байх уу?” гэж асуумаар. Хүний түүхийн эрин эринд соёлын төвүүд шилжин нүүсээр ирснийг олон хүн мэднэ. Эртний Египет, Энэтхэг, Хятад, домог болсон Атлантида, Герег, Ром цаг цагтаа хүний түүхийг манлайлж ирсэн. Нүүдэлчдийн өлгий нутаг… Азийн цээж ч хүний соёлын эх нутаг гэж нэрлэгддэг.

2001 онд ЮНЕСКО-гийн баталсан “Соёлын төрөл зүйлийн тухай түгээмэл тунхаглал”-д олон үндэстний бүтээсэн соёлын ололтыг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн хамгаалахыг уриалсан билээ. Монголчуудын бүтээсэн соёл хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хүмүүний хөгжилд хүч нэмсэн үнэт зүйлс билээ. Монгол хэл, монгол бичиг нь хүн төрөлхтний соёлыг баялаг байлгахад нэгэн мөрний хүч юм. Бас “Бичиг нь хэлээ хадгалж, хэл нь үндэстнээ хамгаалдаг” гэж нэгэн багш хүн хэлсэн ч буй. Улс орныхоо хөгжлийг хурдасгахад хувь нэмэхийн тулд, монгол хэл амин зүрх нь болсон монгол соёлоо хадгалахын тулд, үндэстнийхээ оршихуйн үндсийг хамгаалахын тулд монгол хэлээрээ, латин үсгээр ном судраа бүтээх үйлсийг ярилцъя, зөвшилцье. Эрдэмтэй нь эрдмээ зориулж, эрх мэдэлтэй нь сэтгэл гаргацгаая.

Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: