Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ж.Гэрэлбадрах: “Үнэнч, хөдөлмөрч хүнд япончууд дуртай”


И-мэйл Хэвлэх
 Боловсролын салбартаа шинэлэг зүйлийг хийж эхлээд  тодорхой үр дүнд хүрээд байгаа, Монголын анхны ахлах сургуулийг байгуулж багагүй туршлагыг хуримтлуулсан “Шинэ Монгол” ахлах сургуулийн захирал Ж. Галбадрахтай ярилцлаа. (2006/12. Дугаар №36) Боловсролын салбартаа шинэлэг зүйлийг хийж эхлээд  тодорхой үр дүнд хүрээд байгаа, Монголын анхны ахлах сургуулийг байгуулж багагүй туршлагыг хуримтлуулсан “Шинэ Монгол” ахлах сургуулийн захирал Ж. Галбадрахтай ярилцлаа.

Тэрбээр улс орны хөгжил хувь хүний боловсрол, чадвараас ихээхэн хамааралтайг онцолж байгаа ба ингэхийн тулд дунд сургуульд байхаас нь эхлээд хүүхдүүдэд анхаарал тавих ёстойг, цаашаа ахиж дэвших чиглэлийг нь сонгоход хэрхэн нөлөөлөх, тэднийг сайн суралцахад төрөөс хэрхэн анхаарах зэрэг сэдвээр хүүрнэлээ.

– Танд энэ өдрийн мэнд хүргэе? Сургуулиа хэрхэн байгуулсан талаараа мэдээлэл өгнө үү?
– Би 1981 онд дээд сургуулиа төгссөнөөс хойш ЕБС, их дээд сургууль, боловсролын чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллага, сургуулийн захирал гээд бүх шат дамжлагыг гүйцээж ажилласан хүн. Улмаар 1995 онд Япон улсад суралцахаар явсан бөгөөд тэр хугацаандаа тус улсын боловсролын салбарыг хөгжлийг ажиглаж анзаарч, Монголд авах юм нь юу байна, хөгжлийн нууц нь юу байна гэх мэтийг сонирхон судалж байлаа. Улмаар ахисан түвшний зэрэг авахаар суралцахдаа “Монголын ахлах сургуулийн хөтөлбөрийг өөрчлөх” нь гэсэн сэдэв сонгож авсан бөгөөд үүнийхээ хүрээнд сургуулиа 2000 оны 10-р сарын 5-нд үүсгэн байгуулсан. 

– Хувийн хэвшлийн олон сургуулиас танайх юугаараа ялгарах вэ?
– Хамгийн анхны ахлах сургууль. Өөрөөр хэлбэл 4х4х3 буюу бага боловсрол 4 жил, дунд боловсрол 4 жил, ахлах ангидаа 3 жил суралцах системээр боловсрол олгож буйгаараа ялгаатай. Японд байхдаа хөгжиж байгаа орных нь хувьд ахлах сургууийн хөтөлбөр уян хатан байх ёстойг анзаарсан. Манайд нэг чиглэлдээ л сайн хүүхдийг бэлтгээд байдаг болохоос тэр хүүхдийн бусад далд чадварыг анхаарах тал дээрээ сул байдгийг өөрчилмөөр санагдсан. Ингэж байж ирээдүйн монголын бодлогыг авч явах өндөр чадвартай, сайн боловсролтой хүмүүс гарах юм.

– Японы хэв шинжтэй сургууль гэж та хэлж байсан. Үүнийгээ тодотгохгүй юу?
– Хүүхдүүд суурь боловсрол олох явцдаа буюу эхний 8 жилийн туршид цаашаа ямар хүн болох нь танигддаг. Дараа нь ахлах ангид орох үед нь сургалтын аргыг чөлөөтэй болгох ёстой юм. Өөрөөр хэлбэл Монголд бүх хүүхэд сургууль төгсмөгц улсын шалгалт өгөөд, улмаар их дээд сургуульд ордог. Амжилттай сурсан эсэхээс үл хамааран бакалавр зэрэгтэй төгсдөг. Гэтэл Японд ахлах сургуулийн сурагчдыг хэн юунд авъяастайг таниж мэдээд, тэр чиглэлд нь түлхүү хандуулж, улмаар тухайн салбарын сайн мэргэжилтэн, цаашлаад төрийн хар хайрцагны бодлогыг барих лидер хүмүүсийг бэлтгэж байдаг. Энэ бол япон хэв шинж юм л даа.

– Үүнийг боловсролын салбарт шинэчлэл хийж байгаа оролдлого гэж ойлгож болох уу?
– Энэ салбарыг 11, 12 жилийн сургалттай болгох хэрэгтэйг 2000 оноос анзаарч, холбогдох хүмүүст нь хэлж байсан л даа. Яагаад гэвэл манайд ЕБС төгссөн хүүхэд гадаадын их дээд сургуульд шууд элсэн орж чаддаггүй. 11 жилийн сургалттай анхны сургууль болох “Шинэ Монгол”-ыг байгуулахад хууль эрх зүйн талын бэрхшээл нэлээн байсан. Тухайлбал, 11-р анги төгссөн хүүхдэд гэрчилгээ олгох асуудлаас эхлээд…  Гэхдээ бид сургуулиа амжилттай байгуулж, төгсөгчид маань сайн суралцаж, дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Япон, Турк, Хятадад сурч байна. Өөрөөр хэлбэл сургалтын 4х4х3 систем ямар үр ашигтай гэдгийг бид туршлагаар батлаад 6 жил болж байна.

– Японд хувийн хэвшлийн дунд сургууль олон байдаг уу?
– Суурь боловсрол олгодог буюу дунд сургуулийн хувьд бүгдээрээ төрийн мэдлийнх байдаг. Харин ахлах сургуулиудын 50 хувь нь хувийнх, үлдсэн нь төрийн сургууль байдаг.

– Хүүхдүүдийн ашиглаж буй сурах бичгийн тухайд Япон болон Монголын ялгаа юу байна?
– Сурах бичгийн зах зээл Япон улсын хувьд маш том өрсөлдөөн байдаг. Харин Монголд энэ жилээс л хэвлэлийн компаниуд сурах бичгийг зохиогчтой нь хамтран хэвлэж эхэлж байна л даа. Жишээ нь, Японд нэг хичээлийн сурах бичгийг зохиогч гаргахад хэвлэлийн компаниуд гаргаж, бүх сургуулиар нэг удаа үнэгүй түгээдэг. Эхний ээлжинд шүү дээ. Улмаар тухайн мэргэжлийн багш нар хэний зохиосон аль сурах бичгийг ашиглах вэ, хэвлэлийн ямар компанийнх нь хэвлэснийг сонгох вэ гэдгийг хэлэлцүүлгээр шийддэг. Дараа нь сурах бичгийг зохиогчидтой уулзалт хийнэ. Мөн сурах бичгийн яармаг болно. Ингэж байж тэр хүүхдийн үзэх сурах бичгийг эцсийн байдлаар сонгодог. Нэг ёсондоо өндөр чанар шаарддаг гэх үү дээ.

– Сурах бичгээ үнэгүй авах уу?
– Тийм. Нэг ээж хүүхдэдээ сурах бичиг авахын тулд номын дэлгүүрт ороход тухайн ангид ашиглах номуудыг багцлаад тавьчихсан. Тэр хүүхдийн нэр, сургуулийнх нь хаягийг бичүүлээд л үнэ төлбөргүй авч болно.

– Монголд эсрэгээр байдаг…?
– Манайд сурах бичгийг үнэгүй тараах боломж бол бий. Жишээ нь, ЕБС-иуд 3 ээлжээр хичээллэж байна. Өөрөөр хэлбэл нэг ээлжиндээ тэр хүүхэд 4 цаг хэртэй хичээлд суудаг. Энэ хугацаанд өлсөөд сүйд болохгүй шүү дээ. Тэдэнд үдийн хоол төрөөс өгч байгаатай холбогдуулан эцэг эхүүд ч хүүхдэдээ хоол унд хийж өгөхөө байсан. Тэр их мөнгийг сурах бичигт нь зарцуулбал илүү үр дүнтэй санагддаг. Ходоодонд нь биш толгойнд нь юм хийх зүйлд төрөөс мөнгө гаргавал хожмоо сайн үр дүн гарна гэсэн санаа л даа.

– Ойлгомжтой. Тэгэхээр танай сургуулиас гадаад руу хичнээн хүүхэд явав. Тэдэнд тэтгэлэг олдох боломж хэр байдаг вэ?
– Өнөөдрийн байдлаар 33 хүүхэд байгаа ба ихэнх нь байгалийн ухааны салбарт суралцаж байгаа. Нэг хүүхдийн сургалтын төлбөр, бусад зардал нийлээд жилийн 15 мянган доллар болдог ба энэ зардлыг гаргаж өгдөг 4 байгууллага манайхтай хамтарч ажиллаж байна. Японы Мабучи Зайдан сан, АСА ТББ, Хигаши Нихон Хаус, Ясура Зайдан сан гэсэн байгууллагууд.

– Япончуудтай хамтарч ажиллахад хэр хүндрэлтэй вэ? Тэднийг хүнд амархан итгэдэггүй, их хөшүүн гэдэг шүү дээ?
– Япон хүн монголчуудаас шал өөр. Манай сургуульд гэхэд хандивлагч 300 гаруй, хөрөнгө оруулагч 20 хүн байгаа. Ийм сургууль байгуулах гэсэн юм гэж би хэзээ ч мөнгө гуйж байгаагүй. Гол нь тэд үнэнч, хөдөлмөрч хүмүүст итгэдэг. Мэдээж цагаа тулахаар амар хөдөлдөггүй. Тэдэнд өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Би анх Японд суралцахаар очихдоо эхнэр, 4 охинтойгоо тэнд амьдарч байсан. Охид маань гайхалтай сайн суралцаж, би өөрөө сурахын хажуугаар судалгааны ажил хийж, ар гэртээ анхаарал тавьж, мөн өөртөө өндөр зорилго тавин ийм сургууль байгуулна гээд ярьдаг, төлөвлөдөг байлаа. Уулзсан япон хүмүүс маань миний байгаа байдлыг хараад итгэсэн хэрэг байх, эхнээсээ 100 доллар гэх мэтийг хандивлаж эхэлснээр сургууль маань одоо 100 гаруй хүүхэдтэй, өөрийн байртай, спорт заалтай, хөдөөнөөс хүүхэд ирэхэд оруулах дотуур байртай болоод байна.

– Танай сургуульд орох хүсэлтэй хүүхдүүдийг ямар шалгуураах авах вэ? Тэдэнд ямар боломжуудийг та амлаж чадах вэ?
– Бид үндсэн хичээлүүдээр шалгалт авахаас гадна эхний шалгалтанд тэнцсэн хүүхдүүдийг ярилцлаганд заавал урьдаг. Тэр ярилцлагаас тухайн хүүхдийн зорилго, хүсэл мөрөөдөл, цааш амжилттай сурах боломж харагддаг юм. Хүүхдүүдийг Японы нэр хүндтэй их сургуулиудад тэтгэлгээр байнга явуулдаг. Манайхаас төгссөн Батзаяа гэж охин эхний жилдээ сайн суралцсаны ачаар өөр газраас тэтгэлэг авах болсноо бидэнд хэлж, түүнд өгсөн тэтгэлгийг дараагийн ээлжинд суралцах хэн нэгэнд зориулаасай гэсэн мэйл бичсэн байсан. Хүүхэд бүр нэгнийгээ төлөө ийм санаа зорилготой болж төлөвшихөд манай орчин, нөхцөл сайнаар нөлөөлөх талын бүх ажлыг хийхийн төлөө ажиллаж байна. Ирээдүйн Монголын бодлогыг авч явах жинхэнэ элит, лидерүүдийг бэлтгэхийг л зорьж байна даа.

– Ярилцлаганд орж байгаа хүүхдүүдийн нийтлэг дутагдал юу байна?
– Тэд нээлттэй байж чаддаггүй. Өөрөөр хэлбэл хичээлдээ мундаг мөртлөө өөрийгөө илэрхийлэх чадвар маш муу. Тийм ч учраас бид багш нартаа хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцаж, зөвлөж бай. Хамгийн гол нь тэдний төлөвшил, хүмүүжилд сайнаар нөлөөлөх ямар л боломж байна, түүнийгээ ашигла гэсэн шаардлага тавьдаг. Манай сургуулийн хүүхдүүд тараад гэртээ харьдаггүй. Бүтэн өдөржин сургууль дээрээ байдаг бөгөөд тэднийг нэгэн ижил хувцастай байлгах нь их зөв гэсэн байдлаар бас хандаж байгаа. Зун ч бас сургууль маань амардаггүй /инээмсэглэв/. Японоос залуус ирж, хэлний чиглэлээр зөвлөгөө өгч, хамтарж ажилладаг.

– Залууст хандаж юу хэлэх вэ?
– Зорилготой, тэрнийхээ төлөө үнэнчээр зүтгэдэг байвал амжилт аяндаа ирнэ. Тэр хүний нүдэн дээр л таны амжилт харагдаад байвал хаанахын хэн ч тантай хамтран ажиллахад дуртай байна шүү дээ.

– Танд баярлалаа.

БЛИЦ
– Таны дургүй араншин?

– Худлаа хэлэх
– Хөгжил гэж…?

– Хувь хүний чадвар
– Хүндэтгэдэг хүн?

– Ерөнхийлөгч асан Н. Багабанди, Японы соён гэгээрүүлэгч, анхны ахлах сургуулийг байгуулсан Сакамато Рюма
– Таны ширээний ном?

– Олон ном бий. Хамгийн сүүлийнх “ЭМОС” клубынхны гаргасан “Амжилтанд хүрэх гал эрмэлзэл” юм уу даа.

Altangadas dot em en site-aas avlaa.
Advertisements

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: