Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол японы хэлний зүйр үгийн үнэлэмжийн тухай онолын үүднээс авч үзэх нь


Байгаль дэлхий, хүний амьдралд оршиж, бас орчиж байгаа элдэв юм үзэгдэл, үйл явдал, шинж чанарыг ер хүн төрөлхтөн эсвэл нэг тодорхой соёл-хэлт үндэстэн угсаатан таньж мэдээд түүнийг үнэлсэн байдал, энэ үнэлэмжийнх нь жишиг хэмжүүр юу болох, түүнийгээ ямар аргаар, хэлний ямар нэгжээр илэрхийлдэг болохыг судлан тодорхойлох нь нэн сонирхолтой асуудал юм.
* Үнэлэмж /ценность, value / бол хүн төрөлхтний оюуны нэг чухал төрөл, үүнд нийгмийн оюун санааны амьдралын үндсэн / ШУ, урлаг, философи, шашин, ёс зангил, улс төрийн ба эрхийн ухамсар, техникийн сэтгэлгээ гэх мэт / бүх төрлийн үр дүн болж, бас тэдгээрээр дамжин хэрэгжиж, үүний хамт тэдгээрийн хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг соёлын төрөл мөн.
* Ямар нэгэн юмны үнэ цэнэ /worth /-Кембриджийн философи толь бичиг
Нэг юм үзэгдэл, шинж чанар, хэрэг явдал, нөхцөл байдлыг өөр өөр соёл-хэлт үндэстнүүд ижилдүү маягаар хэлэндээ нэрлэн тэмдэглэсэн байдгаас гадна түүнийг тус бүр өвөрмөц маягаар нэрлэсэн байх нь ч цөөнгүй. Энэ нь тухайн соёл-хэлт үндэстний эртнээс нааш аж төрж ирсэн нутаг орон, түүний байгалийн байдал, эрхэлж ирсэн аж ахуй, аж төрөх ёс буюу амьдралын хэв маяг, ёс заншил, шашин шүтлэг тэргүүтний өвөрмөц онцлогоос үүдэж, тухайн юм үзэгдэл, үйл явдал, шинж чанар, нөхцөл байдал зэргийг үнэлэх үнэлэмжийн жишиг хэмжүүр (etalon)-ийг бий болгосон байдагтай холбоотой ажээ. Энэхүү жишиг хэмжүүр нь харьцууллаас үүснэ. Харьцууллыг гүн ухаанд танин мэдэхүйн эх сурвалж гэж үздэг. Жишилтийн аргын үндсэн дээр тэдгээр ялгаатай шийдлийн нийтлэг болон өөр өөрийнх нь өвөрмөц ололтыг илрүүлж, бас мэдлэгийн бусад салбарын холбогдох гол гол ололтыг ангилж байж шийдэх цогц онол юм. Эдгээр нь тухайн үндэстний сэтгэлгээний хэв шинж (stereotype)–ийг тодорхойлох гэрч баримт болдог байна.
Үнэлэмжийн тухай философи үзэл: Үнэлэмжийн тухай онолыг философийн бие даасан салбар болгохын эхлэлийг Германы философич Рудольф Херман Лотце /1871-1881/ анх тавьжээ. Тэрээр “ Бичил орчлон “ хэмээх хамгийн том бүтээлдээ оюуны амьдралын “ дотоод үнэлэмж”, “ мэдрэгдэгч сэтгэгдлийн үнэлэмж”, “хүний хөгжлийн үнэлэмж” , “түүхийн үнэлэмж” зэргийн тухай дурьдаад бодит байдлыг зөвхөн онтологи утгаар ойлговол өрөөсгөл бөгөөд учир нь, ахуйд /буянтай, сайхан, шударга гэх мэт / үнэлэмжийн илрэлүүд байдаг. Үнэлэмжийн тухай онолыг тууштай философи сургаал болгосон сэтгэгч нар бол германы шинэ кантч философийн Бадений сургуулийн гол хоёр төлөөлөгч Вильгельм Виндельбанд, Генрих Риккерт нар юм. Тэд “ үнэлэмж өөрийгөө обьектив утга байдлаар илэрхийлдэг.Үнэлэмжийг илэрхийлдэг утга бол ахуй биш, харин логикийн хувьд ахуйгаас өмнө байж, өөрөөр хэлбэл ахуй, үнэлэмж хоёрын дундах юм” гэжээ.
М.Шелер үнэлэмж бол априори шинжтэй гээд аливаа үйлдлийн априори шинжид үнэлэмжүүдийн зиндаа тогтдог гэж өгүүлсэн байдаг. Тэгэхээр үнэлэмж гэдэг бол тухайн субьектээс байгалийн юм уу нийгмийн тодорхой үзэгдэлд болон ямар нэг далдлаг хүчид өгч буй үнэлгээ мөн.
“Зүйр үг үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болох нь “

Зүйр үг бол хүмүүний амьдралаас салгаж боломгүй зүйл юм. Бага байхаас л сонсож өссөн зүйр үг аль хэдийн сэтгэлд ойр санагдах болж, өөрөө ч анзааралгүй өдий төдий зүйр үгийг хэлж хэвшжээ. Хүн өөртөө хамгийн ойр байдаг, өдөр тутам хэрэглэдэг зүйлдээ анхаарал хандуулдаггүй, мөн чанары нь таниж мэдэх гэж оролдоггүй гэдэг. Яг л ” Загасчны морь усгүй” хэмээн өгүүлсэнтэй адил. Иймээс бидний өдөр тутам хэрэглэж ирсэн зүйр үг гэж юу болох, зүйр үгээр илэрхийлсэн үнэлэмж, түүний утга, хэрхэн үүссэн талаар багахан ч болов мэдлэг авах зорилгоор энэхүү бие даалтын ажлыг сонгож авсан болно.
Өөр хэлээр ярилцаж байна гэдэг нь өөр орчин, өөр ертөнцөд аж төрж ертөнцийг өөр өөрсдийнхөөрөө таньж мэдсэний үр дүн гэж хэлж болох байх. Жишээ нь: Араб хэлэнд уналганд хэрэглэдэг тэмээ, ачилганд хэрэглэдэг тэмээ гэх мэтээр тэмээг олон янзаар нэрлэдэг. Учир нь говь цөлд амьдардаг араб үндэстний хувьд олон хоногоор ус уулгүй өл даах чадвартай тэмээ хамгийн чухал унаа хөсөг нь болдог ажээ. Тэгвэл үүнтэй адилаар Монгол хэлэнд таван хошуу малыг, Япон хэлэнд загасыг нас, хүйс, зүс, төрх байдлаас нь хамаарч нэрлэх нэрлэлт нь өөр байдаг. Энэ нь монгол болон япон үндэстний эрхэлдэг аж ахуй, амьдардаг газарзүйн орчин нөхцөлтэй нь холбоотойгоор үүссэн хэлний илэрхийлэл бөгөөд хэл бол тухайн хэлээр харилцагч ард түмний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдгийн нотолгоо юм. Иймээс аливаа хэл, хэлний илэрхийллээс тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний соёл, сэтгэлгээний онцлогийг харж болно. Ялангуяа өдөр тутмын амьдрал туршлагаас урган гарсан ардын оюуны их өв болох зүйр үг нь уламжлалт зан заншил, үндэстний сэтгэлгээний тусгал билээ.
Үнэхээр зүйр үг бол аль ч үндэстний хувьд ард түмний бүтээл, ард түмний цэцэн мэргэн ухааны цоморлиг гэсэн нийтлэг ойлголт байдгийн хувьд тогтвортой хэллэг нь тухайн ард түмний түүх, газарзүйн орчин, амьдарлын хэв маяг, үзэл бодлын ялгаанаас үүдэх онцлог, соёлын онцлог шинжийг цогцоор нь агуулсан хэлний нэгж гэж тайлбарлаж болох юм. Жишээлбэл, Монгол хэлэнд “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр” гэсэн зүйр үг бий. Монголчуудын хувьд өөх бол элбэг дэлбэгийн хэмжүүр. Өөхтэй мах гэдэг бол монголчуудын хувьд хамгийн шим тэжээлтэй хүнс. Иймээс өөх тос бол буян хишиг нүнжигийн бэлэгшээл утгатай болж, хүндэтгэлийн зоогонд ч ордог.
Түүнчлэн эртнээс япон орон газар тариалангийн орон байсан тул тэдний тогтвортой хэллэгт газар тариалантай холбогдох сэдэв голлодог.
Жишээ нь: Японд “みのるほど   ”Ургах тусмаа
こうべをたれる толгойгоо гудайлгах нь
いのほかな” тариан түрүү юм” хэмээх 5,7,5 үсэг буюу японы уламжлалт “хайкү” шүлгийн хэлбэрээр бичигдсэн зүйр үг байдаг.
Уг зүйр үг нь тариан түрүү ургаж боловсрох тусам толгойн хэсэг нь доош унжиж яг хүн толгойгоо бөхийлгөн мэхийн ёслох (япончууд хүндэтгэж буй хүндээ толгойгоо бөхийлгөн мэхийн ёсолдог) мэт харагддагтай адил хүн ухаажиж, эрдэм мэдлэгтэй болох тусмаа даруу төлөв болж, бусдыг улам ихээр хүндэтгэх болдог гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл монгол хэлний “Эрдэмт хүн даруу, ш мөрөн дөлгөөн ” гэсэн зүйр үгтэй адил утга илэрхийлдэг бөгөөд дээрх зүйр үгийг япончууд өөрсдийн эрхэлдэг газар тариалангаас үүдэлтэй санаа дээр тулгуурлан бий болгожээ. Эндээс үзэхэд зүйр үг бол уламжлалт ахуй соёл, эрхэлдэг аж ахуй, газарзүйн орчин цаг уурын онцлог гээд хүнийг хүрээлэн байх бүхий л зүйлс, хүний үзэл ухаарлын тусгал байдгийнхаа хувьд үндэстний соёл, сэтгэлгээний илрэл болдог гэдэг нь харагдаж байна.Үнэлэмжийн ялгаанаас болоод сэтгэхүйгээрээ ялгарахгүй сэтгэлгээгээр ялгарна.Үндэстэн, угсаатан, овог аймгууд өөр өөр ялгаатай сэтгэлгээтэй байдаг. Энэ нь үнэлэмжтэй холбогддог. Үндэстний хувьд сайн муу гэсэн үзэмж давамгайлдаг. Өөрөөр хэлбэл эсрэгцсэн харьцаатай.
Сайн – Муу Хүсэлтэй –Хүсэшгүй
Сайхан- Муухай Дуртай- Дургүй
Үүн дээр жишээлэн зарим тогтвортой нэгж авбал :
Нэгж Жишиг хэмжүүр Үнэлэмж
Яргуй хөөсөн ямаа тэмүүлэх тааруухан
Өрөмний өт тогтож чадахгүй сайн ч биш, муу ч биш
Өндгөө дарсан бүргэд шийдэмгий,тууштай сайн
Үнсэнд хаясан шалз мухардах хөөрхийлөлтэй
Эталоны ард заавал үнэлэмж явж байдаг. Энэ нь үндэстний аж төрөх ёс, ертөнцийг үзэх үзэл , үндэстний ухамсар ёс заншил, эдийн ба оюуны соёлтой холбоотой. Гэвч юуг юутай адилсуулах нь өөр өөр соёл-хэлтэнд нийтлэг ч байж болно, ялгаатай ч байж болно. Нийтлэг зүйл нь хүн төрөлхтний сэтгэхүй, танин мэдэхүйн арга оньсын нйитлэг шинжээр нөхцөлдсөн байдаг бол ялгаатай байдал нь тухайн үндэстэн, хүн ардын уламжлалт аж төрөх ёс, ёс заншил, шашин шүтлэг, эдийн болон оюуны соёлын өвөрмөц онцлог, өөрөөр хэлбэл тэдний ертөнцийг үзэх үзлэ, ертөнцийг таньсан танилтын тогтвортой хэв шинжээс үүтгэлтэй байдаг ажээ. Жишээлбэл: зальжин хүнийг үнэгтэй, жихүүрхэм зан ааштай хүнийг могойтой зүйрлэн адилтгах нь нэлээд үндэстний хувьд нийтлэг байж болох юм. Монгол хүн “ үхэр шиг тэнэг” гэдэг бол орос хүн “ хонь шиг тэнэг” гэдэг. Харин монгол хүн хонийг номхоны жишиг хэмжүүр /эталон/ болгодог зэрэг нь сонирхолтой юм. Хоёр өөр хэлний энэ мэт адилтгалын аль илүү оновчтой, эсвэл ер оновчгүй гэх мэтээр хэлэлцвэл тун утга учиргүй зүйл болно гэдэг нь ойлгомжтой. Гагцхүү тухайн соёл-хэлтний уламжлалт аж төрөх ёс, ертөнцийг таньсан байдал, ертөнцийг үзэх үзэл, түүнийгээ үнэлэхдээ ямар зүйлийг тогтсон хэмжүүр болгож айчилж ангилдгийн өвөрмөц онцлог нь хэлнийхээ адилтгал зүйрлэлд тодорхой туссан байдгийн нэгээхэн гэрчийг дээр жишээнээс харж болно.
Ер нь ямар нэг юм олон талтай, олон янзын шинж байдалтай байж, түүнийг аль талаас нь авч үзсэнээс шалтгаалан эерэг, сөрөг үнэлэмжтэй болдог нь танин мэдэхүйн зүй тогтолт үзэгдэл юм. Харин тухайн юмын ямар шинжийг, чухам ямар орчин нөхцөлд, ямар зорилгоор үнэлэмжийн гол хэмжүүр болгож, тэр нь тухайн соёл-хэлтний хувьд ертөнцийг үзэх үзэл, ертөнцийг таньсан байдлынх нь хэв шинж болж байгаараа өвөрмөц ялгаатай байдаг байна. Е.М.Вольфын саналыг үүнтэй уялдуулан тэмдэглүүштэй байна. Сайн , муу, гайхамшигтай, гутамшигтай зэрэг ерөнхий үнэлэмжтийг илэрхийлсэн үгс нь зүйрлэлийн санааг өөртөө агуулдаггүй. Харин нэг юмын шинж чанарыг өөр юмын шинж чанар болгон шилжүүлж нэрлэлт үүсгэх үед л эдгээр ерөнхий үнэлэмжийн нэрс нь зүйрлэлийн утгатай болно.
Жишээ нь : шулуун шугам-шулуун үг, шулуун зан муруй шугам- хэл муруйх зэргйиг харьцуулан үзэж боно.

Үнэлэмжийг жишээгээр тайлбарлах нь
Жишээ 1: “Чоно” хэмээх амьтны монгол япон үндэстний үнэлэмж, түүний ялгаатай ба төсөөт тал
Чоно
Чоно бол нохойн овогт багтах хөхтөн амьтан. Дэлхийн хойд хагас бөмбөрцөгт ихээхэн тархсан бөгөөд ойролцоогоор 13 төрлийн чоно бий. Монгол сэтгэлгээнд чоно бол хийморлог, хүчтэй амьтан гэсэн үзэл байдаг бөгөөд аян замд явж байхдаа чонотой таарвал олз омогтой явна хэмээн бэлэгшээдэг. Үлгэр домогтоо өөрсдийгөө чононоос гаралтай болохоо өгүүлдэг. “Монголын нууц товчоо”-нд монголчуудын өвөг дээдэс бол Гоо марал, Бөртэ чоно хэмээн бичсэн байдаг. Түүнчлэн алтан ургийн овгийн нэр болох “боржигон” хэмээх үг “бор эзэн буюу чоно” гэсэн утгатай гэж үзэх нь бий. Гэвч нөгөөтэйгүүр монголчууд чоныг муу санаатай, хар сэжиг ихтэй амьтан тул сүргээрээ явж байгаад унтаж амрахдаа нэг нь заавал манаанд гарч унталгүй хүн амьтан ажигладаг гэж ярилцдаг бөгөөд хар муу санаатай юм уу, дэндүү хашир хүнийг “чоно”-той адилтгадаг. Мөн тал нутагт мал аж ахуй эрхлэн амьдрах монголчуудын хувьд бэлчээрийн малд хамгийн аймшигтай дайсан бол чоно. Иймээс манайд галын хайчны амыг ноосоор боож, баруун хатавчинд өлгөх юм уу мал бэлчсэн зүгээс чулуу авчирч “мал манаж хоно” хэмээн шившээд үүдээр гаргаж хаях зэргээр хээр хоносон малыг чононоос хамгаалах дом, зан үйл байдгийн дээр эртнээс чоно авлахыг чухалд тооцож, чоныг устгах мэргэн ухааныг сийлж ирсэн.
Иймээс монгол хэлний зүйр үгэнд чоныг хурц шүдтэй, махчин амьтан (Араатан чоны араа бөх, албат хүний амь бөх, Чоныг соёогоор нь таних шонхорыг савраар нь таних, Хотны ноход хоорондоо хэмхэлдвэл чонын идэш болдог) харгис, хор хөнөөлтэй (Гэнэн цайлган хүн баяны гарт, нээгдсэн ахир мал чонын аманд, Хавьсаа хазах чоно зулзагаа идэх ангир) сүр хүчтэй (Чонын үгүйд чандага ноён, Чоно өтлөвч ишгэндээ зөв цорж өтлөвч балиндаа зөв), зоригтой, тууштай (Эр хүн зорьсондоо чоно зуусандаа, Эр хүн зоригтой бол чоно чацаг алдана) хонь, нохойнд үргэлж дайсан (Хоньтой бол чонотой, Хотондоо чоно оруулсан, нохой хорь хоног гийнадаг, Чоно хонь болох хаа юм бэ хэрээ цагаан болох хаа юм бэ), муу санаатай, дотуур тамиртай (Муу хүн чөлөөнөөр майхгар чоно борооноор, Хүнд нэг санаа чононд нэг бодь), үнэрч мэдрэмтгий (Чоно өтлөвч хамар нь өтлөдөггүй), гэрсэг, заяандаа үнэнч(Чонът хүү ой тийшээ хүний хүү гэр тийшээ), өс санадаггүй, хар санадаггүй (Чонын ам цагаан хулгайн гар хар, Чоно алсан хүнд нүгэл нь үсэрдэггүй) үрээ гэсэн сэтгэлтэй (Хөгшин чоно бэлтрэг тийшээ нүдэрхүү), хүнд хань нөхөр болдоггүй (Чонын гөлгийг хичнээн тэжээвч нохой мэт болохгүй) дүр төрхтэй амьтан мэтээр дүрсэлдэг.
Тэгвэл япон үндэстэн эртнээс чоныг бурхан мэтээр дээдлэн ирсэн. Чоныг шүтээнээ болгон дээдэлдэг Шинто шашны сүм хийд өнөө ч японд байдаг. Учир нь япон бол газар тариалангийн орон, загас далайн хүнсээр хооллож малын мах иддэггүй байсан тул чоно огтхон ч хор хөнөөл учруулдаггүй бөгөөд харин ч эсрэгээр тариалангийн талбайг сүйтгэх зэрлэг гахай, буга, туулай, хулгана зурамыг барьж иддэг ач тустай амьтанд тооцдог байжээ. Япон хүний чоныг дээдлэх сэтгэлийг түүний илэрхийлэх нэрлэлт, ханз үсэгнээс харж болно. Япон хэлэнд Ookami гэдэг үг чоно, их шүтээн гэсэн хоёр утгыг илэрхийлдэг бөгөөд ханз үсгээрээ ялгаддаг. Чоно гэдэг ханз үсэг араатан, сайн гэсэн хоёр дүрс үсгээс бүтдэгээс үзэхэд япончууд чоныг сайн амьтан гэж үздэг байсан бололтой. Гэвч Мэйжигийн\1868-1912он\ үеэс японд өрнөдийн соёл дэлгэрч мах ихээр идэх болж, мал маллан хүнсэндээ хэрэглэж эхэлснээр чоно малтай дайсагнах болсон. Мөн хүчтэй буу, хурдан сумаар зэрлэг ан амьтдыг сүргээр нь агнах болж чоны хоол тэжээл ховордсоор эцэстээ японы нутаг дэвсгэрт чоно үзэгдэхээ больсон гэнэ. Чухам энэ үеэс япон хүний сэтгэлгээнд чоныг үзэх сөрөг үнэлэмж бий болсон бөгөөд санаа муутай, аюултайн шинжийг чонын явдлаар илэрхийлэх зүйр үг өнөө хүртэл япон хэлэнд уламжлагдан иржээ. Жишээ нь: муу санаатай, дотуур тамиртай / Хувцастай чоно шиг/,аюултай, хор хөнөөлтэй /Бар чононоос илүү хүний хэл ам/, Урд хаалган дээр барнаас өөрийгөө хамгаалсан ч арын хаалган дээр чоно архирах гэх мэт.
Ингэхлээр хүний өөрийнх нь амьдрах, оршихуйн хэрэгцээнд нь нйицэж байгаа бол ямар нэг юмын ерөнхий шинж нь эерэг, эсвэл сөрөг ч байж болохыг дээрх жишээнээс үзэж болохоор байна.
• Монгол зүйр үг: Чононд хонь хадгалуулах
• Япон зүйр үг : Мууранд мөрөг загас хадгалуулах
Чононд хонь хадгалуулах
Мал аж ахуй эрхэлдэг монголчуудын хувьд таван хошуу малаа байдал төрхий нь шинжин, үнэлэмжийн хэмжүүр болгодог. Монгол нутгийн хонь нь номхон тогтуун зан авиртай, хөдөлгөөн багатай, нөхцөлт рефлекс тогтохдоо удаан, сүрэглэх зөн билэг сайн хөгжсөн мал юм. Монголчууд хонийг налгар тайван, халуун хошуутай мал хэмээн хүндэтгэлийн үед зүсэлж бэлэглэх, зоог идээ бэлтгэх зэргээр хониноос бүх л зүйлийг нь авч ашигладаг бөгөөд хонь бол номхоны жишиг хэмжүүр*гэж үздэг. Тиймээс ч чоно бусдаас илүү хонь руу дайрах хялбар байдаг байж болох бөгөөд энгийн нүдээр ажихад чоно, хонь хоёр өстэй мэт харагддагаас дээрх зүйр үг бий болсон болов уу. Мөн монголчууд хоорондоо таарч тохирдоггүй үргэлж сөргөлдөж байдаг хүмүүсийг “Энэ хоёр ч хонь чоно хоёр доо.” гэж хэлдэг. Энэ нь бас л чоно бол үргэлж хонинд дайсагнаж байдаг дээрх санаатай холбоотой бөгөөд монголчуудын амьдралд ойр байдаг амьтан болох хонь, чоно хоёрын харьцааг зүйр үг болгон аюултай гэсэн санааг илэрхийлсэн нь мал аж ахуй эрхэлдэг ард түмний ахуйн онцлогийг илэрхийлж байна.
Мууранд мөрөг загас хадгалуулах

Япончууд өөрийн амьдралд ойр байх муур, загас хоёрын харилцаагаар “чононд хонь хадгалуулах” гэсэн зүйр үгтэй адил санааг илэрхийлдэг.Уг зүйр үг нь япончуудын эртнээс муурыг үзэх үнэлэмж болон далайгаар хүрээлэгдэн, далайн гаралтай хоол хүнсийг шүтэж ирсэн ард түмний үзэл бодлын онцлогийг гаргажээ. Япончуудын муурын талаарх үнэлэмж нь зальтай, хүний итгэл даадаггүй муу шинжтэй, хулгайч гэж үздэг. Жишээ нь: Японы ардын зүйр үгэнд:
Нохой гурван өдөр тэжээсэн ачийг гурван жил мартдаггүй
Муур гурван жил тэжээсэн ачийг гурван өдөрт мартдаг гэж байдаг. Иймээс япон хүмүүс хамгаас эрхэм тэжээллэг хүнсний зүйл болох загасыг нь хулгайлан иддэг муурын увайгүй, хүнд тусгүй зантай амьдралд тохиолдох элдэв аюултай зүйлийг, хүний бодлогогүй гэмт үйлдэлийг зүйрлэн ийн хэлжээ.
Энэ мэтээр төрж өссөн газар нутгийнхаа байгалийн элдэв юм, үзэгдэл, тэдгээрийн харьцаа хамаарал, гаршуулж гэршүүлэн ашиг шимий нь амьдралынхаа үндэс болгож ирсэн адуу малаас авахуулаад тэр газар нутагт амьдардаг араатан жигүүртэн, өт хорхой хүртэл элдэв амьтны өвөрмөц ааш араншин хийгээд эрхэлж ирсэн ажил үйлс тэргүййтэн, ерөнхйилж хэлбэл, монгол үндэстнйи бүтээн бий болгосон эдийн болон оюуны соёлын зүйлсийн тухай урьдаас өөрсдөө танин мэдэж, улмаар ухамсар, ой ухаандаа загварчлан хэвшүүлсэн ухагдахуун ойлголт, түүнийг тэмдэглэж нэрлэсэн хэлний тэмдгийн утга нь үндэстний стэгэлгээний хэв шинжит хэмжүүрийн агуулга болно. Үүнийг зарим жишээнээс үзье.
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ
Дээрх зүйр үг аятай таатай боломж, сайхан эд зүйлийг ч ашиглаж чаддаггүй, сайн муугийн ялгааг мэддэггүй хэнэггүй нь хэтэрсэн гэсэн утга агуулдаг. Ер нь монголчууд илжгийг удаан болхи, ноомой зөрүүд. бодох сэтгэх чадвар муутай амьтан гэж үздэг. Юу ч хэлсэн тоохгүй хэнэггүй байдаг, хичнээы хэрэгтэй юм хэллээ ч анхааран авч ажил хэрэг болгодоггүй хүнийг илжигтэй адилтгадаг. Иймээс зөрүүд өөрийнхөөрөө зүтгэдэг хүнийг “илжиг шиг зөрүүд”, хүнд хэцүү байдалдаа дасан зохицсон ноомой байлдыг “илжиг модон худрагандаа дуртай” гэх зэргээр хэлэх нь бий. Энэ нь илжигний ажилд махруу, дуулгавартай, амт чанар муутай хоол тэжээлийг ч голдоггүй зан чанар нь хөндлөнгөөс харсан хүнд илжгийг хүлцэнгүй, ноомой амьтан мэт санагдуулдагтай холбоотой. Тэгвэл өөрсдөө гаршуулан тэжээдэггүй ховорхон харагдах илжигтэй зүйрлэсэн үг хэллэг монголд олон байгаа ыь ямар учиртай юм бол? Магадгүй манай оронтой хил залгаа орших хятад улсад илжгийг тэжээдэг байсантай холбоотой байж болох юм. Эртнээс хятдад илжгийг уналганд болгон хүнсэндээ хэрэглэх зорилгоор тэжээж ирсэн бөгөөд өнөөдөр дэлхий дээрх нийт илжигний гуравны нэг орчмыг хятдад тэжээж байна.

Морьны чихэнд маань тарни
Япон хэлэнд хичнээн үнэтэй сургаал. зөвлөгөө хэлсэн ч хүлээн авдаггүй, хүний үгийг ухаж ойлголгүй нэг чихээрээ оруулаад нөгоө чихээрээ гаргах гэсэн санааг моринд хичнээн гүн утга агуулгатай сургаал номлол айлдах хэрэггүй хэмээх зүйр үгээр илэрхийлэх бөгөөд япончууд монголчууд ухаантай гэж үздэг морийг эсрэгээр ухаан муутай, хашин амьтан гэж үздэг. Энэ бол эрхэлдэг аж ахуйгаас үүсэлтэй сэтгэлгээний ялгаатай холбоотой. Япончууд эртнээс нааш морийг газар тариаланд хэрэглэж байснаас бус өдөр тутмын амжиргааны эх үүсвэр болгож, чухалчлан үзэж байсангүй. Тариалангийн талбайд ажиллах морь нь тарган хүч тэнхээтэй байх шаардлагатай тул морийг чүчээнд хашиж, тэжээлээр бордон таргалуулдаг байв. Тиймээс тэдгээр тэрэгний тэжээмэл морь нь хашин болдог байсан тул япончууд морийг удаан хөдөлгөөнтэй, залхуу хойрго амьтан мэтээр бодож, хүний тэнэг, ухаангүй үйлдэлийг морьтой зүйрлэх болжээ. Тухайлбал, Япон хэлний тэнэг гэдэг ханз үсэг нь морь болон буга гэсэн хоёр ханз үсгээс бүтдэг нь япончууд эртнээс морийг унхиагүй амьтанд тооцдог байсны баталгаа юм.
Алтай язгуурын бүлэгт багтах Монгол, Япон хоёр хэл нь бүтэц болон зарим шинжээрээ адил төстэй боловч, аль аль нь тухайн хэлээр хэлэлцэгч ард түмний ертөнцийг үзэх үзэл, түүх соёл, зан заншил, уламжлалт сэттэлгээг өөртөө шингээсэн байдгаараа онцлогтой. Монголчууд бол эртнээс мал аж ахуй эрхэлж ирсэн нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн. Үүнээс улбаалан монгол хэлэнд мал аж ахуйтай холбоотой монгол ахуй соёлын онцлогийг илэрхийлэх хэллэг зонхилдог. Харин япон бол эртнээс газар тариаланг амжиргааны эх үүсвэрээ болгож ирсэн, суурыимал соёл иргэншилтэй орон тул аливаа юм үзэгдлийн мөн чанарыг өөрсдийн эрхэлдэг аж ахуйтай холбон тайлбарласан нь цөөнгүй байдаг. Иймээс энэ судалгааны ажлаараа хүний амьдралд өдөр тутамд хэрэглэгддэг хэлний тэмдэг болох зүйр үгийг онцлон авч, түүний цаана орших соёл, үндэстний сэтгэлгээний онцлог, алив зүйлийн цаана нуугдах үнэлэмж зэргийг чадах чинээгээрээ тайлбарлахыг чухалд үзсэн. Жнь: Өмнө өгүүлсэн чононд хонъ хадгалуулах, мууранд мөрөг загас хадгалуулах гэсэн зүйр үгсээр дамжин далайгаас загас барьж, талдаа мал хариулж аж төрдөг загасчид, малчидын ахуй соёлын болон сэтгэлгээний ялгаа гарч байхад, чоно гэхэд л монгол хэлэнд мал сүргийн дайсан, санаа муут амьтан гэсэн сөрөг үнэмлэмжтэй байхад японд эсрэгээр чоныг бурхан мэт шүтэж тариан талбай сүйтгэдэг зэрлэг амьтдаар хооллодог ач буянтай амьтан хэмээн үздэг байсан нь чоно оролцсон хэллэгээс ажиглагддаг. Ийнхүү зүйр үгийн талаар уншиж, зүйр үгийг харьцуулан үзэж байхад хамгийн гол анзаарсан зүйл бол өмнө нь харь үгийн орчуулга төдийхнөөр ойлгож ирсэн зүйр үг маань уламжлалт сэтгэлгээ, соёл, зан заншилын толь, үндэстний нэвтэрхий толь байсан юм байна гэдгийг ухаарсан явдал юм. Энэ удаад амьтан гэсэн нэрийн дор зүйр үгийн үнэлэмжийг авч үзлээ.

Ном зүй

1. Аким.Г “ Монгол зүйр цэцэн үгийн товч тайлбар толь “ УБ.2001
2. Баянсан. Ж “ Хэл, соёл, үндэстний сэтгэлгээ” УБ.2002
3. Баатартогтох. Ц “Монголчуудын үнэлэмжийн судалгааны философийн асуудал “ Дис УБ.,2000
4. Гомбосүрэн. Ц “ Философи “ сурах бичиг УБ.,2008
5. Гонгоржав.Г “Монголчуудын эрдэм ухааны уламжлал” УБ.,1992
6. The Cambridge Dictionary of philosophy. Cambridge universitety press,1999.p830-831
7. シャ-プ会社 “電子辞典”中国.2007
8. いずみ.“ことわざ”2000

http://oasisi-oasis.blogspot.com/  блогоос авлаа.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: