Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Л.Цэрэнчунт: Монгол хэл, соёл бидний түүх юм


АНУ-ын нэр хүндтэй Их сургуулиудын нэг болох Индианагийн их сургууль нь АНУ дахь монгол судлалын гол цөм нь юм. Энэ сургуульд дэлхийд алдартай монголч эрдэмтэд болох Жорж Кара буюу бидний хэлдгээр Хар Дорж, АНУ-д монгол судлалын үндсийг тавилцсан Жон Кругер, өдгөө монгол судлалын гол ноён нуруу нь болж яваа монголч эрдэмтэн Христофер Этвүүд нараас гадна олон залуу монгол судлаачид ажиллаж байна. Мөн энэ сургуульд Монгол судлалын нийгэмлэг ажилладаг бөгөөд энэ нийгэмлэгийг монголч эрдэмтэн Алиша Кампи тэргүүлж, Сюзи Дрост өдөр тутмынх нь ажлыг зохицуулж байдаг билээ.
Энэ удаад тус сургуульд Монгол судлалаар мэргэшиж буй залуу судлаачдад монгол хэл, соёлын хичээл зааж байгаа урилгын профессор Лэгдэнгийн Цэрэнчүнттай уулзаж ярилцлаа.

– Та энэ сургүүльд хэд дэх жилдээ ажиллаж байна? Ямар чиглэлийн хичээл зааж байна?
Би Индианагийн их сургуульд 2004 оны 8-р сард тус сургуулийн урилгаар монгол хэл заахаар ирсэн. Одоо дөрөвдэх хичээлийн жил маань дуусах гэж байна. Энд Орчин цагийн халх монгол хэлийг анхан, дунд гүнзгийрүүлсэн гурван шатанд заадаг. Мөн зуны цагт Монголд богино хугацаагаар томилолтоор явах гэж байгаа хүмүүст эрчимтэй сургалт явуулдаг. Монголын Ардын Эрх сонины урилгаар Монголд ажиллахаар явсан Америкийн олон нийтийн радиогийн сурвалжлагч Чарьлиз Маер болон түүний гэргий Рэчил Хэлдигэн, Орон нутгийн судалгааны ажлаар Монгол явсан олон улсын багийн ахлагч, Өмнөд Калифорнийн Их сургуулийн түүхийн профессор Бэтин Бөрж гэх мэт хүмүүст зуны түргэвчилсэн монгол хэлний хичээл заасан. Мөн 2007 оноос эхлэн Индианагийн их сургуульд уламжлал болон явагддаг Төв Европ, Дундад Азийн хэлнүүдийн зуны эрчимтэй сургалтанд Монгол хэлийг хамруулж, анх удаа заасан маань амжилттай болсонд баяртай байгаа.

-Та өмнө нь хаана ажиллаж байсан бэ? Хаана ямар сургууль төгсөж багш болж байв даа?

Би 1980 онд тэр үеийн ЗХУ -ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг төгсөж ирээд мөн тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багшаар орж, анх хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Намын дээд сургуульд олон сайхан хүнээс үг сонсож, маш их зүйлийг сурсан.
1993 оноос тэр үед гадаадын хэдэн байгууллагуудын хамтарч байгуулсан гадаад хүнд монгол хэл заадаг сургуульд орж, дараа нь хэдэн багш нартай хамтарч Гүүр нэртэй Монгол хэл сургалтын төв байгуулж захирлаар нь ажилласан. Ингэж л хувь заяа маань гадаад хүмүүст монгол хэл соёлоо зааж сургах ажилтай холбогдсон юм даа. Одоо Гүүр коллеж маань гадаад хүмүүст монгол хэл заадаг, монгол оюутнуудыг аялал жуулчлал англи хэлний чиглэлээр сургадаг нэр хүндтэй сургууль болсонд баярлаж явдаг.

-Олон улсын *Гүүр* коллежийг гадаад хүмүүст монгол хэл заах туршлагатай, чанартай сургалттай гэдэг яриа сонсож байсан санагдана. Гадаад хүмүүст монгол хэл заах аргын онцлогоос дурьдана уу?

Монгол хэлийг гадаад хүнд заахад гадаад хэл заах аргын үндсэн дээр заахгүй бол төвөг учирдаг. Энд гол зүйл нь монгол хэлний хэлзүйн айнууд хэл ярианд ямар утга үүргээр яаж хэрэглэгддэг, эсвэл нэг үг, хэллэг ямар хам сэдэвт түгээмэл хэрэглэгддэгийг тухайн шатны оюутанд тохирсон тэр маягаар заахгүй бол сургалтын үр дүн тааруу, сурч байгаа оюутан маань баяр баясгалантай байж чаддаггүй. Ихэнх гадаад оюутанд хэлийг аажмаар, тодорхой үе шаттай, системтэй заахгүй бол тэдний сэтгэл дундуур байдаг. Үүний тулд тухайн сургууль, төв сургалтын иж бүрэн хөтөлбөр, сурах бичигтэй болж, мөн багш нараа энэ чиглэлээр сургаж мэргэшүүлэх шаардлагатай. Гүүр коллеж энэ асуудлаа тодорхой хэмжээнд шийдэж чадсан учир үр дүн гарч нэр хүнд нь өссөн байхаа. Энд Жей-Си-Эс олон улсын байгууллага, тэр байгууллагын ажилтан Шарон Люти нарын дэмжлэг туслалцааг дурьдахгүй өнгөрч болохгүй юм. Одоо Гүүр коллежийн багш нар Америкийн Элчин сайдын яамны ажилтнууд, Английн сайн дурынхан, Ватиканы төлөөлөгчийн газрынхан гэх мэт Улаанбаатарт ажилладаг олон гадаадын байгууллагын хүмүүст монгол хэлний хичээл заадаг. Тэр ч байтугай АНУ-ын Төрийн Департаментийн сургуульд Гүүр коллежоос ажлынхаа гарааг эхэлсэн Цэвээндуламын Наранцэцэг хичээл зааж байгаа. Гүүр коллеж Монголд анх удаа 2004 онд Гадаад хүнд монгол хэл соёлыг заах онол-арга зүйн зарим асуудалд эрдэм-шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан нь амжилттай болсон.

– Монгол хэл сурах гэсэн оюутан энд хэр олон байна? ямар, ямар төвшинд суралцаж байна вэ?

Индианагийн Их Сургуулийн Төв Европ Ази Судлалын Тэнхим нь түгээмэл заагддаггүй хэлнүүд (Less Commonly Taught Languages) гэж нэрлэгддэг монгол, төвд, узбек, уйгур, эстони, фин, унгар, перси зэрэг 10-аад хэлийг зааж, эдгээр хэлээр ярьдаг улсуудын судлалаар мастер, докторуудыг бэлддэг АНУ-ын гол төв нь юм. Индианагийн их сургууль АНУ-д монгол судлал, монгол хэлийг албан ёсны хөтөлбөрөөр заадаг цорын ганц сургууль. Тиймээс монгол хэл сурахыг хүссэн хүмүүс энэ сургуулийг зорьдог. Мөн монгол судлалын оюутнууд монгол хэл сурах шаардлагатай. Энд монгол хэлийг анхан, дунд, гүнзгийрүүлсэн гэсэн гурван төвшинд заадаг. Түүнчлэн дээр дурьсан зуны эрчимтэй сургалтыг хоёрдахь жилдээ заах гэж байна.

-Энд хичээл, зааж, оюутантай ажиллахад ямар онцлог байна? Манай оюутанаас гойд ялгарах юм харагдах юм уу?

Америк оюутнууд семестерийн эхэнд тухайн семестэрт юу сурч, ямар мэдлэг, дадлага чадвар эзэмших ёстой, үүний тулд ямар ном сурах бичиг, гарын авлага ашиглах, семестерийн дунд болон эцэст тэдний мэдлэг дадлага чадварыг ямар шалгуураар яаж дүгнэхийг мэдэх шаардлагатай байдаг. Эдгээрийг тодорхой дурьдсан хичээлийн танилцуулга (Course Description), хичээлийн хөтөлбөрийг (Syllabus) семестерийн эхэнд оюутны гар дээр өгч, уншиж танилцуулдаг. Өөрөөр хэлбэл багш оюутан хоёрын хийх ажил тодорхой байдаг. Мөн сургууль тэнхмээс баримтлах бодлого, дүрэм журмаа маш нарийн танилцуулдаг. Үүнийг хичээлийн танилцуулгад (Course Description) оруулж өгдөг.
Америк оюутнууд уйгагүй ажилладаг, гэрийн даалгавар маш сайн хийдэг, монгол хэл, соёл, ёс заншлыг маш их сонирхдог. Ялангуяа нүүдлийн соёл иргэншлийг их сонирхдог. Хөдөө өссөн маань үүнд бас их хэрэг болдог шүү.

– Таны зохиосон *Сайн байна уу* иж бүрдэл сурах бичиг бичих санаа яаж төрсөн бэ? Ямар зарчим барьж зохиосон бэ?

Манай улсын багш нар 1940-өөд оноос гадаад хүмүүст, гадаад оронд монгол хэл соёлыг зааж эхэлсэн. Монгол улсын их сургуулийн багш нар Герман, Япон, Энэтхэг Англи зэрэг олон орнуудад монгол хэл зааж байсан. Профессор Чой Лувсанжав, Лувсандорж гэх мэт эрдэмтэд бүр дал наяад онд монгол хэлний сурах бичиг зохиож байсан. Тэр бүхнээс ихийг сурсан. Гэхдээ эх хэлээ гадаад хэл заах аргын үндсэн дээр заах арга зүйг боловсруулах тал дээр арай дутмаг явсан юм шиг санагддаг байсан. Тэгээд энэ үндсэн дээр сурах бичиг бичих санаа төрсөн. Өөрийн гэсэн сурах бичиг, сургалтын хөтөлбөрийн шаардлага хэрэгцээ тэр үед Гүүр төвийн тулгамдсан асуудал байсан. Мөн энэ үед би JCS олон улсын байгууллагын шугамаар монголд очсон Шарон Люти гэж хүнд монгол хэл зааж байсан. Тэр хүн Иллиной мужийн Wheaton коллежид англи хэлийг хоёрдагч хэл болгон заах аргын чиглэлээр мастерт сурсан хүн байсан. Тэгээд Шаронд сурах бичиг хамтран бичих санаагаа хэлсэнийг тэр маань дэмжээд ингээд хэдэн жил монгол хэл заасан туршлагадаа үндэслэн Шаронтай хамтран Монгол хэлний сурах бичиг бичих ажилдаа сэтгэл шулуудан орсон доо. 1998 оны сүүлээр эхлээд, гуравдахь номоо 2002 онд дуусгасан.

-Америкад ажиллаж , амьдарч байгаагийн хувьд манай сургалтын талаар ямар санал бодол яримаар байна?

Сургалтын хэлбэр, өгөөж, үр дүн гээд их ч зүйл ярихаар байгаа даа.
Маш товчоор хэлбэл шавь төвтэй сургалт хэрэгтэй юм. Манайхан энэ ч угаасаа манайд аль дээр хэрэгжиж эхэлсэн зүйл гэж магадгүй. Гэхдээ тэр шавь маань багшийн өдөр тутмын анхаарлын төвд байж, сурах үйл ажиллагааны гол эзэн байхаар сургалтыг зохион байгуулах нь бас тийм амар ажил биш юм бол уу. Хичээл дээр багш биш оюутан ярьж, оюутан үзэл бодлоо илэрхийлж, эрэл хайгуул хийж, цаас, эссэ бичиж, багш нар нь түүнийг нь чиглүүлж, хэрэгтэй үед арга зүйг нь хэлж өгдөг тийм л сургалтыг шавь төвтэй сургалт гэж яриад байх шиг байна.

Индианагийн их сургуулийг монгол судлалын томоохон төв гэдэг. Тийм ч байгаа юм. Та энэ чиглэлээр юу үйлдэж байна вэ?

Монгол судлалын ямар гол судалгаа, үйл ажиллагаа энд явуулж байгаа талаар хоёулаа хөөрөлдөх үү. Индианагийн их сургуульд ирээд их юм сурч байна. Бас бага сага ажил хичээл номынхоо хажуугаар хийдэг. Монголд байхдаа, сурах бичиг бичих явцдаа Монголын түүхийн талаар бас янз бүрийн юм үзэж харж байсан. Зарим зүйлийг энд ирсэний дараа арай өөрөөр харах, авч үзэх хэрэгтэй болдог юм билээ. Жишээ нь Монголын нууц товчоо 1240 онд бичигдсэн, Чингисийн чулууны бичээс 1224 онд бичигдсэн ч гэдэг юмуу нэг тийм ягшмал байдлаар юманд ханддаг байсан. Гэтэл энд ирээд эдгээр болон бусад асуудлыг монгол судлаачид заримдаа өөрөөр авч үздэг гэж мэдээд, хандах хандлагаа өөрчлөх хэрэг гарсан. Номондоо байсан зарим нэг алдааг зассан.
Энд ирээд, монгол хэлний сургалтын хөтөлбөрүүдийг тэнхмийн хэлний багш нарын удирдагч Битрикс Бургхадтай хамтран шинээр боловсруулсан. Индианагийн их сургуулийн дэргэдэх Төв Азийн бүс нутгийн хэлнүүдийн төвтэй хамтран дунд болон гүнзгий шатны оюутнуудад зориулсан монгол хэлний уншлагын болон сонсох онлайн материал боловсруулах төсөл дээр хоёрдахь жилдээ ажиллаж байна. Одоогийн байдлаар 20 хичээл боловсруулж, арвыг нь онлайнд тавиад байна. Тус сургуулийн олон улсын төвд монгол хэлний ярианы цаг тогтмол явуулдаг гэх мэт ажил байна.

-Та өнгөрсөн жилүүдэд энд тэндэхийн олон улсын хурлуудад *Монголын нууц товчоон дах газар усны нэр*,*Хар хорум хотын нэрийн гарал үүсэл*,*Монголын нууц товчоон дахь хаад ноёдын цол хэргэмийн гарал, үүсэл* зэрэг илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцож байгааг хараад би таныг түүхч мэргэжилтэй хүн байх гэж бодож байсан юм. Харин та…

– Монгол нийгэмлэг болон Төв Европ Ази судлалын оюутны холбоо, Вашингтон хотын Монгол Соёлын Төвөөс жил бүр зохиогддог эрдэм шинжилгээний хуралд Монголын түүх, гадаад хүнд монгол хэл заах аргын чиглэлээр хэд хэдэн илтгэл тавьсан. Монгол судлалын одоогоор байгаа ховорхон эрдэмтдийн нэг профессор Хар Дорж багшаасаа энэ үедээ зөвлөлгөө авч, их юм сурдаг. Энэ ховор агуу хүнээс нэг ч гэсэн монгол залуу хүн ирж, юм сурч аваасай гэж боддог. М. Саруул-Эрдэнэ маань энэ хүнээс хэдэн жил их юм сурсан байх. Монгол хэл соёл гэдэг чинь бидний түүх юмаа. Тиймээс тэр түүхээ илүү ихээр мэдэх шаардлага гардаг. Үүний хажуугаар зааж байгаа хичээлүүдийнхээ хөтөлбөр, арга зүйг боловсронгуй болгох талаар байнга эрэл хайгуул хийж, бас нилээд ажил хийгээд байгаа. Одоогийн байдлаар монгол хэлний мэдлэг чадварыг тогтоох аргачлал, тест боловсруулах талаар нилээд зүйл уншиж харж байна. Бас Дорж багштай нэг сэдвээр ажиллаж эхлээд байгаа. Зуны сургалтын үеэр Монгол соёл, ёс заншлын талаар лекц уншдаг. Энэ жил Нүүдэлчин монголчуудын зочлох, зочлуулах ёсны тухай лекц унших ёстой. Түүнийгээ дөнгөж сая бэлэн болгоод байна.

Б.Номин

Dayarmongol dot com site-aas avlaa.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: