Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Лувсанжавын Чулуунбаатар: “Үндэсний монгол бичгийг сэргээн хэрэглэх хөдөлгөөний явц”


1941 онд түүхийн ээдрээт нөхцөл шалтгаан, төр засгийн хатуу шийдвэрээр кирил үсгийг албан ёсны бичиг болгон хэрэглэсэн боловч монголын уламжлалт худам монгол бичиг утга соёлын хэрэглээнээс бүрэн гарсангүй. 1990 оноос монгол бичигтээ эргэж орох тухай хурц маргаан үүсэж, түүнийг төрийн бичиг болгох олон нийтийн санал хүчтэй болсоор ирэв. Монгол бичгийг кирилээр сольсны дараа хамгийн их бэрхшээлтэй тулгарсан хүмүүс бол зохиолчид байсан. Монгол бичгээр зохиолынхоо эх дээр ажиллах нь хэл найруулга, дуудлага болоод бичлэгийн тансаг байдлыг эрхэмлэхэд илүү төхөмтэй учраас тэр юм. 1962 онд МЗЭ-ийн III их хурлын өмнө Улс төрийн товчоонд зохиолчдыг хүлээн авч уулзсан байна. Энэ үед “Тунгалаг тамир” романаа бичиж байсан нэрт зохиолч Ч.Лодойдамба гар бичмэлээсээ жишээ татаж ярихдаа: Монголоор бичиж, дараа нь шинэ үсгээр буулгачихаад эргээд уншихад сайхан нь алга болчихдог болохыг тайлбарлаж, яруу найрагч Б.Явуухулан “Шинэ бичиг шүлэг их эвдэж байна. Хуучин үсгээр байгаа Инжинашийн шүлгийг шинэ бичигт буулгахад дордож байна” хэмээн нотолж, бага цаг алдсан дээрээ эргэж монгол бичгээ хэрэглэе гэсэн санал тавихад нь Ю.Цэдэнбал няцаажээ. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Жанцанноров нарын хөгжмийн томоохон зүтгэлтнүүд “Хөх торгон цамц” хэмээх ардын дууны хөх гэдэг үгийг хоёр үе болгохоос өөр аргагүй болдог хэмээсэн нь монгол бичгийн хэлээр дуулахад илүү сонсголонтой байдагтай холбоотой юм. Монгол бичгийн хэлний сонгодог уламжлалыг өвлөн залгамжилсан Б.Ренчингийн хэл найруулгыг таашаахгүй байснаар үл барам түүний нөлөө залуучуудад халдварлахаас айж байсан. Хуучирсан үг хэрэглэж, хуучин бичгийн хэв маягаар хөөцөлдлөө гэж залуу шүлэгч нарыг хүртэл зэмлэж байжээ. 1980-аад оны дунд үеэс өөрчлөн байгуулалтын үзэл санаагаар цэнэглэгдсэн монголчуудын үндэсний ухамсар илтэд сэргэж, үндэсний монгол бичгээ сурах хөдөлгөөн газар сайгүй өрнөсөн билээ. Олон нийтийн хүсэл зориг, эх оронч санаачлагыг дэмжиж, тухайн үеийн Ардын Боловсролын Яамны сайд Б.Даваасүрэн 1985 оны 1- сарын 4-ны өдөр “Зарим багшаар сонгон суралцах хичээл заалгах тухай” 302 тоот тушаал гаргасан нь монгол бичгийн сэргэн мандлын эхийг тавьж, ерөнхий боловсролын сургуульд 50-иад оны сүүлээс огт үзэхээ байсан монгол бичгийн хичээлийг дунд сургуулийн 7, 8-р ангид үзэх болж, дунд сургуулийн болон олон нийтэд үзэхэд зориулсан монгол бичгийн сурах бичгүүд зохиогдон гарч эхлэв. 1970-аад онд зохиогдсон Д.Чойжилсүрэн, Х.Далхжав нарын монгол бичгийн сурах бичгийн дараа 1986 онд Чой.Лувсанжав, Ж.Лувсандорж нарын дунд сургуульд үзэх монгол бичгийн сурах бичиг гарч, хот хөдөөд албан байгууллага, соёл үйлчилгээний газруудад монгол бичгийн дугуйлан, дамжаа хичээлүүлж эхлүүлэн, телевизээр МУИС-ийн багш Ш.Чоймаа монгол бичгийн хичээл зааж, сургалтын зарим материал хэвлэгдэн гарлаа. Ер нь профессор Ш.Чоймаа 1989, 1990, 1991 онуудад бүх нийтийг монгол бичигт сургахад зориулан 60 удаагийн цуврал хичээл зааж, ард түмний монгол бичгийн багш алдрыг олон түмнээсээ хүртсэн билээ. Үүний хажуугаар монгол ёс заншил, шашин соёлын зан үйл сэргэж эхлэв. 1990 он гэхэд үндэсний сэхээтнүүдийн дуу хоолой сонин болгоноор цууриатаж байлаа. 1990 оны 6-р сарын 1-нд Сайд нарын зөвлөлийн 285 тоот тогтоол гарч 1990-1995 онд багтааж бүх нийтийг хос бичигтэн болгох, улмаар монгол бичгийг төрийн албан бичиг болгохоор заав.
Энэ тогтоолын дагуу Ардын боловсролын яамны сайдын тушаалууд гарч нэгдүгээр ангиас монгол бичгээр сургалт явуулах шийдвэр гаргав. Ардчилсан холбоо болон ардчиллын удирдагч нар илтгэл, өгүүлэл, мөрийн хөтөлбөртөө эн тэргүүнд тусгаж, ардчилсан хувьсгалын нэг гол уриа нь мянган жилийн уламжлалт үндэсний бичгээ сэргээх явдал байв. Сонин сэтгүүлүүдэд “Монголчууд бид 1941 онд монгол бичгээ кирилл үсгээр сольж гучаад жилийн дотор ард түмнээ бичиг үсэгтэн болгож, тив дэлхийд гайхагдаж байсан боловч дэлхийн бичиг үсгийн соёлын санд оруулсан оюуны үнэт соёлоо орхиж том алдаа хийсэн юм. …Хойч үедээ бид монгол бичгээ бүрэн өвлүүлэхийн тулд бүх нийтийн сургалтын бодлого явуулах нь зүйтэй. Манай зарим зохиолч хорьдугаар зуунд хос морьтой орохыг уриалсан билээ. Миний бодоход монгол бичиг гэдэг хүлэгт маань хөтөлгөө хэрэггүй бизээ. Бичиг минь, хүлэг минь бид чинь Таныгаа даруй дээдлэн залъя. Монгол бичгийн түүхэн урт үйл явцтай салшгүй нэгдэж бий болсон монгол шүлэг маань эргээд төрөлх бичгээ үгүйлж байгаа нь зайлшгүй байна. Тавиас доош насны иргэдийн дотор хуучин монголоор бичих байтугай, уншиж чадах хүн нэн ховорджээ. Үндэсний бичгээ мэдэхгүйн балгаар залуучууд ард түмнийхээ бүтээсэн соёлын өвтэй танилцан эзэмших боломжоор их л гачигдан боогдох болсон билээ. 1990 онд нийтээр бичиж уншиж сураад 1991 оноос гүнзгийрүүлсэн сургалтад орж болох юм. Монголын ард түмний эх оронч ухамсар, үндэсний бахархал бадран дэгжиж байгаа энэ үед үндэснийхээ соёлыг сэргээн мандуулахын төлөө зоримог алхам хийхээс хойш суух монгол хүн үгүй гэдэгт гүн итгэлтэй байна.” гэх мэтээр бичиж байсан бөгөөд эрдэмтэн Ц.Шагдарсүрэн “Монгол бичиг, түүнийг үзэж сурахын учир” хэмээх гарчигтай хэл шинжлэлийн нарийн үндэстэй тайлбарласан өгүүлэл хэвлүүлсэн байна. Мөн оноос Улсын хэвлэлийн газар монгол бичгээр ном хэвлэх боломжийг бүрдүүлж зарим сурах бичиг, “Монголын нууц товчоо” зэргийг монгол бичгээр хэвлээд байв. Монгол бичигтэй холбоотой газруудын санаачлагаар 21 хүний бүрэлдхүүнтэй Монгол бичгийн ардын хүрээлэн байгуулагдаж монгол бичгээ улс даяар дэлгэрүүлэн сургах ажлыг зохион байгуулахад саланги хэсгүүдийн ажлыг нэгтгэн чиглүүхэд үйлчлэнэ гэж тунхагласан байна. 1991 онд олон нийтийн эрчимтэй хөдөлгөөн, монголын эх оронч дэвшилт сэхээтнүүдийн чармайлт зүтгэлээр албан хэргийг 1994 оноос монгол бичгээр хөтлөн явуулах 36-р тогтоолыг Улсын бага хурлын ухаалаг эрхэм гишүүд гаргав. Үүний дагуу БНМАУ-ын засгийн газар 1991 оны 6-р сарын 21-ны өдөр “БНМАУ-д албан хэргийг монгол бичгээр хөтлөн явуулах бэлтгэлийг хангах тухай” 186-р тогтоол гаргав. Тогтоолд хавсралтаар бэлтгэлийг удирдан явуулах комиссын бүрэлдхүүнийг Засгийн газрын шадар сайд Д.Дорлигжав даргатай, Боловсролын сайд Н.Уртнасан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Моломжамц нарын орлогч даргатай байгуулж гишүүдэд Боловсролын тэргүүн дэд сайд Б.Энхтүвшин, Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Үндэсний хөгжлийн сайд Ж.Батсуурь, Худалдаа үйлдвэрийн сайд С.Баярбаатар, Сангийн сайд А.Базархүү, Соёл урлагын хорооны дарга Б.Бадар-Ууган, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Баатар, Засгийн газрын дэргэдэх радио, телевизийн ерөнхий захирал Х.Цэвлээ, Улсын архивын хэрэг эрхлэх газрын дарга Л.Мэндсайхан нарын лут их хүчтэй комиссыг байгуулжээ. Энэ тогтоол нь: нийт хүн амыг 1991-1993 онд монгол бичигт сургах, хөтөлбөр, сурах бичиг, гарын авлага, монгол бичгийн зөв бичих зүйн толь боловсруулан гаргах, туршлагатай, монгол бичгийг төгс эзэмшсэн хүмүүсээр заалгах, их дээд сургуулийн монгол хэлний ангийн болон багшийн сургуулийн оюутнуудаар 1992 оноос хөдөлмөрчдийн дунд монгол бичиг заалгах, төрийн захиргаа, олон нийтийн байгууллагад ажиллах монгол бичгийн бичээч нарыг уг байгууллагуудын зардлаар нь сургаж бэлтгэх, орон нутагт сургах ажлыг орон нутгын засаг захиргаанд даалгах, төв, орон нутгийн хэвлэлийн тоног төхөөрөмжийг шинэчлэн тоноглож, хэрэгцээт бичгийн машинаар 1992-1993 онд хангах, шаардагдах хөрөнгийг гаргах, хэвлэл мэдээллээр сурталчлах, сонин сэтгүүлд нүүр булан гаргах, заримыг монгол бичгээр дагнан хэвлэх гэх зэргийн тус тусын яаманд хариуцуулсан бүх талыг хамарсан, монгол түмний сэтгэл зүрхийг баясаасан тогтоол болж гарсан юм. Мөн энэ онд монгол бичгийг олон улсын оюуны өмчөөр бүртгэн авсан нь монгол түмний дэлхий оюуны санд оруулсан үнэт соёл болохыг батлан харуулсан хэрэг болсон юм.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: