Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

17 Арван тавтын “Монголын нууц товчоон” хийгээд Чингисийн үеийн Монгол эрдэмтэн Бүүмин


2009 оны 6-р сарын 16

“Монголын нууц товчоон” бол дэлхийн эрдэмтэн судлаачдын анхаарлыг ямагт татсаар ирсэн алдарт туурвил гэдгийг нийтээр мэднэ. Харин түүнийг хэзээ, хэн, хэрхэн бүтээсэн, хаана хадгалж байсан хийгээд манай алдарт гүүш Цэндийн Дамдинсүрэн орчин цагийн монгол хэлээр буулгаж нийтийн хүртээл болгосноос өмнө эрдэмтэн мэргэд үзэж уншиж тайлж тайлбарласан эсэх зэрэг нь одоо хир нэг мөр болгон нотлон тогтоосон зүйлгүй гэж хэлж болно. Гэтэл энэ алдарт бүтээлийг нийтийн хүртээл болгохоос өмнө түүнийг өдий төдий мэргэд үзэж судалж, хуулж хуулбарлаж байсан тухай эрдэм шинжилгээний баримт сэлт гарсаар байна. Тэдгээрийн нэг нь болох Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы тухай мөчидхөн өгүүлбэл уншигч авхай нарт сонин байх нь гарцаагүй.

Өвөр Монголын эрдэмтэн Б.Төмөрбагана “Монгол судлалын өгүүллийн түүвэр”-т энэ талаар томоохон судалгааны өгүүлэл нийтэлжээ. Уг өгүүлэлд “Монголын нууц товчоон” болбоос Монгол хаадын гэрийн нууц туурь бөгөөд алтан авдар, чулуун өргөөнд хадгалагдаад зуу гаруй жил болсон юм. Төдий Мин улсын Хун У-гийн /1369-1399 он/ үед төрийн яамнаас түүнийг орчуулга сургах сургалтын материал болгон барлан хэвлүүлснээс сая алгуураар уламжлан тархжээ гэж тэмдэглэжээ. Хожим Юн Ле-гийн үе /1403-1425 он/ хүрэхэд хааны зарлигаар “Юн Ле-гийн нэрэмжит их хуульт бичиг”-ийг найруулж “Монголын нууц товчоон”-ыг түүнд 15 ботийн хэлбэрээр хуулан оруулсан ажээ. Тийм учраас Арван тавтын “Монголын нууц товчоон” гэдэг нэрийтгэл энэ түүхээс улбаалжээ. Түүнээс хойно Жя Жингийн / 1522-1567 он/ гучин зургадугаар он буюу нийтийн тооллын 1557 онд дотоод ордонд түймэр гарснаас Шизунг хаан бээр нэгэн шөнийн дотор дөрвөнтээ зарлиг буулган үтэр шилжүүлсэн тул  уг ховор чухаг эх бичиг сүйдэлгүй үлдсэн түүхтэй гэнэ. Ийнхүү гэнэтийн осол цалгараас сэргийлэх зорилгоор түүнийг зарлигаар дахин нэгэн хувь хуулуулан чандлан хадгалуулжээ.

Түүнээс хожим Ван Ли-гийн /1573-1620 он/ хорин хоёрдугаар он буюу нийтийн тооллын 1594 онд Нанжингийн улсын хөвгүүдийн сургуулийн эрхлэн сургагч түшмэл Лу Хэжин “Юн Ле-гийн нэрэмжит их хуульт бичиг”-ийг дармалдан хэвлүүлэхийг хүсэн хаанд айлтгасанд зөвшөөрсөн авч зардал сүйтгэл зэрэг элдэв шалтгаанаар хэвлэн гаргаж чадаагүй байна. Харин хожим “ Гахц Чүн Жэн-ий хоёрдугаар он буюу нийтийн тооллын 1629 оны 5 дугаар сарын шинэтгэл өдөр нар хиртсэнд “Их хуульт бичиг”-ийн доторхи нар хиртэлтийн ботийг гарган зарлигаар барлуулан хэвлүүлжээ. Барламал дэвтэр зөвхөн энэ тухай ажгуу” гэж тэмдэглэсэн байдаг. “Их хуульт бичиг” дэх Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы барламал дэвтэр  ер нь байгаагүйг үүнээс мэдэж болно.

“Дөрвөн хөмрөгийн бүрэн номын ерөнхий гарцаг” судрын тэмдэглэлд өгүүлснээр Мин улсын Ши Зунгийн үед / 1621 – 1628 он / “Юн Ле-гийн нэрэмжит их хуульт бичиг”-ийн уг эхийг үндэслэн гол дэвтэр, дэд дэвтэр хэмээн хувааж  хоёр хувь хуулаад нийт гурван хувь болгон үйлджээ. Дэд дэвтрийг улсын судар хадгалах газарт хурааж, гол дэвтрийг Нанжинд хүргэж хадгалжээ. Харамсалтай нь уг хоёр хувь нь Мин улсын сүүлчээр дайн дажны хөлд сүйдсэн байна. Ийнхүү Чин улсын  /1616-1911он / эхэн үе болж ирэхэд мөнөөх судар бичиг ганцхан хувь үлдсэн бололтой гэж ихэнх судлаачид үздэг байна. Арван тавтын гэгдэх “Монголын нууц товчоон”-ыг дотроо багтаасан “Юн Ле-гийн нэрэмжит их хуульт бичиг” -ийг Тэнгэр тэтгэгчийн үе /1736-1796 он/ хүртэл зөвхөн хааны зөвшөөрөл зарлигаар хуулж хадгалдаг байснаа аажмаар эрдэмтэн мэргэд хувь хувиараа хуулбарлан хадгалдаг болсон нь уг эрхэм чухаг судар бичиг түгэн тархахын эхлэл болсон байна. Сайшаал Ерөөлтийн онуудад / 1796-1821он / түүхэн тэмдэглэл, судар бичигсийг өргөн хэмжээгээр хуулбарлан барлах болсны дотор Юань улсын “Хенаны ойллого”, “Их Юаний агтын бодлогын тэмдэглэл” зэрэг судруудыг хэвлэн тараасан байна. Тэнгэр тэтгэгч, Сайшаал Ерөөлтийн үед Чян Дасин нэрт судар бичгийн эрдэмтэнд нэгэн дэвтэр иж бүрэн Арван тавтын “Монголын нууц товчоон” хадгалагдаж байсан гэсэн түүхийн мэдээ сэлт байдаг ажээ. Чян Дасин Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы уг эхээ ашиглан “Юаны түүх урлагийн номын гарцгийн нөхвөр” гэдэг ойллого бичгийг 1800 онд туурвин гаргажээ.

“Их хуульт бичиг”-т орсон “Монголын нууц товчоон” чухамдаа хэзээ гээгдэж үрэгдсэн хийгээд эсвэл гадаад оронд дамжин гарсан уу гэх зэрэг олон  асуултад одоо нэг мөр хариу өгөх бололцоо огт байхгүй юм. Дээрхи Чян Дасин нэртийн хадгалж байсан иж бүрэн Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы эх дэвтрээс Бао Тинбүе /Бао гэх нь боржгид овгийг заана/ гэгч нэгэн  хувь хуулан аваад Сайшаал Ерөөлтийн аравдугаар онд / 1805 он/ дутуу үсгүүдийг нөхөн гүйцээжээ. Уг хуулбар дэвтэр манжийн хаан болон хатны гарт хадгалагдаж байснаа Бүрэн засагчийн арваннэгдүгээр онд /1872 он/ Бээжинд сууж асан Оросын хамба лам Фалалдий Габров түүнийг худалдан авсан гэсэн мэдээ байдаг ажээ. Хожим 1933  онд Францын эрдэмтэн Феллио Бао Тинбүе-гийн хуулсан дэвтрийн фото эхийг Бээжингийн номын санд бэлэглэжээ.1962 онд Зөвлөлтийн Дорно дахины түүхэн дурсгалын хэвлэлийн газар мөнхүү “Монголын нууц товчоон”-ы эх дэвтрийг гэрэл зургаар татан  хэвлүүлсэн түүхтэй. Хожим эх дэвтрээс нь хуулбарласан хэд хэдэн эх энд тэнд байгаа гэсэн мэдээ сэлт олон гарсан агаад Жяннан болон Жянсугийн номын сангуудад тус бүр нэг нэг хуулбар дэвтэр байгаа гэнэ. Мөн Шанхайн номын сан, Тайванийн Тайзун хотын хуучин номын эх хадгалах газарт бас нэг нэг хуулбар эх байгаа юм байна.

Түгээмэл Элбэгтийн үеийн нэрт хуучны ном хадгалагч Лю Жя янд  гараар хуулсан бас нэгэн  эх дэвтэр хадгалагдаж байсныг хожим нь  тодруулбал 1907 оны алдад мөнөөх Лю овогтын хүү Шү Фэн гэгч бусад бүх хуучны үнэтэй цайтай ном дэвтрүүдийн хамт Японы Соёлын санд худалдсан гэдэг мэдээ бий гэнэ. Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы бас нэгэн сайн хадгалсан хуулбар эх дэвтэр Жянсугийн Гуанлин гэх газрын хуучны ном хадгалагч нэгэн эрдэмтэнд байсан бөгөөд түүнийг Түгээмэл Элбэгтийн долдугаар онд /1857 он/ Жяннаны цэргийн хүрээний дэслэн уншигч сайд Вэн Туншү гэгч худалдан авсан ажээ. Уг хуулбар нийт дөрвөн дэвтэр, дан хөвөөт улаан хүрээтэй, хуудасны завсар бүрт “Юаньчао биши” гэсэн дөрвөн үсэгтэй, тал хуудас болгондоо 10 мөртэй, мөр бүхэндээ гучаад үсэгтэй байжээ. Уг дэвтрийн нүүрний дотор талд “…Тус ном үнэнийг олсон хэмээн олонтоо сайшаавай. Нийгэм даяар уламжилсан дэвтэр маш чухаг. Бивээр Гуанлингийн ном хадгалагч эрдэмтнээс энэхүү шилдэг хуулбарыг худалдан авав. Тус ном хэмээгч дотоод ордоноо байхгүй. Рүан Вэнда эн тэргүүн дотогш дэвшүүлэв. Ийнхүү Вэн да-гийн агуулгын товчийн үгийг гараар бичин ботийн тэргүүнээ хадан үе улиран хадгалму. Цэргийн хүрээнээ хүмүүсийг цочоом нууц бичиг үл баймой хэмээн битгий өгүүлэгтүн. Ван Туншү” хэмээн бичиж хадсан ажээ.

Чин гүрний Тэнгэр тэтгэгчийн үеийн бичгийн мэргэдийн хүрээлэнгийн тохиолдуулан найруулагч Бүүмин бол түүхэн үүднээс “Монголын нууц товчоон”-ыг анхлан судалсан монгол эрдэмтэн юм. Түүний өргөсөн нэр нь Шижээ. Цол нь шицай гэдэг байжээ. Боржгид овогтон. Манжийн Хөвөөт хөх хошууны хүн. Өвөг эцэг Шомбо нь Чин улсын эхний үеийн их түшмэл. Энх-Амгалангийн дөчин тавдугаар оноос /1706 он/ дөчин наймдугаар он хүртэл Жяннан, Жянсигийн бүгдийг захирагч сайдын тушаалыг хашиж байжээ. Бүүмин сурвалжит гэр бүлд төрж өсөөд, үлэмжийг сурч олныг үзээд, ялангуяа түүх, уран зохиол, бичиг зураг, урлагт шимтэн урамшиж, монгол, хятад, манж, түвд хэлэнд цагаашраад орчуулгандаа онцгойрчээ.

Японы эрдэмтэн Кобояши Такеширо “Монголын нууц товчооны түүхийн судлал” гэдэг бүтээлдээ “МНТ”-г анхлан судалсан монгол эрдэмтдийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэрээр эн тэргүүнд 1939 онд Хаттори Широ-той  “Монгол хэл дээрх Юань гүрний нууц түүх” номын нэгдүгээр ботийг хамтран туурвисан Хо. Дугаржавын нэрийг дурдаад дараа нь Бөххишиг, Хишигбат, Алтан-Очир нарын нэрийг тоочсон байна. Эд цөм өвөрлөгчдийн эрдэмтэн судлаачид бөгөөд хятад үсгээр галигласан нууц товчоог анх монголчилсон эрдэмтэд юм. Тэд орчуулга бүтээлүүдээ гол төлөв 1939-1942 онуудад туурвисан байна. Зөвлөлтийн эрдэмтэн Л.С.Пучковский 1957 онд “Дорно дахины судлалын хүрээлэн дэх Монгол, Буриад монгол, жич Ойрадын гар хуулбар ба барлалууд” гэдэг бүтээлдээ Зөвлөлтийн ШУА-ийн номын хадгаламжийн хөмрөгт Хөлөн буйрын Цэнд гүнгийн нууц товчооны монгол хэлний эх орчуулга байгааг анх мэдээлсэн юм.

Үнэндээ дээрх эрдэмтдээс бүр хоёр зуугаад жилийн өмнө “Монголын нууц товчоон”-ыг үзэж судалж орчуулах ажилд хүчин зүтгэсэн эрдэмтэн бол Бүүмин болно. Тэрбээр Тэнгэр тэтгэгчийн арван хоёрдугаар оноос /1747 он / эхлэн бичгийн мэргэдийн хүрээлэнгийн тохиолдуулан найруулагч, босох суухыг тэмдэглэх түшмэл, цэргийн журганы туслагч түшмэл, Харцсын чогдны сургагч зэрэг алба хашиж явжээ. “Дөрвөн мацгийн барилдлага” гэдэг гурван боть туурвил нь түүний тэмдэглэлийн зохионгуй мөн. Уг зохионгуйн тэргүүн ботид “Монголын нууц товчоон”-д холбогдох гурван зүйлийн тэмдэглэл оржээ.

1.Ляо улс Алтан улсын нэр. Ляо болбаасу кидан, Алтан улс болбаасу зүрч. Киданы уул нэр нь хятад, Зүрчи бөгөөсү зүрчин. Зүрчидээс олонтоо улиран ирэв. Түүний уг авиа зүрчид бөлгөө. Юаний нууц түүхийн монгол бичиг дор үзтүгэй. Эдүгээ монголчууд мөн үүгээр дуудаж баймой.

2.Баруун Ся улс, Юаний  нууц түүхэнд баруун Ся улсыг Тангу хэмээн нэрийдэж баймой. Түвдийг Тангад хэмээгээд уджухуй. Тэгэхдээ гагц бичиг тэмдэглэл дор эс үзэгдсэн ажгуу.

3.Юань улсын овог, Юань улсын судар дор хааны овгийг хиан хэмээн нэрлэжүхүй. Нууц түүхэнд Бодонцарыг тусгаар боржгидай овогтон болов хэмээн тэмдэглэжүхүй. Энэ хэмээгч Дундад улсын овгийн ялгаа дор адил. Эл монгол бүгд хэдэн арван төрөлтөн цөмөөр хиад ястнаас гарав. Хаан ану тусгаар боржигдай овогтон болоод түүнээс ялгавай. Боржигдай хэмээгч  түүний урьдасын нэр ажгуу. Монгол ану нэр юугаан үл цээрлэн удсан бөлгөө. Эдүгээ Монголын уг удам цөмөөр боржгид. Боржигдай ястан ану хиад болой гэжээ.

Дээрх тэмдэглэл бол Бүүмин Арван тавтын “Монголын нууц товчоон”-ы эх дэвтрийг үзэж уншиж судалжээ гэдгийг барин тавин гэрчилж байгаа юм. ”Дөрвөн мацгийн барилдлага” гэдэг зохионгуйг Бүүмин нэгэн цагт бичиж төгсгөсөн бүтээл биш ажээ. Зохиогч номынхоо оршилд “Өдрийн удаанд эвхмэл болгон, умартахаас болгоомжилж тэмдэглэн үлдээв” гэж бичжээ. “МНТ” судлалын түүхэнд Арван хоёртын ”МНТ”, Арван тавтын “МНТ” гэсэн хоёр зүйлийн эх дэвтэр байсан бололтой. Гэтэл үзсэн судалсан эрдэмтэд чухам аль эх дэвтрийг ашигласан болохыг үнэндээ тогтоох аргагүй гэлцдэг байна. Мөн Бүүмингийн зохионгуйн оршилд “Юаний нууц түүхийн монгол бичиг дор үзтүгэй” гэсэн тэмдэглэл онц анхаарал татаж байна. Энэ бол шуудхан хэлэхэд “МНТ”-ны Монгол бичвэр эх дэвтэр байжээ гэсэнтэй утга нэг баримт болно.

Бүүмин тухайн цагтаа “МНТ”-г барьж түүхэн туурвилуудыг хянан шинжилсэн нь олон зүйлээр батлагдсан бөгөөд тэрээр бас  Тэнгэр тэтгэгчийн үед монгол, хятад хоёр зүйлийн бичгээр хавсаргасан “Монголын үе залгамжийн туурь”-ийг хуулан үлдээжээ. Уг судрыг зохиогчийн нэр тодорхой биш. Халхаас уламжлан ирэв. “Эрдэний товч”-той эс зөрнө. Гахц 12 хүчирхэг хааны  тухай тодорхой тэмдэглэл оруулсан байна. Бүүмин үүнийг хасч товчлоод нийт таван боть болгон найруулжээ. “Монголын үе залгамжийн туурь”-д монгол үндэстний үүсэл гарлын тухай өгүүлэхдээ Юань гүрний үеийн Пагва ламын үзэл баримтлалыг үндэс болгож монголчуудын өвөг дээдэс нь Жагар, Төвөдөөс эхтэй гэж тэмдэглэсэн байна.

Энэчлэн Монголын түүхийг туурвин бичигч олон үеийн эрдэмтэд түүний бичиж үлдээсэн “Дөрвөн мацгийн барилдлага”, хуулж үлдээсэн “Монголын үе залгамжийн туурь” зэргээс ямагт иш татсаар ирсэн бөгөөд уг туурийг дундад иргэн улсын хорин наймдугаар онд  / 1939 он / Хятадын алдарт түүхч эрдэмтэн Дэн Хэчэн Бүүмингийн хуулбарыг үндэслэн хорголжин бараар хэвлүүлж олон бүгдийн хүртээл болгожээ. Эцэст нь тэмдэглэхэд Монголын түүхийн судлалд онц холбогдол бүхий дээр нэр дурдсан хийгээд эс дурдсан бүтээл туурвилуудыг эрж олж, уншиж судлах, олон бүгдийн хүртээл болгох буянтай үйлсэд эрдэм судлалынхан хүчин чармайлт тавиасаа билээ гэж хэлмээр санагдаж байгаагаа нуугаад яах билээ.

Ц.Сүрэнжав

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: