Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ш.Чулуунбор: Багшийн алдаа шавь нараас нь харагддаг


Ш.Чулуунбор багш дөчин таван жилийн тэртээд идэрхэн хорин нэгэн настайдаа УБДС-ийг монгол хэл уран зохиолын багш мэргэжлээр онц дүнтэй төгсчээ. Хорин гуравтайдаа Сүхбаатар аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны Зохион зааварлах хэлтсийн орлогч болж улмаар хэлтсийн дарга, Соёлын хэлтсийн даргаар таван жил ажилласан гэдэг. Тэгээд өөрийн хүсэлтээр даргын албан тушаалаас татгалзаж Баруун-Уртын арван жилийн дунд сургуульд багш, хичээлийн эрхлэгч, “Тэмүүлэл” цогцолбор сургуулийн захирлаар гучаад жил ажиллажээ. Сүүлийн үед төрөлх монгол бичгээ хүүхэд залуу үедээ зааж сургаж өвлүүлэх, сэргээхэд ихээхэн санаа тавьж, бас ч багагүй зүйл хийж бүтээсэн байна. “Хүмүүн бичиг” сониноос  зарладаг “Сайхан монгол бичигтэн” уралдаан, “Монгол бичиг” улсын олимпиадад удаа дараа оролцож медаль хүртэж байжээ. Үнэнч шударгыг эрхэмлэдэг  тэрбээр шударга бус зүйл зарим газарт байгаад эмзэглэдэг, түмний хүүхдийг эрдэм номд сургадаг багшийн оюуны хөдөлмөр үнэлэмж муутайд нь бяцхан гунигладаг. Ардын дуу, үндэсний хөгжим сонсож, ном цуглуулж, унших хоббитой,  “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж хэлэх дуртай нэгэн.

Ш.Чулуунбор багш “Багшийн харилцааны  эв дүй” гэсэн нэгэн сонирхолтой номыг 2004 онд хэвлүүлжээ. Уг номны өмнөтгөл үгэнд Монгол Улсын Ардын багш, шинжлэх ухааны доктор, профессор Ш.Шагдар “Монгол Улсын 195 дахь гавьяат багш Ш.Чулуунборын бичсэн энэ ном Сүхбаатар аймгийн бага дунд сургуулийн  багш, сурагчдын харилцаанд тохиолдсон эзэнтэй, бодит баримтыг агуулсан сонин сайхан ном болжээ. Ганцхан жишээ хэлэхэд, миний таних Дүрэнгийн Магсар гэж олон жил ажилласан монгол хэлний сайн багш байлаа. Түүний төрийн шагналт зохиолч О.Дашбалбарыг Дарьганга сумын дунд сургуулийн сурагч ахуйд нь “Үгээ ч бүтэн хэлж чадахгүй шулга байж чиний шүлэг бичих ч гэж дээ” гэж зэмлэж байсандаа харамсаж шавиасаа уучлал гуйх юмсан   гэж бодож явдгаа ярьсан дурсамж оржээ. Багш хүн Магсар шиг  алдаж болдог, алдсандаа  сэтгэл зовж, гэмшиж явдаг, нөхөддөө үнэнээ нэрэлхэлгүй хэлж ярьж сэтгэлээ тайвшруулж чаддаг байх бас сайхан. Үүнийг уншсан хүн эрхбиш нэгийг бодно” гэж бичжээ. “Багшийн харилцааны эв дүй” номонд багшийн ажлын алдаа оноо, баяр баясгалан, сэтгэлийн эмзэглэл, шаналал гэмшил зэрэг сэтгэл зүйн харилцааны  нарийн нандин зүйлийг энгийн бөгөөд сургамжтайгаар  үзүүлсэн байна. Тэгээд ч зохиогч “Аливаа ил өнгөний гэм согог гэрэлтэйд  сайн харагддаг бол сурган хүмүүжүүлэх ажлын  алдаа, учруулсан үр дагавар  туссан сүүдрээс илүү мэдрэгддэг. Иймд багшийн  харилцаа, үйл ажиллагааны сайн муу үр дүнг уран зохиол, амьдралын баримтаас олж мэдрүүлэхийг хичээв” гэж  номынхоо зорилго болоод онцлогийг дурдсан байдаг.

Монгол Улсын гавьяат багш цолыг 2002 онд хүртсэн тэрбээр өндөр насны тэтгэвэртээ гарсан ч зүгээр суусангүй, өөрийн сонирхолтой, дуртай ажил болох бичиг цаастайгаа  зууралдаж  цагийг  өнгөрөөдөг байна.  Гавьяат багштай уулзаж цөөн хором ярилцлаа.

-“Багшийн харилцааны эв дүй” номоо бичих санааг та хэрхэн яаж олов?

-Сургууль, хүүхдийн дунд ажилласан он жилүүд маань уг номыг бичихэд хүргэсэн гэх үү дээ. Хүүхдийг сургах нь улс хоорондын болоод хүмүүс дундын харилцаатай холбоотой. Багш сурагчид харилцан бие биеэ ойлголцож чадахгүй бол  сургалт олигтой үр дүнд хүрэхгүй. Манай ард түмэн багшийг их хүндэтгэж хайрладаг. Багшийн алдаа оноо, буруу зөрүү зүйлийг нүүрэн дээр нь ил хэлж шүүмжлээд байдаггүй, мөн энэ талаар бичсэн ном зохиол ч ховор цөөн байдаг. Багш хүн  бусадтай адилхан алдаа оноотой, сайнтай муутай. Харин бусад мэргэжлийн хүмүүс алдаа оноогоо засах нь амархаан. Багшийн алдаа хор хөнөөл ихтэй, хэдэн үеэр дамжин тусах магадлалтай. Тиймээс сурган хүмүүжүүлэх ажлын  алдаа, учруулсан үр дагавар  туссан сүүдрээс илүү мэдрэгддэг гэдэг маань хүмүүжүүлсэн шавь нараас нь харагддаг гэсэн санааг л хэлэх гэсэн юм. Иймд багшийн алдаа оноог хүүхдийн дүгнэлт, тэр талаар уран зохиолд юу гэж бичсэн байдгийг харьцуулан өөрсдөд нь ухааруулан ойлгуулах үүднээс энэ номоо бичсэн юм.

-Гавьяат багш маань  насны тэтгэвэртээ гараад  хэдэн жил болж байна. Гэр зуураа ямар ажил төрөл эрхэлж байна даа?

-Би сургууль төгсөөд Баруун-Урт сумын хоёр сургуульд ажиллаж  насны ихэнхийг өнгөрөөсөн хүн дээ. Сургуулийн орчин миний амьдралын утга учир, баяр баясал маань болж байлаа. Өнгөрсөн жилийн 6 дугаар сараас хойш насны тэтгэвэртээ гарч гэр зуураа л байна даа. Тэгэхдээ зүгээр суусангүй ээ. Хүүхдийн зохиолч агсан Н.Доржцэрэнгийн маань “Чөлөөнд гарсан багш чөлөө зав муутай.  Сурсан зангаа гээлгүй сургууль руугаа гүйгээстэй” гэсэн шүлгийн мөр байдаг. Тэр ёсоор  хоёр сургууль руугаа гүйж очно оо. Сүүлийн үед номын сан, архивын сан хөмрөгийг онгичиж нэлээд суулаа.  Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулж аймгийнхаа ахмад дайчдын дурдатгалын ном эмхэтгэж дуусаад байна.

-Та орон нутагт монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх, өсвөр залуу үеийг монгол бичигт сургахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хүний нэг. Монгол бичгийн талаар зарим нэг ном ч хэвлүүлсэн байх аа…?

-Тийм шүү. “Монгол бичгийн заах аргын зарим асуудал” гэсэн ном бичиж хэвлүүлсэн. “Кирил бичигтэнд монгол бичиг заах арга” сэдвээр зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан. Энэ номынхоо үргэлжлэл болгож “ Монгол бичгийн хүнд сэдвийн заах арга” гэсэн ном бичсэн ч хөрөнгө мөнгөний гачаалаас болоод  хэвлүүлж чадаагүй л байна даа.”Хүмүүн бичиг” сонинд зарим нэг мэдээ материал бичиж нийтлүүлдэг л юм. Өнгөрсөн  жил “Гялаан Түдэв хоёр” гэсэн хууч туужаа монгол бичгээр хэвлүүллээ.   

-МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос сонин сэтгүүлийн газруудад хандаж уриалга гаргасан байна лээ. Ер нь монгол бичгийн орчин бүрдүүлэхэд юуг анхаарах ёстой гэж та бодож  байна вэ?
-Нэг үеэ бодвол насанд хүрэгчид болоод хүүхэд багачууд аль аль нь монгол бичгээ гадарладаг, бага сага уншиж, бичиж чаддаг болжээ. Харин монгол бичгийн хэрэглээний орчин сайн бүрдэхгүй байгаагаас болж бүх нийтийн хэрэглээ болж чадахгүй байгаа нь харамсалтай. Төрийн албан хэргийг ойрын үед  монгол бичгээр хөтлөөд эхэлдэггүй юмаа гэхэд ерөнхий боловсролын сургуулийн зарим нэгэн тухайлбал түүх, нийгэм, уран зохиолын  сурах бичгийг,  сонин хэвлэлийн нэг нүүрийг ч болтугай монгол бичгээр хэвлэж албан газрын хаяг лого, тэмдэг зэргийг  монгол бичгээр бичдэг, гаргадаг болмоор байна. Энэ талаар “Хүмүүн бичиг” сонинооос  нийт сонин хэвлэлд хандаж гаргасан уриалгыг сайшаан дэмжиж байна. Монгол бичгийг нийтэд дэлгэрүүлэхэд “Хүмүүн бичиг” сонины оруулж буй хувь нэмрийг үнэлж баршгүй. Уг сонины эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн доктор, Т.Галдангийн зүтгэлийг ч нэмж хэлэх хэрэгтэй болно.

-Та  бас хэд хэдэн номтой  бүтээлч хүн. Чөлөө завандаа ямар бүтээл хийж байна вэ?
-Миний хувьд Баруун-Уртын хоёр сургуульд насаараа ажиллалаа. Иймээс энэ хоёр сургуульд өртэй гэж бодож явдаг. 2008 онд “Тэмүүлэл” цогцолбор сургуулийн арван жилийн ойгоор нь түүхийн номыг нь бүтээж хэвлүүлсэн. Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн түүхийг шинэчлэн бичихээр оролдож сууна. Нийтлэл тэмдэглэлийн болон мэргэжлийн чиглэлийн ганц нэг ном  бичсэн боловч хэвлүүлж уншигчдийн хүртээл болгож чадахгүй л байна.

-Та нэг үе аймгийн Соёлын хэлтсийн даргаар хүртэл ажиллаж байсан. Мөн аймгийнхаа түүх соёлын дурсгалт зүйлийг сонирхон судалдаг хүн. Сүүлийн үед зарим түүх соёлын дурсгалт зүйл устаж үгүй болох, буруу замаар орох явдал орон нутагт гарч байна. Энэ талаар Таны бодол сэтгэгдэл…?
-Аймгийн нутаг дэвсгэрт байдаг түүх соёлын дурсгалт зүйл устаж үгүй болох, буруу замаар орох, булш бунханг ухаж төнхлөө гээд дуулддаг л юм. Юуны өмнө, аймгийн Засаг даргын тамгын газрын  Нийгмийн хөгжлийн хэлтэс орон нутгийн музейтэйгээ хамтран аймгийнхаа нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт зүйлийг нэгбүрчлэн бүртгэж, тоолж баталгаажуулан эзэнтэй болгож улс, аймаг, сумын хамгаалалтад авах нь зүйн хэрэг. Нутгийн гаралтай эрдэмтэн мэргэдтэйгээ хамтран түүх соёлын дурсгалт зүйлийн танилцуулга, зурагт альбом хийж нийтийн үзмэр болгох хэрэгтэй санагдана. Үнэндээ манай аймагт  хосгүй үнэт тийм тийм дурсгалт зүйл байдаг гэдгийг өсвөр залуу үеийнхэн болоод ард иргэд ч сайн мэдэхгүй байгаа шүү дээ.  Дарьгангад галт уулын музей байгуулан, хүрмэн чулуугаар  бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийж болмоор санагдана. Нэг үе галт уулсын хүрмэн чулууг ашиглан барилгын ханын материал хийдэг л байлаа.

-Баруун-Уртын зүүн хаяанд Хайлааст үүдэнд их жанжин Д.Сүхбаатарын ээж Хандын гаргасан худаг гээд бүр хөшөө тэмдэгтэй гар худаг байсан гэдэг. Одоо үгүй болжээ. Сүүлийн үед Ханд ээжийг гаргаагүй  гэдэг яриа ч гарсан. Энэ талаар танд ямар мэдээлэл байна бэ?

-Хайлааст Үүдэнгийн гар худгийг  их жанжин Д.Сүхбаатарын эцэг Дамдингийн худаг, Ханд ээжийн худаг гэж ярьдаг л юм. Жараад оны сүүлчээр уг худгийг засварлаж дэргэд нь “Хандын худаг” гэсэн бичиг бүхий цементэн пайлуур босгосон юм даг. Хайлаас мод бүхий сайхан аманд тэр худгийг хэдэн онд хэн гээч гаргасан болох нь тодорхойгүй. Олон үеийн туршид айл нутаглаж байгаа газар. Юутай ч цагаан дээлт Дамдин, Ханд хоёр энэ нутагт аж төрж, тэр худгаас ундаалж байгаад хүрээ орохоор оргож  гарсан нь үнэн юм.

Г.Сүхээ

МонЦа Мэ-гийн мэдээ Гого дот ком сайтаас авлаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: