Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Н.Ганбямба: Монгол үндэстэн гэдгээ тодорхойлоогүй учраас Африк шиг үндэстний төргүй, хүн нь үнэгүй байна


Монголчууд бид өнөөдөр Монгол үндэстэн гэж хэн бэ цаашлаад монгол хүн гэж хэн бэ гэдгээ тодорхойлж чадаагүй байна. Хэнийг Монгол хүн гэх, Монголын төр хэний эрх ашиг, хэний аз жаргал, сайн сайхны төлөө гэдгээ тодотгож чадалгүйгээр хууль, дүрэм, тогтоол шийдвэр гаргасаар, үүнтэй холбоотой  олон ээдрээтэй асуудлуудтай тулгарсаар байгаа билээ. Эдгээрийг шийдвэрлэхгүйгээр Монгол үндэстэн, монгол хүн гэж хэнийг хэлэх нь улам л ээдрээтэй болно. УИХ-ын гишүүн Н.Ганбямба энэ сэдвээр байр сууриа илэрхийллээ.

– Өнөөдөр Монгол улсын өмнө олон асуудал тулгараад байгаагийн дотор үндэстний асуудал нэлээд анхаарал татах боллоо, энэ талаар та өөрийн санал бодлоо бидэнтэй хуваалцахгүй юу?
Бидний өмнө тулгарч буй хамгийн гол асуудал бол яах аргагүй Монгол үндэстний асуудал. Өнөөдрийг хүртэл Монгол үндэстэн гэж хэнийг хэлэх вэ гэдэг тодорхойгүй л байна. Монгол үндэстнээ тодорхойлоогүй учраас хэний төлөө Монголын төр ажиллах юм, хэний эрх ашгийг хамгаалах юм гэдэг нь мэдэгдэхгүй байна шүү дээ. Аливаа ажил шат дараатайгаар явагддаг. Тэгэхээр нэгэнт үндэстэн тодорхойгүй учир түүн дээр суурилах олон ажил саатна, бүтэлгүйтнэ, цаашлаад төр эзгүйднэ гэсэн үг.  Бид Монгол үндэстэн гэдгээ эхлээд тодорхойлчихоод, дараа нь Монгол үндэстнийг тунхагласан конституцаа батлаад, тэгээд үндэстний төр буюу nation state-ээ байгуулах ёстой юм.  Үндэстнээ тодорхойлоогүй байж монгол хүн, цаашлаад Монгол улс гэж ярих боломжгүй. Үндэстнийг тодорхойлохдоо соёл, хүсэл, хэл, уламжлал, гарал угсаа, шашин зэрэг дээр үндэслэдэг. Мөн үндэстэн бүр өөр өөрийн онцлогтойгоор үндэстнээ тодорхойлсон байдаг, зарим нь шашнаараа нэгдсэн байхад зарим нь сонирхол, үнэт зүйлсээрээ эсвэл гарал үүслээрээ гэх мэт. Тэгэхээр бид өөрсдийн онцлогт тохируулан даруй монгол үндэстэн гэж хэн бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Монголчууд монгол хэлээрээ юу, нэг газар нутагт сууршиж байгаагаараа юу, эсвэл зан заншил, түүх, үнэтүүдээрээ үндэстнээ тодорхойлох юмуу гэдгийг гаргаж ирээд, чухам юу Монголыг нэгдсэн үндэстэн болгож чадах вэ гэдгийг урьдаар тодорхойлох нь чухал. Монгол үндэстнээ гаргаж ирээгүй цагт бид жирийн л нэг этно-группууд хэвээр үлдэнэ. Харин этно-группт төр гэж байдаггүй юм. Жишээлбэл Африкийн орнууд олон этно-группуудээ нэгтгэж нэг үндэстэн болж чадаагүй учраас үндэстний төргүй, хүн нь үнэгүй, өлсгөлөн ядуурлын байдалтай байна.

–  Яагаад бид өнөөг хүртэл нэг үндэстэн болж чадахгүй байна вэ?
– Монголчууд яагаад нэг үндэстэн болж чадахгүй байна вэ гэвэл бидэнд нэгдсэн идэнтити алга. Ийм байдалтай болоход хэд хэдэн зүйл нөлөөлсөн л дөө. Зарим нь Их Монгол улсын цэрэг, аж ахуйн зохион байгуулалтаас, зарим нь Манжийн монголчуудыг дотор нь хагалан бутаргах гэсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй. Хамгийн ойрынх гэвэл коммунист идеологийг хэрэгжүүлэх таатай орчныг бүрдүүлэх зорилготойгоор өнөөдрийн бидний ястан гэж нэрлээд байгаа этно-группуудыг гаргаж авчирсан. Ингээд бид нэгдсэн үндэстэн болох бололцоогүй болсон. Одоо бид ийм зохиомол зүйлсэд итгээд,  угаасаа ийм ялгаатай мэт ялгараад л явж байна шүү дээ. Жишээлбэл, монгол улсын дийлэнхийг Халх үндэстэн бүрдүүлдэг гэдэг. Тэгвэл энэ “халх” гэсэн нэр хаанаас хэрхэн гарч ирсэн бэ гэхээр, дэлхийн газар зүйн нэр томъёонд “монголын их говь” гэсэн нэрлэгээ байдаг. Энэ Монголын их говийн араар нь халхлагдаж байдаг хүмүүсийг халхууд, урд хэсгийг нь өвөрмонголчууд гэж нэрлэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл ар, өврөөр ялгасан нь газарзүйн байршлын ялгаа юм. Хэрвээ Халхыг үндэстэн гэж хэлбэл 200, 300-хан жилийн түүхтэй Манжийн колончлолын үед үүссэн идэнтитиг бататгана. Мөн энэ 800 жилээс өмнөх эзэн Чингисийн бүтээсэн Их Монголын түүх, өвийг ярих хэрэггүй болно. Хэрвээ өнөөдрийн монгол улсад халх үндэстэн гэж байвал монгол гэдэгт тодорхойлолт тавих хэрэгтэй болж байна, Халх Монгол ч гэдэг юмуу.

– Бид нэг хэлээр ярьж, нэг хил хязгаарт харъяалагддаг. Үүгээрээ бид нэг үндэстэн биш гэж үү?
– Үндэстний асуудлыг шийдвэрлэхэд олон ээдрээтэй зүйл бий. Зөвхөн биднээс гадна Хятадад Өвөрмонголчууд, мөн эртний Кидан улсын үр удам Хятад болон Зүүн Өмнөд Азиар дүүрэн бий, Афганистанд Хазарууд, Иран, Афганистан, Туркменистанд  Аймаг монголчууд Оросод Буриад, Халимаг, Тува, Иран, Энэтхэг, Пакистанд Могулууд гэх мэт дэлхий даяар олон сая монголчууд амьдарч байна. Тэдний ихэнх нь монгол хэлээр ярьдаггүй, энэ газар нутаг дээр амьдардаггүй ч бидэнтэй гарал угсаа нэгтэй, адилхан л монголчууд шүү дээ. Би монгол гаралтай, Чингис хааны үр сад гээд л сууж байна. Тэднийг монгол биш гэж хэлэх эрх бидэнд байхгүй. Тэгэхээр зөвхөн энэ нутагт амьдарч буй монголчуудыг л монгол үндэстэн гэх нь учир дутагдалтай. Монгол үндэстнийг тодорхойлно гэдэг глобал асуудал гэдэг нь эндээс тод харагдана. Үүнийг хайхрахгүйгээр Монголын төр гэж байна гэдэг бол үүргээ үл ухамсарласан хэрэг болно. Жишээлбэл хятадууд бүх дэлхийд тархан суусан хятадуудыг  ямар ч улсад суусан бай амьдрах эрхийг нь хамгаалдаг. Орос ч ялгаагүй. Монголын төр  ч гэсэн ийм хариуцлагаа хүлээх л ёстой.

– Тэгвэл монгол үндэстнийг тодорхойлоход монгол хэл ямар үүрэг гүйцэтгэх вэ?
– Үндэстнийг тодорхойлоход хэл, соёл, түүх, шашин, угсаа гарал чухал үүрэгтэй гэж өмнө хэлсэн.  Хэлний тухайд гэвэл бид дотроо олон аялгаар ярьдаг. Тэгэхээр монгол хэл гэж чухам аль нутгийн аялгыг хэлэх вэ? Өвөрмонголчуудын яриад байгаа нь уу?, Буриадуудынх уу?, Халхынх уу? гэсэн асуултууд гарч ирж байгаа юм. Мөн Монгол улсын иргэдийн тодорхой хэсэг нь казак хэлээр ч ярьдаг шүү дээ. Үүнээс гадна монгол хэлээр ярьдаггүй ч би монгол хүн гээд монгол нутагтаа очихыг мөрөөдөөд сууж байгаа олон сая хүн гадаадад байна. Хэрэв монгол үндэстнийг хэлээр тодорхойлно гэвэл монгол хэлийг нийт монголчуудын ярьж байгаа үгсийн сангаар тодорхойлох ёстой. Монголд Халх аялга төв аялга байдаг бол Өвөрмонголд Цахар, Зүүнгарын Монголчуудад Торгууд, Халимагт Торгууд аялга төв аялга байдаг ба эдгээрээр л үгсийн сангаа тогтоодог. Ингэснээр Монгол хэл ядуурч, нэгдсэн соёл үүсэх боломжгүй болсон. Энэ бол бид өөрсдөө хүссэн зүйл биш.

– Эндээс харахад хэлний асуудал нэлээд ярвигтай гэдэг нь харагдаж байна даа?
– Хэлээр Монгол үндэстнийг тодорхойлно гэдэг одоохондоо асуудалтай байна. Нутаг нутгийн аялга өөр, яг тэрийг барина гэхэд хэцүү. Өнөөдрийн хувьд Халх аялгыг төв аялга болгоод явж байна, гэхдээ хамгийн гол нь монгол хэлний үгийн сангийн асуудал байгаа юм. Нийт монголчуудын хэрэглэж байгаа үгсээр монгол хэлний үгийн санг тодорхойлох хэрэгтэй. Мөн харийн нутагт суурьшсан монголчууд монгол хэлээ сэргээх асуудал ч гарч ирнэ. Ингээд бодохоор өнөөдөр Монгол гэсэн нэрээ тээж яваа монголчууд бидний хувьд ч, мөн цар хүрээгээ тэлж хилээс гаднах Монголчуудыг тооцсон ч  монгол хэлийг аль аль талаас нь маш анхаарч авч үзэх хэрэгтэй байгаа юм. Ямар ч байсан монгол хэл бол Монгол үндэстний бүтээсэн соёлын үнэт өв бөгөөд Монгол үндэстний албан ёсны хэл. Цаашдаа ч Монгол үндэстнийг тодорхойлогч хүчин зүйл хэвээрээ байна.  Ямарваа нэг улс оршин тогтнож өөрийн байр сууриа илэрхийлэхийн тулд гурван зүйл зайлшгүй шаардагддаг. Үүнд, ард түмэн, газар нутаг, мөн тэдгээрийн идэнтити. Энэ идэнтитигээ тодорхойлж чадаагүй цагт бид монгол хүн гэж хэн бэ, монгол хүний хүсэл эрмэлзэл ямар байх вэ, ямар амьдралыг монголчууд бид эрэлхийлэх вэ гэдгийг тодорхойлох боломжгүй. Тиймээс аливаа улс өөрийн төрийг байгуулаад, түүнчлэн конституцаа гаргахад нэн зайлшгүй зүйл бол яах аргагүй үндэстнээ гаргаж ирэх. Монгол үндэстнийг гаргаж ирэхийн тулд 800 жилийн түүхийг сөхөхөөс өөр аргагүй. Энэ 800 жилд монголчууд уруудаж, өгсөж олон замыг туулсан. Чингис хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрэн хүн төрөлхтөнд урьд өмнө байгаагүй хамгийн том дэлхийн засаглалын тогтолцоо байсан. Монгол үндэстний үүсгэн байгуулсан дэлхийн засаглалын тогтолцоо 13-р зуунаас нурж эхэлсэн тэр цаг мөчөөс Монгол хүн гэж өөрийгөө нэрлэсэн хүн бүхэн аллага, гадуурхал гэх мэт хүн төрөлхтөнд байж болмооргүй аймшигт учирсныг мэдэж, ойлгох хэрэгтэй. Монгол гэдэг нэрнээс салахын тулд шашнаа, нэрээ өөрчлөн цаашлаад амьдарч буй тухайн үндэстэндээ уусаж үе удам дамжсаар арьс өнгө, нүүр царай нь ч өөрчлөгдсөн. Ингэлээ гээд харь үндэстэн бас л та нар Монгол шүү гэдгийг өнөөдрийг хүртэл хэлсээр байгаа нь арьс өнгө, хэл, шашин, харъяаллаа өөрчлөх арга зам тэдний сэтгэл дэх Монгол гэдгийг өөрчилж чадаагүйг харуулж байна. Үүнээс их олон асуудал үүсч байгаа.

– Бид олон зуун жилийн өмнөөс өөрийн гэсэн зан заншлаа хадгалж үүгээрээ нэг үндэстний онцлох шинж чанарыг гаргаж ирсэн, тэгэхээр зан заншлаа чиг болговол ямар вэ?
– Зан заншил гэдгээр эхлээд юу дурдаад байгаагаа тодотгох нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Тухайн ард түмний туулсан түүх, амьдарч ирсэн хэв маяг, онцлог нь зан заншилд шингэсэн байдаг. Манай зан заншлын хувьд бас л хэлтэй адил дүр төрх харагдаад байгаа юм. Хүн амьдарч буй орчиндоо зохицсон амьдралын хэв маягтай байдаг. Гэтэл монголын нутаг говь, хангай, хээрийн бүсүүдэд хуваагддаг. Тэгэхээр говийн хүн, хангайн хүн хоёрын амьдрах хэв маяг, зан заншил нэлээд ялгаатай байх жишээтэй. Мөн олон угсаатан, ястанд хуваагдсан, тэдгээр нь хурим найр хийх, оршуулга, идээ ундаагаа боловсруулах зэрэгтээ бага гэлтгүй зан заншлаараа ялгардаг. Уг нь энэ ястан, угсаатны асуудал чинь тийм ч ялгараад байхаар бодитой зүйл биш шүү дээ.

– Тэгвэл бид юунаас болоод олон ястан, угсаатан болоод хуваагдчихаад байгаа юм бэ?
– Энэ дөрвөд, дархад, торгууд, үзэмчин, захчин, өөлд, мянгад гэх мэтээр хуваагдаад байгаа нь 13 зууны үеийн хишигтний зохион байгуулалт, мөн Манжийн үеийн хагалан бутаргах үйл ажиллагаа болон социалист идеологийг гаргаж авчрах гэсэн үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж түрүүн хэлсэн. Тэрнээс биш бид үнэхээр гарал угсаа өөр юм биш, ингэж зохиомлоор хуваагдаад хөлөө жийлцэж суух нь утгагүй хэрэг. Яагаад ингэж ярьж байна гэхээр 13-р зууны үед торгон цэргийн үүрэг гүйцэтгэж байсан хэсэг хүмүүсийн үр удам өнөөгийн торгуудууд байх жишээтэй. Мөн Мянгадууд л гэхэд Чингүнжавыг цаазлагдсаны дараа Ховдод очиж амьдрах нутаг гуйсан Хотын хойдууд гэж байгаа юм. Ховдын захиргаанаас та нар 1000 цэргийн насны эр хүнтэй бол энд ирж суурьшиж болно гэсний дагуу эмэгтэйчүүдээ эрэгтэй хүн болгож хувцаслан дээрх тоог гүйцээснээр Ховдод нутаглах болжээ. Ингэж 1000-ын тоог гүйцээсэн учир тэднийг Мянгадууд гэж нэрлэх болсон байгаа юм. Гэтэл өнөөдөр Мянгад бас нэг ястны тоонд ороод явж байна. Иймэрхүү маягаар л хэн нэгний өгсөн хоч, эрхэлсэн ажил болон амьдарч буй газар нутгийн онцлогоосоо болоод ястан болж хуваагдсан байна шүү дээ.

– Нэгэнт бид ястан угсаатан гээд хуваагдчихсан байдаг одоо тэгээд яах вэ?
– Монголын ястан, угсаатны асуудал бүр замбараагаа алдаж байна. Хэрвээ үнэхээр ястан угсаатанд ингэж хуваагдсаныг зүйн хэрэг гэж үзэх юм бол зуун жилийн дараа манай ээж багш, манай аав олигарх байсан гээд багш ястнууд, олигарх ястнууд гараад ирэх юмуу. Тиймээс энэ их ястан, овгийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Тэгээгүй цагт улам л ялгарсаар, тусгаарлагдсаар байж бусдын идэш болно. Угсаатан, ястан болж хуваагдсанаараа хэнд ашигтай гэж, ямар ч байсан монгол үндэстэнд ашиггүй хагарал, хоцрогдлыг л авчирна.  Ястан гэсэн энэ зохиомол зүйл монголчуудыг нэг үндэстэн болоход дөнгө болж байна шүү дээ. Учир нь би халх хүн дөрвөдүүд надад хамаагүй гэх эсвэл би дархад хүн халхууд надад хамаагүй гэх мэтээр хэдэн тийшээ хараад суучихвал хэцүү юм болно. Ер нь ч ийм байдал их байдаг. Мөн дунд сургуулийн сурах бичигт Халх Өөлдийн дайсагнасан тухай үлгэр бичсэн байна шүү дээ. Энэ бол маш том алдаа. Бид хойч үеийнхээ хооронд одоо өөрсдөө яс хаяж байна гэсэн үг болж байна. Зөвхөн угсаатан ястнаараа ч биш аймаг, сумаараа нутгархдаг байдал газар аваад байна. Эцсийн эцэст бид Монгол гэсэн нэрээр овоглож, туулж өнгөрүүлсэн нэг түүхтэй, цаашид ч хийж бүтээх нэгдсэн зорилготой байх ёстой гэдгээ л мартаж болохгүй.

– Энэ ярианаас угсаатан, ястны асуудлыг шийдэхгүйгээр бид үндэстэн болж чадахгүй гэсэн логик харагдаж байна, тэгэхээр үүнийг яаж шийдэх вэ?
– Бид ястан гэдэг энэ зохиомол зүйлдээ итгээд яваад байвал үндэстэн болж чадахгүй. Бидэнд нэгдсэн идэнтити хэрэгтэй, мөн нэгдсэн нэг том үнэт хэрэгтэй, түүнийхээ төлөө Монгол үндэстний хэтийн төлөв, зорилго, тэмүүллийг бий болгох шаардлагатай байгаа юм. Ингэж чадаагүй учраас л этно-групууд нь тус тусдаа, дөрвөд нь дөрвөдийнхөө төлөө, халх нь халхынхаа төлөө, баяд нь баядынхаа төлөө гэх мэтээр салцгааж нэгдсэн Монгол үндэстний төлөө амбиц харагдахгүй байна шүү дээ. Үндэстэн болоогүй цагт үндэстэндээ зориулсан төр, үндэстний төлөө конституцийг яриад ч хэрэггүй. Мөн үндэстнээ тодорхойлохдоо бид хилийн гаднах монголчуудыг ч мартаж болохгүй.

– Өнөөдөр Монголчууд бид Хилийн чанадад буй монголчуудаа бодох нь битгий хэл  дотроо ялгарчихаад байна шүү дээ?
– Тийм байлаа гээд бид үүнийг хойш тавьж болохгүй. Үүнийг одоогоор харж хийж болохгүй, бидний үе өнгөрлөө гэхэд бидний үр хүүхэд, хойч үе маань тасралтгүй үргэлжлэх учир хэдхэн арван жилийг биш хэдэн зуун жилийг харж хийх ёстой. Хэдэн зуун жилээр монгол нутагтаа очихыг мөрөөдөн дуу зохиож, тэрийгээ үе уламжлан дуулсаар байгаа хүмүүс хилийн цаана амьдарч л байна шүү дээ. Хэрвээ Өвөрмонгол, Хазар гэх зэрэг өөр улсад амьдарч буй монгол гаралтай гэдгээрээ хувь заяатай нэгтэй ах дүүс маань үнэхээр Монголоо гээд хүрээд ирвэл бид та нар цаашаа гэж хэлж чадахгүй. Нөгөө талаас монгол үндэстнийг тодорхойлно гэдэг өөрөө маш том глобал асуудал. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд тухайн амьдарч буй орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөрлөж, хувь нэмрээ оруулна, үүний хажуугаар мөн монгол улсаа хөгжүүлэх, түүний төлөө хөдөлмөрлөх эрх нь ч нээлттэй байна гэсэн үг.

– Тэгэхээр бид одоо яг юу хийх хэрэгтэй вэ?
– Үндэстэн болохын тулд олон зүйлийг шийдвэрлэх мөн анхаарах хэрэгтэй.  Аливаа ард иргэд үндэстнээ бүрэлдүүлэхдээ хэл, шашин, арьсны өнгө, газар зүйн байршлыг чухалчилхаас гадна өнгөрсөнд тулгуурлах хамтын дурсамжууд, хамт туулсан өнө удаан жилийнхээ түүхт замаар  идэнтитээ олдог. Мөн ямар хүсэл агуулж ирээдүйгээ ямраар байлгамаар байна түүн рүүгээ зорьсон нэгдмэл тэмүүллийг бий болгож түүгээрээ үндэстэнг байгуулах нь чухал байдаг. Тэгэхээр  Монголд юу үнэтэй, эрхэм бэ? гэдгийг  гаргаж ирэх хэрэгтэй.

– Таныхаар  Монголд юу хамгийн үнэтэй, мөн эрхэм юм бэ?
– Бидний үнэт зүйл бол мэдээж Чингис хаан, түүний байгуулсан эзэнт гүрэн. Монголын эзэнт гүрний хүн төрөлхтөнд гүйцэтгэсэн үүргийн тухай их олон судалгааны материал, номууд хэвлэгдэж байна. Тэдгээрийг харахад дэлхийн улс орнууд өнөөгийн зохион байгуулалтанд ороход Монголын эзэнт гүрэн чухал нөлөө үзүүлсэн гэдэг тодорхой болж байна. Ингэж дэлхийн нийт хүн төрөлхтний өмнө хариуцлагатай байсан ард түмэн өнөөдөр ийм байдалтай болчихож. Нэг ёсондоо агуу түүхийн өчүүхэн эзэд гэмээр.  Нөгөө талаас 21-р зууны барууны соёл иргэншлийг тодорхойлоод байгаа Самуэл Хантингтон 21-р зуунд хүн төрөлхтөн үүсэл гарлаараа нэгдсэн идэнтитээ болж дэлхийн цоо шинэ тогтолцоо гарч ирнэ гэж ярьж байгаагаас үзвэл Монгол үндэстэн Чингисээр, Монголын Эзэнт гүрний үүсэл гарлаар үндэстнээ байгуулах ёстой гэж харагдаж байна. Түүхээс ч, өнөөдрийн соёл иргэншлийн чиг хандлагаас ч харсан Чингисээр овоглосон Монголоос үүсэл, гаралтай хүн бүхнийг монгол үндэстэн гэж нэрлэхээс аргагүй. Бид монгол үндэстэн гэж хэн бэ гэдгээ конституцдаа зааж тодорхой болгоогүй цагт юуны төлөө хууль гаргаж, хэний эрхийг хамгаалж, юуг яаж хөгжүүлэх нь тодорхойгүй хэвээрээ л байна. Эхлээд үндэстэн гэдгээ тодорхойлчихоод дараа нь үндэстнийхээ төлөө ажиллах ёстой баймаар. Монголд төрийн хар хайрцагны бодлого, үндэсний аюулгүй байдал гэж үнэндээ алга. Хоёрхон сая хүнтэй байж урд хилээ  бараг 2 тэрбум хүнтэй улсад нээгээд өгчихсөн Монгол шиг улс дэлхий дээр өөр байхгүй байх. Хилээр орж гарч байгаа зүйлээ ч сайн хянадаггүй. Газар нутаг дээр нь гадны мөнгөтэй хүмүүс дураараа авирладаг, хууль тогтоолууд нь хэн нэг хувь хүний эрх ашигт л үйлчилдэг. Ийм л байдалтай байна шүү дээ.

– Таны яриаг сонсоод байхад Монгол үндэстэн гэдгээ тодорхойлоогүй цагт монгол улс эзэнгүйднэ гэдэг нь харагдаж байна…
– Тийм ээ. Бид нэг үндэстэн болж байж төрөө байгуулна цаашлаад улсаа хөгжүүлнэ. Яагаад вэ гэвэл өнөөдөр Монголын төр хэний төлөө ажиллаад байгаа нь мэдэгдэхгүй байна. Баахан л Монголын төлөө гэсэн хүмүүс үнэн хэрэг дээрээ хоосон л ярьцгаадаг. Учир нь Монголд монгол хүн эзэн нь болж чадахгүй, монголын төр монгол хүний төлөө ажиллаж чадахгүй байна. Өөр  өөр үнэтүүдтэй, сонирхлуудтай байж олон улсын тавцанд хэний эрх ашигийг илэрхийлэх юм бэ? Монгол гэсэн нэрийн дор хувийнхаа ч юмуу эсвэл угсаатан ястан, аймаг сумынхаа эрх ашгийг бодоод явах утгагүй. Энэ дэлхий дээр Монгол гэдэг нэрийг авч төрөөд зовж, жаргаж буй хүн бүрийг бид Монголын нэг хэсэг гэж үзэх ёстой. Бид хэнийг ч ялгахгүйгээр мөн бидний дотор буй зохиомол ялгаа болон биднийг үндэстэн болоход саад болж буй бүгдийг авч хаях хэрэгтэй. Өөр үндэстнүүд нэгдээд төрөө байгуулаад байхад, Монголчууд бид хувь тавилан нэг байж яагаад нэг үндэстэн болж чадахгүй гэж. Бидэнд үндэстнээрээ нэгдэж хүн төрөлхтнийг авч  явж байсан түүх бий. Энэ бол монгол гаралтай хүн бүхний бахархал шүү дээ.

– Тэгвэл энэ бахархал биднийг нэгтгэж болох юм шиг санагдлаа. Та юу гэж бодож байна?
Тиймээ.. 13 зуунд Чингис хаан Их Монгол улсыг байгуулж Монгол үндэстнээ тодорхойлсон. Олон зуун жилийн түүхээ эргэн нэг сөхвөл монголчууд бидэнд нэгдмэл зүйл байгаагүй биш, байсан. Өнөөдөр ч гэсэн бид нэгэн зүйлийг эрмэлзэж Монгол үндэстэн хэмээх нэгэн дээвэр дор нэгдээд төр засгаа байгуулъя гэхэд чадахгүй зүйл үгүй шүү дээ. Өвөрмонгол, Буриад, Хазар, Аймаг монгол, Ар Монгол гээд бүгд л Чингис хааны байгуулсан Их Монгол улсын хойч үе. Эднээс Монгол нэрээ тээж, Монгол нутагтаа амьдарч байгаа нь зөвхөн бид. Тиймээс бид нийт Монгол үндэстний төлөө конституцаа баталж төрөө байгуулах хэрэгтэй. Хамгийн гол нь бид бүгдээрээ л хувь заяа нэгтэй монголчууд шүү дээ. Дэлхий ертөнц асар хурдтай хөгжиж байхад бидэнд би халх, чи буриад гээд талцаад сууж байх хугацаа алга. Америкт л гэхэд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн, өөр өөр хэл, соёл, зан заншилтай хүмүүс бид америк үндэстэн гэсэн бахархлаар амьдарч байна. Гэтэл нэг гарал угсаатай, нэг түүх, соёлтой бид нэгдэж нэг үндэстэн болж чадахгүй байх учиргүй. Бид Монгол гэсэн нэрээрээ, монгол хүн болж төрсөн бүгдэд оноогддог хувь заяагаараа нэгдэх хэрэгтэй.

– Бид үндэстэн болчихлоо тэгээд юуг эрхэмлэж Монгол үндэстнийхээ төлөө ажиллах вэ?
Үндэстнээ тодорхойлчихсон цагт хэний төлөө ажиллах нь тодорхой болчихно. Тэгэхлээр  монгол үндэстний төлөө юуг яаж хийхээ гаргаж ирэх хэрэгтэй. Тэр нь энэ дэлхий дээр амьдарч, аж төрж буй нийт Монгол үндэстний төлөө байх болно. Монгол үндэстний төлөө амбицыг конституцдаа тусган өгч, ардчиллын зарчмууд болох тэнцүү, амгалан, зүй, ахан дүүсийн ёсыг баримтлан ажиллах ёстой. Ардчиллыг суурь зарчмуудаар нь тодорхойлно. Түүнээс биш хоосон үг л байгаад байж болохгүй. Монгол хүн бүрийн амгалан амьдралын төлөө, ямар албан тушаал хашдаг мөн хэдий хэр эд хөрөнгөтэй нь хамаагүй хүн бүхэнд тэнцүүхэн хандаж, бүхий л байгууллагууд, иргэд зүйг барин, нийт монголчууд ахан дүүс шиг биенээ хайрлан хамтарч амьдрах хэрэгтэй. Бид хангалттай их проблем ярьж байна, одоо хийж, хэрэгжүүлэх цаг болсон.

– Үндэстэн болохын давуу тал, ашиг юу вэ?
– Бид нэг үндэстэн болсноор үндэстний төртэй, төр маань эзэнтэй болно гэсэн үг. Мөн нэгдмэл хүсэлтэй болно. Монголын төрийг талцан хувааж, хүчгүйдүүлж, там болгох явдал гарахгүй болно. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд монголчууд Монголоосоо дүрвэсэн дүрвэлт одоо хүртэл үргэлжилж байна. Энэ бол бид нэгдсэн үндэстэн болж чадаагүй, талцаж, хүч сул байснаас болсон шүү дээ. Дээр дурьдсан бүх Монгол гаралтай улс бол мөнх тэнгэрийн заяат Чингисийн удмын Монголоос л гаралтай. Чингисийн үүсгэн байгуулсан тогтолцоо бол хүн төрөлхтнийг үүсэл гарлаар нь, шашин суртал, хаана амьдарч байгаагаар нь ялгаварлахгүйгээр нэгдсэн зарчмаар удирдаж байсан тийм тогтолцоо. Тиймээс Монгол хүн, Монгол үндэстний төр энэ уламжлалаа орчин үеийн хүн төрөлхтөнтэй зохицуулж, зүйг баримтлан нийт хүн төрөлхтний амгалан, хуулийн өмнө тэнцүү байдал, нэг нэгнээ хайрлах андын зарчмын төлөө байх ёстой.

Э.Мөнхтөр

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: