Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

“Эрдмийн далай”-н “бодь” хөвгүүн


Өглөө гадуур ажил хөөцөлдөөд явж байхад минь ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Пүрэвжав ах утасдаад “Нэг муу юм болсон сураг дуулдана. Жанчив багш өнгөрчихлөө гэж над руу хүн хэллээ. Чи юм сонсов уу?” гэв. Би огтхон ч эргэлзэлгүй “Үгүй байлгүй дээ” гээд тоосонгүй. Мань хүн “Тийм байх аа. Элдэв юм болсон бол над руу хэлээрэй” гээд утсаа тасаллаа. Үнэндээ надад тийм муу юм болно гэсэн совин ч байсангүй, арай тийм биш байгаа гэх эргэлзэх сэтгэл ч төрсөнгүй. Эрхэм ахтай уулзаад “Та мөнхөрсөн шүү” гэж жаахан цаашлуулна даа гэж бодож явав. Гэхдээ яагаад ийм яриа гардаг байна аа гэж бодоод утас руу нь залгатал холбогдох боломжгүй байлаа. Нэг л муу совин татаад явчихлаа. Зорьсон газраасаа хазайж, сургууль руу эргээд, өрөөндөө ортол Пүрэвжанцан багш сууж байв. “Муу юм болоогүй биз?” гэж яаран асуутал “Харин тийм ээ. Жанчив маань өнгөрчихжээ”. Энэхэн зуур “Өө. Арай ч дээ” гэж хэнд ч тунирхаж гоморхоод байгаа нь бүү мэд учир битүүлэг үг амнаас алдуурч, “Аль гэмгүй цайлганыг нь аваад явчихдаг эрлэгийн элч ямар хуншгүй юм бэ. Үхэлд хүртэл шударга ханддаггүй хорвоо ямар хөгийн юм бэ” гэсэн гутранги бодол тархинд зурсхийлээ. “Яасан юм бол? Яагаад өнгөрчихөв өө?” гэж учир шалтгааныг лавлах сөхөө ч гарсангүй, хэрэг ч байсангүй, харин Жанчив багштайгаа дахиж уулзахгүй болсныг л мэдлээ. Харамсаад баршгүй гэдгийг үгээр хэлдэг бол үг дутахаар, үйлдлээр үзүүлдэг бол үйлдэл хомсдохоор гашуудалтай тохиол байдаг ажээ. Энэ уй гашуу бол нэгэн гэр бүл, нэгэн хамт олонд хамаатаад зогсохгүй монгол судлалын ертөнцөд учирсан асар их гарз хохирол юм. Пүрэвжанцан багш “Эмгэнэл гаргах гээд бэлдсэн. Чамд үзүүлье гээд аваад ирлээ” гэснээр Баяраа багш, Цэцэгдарь доктор бид хэд эмгэнэлийн бичгийг найруулан гаргалаа. Эмгэнэлийн бичигт илүү дутуу чамин үг огт хэрэггүй байв.

Ёндонжамцын Жанчив 1970 онд Завхан аймгийн Отгон суманд төржээ. 1978-1988 онд Улиастай хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1988-1991 онд МУИС-ийн Хэлбичгийн факультетийн Монгол хэл-утга зохиолын ангид суралцаж төгсчээ. Тэр бээр авьяас билгийн хүч, хичээнгүй хөдөлмөрийн үр, эрдэмтэн багш нарынхаа онцгой итгэл, халуун дэмжлэгээр гуравхан жил суралцаж төгсөөд төрөлх сургуульдаа багшаар ажилласан юм. Оюутан ахуй цагаасаа эрдэм судлалд шимтэн хорхойсч, дундад үеийн монгол хэлний  судлал, монгол үсэг бичгийн түүх, “Монголын Нууц Товчоон”, эх бичиг судлалын чиглэлээр олон сонирхолтой бүтээл туурвиж, Монгол улсдаа төдийгүй дэлхийн монгол судлалд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн болж чадсан юм. Ё.Жанчив 2000 онд академич Д.Төмөртогоогийн удирдлагаар “Дөрвөлжин үсгийн монгол дурсгалын хэлний судалгаа” сэдвээр хэлбичгийн ухааны докторын зэрэг хамгаалж, “Дөрвөлжин үсгийн монгол дурсгал” (2002), “Нангиад монгол Хуа-и Й-юй толь” (2003), “Сонгодог монгол бичгийн өмнөх үеийн дурсгалууд” (2005), “Цогт хунтайжид холбогдох бичгийн дурсгалууд” (2005), “Вагиндрын үсгийн дурсгалууд” (2010) зэрэг ганц сэдэвт зохиол, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж, тэмдэглэл нийтлүүлж, олон улсын хуралд хэд хэдэн илтгэл хэлэлцүүлсэн билээ.

Эмгэнэлийн бичгийн төгсгөлд “Ё.Жанчив эрдэмтэн багш нарынхаа итгэлт шавь, оюутан шавь нарынхаа чадварлаг багш, найз нөхдийнхөө эрхэм анд, эрдэм номынхоо үнэнч нөхөр нь байлаа. Талийгаачийн элэгсэг дотно, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, хиргүй сайхан сэтгэл, энгийн даруу төрх бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.

Тийм ээ. Тэр маань цагийн аясаар хувирдаггүй, хүнийг дээр доор гэж ялгадаггүй, мөнгө харж өнгө хөөдөггүй, хов зөөж худал ярьдаггүй жинхэнэ эр хүн, ном ярьж цэц булаалддаг жинтэй эрдэмтэн байсан юм. Ёндонжамцын Жанчив бол бидний үе тэнгийн залуусын үлгэр дууриал, бахархал бардамнал болсон багш байв. Тэр эрхэм хүнтэй заримдаа багш шавь шиг, заримдаа ах дүү шиг, заримдаа анд нөхөд шиг шадарлаж явснаа энэ шөнө дурсан санаж, уйтгар гунигаар дүүрсэн сэтгэлээ үг хэлхэж, өгүүлбэр холбон онгойлгож суугаа нь энэ.

Бид багш шавиас илүүтээ эр улсын элэгсэг дотно харилцаатай байлаа. Арваад жилийн өмнө МУИС-ийг монгол хэл-уран зохиолын багш, судлаач мэргэжлээр төгсөөд, төрөлх сургуульдаа хичээлийн туслах ажилтнаар үлдэж, эрдэм шинжилгээний ажилд дадлагажихын сацуу өөрийгөө хөгжүүлэхээр махран сууж байх үест урам зоригоор тэтгэж, сэтгэл санаагаар дэмждэг дээлтэй төрсөн хэдэн сайхан ах нарын минь нэг байлаа. Миний анхлан бичсэн “Тогтворгүй н-ийн учрыг “Монголын Нууц Товчоон”-оос эрэх нь” хэмээх сүржин нэртэй даржин өгүүллийг маань анхааралтай уншиж, “Болж байна. Аргазүй нь аятайхан болсон байна” гэж урмын үгээр тэтгэж, засаж өгч билээ. Хожим докторын зэрэг горилсон ажлаа бичиж байх үед олон ховор өгүүллээ харамгүй өгч, зэрэг горилсон зохиолыг маань хоёронтоо уншиж, гурвантаа нягталж, урмын үгээр мялааж байсансан.

Ёндонжамцын Жанчив бол таримал бус төрмөл эрдэмтэн байлаа. Дунд сургуульд байхдаа л Ш.Лувсанвандан багштаны бүтээлүүдийг уншиж, хэлшинжээч болох хүсэлтэй тухайгаа илэрхийлсэн захидал академичид бичиж байсан гэдэг. Гадаад, дотоодын нэртэй эрдэмтэд түүнийг судлаачийнх нь хувьд хүлээн зөвшөөрч, сайны үлгэр жишээнд ямагт оруулан хэлдэгсэн.

Яахав дээ. Нөхөр хааяа жаахан сархад зооглочихдог сул талтай. Тийм үедээ бусдын нүдэнд өртөмтгий нь манай хүн байснаас биш балгадаггүй монгол эр хүн ч ховор л доо. Заримдаа би “Ихэнх уудаг нөхдөд төвөөс зугтах хүч үйлчилж, хүн олонтой газраас хол байх юм. Танд яг эсрэгээр нь төвд тэмүүлэх хүч үйлчилж, хүн олонтой газарт л давхиж явах юм” гэж зэмлэхэд “Харин тийм ээ” гээд мушилзана. Жаахан халамцуу үедээ том эрдэмтдийг алдар нэрээр нь дуудаж, өмнө нь дандаа “агуу их” гэсэн тодотгол хэлнэ. Агуу их Николас Поппе, агуу их Борис Яковлович Владимирцов, агуу их Шадавын Лувсанвандан гээд л… Заримдаа би үнэхээр тэгсэн юм шиг цаашлуулж “Та ч сүүлийн үед нөгөө агуу их эрдэмтдээ нэрлэхдээ хамгийн түрүүнд агуу их Ёндонжамцын Жанчив гэж хэлдэг болж байна даа” гэхэд учиргүй инээдэгсэн. Үнэндээ тэр дөрвөлжин үсгийн судлалаар монгол судлаачдын манлайд зогссон агуу их эрдэмтэн байсан юм. Ийм шилдэг эрдэмтэн багштай байснаараа МУИС бахархах учиртай.

Юмны учир тохиол гэж сонин. Хоёрхон хоногийн өмнө бидний цаашлуулж хэлдгээр “морио уначихсан” өрөөгөөр маань орж ирээд аанай л сурсан зангаар “Чамайг дарга гэж айхгүй. Харин эрдмийн ажлаа хийж, номоо гаргавал айна. Ганц юмны мөнгө өгөөдөх” гэхэд нь “Битгий балайраад бай. Надад илүүдээ гарсан мөнгө алга” гэж, түлхэх түшихийн хооронд гаргаснаа бодохоор элэг эмтэрч, гол харламаар. Гарын салаагаар урсаад өнгөрдөг хэдэн халтар цаасыг газар дэлхийгээс буцаж байгаа ахаасаа яагаад тэгж харамнасан юм бол…

Эмгэнэл илэрхийлэхээр очих үест нагац ах нь “Миний дүү хүн муулдаггүй. Муу үйлдэл хийдэггүй. Ёстой бурхан шиг сайхан дүү байсан даа” гэж хэлэхэд өр өмрөх шиг л болсон доо. Үнэхээр Ёндонжамцын Жанчив бол халамжит хань, хайлган аав, чадварлаг багш, чансаатай эрдэмтэн, дотно найз, тэнгэрлэг эр байлаа.

Одоо бодоход түүний овог нэр хүртэл учиртай ажээ. Ёндонжамц хэмээх эцгийн алдрыг нь монголчилбол “эрдмийн далай”, Жанчив хэмээх нэрийг нь монголчилбол “бодь” болно. Үнэхээр тэр элдэв зүйлд сатааралгүй номд шунаж, эрдэмд тэмүүлсэн “Эрдмийн далай”-н “Бодь” хөвгүүн байлаа.

Үгүйлж сууна даа ах минь. Бичиж байгаа юмаа билгийн гярхай мэлмийгээр тань шүүлгэмээр байна. Халамцуухан явахдаа “Чамд падгүй” гэж хэнэггүй залдаг үгийг тань мянгантаа хэлүүлж, түмэнтээ сонсмоор байна. Хэд хоног зугтаад уулзахдаа “уучлаарай” гээд инээгээд зогсож байдаг хүүхэд шиг төрх, өхөөрдөм үйлдлийг тань дахин дахин хармаар байна. Нэхэж байсан сархадыг тань байя гэтэл өгч, больё гэтэл тань суумаар байна.

Эрхсийн дунд гялалзаад харвасан

Энгүй тод од байлаа Та

Эгэлийн дотор үзэгдээд өнгөрсөн

Эрдэнэт хүмүүний дээд байлаа Та.

Тэнгэрлэг ахынхаа эрхэмсэг оршихуйд тэнэг дүү тань сөгдөн мөргөе.

Д.Заяабаатар

Эхийг МУИС-ийн МХСС-ийн вэб сайтаас авлаа.

Зургийг Ж.Бат-Ирээдүй, 2009.9.26. МУБИС дээр

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: