Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Гандангийн орны хэлийг эрхшээсэн билгүүн монгол сартваахь


Монголын түвд хэлт утга, соёлын билгүүн сартваахь, Монгол Улсын Шинжлэх Ухааны гавъяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн ухааны доктор, профессор Лхамсүрэнгийн Хүрэлбаатар багш маань өчигдөр таалал болжээ. Гарынх нь шавь Г.Ням-Очироос энэ харанхуй сургийг сонсоод “Бурхан минь, танд Монголын машид гэгээрсэн оюун сайт хэрэг болоо юу” гэж асуумаар санагдсан. Хүрлээ багш маань дэлхийн их дайны сүүдэр сиймийж, хүн төрөлхтөний энхийн тэнгэрт наран мишээж эхэлсэн тэр жил, тодруулбал 1945 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт малчин айлд мэндэлсэн хувь учралт ажгуу.

Монголын оюуны ертөнцийн сод билэгт хүмүүс түүнтэй эрдмийн дөрөө харшиж явснаа анх, энх, мөнх гурван цагийн учрал бүрдсэн ховор тохиол хэмээн бэлгэшээн дээдэлдэг байв. Билгүүн шавь номч Шань овогт Л.Хүрэлбаатар МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1968 онд дүүргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн, Тариалан сумын дунд сургуульд багшилж, ажил амьдралын гараагаа эхэлсэн байдаг. Тэрээр аймгийн “Эрх чөлөө” сонинд утга зохиолын ажилтнаар дөрвөн жил ажиллажээ. Хэдийгээр хөдөө нутагт ажиллаж байсан ч түүнийг эрдэм номын харгуйд нөр хичээнгүй зүтгэл, нрмын хүмүүний чин сэтгэл нь хөтөлж байсан нь лавтай.

“Эрдмийн долоон бурхны нэг” хэмээгддэг Чой.Лувсанжав багш нь оюутан ахуйд нь түүнийг ирээдүйн их эрдэмтэн болохыг нь таниж_ улмаар ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн багш нь Хөвсгөлийн уулсын дундаас түүнийг нийслэл хотноо урин авчирч, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн түвд судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтнаар оруулсан нь чухамдаа нүдээ олсон хэрэг байлаа.

Дамдинсүрэн багшаа дагалдан эрдэм шинжилгээний онол, аргазүйд суралцан, Монголын эртний уран зохиол, монголчуудын түвд хэлт утга зохиолын чиглэлээр гарамгай мэргэшиж, энэ чиглэлээр дэлхийд нэрээ дуурисгасан эрдэмтэн болсныг өнөөдөр олон мянган шавь нар нь бахархан дурсч байна.

Энэ их эрдэмтнээс номын авшиг хүртэх буян С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль эдүгээгийн Их Монгол их сургуульд сурч байхад тохиож билээ. Номын хүний төгс намба төрх, яндашгүй их мэдлэгийн далайд нь бишрэн сүсэлсэн билний шаврай оюутнууд Дандины “Зохист аялгууны толь” хэмээх алдарт судрыг шад бүрчлэн заалгасан нь авах хүнд асар гайхамшигт баялаг байлаа.

Багш маань “Энэтхэг, Түвд, Монгол зохиолын хэлхээ холбоо”, “Сонгодог уламжлал, монгол яруу найраг”, “Монголын зохиолчдын түвдээр бичсэн зохиолын дээжис” “Алтан хүрдэн”, “Зуун билиг-ийн баяжмал шинэ судрын чуулган”, “Сайн үгийн сан”, “Монгол орчуулгын товчоон”, “Огторгуйн цагаан гаруди”, Эсэруагийн эгшиг дуун”, “Анхдугаар Богд”, “Аварга могойэ зулайн чандмань”, “Судар шастирын билиг”, “Дорно цаст” зэрэг олон арван ном бүтээж, эрдэм шинжилгээний 150 гаруй өгүүллийг гадаад, дотоодод хэвлүүлсэн юм.

Олон Улсын Монголч эрдэмтдийн III-IX их хуралуудад илтгэл айлтгал хэлэлцүүлж, “Огторгуйн цагаан гаруди” номоороо шинжлэх ухааны тэргүүний шилдэг шагнал хүртэж байсан их багш маань эрдмийн арвин түгээлийн буянаа хйоч үедээ үлдээгээд бурхан болов.

Та минь Бурхны гэгээн оронд ертөнцийн их мэргэдтэй зиндаа зэрэгцэн суугаад улс Монголынхоо хэл, соёлоор гайхуулах бахархалт их багштан билээ л. Гандангийн орны хэлийг танаас илүү мэддэг нь үгүй л билээ. Хүмүүний ертөнцийг гийгүүлэн үлдээсэн эрдмийн их авшиг тань түм түмэн үеийг сэхээрүүлэх болтугай.

Шавь Л.Батцэнгэл, Д.Мөнгөндалай, Г.Ням-Очир, Х.Сүглэгмаа, П.Батхуяг, Д.Оюунчимэг, Н.Пагма

“Өдрийн сонин”-ы 2010 оны 04 дүгээр сарын 20, №093 (3483) аас авлаа

Single Post Navigation

Leave a comment