Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл


| Зууны Мэдээ
2007/02/27 – 12:38, Мягмар гараг

“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж их зохиолч Д.Нацагдорж түмэн утгыг цацруулж нэгэн цагт бичсэн билээ. Улам бүр даяарчлагдаж буй дэлхий ертөнцөд улс үндэстний хэл соёлыг хадгалж хөгжүүлэх асуудал өнөөдөр хурцаар тавигдаж байна.

Монголчууд олон мянган жил нүүдэллэн амьдрахдаа оюуны их өвийг бүтээсэн соёлт ард түмэн билээ. 2000 оноос ЮНЕСКО-гийн санаачилгаар жил бүрийн 21 өдрийг Олон улсын эх хэлний өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтоогоод байна. Өчигдөр БСШУЯ Олон улсын эх хэлний өдөрт зориулж монгол хэлний тулгамдсан асуудлыг хөндсөн эрдэмтдийн уулзалт зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уулзалт зөвлөгөөнийг нээж БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат үг хэллээ. Тэрээр монгол хэл судлалын өнгөрсөн болон өнөөгийн үр дүнг тайлагнаж, эх хэлний цаашдын хөгжлийн тулгамдсан асуудал, тэр дундаа эх хэлэнд харь хэлний сөрөг нөлөө тусч байгааг анхаарч үзүүштэйг онцлов.

Г.Эрдэнэбатын хэлсэн үгэнд Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэд “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” таван ботийг зохиож дуусаад байна гэсэн мэдээлэл шинэ содон сонсогдож байлаа.

ЮНЕСКО-гийн Монголын Yндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Н.Уртнасан өнөөгийн дэлхий нийтийн хэл соёлын хөгжил, энэ талаар ЮНЕСКО-гийн баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав. Өнөөдөр дэлхий дээр 6000 хэл байдаг бөгөөд ойрын 50 жилд дээрх хэлний 50 хувь нь устаж үгүй болох аюул тулгараад байгаа юм байна. Мөн дэлхий нийтийн мэдээллийн орон зайд 100 хүрэхгүй хэлийг ашигладаг байна. ЮНЕСКО улс үндэстний эх хэлийг хадгалах хөгжүүлэх бодлогыг тодорхойлж, хэлийг гурван төвшинд эзэмших уриалгыг гишүүн орнууддаа дэвшүүлж байна. Энэ нь нэгдүгээрт, төрөлх хэл, хоёрдугаарт, тухайн улсынхаа хэл, гуравдугаарт, дэлхий нийтийн хэл болсон англи, франц зэрэг хэлийг эзэмших явдал бөгөөд хэлний энэ гурван төвшинг нэгдмэл цогц байдлаар эзэмших нь чухал юм байна. ЮНЕСКО-гийн Yндэсний комиссын дарга, доктор Н.Уртнасан өнөөдөр монгол хэл дэлхий нийтийн хэлний хөгжлийн тогтолцоонд ямар байр суурь эзэлж байгааг ойрын ирээдүйд судлах шаардлага байгааг онцлов.

Хэл зохиолын хүрээлэнгийн захирлын үүрэг гүйцэтгэгч, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Э.Пүрэвжав төрийн хэлний бодлогыг хэрэгжүүлэх, эх хэлний зөв хэрэглээг хэвшүүлэх үүднээс Хэл зохиолын хүрээлэнд хэрэглээ-хэл шинжлэлийн секторыг нээн ажиллуулж байгааг тэмдэглэв. Энэ сектор нь мэргэжлийн нэр томъёоны хэл найруулгыг хянан тохиолдуулах, шүүх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хэлний шинжээчээр оролцох зэрэг үүргийг гүйцэтгэдэг юм байна. Төрийн албан хаагчаас эх хэлний төвшин тогтоох шалгалт авч байх саналыг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн гаргав. Мөн тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Э.Пүрэвжав зарим улс орны эх хэлний талаар баримталдаг бодлого үйл ажиллагааг жишээ татан ярьж байв. Тухайлбал, ОХУ-д Ерөнхийлөгч В.Путины зарлигаар 2007 оныг орос хэлний жил болгон зарлажээ.

Төрийн хэлний зөвлөлийн албаны дарга, доктор Б.Магсаржав “Төрийн албан ёсны хэлний хууль”-д зарим нэмэлт өөрчлөлт оруулах санал тавьж, үндэслэлийг тайлбарлав.

2003 онд баталсан “Төрийн албан ёсны хэлний тухай хууль”-ийн 5.7-д хот, суурин газрын талбайн нэр хаяг, байгууллагын нэрийг төрийн албан ёсны хэлээс гадна англи хэлээр давхар бичиж болно гэж заажээ. Yүнээс улбаалж байгууллага, гудамж талбайн нэрийг англи, солонгос, хятадаар бичих болов. Мөн “Сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна” гэсэн заалт байсаар байтал өнөөдөр манай ерөнхий боловсролын сургуулийн сургалт эх хэлээр бус гадаад хэлээр явагдаж байна. 2005-2006 оны хичээлийн жилд гадаад хэлээр сургалтаа явуулдаг сургуулийн тоо 21 болж өсчээ. Дээрх байдлуудад дүгнэлт хийж төрийн эх хэлний тухай хуулийн хэрэгжилтэд анхаарах, уг хуульд зарим өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм байна.

Ардын уран зохиолч Т.Галсан “Бага ангид хүүхдийг зөв сайхан бичүүлж, дунд ангид нь үгсийн сангаар угжих хэрэгтэй. Өнөөдөр монгол хэлний хичээл үгийг доогуур нь өгүүлбэрийн гишүүдээр зурдаг зургийн хичээл болгосон байна” гэж шүүмжилж байв.

“Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, доктор Т.Галдан “Хилийг хамгаалж явдаг торгон цэрэг бол бичиг юм. Бид үндэснийхээ бичгийг хэрэглээгүй цагт хэчнээн хууль дүрэм гаргаад монгол хэлний саармагшлыг арилгаж чадахгүй” гэв.

Ийнхүү уулзалт ярилцлага монгол бичгийн хувь заяаг хэрхэх тухай яриа руу шилжин орлоо. Эрдэмтэд БСШУЯ-ны мэргэжилтнүүдээс монгол бичгийн сургалтын өнөөгийн байдал, цаашдын зорилтыг ихэд сонирхож байлаа. БСШУЯ монгол бичгийг дөнгөж бичиг үсэгт зүгширч байгаа гуравдугаар ангийн хүүхдэд заах нь үр дүн багатай. Долдугаар ангиас заавал илүү үр дүнтэй гэсэн дунд сургуулийн багш нарын судалгаа байгааг яамны мэргэжилтнүүд танилцуулав.

О.Гэрэлмаа

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: