Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ц.Шагдарсүрэн: Бурхан буян хайрлаж, чөтгөр чөлөө өгвөл бодсон юм бий


2010-05-26 16:20

“Монгол хэлний тайлбар толь” хэмээх зузаан ном хэвлэгдэн гарсаар даруй 40-өөд жилийн нүүр үзлээ. Олон түмний дунд “Цэвэлийн ногоон толь”гэж алдаршсан энэ номыг зохиогчийн хүү, Төрийн шагналт эрдэмтэн Ц.Шагдарсүрэн сонин хэвлэлийнхнээс “зай барьдаг” хэдий ч аавынхаа талаар ярилцахаас татгалзсангүй. Тэрбээр сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч байгаа нь энэ болой


-Аав тань “Монгол хэлний тайлбар толь” хэмээх алдарт бүтээлээ туурвих үед та хэдэн настай байсан бэ? Энэ бүтээлээ хэрхэн яаж хийсэн бол?
-Аав толио арав гаруй жил хийж, 1966 онд хэвлүүлсэн. Тэр үед нь би МУИС-ийн төгсөх буюу V ангид байсан юм. Уг толь дотоод гадаадад гарсан нь дараа дараагийн монгол толгойтой бүх толийн суурь болсон төдийгүй Монголын судлалд шинэ үеийг нээсэн гэж Францын монголч эрдэмтэн Франсуаз Обен профессорын бичсэн үнэлгээг хэлмээр байна.
-Танай аавыг Судар бичгийн хүрээлэнгийн анхны томоохон эрдэмтдийн нэг, сонирхолтой намтартай хүн гэдэг.
-Аавын намтрын тухайд тийм шүү, сонин. Аав 1902 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут суманд нэгдсэн Мандал сумын Талын толгой гэдэг газар төрсөн. Долоотойгоосоо Чин сүжигт Номун хан хутагтын хүрээнд шавилж, нэг өвгөн ламынд суудаг байсан гэдэг. Тэр үед Өвөрлөгч нутгаас Хайсан гүн, Дандаа шансан хэмээгч Чимэддорж, харчины Мөнхтогтох шансан зэрэг боловсрол өндөр хэдэн хүн Монголд ирээд, цаг үеийн байдлаас энд тэнд суурьшин суух болсон юм гэнэ билээ. Жишээ нь Хайсан гүн Монголын нэг нөлөө бүхий түшмэлийн гэрт тогоочоор, Мөнхтогтох шансан Сайн ноён хан аймгийн Чин сүжигт Номун хан хутагтын шавь (хутагтын тэргүүлсэн, хошуутай адил засаг захиргааны нэгж)-д 1914 онд бага сургууль байгуулж, багшлах болсон ажээ. Дандаа шансан бол “Юань улсын судар”-ыг орчуулсан хүн. Аавын багш өвгөн лам “…Цаг өөр болно. Чи тэр сургуульд орсон нь дээр байх” гэж зөвлөсөн гэдэг. Ийм алсын хараатай хүнийг монголчууд “цаг мэдэх хүн” гэдэг юм. Тэгээд аав минь тэр сургуульд орж монгол бичиг, хятад, манж хэл, сампин, тоо бодлого үзжээ. Бас Мөнхтогтох шансан Хятадын “Жин Пин Мэй” хэмээх сонгодог зохиол, Хүннү- гийн түүхэнд холбогдох “Хэ Ван Юаны бичиг” зэрэг зохиолыг орчуулан дуудахад шавь нар нь бичин авч дэвтэрлэдэг байжээ.
Тэгээд нэг хувийг нь улаан торгоор хавтаслаж Богдын номын санд, нөгөөг нь шар торгоор хавтаслаж Гэгээний номын санд өргөдөг байсан гэх бөгөөд одоо Улсын Төв номын санд буй орчуулгууд нь тэр бөлгөө. Тэгээд аав минь 1917 онд сургуулиа төгсгөөд шавийнхаа тамгын газарт нэг бичээчийн цалингаар хоёр хүн ажиллуулдаг тал бичээчээр биеийн хүчин үнэлж эхэлсэн юм гэдэг. Улмаар 1923 онд Оюунтны сургуульд элсэхээр Их хүрээнээ орж ирсэн боловч элсэлт өнгөрсөн байсан учир Засгийн газар бичээч бөгөөд нягтлан бодогчоор ажиллаж, 1924 оноос Цэцэрлэг Мандалын аймагт суух Засгийн газрын Төлөөний түшмэлийн туслахаар шилжин ажиллаж, жинхэнэ төлөөний түшмэл нь очоогүй тул түүний албыг 1926 онд уг албыг татан буулгатал хаажээ.
-Аавыг тань нэгэн үе Ар дыг гэгээрүүлэх яаманд ажиллаж байсан гэж сонссон.
-Хожим аав минь Улаанбаатар хотноо эргэн ирж, Эрдэнэбатхан сайдтай Ардыг гэгээрүүлэх яамнаа Ардыг боловсруулах хэлтсийн дарга бөгөөд Яамны эрхэлсэн түшмэл (одоогийн жишгээр дэд сайд), Гадаадад суралцагчдыг эрхэлсэн комиссын нарийн бичгийн даргаар тус тус хавсран ажилласан байдаг. Энэ үеийн ажил байдлыг нь яльгүй тодруулахад, 1929 оны “Ардын нам” гэдэг сэтгүүлд аавын “Эрдэм боловсролын тухай” гэдэг нэг өгүүлэл гарсан бөгөөд энэ нь чухамдаа тухайн үеийн улс даяарх бүх сургууль, нас хүйсээр нь гаргасан сурагчдын тоо, улсаас гаргасан зардал болон гүйцэтгэл, ЗХУ, Герман, Францад сурч байсан сурагч оюутанд холбогдох дээрх мэт бүх баримтын тайлан бөгөөд зардал сүйтгэлийг задгай мөнгөтэй нь тооцсон байдаг нь одоо үзэхүл үлэмж нарийн байсныг харж болохоос гадна боловсролын түүхийг судлах хүнд анхаарахгүй байхыг аргагүй судлагдахуун гэдгийг дурдмаар байна. Аав минь энэ үед Ардыг гэгээрүүлэх яамны захиалагчаар ажиллаж, Улсын хэвлэх үйлдвэрийн барилгыг Германы Дебель инженерийн зураг төслөөр захиалан бариулж, сүүлд өргөтгөлийг нь залган нэмжээ. Гадаадад хэдэн зуун жил болсон түүхэн байшин барилгаараа бахархдаг байтал одоо уг байшин дээвэргүй балгас болсныг харахад эрхгүй бухимдмаар байдаг.
-Аав тань Х.Чойбалсангийн шийдвэрээр улсын хилийн гэрээ хэлэлцээр хийх бэлтгэл ажилд оролцож байсан гэл үү?
-Энэ үеэс аав минь Судар бичгийн хүрээлэнгийн сул буюу орон тооны бус оюунтан болж судалгааны ажлын захад хүрч, олон эрдэмтний номын тоосонд багталцах болсон гэх бөгөөд 1929 онд Хүрээлэнд шилжин очиж 1967 он хүртэл тасралтгүй ажиллажээ.
-Үүний хажуугаар Х.Чойбал сангийн шийдвэрээр Мон гол Улсын хилийн гэрээ хэ лэл цээр хийх бэлтгэл ажлын хүрээнд түүхэн баримт хэрэглэгдэхүүнийг цуглуулан эмхтгэж, “Монголчуудын газар нутгийн ойллого бичиг” хэмээх томоохон бүтээл гараас гаргаж, нэгэн хэсэг Гадаад явдлын яаманд хавсран ажиллаж, генерал Б.Дорж, Ж.Самбуу зэрэг албаны хүмүүсийн хамт хилийн бүх заставаар тойрон явжээ. Сүүлд ЗХУ-тай хийсэн Аварзэд гуайн толгойлсон гэрээнд архивын өвгөн Ээндэн нарын хамт зөвлөгчөөр оролцож, тэр үеийн бүх үйл явдалд оролцсоныг би бүүр түүр мэднэ. Аав 1924 онд намын гишүүнд элссэн бөгөөд намын хоёрдугаар цэвэрлэгээгээр хилс мэдээллээр “эргэж орох эрхтэй” гэдэг тэмдэглэлтэй хөөгдсөн, уг мэдээлэл үндэсгүй гэдгийг шүүх тогтоосон боловч намд дахин элсээгүй гэж намтартаа бичсэн байдаг. Энэ ярилцлагын гол хэсэг нь энэ гэж бодоод олон түмэнд сонин байж магадгүй гэсэн зүйлийг ийнхүү арай урт ярилаа. Нэгэнт асуусан, би боломжийн хэрээр хариулсан болохоор чөлөөт хэвлэл рүү тэмүүлж, олон түмнээ мэдээллээр хангах үүрэг бүхий “Өнөөдөр” сонин танаж хасахгүй, зарим хэвлэл шиг “редакцийн бодлогод нийцүүлэн” засахгүй гэж найдаж байна.
-Аавын чинь “Монгол хэлний тайлбар толь” ховордож, өнгөрсөн жил хуучин номын дэлгүүрт 50.000 төгрөг байснаа одоо 70.000 төгрөг болсон байна билээ. Та аавынхаа номыг дахин хэвлүүлэхгүй юм уу.
-Аавынхаа толийн нэмж зассан хоёрдугаар хэвлэлийг гаргая гэж нэлээн эрт бодсон. 1990-ээд оноос өмнө Академид ажиллаж байхдаа тэр үед жил болгон авдаг байсан Социалист уралдааны үүргээр тоймтойхон амлалт болгож, төлөвлөгөөт ажлын гадуур (цалин хөлсгүй гэсэн үг) хийж эхлээд цөөнгүй үг хэллэг, үгийн салаа утгыг нэмж үндсэнд нь дуусгасан. 1991 онд МУИС-д шилжин ирээд цахим эхийг нь бэлтгэсэн. Монгол бичгийн хэлхээ, хэлзүйн товч танилцуулга гэх зэрэг бас бус шаардлагатай зүйлийг хавсралтад оруулахаар бэлэн болгосон. Одоо ч бас түүхэн үг хэллэг нэмэн цуглуулсаар байгаа. Хэвлүүлэх тухайд, угаасаа том ном болохоор миний мэтийн хүнд зардал мөнгө нь ахдаад байна. Цахим аргаар нийтлүүлбэл арай гайгүй байх талтай болов уу. Энэ завсар Бээжинд 2002 онд аавын толийг анхны эхээр нь монгол бичгээр хэвлэсэн, гэвч санаанд бүрэн хүрээгүй зүйл бий. Нэмж зассан эхийн толгой үгийг үндэслэж “Улаанбаатар” дээд сургууль Солонгосын хөрөнгөөр бүтсэн “Монгол солонгос толь” 2008 онд гаргасан. Мэргэжлийн тользүйн үүднээс ажвал зохиомжийн хувьд зарим шинэ зүйл харагдана. Бас энэ завсар аавын толиос илэрхий авсан хэрнээ ашигласан номынхоо жагсаалтад ч дурдаагүй жижиг бага толь ч гарч л байлаа.

-Шинээр “Монгол хэлний тайлбар толь” гарсан. Энэ нь өмнөхөөсөө их ялгаатай юу?
-Их, дээд сургууль төгссөн арав гаруй зохиогч бүхий таван боть “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь” 2008 онд гарсан. Тэр хэрээрээ үгийн тоо, тайлбар, тодорхой эхээс авсан жишээ зэргээрээ дэлгэрэнгүй болж чадсан. Аливаа хэлний дэлгэрэнгүй их толь бол номын мөр хөөсөн судлагч, орчуулагч хэнд ч болов байж байх ёстой тул энэхүү толь анхаарал татахгүй байхын аргагүй. Үүний сацуу товч толь байх тал талын шаардлагыг үгүйсгэх учир бас байхгүй. Аавын толийн тухайд, анх “Гучин зургаат толь”, Ковалевскийн “Монгол-франц орос толь”-иос холбогдох үгийг түүн оруулсан байсныг нэгэн удаагийн Эрдмийн зөвлөлийн хурал дээр “…толийг яаравчлан дуусгахын үүднээс хуучирсан болон шашны үг хэллэг шаардлагагүй, хасах нь зүйтэй…” гэж санал оруулж шийдүүлсэн хүн дараа нь бичсэн шүүмждээ мөнөөх хасуулсан зарим үгээ ороогүй байна хэмээн нэхсэн, зарим “судлагч” буруу бичдэг жишгээрээ олоогүй зарим үгээ байхгүй байна гэх мэтээр шүүмжлэх тохиолдол гарсан нь нэг биш.
-Өөрөө эрдэмтэн, монгол хэл судалдаг хүн. Толь зохиох юмсан гэж бодож байв уу?
-Бодож байсан, бас толь зохиолцож, толь боловсруулах ажлыг зохион байгуулалцаж явлаа гэж хэлэх учир бий нь 1977 оноос 1991 он хүртэл Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Улсын нэр томъёоны комисс (УНТК)-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсантай холбоотой. Энэ хооронд хэдэн арван мянган үгтэй “Эрдэнэт үйлдвэрийн нэр томъёоны толь”,“Эрдэнэт үйлдвэрийн цутгуурын цехийн нэр томъёо”, хэдэн мянган зурагтай, гурван хэлээр хайн олох хэлхээг нэмсэн “Машин техникийн орос, англи, монгол нэр томъёоны зурагт толь” зэрэг томоохон салбарын толь гаргалцсан. Бас одоо өргөн хэрэглэсээр байгаа газрын (сарны) хэвэл, хувьцаа, хэм гэх зэрэг уламжлалт нэр томъёо орчин цагийн монгол хэлний үгийн санд сэргэж орсон билээ. Гэвч манай академийн зарим дээд удирдлагын санаачилгаар хэвлэлийнхнийг оролцуулан, миний дор ажиллаж байсан, УНТК-т огт хамаагүй хүнээр уг комиссын сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар сонсгол тавиулж …хэтэрхий монголчилж “хэлний шовонизм”-д халтиран орсон… гэж дүгнэснийг намын “Үнэн” сониноор мэдээлж, тэр үеийн аргаар “буруутгах”-ын даваан дээр цаг өөр болж билээ. Энэ мэтээр толь бичгийн салбарт гар бие оролцож, тользүй гэдэг салбар ухааны дөртэй болж “Монгол толь бичгийн судлал” гэдэг судалгаа гаргаж, нэмэн зассаар гурван удаа хэвлүүлсэн. Сүүлийнхээ хэвлэлд цаашид монгол хэлний толь бичиг зохиоход юу юуг анхааран засах талаар тусгай хэсэг нэмэн оруулсан болно.
-Хэл шинжлэлийн ухаанд ийнхүү амьдралаа зориулахад чинь аавын тань нөлөө их байсан болов уу.
-Одоо бодох нь ээ, аав ээж хоёр минь яг хэлний хүн болгоно гэж бодсон эсэхийг нь мэдэхгүй ч, ямар ч атугай багаас номын мөр хөөлгөхөд анхаарсан юм билээ. Аав номын сангаас “Алтан товч”, “Эрдэнийн товч” гэх зэрэг түүхийн, “Мялын намтар”, “Мялын бум дуулал” зэрэг төвдийн, “Гурван улсын үлгэр”, “Жийдаан хуушааны намтар”, “Жүн дагинын тууж” гэх зэрэг эртний Хятадын сонгодог зохиолыг авчирч орой болгон дууддаг. Заримдаа ээж дуудна. Эгч бид хоёр сонсдог байлаа. Тэр үеэс монгол судар номын тансаг сайхан хэл найруулга чихэнд хоногшиж эхэлсэн юм шиг. Дараа нь “Эрдэнийн эрих”, “Хөх Монголын хөх туг” зэрэг зохиолыг өдөр бүр хуудас хуудсаар нь хуулуулдаг байлаа. Сургуульд орохоос өмнө монгол бичиг, кирилл бичгийг гэрээрээ сурсан. Дунд сургуульд байхад аавтай хамт ажилладаг, монгол нөхөртэй Женя Батнасан гэдэг орос бүсгүйгээр англи хэл цагаар заалгасан юмдаг. Аавын танил нөхөд бараг бүгд монгол хэлний талын мэргэжилтэй, яриа хөөрөө нь мөн тэр чиглэлийнх байсан нь надад нөлөөлөхгүй байхын аргагүй байж.
-Таныг Монголын нэгэн үеийн олон том эрдэмтэнтэй хамтарч ажиллаж ирсэн ховорхон азтай хүн гэх нь бий?
-Би ч мөн тэгж боддог. Аавын буянаар багаасаа тэднийг таньдаг байлаа. Их сургуулийн нэгдүгээр ангиа төгсөөд зуныхаа амралтаар академич Ринчен багшийн удирдсан монгол хэл аялгуу судлах шинжилгээний ангид туслах ажилтнаар оролцож Хэнтий, Дорнод аймгаар бараг хоёр сар явж, хэрэглэгдэхүүн цуглуулах арга барилын зах зухтай болсон. Дараа жил нь Ринчен багшийг дагалдаж Булган, Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгаар зунжингаа явж билээ. 1967 онд Их сургууль төгсөхийн өмнөхөн дээд газраас гурван том академичид шавийн орон тоо баталж өгсөн нь миний хувьд олдошгүй завшаан болж, намайг боломжийн гэж бодсон юм болов уу даа, Ринчен багш минь гарынхаа шавиар авсан юм даг. Ингээд бараг арван жил багшийг дагаж ажилласан. Намайг Академид ажиллах эхний арав гаруй жилд хэл, түүх, эдийн засаг, биологийн салбарт ахмад үеийн олон том эрдэмтэд амьд сэрүүн, уулзаж учрахаараа ном л ярьдаг сайхан үе байжээ. Орчлонгийн эрхээр тэд цөөрөөд ирэхэд хүмүүс цуглахаараа хов жив, ном биш нам ярьж, бүлэглэн булаганах нь ерийн зүйл мэт болж байна уу даа гэж бодогдоход хүрсэн. Тийм зүйл намайг ч бас тойроогүй.

-Эрдэмтэд хоорондоо санал зөрөх нь хэвийн үзэгдэл. Бас багш шавиараа ч талцаж “тэмцэлдэх” нь бий. Харин өөрийг чинь иймэрхүү хурц маргаанаас алсуур явдаг хүн гэдэг?
-Номын маргаан бол хаана ч байдаг ерийн зүйл, тантай санал нэг байна. Харин номын маргааныг нам буюу улс төртэй холбохоор л ёсон бусын зүйл болдог. Ринчен багш насан туршдаа ийм ёсон бусын зүйлийн золиос болсон гэдгийг хүмүүс мэдэх болжээ. Монголд “Багшийг нь гэвэл шавийг нь, шавийг нь гэвэл шар нохойгий нь” гэдэг үг байдаг. Сайн, муу аль ч талаараа энэ үг үнэн юм байна гэдгийг би яс махаараа үзсэн ч, хэлмэгдсэн гэж хэлэхгүй. Миний төгссөн МУИС намайг шилжин ирж ажиллаач гэж хэдэн удаа хүссэн. Эхэн үедээ би “Аав болон багшийнхаа ажиллаж байсан газраас холдмооргүй байна…” гэж үнэн бодлоо учирлаж байлаа. Нэг ухаантай хүн “Жаргалтай хүн гэж өглөө ажилдаа баяртай нь аргагүй яваад, орой гэртээ баяртай нь аргагүй харьдаг хүнийг хэлнэ” гэсэн байдаг. Гэтэл 1990-ээд оноос өглөө ажилдаа явах нь жаргалтай бус нажидтай болоод ирсэн тул 1991 онд МУИС-ийн хүсэлтийг хүлээн авч, шинэ зохион байгуулалтаар буй болсон Монгол судлалын хүрээлэн (сургууль)-гийн захир лаар шилжин ажилласан. Эхний үед цалин мөнгөний хувьд бага зэрэг буурсан ч “өөхтэй хавирганаас өлзийтэй хавирга” гэдэг үг санаанд ороод байсан. МУИС тайван ажиллах үлэмжхэн бололцоог хангаад зогссонгүй багш, профессор гэж дуудуулах эрхийг ч давхар олгосон. Дандаа ашиг хожоог эрмэлзэлгүй хэн ч гэсэн аж төрөл залгуулж байгаа газартаа “малгай тавибал манайх” гэгчээр өөриймсөг байх ёстой гэж боддог, зүтгэдэг. МУИС-д хориод жил ажиллахад ихэнхдээ сайныг, түрхэн зуур мууг сонсож явлаа. Яргуулан бодоод үзэхэд муугийн углуурга нь бас л түрүүн хамт ажиллаж байсан зарим нэг хүнтэй холбоотой нь тодорхой байдаг юм. Гэвч аливаа шударга шалгуур бол цаг хугацаа гэж боддог, тэгээд ч тэвчиж хүлээнэ гэдэг бол муу юм огт биш.
-Та Монгол судлал, монгол хэл шинжлэлийн салбарт олон бүтээл туурвисан. Эдгээрийн аль нь таныг их “зовоож” байж төрсөн бол?

-Бүтээлийн жагсаалтаа үзвэл ганц сэдэвт ном, хамтын бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл, сургалтын үйл ажиллагаа гээд бараг гурван хэвлэлийн хуудас болсон байна. Сэдэв хүрээний хувьд монгол хэл, үсэг бичиг, уламжлалт мэдлэг соёл, эх бичиг судлал… гээд нэлээд өргөн хүрээг хамарсан гэж хэлж болмоор. Энэ бол миний сайных огт биш, нэг зүйлийг судалж гэмээ нь хэл, бичиг, хэлбэр, утга, түүхэн гарал үүсэл, зан заншил … гэх мэтээр холбогдож болох бүх талаас нь харах ёстой гэдэг эрдэм шинжилгээний ажлын ер энгийн шаардлагатай холбоотой. Үүнээс үүдээд боловсролд дулдуйдан бодож сэтгэхийн хажуугаар бичиж цэгцлэх “хар ажил” гэж байдаг нь багагүй зовлонтой. Багшийн сургаснаар судалгааны аливаа “хар ажил”- д хүний царай харахгүй гэж өөрөө хийдэг.

Бусдын хийсэн юм санаанд таардаггүй юм билээ. Зарим мэргэжилд үсгийн ганцхан сангаар бичээд дуусгаж болдог бол хэлний судалгаанд огт өөр, ялангуяа монгол болон монголчуудын хэрэглэж ирсэн арваад бичиг үсэг, дээр нь хятад, араб, армян, солонгос, латин зэрэг хэл бичгээр түүхэн баримт дурсгал нь байдаг монгол хэлийг судална гэхэд тэр бүрийг анхаарахгүй бөгөөс судалгаа “төгс” болохгүй. 1981, 2001 онд хэвлүүлсэн “Монгол үсэг зүй”, “Монголчуудын үсэг бичгийн товчоон” гэдэг номыг бичихээс илүү хэвлэлд бэлтгэх нь зовлонтой байсан. 1981 онд тэр номыг хэвлэлийн эхээр бэлтгэхэд заримдаа нэг хуудсыг кирилл, монгол, манж, латин үсгийн, тэгээд тарган, туранхай үсэгтэй гээд зургаан бичгийн машинд зай тохируулан оруулах жишээтэй. Цэвэр гаргахын үүднээс цөмд нь нүүрс бүхий цаасан тууз суулгасан. Харин одоо цахим хэрэгсэл гараад үлэмж хөнгөвчилсөн боловч олон бичгийн янз бүрийн тигийг зөөж оруулах хэрэгтэй нь мэдээж. Бас манай нөхцөлд гадаадад гарсан ном зохиол олж үзэхэд хэцүү боловч номын садан нөхдийн хүчээр болгоод байгаа ч цаг алдах нь бас хэцүү.
-Хувь хүний ямар ч судалгаа шинжилгээний ажилд бахархал гэж байдаг. Таны хувьд?
-Бахархлын тухайд гэвэл, номын мөр хөөсөн хүнд “янзаганд таарсан нум” гэгчээр мэргэжлийн бус хүнд “…үзүүлмээргүй, ичмээр дам шиг даа” гэдэг шиг ганц үг, ганц санаа олоод, бичсэн юмаа дуусгаад, эсвэл хэвлүүлээд, бас бусдын сайн бүтээлийг олж үзээд сэтгэл тэнийх зэрэг олон бахархал, олон таашаал бий. Бас баярлах гэж ч бий. Миний ном өгүүллээс бараг 30 хувь нь Ази, Европ, Америк тивийн арав гаруй оронд арваад хэлээр хэвлэгдсэн. Энэ далимаар хэлэхэд, монгол уншигчдад зориулсан өгүүллийг гадаадад хэвлүүлэх өгүүллээс өөр бичих шаардлага гардаг. Наад зах нь нэг өгүүллээс эш татлаа гэхэд гадаадад нийтлүүлэх тухайд зөвхөн зүүлт хийгээд болдог бол манай уншигчид тухайн өгүүллийг тэр бүр мэдэхгүй нь олон тул утга санааг нь нэмэн тайлбарлах хэрэг гардаг.
Ц.Шагдарсүрэн: Хэлгүй болбол бид бусдаас юугаараа ялгарах вэ

Миний гол хоёр бүтээлийн сэдэв бол монголчуудын хэрэг лэж ирсэн үсэг бичиг, монголчуудын уламжлалт мэдлэг ухааны судалгаа. 1970-аад оноос эхэлсэн энэ бүтээл минь, одоо бараг хэн бүхний мэдэмхийрэн ярьдаг болсон сэдвийнхээ хувьд тухайн үед нам төрийн зүгээс огт дэмждэггүй салбар. Тэгээд ч Улаанбаатарт хамгаалах зөвшөөрөл олдохгүй нь мэдээж учир Ринчен багшийнхаа зөвл өснөөр францаар бичиж, 1977 онд Польшийн ШУА-д хамгаалсан. Одоо бодоход тэр үед нам төрийн бодлогод нийцсэн, хялбархан бичээд хамгаалчих сэдэв рүү ороогүйдээ, (“нүүр нь далд ч нүгэл далдгүй” гэгчээр багшийн минь сүлд харж байгаа) нам төрд үнэлэмжгүй байсан багшдаа итгэх сэтгэл хоёрдож байгаагүйдээ өөртөө бахархлаа гэхээс илүү цаана нь тэнгэр харсан буй за гэж санаж явдаг. Ном бүтээлийн тухайд, сүүлд дотоод гадаадын мэргэжил нэгт нөхөд, шавь нар минь зохиол бүтээлийн минь санаа, бүлэг хэсгийг нь улам дэлгэрүүлэн бичсэн зэргийг бодоход бахархмаар ч юм шиг санагддаг. Ер нь миний бараг бүх сэдэв түүх, уламжлалд хамаарна. Тэгээд ч 2005 онд Төрийн шагнал хүртээсэн буй за. Баярлахын тухайд, миний анхны өгүүлэл 1968 онд Польшид франц хэлээр гарахад нэн сайхан байсансан. Бас насан туршдаа хавчигдсаар насан өөд болсон Ринчен багшийн талаар эргэлт гаргасан Г.Акимын “Эмтэрээ нь үгүй Эрдэнэ” гэдэг өгүүлэл 1988 онд хэвлэгдэхэд бараг үнэндээ докторын зэрэг хамгаалснаасаа ч илүү баярлаж билээ.
-Сүүлийн үед судалгаандаа ямар сонирхолтой шийдэлд хүрч байна вэ?
-Дөч гаруй жилийн судалгааны дүнд Төв Ази болон Европ дахины хэл бичиг, соёл, нийгэм, түүх гэх зэрэг үлэмж өргөн хүрээнд монгол туургатаны оруулсан нөлөө тусгал багагүй гэдэг нь харагдсаар байна. Одоо хоосон ярих бус, баримтаар нотлох цаг болжээ. Үүнд бид давын өмнө өөрийнхөө юманд өөрсдөө эзэн болж судлах ёстой. Баталгаа бүрэн болж гэмээ нь бусдын эргэлзээ арилж, хүлээн зөвшөөрөх болно. Тэр бүр баримтыг гаргахад нэгэн талаас өргөн хүрээтэй, нөгөө талаас нарийн мэдлэг шаардагдана. Бусад улсыг харахад өөрийнхөө улсын судлалд төр засаг нь үлэмжхэн анхаардаг ч бидний хувьд тийм боломж хавьд гарахгүй, харин ч өөрийн юмаа дорд үзэж, өрөөлийн юмыг дээдэлж, наад зах нь Монголыг монголоор нь авч ирсэн монгол малаа ад үзэн, дөрвөн улиралд гэрэл цахилгаантай дулаан байранд байдаг гадаад мал руу нүд унагах болжээ. Ингэж гэмээ нь монгол мал үгүй болоод зогсохгүй хүн төрөлхтний буй болгосон ариг онгон байгальд зохицсон нэгэн төрөл таван хошуу малын зүйл устана гэсэн үг. Ийм болохоор судлагч хүн одоохондоо өөртөө найдах л үлджээ.
-Аливаа хүний амжилтад гэр бүлийнхэн нь ихээхэн хувь нэмэр оруулдаг. Хүүхдүүдийн тань дундаас Монгол судлал, хэл шинжлэлд хүчээ сорьж яваа хүн бий юү?
-Тийм шүү. 1968 онд Б.Мөнхжаргалтай гэрлэсэн. Нийслэлийн 3, 57, 31-р сургуульд орос хэлний багшаар ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ суусан ч монгол аав ээжийн жишгээр зээ, ач нараа үргэлжлүүлэн харсаар байгаа. Мэдээж “сайн хань сахиус, муу хань чөдөр” гэгчээр миний ажил төрөл, аав ээжид гэргий маань сахиус болсноос биш чөдөр болоогүй нь тэнгэрийн таалал буй за. Манайх нэг хүү, хоёр охинтой. Тэд маань туурга тусгаар аж төрж байна. Бүгд сайн хань ижилтэй. Ач зээ гэвэл энэ хэр тав байна. Их охин Эгшиг МУИС-ийн монгол хэлний ангийг хятад хэлний сонго ноор дүүргээд сургуульдаа хятад хэлний багшаар ажиллаж байхдаа Хятад, Монголын соёлын харилцааны сэдвээр докторын зэрэг хамгаалсан болохоор аав бид хоёрын мэргэжлийг залгасан гэж хэлж болно. Хэрэвзээ хэрэг гарвал манайхан орос, хятад, англи, франц, герман хэлээр байгаа зааврыг уншуулах гэж хүний царай харахгүй, тэгэхээр хэлнээс онц хол биш гэж хэлж болно.

-Одоо манай оронд олон сонин хэвлэл, радио телевиз бий болж, бүгд л “өөр өөрийн хэлтэй, бичих дүрэм нь ч гэсэн өөр” болсон. Манай хэл шинжлэлийн эрдэмтдийг энэ чиглэлээр дорвитой зүйл хийж цэгцлэх байх гэж хүмүүс хүлээж байна. Бас манай үгсийн санд гадаад үг их бий болж. Үүнд буруу байхгүй л болов уу. Аль ч үндэстний хэл гадаад үгээр баяждаг. Энэ талаар та юу гэж хэлэхсэн бол?

-Монголд зөв бичих зүйгээс гадна олон нийтийн эх хэлний боловсрол болохоо байлаа гэж олон хүн ярьж, бичсээр байна. Хэл, сэтгэхүй харилцан шүтэлцээтэй болохоор сэтгэлгээ нь ч мөн тийм болсоор байгааг “АХА” нэвтрүүлэг ч амьдрал дээр батлан харуулсаар байна. Уг нь өнөөгийн Монголд байгаа олон болохгүй зүйлээс үндэстний алс хэттэй хамгийн холбоотой нь хэлний асуудал. Хэлгүй болбол биологийн хувьд Азийн бусад үндэстнээс юугаараа ялгарах вэ? Цаашилбал монгол хэлээ дагаад монгол сэтгэхүй үгүй болно оо доо. Хэлний мэргэжилтний шийдлийг олон түмэн хүлээх нь зүйн хэрэг.
Хуучин нэг болохгүй үг гарахад л улсын өмнө үүрэг хүлээж, цалин пүнлүү хүртэж байгаа байгууллага, эрдэмтэд үгээ хэлдэг байлаа. Одоо үгүйлэгдэж байгаа нь тэр. Олон нийтийн эх хэлний боловсрол яагаад ийм болов? Ургамлаар жишвэл үндэс нь үгүй болсонтой зүйрлэж болно. Жамсраны, Ринчений, сонины гэх үү? Жамсрангийн, Ринченгийн, сонингийн гэх үү гэдгийн аль нь зөв болохыг хэдийнээ ялгахаа больсон. Хэрэвзээ монгол бичигтэйгээ байсан бол дээрх гурван үг бүгд хойшоо сүүлээр төгсдөг нь тодорхой тул яагаад ч Жамсрангийн, Ринченгийн, сонингийн гэхгүй байлаа. Одсэр, Одбаяр гэдэг нэр байлаа гэхэд “од”-ыг нь монгол бичгээр хоёр өөрөөр бичнэ.

Тэгээд эхнийх нь төвд үг байна, хоёр дахь нь монгол үг байна гэж мэдээд авна гэсэн үг. Кириллээр дэвшилт гэдэг үг нь монгол бичгээр дэбшилтэ, дэбшилтү гэсэн хоёр өөр хэлбэртэй байдаг. Эхнийх нь өгүүлбэрт хөгжил дэвшилт гэх мэтээр нэрийн үүргээр, хоёр дахь нь дэвшилт үзэл гэх мэтээр тодотголын үүргээр ялгаран орно. Одоо энэ бүх ялгааг хүн ухахаа больсон. Тэгэхээр монгол бичиг байхгүй болсон нь монгол хүнд монгол хэлний унаган мэдрэмжийг нь тэтгэж байсан үндэс нь байхгүй болсон гэсэн үг. Бид их гүрний алсын бодлогын золиос болсон, үүнд нь нэг бус монгол хүн нэгэн мөрийн хүчин болсон. Англи хэлний толийг үзэхэд бичлэг дуудлага нь үлэмж зөрдгийн учир толгой үг бүрийн ард дуудлагыг нь хаалтанд хавсаргадаг. Монгол бичиг ярианаас зөрдөг боловч англи хэлнийх шиг тийм хэмжээнд хүрээгүй. Гэсэн ч монгол бичиг “хоцрогдсон” гээд бид шинэ үсгээр “зассан”. Тэгвэл англи (франц, герман ч мөн адил) хэлтэн яагаад манай туршлагыг авахгүй байгаа юм бэ? Бодож үзэгтүн! Дээр олон зүйл дээр тавьсан асуулттай санаа нийлж тийм гэсэн. Одоо нэг зөрөх юм гарах нь. Нэгэнт олон нийтэд зориулсан хэвлэлд зориулж байгаа тул онол ярьж номчирхолгүй жишээ эхлэн толилуулъя. Манай олон хүн “олон улсын, дэлхий нийтийн үг гэж байдаг, түүнийг орчуулдаггүй юм” гэх нь буй.

Компьютер гэдэг үг, түүнтэй холбоотой үг хэллэгийг тийм үгийн тоонд багтаагаад байгаа. Гэтэл франц хэлэнд компьютер-ийг ordinateur, file(s)- ийг fichier(s), printer-ийг imprimant, delete-ийг supprimer, exit-ийг sortir, Германд folderийг Ordner, file-ийг Datei гэдэг. Хэдэн арван сая хүнтэй улс орон өөрийнхөө хэлийг ингэж болоод байхад хоёрхон сая илүү монголчууд яагаад ийм болов? Соёлын гавьяат зүтгэлтэн, сайд бөлгөө Гомбосүрэн гуай хэдэн жилийн өмнө ийм зүйлийг “колонийн сэтгэлгээ” гэж нэрлэсэнтэй санал яг нийлж байна. Дээр нь “колоничлуулахад дуртай сэтгэлгээ” гэж тодруулмаар байна. Харь үгийг авах талаар В. И. Ленин болон Оросын ардчилсан үзэлт олон сэхээтэн сөрөг баримтлалтай байсан, харин И.В.Сталин 1950-иад онд “Марксизм хэл шинжлэлд холбогдох нь” гэдэг товхимолдоо “хутгалдсан хэлний онол” гэгчийг гаргаж ийм өгөө авааны дүнд ялсан хэл нь улам хөгждөг, ялагдсан хэл нь мөхдөг, орос хэл бол ямагт ялсаар ирсэн хүчирхэг хэл гэдэг “онол”-ыг дэвшүүлснээр харь үг орохын үүд хаалгыг цэлийтэл нь нээсэн юм. Бид түүнийг нь дуурайсан, гэхдээ “ялагдвал мөхнө” гэснийг нь анхаараагүй гэж найдахаас.
Саяхан “Эх хэлээ эвдэхгүй юмсан” гэдэг номынхоо нэмж зассан хоёрдугаар хэвлэлийг гаргасан, тэндээс дээр өгүүлсэн зүйлийг эшлэлтэй нь тодруулан үзэж болно. Бас монгол хэлний мөн чанар, бусад хэлнээс ялгарах ялгаа, өнөөдрийн олон нийтийн хэлний мэдлэг, сөрөг үзэгдэл хийгээд түүний үүссэн шалтгаан, төгс төгөлдөр биш ч гэсэн дээрдүүлэн засах арга зэргийг энэ номоос үзэж болно. Бас нэгэн зүйл: Манайд олон болохгүй зүйл байна гэж дээр хэлсэн. Өөр хоёр болохгүй зүйлийн түүхэн давтамжийн талаар товч сануулмаар байна.

1.1920-иод оны эхээр Коминтерний төлөөлөгчийн Москвад танилцуулсан тайланд ил тод өгүүлсэн нь: “…Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францын нутгийг нийлүүлснээс том… Тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө бусармаг аргаар ч атугай хадгалахад манай зорилт оршино… Ердөө л найман зуун мянган малчдаас бүрдсэн энэ улсад социализм байгуулна гэхээс дээрх зорилт маань илүү чухал, газар нутаг нь хүн ардаасаа илүү ач холбогдолтой юм…” Одоо бол Монголын үнэ цэнэ үүнээс хамаагүй дээшилсэн. Коминтерн одоо байхгүй ч их гүрнүүд аль нь ч байлаа, эцсийн зорилго нь нэг гэдэгт эргэлзэх хэрэггүй. Монгол хүнгүй Монгол орон тэдэнд хамгийн ашигтай. Бидний өнөөгийн байдал ч яг ийм зорилгод чиглэгдээд байгаа юм биш биз?! гэж бодогдоход хүрээд байна. Батлах олон баримт ч эрж ядах юмгүй олдоно.

2. И. В. Сталин 1934 оны арваннэгдүгээр сарын 15- нд Монголын Ерөнхий сайд П.Гэндэнгийн танилцуулгыг сонсоод ингэж хэлсэн гэдэг тэмдэглэл нь буй: “…Байдлыг үзвэл танайд улсын дотор улс байгаа юм байна. Нэг засгийн газар нь – Гэндэнгийн засгийн газар, нөгөөдөх нь лам нарынх. Тэгэхдээ лам нарын засгийн газар нь илүү хүчтэй…” Эгэл бидний өнөөдрийн амьдрал, бодит байдал, түүнээс үүссэн бодлоор одоо бид үүнийг ингэж буулгаж болохоор байна: “Одоо манайд хоёр засгийн газар байна. Нэг нь албан ёсны засгийн газар, нөгөө нь “ченж”-ийнх. Тэгэхдээ “ченж”-ийн засгийн газар нь илүү хүчтэй. Үүгээр товчлоё. Тодруулах баримт эрэх юмгүй захаас аван олдоно доо.
-Хүн бараг судлаагүй бай гаа нэгэн ажил таны анхаарлыг татаж байгаа гэсэн. Ямар ажил гэдэг нь сонин санагдаж байна?
-“Бурхан буян хайрлаад, чөтгөр чөлөө өгвөл” бодсон юм багагүй байна. Гол нь Хан улсын үеэс эхлэн Хятадын түүхэнд тэмдэглэгдсэн эртний монгол хэлний баримт болон хятад, араб, армян зэрэг үсгээр галиглан тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний хэрэглэгдэхүүнд түлхүүхэн анхаарч, монгол хэл аялгуу, Алтай овгийн бусад хэлний хэрэглэгдэхүүнтэй харьцуулах бодолтой. Энэ бол бараг судалгаанд өртөөгүй амар ажил биш ч ядахдаа аргазүйг анхны хувилбараар нь тэрлэх юмсан. Энэ нь зөвхөн монгол хэлний төдийгүй энэ хэр эрдэмтдийн санал нэгдээгүй Алтай хэлний судалгаанд ч чухал хэрэглэгдэхүүн болно. Үүнээс гадна монголчуудын уламжлалт соёл, түүний хувь нэмрийг тодруулах, сургалтын гээд бас бус бодол бий.

П.СОЁЛДЭЛГЭР

Yariltslagiig http://www.mongolnews.mn site-aas avlaa

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: