Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Цагаан шонхор Есүхэй баатрын сүлд биш гэж үү


| Өнөөдөр
2006/08/25 – 16:33, Баасан гараг

Төрийн сүлд болон сүлд дууллын хэлэлцүүлгийн далимаар сүүлийн үед зарим нэг академич, докторууд Монголын гол түүхэн эх сурвалжийн чухал мэдээг өөрсдийнхөө үзэл санаанд нийцүүлэн мушгин тайлбарлахыг оролдох болжээ.

Доктор А.Очирын “Өнөөдөр” сонинд нийтлүүлсэн  “Чингис хааны төрж гарсан овгийн үүсэл, түүний онгон хийгээд тамганы учир “2006.04.14 №086 /2740/”, академич Х.Сампилдэндэвийн “Өөрөө тодорсон гэрээнд өргөх үг” “Зууны мэдээ” 2006.06.08 №137 /2273/ гэсэн хоёр өгүүлэлд Чингис хааны эцэг Есүхэй баатарын сүлд сүлдэр цагаан шонхор шувуу хэмээн Монголын нууц товчооны 63 дугаар зүйлд дурдсаныг илтэд үгүйсгэсэн байх юм. Нарийн яривал онгон сүлд, сүлдэр гэдэг үгс утга агуулын хувьд хоорондоо нэлээд ялгаатай юм шиг байна.

Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д онгон гэдэг үгийг онгон тахилга, онгон уул /тахилгат дархан уул/, онгон дэл /олон жил хяргаагүй дэл/, онгон үс /залуу хүний цагаан үс/гэх мэтээр. Сүлд гэдгийг сүр жавхалан, сүр сүлд, улсын сүлд /улсын эрхэмлэн үзэх албан ёсны тэмдэг…/сүлд дуулал/ төрийн дуулал/, сүлд тэмдэг /улсын сүлд гэх мэтээр тайлбарласан байх юм. Тэгвэл Монголын нууц товчооны дээрх зүйлийн Хонгирадын Дэй сэцэн, Есүхэй баатар хоёрын ярианд нар, сар, цагаан шонхор шувуу, сүлд гэдэг үгс байхаас онгон гэдэг үг байхгүй. Онгон гэдэг үг нэлээд хожим үүссэн байж магадгүй. Академч, доктор хоёрын дээр дурдсан өгүүллүүдийг уншихад сүлд, онгон гэдэг үгсийн утга ялгаа нарийн гараагүй юм шиг байна. Нэрт түүхч Г.Сүхбаатар асан Хүннүгийн хуянь овгийг Монголын киян /хиан/ гэж үзсэн билээ. /Сяньби УБ 1971 34-35 дахь тал/. Энэ нь Г.Сүхбаатар асан “Монголчуудын эртний өвөг” /1980/ номдоо “Хүннүгийн, дархад бөөгийн малгайн гол ялгаа нь Хүннүгийн малгайн духан дээр шувууны нүүр, дархадынх дээр хүний нүүрний дүрс оёж хийсэн байдаг.

… Ноён уулын булшийг манай эриний зааг орчмын гэж үздэг. Энэ үед Учжулю зэрэг Хүннүгийн шаньюй эхийн талаас хуянь овгийнх байсан. Хуянь овгийг бид киян /кияд/ овог мөн гэж үзэж буй. “Монголын нууц товчоо”-ны мэдээгээр кияд овгийн тотем нь цагаан шонхор /Falco cherrug/ юм. /75 дугаар тал/ гэж үзсэн байдаг. Монголын түүхийн сурвалжуудад Чингис хааны алтан ургийн язгуурыг Кияд аймгийн тэргүүлэгч дээд тэнгэрээс заяат Бөртэ Чинуагаас /758 онд төрсөн/ эхэлдэг гэж бичсэн байдаг билээ. Түүний удам хэдийгээр Добу мэргэн дээр тасарсан боловч Чингис хааны эцгийг Есүхэй хиан гэж нэрлэж байсан аж. Бүр тодруулж хэлбэл, Хамаг Монголын голлох аймгийн нэг хиад аймгийн зонхилогч нь Есүхэй баатар байжээ.  Бодончирын 10 дахь үе хиад аймгийн боржигин овогт Есүхэй сүлд нар, сар, цагаан шонхор шувуу байсныг Монголын нууц товчоо бидэнд хамгийн ойлгомжтой өгүүлж байна. Дэй сэцний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу бол ямар нэг аман зохиолын өгүүлэмж биш, хиад аймгийн сүлд жинхэнэ цагаан шонхор шувуу болохыг ямар ч эргэлзээ төрүүлсэнгүй шууд хэлж байгааг түүхч, судлаачид урьд өмнө тайлбарласан байдаг. Тухайлбал, нэрт түүхч Д.Гонгор асан “Халх товчоон” бүтээлийнхээ хоёр ботид “Эртний Монголд нэгэн өвөг дээдсээс угсаалан элгэн садны холбоогоор гагнагдан шүтэлцсэн бүлэг цөлөг хүмүүсийн нэгдлийг овог гэдэг. Овог бол сүлд, туг, онго шүтээн, уриа хашгираатай. Жишээлбэл, Хиад боржигин овог цагаан шонхор онго /сүлд/, есөн хөлт цагаан туг, хар сүлдтэй хөх тэнгэрийг шүтээн болгодог байжээ.

Академич Ч.Далай “Хиад боржигин овгийн гол шүтээн нь цагаан шонхор байсан гэнэ. Цагаан шонхор бол угаасаа талын монголчуудын эрхэмлэж байсан онгон шүтээний нэг мөн билээ” гэж бичсэн байдаг. /Хамаг Монгол Улс/ 1101-1206/ ред. А.Очир. УБ 1996 23 дахь тал/

Ингэхэд цагаан шонхор гэж ямар шувуу байна вэ? Бусад шонхороос хамгийн том нь 55-60 см урт, далавчаараа толботой, элгэн биеэрээ цагаан, хүчирхэг махир хумс, бүргэдийнх шиг бат бэх хошуутай, үзгэслэн төгс, гоо сайхан жигүүртэн ажээ. Одоо энэ гайхамшигт шувуу ховордсон учир ОХУ-ын улаан номд бүртгэгдсэн байна. Өнөөдөр цагаан шонхор шувуу хойд тундраас цааш мөсөн далайн арлууд хүртэл тархжээ.

Монголын тав дахь их хаан Хубилайн дэргэд 17 жил /1272-1289/ алба хаасан жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номондоо … Дөчин өдөрийн замыг туулбал тэнгис далай /хойд мөсөн далай/-д хүрч ирнэ… Их хаан тэр шонхорыг таалан хэрэгсэх бол түүнийг авахуулахаар хүн зарна… Тэр далайн нэгэн арал дээр цагаан шонхор шувуу байдаг… Саяны арал дээр цагаан шонхор шувууд үлэмж элбэг учир их хаан чухам хэчнээн бол төчнөөнийг таалж авна /УБ, 1987 74-75-р тал/ … Тэрээр арван хоёр шилдэг сайн шонхороо авч явдаг /мөн номын 109 дугаар тал/ гэж онцлон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн Монголын хаадад цагаан шонхор шувуу бэлэглэдэг байсан гэдэг. Чингис хааны хөвгүүд Цагаадай, Өгөөдэй нар цагаан шонхор шувуугаар ан хийдэг байсан талаар дорно дахины сурвалж бичигт өгүүлжээ. Цагаан шонхор Хөвсгөлийн Дархад нутгийн Шишгидийн голд үзэгддэг байсныг профессор Х.Мөнхбаяр, Ч.Чинбаяр нар бүртгэсэн байдаг. Нүүдэлчид тухайлбал, өвөг монгол, түрэг угсаатнууд нэн эртнээс тэнгэрийг бишрэн шүтэж иржээ. Хүн улсын шаньюй өглөө наранд, үдэш саранд мөргөж, сар сарын шинийн 1-ийг хүндэтгэдэг байсан гэдэг. Мөнх хөх тэнгэрийг биширдэг нүүдэлчдийн аль аль нь /монголчууд ч, түрэгчүүд ч/ өнгө жавхлан төгс, хүчирхэг жигүүртнийг сүлдлэн дээдлэх нь зүйн ёсны хэрэг биз. Төв Азийн уул тал нутгаар элбэг тохиолддог төрөл бүрийн шонхорыг нэн эртнээс /үндэстэн ястнаараа төдий л ялгараагүй байсан үеэс/ угсаа гарал  нэг Монгол, Түрэг аймгийн хэн хэн нь шүтээнээ болгосныг өнөөдөр зориудаар зөвхөн түрэг аймгуудад  хамааруулах нь эдүгээчиллийн хамгийн тод хандлага гэлтэй.

Доктор А.Очир “Хүннүгийн эрх барьсан овгийн онгон нь чоно байсан гэж нэрт түүхч Гүнжийн Сүхбаатар агсаны нотолгоог дурдаад хожмын язгуурын монголчууд чоно, бугын эрхэмлэн шүтдэг байсан нь Хүннүгийн үеэс уламжилсан” гэж өгүүлэлдээ дурджээ. Тэгвэл түрэгчүүдийг бас чонон гаралтай тухай домгийг нанхиадын Ли-Дай гэдэг сурвалжийн 1827 дугаар талд дурдсаныг доктор А.Очир над мэтээс илүү мэдэж байгаа. Тэр сурвалжид: “Түрэг бол Хүннүгийн тусгай угсаа” гээд… туг дээр нь чононы алтан толгой байдаг /Ли-Дай 1829-1830 дугаар тал/ гэжээ. Yүнчлэн нанхиадын Синь тан шу зохиолын 217 дугаар бүлэгт “Уйгурын өвөг дээдэс нь Хүннү нар” гэсэн байх юм. Түрэг, Уйгур нар туг дээрээ чонын толгойны дүрс хадсан байсан гэдэг. Чоно бас тэдний онгон шүтээн байсан юм уу гэмээр. Тэгэхээр чоныг онгон шүтээнээ болгосон ард түмэн ганц боржигин овгийнхон биш бололтой.

Нэрт түүхч А.Очир уг өгүүлэлдээ “Боржигин овог онгоноо эрт мартсан болоттой” гэсэн байна. Хэрэв тийм бол Добу мэргэнээс хойш мартсан байх. Харин Боржигин овог Бодончар богдоос хэдэн үеийн өмнө үүссэн бололтой. Бодончир Боржигин овог болсоноос биш уг овгийг үүсгээгүй, түүний хувьд шүтээн нь харцага, шонхор байх магадлалтай. Тэрбээр харцага шонхор тэжээж галуу нугас бариулан амь зууж байв    Түүний эх Хорь түмэдийн Хорилардай мэргэний охин Ариг уснаа төрсөн Алунгоогийн овгийн шүтээн цагаан шонхор байсан байж магадгүй Харцага бол нугас, хэрээнээс том шонхорын төрлийн шувуу юм. Ан барих арга барил нь ч шонхортой адилхан. Монгол бөх эрт дээр үеэс харцага, шонхор цолтой байсан болохоос бүргэд, тас гэдэг цолтой байгаагүй. Чинис хааны эцэг Есүхэй хиан шувуучилж явахдаа Өэлүн хатныг олзолсон байдаг. Шувуучилна гэдэг жигүүртнийг нум сумаар харваж намнахаас гадна анч харцага, шонхороороо бусад шувууг бариулна гэсэн үг. Казахууд бол бүргэдээр ангуучилдаг, бүргэдийн дуудлагатай. Yндсэндээ Хамаг Монголын өргөмжлөгдөөгүй хан байсан Есүхэй баатарт Дэй сэцэн “Юун зүүд байх вэ? Танай хиад иргэдийн сүлд ирж заасан ажгуу” гэж чин үнэнийг л хэлж байна. Дэй сэцэн манай сүлд гэж хэлээгүй. Дэй сэцний зүүдэнд үзэгдсэн цагаан шонхор шувуу ёр совингийн битүү дохио ч биш. Аман зохиол дахь бодит үнэний тусгал юм.

Доктор, профессор А.Очир казахын угийн бичгийг дурдаж Чингис хаан Дундад Азийг эзлээд эрхэмлэн шүтэх шувуу нь шонхор гэж соёрхсон байна. Хэрэв шонхор шувуу нь боржигин овгийн онгон байсан бол их хаан өөрийн онгоноо харь Казахын  бэлгэ тэмдэг болгон өгөх ёсгүй гэжээ. Чинис хаан өвөг дээдсийнх нь шүтээнтэй адил конрад овог шонхор шувууг шүтэж байсныг хүндэтгэн үзсэн байх болно биз. Мянганы суут хүн Чингис хаан тэр бүхэнд ухаалаг уужим сэтгэлтэй хандахаас гадна конрад овгийн гарлыг лав л Рашид-Ад-Динаас  илүү мэдэж байсан гэхэд хэн эргэлзэх билээ. Тэр үед Төв Азид тун элбэг тохиолддог /одоо ч бишгүй наймаалцаж байгаа/ төрөл бүрийн шонхорын аль нэгийг шүтээнээ болгож байсныг их хаан сэргээж өгсөн байж болно. Энэ тухайд доктор А.Очир зөв хэлсэн байна.

Хэрэв Хиад боржигин сүлд цагаан шонхор биш байсан бол тэр үед /13-р зуун/ юунд цагаан шонхорын дүрстэй дарцаг хийх билээ. Академич Х.Сампилдэндэв “Тэгвэл цагаан шонхор нь Чингисийн алтан урагт бус Дэй сэцний овогт хамрах юм” гэж түүхэн эх сурвалжийн мэдээг өөрийхөө үзэл бодолд тааруулан мушгин гуйвуулсан байх юм.  Харин Есүхэй баатар Хиан аймгийнх юм. Монголчуудын аймаг, овог өөр өөр онгон шүтээнтэй байсны дотор Хиан аймгийн сүлд яах аргагүй цагаан шонхор байж. Эртний сурвалж Хонгирал хэмээх монгол аймгаас нэг хэсэг нь тасарч баруун тийш Дундад Ази хүртэл алс газар нүүдэллэн суурьшиж түгсэнийг Чингис хааны хадам Дэй сэцний тухайн үеийн овогтой адилтгаж үзэх нь утгагүй мэт. 3000-4000 км хол нүүдэллэн нисдэг цагаан шонхор бусад шонхорын нэн эрт гарал үүслийн нэг байсан Монгол түрэг олон янзын овог аймгийн хэн нэг нь нөгөөтэйгээ адил энэ хүчирхэг жигүүртнийг шүтээнээ болгож байсныг монголчуудын ноёрхолыг битүүдээ таашаадаггүй Перс түүхч Рашид-Ад-Дины бичсэнийг иш татаж цагаан шонхорыг зөвхөн уйгур, казахуудын онгон байсан гэх нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болно. Энэ нь түүхэн баримтыг зохимлоор будлиантай болгохоос өөр юунд ч хүргэхгүй.

Монголын нууц товчоог Чингис хааныг амьд байхад зохиож эхлэсэн байх магадлалтай. Тэгвэл судрын чуулган Монголын нууц товчооноос 70-80 жилийн хойно зохиогдсон “Судрын чуулганд” монголчуудын талаар үнэн зөв мэдээ баримт ихээхэн орхигдсон байхыг үгүйсгэх аргагүй.

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: