Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Хүйс тэмтрэх гэсэн үгийн тухай


| Origo.mn
2006/12/17 – 15:39, Ням гараг

Эдүгээ бидний үеийнхэн хүйс тэмтрэх гэдгийг эртний нүүдэлч өвөг дээдсийн үе дэх аль нэг өшөөт овог аймгийнхныг толгой дараалан бүгдийг алж устгахыг хэлж буй хэмээн ойлгох болжээ. Гэвч үгийн утга хийгээд түүх сурвалж дахь зарим мэдээг нягтлаваас энэ нь толгой дараалан бус харин эр хүйстнийг түүвэрлэн алж хороохыг хэлж байгаа мэт.

Учир нь Лувсанданзаны Алтан товчийн 150, 156-р талд  /Охин бол үсийг нь самла /самна/, нуган бол голыг нь самла/  хэмээн өгүүлж буйн эхнийхэд:
“Монголыг ойрад авсан хойно Эсэн тайш Шигүшидэй ноёныг /Хавт Хасарын хүү Есүнхэйн хойчис/ урив. Шигүшидэй гучин нөхөртэй эчив. Арван нөхөртэй өргөөнд оров.  . . . арван нөхөртэй нь алав.
Ойрдын хүн, шувуу барьж энэ ямар шувуу вэ гэж байтал нүцгэн хүүхэд ирээд, ам нь их, алга нь агуу, мөр нь дэрвэгэр, сүүл нь шувтгар, ийм шувууг зулзган хачир дарвид гэгч байнам гэсэнд тэр хүн эчээд Эсэн тайшид хэлэв. Энэ шувууг бид эс таньж билээ. Монголын нэгэн багахан хүүхэд танив гэж хэлэв.

Эсэн тайш өгүүлсэн нь: Тэр хүүхэд атаатай байнам. Авч ир. Шигүшидэй баатрын хүүхдийг эрж эс олж билээ. Охин бол үсийг нь самла, нуган бол үсийг нь самла гэж элч илгээв. Элчийг үзээд солонгодын Санхулдарын эм Харагчин дайбучин Болунайг бүү хөдөл гэж тогоогоор хөмөрч дээр нь аргал цутгав. Эндүүрүүлж өөрийн хөвгүүнээ өгөв. Нэг нь боож алья гэж нүцэглэж хүзүүнд бооми өмсгөв. Нөхөр нь, тэр өдрийн хүүхэд туулай юутай нүдэнд галтай билээ. Энэ биш, бүү ал гэж тавив. Тэр элчийг гарсан хойно Харагчин дайбучин хүүхдэд сургаал хэлэв. Чамайг буруулуулж тавья. Чи ойрадыг их ч занчив, бага ч занчив гэмтэй. Эцэг, эх, нутаг аймгаа багадаа автсаны тул үл мэдэм гэж яв гэв. Түүний хойно ойрадын Илачу баянд талбив. Эцэг эх юүгээ эс мэдэв чи. Манай ойрадын үр байнам гэж хайлан авч явав. Харагчин эрдээ хэлэв. Бидний ноёны үр билээ, авч монгол газар эчие л гэж хэлэв. Санхулдари газар хол гэж эс болов. Тэгвэл чи суу, хөвгүүнээ авч би эчнэм гэж их хөвгүүнээ магаш /сэм/ илгээж Болунайг хулгаж авч ирээд, Өнөболд ун /ван/ дүүд нь хүргэж өгөв. Өнөболд ун өгүүлсэн нь: Ах юугаа чамайг үгүйд ёсон үгүй би эзэлж билээ. Ёст ах минь чи эзэл гэж хар тугаа эзлүүлэв”.

Дараахид: Хархуцаг тайжийн, ойрадад автсан бэхичи үзэгдэв /нярайлав/. Тэндээс Эсэн тайш өгүүлсэн нь: Охин бол үсийг нь самла, нуган бол голыг нь самла гэж Абаборхи тайтун гэдэг хүнд хэлж илгээв. Бэхичи мэдээд хүүхдийн заагийг хойш нь татаж охин мэт шээлгэв. Тэр хүн үзээд охин байнам гэж Эсэн тайшид хэлэв. Тэр хүнийг харьсан хойно Бэхичи хөвгүүнэ нууж, гэрт явагч Цахарын Хулабад отгийг Удуй эмгэний хүүхдийг эндүүрүүлж өлгийдөв. Тэр хүн бас ирж, өлгийг нь тайлж үзэж охиныг нь лавтай мэдээд охин байнам гэж Эсэн тайшид хэлэв.

Түүний хойно ойрадын Өгэдэй баатар өөрийн ноёндоо уурлаж хэлсэн нь: Би арван гурван үе хошуучлав. Ингэж хүчээ өгч байхад эс хайлав гэсэнд, анд Элээ нагачу хэлсэн нь: Чи больё гэх бол Хараучаг тайжийн бэхичээс нуган хүүхэд төрсөн буй. Чи түүнийг Монголд хүргэ. Зургаан түмэн Монголын залаа болох буй гэв. Өгэдэй баатрын эгчийг татаарын Тохи баатар авсан аж. Тэр шалтгаар Тохи баатар хүүхдийг гаргаж өгөв.** Ойрдын ой модны хөвгүүн Өгэдэй тайбу, Сартаулын Баянтай аглуху эд дөрвүүл хүүхдийг авч   . . .   ирээд Урианханы Хутугт Шигүшийн дэргэд явав. Өссөн хойно Хутагт Шигүши Шихир нэрт охиноо Болох жононд өгөв.  . . . Болох жонон Хутагт дэрстэй нэрт газарт суухуйд Шихир тайхугаас Даян хаан төрөв” хэмээжээ.

Монголын төр Ойрдад автаж Хияд яст, боржигин овогт, алтан ургийн хаан язгууртан болон Хавт Хасарын үрсээс хэлд орсон балчир төдийгүй эхээс сая мэндэлсэн улаан нялзрай хэн боловч удам залгах хөвүүн байваас голоо самлуулж, удмаа таслуулах аюулд хүрсэн монголын түүхийн нэн ээдрээтэй цаг үеийн /1452-1455/ тухай эх сурвалжид өгүүлсэн нь эл ажгуу. Энэхүү их хаадын удмыг таслах, таслуулахгүйн төлөөх зөрчил нь хүн төрлөхтний засаглалын уламжлалт хуучин хэлбэр болох “Төр бол хаан, Хаан бол төр” байсан хаант засгийн үед төр улс /ингэхдээ тухайн угсаа – династия/ оршихын амин чухал аортыг /гол артер судас/ хөндсөн асуудал болно.

Дээр өгүүлснээр Баянмөнх болох жононг нууж далдалсаар зургаан түмэн монголд нь авчирсан явдал нь Тайсан хаан хадам Бэгэрсэндээ, түүний хүү Молон /зарим сурвалжид Муулан гэх/ үр үлдээж амжилгүйгээр онигуудын /вангууд/ Муулхай ванд хороогдсон хийгээд Мандуул хаан үргүй байсан тэрхүү түүхэн ээдрээтэй цагт төр түвштэж, түмэн олон амаржихын зангилаа болсон ажгуу.

Өгүүлж буй хэрэг явдал нь басхүү Монголчууд уг язгуур, удмын нурууг ясан талаар авч үздэгийн нэг нотолгоо ба тайлбарлаж буй үгийн учир холбогдол нь өшөөтнийг ялж дийлээд өсөн торниж буй хөвүүдээс нь аваад бүхүй л эрсийг устгахуйд өлгийтэй бяцхан үрсийн хүйс мэдэгдэхгүйн учраар хүйсийг тэмтрэх/шалгах/-ээс үүдсэн гэж үзэж болох хийгээд утгын хувьд нуган аваас голыг нь самлах үйлийг илэрхийлэх болжээ хэмээн хэлж болох мэт . . . Ийнхүү үзэх аваас эртний нүүдэлчдийн сэтгэлгээ, нийгэмд тогтсон ёс, хуулиас шалтгаалан хүйсийнхээ үрээр эмэгтэйчүүдийн амь нас, амьдрахуйн хувь заяа урт байжээ. Ер нь монголын түүх сурвалжаас үүнтэй хобоотой мэдээ баримт шүүрдвээс нэн элбэг буй.

Дайсан этгээдийн эрчүүдийг хоморголон устгадаг нь удам угсааг үр үндсээр нь таслаж буй дээрх утгатайгаас гадна басхүү тэдний ирээдүй хойчийн эсэргүүцэн босох, дайтаж байлдах чадварыг нь мөхөөж буй хэрэг бөгөөд эрчүүд эрсээ үгүйсгэх эл үзэл нь хүний адгууслаг үеэс улбаатай ч эцгийн эрхт ёс тогтож, дайтаж байлдах явдал овгийн хүрээнээс хальж, улмаар аймаг улс, төр буй болж оршихын үндэс болсон үед хөгжлийн шинэ шатанд гарсан болов уу.

ШУТИС-ийн ХүУС-ийн докторант багш
Алдар овогт Юндэнбатын Болдбаатар

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: