Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Соёмбо өөрөө үүссэн үү


Origo.mn
2006/08/22 – 15:50, Мягмар гараг

[Өнөөдөр] Монголчууд соёмбыг төрийн бэлгэ тэмдэг болгосноос хойш 82 жил өнгөрчээ. Соёмбын тайлбарлал нь монголчууд бидэнд бэлгэдэлтэй сайхан санагддаг бөгөөд түүний учир утганд хэн ч эргэлздэггүй билээ. Харин соёмбын зарим дүрс ямар учир утгатай, хаанаас үүсэлтэй болохыг тайлбарлан бичсэн зүйл манайд маш ховор тохиолдоно. Yнэндээ соёмбын дүрсүүдийн үүсэл, утга учир нь ихээхэн сонирхолтой юм.

Соёмбын голд байдаг, бидний эх орноо нүд цавчилгүй хамгаалж байгаа эр, эм хоёр загас гэж тайлбарладаг дүрсийг дэлхий нийтэд янь инь-ий тэмдэг гэж нэрлэдэг юм байна. Энэ тэмдэг нь Хятадад Күнзийн сургаальтай бараг нэгэн зэрэг үүссэн Даогийн сургаалийн бэлгэ тэмдэг юм байна. Даосизмд  хүчтэй, хүчгүй, халуун хүйтэн, өдөр, шөнө, өмнөд, хойд,  эр ба эмийн нэгдлийг энэ тэмдгээр дүрсэлдэг ажээ. Янь инь тэмдгийг толинд харахад түүнийг хоёр хэсэгт хуваасан нумын эргэлт нь эсрэг чигт чиглэн харагддаг.

Yүний улмаас даавууг өнгөлөх аргаар хийсэн далбааны ар талын соёмбын ян инь нь буруу эргэлттэй харагддаг. Ордны оёдолчны оёсон хэмээх тугийг үзэхэд ар талд нь зөв эргэлттэй янь инь-ий тэмдэг зурсан дугуй даавууг тусад нь давхарлан оёсон байдаг. Галын дөл нь ар талдаа мөн л эсрэг намиралттай байх боловч түүнийг засалгүй хэвээр нь үлдээжээ. Ингэхлээр бидний залж яваа далбаануудын өнгөн талын зураг нь ар талтайгаа давхцдаггүй буюу Yндсэн хуульд заасантай зөрчилддөг гэсэн үг болж таарах нь.

Бурхны шашинд Мянган бурхны тамга хэмээх ариун дүрсийг дээдлэн шүтдэгийг манай сүсэгтэн олон сайн мэднэ. Тамгын төв хэсэгт бидний сайн мэдэх соёмбын дүрсүүд байна. Бурхны номын ёсоор бол Мянган бурхны тамгын ач тус нь цаглашгүй их ажээ. Түүнийг зүүсэн хүн хойд төрөлд одох цагт сайн цагийн мянган бурхад угтан заларч, сайн заяаны оронд хүргэдэг  юм байна.   Соёмбо тэмдгийг Өндөр гэгээн өөрийнхөө соёмбо үсгийг зохиохдоо анх бүтээжээ. Соёмбо нь хоёр янз ба байдаг үүгээр эхлэл төгсгөлийг заадаг аж. Энэ хоёр  тэмдгийн эхнийхэд нь янь инь-ий тэмдгийг ба нарыг хүрээгээр дүрсэлсэн байхад дараагийнхад нь дүүргэж будсанаараа ялгагдана. Гадаадын нэртэй нэвтэрхий толинуудаас үзэхэд эхний тэмдэг нь ямар нэгэн бичиг судрын эхлэл, хоёрдахь нь төгсгөлийг заадаг хэмээн тайлбарлажээ. Гэтэл 1992 оны Yндсэн хуулийг батлах хэлэлцүүлэг дээр гишүүд зурагтаар хоёрдахь тэмдгийг нь  аливаа бичгийн эхлэлийг заадаг гэж ярьж байсан нь санагдана. Юутай ч байсан соёмбо тэмдэг ийм дүрсүүдээс тогтсон аливаа бичгийн эхлэл ба төгсгөлийг заадаг гэдэг нь хөдөлшгүй үнэн зүйл бөгөөд дэлхий дахин ч ингэж үзэж байгаа юм.

Удахгүй батлах гэж байгаа төрийн шинэ сүлдийн загварт ная гаруй төслөөс шалгарсан хоёр төсөлд соёмбо тэмдэг хамгийн гол байрыг эзэлж байгаа. Харин дээр дурдсан дүрсүүдийн үүсэл, түүхийг авч үзэхэд шинэ сүлдийг сонгоход анхааран бодох зарим зүйл байгаа мэт мөхөс надад санагдав.

Нэгдүгээрт, орчин үеийн техник технологийн хөгжил, шинжлэх ухааны дэвшил, түүнд тулгаран буй асуудлуудыг шийдвэрлэхэд ямар ч нөлөө үзүүлэх чадваргүй, үеэ өнгөрөөсөн даосизмын бэлгэ тэмдгийг бид сүлдэндээ залах нь зөв үү.

Хоёрдугаарт, монголчууд бид бурхны шашинт хүмүүс болохоор Мянган бурхны тамгыг сүлдэндээ залахад буруутах юм байхгүй. Харин бурхны тэг хэмжээсийг хэн ч өөрчлөх ёсгүй байдаг билээ. Гэтэл  соёмбод  Мянган бурхны тамга бүтнээрээ ороогүй, зарим дүрсүүд нь орхигдсоны зэрэгцээгээр хэмжээс харьцаа нь алдагдан өөрчлөгдсөнийг зургаас амархан мэдэж болно. Ингэж  бурхны сахиусан тэмдгийг өөрчлөн сүлдэндээ тахиж болдог юм болов уу.

Гуравдугаарт, өндөр гэгээний зохион залсан соёмбо бичиг улс орон даяар дэлгэрэн нийтийн бичиг болж чадаагүй гэдгийг бид сайн мэднэ. Yүний учир шалтгааныг тайлан олох нь чухал бус. Юутай ч Өндөр гэгээн амьд сэрүүн ахуйдаа ч энэ бичгийг нийтийн болгож чадаагүй бөгөөд одоо зөвхөн түүхийн баримт болон үлджээ. Зохиогдсоноосоо хойш 300 гаруй жил өнгөрөхөд ард олны бичиг болон дэлгэрч чадаагүй бичгийн үсгийг сүлдэндээ дээдлэх нь зөв үү.

Дөрөвдүгээрт, соёмбо гэдэг үг нь монгол хэлэнд ямар нэгэн тодорхой утга илэрхийлдэггүй гэдгийг бид сайн мэднэ. Энэ нь swaymbu буюу өөрөө үүссэн гэсэн утгатай балба үг юм байна. Даосизм  одоогоос 2500 орчим жилийн өмнө үүссэн, Бурхан багш манай тооллын өмнөх 547 онд мэндэлсэн гэвэл янь инь, Мянган бурхны тамга хоёр цаг хугацааны хувьд ойролцоо үүсэлтэй байна. Харийн хэлээр нэрлэгддэг янз бүрийн тэмдгүүдийн цуглуулга болсон энэ дүрсийг бид сүлдлэн дээдлэх нь зөв үү.

Тавдугаарт, хэрэв Өндөр гэгээн манай одоогийн сүлдийг харвал баярлахаасаа илүү гайхах байх. Учир нь Монголын төрийн сүлд, далбаа хоёрын аль алин дээр нь  өөрийнх нь зохиосон цагаан толгойн “төгсөв” гэсэн тэмдэг байж байдаг. Чухам юу төгсөж байгаа хэрэг вэ. Төрийн бэлгэ тэмдэг нь Монголын өнө мөнхийн билэгдэл баймаар.

Зургадугаарт, гадаадын судлаачид ташаарсан хэрэг, манай сүлдэн дээр  “эхлэв” гэсэн тэмдэг байгаа юм гэж маргах хүн гарч болох юм. Тэгвэл  юу эхэлж байгаа хэрэг вэ. Чингисийн Монголын өмнөх түүх хэрэггүй гэсэн үг үү. Эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа дараагийн үг өгүүлбэрүүд нь сүлдэн дээр бичигдэх юм болов уу гэсэн асуудлууд гарч ирж байна.
Тодорхой нэгэн цагт бий болсон зүйл тодорхой хугацааны дараа устаж алга болдог жамтай гэж үе үеийн сэтгэгчид нотолсоор ирсэн. Энэ үзлийн үүднээс авч үзвэл замын дундаас Монголыг эхлүүлэх нь мөн утгагүй зүйл болно.
Энэ асуудлууд гадаадынхны толгойд мөн нэгэн адил орж ирэх нь мэдээж.

Дорд би төр, засгийн бодлого, Улсын Их Хурлын мэргэн гишүүдийн шийдэлтэй тэрсэлдэх бодлыг огтхон ч агуулаагүй бөгөөд  дэлхий нийтэд хөдөлшгүй тогтсон зарим мэдээллүүдийг уншигчдад хүргэхийг зорив. Эрдэмтэн судлаачид үүнийг тунгаан үзэх буй заа.

Доктор З.Омбоо

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: