Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол хэл минь


2009/08/20 • Сэдэв нь: Sonin.mn

Үндэс үү, үндэстэн үү?

Үндэстэн гэдэг үг үндэс гэдэг нэр үгээс үүсэлтэй нь мэдээжийн хэрэг. Тэгэхээр үндэс гэдэг аливаа юмны суурь, үүсэл, гол гэсэн утгатай байж таарна.
Үндэстэн гэж нэг хэл, соёл, ёс заншил, шашин шүтлэгтэй, тухайн улсынхаа хүн амын олонх болдог хүмүүсийг хэлдэг. Монгол Улсынх халх, оросынх орос, хятадынх хан үндэстэн.
Тиймээс дэлхийн улс түмний төв байгууллагыг бид Нэгдсэн үндэстний байгууллага, оросууд Организация объөдинённых наций, англи хэлтэй нь United Nationals organization гэдэг.
Гэтэл манайхан Үндэсний аюулгүйн зөвлөл, Монголын үндэсний сурын холбоо, монгол үндэсний хувцас, үндэсний түүхийн музей, үндэсний архив, Үндэсний шинэ нам, Монголын үндэсний их баяр наадам зэргийг “үндэстний” л гэмээр байх юм. Энэ чинь “үндэс.язгуур” гэсэн утгатай үгэнд л харъяалахын тийн ялгалын нөхцөл залгаж нэр үгийг тодотгосон төдий юм шүү дээ. Үндэстэн гэсэн утга огтхон алга.
Монголын үндэсний сурын холбоо гэх нь бүр ч буруу. Сур гэдэг чинь бай нь. Сураар хийдэг учраас тэгж хэлдэг юм. Нөгөөтэйгүүр сурчид гэдэг чинь нарийн зүссэн сураар бортог шиг хэлбэртэй хонгиоруу юм сүлждэгхүний мэргэжлийн нэр болохоос биш харвадаг хүн нь биш ээ. Тиймээс сур харвах, сур харваан гэдэг. Монгол үндэстний харваачдын холбоо гэвэл тэр наадмынхаа мөн чанарт тохирох биз. Мэргэн сурчин гэдэггүй мэргэн харваач гэдэг биз дээ. Я.Цэвэл гуай ч “Толь бичиг”-тээ сурчин, сур харваач хоёрыг адилтгасан нь эндүүрэл гэж боддог. Харин “монголчуудын үндсэн барилдаан, үндсэн хувцас, үндсэн хууль, үндсэн хоол унд, үндсэн тоглоом, урлаг” гэвэл язгуурын гэсэн утгаа бүрэн агуулж байгаа учраас туйлын зөв. Эдгээрийн үндэс гэдгийг англи хүн main, opoc хүн основной гэж ухаарна. Юм юманд “үндэсний” гэдэг үгийг хавсаргаад байж яаж болох вэ. Үндэсний аюулгүйн зөвлөл, монгол үндэсний бөх, монгол үндэсний урлаг, монгол үндэсний хувцас, монгол үндэсний хоол унд гэдгийн үндэснийг орос, англиар орчуулбал үндэстэн гэсэн утгатай национальный, national гэхээс өөр арга байхгүй.

Халх гол уу, Халхын гол уу?

Одоогийн хүмүүс Халх гол, Халхын гол гэж хоёр янзаар хэлж, бичиж байна. Аль нь зөв бэ? 1939 оны намар Монгол Улсынхаа зүүн хязгаарт Японы түрэмгийлэгчидтэй эх орон, ард түмэн юүгээ хамгаалан хийсэн байлдаанд ялсны нэгэн гэрч болсон сэлэм далайгаад давхиж яваа морьтой цэргийн дүрс бүхий хүрэн өнгөтэй тэмдэг байдаг. Түүний доор латин үсгээр ” HALHIH GOL” буюу “Халхын гол” гэсэн байдаг. Түүнчлэн тэр байлдаанд бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн орлогчоор ажиллаж байсан улсын баатар Жамъянгийн Лхагвасүрэн гуай бичсэн гурван номынхоо нэгийг “Халхын гол” гэж нэрлэсэн байдаг. Халх гол гэвэл ямар нэг юманд “халх” болж байдаг гэсэн санаа бөгөөд тэр голын оноосон нэр нь болно. Харин Халхын гол гэвэл халх монголчуудын уугуул гол гэж тодотгон онцолж, ялгасан утгатай болно. Тэгэхээр мэдээжийн Халхын гол нь зөв байж таарна. Японоос эх орноо хамгаалж хийсэн түүхт байлдааны 70 жилийн ой удахгүй болох гэж байна. Ядаж тэрхүү түүхт газар усныхаа нэрийг нэг мөр болгоё.

Чингис үү, Чингэс үү?

Монгол түмний суу билигт эрдэмтэн зохиолч Хатгин овгийн Цэндийн Дамдинсүрэн гуай: “Би өөртөө ч итгэдэггүй, бусад ч итгэдэггүй, гагцхүү баримтад л итгэдэг. Гэвч баримтыг олон талаас нь нягтлах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Бас “Намайг нэг хүн Чингис сахал тавьсан байна. Ингэж би Чингис хаан ямар сахалтай байсныг харсан хүнтэй тааралдлаа” гэж хошигнож суусан гэж С.Дашдооров гуай дурдатгалдаа тэмдэглэсэн нь их учиртай үг гэж санадаг. Юун хэмээвээс, Чингэс гэж бичиж байгаа хүмүүс чухамдаа XIII зуунд аж төрж, эзэн хааныгаа алдрыг хэрхэн дуудаж байсныг мэддэг ч юм шиг. Харин Чингис гэж бичихийг эрмэлзэж байгаа нь гагцхүү тэр үеэс уламжлан бичиж ирснээр CiEkli буюу ЧИНГИС гэж байгаа нь “баримтад л итгэдэг” гэсэнтэй агаар нэгэн буюу. Англиар CHINGGIS гэж дунд нь хоёр “G”-тэй бичээд байх юм. Энэ бол МОНГОЛ, ТЭНГИС, ӨНГӨ, ЦЭНГЭЛ мэтийн үгтэй ижил дундаа их инхлэг хэмээх хэлний угийн “Н” авиатай уг юм. Бид эдгээр үгийг тухайлбал, Монгол гэдгийг” MONGGOLIA” гэж англиар бичдэггүй биз дээ. Тийм учраас үгийн дундаа орсон их инхлэг бүхий ардаа “г”-тэй үгийг ганц “г”-тэй бичиж байх хэрэгтэй. Бид хэрвээ Монггол, тэнггис, өнггө, цэнггэл гэж хэлдэг, бичдэг бол ондоо хэрэг. Яагаад гэвэл авиан зүйн хувьд ганц л “г”-г хэлдэг байна. Энэ бол транслитераци хэмээх үсэгчилсэн галиг бус транскрипци гэдэг авиан буюу зөв дуудлагыг галигаар ө.х. манайхан fleuschland гэж герман хүн уламжлалаараа бичээд, Дойчланд хэмээх хэлдгээр нь галигладаг шиг юм даа.

Ринчин, Ринчен, Рэнцэн гурвын аль нь зөв бэ?

Энэ нэр бол түвдөөр их ховор буюу эрдэнэ гэсэн үг ээ. Түвдөөр галиглавал РИНЧЭН болно. Бусад хоёр нь хазгай хэлдэг, тааж бууддаг, бүр зарим нь монгол хэлний эгшиг зохицох ёсыг баримталж байгаа нь энэ гээд ч ингэж бидэг байж болох талтай. Гэтэл энэ нь рин, чэн буюу их, урт гэсэн утгатай нэг үг, ховор гэсэн бас нэг үгээс бүтсэн нэр. Тэгээд ч түвд хэлнээ эгшиг зохицох ёс гэж байдаггүй. Ямар ч үг нь нэг л үеэс бүтдэг үет хэлний аймагт ордог хэл. Гунгаа гэдэг нэр түвдөөр гүн гаа гэсэн хоёр үгээс бүтсэн хотол баясгалан гэсэн нэр байх жишээтэй. Түвд хэлнээ “у” авиа байхгүй. Гагцхүү “ү” авиа буй. Бид л дураараа “у” болгож хэлж, дуудаад байдаг болохоос биш.
Их номч Ринчен гуай өөрийн нэрийг Ринчен гэж бичдэг байсан нь ийм учиртай юм. Энэ хүний унаган хэл нь орос хэл байсан гэдэг. Орос хэлнээ үгийн дунд “э” бичдэггүй. Харин “ч”-ийн ард орсон “е” үсгийг “э”-гээр дуудах ёстойг бодоод ингэж бичдэг болсон болов уу гэж санадаг. Түвдөөр “чэн” гэж хэлдэг, бичдэг юм. Нарийндаа бол эл нэрэнд буй “н” бол хэлний үзүүрийнх. Хэлдгээр нь галиглавал Ринэчэнэ юм билээ. Тэгэхээр Ринчен гэж өөрийнх нь бичдэг байснаар тэр их хүний нэрийг бичиж байхыг бодох хэрэгтэй биз ээ.
Үүнийг яагаад хөндөх болов гэвэл ойрмогхон нэг хэл шинжлэлийн ном авсан чинь их номчийн нэрийг дандаа РИНЧИН гэсэн байснаас болсон хэрэг.

Төлөөлөл

… хоёр хотын банкны төлөөллийн уулзалт...
Саяхнаас бас нэг ташаа хэлбэржүүлсэн “төлөөлөл” гэдэг үг буй болчихлоо. Үүнийг хэн эхлэн дуугарч, хэн хэн даган баясав гэдэг нь гол биш. Эх хэлээ эвдэж, зөвийг буруутгасанд л хамаг учир нь буй. “Төлөө” гэдэг хагас хувирдаг дагавар үгээс дам үүсч хэлбэржээд, хэрэглэж хэвшсэн, төлөөний хүн гэсэн утгатай “төлөөлөгч” гэдэг үгийг орхих гээд байх юм. Энэ үг нүдний гэм болчихлоо.
Ер нь ийм утгаар, тийм утгаар, хуулинд төсөвт суулгах, ойлгож байна, ойлгож байгаа гэх мэтийн хэллэгийг Их хурлын гишүүд л голдуу гаргаж байсан болохоор “улстөрчдийн этгээд хэл” ч гэхэд болохоор. Энэ бол далдуур сайрхах зүйл биш. Харин ч эх хэл, эх орон хоёртоо элэгтэй хэн боловч жигших юмны нэг ээ!

“Өдрийн өнгө”-ийг үзвээс…

Өдөр тутмын зурхайн “ӨДРИЙН ӨНГӨ” хэмээх.буланд дээр үеэс нэг ийм монгол хэл, сэтгэхүйд харш хэдэн үгүүлбэр тогтмол, бүрэн эрх эдэлдэг. Түүнийг хайхардаг, хянадаг хүн ч алга. Бодвол бурхны ном, зурхайн хэл гээд үзэгний үзүүр хүргэхээс бэргэдэг шиг байна. Тэгж яаж болох вэ. Энэ чинь та бидний л цэгцэлж, дээдэлж явах ёстой цорын ганц өмч болсон эх хэл маань шүү дээ! Би энэ эрдэм ухаанаар хэд гурван жил оролдож яваагийн хувьд зүрхлээд цэгцлэх гэж үзье.
Аргын тооллын 3 сарын 20. Билгийн тооллын 24.
Өдрийн наран 7 цагт 53 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана.
Тухайн өдөр луу.бич жилтнээ эерэг сайн ба үхэр, луу, нохой, хонь жилтнээ сөрөг муу нөлөөтэй.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Хол газар яваар одогсод зүүн урагшаа мөрөө гаргавал зохилтой гэх мэт.
Аргын тооллын гуравдугаар сарын 20. Билгийн тооллын 24.
Нар 07 цаг 53 минүтад мандаад, 18 цаг 58 минүтад жаргана.
Тухайн хоногт луу.бичин жилтнээ … сайн. Харин үхэр, луу, нохой, хонин жилтнээ тусгүй.
Хоногийн сайн цаг нь: хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
Холхид одох нь зүүн-урагшаа мөрөө гаргавал зохилтой.

ТАЙЛБАР.

03-р эсвэл гуравдугаар сарын гэж албан ёсны болгож дугаарлаж бүтэн бичих ёстой. Гурван cap гэх мэтээр хэлдэг нь хар ярианы үг.
Нар, өдөр л байхаас биш шөнө байдаггүй гэж дэлхийнхэн ухаардаг. Харин өглөө, оройн нар гэж хэлдэг учир буй ч “өдрийн наран” гэдэггүй.
…мандан, жаргана гэж нөхцөл үйл үгийн хам нөхцөлөөр хэлбэржүүлсэн нь буруу. Нар тусах, жаргах хоёр үйл давхцдаг юм шигболжээ. Харин мандаад жаргана гэвэл нар мандаад өдөржин биднийгээ гийгүүлсээр орой жаргадаг гэж жаргахаас өмнөх үйлийн үрийг заана. Тиймээс нэгдүгээр бүлгийн нөхцөл үйл үгийн урьдчилахын нөхцөлөөр нөхцөлдүүлсэн минь энэ. Минүт гэж “у”-г нь “ү”-гээр сольсон учир болбоос бид дээрх хоёр авиаг ялгадаг үсэгтэйн учир юусан билээ гэснийх.
Тухайн хоногт гэсэн учир бөгөөс арванхоёр эзэн тэнгэр болсон луу бич… мэт нь өдөр шөнийг эрхшээдгээс болсон хэрэг. Өдөр гэвэл хоногийн хагас гэсэн санаа биз ээ.
Бичин гэж -ин залгасан учир нь: монгол хүн морь, хонь, бич гурвын хойно хугацаа заасан үг оруулбал заавал -ин залгадаг ёстой. Энэ бол манай хэлний нэг онцлог, эв юм.
Эерэг сайн гэж нэг утга үг. Нэг бол эерэг, нэг бол сайн нь л байх ёстой. Сөрөг муу гэсэн нь ч мөн адил. Тиймээс сайн, муу (ээлтэй өлзийтэй, ээлгүй өлзийгүй, онцгүй тусгүй ч ч гэж болох. Монгол хэл маань баян шүү) гэв. Эсрэг утгатай хоёр үгүүлбэрийг харин гйсэн үгүйсгэх утгатай үгээр холбовол арай дээр санагдав.
Энэ сайн цаг гэдэгт өдөр, шөнийн цагууд орсон тул хоногийн гэхээс аргагүй юм.
Яваар гэж худам монголоор бичсэн эртний номд л хааяа таардаг хэллэг. Өнөөгийн монгол хүн явахаар, одохоор, үзэхээр… гэдэг.
Одогсод гэж худам монголоор л одсон гэхийг одогсон, ажилласан гэхийг ажиллагсан гэдэг. Үүнд олон тооныг заадаг -д дагавар залгахаар одогсод болдог. Тэгэхлээр одогсод гэсэн нь нэгэнт явчихсан хүмүүс гэсэн үг. Энэ бол ирээдүйд буюу маргааш, нөгөөдөр болох төөргийг сануулсан зурлага. Тиймээс холхид одох нь гэж зовхис буюу завсрын зүгийг эргэлзээгүй болгох үүднээс зүүн-урагшаа гэж хооронд нь зураас тавих зэргээр хураангуйлан цэгцлэв. Хэвлэл, мэдээллийнхэн эх хэл юүгээ эвдэн гутаасан энэ мэт бугшмал эндүүрлээс ангижрах цаг болжээ.

Хамтатгах, ихрүүд, жинлүүр, бумба, хилэнц орд

Хэвлэл, мэдээллийн олон хэрэгслээр одон зухайн нэг салбар болсон “Өрнө дахины зурхай” хэмээн манайхны дураараа нэр өгсөн Авестийн зурхайн арванхоёр гэрийн нэрийг цээжний бангаар үгчлээд буулгамар болсон зүйл энд тэндгүй нүд чичилж байдаг.
Жанжаа хутагт Ролбийдорж соён гийгүүлэгч оройлон удирдаж, гүүш Шаравжамц нарын олон монгол эрдэмтэн “Мэргэд гарахын орон нэрт тохионы бичиг” хэмээх Данжуурын хураангуй дээж бичиг болсон түвд-монгол их хөлгөн дохионы бичгийг (орчуулгын толь бичиг) бүтээгээд, 1772 онд барлажээ.Түүнийг нь долдугаар далай лам Галсанжамц үнэлж:
Хиргүй ариун дохионы бүтээл болсон
Харин ч урьд гараагүй утгын дагиг.
Буруугүй орчуулахын гэгээн мөр болж,
Бурхны тааллыг үзэхийн хурц нүдэн гэжээ.

Энэхүү түвд-монгол хадмал толь бичгийн их таван ухааны нэг урлах ухааны доторх зурхайн аймаг хэмээх бүлэгт ХАМТАТАХ, ИХРҮҮД гэснийг ХАМТАТГАХ (оросууд близницы), ЖИНЛҮҮР гэснийг ЦЭНЛҮҮР (оросоор весы), ХИЛЭНЦ гэснийг (оросоор скорпион), Бумба гэснийг ХУМХ (оросоор водолей) гэсэн байдаг. Хилэнц гэвэл нүгэл, хилэнцтэсэн утгатай. Харин хилэнцэт гэвэл хилэнцэт хорхойг хэлж байгаа юм. Тэгээд хорхойг нь орхиод товчлон тэмдэг нэрээр нь хилэнцэт гэдэг заншилтай. Пүмбха гэсэн самгарди үгийг түвдүүд бумба гэдэг, монгол хүн хумгар сав гэсэн санаагаар хумх гэдэг. Орд гэж бичээд байгааг нь дээрх сударт түвдөөр чим, монголоор гэр гэж оноосон байдаг. Энэ судар бөгөөс бидэнд зурхайн нэр томъёог тогтоож өгсөн дээдсийн маань нандин бүтээл юм шүү.

Ц.Цэрэн-Очир

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: