Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ханс Петер Вийце: Монгол хэл мэддэг герман хүн болгон миний шавь


Зууны Мэдээ

2006/08/15 – 17:56, Мягмар гараг

Монголч эрдэмтдийн 9-р их хуралд оролцохоор ирсэн Германы эрдэмтэн Ханс Вийце гуай “Би Монголыг дэндүү сайн мэднэ” гэж хэлсэн юм. Түүнийх нь “нууцыг” мэдэх гэж хэдэн хором ярилцсанаа хүргэж байна.

– Монгол судлалаар ажиллах эрдмийн ажлаа хэдийд юунаас эхэлсэн бэ?

– Би дунд сургуульд байхаасаа л гадаадын хэл уран зохиол сонирхож эхэлсэн юм. Тэгээд 1956 онд Берлин хотод Гумбольдтын их сургуульд оюутан болсноосоо хойш Монголын хуучин бичиг үзэж сураад “Монголын нууц товчоо”, “Алтан товч” зэрэг түүхэн зохиолуудыг амтархан уншаад тэрнээс эхэлж судалгааныхаа ажлыг хийх болсон. Тэгээд 1960 онд “Алтан өргөө” киноны уран бүтээлчидтэй нэг багт орж, анх удаа Монголд хөл тавьсан юм. Энэ нь миний Монгол судлалд ажил амьдралаа зориулах замыг шулуутгаж өгсөн дөө.

– Та Монголд суралцаж байв уу? Ямар сэдвээр эрдмийн зэрэг цолоо хамгаалсан бэ?

– Суралцаж байсангүй. Богино хугацаагаар ажиллаж судалгаа хийдэг байлаа. Тэгээд Германд “Монголын нууц товчооны олон тоо” гэсэн сэдвээр дэд доктор, “Монгол судлалд компьютерийг ашиглах нь” сэдвээр докторын зэрэг хамгаалсан даа. Тэгээд профессор болж олон жил багшилсан.

– Одоо та хаана амьдардаг хийгээд, ямар бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

– Берлинд амьдардаг. Бүтээл гэвэл Герман-Монгол томоохон толь хийж байгаа. Түүнээс гадна бас орчуулгын ажил хийдэг. Би чинь одоо тэтгэвэрийн хөгшин шүү дээ. Хааяа гадуур орчуулга хийнэ. Жижиг сажиг орчуулгын ажил мундахгүй ээ.

– Монгол эрдэмтдээс дотночлон харьцдаг нь хэн бэ? Хамтын бүтээл гэж бий юу?

– Анд нөхөд гэвэл маш олон. Тэднийг тоочоод барахгүй. Голдуу хэл, утга зохиолын хүмүүстэй ойрхон байлаа. Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн гээд том хүмүүстэй нөхөрлөж байсан. Би өөрөө дээр үеийн хүн юм л даа. Дамдинсүрэн гуай бид хоёр Германд байхад нь хамтарч толь бичиг хийж байсан удаатай. Дараа үеийнхнээс гэвэл Дашцэдэн, Чоймаа нартай хамтарч бас л толь бичиг хийсэн.

– Германы Монголч эрдэмтдийн тоо бусад оронтой харьцуулахад арай их юм шиг санагддаг. Манай хэлийг сурахыг хүссэн залуучууд хэр байдаг вэ? Ер нь танайд Монгол судлал хэр хөгжсөн бэ?

– Тиймээ. Монгол судлалыг манайхан илүүтэй сонирхдог байж магадгүй. Монгол судлалд орж ирэх хүсэлтэй хүмүүс их байдаг ч сүүлийн жилүүдэд жаахан бэрхшээл байдаг болсон. Учир нь ажиллах орон тоо ховор. Эрдмийн зэрэг цолтой хүмүүс т ч ажиллах орон тоо олдохгүй байх нь бий. Эдийн засгийн боломжоор муу тул нааш цааш ирэх асуудалд хүртэл хүндрэлтэй байгаа. Монгол судлалаар явах хүн Монголд ирэхгүйгээр амжилт олохгүй. Гэвч хэзээ нэгэн цагт байдал өөрчлөгдөж, бидний эрдэм номын ажилд нээлттэй байх цаг ирнэ гэж бодож байна даа.

– Та эрдмийн ажлынхаа судалгааг хийхийн тулд Монголын нийгмийн салбаруудын ажил амьдралтай танилцаж үзсэн үү?

– Дээхнэ үед Германд Монгол судлалыг ганц хэл, түүхээр ганцаарчилж үздэггүй байлаа. Тийм болохоор Монгол судлал гэдэгт цогц байдлаар хандаж, салбар салбараар нь авч үздэг. Миний хувьд хэл уран зохиолын талаар дагнан судалж байсан. Сүүлд түүх, шашны талаар багагүй юм уншиж судалж мэдсэн л дээ. Би шавь нартаа судалгааг цогц байдлаар хийхгүй бол амжилт олохгүй гэж хэлдэг.

– Та Монголоор маш сайн ярих юм. Өөр ямар хэлийг эзэмшсэн бэ?

– Тавин жил монгол хэлд суралцлаа шүү дээ. За тэгээд англи, орос хэлд гайгүй. Японд хоёр жил ажиллахдаа хэлийг нь жаахан үзсэн. Яахав, хүний хэлснийг ойлгохтойгоо шүү.

– Шинжлэх ухааныг үйлдвэрлэлд гэдэг шүү дээ. Тэгэхээр монгол хэл, утга зохиолын судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлэх нь ямаршуу байгааг та ажигладаг байх л даа. Тухайлбал, монгол хэлний дүрэм сүүлийн үед төдийлөн мөрдөгдөхгүй болсон нь сонин хэвлэлээс харагддаг. Энэ талаар та юу хэлэх бол?

– Их сонин асуулт байна. Ер нь сүүлийн жилүүдэд аливаа улс орны амьдралд ихээхэн өөрчлөлт гарч хөгжиж байна. Үүнийг дагаад эрдэмтдийн хийсэн судалгаа бүтээлийг амьдралд хэрэгжүүлэх тал дээр ахиц ололт зөндөө бий. Ялангуяа хэвлэлүүд олширч хүмүүсийн оюуны цар хүрээг нэмэхэд их тус болж байгаа эерэг байдал ажиглагддаг.

Бас ус болж байдаг юм бийг ч нуугаад яахав. Гэхдээ амжилттай тал нь дийлнээ. Сая би нэг нөхрөөсөө монголын тухай энэ сэтгүүлийг авлаа. Хаана хэвлэсэн юм гэсэн, Монголд гэж байна. Маш сайн хэвлэсэн байна. Монголын томоохон сонинуудыг уншиж үздэг. Таны хэлснээр хэл соёлыг гажуудуулсан юм харагддаг л даа. Гэвч ахицтай нь давуу байгаа гэдгийг хэлэх байна.

– Анх 1960 онд ирснээс хойш хичнээн удаа монголд ирсэн бол?

– Одоо болж буй энэ их хуралд ирснээрээ нийт 86 удаа ирээд байна. Ер нь Монголч эрдэмтдээс хамгийн олон удаа монголын “хаалгыг онголзуулсан” хүн нь би байх шүү.

– Бараг жилд 2 удаа ирж байсан байх нээ. Энэ хугацаанд манай орон хэрхэн өөрчлөгдөж байгааг нэг сайн хэлээд өгөөч?

– 1970, 1980 – аад онд их ирдэг байлаа. Ирэх бүрт л өөр болсон байдаг. Сүүлийн жилүүдэд маш богино хугацаанд их өөрчлөлт явагдаж байна. Анх ирж байхад Улаанбаатар хот маш жаахан байсан. Эргэн тойрон гэр хороолол нь барайж нооройсон. Гол хэсэгтэй хэдэн ягаан голдуу намхан байшинтай. Одоо бодоход засгийн газрын ордон, гадаад яам, театрууд төдий гол нь байлаа. Энэ үедээ эсгийн хот нэртэй байсан байх шүү.

– Тэр үед хаана буудалладаг байв?

– Ганцхан Алтай гэх зочид буудал байх. Сүүлд Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаа орсон байшин. Одоо Дуурийн театрын ойролцоо байсан байх. Тэнд л буудаллана даа. Одоо бол хөгжжээ, орчин үеийн хотын хэв шинжийг олж байна. Сайхан сайхан зочид буудлууд, ресторан, том том дэлгүүрүүд, үйлчилгээний газрууд, ер нь бүх юм бий болж. Мэдээж бэрхшээлтэй юм байна байх л даа. Нэг хэсэг нь ядуу гэх мэт. Энэ бол байх л зүйл.

– Монголчуудын хэл ярианд өөрчлөлт орж байгаа нь ажиглагдав уу?

– Урьд нь орос үг жаахан түрж орж байгаа нь ажиглагддаг байлаа. Одоо дэлхийн чиг хандлага нөлөөлж, зах зээлийн системд шилжсэнээр, монгол хэл нэлээд даяаршлагдаж байх шиг санагдана. Үүнд буруу юм юу байхав. Шинэ нэр томъёо олон болж. Тухайлбал, бизнесийн талын үг яг л монгол үгнээс ялгагдахгүй байх жишээтэй. Хоёр жаахан охин гудамжинд ярьж байгаад салахдаа “Окей” гээд явах юм. Энэ нь монгол хэл, цаашлаад монгол улс даяаршлагдаж байгаа хэрэг шүү дээ.

– Та хэр олон шавьтай вэ?

– Олон доо. Жаахан онгироодуу хэлэхэд монгол хэл мэддэг герман хүн таарах юм бол бараг миний шавь байх шүү. За яахав ганц хоёр нь миний шавь биш байж магадгүй. Тэднээс маань монгол судлаач олон бий. Эрдэмтэн ч хэдэн арваар нэрлэгдэнэ.

– Энэ их хурлын талаарх таны сэтгэгдлээр яриагаа өндөрлөе дөө?

– Олон улсын монгол судлалын холбоо бэлтгэл, зохион байгуулалтыг сайн хийсэн байна. Гучаад орны эрдэмтэд оролцлоо. Монголч эрдэмтдийн бүтэц ихээхэн өөр болж, залуужиж байна. Хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийг үзэхэд маш сонин санаа, шийдэл ажиглагдлаа. Барьж аваад нухчихаар олон сайхан сэдэв санагдаж байх юм.

– Хамгийн сүүлд хэлэхэд, монголч эрдэмтэд гэдэг нэг ёсондоо гадаадад суугаа “монголчууд” юм шүү дээ. Бид сэтгэлээрээ тэгж ханддаг. Монголоор өвчилсөн хүмүүс байдаг.

Д.Цэрэннадмид

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: