Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Ганц үгийн алдаа гаж сэтгэлгээг ч үүсгэнэ


| Өдрийн Сонин
2007/05/04 – 10:54, Баасан гараг

Бид өдөр тутам энгийн яриандаа давхардаагүй тоогоор хэдэн үг хэрэглэдэг вэ гэж асуувал та нэг тоо хэлэх бизээ. Гэвч энэ асуултын хариуг сонссон хүн бүр энгийн яриандаа өдөр тутам хэрэглэдэг үгийнхээ дундаж тоог сонсоод гайхацгаадаг.

Судлаачдын тогтоосноор энэ тоо зуу ч хүрдэггүй байна. Та бага сургуулийн сурагч байхдаа нэг минутад хэдэн үг уншдаг байлаа даа. Гэтэл тэр үед нэг л минутад өдөр тутам уншчихдаг байсан үгийг дахин дахин давтан хэрэглэдэг гэж бодоход үнэхээр хэн ч гайхмаар.

Цөөхөн ч атугай үг бүхэн минь утга төгөлдөр, зөв сонголттой, сонсголонтой байвал бас дүүрч. Гэтэл энэ тал дээр бид ямар билээ.

Энэ хэдхэн үгээ бас хэрэглээний хувьд өндөр хүндэтгэлийн, энгийн ярианы, хар ярианы гээд ангилж бүлэглэдэг. Мөн аман, бичгийн гэж ангилна.

Дотно найзынхаа төрсөн өдөрт уригдаж очоод “Таны мэлмий гийсний ойн өдөрт морилон ирсэн зочдод хандан хэдэн зүйл айлтгая” хэмээн хундагны үгээ эхлээд найзынхаа нүдийг хэрхэн өөрчлөгдөхийг хараарай. Хэрэв найз тань танд хандан “Та зоогло, сууж ажаамуй” гээд байвал та яагаад ингээд байгаагийн учрыг олох гэж бас л цаг зарах биз. Яг үүнтэй ижил нөхцөлд этгээд үг хэллэг хэрэглэвэл ямар байдал үүсэхийг төсөөлөхөд тийм ч хүндрэлтэй биш байх. Тэгээд үүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр, тодорхой түвшинд алба хашиж байгаа, хариуцлагатай байх ёстой хүний амнаас сонсоход ямар содон гээч…

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байгаа зүйлийг аман ярианы хэлбэр мэт ойлгож болох боловч энэ нь бичгийн хэлний амаар илэрч байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь төрөлх сайхан хэлээрээ хэрхэн ярих, өгүүлэхийн жишиг болох учиртай.

Саяхны нэг өдөр “биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг барьж хорьж байгаа тухай” мэдээ гарав. Сонсож суухад үйл үг нь утгаа зангиддаг монгол хэлний хувьд “биеэ үнэлэгч бүсгүй” гэсэн нэрний утгыг үнэлэх гэдэг үг нэгтгэж (агуулж, базаж, зангидаж) таарнаа даа. Гэтэл үнэлэх гэдэг үг маань ямар утга илэрхийлдэг билээ, биеэ худалдах утга байдаг билүү гээд толь эргүүллээ.

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-д үнэлэх – юманд үнэ хөлс тогтоох, тохирсон бага биш үнийг өгч авах, юмны зэрэг, хирийг тогтоох, биеийн хүчин үнэлэх – хөлсний ажил хийх, үнэлсэн хүч – хөлсөлж авсан хүн (623-р талд) гэжээ. Энд миний таны, бидний хийдэг ажлыг л хэлсэн байна.

Оюутан байхад нэгэн буурал багш маань “Энэ бөгсөө худалдаж мөнгө олж амьдардаг хүүхнүүдийг биеэ үнэлэгчид гэж ирээд л нэг их өргөмжлөх юм. Зүй нь би биеэ, оюунаа үнэлж байгаа юм шүү дээ. Биеэ үнэлэгчид гэж гоёчлон нэрлэчихээр үүнийг сайхан зүйл мэтээр ойлгоод ийм сайхан ажлыг хийх нь зүйтэй гэж эндүүрэн бодож байгаа хүмүүс ч бэлтгэгдэж байгааг үгүйсгэх аргагүй юм. Зүй нь, хүний ёсноос гажууд энэ үйлдлийг хийдэг хүмүүст жигшин зэвүүцэм нэр өгөх ёстой л баймаар, үнэхээр улс эх орондоо хүчээ өгөн зүтгэж байгаа хүмүүст харамлаад өгөөгүй нэрээ тэр хэдэн нөхдүүдэд хайрлаад байх юм” гэж хэлэхэд бид их л инээлдэж байж билээ.

Өнөөдөр буурал багшийнхаа хэлж байсан үгийг эргэн санахад үнэхээр улс орноо улсын дайтай авч яваа хүмүүсээ бид хэн гэж нэрлэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Нөгөө талаас эх орондоо хүчээ өгч байгаа хүмүүсийг нэрлэж болох байсан үгийг булаагаад авчихсан биеэ үнэлэгчдийг бидний өвөг дээдэс юу гэж нэрлэдэг байсан юм бол?

Бидний өнөөдрийн өргөмжлөн нэрлэдэгчлэн биеэ үнэлэх буюу орос хэлний “проституция” гэдэг үг нь латин гаралтай бөгөөд “prostituo” (позорю, бесчещу) бузар булай, нэр төрөө алдах гэсэн үг ажээ. С.И.Ожеговын “Орос хэлний толь”-д амьдрахын төлөө биеэ худалдах (613-р талд) гэжээ. Анх Өрнө дахинд нэрлэхдээ ч муу муухай юм, хүний ёсоо гээсэн хэрэг гэж үздэг байсан нь илэрхий байна.

Монголчууд хэрхэн нэрлэж ирснийг шүүрдвэл уугуул монгол үг олсонгүй. “Янхан” гэсэн хятад үгийг хэрэглэж байсан ба, “yоng hаn” гэсэн дуудлага бүхий ханз бөгөөд “yоng” гэсэн нь “эрийг зугаацуулагч, эрийг асрагч сувилагч” гэсэн утгатай, “hаn” гэдэг нь хан үндэстнийг нэрлэж байсан байна. Үүнээс хан үндэстэн эрийг зугаацуулагч эмийг “янхан” гэж нэрлэж байжээ.

Монголчууд бичгийн баялаг өвтэй, олон зуун жил монгол бичгээр өөрсдөө туурвин бүтээхийн сацуу бусад улсын ном зохиолоос тун арвин орчуулга хийсэн буй. Жанжаа хутагт Ишдамбийдомми (1717-1786) удирдан 1742 онд зохиож орчуулсан “Мэргэд гарахын орон” хэмээх нэр томъёоны том толь бичиг бий. Энэ нь эртний Энэтхэгээс уламжилсан их, бага 10 ухааны зохиолыг орчуулахад тохиолдох нэр томьёо, үг хэллэгийг нэгэн тогтолцоотой болгож найруулсан толь бичиг бөгөөд түүнийг баримталж “Данжуур”-ын 225 боть зохиолыг тун богино хугацаанд Монголын нэрт орчуулагч нар орчуулсан билээ. Дээр дурьдсан “Мэргэд гарахын орон” толь бичгийн “Шинэ хуучин дохионы аймаг”-т одоогийн бидний “биеэ үнэлэгч” хэмээн гоёчлон нэрлэж байгаа янханг “бөгсөө худалдагч”, “бөгсөө худалдагч эм” гэж бичжээ.

“Хорин наймтын тайлбар толь”-д янхан гэдэг үгийг “хөлс авч эр хүнтэй явалдах эмсийг янхан хэмээмүй, бас самуун явдалтай эхнэрүүдийг янхан хэмээн хэлэх ч буй” гэжээ.

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь” (1966)-д янханыг үнэ хэлэлцэн явалдах эмэгтэй (908-р талд) гэжээ. Монголын уламжлалт эртний бичиг зохиолын дотор “илт өгүүлэх нэр” гэж байдаг. Энэ нь тухайн юмыг олон талаас нь бодож өгсөн нэрийн зүйл байдаг. Бидний авч ярьж байгаа янхан гэдэг үгийг илэрхийлэхдээ бөгсөө худалдагч эм, муугаар цэнгэгч эм, тэмдэгт эм, хүслээр наадагч эм, нууцлагч, дүрсээ худалдагч эм, биеэ урвуулах эм гэх мэтээр (Д.Бүрнээ, Д.Энхтөр “Төвд монгол илт өгүүлэх нэрийн толь” УБ 2003, 247-р талд) нэрлэжээ.

Аливааг нэрлэх өргөн нөөц, чадал бүхий монгол хэлний хувьд хүний ёсноос гажууд энэхүү үйлдлийг нэрлэсэн уугуул монгол үг байхгүй байгаа нь манай өвөг дээдэс чадахгүйдээ бус хүсээгүйдээ харийн үгийг хэрэглэсэн байх гэлтэй. Харин түүнийг хойчийн үр удам болсон бид “биеэ үнэлэгч бүсгүй” хэмээн шагнан нэрлэх нэрийг бий болгоод жинхэнэ үнэлэх ёстой хүмүүстээ хэрэглэх нэргүй байгаа мэт байдлыг үүсгэсээр багагүй хугацаа өнгөрөөд байна.

Энэ байдал биднийг юунд хүргэх вэ? Хүн сэтгэн бодож байгаагаа үгээр биежүүлж илэрхийлэн үйлдэл болгодог шиг зөв үгээр биежсэн буруу үйл эргээд сэтгэхүйдээ зөв мэт туссаар тодорхой хугацааны дараа улс нийгмээрээ биеэ үнэлэгчид болчих вий дээ. Энд би буруу оноолтын ирээдүйд дагуулж болох сүүдрийг хэлэхийг хүслээ.

Гэтэл бид чинь өөрсдийгөө монгол хүн буруу ярьж зөв ойлгодог улс гэж ирээд л нэг их өмөөрцгөөдөг. Өөрийгөө хаацайлсан энэ үгээр ажил хэргээ явуулсаар байх уу. Бид үр хүүхэддээ хэрхэн ярих дадал сургалтыг хийдэг билүү? Цэцэрлэгт “Томоотой суу”, сургуульд “Гараа ширээн дээрээ тавь”, “Дуугүй суу”, дээд сургуульд “Яриад байгаа нөхдүүд гараад явж болно шүү”. Ийм л үгсийг бид олонтаа сонсож, өөрсдөө ч хэрэглэсээр ирсэн. Тэгэхээр бид хэзээ, хаана ярьж сурах вэ? Аливаа зүйлийн утгыг олж, зөв сэтгэж түүнийгээ илэрхийлэн ярих хичээлийг хаана хэн заадаг билээ.

Энэ бүхэн манай сургалтын, ялангуяа хүн болж төлөвших сургалтын тогтолцоог үндсээр нь өөрчлөх цаг тулж ирээд байгааг харуулаад байгаа юм биш биз. Хүн болох төлөвшлийн 70 хувь нь тогтож бүрэлддэг хэмээн эрдэмтдийн нэрлэсэн долоо хүртэлх насанд бид хүүхдүүддээ хэрхэн ярихыг зааж байна. Хуучны өвгөдийн үлгэр тууль уншиж, үгэн тоглоомоор хүүхэдтэйгээ тоглож байсан уламжлалыг өнөөдөр миний үеийнхэн хийдэггүй гэдэгт бараг зуун хувь итгэж болох байх. Биднээс арай ахмад үе хаа нэг хэлдэг л байх. Тэгвэл бид тэр буурлуудаа амьд байгаа дээр нь аугаа энэ ухааныг нь өвлөн авч үлдэх талаар юу хийж байна вэ?

“Би ч тэтгэвэртээ гараад хэнд ч хэрэггүй хүн болж дээ” гэж халаглах өвгөдийн үгийг олонтаа сонсож байсан. Улс орны хөгжилд залуу сэтгэлгээ, залуу эрч хүч чухал нь чухал, гэхдээ өвгөдийн ухаанд тулгуурлалгүйгээр ямар залуу сэтгэлгээ гарч ирэх билээ. Гадаадаас орж ирж байгаа гайхалтай сайхан залуу, эрч хүчтэй сэтгэлгээтнүүд уламжлалт монгол хөрсөн дээр бууж, өвгөдөөс өвлөсөн ухаантайгаа холбогдохгүйгээр баганагүй гэртэй ижил байх биз. Хүүхдийнхээ цэцэрлэгийн багшийг хүүхэдтэй минь нэг сайн яриад өгөөч, юу бодож сэтгэж байгааг нь нэг сайн гаргаадхаач гэж гуйхад “Эд нар чинь нүүр улаймаар юм ярьдаг юм” гэх нь тэр. Цэцэрлэгийн хүүхэд нуур улайхаар юу ярьдаг билээ. Гагцхүү юу сонсчихоод бид өөрсдөө ичдэг болоо вэ? Чөлөөтэй ярьж байгаа хүүхдийнхээ сэтгэх нөхцлийг боосоор, хаасаар байгаад байх уу?

Гэхдээ хичнээн сайхан гадаадын, залуу, сайхан санаа манай хэлний үгээр л биежиж хэрэглээнд орно шүү дээ. Хүн төрөлхтөний амьдралын сүүлийн 400 жилд 7100 хэл устаж хэрэглээнээс гарсан тухай Францын хэл шинжлэлийн их сургуулийн сэтгүүлд 2006 онд хэвлэжээ. Энэ нь жилд 17-18 хэл устаж үгүй болж байна гэсэн үг. Энэ хурдаараа бол 2100 он гэхэд өнөөдөр амьд байгаа 6912 хэлний 50-90 хувь нь хэрэглэгдэхээ болих гэнэ.

Монгол хэлний судлалын томоохон эрдэмтэн буурал багш маань зуун жилийн дараа монгол хэл маань устаж үгүй болохгүй гэж итгэж байна. Гэхдээ өнөөгийн бид хувь заяагаар амьд байдаг юмаа гэмээж нь өөрсдөө ч ойлгохгүй тийм л хэл болох вий гэж халаглан хэлж байсан. Энэ бүхнийг бид өөрсдөө хийгээд байгаа юм биш үү. Шинжлэх ухааны, шинэ ойлголтын энэ олон нэр томъёог монголоор орчуулж зовоод яах вэ, байгаа юм байгаагаараа л байж байг гэх эрдэмтнийг ч би мэднэ. Энэ ямар их эмгэнэл вэ?

Бид өөртөө байгаа, өөрсдөө мэдэхээ больчихсон бүхнээ эргүүлээд хэрэглэвэл монгол хэл яндашгүй бөгөөд энэ бүхэн нэг үгийг зөв хэрэглэхээс л эхэлнэ. Я.Цэвэлийн толийн 83 дугаар талд байгаа “биеийн хүчин үнэлэх – улс нийгмийн хэрэгт биеэр оролцон ажиллах” гэдэг утгаар хэрэглэвэл өнөөдөр улс орныг удирдаж байгаагаасаа эхлээд та бид ч биеэ үнэлэгчид шүү дээ. Ингэж нэрлэх нь ч зөв. Харин хүний ёсноос гажууд үйл хийгч янхануудад өөрсдийнхөө сайхан нэрийг өгчихөөд өөрсдийгөө нэрлэх нэргүй өөр нэр хайж бэдэрч байгаа энэ байдлаа эргэн харж нэг үгийн ч болов гажуудал улс үндэстний сэтгэлгээний гажуудлыг үүсгэхийг үгүйсгэх аргагүйг хүлээн зөвшөөрөх цаг нэгэнт болжээ. АНУ-ын дэлхийд тэргүүлэх зургаан гол бодлогын нэг нь хэл, түүнийгээ хамгаалах явдал байдаг гээд бодохоор бид төрөлх сайхан хэлээ хайрлах цаг нэгэнт болжээ.

Д.Сүрэнчимэг

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: