Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

М.Саруул-Эрдэнэ: “Бид юугаараа, хэрхэн бахархах ёстой вэ?”


2008-04-28, Даваа
Уг нь хүний эрхийг ихэд дээдэлдэг болсон өнөө үед хэн юугаараа бахархах нь хувь хүний хэрэг л дээ. Гэвч үүх түүхээрээ буруу бахархаад байх нь сүүлдээ муу уршигтай байж болох тул энэ хэдэн мөрийг хэрэг болгон сараачив. Хамгийн их бахархах ёстой эрхэм өвөөсөө эхэлье.

Монгол бичиг

Монгол бичгээр Монгол хүн бүр бахархан сурах ёстой. Харин юугаар нь бахархах ёстой вэ?

Юуны өмнө Монгол бичгийн авиаг тэмдэглэх тогтолцоо гайхамшигтай. Зөвхөн эгшгээр жишээ авахад л, О, У – г тэмдэглэх титэм буюу хэл шинжлэлийн нэр томьёогоор aleph нь үгийн эхэнд орж буйг, гэдэс буюу waw хэмээх элемэнт уг эгшгийн уруулын болохыг заадаг бол Ө, Ү дээр нэмэгдэж буй бидний шилбэ гэдэг yot нь хэлний үзүүрийнх болохыг нь ялган заадаг, үсэгзүйн нарийн учиртай зурлагууд.

Гэтэл манайхан Монгол бичгийг гэдэстэй, шилбэтэй, шүдтэй, ерөөсөө хүн тэр чигээрээ бичиг болчихсон байж байгаа гэж бахархаад байдаг юм. Монгол бичгээр Хүмүүн гэж бичээд гар хөл нэмчихэд хүн шиг харагдах нь их сонин л эд болохоос Монгол бичгийн өөрийнх нь авиазүйн нарийн тогтолцоотой харьцуулахад юу ч биш гэж хэлж болно.
О, У-г Монгол бичигт ялгаагүй нь цаанаа нэн учиртай, үлгэрлэвэл өнөөгийн англи хэл нь Англи, Америк, Австрали, Энэдхэг олон хэлнээ өөр өөрөөр хэлцэгдэвч бичгийн хэл нь ижил, тэднийг нэгтгэж байдгийн адил олон Монгол аялгууг Монгол бичиг нэгтгэн, дундын шинжийг нь илтгэдэг, О-гоор дуудах газар нутагт О-гоор, У-гаар дуудах аялгуутан У-гаараа дуудаад явдаг билээ. Үүнээс гадна үгзүйн хувьд дагавар нөхцөл залгах дүрэм журам үнэхээр нарийн боловсорсон, аргагүй мянгаад жилийн хөгжил барууныхны хэлдгээр ёстой л Сонгодог Монгол Бичгийн Хэл гэдэгт нь хүргэчихсэн байдаг. Харин манайхан залгамал хэлний онцлогийг тун нарийн илэрхийлдэг тэр Сонгодог чанараар нь бахархахгүй, Босоо гэдгээр нь л бахархаад байдаг юм. Дээрээс нь дорогш бичих нь мэдээж өвөрмөц сонин, гэхдээ түүнээс болж Босоо заяатай байх энэ тэр гэдэг юу л бол? Бүгд л Босоо Монгол бичиг минь хэмээн туйлаас эх оронч байдаг атлаа яг бага ангиас нь заах болохоор кирил нь дээр юм аа гэх. Хүн ер нь түрүүлж сурсан бичгээрээ л нүүр дүүрэн уншиж чаддаг, кириллээр амласан бид Монгол бичгийг хэчнээн сайн сураад ч нүүр дүүрэн, ерөнхийлөн уншиж чадахгүй байгаагийн адил кириллийг зохиосон Да багш өөрөө ч кириллээр тийн уншиж чадахгүй, Монгол бичгээрээ л харахад бүх нүүрээрээ нүд дүүрэн, ерөнхий буух юм хэмээн Цэрэнсодном багшид хуучилсан байдаг.

Монголын нууц товчоо

800 жилийн ойгоос хойш манайхан Нууц Товчоогоороо үнэхээр их бахархаж байна. Харин хэрхэн бахархаж байна вэ гэвэл алт мөнгөөр бичиж, хайрцаг савтай хэвлэх, агуу томоор оёж хатгах гэх мэт. Уншиж судлах, дунд сургуулийн хөтөлбөрт ахиухан оруулж үзэх талаар хэн ч ярьсангүй. Уг нь бол Монголын Нууц Товчоо нь юуны өмнө түүхийн гайхамшигтай дурсгал, хоёрт, тэр үеийн хэл ямар байсныг харуулах нэн нандин баримт, мөн Монгол уран зохиол, зан ахуй, угсаатан, нийгэм судлалын нэн чухал дурадхал бичиг билээ. Тэрүүгээр нь бахархах хүн бараг байхгүй, харин ихэнх нь Чоно, Марал хоёроос төрснөөрөө бахархаад, зарим нь Дува сохор нэг нүдтэй байсныг бишрээд, үлдсэн нь Алун гоо ганцаараа атлаа шар туяанаас хүүхэд төрүүлснийг чухалчлан яриад л дуусч байх шиг. Нэгдүгээр бүлгээс нь хойш уншсан хүн хир олон бэ, ингэхэд?
Нууц товчоог хятад, перс хэлээр бичигдсэн бусад дурсгалтай харьцуулан судлах, хэлийг нь нарийвчлан үзэх зэргийн чухлыг том дарга нар маань тоож ч үзэхгүй, харин хэн нэгэн гаж этгээд Монголын Нууц Товчоог өнөөгийн Монголын Үндсэн Хууль болгоё гэвэл “Нээрээ энэ чинь юу хэлэв ээ?” гээд өргөөндөө хүлээн авч, уулзаж байж ч мэдэхээр. Их ухаантай хүн жаахан юмтай байдаг хэмээн нийгмээрээ хүлээн зөвшөөрчхөөд шинжлэх ухааны суурь судалгаагаа хаягдуулаад байна уу даа? Энэ орчлонд хүн тайлахын аргагүй, жигтэй зүйл мэдээж маш их, тэр бүрийг судлах цаг ирэх л байх. Гэвч яг өнөөдөө бол Монголд газар доорх нүхнээс ундарч буй энерги, хар хар ухаант шавьжийг судлахаасаа илүү энерги хадгалагдах хууль, хортон шавьжийн тархалт зэргээ түрүүлэн үзүүштэй санагдаад байдаг юм.
Монгол хүний бахархмаар олон сайхан шинж байгаагаас хамгийн чухлаар нь өгзгөн дээрх хөх толбоо сонгосон байгаа. Азаар насанд хүрээд арилчихдаг болохоос гаргаад үзүүлэхээс ч сийхгүй хүн олон. Хаа очиж Морин хуураараа сүрхий зөв бахархаад, нийтээрээ зөвхөн тахих биш сураад байгаа харагддаг юм.  Уг нь бол ч хүн юугаараа, хэрхэн бахархах нь өөрийнх нь хэрэг л дээ. Гэхдээ л…

М. Саруул-Эрдэнэ

Даяар Монгол Сонин

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: