Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Энэ цагийн түшмэлүүд эх хэлээ огцруулах нь ээ


Энэ цагийн түшмэлүүд эх хэлээ огцруулах нь ээ

Өдрийн Сонин
2008/04/25 – 11:15, Баасан гараг

БСШУЯ ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасаад хаячихлаа. Хүүхдүүд ирэх хичээлийн жилээс эхлэн уран зохиолын хичээлийг үзэхгүй болж байна. Эх сайхан монгол хэлнийхээ яруу сайхныг бид үеийн үед уран зохиолоос л эзэмшсэн. Хорвоод хүн мэндлээд эхийнхээ сүүгээр тэжээгдэж өсөж торнидог бол утга төгөлдөр эх хэлнийхээ яруу сайхнаар тэжээгдэж хүн болдог билээ. Хөхнөөсөө гараад хэлд ордог гэсэн үг. Хэлд ороод эх хэлнийхээ утга төгөлдрийн хүчинд төлөвшиж сая л хүн болдог гэсэн үг.

Уран зохиолыг хэрэггүйд тооцож хичээлийн хөтөлбөрөөс хасах санаа яаман дээр хоёр, гурван жилийн өмнөөс яригдаж эхэлжээ. Хасах тушаал шийдвэрээ ч гаргаж. Баахан эмээсэн юм уу, “бэлтгэл ажил” нь базаагдаагүй байсан уу арай ч хасчихалгүй өнөө жилийг хүрсэн. Харамсалтай нь саявтархан өнөө санаагаа бүр хөдөлшгүй болгоод авч. Ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх гэж байна. Энэ ямар учиртай болохыг БСШУЯ-ны бага дунд боловсролын газрын нэгэн ажилтнаас лавлавал “Энэ тийм ноцтой асуудал биш. Хөтөлбөрт дангаараа орж байсан уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлтэй хамтатгаж байгаа юм. Уран зохиолын хичээл огт орохгүй гэсэн үг биш. Сүр болгоод хэрэггүй” гэсэн хариулт өгөв. Тэгвэл энэ шийдвэрийн цаана юу нуугдаж байна вэ?

Шулуухан хэлэхэд монголчуудыг эх хэлнээс нь холдуулж, хэлгүй, сэтгэхүйгүй болгох гэж байгаа хэрэг. Нэгэнт өөрийн толгойгүй болсон ард түмнийг хэн ч хааш нь чиглүүлж болно.

Түүхээс харж байхад үндэстнийг мохоож мөхөөх гэсэн гаднын хийгээд дотнын хүчнүүд хамгийн түрүүнд хэл, соёлоос нь аажмаар холдуулах бодлого хэрэгжүүлдэг юм байна. Тэгэхээр эдийн засгийн хувьд монголчууд хичнээн туйлдлаа ч үндэстэн самуурах эсэхтээ тултал ноцтой юм болж байгаагүй, болох ч үгүй. Эдийн засаг, амьжиргаа энэ тэр бол “сэргээгдэх эрчим хүч” учраас тэр. Хэн ч яаж ийгээд хоолоо олоод идчихдэг л юм чинь. Харин хэл соёлын хувьд туйлдаж, хоосорсон үндэстэн бол самуурах байтугай орчлон хорвоогоос арчигдан үгүй болдгийн нотолгоо дэлхийн түүхэнд цөөнгүй. “Улс орон уран зохиол дээр тогтдог юм уу, тэр уран зохиол нь хэдэн зохиолчид, унших дуртай хэдэн нөхдөд л хэрэгтэй юм байгаа биз. Тэгээд ч эх хэлтэй байх нь уран зохиолд ямар хамаатай юм, яасан солиотой нөхөр вэ” гэж шоолох хүн байгаа л байх. Гэвч үгүй юм аа.

Хэл, соёлын төгс боловсорсон хэлбэр нь уран зохиол учраас түүнээс нь салгах нь үндэстний хувьд хамгийн ноцтой цохилт болох юм. Тийм учраас монголчууд минь, БСШУЯ-ны энэ шийдвэрийг үг дуугүй аялдан дагалдаж яавч болохгүй нь ээ. Хэрвээ аялдан дагалдах юм бол та бидний үр хүүхэд наанадаж ойр зуурын хар ярианы цөөхөөн үгийн сан бүхий модон хэлтэй, тархи нь задраагүй “хүн гөрөөс” л болж хувирах бус уу. Уран зохиол уншаад үгийг нь цээжилж эх хэлээ эзэмшдэг гэж байгаа юм биш. Уран зохиол гэдэг хүний сэтгэхүйг хөгжүүлж, тархинд бяд суулгадаг эд тул түүний шимийг хөхөж өссөн хүүхэд, залуучууд хар аяндаа эх хэлээ эзэмшиж саруулхан сэтгэлгээтэй, төв төвшин зан араншинтай, ер нь олигтой хүн болон төлөвшдөг аж. Монголын нийгэм шашныг мухар сохроор хэт шүтэх болсон энэ цаг үед БСШУЯ ийм хачин шийдвэр гаргаж мөрдүүлэхээр болоод буй нь ном уншихаа байсан дээр нь бүр нэрмээс болж хойч үеийг хэл, соёлоо умартах аюул руу түлхэж байна. Саяхан болж өнгөрсөн Бага чуулганаараа зохиолчид энэ эмзэг асуудлыг хэлэлцээд, дээрх шийдвэрээ цуцлаач гэсэн утгатай өргөх бичиг үйлдэн тус яаманд хүргүүлсэн боловч ямар хариу өгсөн нь одоогоор тодорхойгүй байна. Мөн ШУА, түүний Хэл, зохиолын хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагууд энэ талаар өнөө хэр дуугараагүй байна. Гэвч хэзээ мөдгүй дуугарах биз ээ гэсэн итгэл хэвлэлийнхэн бидэнд төрж байгаа. Ирээдүй хойчоо бодоод уран зохиолыг заазлуулахгүй байх талаас нь дуу хоолойгоо нэгтгэцгээе. Аваад үлдчих боломж бас чиг байна. Улсын Ерөнхийлөгч маань утга зохиолын орчуулагч. Ёстой л уран зохиолын амт шимт, эх хэлнийхээ үнэ цэнийг мэдэхийн дээдээр мэдэх биз. Дээрээс нь Ерөнхий сайд маань ч сэтгүүлч хүн. Найдвар байна гэсэн үг.

Үндэстэн эх хэлээ умартвал оюун санааны хувьд хоосорч, уураг тархи нь сэтгэх үйлдэл хийж чадахаа болиод даруй ширэнгэн ойн сүрэг амьтнаас ялгаагүй болно биз. Энэ бол хэтрүүлэг огтхон ч биш. Учир нь эх хэл гэдэг хүний сэтгэхүйн код юм. Компьютер ямар нэгэн программаар кодлогдсон байдагтай тун төстэй. Оюун ухаан компьютер хоёрын үйлдэл хийх дараалал нь бараг ижил. Компьютерийг хүн хийсэн юм чинь. Тэгээд эх хэл хэмээх кодыг нь аваад хаячихвал Монголын ирээдүй ямар үйлдэл хийх нь ойлгомжтой. Тийм учраас эх хэлээ мэддэггүй хүн мянган гадаад хэл гадарлаад ч хүн төрөлхтний дунд амьдрах чадваргүй л нэгэн болно. Тооны ухаанаар амьдрахгүй. Тоочид чинь эх хэлтэйгээ байж байж тоочин болсон юм. Ингээд бөөрөнхий орчлон дээр хар зөнгөөрөө бөмбөрч л явахаас өөр замгүй болно шүү дээ, бид.

Н.Пагма

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: