Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Монгол хэлний “маш” гэдэг үг бол машид нягталмаар үг…


(Үг, өгүүлбэрийн амь амьдрал, утга соёл, хэрэглээ)

Профессор Б.Пүрэв-Очир (МУБИС)

Машид цагаан буяны сэтгэлийн агаараас
Магад би хийгээд огторгуй адил хөгшин эх амьтад
Эдүгээгээс бодийн шимийг олохыг хүртэл
Энэрэлт багш, чухаг дээд гуравт аврал одуулъя!
(Гандан Жанзэ Гаси Рэнбүчи “Багийг танихуй” номоос)

Монгол хэлэнд “маш, машид, ашид, эгнэгт, үүрд, нэн, тун, үлэмж…” гээд л машид нягтлан судалж сонирхмоор үг, хэллэг өдий төдийгөөр байдаг. Эдгээр үгсийг бичиж боловсруулсан зүйлдээ хэрэглээгүй, хэл яриандаа хэлээгүй монгол хүн тун ховор байх аа. Хүмүүн хоорондын харилцаанд эерэг сэтгэл хөдлөл, зохист эрчим долгионыг илэрхийлсэн үедээ “маш сайхан, машид бүтэмжит, маш бат, машид гүтгэсэн чимэг, машид ариун, үүрд энх, нэн цэвэр, тун уран, үлэмж арвин…” г.м.-ээр; сөрөг үнэлэмж, таашаал тааруухан эрчим долгионыг илэрхийлэх тухайдаа “маш муухай, маш хэврэг, маш эмзэг, эгнэгт худал, нэн зохисгүй, тун базаахгүй, үлэмж ховор…” г.м.-ээр хэрэглэсээр иржээ.

Монгол хэлний энэхүү “маш” тэргүүтэн бүлэг үгсийг монгол хэлзүйн сурах бичгүүд, судалгаа шинжилгээний ном зохиол, сургуулийн хэлзүй, толь бичиг зэрэгт гадаад, дотоодын эрдэмтэн судлаач нар, “дайвар үг”, “сул үг”, “хүч нэмэгдүүлэх үг”, “баймж үг”, “утга эрчимжүүлэх үг”, “орон-цагийн нэр” г.м.-ийн нэр томьёогоор оноож, янз бүр өнцгөөс нь тайлбарласаар ирж. Яахлаараа ийм үгсийн бүлгийг “дайвар бүтээгдэхүүн”, “дайвар гуйвар юм”, “дайвар мах”, “дайвар эрхтэн” гэдэг шиг “дайвар үг” гэсэн юм бол доо? эсвэл “сул яриа”, “сул оюутан”, “сул морь”, “сул сувс”, “сул шороо”, “сул асгасан сувд” гэдэг шиг “сул үг” гэж нэрлэсэн юм бол? гээд л сонирхоод үзмээр санагдана. Гэтэл бас энэхүү утга эрчимжүүлэх, хүч нэмэгдүүлэх “маш” “машид”-тай зэрэгцээд л, Маш, Машбалжир, Машбат, Машбаян, Машбилэг, Машбүтэмж, Машдэлгэр, Машлай, Маштунгалаг г.м. хүний оноосон нэрийн “Маш ~ Маши”; машлах (юмыг үүрд, эгнэгт өгөх, машлан татах), “маш авах”, “маш өгөх” (хэр хэмжээ, цаг заах утгаар: С.Шагж гуайн тольд тэмдэглэснээр.) машлан барих (буугаа цэнэглэн барих), маш холбон буудах (баяд аялгуунд: онь холбон буудах, гохыг зэрэг дарах), машин тэмээ (халх аялгуунд: хоёр бөх ширээ боловч урагш махийсан буюу соёо бөхтэй тэмээ, Д.Баасанбат, “Монгол хэлний тунгаамал”, Уб., 2010, 173-рт.), бууны маш (ойрд аялгуунд: бууны хуй буюу хундага мод), маш дарах (баяд аман аялгуунд: гох дарах), машин дэгээ~гэгээ (буриад аялгуунд: өвсний том нуруу буюу бухлаас өвс татан буулгадаг ганц шүдэт махир дэгээ), “машан” (зэр зэвсэг), “машанга” (түнгүс-манж хэлэнд: хашир авхаалжтай;) г.м. үйл үг, тогтвортой холбоо үг, хэлц үгийн дотор “маш” язгууртай нэр ба үйл үгс хэрэглэгдсээр, монгол төрөл хэл, аялгуунд утга нь өргөжсөөр, тэлсээр ирсэн нь баримтаас харагдаж байх юм. Эндээс үүдүүлэн бодвоос, монгол хэлний “маш” –язгууртай үгсийг үгийн гарвалзүйн талаас нь, түүхэн хувьсал өөрчлөлтөөс нь, хийсвэр ба бодот утгын талаас нь, соёл-хэлшинжлэл, нийгэм-хэлшинжлэл, танин мэдэхүйн хэлшинжлэл, тархац хэлшинжлэлийн талаас нь сонирхон үзэж, “маш”-ийн эргэн тойронд эргэлдэж үзвэл сонин содон хэдэн зүйл юм байх шиг.

Нэгэн зүйл: “Маш”-ийг хэрэглэж ирсэн байдал, утга соёлын талыг нь нягталж үзвэл, монголчууд, 14 оронт их тоог “маш дэлгэмэл”, “маш тунгаамал” г.м.-ээр тоо тооллын үг-нэртомьёонд, “машлах” буюу юмыг үүрд өгөх, “маш дор орох”, “маш байх” г.м.-ээр үйл үгийн хэлбэрээр (Цэцэнцогт гуайн “Монгол үгийн язгуурын толь”-д буйгаар) “машуурах бялуурах” г.м.-ээр хоршоо үгэнд, “маш дэлгэр хангай минь мал сүргээр дүүрэн…” (Ц.Дамдинсүрэн) г.м.-ээр бичиг зохиолд, “маш бат, маш тунгалаг” г.м.-ээр төрийн албаны тамган дээрээ сийлж бичиж хэрэглэж ирсэн харагдана. Жишээлбэл, “Шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны мөнгөн эрдэнэ тамганы (1911) дээд талд болон дөрвөн талд нь “Тэнгэр энх, Түвшин дэлхий, Төр маш бат, Шашин маш тунгалаг” хэмээн монгол бичгээр утга төгөлдөр, агуулга гүн бичсэн байдаг.” (О.Батсайхан, “Монголын сүүлчийн эзэн хаан YIII Богд Жавзандамба”, Уб., 2008, 164-р тал) Энд Төрийн тамганд дээд найруулгын үгээр “Төр маш бат”, “Шашин маш тунгалаг” г.м.-ээр “маш”-аар хэр хэмжээг илэрхийлэн, тодосгон найруулж, их л ёс төгөлдөр, машид хүндэтгэлтэйгээр үйлс бүтээхийг бэлгэшээж бичсэн. Энэ бол монгол хэлний “маш”-ийг хэр хэмжээ, огторгуй-хугацаа заасан хийсвэр утгаар нь нэр үгэнд хамжуулан холбож болдог зүй тогтолтойг харуулж байна.

Нэгэн зүйл: Монголчуудын газар усны нэр, түүнтэй холбоотой домгийн зүйлд “Жоонын маш хугалдаг” гэсэн нэгэн сонин домог байдаг бөгөөд энэ домогт Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутаг дахь Эрчимийн нурууны салбар Цагаан давааны хойно олон хүн гөрөөлж явжээ.Жооно гэдэг сайн гөрөөчин тосгуулд сууж байтал арван хоёр салаа эвэр нь данхалзсан нэгэн буга хажуугаар нь өнгөрчээ.Үргээлгэнд гарсан хүмүүс Жооно гөрөөчний буудахгүй байгааг гайхсаар очтол нэртэй сайн гөрөөчний маань цахиур бууны маш (гох) нь хугарсан байжээ.Үүнээс хойш Цагаан давааны ар биед байдаг модот уулыг Жоонын маш (гох) хугалдаг гэж нэрлэжээ.

Энэ домогт буйгаар бол, цахиур бууны гох буюу цахиур бууны бялтыг хавчуулж буудахад гал үүсгэх сойлт төмрийг “маш” гэдэг ажээ. Үүнийг С.Шагж, Я.Цэвэл, Ц.Норжин, Цэцэнцогт, Чой.Лувсанжав, Д.Баасанбат бусад судлаач-эрдэмтний зохиосон язгуурын болон монгол үгсийн тайлбар толь бичигт ч дурдаж тэмдэглэж, тайлбарлажээ. Тэгэхлээр энэ цахиур бууны “гох”-ыг нэрлээд байгаа бодот утгатай “маш” гэдэг үг уугуул монгол үг үү, аль эсвэл харь үг үү? Бас тэрчлэн нөгөө “маш тунгалаг”, “маш бат”, “маш ариун”, “маш түвшин”, “маш амрах”, “маш өгөх”, “маш байх”, “машлах” гэдгийн “маш”-тай, бас нөгөө “машин тэмээ”, “машин дэгээ”-ний “маш”-тай энэхүү цахиур бууны “гох”-ны маш ямар нэгэн сэжмээр холбоо сүлбээтэй юү? Хийсвэр ба бодот утга заах талаасаа ямар ялгаатай вэ?, эдгээрийн хооронд омоним хэлбэр байна уу? г.м. асуулт гарч байгаа билээ.

Нэгэн зүйл: Монгол хэлний “маш бат”, “маш тунгалаг”-ийн “маш” нь манж-тунгус зүгийн хэл, зүрчин аялгуунд үмэси-“umeSi” гэсэн хэлбэрээр, хүчлүүлэх ба эрчимжүүлэх утгатайгаар байдаг аж. Монгол хэлний “умартах” гэдэг хэлбэрээс “у” үе-утгалбар хураагдаж, “мартах” гэдэг үгийн хэлбэр үүсдэгчлэн, манж хэлний “umesi”-гийн “u“~ү үе-утгалбар хураагдаж, “mesi” буюу “мэси” үүссэн бөгөөд монгол хэлний “маш”, манж хэлний “мэси” хоёр нь гарал төрөл, хэлбэр, нэр ба үйл үгэнд холбогдож, хийсвэр утга заадаг шинжээрээ холбоо сүлбээтэй, нэг угшилтай гэж үзэж болох үндэс байна.

Нэгэн зүйл: Эртний түрэг хэлний тольд: Маш – Уйгур бичгээр буй уйгур хууль цаазын бичигт (12-14 зуун) буддын болон манехейн, бас христийн агуулга, учир холбогдолтой нэгэн бичээст буй оноосон нэр…(В.М.Наделяев, Д.М.Насилов, Э.Р.Тенишев, А.М.Щербак, Л., 1969, стр-338) гэсэн бол, орчин цагийн турк тольд: маш – хямсаа, чимхүүр, хавчуур, хавчуурга, “маша” гэсэн перс хэлний гаралтай үг (Монгол-Турк, Турк-монгол толь, Уб., 2006, “Энпати” төв, 338-р тал, “Тюрк толь”, Анкара, 2000, 653-р тал), персээр “mase” буюу “мааси” гэж дууддаг аж. Үндсэн утга нь галын хайч, галд ямар нэгэн зүйлийг хавчиж барих хоёр гуятай металл зүйл. Шилжсэн утга нь бусдын хэлсэн үгийг өөртөө ашигтайгаар өлгөж, хавчиж, дэгээдэж авдаг хэн нэгэн хүн гэжээ. Тэгэхлээр нөгөө, хүний оноосон нэрийн ”Маш”, тэрчлэн XYI-XIX зууны үед хэрэглэгдэж байсан, цахиураас гарах очны үсрэлтээр дарь нь авалцаж, бууддаг цахиур бууны “гох”-ны “маш”, “галын хайч”-ны “маш” тэргүүтэн нь перс гаралтай үг болоод байна. Эндээс харахад нэгд, монгол хэлний сайнаас сайн, муугаас муу хэмээх тэргүүтэн аливаа үгсийг давхарлан лавлах, (Хорин наймт тайлбар тольд тэмдэглэснээр) эрчимжүүлэх ба хүчлүүлэх утгатай “маш”, мөн тийм утгат, манж хэлний “үмэси”, хүний оноосон нэрийн “Маш ~ Маши”, цахиур бууны “гох” буюу “бялт хавчих чимхүүр төмөр”-ийн “маш”, перс хэлний “галын хайч” буюу “хавчуур”-ыг заах “мааси” г.м. 3-4 “маш”-ийн хооронд ижил хэлбэрүүд үүсэж, утга соёлын хэрэглээ нь өвөрмөц онцлогтой болжээ. Хоёрт, хүний оноосон нэрийн “Маш ~ Маши”, цахиур бууны сойлт “гох”-ны “маш” нь уугуул монгол үг биш, ормол үг бөгөөд перс хэлний гаралтай “гох, хямсаа, чимхүүр, хавчуур, хавчуурга, галын хайч” г.м. утгыг заан нэрлэсэн “маш ~мааси”-гаас улбаалан явсаар, утга нь шилжин өргөссөн нь харагдаж байна.

Нэгэн зүйл: Монгол хэлэнд “оньс”, “дэгээ”, “цоож”, “цуурга”, “түгжээ”, “тээг буюу тээглүүр”, “гацаа”, “шөрөг”, “шураг”, “замаг”, “гох”, “гөхий”, “чавга” (дөрвөд, захчин аман аялгуунд) “хямсаа”, ”хавчуур”, ”хайч”, “маш” г.м. цөөнгүй үгс соёлын өөр өөр орчилтой, уг гарвал нь өөр ч, найруулга, хэрэглээний хүрээнд эх сэдвийн синоним байдалтай болж, утгын нэг орон-зүйлд багтан хэрэглэгдэж ирснийг анзаарч болох. Гэхдээ эдгээр үгсийн монгол хэлний үгсийн санд орж ирсэн ул мөр, улбаа учиг, уг гарвал нь өөр өөр, төрөл бүрийн найруулга дахь давтамж, олон янз соёлын хүчин зүйлийн харилцааны илэрхийлэл нь онд ондоо байгаа онцлогтой юм. Тухайлбал, “онь”, “гох”, “гөхий”, “хайч” нь монгол хэлний; “замаг” нь орос хэлний; “цоож” нь хятад хэлний; “цуурга”, “гацаа” нь манж хэлний; “шор”, “шөрөг”, “шураг” нь түрэг хэлний; “дэгээ”, “гэгээ” нь буриад хэлний; “чавга” нь ойрад аялгууны, “маш” нь перс хэлний г.м. өөр өөр ул мөр, уг гарвалтай байх жишээтэй. Тэгэхлээр цахиур бууны “гох” буюу бялт цохих хавчуур төмрийг заадаг “маш” гэдэг перс гаралтай үг, монгол хэлний “галын хайч”- гэдэг үгсийн угсаа-хэлшинжлэл, соёл-хэлшинжлэлийн холбоо, утга соёлын улбаа нь сонирхол татах зүйл юм. “Бууны гох буюу сойлт хавчуур төмөр”, “Галын хайч” хоёр холбогдохын учир нарийн ажээ.

Нүүдлийн соёл иргэншилт монголчуудын аман хууль, хорио цээрийн ёсонд “хайчны цээр”, “бууны цээр” гэх мэт маш олон тусгай хорио цээр байдаг. Ер, нүүдэлчин, малчин, анчин гөрөөчин хүмүүсийн гал голомтын ёс, ан авын ёсонд олон бичигдээгүй хууль, ёс горим үйлчилсээр, уламжилсаар ирсэн. Тухайлбал, бууны цээрт: амыг нь дээш харуулан үүрдэггүй. Учир нь дайн байлдаанд ялагдсан цэргүүд бууныхаа амыг дээш харуулан үүрдэг ёстой байжээ. Монгол хүн, бууны ам руу үлээдэггүй, зэвэрнэ, чалчина гэж үзнэ. Бууны амыг хүн үрүү харуулан өлгөх, тавих, хандуулахыг цээрлэнэ. Бууг хаа хамаагүй тавьдаггүй, тусгай өлгөх, байрлуулах, босгох газартай байдаг. Буунд эмэгтэй хүн, хүүхэд шуухад хүрдэггүй, оролддоггүй байв. Харин нь уг бууны эзэн нь, эсвэл анчин гөрөөчин хүн л хүрч оролдох ба овоо харааг нь шалгах, оноч цэций нь үзэх, бай буудах, тослох сүмбэдэх, ан авын дараа, олон буудсаны хойно цэвэрлэх тэргүүтэнг хийнэ. Ялангуяа ямар ч бууны овоо хараа, гол төмөр, бууны ам, гох төмөр буюу “маш”, замаг, гал цохих шөвөг төмөр тэргүүтэн бол бүр оролдоод, шохоорхоод байх, хэн хүн, гар хүрээд байх зүйл огт биш. Машид эмзэг, гамтай, болгоомжтой, цэвэр ариун байлгах дээдийн дээд эд анги болой. Тэгэж баймаажин сайн буу, туршлагатай мэргэн бууч-анчны хүч, ухаанаар л тэр олон зүйл ан ав бүтэмжтэй, урагштай болдог учиртай байж… Бууны хорио цээр, анчны ёс жаягийг дагаж эс чадваас “буу чалчиж”, ан авын ажил урагшгүй болдог гэлцэнэ…

Цахиур бууны бялт хавчих төмөр буюу ерөөсөө бууны сойлт “гох”-ыг яагаад “маш” гэсэн юм бол?, бууны “гох”-нд машид чухалчилмаар, машид хашир хандмаар, онцолмоор ямар ямар шинж байна вэ? гээд л бас нэгэн бодол, тайлбарын сэжүүр гаргаж болмоор. Чингээд бодохлоор, маш бат бэх байх, маш алдаагүй зөв байх, маш цэвэр, зэвгүй тунгалаг байх, маш түргэн, оночтой байх, маш алдаагүй чалчаагүй байх, маш болгоомж сэрэмжтэй байх, ингэснээрээ ан ав нь маш бүтэмжит сайн байх ёстой зүйл бол алив бууны (цахиур буугаар эхэлсэн гэж ойлгоё л доо Б.ПО) “гох” болно гэж үзэж болмоор.

Бас нүүдэлчин монголчуудын “Хайчны цээр” ч сонин бөгөөд хорио цээр ба “гох”-той холбогдох талаасаа анхаарал татмаар зүйл байна. “Хайчны цээр”-т:

– Хайч хүүхдэд бариулах, наадахыг цээрлэнэ. Хос үзүүрт мэс нүдэнд халтай, аминд цөвтэй гэдэг.
– Хайч ангархай орхихыг цээрлэнэ. Мэс амь биед осол учруулна, хэл ам татална гэдэг.
– Хайчин дээр гишгэх буюу дээгүүр нь алхахыг цээрлэнэ. Эсгүүр хайчлуур буруудна, их гарз гарна гэдэг.
– Хайчийг хоосон хавшихыг цээрлэнэ. Хайчлуур их гарна, хайчны ир мохно, хэл ам татална гэдэг.
– Хайчны үзүүрийг хүний өөдөөс харуулж өгөхийг цээрлэнэ. Хутга мэсний үзүүр хүний өөдөөс хандуулсны нэгэн адил ёс алдана хэмээнэ.
– Хайчийг хэрэглээд ил задгай орхих, авдар сав, гэр дээр тавихыг цээрлэнэ.
– Хайчны амыг тэлэх буюу хайч ханцуйлж явахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс “Юу алахыг завдана вэ” хэмээн асууж болиулна гэж байна. (Л.Түдэв, “Аман хууль”, Уб., 2000, 125-р тал) Тэгэхлээр цахиур бууны сойлт төмөр “гох” буюу “маш”-ийг персээр “мааси” гэсэн. Энэ нь “галын хайч” гэсэн утгатай гэсэн. Энд бууны “гох”, “галын хайч” хоёр холбогдоод ирж байх шиг. “Гох”-нд ч маш чухал, дээд цээр байна, ”галын хайч”-нд ч эрхэм нандин чухаг цээрүүд байна. “Хайч”-ны цээрийг эс дагаваас “хайч гажиж, хайчлах юмаа даахаа больж, бас л чалчиж зажилдаг явдал бий.

Эцэст тэмдэглэхэд, монгол хэлэнд байгаа, тайлбар толь бичигт тэмдэглэгдсэн хэдэн өөр “маш” гэдэг үгийг амь амьдрал, үүсэл гарал, утга соёл, хэрэглээний талбараас нь сонирхож үзвэл, монгол, манж хэлний “маш”, “umesi” –нь уг гарвал, ул мөр нэгтэй бөгөөд “сайнаас сайн, муугаас муу хэмээх тэргүүтэн” хэр хэмжээний эрчимжүүлэх, хүчлүүлэх хийсвэр утгыг заадаг ба нэр ба үйл үгийн өмнө орохдоо байрлалаасаа болж, хэр хэмжээ, огторгуй-цаг хугацаа, байдал шинж, тоо чанарын утгыг ялган заадаг зүй тогтолтой болжээ. Харин нөгөө бууны замаг-сойлт төмөр буюу “гох”-ыг заадаг, нөгөө талаар “галын хайч”-ийг нэрлэсэн, перс хэлний гаралт “маш” нь бодит утгыг заах ба энэ үгийн утга олон монгол хэл аялгуунд нэлээд өргөсөн тэлж, “ижил хэлбэрүүд (омоним) үүсэж, утга соёлын өөр өөр орчилд орж яваа юм шиг санагдав. Ер, тэгээд “маш”-ийн эргэн тойронд магадалмаар, судалж нарийвчилмаар, машид нягталмаар зүйл бас бус байх шиг…

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: