Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Боржигин нэрийн борын тухайд


| Origo.mn
2006/11/14 – 18:20, Мягмар гараг

ШУТИС-ийн антропологи-археологийн багш
Ю. Болдбаатар

Чингис хааны язгуур овог болох хиад яст, боржигин овгийн түүх нь монголын түүхийн салшгүй хэсэг билээ. Боржигин овогтон нь монголчуудын төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлд онцгой чухал үүрэг гүйцэтгэжээ. Учир нь эсгий туургатныг нэгэн туган дор нэгтгэж, улмаар наран ургахуйгаас шингэхүй доорх олон улс иргэнийг нэгтгэсэн Монголын хүчирхэг их эзэнт гүрнийг байгуулахад энэ овогтон манлайлсан хийгээд тэдний явуулсан улс төр, эдийн засгийн дэлхийн хэмжээний бодлого нь хүн төрөлхтний цаашидын хөгжил дэвшилд чухал түлхэц өгсөн билээ.

Түүнчлэн дэлхийн түүхийн бүх үеийн турш дахь хамгийн олон хаадыг төрүүлсэн овгийн нэг хийгээд лал, христ, күнз, бурханы шашинт болон бөөгийн шүтлэгт олон овог, аймаг, улс, гүрнийг эзлэн он удаан жилээр захирсан овог гэвэл гагц боржигин овог ажгуу. ХХ зууны монголын түүхийн хуудас сөхвөөс ихэд хэлмэгдсэн нь хар феодал хэмээгдсэн боржигин овогт ноёд, тайж нар тэдний төрөл садангууд байв. Шинэ зуун, шинэ мянганы босгон дээр хар тэргүүт гэлтгүй хамаг олноороо хамаагүй авсан овог гэвэл мөн л боржигин овог болно. Энэ мэтчилэн олон зүйлийг энд өгүүлж болох авч, энэ удаа түдгэлзэж, гагц боржигин нэрийн гарал үүслийн тухай товч өгүүлье.

Боржигон нэрийн гарлын асуудлыг дундад эртний түүхч, бичгийн мэргэд хийгээд эдүгээ цагийн дэлхийн олон монголч эрдэмтэн анхааран судалж, өөрсдийн санал, дүгнэлтийг хийж иржээ. Анх Рашид-ад-Дин Судрын чуулганд Боржигин хэмээх нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын үр ач нарын цол болов. Түрэг хэлэнд боржигин гэхийн утга нь цэнхэр нүдтэй хүнийг өгүүлнэ./15; х.61/ гэжээ. Энэ нь дундад эртний перс хэлнээс оросруу хөрвүүлэгч бээр бор буюу хөхөлбөр өнгийг цэнхэр хэмээсний дам орчуулга ажгуу. Түүнчлэн Халхын Галдан туслагч Эрдэнийн эрхи зохиолдоо “Боржигин овог хэмээсэн учир болбоос бүри харчу эх, чи тэнгэр эцэг, хиан тэр хоёрын хөвүүн”/7; х.12/ гэж үзсэн бол Дарма гүүш Алтан хүрдэн мянган хигээст хэмээх зохиолдоо “Боржигин овогтны хатныг тэнгэр хайрлаж төрсний тул тэнгэрийн үндэст бөгөөд эрдэм ид их асар хүмүүн үгүй хэтэрхий, ухаан бодлого гүний тул тэнгэрийн хөвүүн үүний боржигэд овогтон болон нэхэх монгол улс ноён болгон өргөв.

Үүнээс хойш Монголын хаадын үндсэн тэнгэрийн үндэст болов. Энэ нь хүмүүний удам эх тэнгэрээс ирэх хэмээсэн лүгээ утга зохилдому. /2; х.16/ гэжээ. Дэлхийн монголч эрдэмтдээс Н.П.Поппе, П.Поуха нар Боржон гэдэг эм галууны нэрэнд ямар нэг дагавар залгаснаас үүссэн гэж үзсэн бол Элдэндэй Ардажав Хөлөнбуйрын Боржиун голын нэртэй холбон тайлбарлажээ. Түүнчлэн нилээд эрдэмтэн боржигин хэмээхийг бөртэ чино гэдэг үг сунжирсаар боржигин болсон гэнэ. Энэ санал нь Боржигин нэрийн гарал чонотой холбогдохыг хэлж буй хэрэг бөгөөд эрдэмтэн А.Очир, Ж.Сэржээ нар энэ талаар судлаад эртний түрэгийн бүри тегин /14; x.99/ /чоно эзэн/ гэдгээс үүсэж, сунжиран боржигон болсон гэж үзжээ. Гэвч эдгээр судалгаанд үгийн гарлыг гүнзгийрүүлэн түүний утга, учир шалтгааныг бүрэн дүүрэн тайлбарлаж, батлан нотлосон нь хараахан үгүй байна. Иймд бид асуудлыг цогц байдлаар судлахыг зориж буй бөгөөд энэ удаа гагц боржигин нэрийн бор язгуурын утга, учир холбогдлыг бага ч болов тодруулахыг оролдов.

Адууны бор зүсмийн тухай

Монголчууд бор гэж аливаа эд зүйлсийн өнгийг, мөн малын, түүний дотор адууны нэгэн зүсийг нэрлэж байна. Мөн бор гэсэн үг нь бор харгана, бор бударгана, бор бургас зэрэг зарим ургамлын, бор гөрөөс, бор шувуу, бор галуу,  бор харагчин зэрэг зарим амьтны нэрэнд, түүнчлэн бор дарс гэдэгт тухайн зүйлийн нэрийг тодотгосон байдлаар уг үгтэй хоршин хэрэглэгдэж байна.

Бор өнгө гэж эдүгээ бид хүрэн маягийн дэвсгэрт, тодруулвал чүдэнзний зуруул, болжморын толгой, бор эсгий зэрэг зүйлсийн өнгийг илүүтэй ойлгодог. Харин энэ нь адууны зүсэмд зөрчилддөг. Адууны бор зүсэмд харсаар атал цагаан давамгайлсан байдаг.  Гэвч худам монгол бичгээр хоёуланг адил BrO гэж бичдэг нь монголчууд монгол бичгийг авч хэрэглэх цагт, магадгүй түүнээс эрт бор гэдэг дан нэг өнгө, зүс байгаад хожим хувьсаж олон өнгө болон задарсныг харуулж байж болох юм. Я. Цэвэл Монгол хэлний товч тайлбар толиндоо: Бор гэдгийг хар цагаан хоёр хольцолдсон өнгө, зүс /10; х.93/ гэсэн бол Ш.Хашбат “Адуу судлал”, Л.Мөнхтөр “Монгол адууны зүс, шинж заасан үгийн утга зүй, бүтэц” бүтээлдээ: “Бор зүсэм: Үснийх нь уг цагаан бор, цагаавтархан дэл сүүл нь бор буюу хөхөвтөр сор нь үзүүрлүүгээ бор голлож, бага зэрэг хар холилдож, цэгээн хөхөвтөр туяа татдаг үндсэн биш дан зүсэм”/13; x.88-89/ гэжээ.

Адууны бор зүсийг монголчууд хар бор, улаан бор, хөх бор, үүлэн бор, цэнхэр бор, борлог зэргээр ялган нэрлэдэг. Энэ нь улаан, хар, хөх зэрэг өнгө  цагаантай сүлэлдэж үүссэн, үүсмэл зүсэм бөгөөд сонирхолтой нь ихээхэн хувьсамтгай ажээ. Ингэхдээ унаган цагаас нас бие гүйцэж, өтлөх хүртэл дэвсгэр өнгө нь цайсаар цагаан болж хувьсдаг билээ. Буурал зүсэм ч үүнд холбогдоно.
Монгол ардын үлгэр, домог, баатарлаг тууль дахь нисдэг хүлэг бүхүй баатруудын морины зүсийг түүвэрлэвээс дийлэнх нь бор зүсмийн морьд байдаг.

Халх ардын туулийн баатар нэгэн зуун тавин насыг насалсан хөгшин Луу мэргэн хаан уурга хуувиар барьдаггүй, алтан шар хазаараар даллаж барьдаг жигүүрт бор морьтой /9; x.77/ байдаг. Харин халх туулийн баатар Алтан гургалдай хааны хүлэглэдэг хүлэг нь ах дүү хоёр бор морь /9; x.37/ билээ. Эл хоёрын ах бор морь нь хэдийвээр нисдэг хүлэг хэмээн дурдаагүй боловч аяар холын газраас зулын цагаан өвс болоод хийсээд гаднаа ирдэгийг доктор С.Дулам “Жигүүрлэн нисэхийн улбирах хувилах өгүүлэмжээр төлөөлүүлэн дүрсэлсэн байх гэж үзээд үлгэр домог, туулийн нисдэг бор морины дүр бол анхандаа жигүүртэй шувууны дүрийн өгүүлэмжээс үүсэл гаралтай байж болох юм. Үлгэр туулийн баатар гурван ертөнцийн амьтанд хэл ул дуулгах болохдоо зарч мэдээч нарыг ямар нэгэн жигүүртэн шувуу бүргэд, харцага унуулан зүг бүр тийш илгээдэг. Иймээс нисдэг бор морь гэж ёгтлон нэрлэсэн байх бүрэн үндэстэй. Эдгээр шувуудын өнгө тодотголыг бор хэмээн нэрлэх боломжтой” /12; x.81/ гэж үзжээ. Нисдэг хүлэг морьдийн  хамгийн тод жишээ нь бидний сайн мэдэх Болдоггүй Бор өвгөний үлгэр билээ. Долоон бор хоньтой, нисдэг, нисдэггүй бор морьтой тэрвээр нисдэг бор мориороо тэнгэрийн хон хэрээ, хоёр чоно, хоёр лууг гүйцэж очоод шийтгэж орхидог увидастай байдаг. Мөн Дархад бөөгийн “Зөнөг хайрханы” түүх домогт Зөнөг хайрхан нэг нисдэг бор морьтой бөгөөд хүрэхгүй газаргүй  тухай өгүүлдэг. /9; x.79/ Түүнчлэн бидний өвөг дээдэс тэнгэрийн сэтэрийг ихэвчлэн бор зүсмийн мориор тавьдаг байсан уламжлалтай хийгээд эдүгээ баруун монголчуудын тэнгэрт сэтэрлэж тавьсан онгон хүлгүүд ч бор зүстэй байсаар ажгуу.

Газрын хүрэн бороос онцгойрох адууны бор зүс буюу үлгэр тууль дахь нисдэг хүлгүүдийн зүс нь бидний үзэхээр хөх тэнгэрийн төрх байдлын хувиралын өнгөнөөс үүссэн, тодруулвал бүрхэг /- burkheg/, бүрэнхий /- burenkhii/, харуй бүрий /- kharui burii/, бураатай /- bura/, бороотой /- boro an/, будант тэнгэрийн өнгө ажээ. Үүнээс адууны борыг үгийн гарвалын хувьд мөшгөхөд тэнгэрийн төрх байдлын хувиралтай холбоотой дээрх үзэгдлүүдийг заасан үгстэй язгуур эх нэгтэй байх боломжийг бидэнд төрүүлж байна. Монголчууд цасан болон шороон шуургатай үеийг Тэнгэр муухайрах, Тэнгэр газар нийлэх гэж яридаг. Буриадууд буруулган болхо гэж тэнгэр эвгүйрч, бороо цас хольж, шамрага тавихыг хэлдэг. Дээр өгүүлсэн бүр /bur – /, бур /bur – /, бор /bor – / язгууртай тэнгэрийн үзэгдлүүдээс бороо, бураа нь тэнгэрээс газар луу чиглэлтэй хур тунадас буух үзэгдэл болно. Тэнгэр хурмастаас буух хур борооны үр дүнд дэлхий дэлгэрдэг. Тэгээд ч монголчуудын Үүлэн борооны явдал гэсэн үг нь энэхүү үзэгдлээс үүдсэн нь илт ажээ. Энэ нь монголчуудын ертөнцийг үзэх үзлийн гол эх үүтгэл болох эцэг тэнгэр, этүгэн эх /газар/ хоёрын явдал мэт…

Энэ бүхнээс үзвэл адууны зүсмийн бор нь тэнгэр хурмастын хувьсах үзэгдэл байдлын өнгө буюу бүр, бор, бур гэсэн язгуураас улбаалж үүсжээ. Үлгэр, домог, тууль дахь нисдэг хүлгүүд бор зүстэй байгааг бид бороо, бураа, тэнгэр бүрхэхийн эх сурвалж болох үүлтэй холбон үзэж байна.

Боржигин нэрийн бор болон бөртэ чинуагийн тухайд:

МНТ-д Бөртэ чоно, Боржигдой мэргэн, Боржигон /6; x.7,9,41/ зэрэг нэрийн бор, бүр язгуурыг ижил хятад ханзаар галигласан байдаг.
Боржигин нэрийн бор язгуурыг бид чоно хэмээн үзэж байна. Үүнд эртний түрэг хэлэнд buri, bori хэмээн тэмдэглэгдсэн байдаг бөгөөд тухайлбал, бидний уншиж судалсан YIII-IX зуунд холбогдох Дундговь аймгийн Дэл уулын I руни бичээсэнд amtRlu iRuB imRGJ  [i(e)g(e)rmi buri ol(u)rtmi] буюу “Хорин чоно авлалаа” /11; х.219-228/. Түүнчлэн Енисейн руни бичээсэнд am}Rlu iRub itJ [e(i)ti bori ol(u)rtmi] буюу “Долоон чоно авлалаа” /8; х.33/ гэж өгүүлсэн байдаг. Чоныг бөр гэж гагц түрэгчүүд бус бас монголчууд ч бор, бүри хэмээн нэрлэж байжээ. Тэгээд ч дундад эртний монголчуудад Бүри нэртэй хүн цөөнгүй байсныг МНТ дахь Бүри бөх, Бури Булчир, Цагаадайн ахмад хүү Бүри зэргээс харж болно. Харин орчин цагийн монгол хэлэнд хэрэглэгдэж буй дээрх үгийн улбаа нь цөөвөр чонын цөөвөр бөгөөд энэ нь CoiheBrI [coge buri] буюу ховорхон байдаг цөөн бөр чоно гэсэн үг болно. Энд бөр чоно гэж бөртэ чоно гэдгийн адил хоршижээ.

Монголын нууц товчоо эхлэхдээ “Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу” /Cingis qa an-(n)u degere tengeri-ece zajagatu toregsen borte cino azu  u/ /6; x.7/ гэж эхэлдэг. Энэ нь боржигон овгийн гарлын талаарх нэн чухал тайлбар бүхүй түүхэн мэдээ билээ.

Энд өгүүлэх Бөртэ чонын тухай МНТ болоод монголын түүх соёлыг судалдаг дэлхийн олон монголч эрдэмтэн судалгаа хийж, өөрсдийн тайлбарыг хийжээ. Эдгээрийн нэг хэсэг нь Бөртэ чоныг түүхэн хүн, нөгөө хэсэг нь тотем амьтан гэж үзсэн хийгээд сүүлийн үед тотем амьтан гэх үзэл нь давамгайлж байна. Гэхдээ яагаад чухам чононоос үүссэн, басхүү тэнгэрээс ирсэн талаар тайлбар хангалттай хийгдсэнгүй. Энэ тухайд Бөртэ гэдэг бол чоныг хэлж байна. Эртний түрэгээр чоныг бүри гэдэг байсан тухай ДРЕВНЕТЮРКСКИЙ СЛОВАРЬ-аас тольдож хэлээд, чоно гэдэг бол тэнгэртэй хийморьтой, нүүдэлчдийн эртний шүтээн, тотем амьтан. Тиймээс л Бөртэ чононоос үүссэн гэсэн хэвшсэн дутмаг тайлбар нь чоныг тэнгэрийн амьтан гэх болсон үндсэн шалтгаан хийгээд үгийн гарлын учир холбогдолыг бүрэн нээн харуулж чадахгүй байна.

Чоныг тэнгэрийн амьтан гэж үзэх болсон тухайд

1.Монголчууд эрт цагаас бороо, цас, шуурга гээд байгаль, цаг уурын элдэв хатуу үзэгдлийг тэнгэр хилэгнэж байгаагаар ойлгодог. Эдүгээ бид ч “тэнгэр муудах, тэнгэр муухай аашилж байна.” гэж ярьдаг. Алив араатан түүний дотор чоно өөрсдийн хоол хүнс болох гөрөөс амьтаныг барих нөхцөл боломж нь дээрх байгаль цаг уурын ширүүн үзэгдлийн үед илүү байдаг. Тиймээс ч мал адгуулан амьдардаг нүүдэлчин монголчуудын хувьд тэнгэр муудахын цагт мал ахуйд нь чоно ихээр халдаж, сүйрэл учруулдгаас үүдэн чоныг тэнгэр илгээж байна гэсэн ойлголт буй болсон гэж үзэж болно. Чоныг тэнгэрийн дээрх үзэгдэлтэй холбон үздэг байсны жишээг бид монголын түүхийн гол сурвалжуудаас ч харж болох бөгөөд үүнд: МНТ-д Бэгтэрийг Тэмүжин Хасар хоёр үтэрмэлж алсныг Өүлэн эх мэдэж хэлсэн үгсийн дотор “Бороонд шахах чоно мэт”/6; x.92/, Хураангуй Алтан товчид “бороон өдөр довтлох бөрт чоно мэт” гэж гардаг.
Одоо ч бид “Чоно борооноор” гэсэн хэллэгийг хэрэглэсээр байгаагийн зэрэгцээ туульд:

“Бөрт чонын бөгөлгөөр /шогшоо/
Бөгтөр чонын сэгэлгээр”/гүйдэл/
Даян дээрхийн дуудлагат:
“Бөгтөр чонын бөгтөргөөр ирдэг
Халтар чонын хадаргаар ирдэг
Хан хүчир тэнгэр минь”/4;288/ гэж өгүүлдэг.

Энд Хан хүчир тэнгэр чонод хувилан ирж байгаа бөгөөд цааш:

“Харуй бүрийд гүйдэлтэй
Хар хэрээ дагуултай”/4;289/ гэжээ.

Энд Хан хүчир тэнгэр чонод  хувилан ирэхдээ бүрий-гээр гүйдэлтэй басхүү хэрээ дагуултай ирдэг нь бидний сонирхолыг ихэд татаж байна. Учир нь хэрээ алив гөрөөс амьтан байгаа газар очиж гуаглахад, чимээнээр нь чоно ирж ангуучлах бөгөөд түүний барьж идсэн амьтны үлдэгдлээр хэрээ хоололдог.

Чоно хэрээ хоёрын идэш тэжээлээ хамтран олж иддэг байгалийн энэ зохицсон симбиози үзэгдэл нь бидний өвөг, эртний нүүдэлчдэд эцэг тэнгэр газар дэлхий рүү чоныг хэрээ хэлмэрчтэйгээр элч болгон илгээж байна гэсэн ойлголтыг төрүүлэх үндэс болсон болов уу.

Тиймээс ч хэрээ дууграхад “Хүүш цаана чинь Хангай явна…” гэдэг. Мөн
“Борооны өмнө шороо
Боохойн өмнө хэрээ” гэдэг хэллэг ч байдаг. Эндээс монголчуудын эртний бөө мөргөлд хэрээг тэнгэрийн хэлмэрч хэмээн шүтдэгийн учир холбогдол илэрнэ.

Дээр өгүүлсэн үзэгдлүүдээс үүдэн эртний нүүдэлчид чоныг тэнгэрийн амьтан хэмээн үзэж, шүтэх болжээ гэж бид дүгнэж байна. Гэхдээ энэ үзлийг дундад эртний үед бүрэлдсэн үзэл хэмээн ойлгож хэрхэвч болохгүй агаад учир нь түүх сурвалжид Төв Азийн өндөрлөгт хүчирхэг төр улсаа байгуулж асан эртний нүүдэлчин овог аймгуудын дотор үүсэл гарлын хувьд чонотой, түүгээр дамжуулан тэнгэртэй холбогддог нийтлэг агуулга бүхүй  домог /Хүннү, усунь, түрэгийн домгууд/ цөөнгүй тэмдэглэгдсэн байдаг. Иймээс энэ үзэл нь бидний өвөг дээдсийн сэтгэлгээнд нэн эрт үед бүрэлдэн тогтсон язгуур үзэл ажгуу.

Харин хожим Уйгарын хаант улс /YIII-IX зуун/ гэрлийг эх үүтгэл болгосон Манихейн шашинг Согдоос авч төрийн шашин болгосон нь Төв Азийн бусад нүүдэлчин овог, аймгууд түүний дотор бидний өвөг дээдсийн тэнгэрийн хөвүүн, хаан язгуурын гарал үүслийн тухай үзэл төсөөлөлд хүчтэй нөлөөлсний тод жишээ нь Алун Гоогийн домог болно.

Бөртэ гэдгийн тухайд

Бөртэ чонын бөртэ нь чоно гэдгийг улам баталгаажуулахын зэрэгцээ чонын сээр, зоо нуруугаа дагасан судал бүхүй олон жижиг толботой өнгө зүс түүнчилэн түүний харуй бүрийд бөгөлзөн бөртөлзөж ирдэг тэр шинжүүдийг бүрнээр тодотгож байна. Үүнээс үзвэл бөртэ чоныг өөрийн өвөрмөц зүс бүхий чоно хэмээн ойлгож болно. Ер нь хоттой хонь малд чоно харуй бүрий, бүрэнхийгээр халдан ирдэг нь түүний бөртөлзөж харагдахын шалтгаан буюу.

Хонгирадын Дэй сэцэний охин Бөрт Үжинийг эхээс мэндэлсэн цагаасаа л сэвх мэт олон жижиг мэнгэтэй  байснаас тийнхүү нэрлэсэн гэсэн тайлбар байдаг.

Эдүгээ бид бөрт гэж аягатай цайндах нүдэнд харагдахуйц шаарны нунтагийг, мөн бог малын хавирганы толгойн хэсгийг нэрлэхээс гадна Тэнгэрт бөртийх ч үүлгүй. Нулимсан дунд минь бүрэлзэх юм. Харанхуйд нэг бөртөлзсөн юм л харагдсан гэх зэргээр бүр, бөрт язгууртай үгсийг хэрэглэдэг. Түүнчлэн бөрт гэдгээс бөртгөр бөлтгөр, бүлтрэг, бэлтрэг болсон хэмээн үзэж болно. Түрэгийн зарим салбар  хэлэнд чонын бэлтрэгийг бүрт, бүлт гэх нь байна. Казах хэлэнд үүлийг бүлт, мөндөрийг бүршаг гэх нь басхүү тэнгэрийн зүйлд холбогдох утгаараа сонирхолтой.

Чоныг бөр, бүр, бор гэх болсон тухайд

Дээрх шалтгаанаас үүдэн чоныг тэнгэрээс гаралтай амьтан гэж үзээд түүнийг  адууны бор зүсмийн адил тэнгэрийн үзэгдэл байдлын өнгөөр нэрлэжээ. Энэ нь илүү их бүрүй, бүрэнхийн бүр язгууртай холбогдох болов уу. Нөгөө талаар чонын зүсийг монголчууд хөх чоно, саарал чоно гэлцдэг нь ч үүнд нөлөөлсөн нь эргэлзээгүй. Бор гэдэг чоно болохын бас нэгэн нотолгоо нь Хавт Хасарын хойчис Өнөболдын эцэг Шигшүүдэй баатар ван өөрийн найз Ойрадын Гойлинч баатартай ирүүлд гарч байлдан ялсан Бор нохойн зоо /1;142/, /2; x.116/ гэдэг газрын нэр болно. Үүнийг газар усны нэр судлалын /топоним/ үүднээс үзэж тайлбарлавал Чоно нохойн зоо гэж болох бөгөөд энэ нь аль нэг зүйлийг нэрлэх өөр үгс хоршиж тухайн зүйлийг тодруулдаг монгол хэлний түгээмэл үзэгдлийн нэгэн жишээ буюу бөртэ чоно, цөөвөр чоно, чоно нохой гэдэгтэй ижил болно. Монголчууд чонын нэрийг цээрлэж  хангай, боохой (бор нохой гэдгийн товч байж болох), хээрийн нохой гэж нэрлэх ёс буй. Үүнээс гадна чоныг хөх нохой гэх нь байна. Ордосын дархадуудын хууч ярианд Хан мөнх тэнгэрээс саглагар модон дээр бууж ирсэн Хараа ихт хар сүлдийг анх Чингисийн зарлигаар Мухулай хөтөлж явсан хээр азарганыхаа онгон мундаан дээр тосч аваад тайж тахих тухай хаанд сануулахад Чингис хаан “Мянган улаа базааж, түмэн хонин өтгөөр тахисугай” хэмээн тангараглаж есөн ес наян нэгэн хээр азарганы дэлийг навсалзуулан хөхөл гэгчийг зооглуулан чимж, түмэн өтгө гүйцээж эс чадваас есөн ес наян нэгэн хонины нэг нэг шийртэй (зүлдэ) хамтаар тахилга өргөөд үлдсэн тоог Хан мөнх тэнгэрийн хөх нохой (чоно) манай Монголын хонин сүргээс гүйцэтгэн барьтугай” хэмээн тайж тахиад үндэстнийхээ сүлд, сүнс болгон эрхшүүлэн тахьсан гэдэг. /; х.12-13/

Бөр, бүр, бор хэмээн хувирсан тухайд

Аливаа хэлэнд авиа сэлгэх, авиа сугарч утга салбарлах үзэгдэл түгээмэл байдгаар үүнийг тайлбарлаж болох хийгээд энэ нь дугариг, дүгэрэг, /дүүрэг/ төгрөг /төөрөг/, тойрог гэдэгтэй адил авиа сэлгэсэн үзэгдэл болно.

Хиад ясны тухайд

Дээд тэнгэрийн заяагаар бүрэлдсэн Боржигин овог нь басхүү цагаан /хиад/ ястай хэмээн бусад овгоос онцгойрдог. Энэ нь тэнгэрийн гэдгээ цагаан ясаар давхар батлаж буй хэрэг юм. Тайж язгуурт, цагаан яст хүн цахилгаан цахих, тэнгэр дуугарахад хашгирдаг мөн аянганд цохиулсан хүн амьтанд хүрч чаддаг ажгуу. Тэгээд ч цагааныг тэнгэрийн язгуур чинад өнгө гэлтэй. Учир нь монгол төрийн энхжин мөнхжингийн бэлэгдэл болсон есөн хөлт цагаан сүлд, цагаан яст хияд боржигоны сүлдэр цагаан шонхор, есөн цагааны бэлэгдэл, Чингис хааны онгоны найман цагаан орд, Чингис хааны өндгөн цагаан хүлэг /Эзэн богдын онгодын хүлэг/ зэрэг нь цагаан өнгөтэй, басхүү эрхэм нандин сүлд шүтээн байгаад оршино. Тэнгэрийн эл чинадын өнгө нь хөх тэнгэр мэт бидэнд харагддаг бус оюун сэтгэлгээний чинад дахь бэлэгдлийн дээд язгуур буюу хийсвэр өнгө хэмээн үзэж болно.

Энэ бүхнээс Боржигин овгийн нэрийн бор язгуур нь хаан  язгуурыг тэнгэрээс гарвалтай, тэгэхдээ дээд тэнгэрээс бөрт бор чоноор хувилан ирж, төрсөн гэсэн өвөг монголчуудын ертөнцийг үзэх гол үзлийн гүн утга, учир холбогдлыг агуулсан ажгуу. Тэгвээс хаан язгуур нь тэнгэрийн хүү Бөртэ чоноос гарвалтай гэвэл хоёр мянганы тэртээх /нанхиад сурвалжид тэнгэрийн хүү/  Хүннүгийн Шаньюй
Чину-а буюу Чоно байж ч болох…

Эцэст нь өгүүлэхэд бид  бор  өнгө зүсний тухай хүрэн борыг орхин багагүй ярилаа. Бидний үзэхээр бор өнгөний хувьсах зүй нь цайх тусам тэнгэрийн, бараантах тусам газрын зүйлд холбогдох нь ажиглагдаж байна. Ингэхдээ борын доторх эрт цагийн тэнгэр бурхантай холбогдох шүтлэгийн зүйл нь урт удаан хугацааны явцад үгүйсч, эдүгээ дан өнгө заасан нэрийн зүйлс болжээ.

Дээр өгүүлснээ хураангуйлваас:

Боржигин овогт Чингис хааны язгуур дээд тэнгэрээс заяат төрсөн
Бөрт чоно ажгуу.
Боржигин нэрийн бор язгуур дээд тэнгэрийн үзэгдэл байдлын өнгө болох бороос
үүдэлтэй бөр чонын нэр ажгуу.

Дашрамд:

Бурхан Халдун уулын нэр басхүү бур язгууртай байгаа нь тохиолдлын хэрэг бус хийгээд Онон, Хэрлэн мөрний тэргүүнээ орших энэ эрхэмсэг хайрхан уул нь уулсын дундаас тэнгэртэй халдаж харицдаг, байнгад бороотой, бураатай, бургаж байдаг, будантай уул учир Бур Хан /тэнгэрийн утга агуулсан/ уул гэж үзэж болно. Тиймээс л Чингис хаан их аян дайнд мордохдоо их шүтээн Бур Хан Халдуныхаа тэргүүнд гарч гурван өдөр, гурван шөнө дээд мөнх тэнгэртэй харьцаж, түүний таалал соёрхолыг хүртдэг асан мэт. Тэрчлэн дээд тэнгэрийн заяагаар Бөртэ чоно ирж нутагласан унаган нутаг, унасан газар нь ч Бур Хан Халдун уул буюу…

ШУТИС-ийн антропологи-археологийн багш
Ю. Болдбаатар

Ишилсэн ном зохиолууд:

1. “АЛТАН ТОВЧ” Лувсанданзан, УБ., 1990
2. “АЛТАН ХҮРДЭН МЯНГАН ХИГЭЭСТ” Дарма гүүш, Хөх хот, 2000
3. “БОРЖИГИД ОВГИЙН ТҮҮХ” Ломи, /Ардажавын тайлбар/ Хөх хот, 2000
4. “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ДЭЭЖ ЗУУН БИЛИГ ОРШИВ” Дамдинсүрэн Ц.  I, УЛААНБААТАР, 2000
5. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО”  Дамдинсүрэн Ц. УБ., 1990
6. “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” /ҮСГИЙН ГАЛИГ/, Сумъяабаатар Г. УБ., 1990
7. “ЭРДЭНИЙН ЭРХ”, Галдан туслагч, УБ., 1960
8. Малов С.Е. “Енисейская письменность тюрков” Москва-Ленинград, 1952, х.33
9. ХАЛХ АРДЫН ТУУЛЬ” //МААЗ-ын чуулган, XIY боть, УБ., 1991
10.  Цэвэл Я. “Монгол хэлний товч тайлбар толь”, УБ., 1966
11. Болдбаатар Ю. “Дэл уулын I руни бичээсийг уншиж тайлах нь”, “MONGOLICA”, УБ., 2000, х.219-228
12. Дулам С. “Монгол бэлэгдэл зүй”, (Өнгөний бэлэгдэл), Улаанбаатар, 1999
13. Мөнхтөр “Монгол адууны зүс, шинж заасан үгсийн утга зүй, бүтэц”, УБ., 2002
14. Очир А. Сэржээ Ж. “Боржигин нэрийн гарлын тухай”// ТҮҮХИЙН СУДЛАЛ, Т.XYII, F.9, УБ., 1983, х.99-103
15. Рашид-ад-дин “Сборник летописей”, Москва, 1952, том I , кгига II
16. Хэрээд Шаралдай “Чингис хааны онгон шүтээний тайлга тахилга”, УБ., 1999

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: