Монгол хэл, бичгийн багш нарын Үндэсний Холбоо

МХББНҮХолбооны албан ёсны сайт

Л.Хүрэлбаатар: Чингэлтэйн багш


Амгалан нуурын галуу, хэрээний дотор үзэсгэлэнгүй
Ажнайн хурдан хөлөг, илжигний сүргэн дотор үзэсгэлэнгүй
Уулын цагаан арслан, үнэгний сүргэн дотор үзэсгэлэнгүй
Ухаан саруул мэргэд тэнэгийн сүргэн дотор үзэсгэлэнгүй

“Билгийн гол модон” хэмээх шастираас

Монгол хуучин багш шавийн ёс уламжлалд номын багшийнхаа нэр алдрыг хэн хүнд хамаагүй хэргийн учир тухайлгүйгээр хэлдэггүй, ихэд хүндэтгэл хүлээхийн учир үүднээс цээрлэн нэрлэх нэгэн тогтсон ёс буй. Монголын Бурханы шашны гүн ухаантан, “Алтан дэвтэр” хэмээх алдарт түүхийн зохиолыг төвд хэлээр бичсэн Лувсандаян буюу Жамъянживи-шинэн хэмээх Халхын их хүрээний номч гэвшийг “Зава багш” хэмээн нэр алдры нь цээрлэн дуудаж байсан нь Бурханы шашны дотоод ухааны таван их номын “зава” буюу, эл төвдийг нь орчуулбаас онолын “үндэс”, түүний тайлбар сэлтийг зохиосон олон мэргэдийн ном шүнгээр цээжээ хавтасласан нэгэн байсанд, шавь нар нь чингэж дуудаж байсан гэх. Эл жишээтэйгээр зарим шавь нар багшийгаа “Анги багш” хэмээн чойр цанидын ухааны арвын толгой гэвшийн цолгорон гарсан эрдмээр нь нэрлэх, эсвэл “Уулын багш” хэмээн багшийнхаа бясалгал дияаны үйлд биеийн чилүүрийг эдлэн аглагийн газар шүтэн сууснаар нь нэрлэх, эсвэл “Угалзын багш”, ”Нүүрний багш” хэмээн багшийнхаа нутаглан суусан газар орны уул усаар нь юм уу, заримдаа бүр багшийнхаа хүрээ өргөөний хашаа гудамны урд нүүрэнд байснаар нь нэрлэх янз янз байжээ.

Энэ нэг ёс уламжлалыг бодоод ч гэх юм уу, бидний нэг хоёр нь Лувсанжав багшийг “Чингэлтэйн багш” хэмээнэ. Долоон буудлын газраас Чингэлтэй рүү салаалангуут тэр замын хойд биед, их сайхан нарлаг бор энгэрт өргөөгөө засан сууснаар нь чингэж нэрлэх болсон хэрэг. Ааван ээжийнхээ утаагаа уугиулж, голомтоо залгуулсаар ач гучдаа үлдээж өвлүүлж өгсөн ч юм уу, аль эсвэл нутаг орондоо “Төлгөн хонины ноосыг төө зузаан зулж”, “утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа чанаж” суусан “таван ханат”, ”наян нэгэн уньтын” сайхан гэрээ тээр мэт үзэж, Улаанбаатарын хар зах дээр хэдэн бор юмнаас хямдхаан зарж үрээгээд, бараг хүн бүр шахам “паартай байшинтай, паалантай суудалд” тухлахыгаа орчин үеийн боловсон соёлтой, өндөр дээд амьдралтайн хэмжүүр шалгуур болгож байсан далаад оны тэр үед, Лувсанжав багш гэнэт Улаанбаатарын шинэхэн хорооллын нэг тийм өндөр сүрлэг, “боловсон тохилог”, уур устай, нийтийн чулуун сууцаа огоорон орхиж, Чингэлтэйн уулын энэ аманд их сайхан монгол тавилга төхөөргөтэй монгол эсгий гэр бэлдэн суусан нь тэр цагийн гайхшийг төрүүлж, цагийг сөрж нүүсэн хэрэгт үзэгдэж, бас ч намын гишүүн, тэр дундаа Улсын Их Сургуулийн эрдэм номтой том сэхээтний хувьд, монгол дээл өмсөх нь нүдэнд гэмтэй, “асуудалд ноцтой” байсны нэгэн адил, монгол эсгий гэрт суух ч тийм их ч таашаах зүйл биш байсан тэр үес, “Бямбын Ренчингийн шавь”, “Үндсэрхэх үзэлтэн”, “Үхширтэл, хуучныг баримтлагч” хэмээн адлагдах жадлагдах хоёр хардлагын үзүүр сэжүүрт ил яригдаж, далд яллагдаж байсныг миний бие сайн санах юм.Энэ бол Лувсанжав багшийн газар сольж нүүсэн явдал биш,үзэл салж “нүүсэн” хэрэг юм. Энэ бол өдөр ирэх бүр үндэсний монгол ахуйгаасаа хөндийрөн салж, хатсан цөөрмийн дотор шавардах загас мэт болж буйгаа мэдээд, тэр монгол ахуйгаа, монгол сэтгэлгээгээ, монгол зан заншлаа үгүйлэн санаж нүүсэн “нүүдэл” мөн. Энэ бол адхаг санаа, арга башир, өөдгүй нялх, өчүүхэн дорой бэртэгчин сэхээтний үзлээс салж нүүсэн “нүүдэл”мөн. Лувсанжав багшийн энэ нэгэн “нүүдлийг”санах бүр надад Лувсанжанжин гүн хэмээх, Засагт ханы дэд жанжны “Суудлаа булаалдаж хүрээнд шигдсэнээс, нүүдлээ дагаж жаргахыг…” ятгасан нэг шүлэг үргэлж санаанд орж ирдэг юм. Үүнийг өгүүлэх бус, өгүүлэх нь:

Нэгэн мянга есөн зуун жаран тавдугаар оны  намар цаг. МУИС-ийн багш,оюутнууд Жаргалантын сангийн аж ахуйн төмсөн дээр ажиллаж, өглөөний нартай уралдаж гараад үдшийн бүрийтэй залгаж орж ирдэг байсан үе. Чингэхэд гадаад хэлний тэнхмийн эрхлэгч, хятад хэлний багш Лувсанжав гэж, гандсан ногоон бүрхтэй, нарны онгомол цагаан цувтай, туранхай багш, нэг гар цувны халааснаас огт салахгүй, нэг нимгэн бор цаасаар хавтасласан гар дэвтэр номыг, төмс сэндийлэх, сэндийлснээ цэвэрлэх, цэвэрлэснээ шуудайлах бүр барьж тавьж, тавьж барьж, заримд өнөө номоо замдаа дэлгэж тавьчихаад, талбайн нэг захаас нөгөөд шуудайтай төмсөө үүрээд явах буцах болгондоо мөнөөх номон дээрээ түр зогсосхийж нэг нэг харчихаад явна.Тэр чөлөөнд нь миний сониуч зан хөдлөөд, ямар номыг нь сэм харвал, хятад хадвар тайлбартай англи хэлний сурах бичиг бололтойг гадарлаж, хятад хэлээрээ англи хэлийг хөөж, их л шамдуу үзэж байгаа юм байна даа хэмээн мэдэж билээ. Энэ нь хожмоо Лувсанжав багшийн их ярьдаг байсан нэг хэлний ороо морийг барьж авсан цагт нөгөө хэлний хулжаа морийг барих амархан гэж хэлийг хэлээр нь хөөж үзэхийн ухаан тэр байж. Намрын өдрийн халууныг хэлэх үү, тэр их талбайн энэ их ногоог хэзээ ч хурааж дуусах юм билээ хэмээн зориг мохож зүрх шантармаар, бас “хулхи шар” дүүрэн төмсийг өргөх зөөх, ачих буулгах гэдэг чадал заасан хүнд ажил: Үдийн амралтын цагийг нар харж, арай нэг болоход нь бидний оюутнууд хоол унд, амралт сэрүүний зүг хуйлран одоод, тэр их цэлийсэн талбай хоосрон үлдэхэд, мөнөөхөн Лувсанжав багш л цор ганцаар жин үдийн наранд төмсөө шуудайлсаар, номоо уншсаар хоцорно. Амарч амарч ирэхэд Лувсанжав багшийн талбай бараг явчихсан, өчнөөн олон шуудайлсан төмс энд тэндгүй, нөгөө л номоо уншингаа хийж, хийнгээ уншсаар… Үүнийг үзээд бидний зарим нь “Энэ бол хятад арга байх гэж, зарим нь “Энэ бол монгол ухаан байх” гэж, зарим нь”Энэ бол Бурханы хатуужил байх” хэмээлдэв. Ямар боловч үүнээс үүдэн, миний хувьд хэдэн өдрөөр өөртөө гунихран, орь залуугийн энэ насанд ажил хийе гэвч биеийн зориггүй, ном үзье гэвч сэтгэлийн хатуужилгүй яваагаа, ахин ахин Лувсанжав багшийн тэр их алжаал чилүүрийг умартсан, осол цалгайг тэвчсэн, сөс зориг чанга байдлаас үлгэр аван шаналсан сан. Миний анх үзсэн Лувсанжав багш бол энэ?

Чингээд тэр намар хичээл сургууль жигдрээд ид явж байтал, нэг өдөр Лувсанжав багш гэрээ зааж өгч намайг дуудуулсанд, гүйгээд очвол, өрөөнийхөө шалыг угааж, зүлгэж арчих хоорондоо ширээн дээр дэлгээд тавьчихсан номоо босон суун харж, бас орон дээр нэг өлгий манцуйтай бяцхан, уйлах завдангуут нь нэг гараараа хөдөлгөн, тэр хооронд самбаачлан, өнөөх номынхоо үг үсгийг амандаа уншиж цээжилж, ер ярих уулзахын завдалгүй мэт харагдсанд байдлыг ажиж баахан эмээж суутал, ажлаа ч дуусч номын ширээндээ суугаад “За чи төвд хэл сонирхдог гэл үү? Юу үзэж байна”?” гэсэнд, төвд хэлнийхээ сурах бичгийн доторх хэдэн хичээлийг нэрлэсэнд “Орос хэлний хичээлийг арван жилийн сургуулиас эхлээд, одоо хүртэл “Нар уулын цаагуур оров”, “Бид ойд жимс түүхээр явав”, “Үнээнүүд нугад бэлчиж явна” гэж хэдэнтээ үзээд ер газар дөхөөгүй шиг, төвд хэлийг ч “Модонд мөчир буй”, “Галд утаа буй”, “Ууланд сарлаг буй” гэж хэдүй үзэж, хичнээн цээжлээд, энэ төдийгөөр учрыг мэдэж утгыг ухах бэрх. Тэгэхлээр чи төвд ухааныг нь олж, төвд эрдмийг нь сурах хэрэгтэй. Би чамд “Бодь мөрийн зэргийн хураангуй сэтгэл уйсах улаан хөтөлбөр” гэдэг энэ төвд, монгол хоёр судрыг өгөх гэсэн юм. Үүнийг төвдөөр нь эхэлж цээжлээд, цээжилснээ, энэ монгол орчуулгатай нь тулган үзэж, үг цэгийн нь өнгөн утгыг мэдэж аваад, дараа нь гүн холын нь нэвтрэх хэрэгтэй. Богд Зонхавын айлдварын хамгийн бага хураангуй нь тул эхлээд багаас нь ихий нь дуустал үзэх хэрэгтэй. Чингэсэн цагт чи зөвхөн төвд үзгийг бус, түүний цаадах Бурханы сургаал, ламын суртал, номын утгы нь ухаарах болно. Догшин морийг унахад, хүрсээр хоёр чихдэж аваад, барьсаар уруулыг нь цоровдож дараад, хазаар ногт хийж, эмээл тохом тавих бус, эхлээд арга эвээр хөлд нь сууж, байсаар хаа дал, мундаа сэрвээнд нь хүрч дөлж, аяар аргаар гар дороо оруулах мэт, төвд номын энэ энэ хад хайрга шиг хатуу хэцүү үг ухагдахуун, бэрх холын санааг бас чингэж үзэх хэрэг. Ер нь манай хуучин лам нарын ёсоор төвдий нь эхлээд цээжилчих юм бол үсгийн дүрэм нь, үг орчуулга нь,  утга санаа нь аяндаа гарт ороод ирнэ, морио ч унаад, ганзагалаагаа ч ганзагалаад, нэгэн зэрэг хам бүгдий нь хийгээд очих газраа хүрэх мэт” хэмээн сургав. Үүнээс хойш Лувсанжав багшийнхаар үе үе очих болж, үг сургаалыг нь сонсох болсон юм. Ялангуяа цагийн хулгайд амин насыг үргүй алдахын уршиг, номхтгохуйяа бэрх сэтгэлийн галзуу зааныг тэвчээрийн багананд хүлж, бие, хэл, сэтгэлийг тэгшид агуулахын тухайд эртний мэргэдээс эшилж, ардын билгээс авч гайхалтай сайхан ухуулна. Ренчин багш “Түм наслах биш,түргэн сур?” гэж их сургадаг. Юм сураагүй байж чингэнэ  ингэнэ хэмээн яаран адгах “Мэдлэггүй халуун сэтгэл бол тэнэгийн төрсөн дүү” гэж англи сайхан үг бий. Бас алдрын  зэрэгт хүрээгүй байж,  хоосон нэрийн хойноос хөөцөлдөхийг “Цаг бусын алдар шулмын тустай” гэж сударт сургасан гэнэ. Ном үзээд мэдрэлийн ядаргаа болох гэж огт байхгүй. Харин гохтой нэг юманд чиглээгүй, хаашаа ч хамаагүй цалгисан сэтгэлийн хийнээс, энэ орчин үеийн, нийгэмд нийцэх мэдрэлийн ядаргаа гэдэг болж байгаа юм гэнэ. Бас надад оюутан ахуй цагт залуугийн явдлаар кино ший, бүжиг танц мэтийн сэтгэлд хий оруулсны хойноос хөөцөлдөх, гоё ганган янз хэлбэрийн элдэв хувцас мэтэд тачаахын гэмийг хааж, элбэгдүүхэн хөх саарал, цайвар цагаан өнгийн монгол сайхан дээл, “ажлын хар” хэмээхийг гялалзтал тослон хороом шиг болгон өмсөж, хэрэвхийеэ европ хувцас хэрэгтэй бол оюутны таван жилд “цайны” нэг л костюм байвал болчихно, элж урагдвал монгол тойруулганы ширээс шиг маш цэвэрхэн сайхан нөхөж болохыг хүртэл зааж сургана.

Чи хөвсгөлийн хөдөө нутгийн хүү, бутны туулай нэг л зам жимээр бутаа тойрон эргэх мэт, чиний тийм гурван бут бол Улсын Их Сургууль, Улсын Номын сан, гэр гурав чинь болно. Улаанбаатарын өөр ямар ч газраар хэсүүчлэн явахыг тэвч гэнэ. Ийнхүү багш таны айлдвараар эдүгээ “Дэнжийн мянгын” дан орон сууцнуудын нэгэнд нэг өрөөг хөлсөлж аваад, оюутны хэдэн жилд бараг хөл хорин сууж, төвдөө уншиж, монголоо бичиж, англиа үзсээр “залуурын дэргэд мод шулуун” гэдгийн үлгэрээр бас ч оюуны ам эрдмийн зүг нээгдэж явж дээ. Намайг Лувсанжав багшид шавилж төвдийн эрдмийг, төвдээр дамжуулж дорнын ухааныг оролдож байсан тэр үед, зөвхөн манай ангиас л гэхэд Дандарын Ёндон гэж орос, англи хэлийг унших, орчуулах, бичихийн төвшинд төгс сурсан, сүүлдээ шинжлэх ухааны доктор, профессор болж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал байсан нэрт эрдэмтэн, мөноюутан ахуй үеэсээ Лувсанжав багшид шавилж, гарын сайн шавь нь гэгдэж, бас манай ангийн Дамдинсүрэнгийн Алтангэрэл гэж, сүүлийн үеийн англи-монгол хэлний  алдартай том толийг хийсэн, англиас монгол, монголоос англи  руу хийдэг нэртэй орчуулагч багш, мөн л оюутан ахуй үеэсээ Лувсанжав багшид шавилж, сургууль төгсөхдөө тэнхимд нь үлдэж, бас манай ангийн Зундуйн Дорж гэж төрийн соёрхолт нэрт яруу найрагч, мөн л оюутан ахуй үес Лувсанжав багшийн их сайхан заасан түүхэн хэл шинжлэл, монгол хэлний үгсийн сан, утгазүй, монгол аман билгийн эрдмийг шавилан сонсож, бас манай ангийн Дагвын Дамдиндорж гэж, манж монгол хэлтэй, бичгийн утгачийн төгс боловсролтой, үе үе хүчтэй шуугиулсан шүүмжийн өгүүллүүдээрээ олны сонорт хүрсэн, хөдөө газрын “нуугдсан эрдэмтэн”, мөн л оюутан ахуй үес Лувсанжав багшийнхаар орж гарч, үг сургаалы нь сонсож явсан юм. Энэ бол зөвхөн нэг ангийн хорин хэдхэн оюутан дээр авч ярьсан жишээ юм. Ингээд бодохлоор Лувсанжав багш зөвхөн нэгэн ангийнхныг бус, нэгэн үеийнхнийг, зөвхөн бас нэгэн үеийнхнийг бус, хэд хэдэн үеийнхнийг ном эрдмээрээ хөтөлсөн эрдмийн аяынхны түүчээ байсан нь их цагийн урсгалыг нэхэн санахад тодорхой. Бидний үед “Лувсанжав багш шиг”, гадаад хэлийг, олон хэлийг хурдан түргэн сурах гэдэг дуулиан цацсан их хөдөлгөөн, далаад наяад оныг нэлэнхүйд нь донсолгож байсан юм.

Ялангуяа аливаа гадаад хэлийг богино цагт “шуурхай дайралтаар” үзэх “өөрийгөө торгож”  үзэх  “ном тэглэх ”  цээжлэх гээд биднийг хөтөлсөн олон аргыг Лувсанжав багш өөрийн биеэр үлгэрлэн үзүүлж байлаа. Лувсанжав багшийн “Англи хэл өөрөө сурах бичиг” хэмээх ном бол чухамдаа “Монгол хэл өөрөө сурах бичиг” мөн. Учир юун гэвээс харь гаднын хэлийг зөвхөн дохио нэрийтгэлийн хуулбар утгаар бус, Монгол хэлнийхээ хууль зүй, монгол сэтгэлгээн дээрээ идээшлүүлж буулгаж ухаарахын сайхан жишээ болсон сурах бичиг болно. “Танд баярлалаа” ”Их баярлалаа”гэдгийг гагц тэр хэлбэрээр нь сэтгэлгээний явцуу ядуухан баранд хэвлэж дарж байсныг эвдэж, хүнд тал өгсөн үйлийн хариу утга : “Гялайлаа” “Өлзий болог” “Өндөөр болоорой” “Юун сайн юм” гэх жишээтэйгээр олон баймжтайг нь гаргаж хэлсэн ном юм. Лувсанжав багш бол чухамдаа алив гадаад хэлийг үндэснийхээ хэл сэтгэлгээний хөрсөн дээр утга соёл болгон ухаарч, сурч сургаж байснаас бус, хөлчүүгийн газар “шар сүүлтийн” утааг цагираглуулан үлээж, гажууд сэтгэлгээний тасархай хэдэн үгийг балчин чалчихын хэмжээ түвшинд хэзээ ч хэлийг сурна сургана гэж ухаарч байсангүй.

Тэр үед Лувсанжав багшаас сонсож байсан хамгийн сайхан нэг юм бол монгол үндэсний ахуйгаа, хэл түүхээ, утга соёлоо, шашин шүтлэгээ чухам ёсоор нь ухаарч мэдэж авч байсан явдал болно. Утаа зуусан шар заваг дор, тулганы хөх үнсний захад, хонины шар өтөг дотор өсөж өндийснийгөө харанхуй хоцрогдсоны жишээ уламжлалд уяж орхиод, гагцхүү “Эх орон 52”, цагаан толгойтой ор, цагаан даавуун бүрээс төдийг боловсон соёлтой  дээд үнэлгээ болгож байсан тэр үед, үзэл суртлын танхимын сургалтаар хүлээж авах боломжгүй байсан монгол нүүдэлчний соёл иргэншлийн мэдлэгийг, чухамхүү Лувсанжав багшийн нэг багштай гэрийн сургууль нөхөж байсан гэж болно. Нэг биш, хэд хэдэн иймэрхүү гэрийн сургуулийг “нээхээр”, номтой шүнтэй бичгийн мэргэд нь аль хэдүйн хувьсгалын бууны дуунаар талийж одоод, “нээгээд” ажиллуулж болох үндсэн үе нь ертөнцийн эрхээр наснаас егүүтэн “чулуу дэрлэж”, үлдсэнээс үлдсэн өнөө манагаарын цөөхөн эд нь маниустайгаа адил “цагийн хоёр зүү”,”ноосны төлөвлөгөө” хоёрт шахуулсаар байгаад өөр илүү юм санах бодох сэхээгүй болчихсон, хуучны тийм цээж ухаан сайтай өвгөдүүд бус, “өвгөнцрүүд” болж хоцорлоо гэж Лувсанжав багш нэг биш удаа айлдаж байсан.

Зөвхөн монгол гэрийн нараар цагаа хэмжээлж ирсэн их нүүдэлчний соёлыг ярихдаа монголчууд өвөл, хавар, зун, намар дөрвөн улирлынхаа өглөөнөөс орой шингэх, монгол гэрийнхээ нараар наанадаж гэхэд хорин есөн цагийг ялгаж байж. Өглөөн нар тоонын хуруунд байхад, тоонын хуруунаас өнгөрч байхад, унийн толгойд байхад, унийн дунд байхад, унийн дундаас өнгөрч байхад, ханын толгойд хүрэхээс өмнө, ханын толгойд байхад, ханын элгэнд байхад, ханын элгэнээс өнгөрч байхад, ханын шийрэнд байхад, газар бууж байхад, бага үд болж байхад, нар голлож жин үд болж байхад, үд хэвийж байхад, үдээс хойшийн нар газар байхад, ханын шийрэнд байхад, ханын элэг өөд авирч байхад, ханын элгэнд байхад, ханын элгэнээс өнгөрч байхад, оройн нар ханын толгойд байхад, ханын толгойноос өнгөрч байхад, унин дундаас өмнө байхад, унин дунд байхад, унийн дундаас өнгөрч байхад, унийн толгойд хүрэхээс өмнө байхад, унийн толгойд байхад, тооны хуруунд байхад гээд, зөвхөн үдэш нөмрөх цаг гэхэд л шар гэгээ, цагаан гэгээ, бор гэгээ тасрах гэж, ер цаг, өнийн хэмжээг гэгээ саадаг мал хотлоогүй цаг, бод мал хотлоогүй цаг, гүү нэг саах, хоёр саах цаг, үнээ ивлэх зуур гэж мал аж ахуйтайгаа холбож, бас тарвага ичээнээсээ гарах үе, тарваганы элэг цайх үе, тарвага үсээн хаях үе, тарвага таргалах үе, тарваганы үс гуужих үе, тарвага ноохойгоо зуух үе, тарвага ичих үе гэж ан авын зүйлтэйгээ холбон цагийг хэмжээлдэг байсан хэмээнэ. Энэ бүхэн нь монгол нүүдэлчний ахуйгаа, сэтгэлгээгээ,зан заншлаа, ёс үйлээ нарийн ухахгүй нялх оюуны цагт үнэхээр нүдийг бүлтийлгэн, чихийг дэлдийлгэм сонин яриа болно.

Намайг Их сургуулиа төгсгөөд, нэгэн мянга есөн зуун далан долдугаар оны намар цаг, Хөвсгөл аймгийн Тариалангийн арван жилийн дунд сургуульд монгол хэл уран зохиолын багш хийж байхад, Лувсанжав багшаас нэг сайхан захиа ирж, түүндээ “Бодисадуа хэмээх Бурханы дээд шавь бол тамын дотор ч бодисадуагийнхаа л үйлийг хийдэг” гэж чи бид хоёрын төвдөөр нь цээжилж байсан “Жонжүг” /”Бодисадын явдалд орохуй”/ хэмээх Энэтхэгийн гүн ухааны их шастирт айлдсан байдаг байхаа?” гэж номын үгээр өөрийнхөө далд давхрын санааг дамжуулсан нь монгол ном үзвэл “үндэсний үзэлтэн” гэж, төвд ном үзвэл “шашны сурталтан” гэж, англи ном үзвэл “хөрөнгөтний тагнуул” гэж байсан хаашаа ч хазайж зайлахын аргагүй цагийн хардлагыг тэгшилж, сэтгэлийн хатуужлыг сургаж хэлсэн айлдвар байсан. Лувсанжав багшийнхаар орсон гарсан, ном эрдэм асуусан сурсан, гадаад дотоодын эрдэмтэн мэргэд, техникийн инженер, хүний эмч, дээд сургуулийн оюутан, дунд сургуулийн сурагч, заримд бүр хар энгийн, ном үзэж юм сонсохыг хүссэн янз янз ажил мэргэжлийн хүмүүс байнга тасрахгүй, тэр бүрд их бага, дээр доор гэлгүй чөлөө цагийг харамгүй гаргаж, зааж зөвлөж сургаж номнож сэтгэлийн эгээрлий нь хангана. Нэг удаа Лувсанжав багш надтай ярьж суугаад “Би та нартай ажиллаж байх үедээ нас ч залуу, чанга хатуу ч байж дээ. Ном эрдмийн шавь нараа бүгдийг нь л хэл шинжлэлтэн, толь зүйчид болгочихно гэж бодож байж. Тэгсэн тэгдэггүй юм байна. Олон хүн түүхч, уггсаатны зүйч, утга зохиол судлагч, шүүмжлэгч, зохиолч, яруу найрагч болчихов. Би битгий хэл, Жанрайсиг бурхан хорвоогийн амьтныг бүгдий нь зовлонгоос нь салгана. Чингэхгүй аваас миний толгой мянга хагартуйгай хэмээж тангараг тавиад, тэр нь санаснаар эс бүтсэнд, өөрийн тавьсан тангаргийн учир хожмоо мянган тэргүүнтэй болсон түүх ч тэр гэдэг байхаа? Ер нь тэгээд би өөрийгөө, эрдмийн шавь нарыг танихын буянтай, тогтоохын буянгүй юм болов уу ч гэж боддог шүү?” хэмээн хуучилсан юм.

Энэ санаанд холбож өөртөө  болсон нэгэн явдлыг дурсахад, нэгэн мянга есөн зуун наядугаар оны өвөл цаг. Тэгэхэд би ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнд академич Ц.Дамдинсүрэн гуайн гар дор ажиллаж байв. Тэр өвөл хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Равдан бид хоёр эрдэм номын учраар их дотно танилцаад, нэг өдөр хоёулаа Гандан дээр явж байтал, Лувсанжав багш өмнөөс гараад ирэв.Чингэтэл Равдан маань юу юугүй намайг Лувсанжав багшид танилцуулахыг завдтал, Багштан далд шогтойгоор: “би танина аа, Равдаан? Газраас анх босохдоо намайг тулж боссон юм. Галбар зандан шиг болохоор нь Дамдинсүрэн гуайг түшсэн юм.” хэмээн цаглсхийтэл хэлж билээ. Үнэндээ арьс турсгаар  бол арай цагаан элэгтэд идүүлчихээгүй байхад нь эн түрүүнд үзэж олоод, угааж дэвтээж, элэгдэж идээлүүлээд, шар хальсыг нь хуулж, элдүүр даах хөрстэй болгоод, эмнэг ардгаар бол анх эхэн амыг нь хагалж, толгойдоо хазгай, хөлдөө согоггүй, буруу зөвийг мэдэх болгоод, эхний дөрвөлж даваад эцэх, эрдмийн аян даагаад явах хоёр чинь чамаас өөрөөс чинь болно шүү хэмээн, их эрдэмтэн Дамдинсүрэн гуайн үүдэнд хөтөлж аваачиж хүргэж өгсөн, энэ их билигт хүний ачийг “Чой.Лувсанжав” хэмээх  цагийг эзэлсэн их номч багштай насан залуугаасаа сайн золын эрхээр барилдлагатай болж, эрдмийн нь өвөрт бүлээцэж, бусдын төлөөд ховорхон заяасан сэтгэлийн нь илчинд дулаацаж, Монголын эртний уран зохиол, монголчуудын төвд хэлт утга зохиол, төвд судлалаар эрдмийн ажил хийх их гарааны эхний алхамд гараас нь анх татан босч, газрыг гишгэн тэнцсэн юм.

1998-р оны зуны цаг. Багштаны лагшин их чилээтэй, түр ч атугай шар амирлахгүй, сэрүүн өргөөнийхөө баруун талын монгол хайс орон дээр, ороод очтол хэвтээгээрээ гараа сунгаж, тэргүүн тус газар нь ойртож суугаад лагшны нь асуувал, бидний хоорондох өнгөрсний сайхан бүхнийг илт санагалзан, өнөөгөө, одоогоо нэгэнтээ эргүүлэн, эргэцүүлэн, өнөө л номоо… хийж дуусаагүй үлдэж буй толь бичгээ, эмхлүүлж амжаагүй хоцорч буй эрдмийн лекцээ, хэдхэн хоногийн цаана төгсөхийг хүлээж буй номын шавь нараа дурдан, “Энэ бүгдийгээ гүйцээж чадсангүй, сүүлийн хэдэн жил шавартай нийлүүлээд зуурчихлаа” хэмээн шинээр үүтгэн цогцлоосон Хэл иргэншлийн эрдмийн их сургуулиа хөл дээр нь босгох гэж, тэр бүхнийг бүрнээ хийж болох хайран он жилийг алдсанаа бас гашуудан, надад хэлсэн эцсийн шахуу үг нь өөрийн төлөө бус, бас л бусдын төлөө хүний төлөө “За чи, өөрийнхөө өнчин охиныг энэ сургуулиас төгсгөөд аваарай? Уг нь жаахан зөрүүдээс биш, хөлдүү толгойтой биш юм байна лээ шүү? Миний сургуульд чи эрдмийнхээ дээжнээс жил бүр 16 цагийн хичээл орж байгаарай? Энэ бол багшид өргөх тахил шүү?” гэж амьсгаагаа зөөж ядаж айлдсан сан. Би олон багшийг шүтсэн боловч, ганц зарлигийг нь бүтээж чадсаны учир баярлуулсан биш, зовоосон үйл лайгаа номын ёсоор хөнгөлөх гэж, Багштаныг дээдэх өргөө түгдэмээс нь доод өрөө рүү нь хүргэн Доржсүрэнтэй нь хоёул гар дээрээ өргөж оруулаад, хөтөвчтэй жаахан шингэн мөр үзсэний нь зөөж асгаад явсан сан. Тэр өдрөөс хойш хоёрхон хоноод, номын ачит багш маань гэгээн дүрийнхээ зохионгуйг номын аргаараа хурааж, мөнх бусын багш болон одсон билээ. Ийм нэг номтой сайхан, эрдэмтэн мэргэн, бичгийн их хүмүүн зуны шөнийн зузаан хар үүлний дундах огторгуйн гилбэлгэн мэт сайны гэгээ, буяны үйлсийг, хүмүүний орчлонгийн мунхгийн балар харанхуйн дотор гялсхийлгээд өнгөрсөн юм.

Доктор, профессор Л. Хүрэлбаатар

//

Single Post Navigation

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: